Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 2021/ШЦТ/1254

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнхжин,  

Улсын яллагч Н.Ундрах,       

Шүүгдэгч Н.Д нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:  

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Н.Д-т холбогдох 2108000001633 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.      

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1995 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, вакум цонхны үйлдвэрт ажиллаж байгаа, ам бүл 4, ээж, эгч, дүүгийн хамт Баянзүрх дүүргийн ** дугаар хороо, ** дугаар ** тоотод оршин суух хаягтай, Урьд: 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 594 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил хорих ял, 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 958 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1.500.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгүүлсэн, Т овгийн Н-ын Д /РД:*********/,

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/ :  

Шүүгдэгч Н.Д нь 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 20 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Шөнийн зах дэлгүүрийн урд талын автомашины зогсоол дээр хохирогч О.Н-г “Цагдаад дуудлага өгөх гэлээ” гэх шалтгааны улмаас ай фонь 11 маркийн гар утсыг нь газарт шидэж хагалан 1.600.000 төгрөгийн хохирол учруулан бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.  

ТОДОРХОЙЛОХ нь :

            Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох :    

            Хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад :

Шүүгдэгч Н.Д нь 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 20 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Шөнийн зах дэлгүүрийн урд талын автомашины зогсоол дээр хохирогч О.Н-г “цагдаад дуудлага өгөх гэлээ” гэх шалтгааны улмаас түүний гар утсыг хууль бусаар гэмтээсний улмаас 1.400.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь :         

- гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай...2021.11.05-ны өдөр О.Н-гийн iphone 11 маркийн гар утсыг Н.Д газар шидэж эвдэлсэн...гэх тэмдэглэл /хх-01/,

- хохирогч О.Н-гийн... 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 20 цагийн орчим манай найз У манай гэрт ирсэн юм. Тэгээд бид 2 Т-ын гэрт очоод 1 шил вино, 1 ширхэг том савтай Сэнгүр нэртэй пиво бид 3 хувааж ууцгаасан юм. Тэгээд бид 3 Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр Цогт төвийн баруун талд байрлах караокед ороод 1 цаг дуулж Хараа нэртэй 0.75 литрийн архи, 5 сэнгүр шилтэй пиво ууцгааж байхад хажуу өрөөнд байсан үл таних хүүхэнтэй маргалдаад байхаар нь найзыгаа аргадаад гарсан ба Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэр Шөнийн захын урд зогсоол дээр Н.Д надтай хэрүүл өдөөд байхаар нь чамайг цагдаа дуудаж өгнө, ямар ядаргаатай юм бэ гэж хэлээд таксинд суусан чинь Н.Д таксины хаалга онгойлгоод намайг чирч буулгаад миний куртикны баруун карманд байсан iphone 11 маркийн гар утсыг булааж аваад газар шидээд ар тал болон дэлгэцийг нь хагалсан, эргүүлийн цагдаа нар таарсан.../хх-05/...Н.Д надад 2021.11.15-ны өдөр iphone 11 маркийн гар утас авч өгч хохирол барагдуулж өгсөн...надад гомдол санал байхгүй...гэх мэдүүлэг /хх-52/,

- гар утсанд үзлэг хийсэн...хохирогч О.Н-гоос өөрийнх нь хүсэлтээр эвдэрсэн гэх iphone 11 гар утсыг хүлээн авахад уг гар утас нь хар өнгийн кэйс буюу гэртэй, хар өнгийн гар утас байв. Уг утасны урд нүүр болон ар нүүр хагарч, үүрсэн байдалтай байсан бөгөөд асаах гэсэн боловч ямар ч ажиллагаа байхгүй байсныг тэмдэглэлд тусгав...гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-06-07/,

- Тэнцвэр эстимэйт ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан...нийт хохирлын дүн нь 1,400,000 төгрөгөөр тогтоож байна...гэх дүгнэлт /хх-12-13/,    

- шүүгдэгч Н.Д-ын...Би Н-той үерхэж байсан, тухайн үед би О.Н-г караокенээс гараад явах гэж байна гэж ойлгоод араас гарсан бөгөөд ярих гээд утсаа гаргаж байхад нь булааж аваад утсыг нь шидчихсэн...Би О.Н-д 1.500.000 төгрөгөөр шинэ iphone 11 маркийн гар утас авч өгч хохирлыг нь барагдуулсан...гэх мэдүүлэг /хх-47/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.                    

Шүүгдэгч тухайн гэмт хэргийг үйлдсэн болохыг нотолж буй тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, үнэлэхэд :        

1. Тус баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын зөрчилгүй, мэдүүлгийн болон бусад баримтын эх сурвалжид эргэлзээ, зөрүү үүсээгүй байх бөгөөд тус хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай, хангалттай байх шаардлага хангагдсан,             

2. Шүүгдэгчийн гэм буруугийн санаатай хэлбэр, гэмт үйлдэл ба хохирогчийн эд хөрөнгөд учирсан тухайн хохирлын хооронд шалтгаант холбоо тогтоогдсон байна.    

Иймд шүүгдэгч Н.Д-ыг бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.        

Хохирогчид гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлөгдсөн /хх-47, 52, 61/ байх тул шүүгдэгчийг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзнэ.  

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх :   

Шүүгдэгч урьд эрүүгийн хэрэгт ял шийтгэгдсэн байх боловч тухайн ял шийтгэлийн хугацаа дууссанд хамаарах баримтууд байх тул /хх-20-26, 27, 28/ тус шийтгэгдэж байсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй болно.      

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.

Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, ам бүл 4, хувиараа барилгын засал, вакум цонхны чиглэлээр хөдөлмөр эрхэлдэг гэх болон түүний ар гэрийн амьдрал ахуй, хувийн бусад байдалд хамаарах нотлох баримтууд хэрэгт цугларсан /хх-32, 34, 36, 38-40, 47, 57-60, шүүх хуралдааны тэмдэглэл / судлагдсан байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Д-т 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 нэгж нь 1000 төгрөгөөр тооцон, 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.                 

Уг хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.           

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон  

ТОГТООХ нь : 

1. Шүүгдэгч Н.Д-ыг бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.                                

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Д-т 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.              

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Д-т оногдуулсан 600.000 төгрөгийн торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.                 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Д-т оногдуулсан 600.000 төгрөгөөр торгох ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжийг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.            

5. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх нотлох баримт бүхий төлбөргүй, тус хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.       

6. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.   

7. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.      

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн  тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол   шүүгдэгч Н.Д-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.       

  

 

 

 

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Г.ГАНБААТАР