Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 2021/ШЦТ/49

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Сарантуяа даргалж,

Нарийн бичгийн дарга: Г.Ишээ,

Улсын яллагч: Д.Алимаа,

Хохирогч: Н.Мандухай /цахимаар/, 

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Г.Гандөш,

Шүүгдэгч: Б.Цацрал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Шавьнар овогтой Батжаргалын Цацралд холбогдох эрүүгийн 2027001270042 дугаартай хэргийг 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

 

Монгол улсын иргэн, 1988 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Дундговь аймгийн Мандалговь суманд төрсөн, 33 настай, эмэгтэй, дээд боловсролтой, уул уурхайн инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт Орхон аймгийн Бөс яргайт баг, *********** тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Шавьнар овогтой Батжаргалын Цацрал /РД:**********/

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

 

Яллагдагч Б.Цацрал нь 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын  “Улаан цутгалан” гэх газарт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Н.Мандухайг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

           

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт яллах ба өмгөөлөх талуудын саналаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд. Үүнд:

 

            Шүүгдэгч Б.Цацрал нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ:

            2021 оны 07 дугаар сарын 17-ны өдөр найзуудтайгаа Улаан цутгалан орсон. Хохирогч Н.Мандухайн ярьж байгаа бүгд худлаа. Н.Мандухай бид хоёр элсэн тасархайгаас эхлээд архи уусан. Улаан цутгаланд майхнаа барихдаа 2-3 шил архи уусан. Манай хэд машины дугуй хагарсан байхаар нь манай нөхөр Б.Амгаланбаатар, Мягмардаш, Даваажаргал гурав янзалчхаад ирье гээд явсан. Б.Ариунтуяа, Мөнхсоёл, Н.Мандухай бид хэд ширээ дээрээ үлдсэн. Б.Ариунтуяа, Мөнхсоёл хоёр бие засах гээд явчихаар нь Н.Мандухайд энэ барьсан майхан бид нарынх энд унтана шүү. Ямар нэгэн асуудал гаргаж болохгүй гэж хэлчхээд ширээн дээрээс босоод явсан. Н.Мандухай нь Б.Цацрал хаана байна гээд орилоод байсан. Манай хэд дугуйгаа янзалчхаад хүрээл ирсэн. Манай нөхрөөс намайг хайж орилоод байсныг нь би модны ерөөлд хараад сууж байсан. Намайг янхан, гичийгээр нь дуудаад байхаар нь би очоод ингэж болохгүй, одоо больчих гэж хэлсэн. Намайг элдэв үгээр хэлэхээр нь би зөрүүлээд хэлсэн. Тэр үед хоёулаа адилхан согтуу байсан. Би овоон дээр гараад архи уугаад, агсам согтуу тавьсан гэдэг нь бүгд худлаа. Тухайн үед үс үснээсээ зууралдахдаа нүүрийг нь маажсан юм шиг байна лээ. Би Н.Мандухай руу гутлаа шидсэн нь үнэн гэв.

 

            Хохирогч Н.Мандухай нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ:

            Хархорин суманд 1 шил архи уусан. Хархорин сумын дэлгүүрээс 2 том пиво аваад Улаан цутгалангийн уулын энгэрт байрлаж байхдаа ууж эхэлсэн. Цацрал надад агсам тавьж үснээс зулгаасан. Нөхөр нь бид хоёрыг салгасан. Цацрал над руу дайрч нүүр хэсэгт маажиж, толгойн зулай хэсэгт чулуугаар цохисон. Би хэсэг байж байгаад ухаан орсон чинь намайг хаячаад явсан байсан. Тэгээд би Цацрал, Б.Амгаланбаатар хоёр хаашаа явсан намайг зодчихлоо. Та нар хүн зодож байхад хорьж болдоггүй юм уу гэхэд Даваа гэх эрэгтэй босож ирээд пиздаа минь чамайг бид нар урьж авчраагүй гээд миний толгой хэсэгт нэг цохисон. Сэрсэн чинь миний гарыг ард хүлсэн байсан. Цацралын энэ муу гичийг гүйцээчихье гэж хэлэхэд нь би сэрсэн. Би хүлээсээ тайлаад гар утсаа аваад ярих гэсэн чинь хажуу талаас Б.Амгаланбаатар утас булааж аваад хоёр гар өчөөд, хүзүүн дээр өвдөглөсөн. Нэлээн байж байгаад хоёр утастай явж байгаад нэгээр нь цагдаа дуудаж залгасан. Цагдааг ирэхэд Цацрал их согтуу байсан. Маргааш нь цагдаагийн хэлтэс дээр ирээд Цацрал надад одоохондоо 500 000 төгрөг байна. Би мөнгө нэмээд араас чинь явуулъя гэж хэлсэн. Араас эмчилгээний мөнгө төгрөг явуулаагүй учир цагдаагийн байгууллагад гомдол гаргасан гэв

 

Гэрч Б.Амгаланбаатарын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

“...Эхнэр болон Мандухай хоёр хоорондоо нэг удаа барилцаж авсан. Барилцаж аваад хоорондоо нэг нэгнийхээ нүүр хэсгээс харилцан самардаад заамдалцаж аваад салгасан. Бид нар маргалдах шалтгаан байгаагүй. Н.Мандухай л агсан тавьсан юм. Ямар шалтгааны улмаас агсам тавьсныг нь мэдэхгүй байна. Ямар ч байсан утсаар яриад бухимдаад хүнтэй хэрэлдээд байсан. Тэрэндээ болоод агсан тавьсан байх гэж бодож байна. Н.Мандухай архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай. Нэлээн согтуу биеэ хянах чадваргүй шахуу согтуу байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37, 38-39 дүгээр хуудас/,

 

Гэрч Б.Ариунтуяагийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

“...Мандухай бид нар дээр ирэхдээ нүүрнийх нь зүүн талд бага зэрэг цус гарчихсан, нүүр нь хэсэг газартаа шороо болчихсон Цацрал, Амгаланбаатар 2 намайг зодлоо гэж яриад байсан. Маргаан гарах үед Н.Мандухай, Цацрал 2 нэлээн согтуу байсан. Тэр хоёр “Элсэн тасархай” дээрээс эхэлж уусан байсан болохоор их согтсон байсан. ...Ухаан алдаж унасан зүйл байхгүй. Байнгын орилж байсан болохоос биш ухаан алдаж унасан зүйл байхгүй. Би шөнө нь Мягмардашийн хамт харж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 40-41, 42 дугаар хуудас/,

 

Гэрч Ж.Мягмардашийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

“...Намайг очиход бол тэд харилцан зодолдсон байдалтай байсан гэхдээ Амгаланбаатар ах тэр хоёрыг салгачихсан байсан. Би бол яг зодолдож байхыг нь хараагүй. Ямар учраас зодолдсон байсан гээд байгаагийн учир нь намайг очиход Цацралын үс нь сэгсийгээд зулгаасан байдалтай байсан. Гутлаа хаячихсан өрөөсөн гуталтай байсан. Мандухайг бол сайн анзаарч хараагүй би Мандухай дээр Амгаланбаатар ах Мандухайг барьчихсан байсан. Цацралтай маргалдсан дараа нь  ширээ шидсэний дараа Даваажаргалтай маргалдсан. Мандухайн шидсэн ширээ Даваажаргалынх байсан бөгөөд Мандухайг ширээг дахин шидэх гэж байхад нь Даваажаргал ширээгээ аваад Мандухайг түлхсэн Мандухай газар унасан. Мандухай босч ирээд Даваажаргал руу дайраад байхаар нь Даваажаргалыг аваад холдуулсан. Өөр хүнтэй маргалдсан зүйл байгаагүй. Бид нар л агсан тавиад байх шиг байсан. Мандухай их согтсон байсан. Би тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. Би өөрөө Мандухайг харж хоносон. Ухаан алдсан зүйл огтоосоо байхгүй ...” гэх мэдүүлэг /хх-ийн 43-45 дугаар хуудас/,

 

Гэрч Э.Даваажаргалын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

“...Бид хоёр харилцан маргалдсан. Цохиж зодсон зүйл байхгүй. Харин Мандухайг чулуу шидэх гэхээр нь гартаа барьсан чулуу нь цааш нь 1 гараараа түлхсэн чинь Мандухай газар унасан. Тэгээд би чи одоо шоронгийн хадаас аятай хүн амьтан ална тална гээд яваад байх юмаа уусан юм бол ууж идсэнээ шингээгээд унтаж амар гэсэн чинь чи намайг цохиод унагаалаа гээд та нарыг бүгдийг бүлж ална. Тэгээд амиа хорлоно нисэж үхнэ гээд байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 55 дугаар хуудас/,

 

Насанд хүрээгүй гэрч А.Анарын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

“...Мандухай эгч анх ирэхдээ хүүхдүүд бид нарт нэг нэг савтай “Хаан” чипс өгсөн. Нөгөө хоносон газраас Бат-Өлзий сумын “Улаан цутгалан” гэх газарт ирэхдээ замдаа Мандухай эгч цүнхнээсээ архи гаргаж ирээд ээжтэй цуг уусан. Уг газарт ирэхдээ Мандухай эгч согтчихсон байсан. Ээж бас архи уучихсан байсан. Бид нарын амарч байсан газар чулуу ихтэй. Мандухай эгч өөрөө газар мөргөж дух хэсэг нь зөндөө цус болсон. Тэр үед Мандухай эгчийн охин Намуунаа гэсэн байсан. Намуунаа бас уйлаад байсан. Би Намуунааг тэврээд байж байхад та нар ямар учраас манай хүүхдийг тэврээд байгаа юм гэж хэлээд бас л агсан тавьсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 64-65 дугаар хуудас/,

 

Гэрч Т.Баасанжавын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

“...Түлээ модоо авчраад майхандаа ороод хэвтэж байсан. Цацрал, Амгаланбаатар, Мандухай нар юм ярина гээд баруун урагш чиглэлд явж байгаа харагдсан. Тэр гурвыг ирэхээр нь ширээндээ сууж хоол ундаа иднэ гээд бэлдчихсэн байтал Мандухай ганцаараа гүйж ирээд хамаг зассан байсан ширээг өшиглөж тараасан. Аяны ширээ байсныг голоор нь хугалчихсан байгаа харагдсан. Яаж байгаа юм бэ? гэхэд Цацрал намайг зодчихлоо гээд орилоод байсан. Тэгэхлээр нь би миний найз яагаад ингээд байгаа юм бэ? гэж аргадах гэтэл та нар намайг зодох гэж дагуулж ирсэн юм уу гээд орилоод байхаар нь би зайгаа бариад эхнэрийн хамт майхандаа орсон. Уух архи дарс, ууж идэх юмыг бүгдийг нь тарааж хаясан. Бад нар хоол болохоор нь хоолоо идсэн. Тэр үед Мандухай цагдаад хэлнэ гэж орилоод яваад өгсөн. Бид нар унтсан. Шөнө дунд Мандухай майхны гадуур утсаар цагдаатай яриад байсан. 2-3 цагийн дараа Бат-Өлзий сумын цагдаа ирсэн... ... Мандухай ирэхдээ хамаг юм сүйтгэж Цацрал намайг зодчихлоо гэж хашхираад байсан юм. Цохиж зодолдохыг нь хараагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 47-48 дугаар хуудас/,

 

Гэрч М.Мөнхсоёлын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

“...Тэр хүүхэн манай машинд яваагүй болохоор мэдэхгүй байна. Ер нь тэр хүүхэнд огт ойртоогүй. Цацрал тэр хоёр муудалцаж зодолдсон эсэхийг би мэдэхгүй хараагүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 50 дугаар хуудас/,

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны шүүх эмнэлгийн үзлэг хийсэн №368 дугаартай:

“...1. Үзүүлэгч Н.Мандухайн биед тархи доргилт, тохойн зулайн зүүн доод хэсэг сорви, зүү нүдний зовхи, хамрын нурууны зүүн хэсэг, баруун гарын бугуй хэсэгт сорви гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3. Дээрх гэмтлийн үүссэн цаг хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй хуучин гэмтлүүд байна.

4. Дээрх гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

5. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 69-70 дугаар хуудас/,

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны шүүх эмнэлгийн үзлэг хийсэн №264 дугаартай:

“...1, 2, 3, 4  Үзүүлэгч Н.Мандухайн биед тархи доргилт, тохойн зулайн зүүн доод хэсэг сорви, зүү нүдний зовхи, хамрын нурууны зүүн хэсэг, баруун гарын бугуй хэсэгт сорви гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд тархи доргилт гэмтэл нь дангаараа Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Зүү нүдний зовхи, хамрын нурууны зүүн хэсэг, баруун гарын бугуй хэсэгт сорви зэрэг гэмтэл тус бүртээ Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь нийлээд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 80-82 дугаар хуудас/

 

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Эрдэнэ багийн засаг даргын тодорхойлолт, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар, Б.Цацралын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалган хуудас, хавтаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 119, 120, 121, 127 дугаар хуудас/ зэрэг болно.

 

 Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн шүүхийн дүгнэлтийн талаар

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

 

Шүүгдэгч Б.Цацрал нь 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын “Улаан цутгалан” гэх газарт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Н.Мандухайг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар тогтоогдсон бөгөөд тухайн нөхцөл байдал нь эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн, тухайн гэмт хэргийг шүүгдэгч Б.Цацрал үйлдсэн болох нь

хохирогч Н.Мандухайн мөрдөн байцаалтын шатанд хэрхэн хохирсон талаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 29-31, 33-35 дугаар хуудас/, гэрч Б.Амгаланбаатар, Б.Ариунтуяа, Ж.Мягмардаш, Э.Даваажаргал, Т.Баасанжав, М.Мөнхсоёл  нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 36-39, 40-41, 41-44, 47-48, 50, 55 дугаар хуудас/, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны шүүх эмнэлгийн үзлэг хийсэн №368 дугаартай “...1. Үзүүлэгч Н.Мандухайн биед тархи доргилт, тохойн зулайн зүүн доод хэсэг сорви, зүү нүдний зовхи, хамрын нурууны зүүн хэсэг, баруун гарын бугуй хэсэгт сорви гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3. Дээрх гэмтлийн үүссэн цаг хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй хуучин гэмтлүүд байна. 4. Дээрх гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. 5. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 69-70 дугаар хуудас/, шүүгдэгч Б.Цацралын шүүхийн хэлэлцүүлгийн шатанд болон мөрдөн байцаалтын шатанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хавтас хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

            Шүүгдэгч Б.Цацрал нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, хохирогч Н.Мандухайн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

            Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын прокурорын газраас Б.Цацралд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотлогдон тогтоогдвол зохих нөхцөл байдлыг шалгаж тогтоосон байна.

            Иймд шүүгдэгч Б.Цацралыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

 

            Шүүгдэгч Б.Цацрал нь өөрийн үйлдэл, хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.

 

            Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2-т хуульчилсан бөгөөд “Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйл болон 505 дугаар зүйлд тус тус зааж зохицуулсан.

            Хэргийн хохирогч Н.Мандухайн биед учирсан эрүүл мэндийн хөнгөн хохирол нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй гарсан зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу гэмт хэргийн хор уршигт тооцогдох юм.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.9-т зааснаар хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх талаарх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрхтэй бөгөөд гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт 1 482 000 төгрөгийг гаргуулна гэж нэхэмжилдэг, хэрэгт нотлох баримтын шаардлага хангасан 1 382 541 төгрөгийг хангаж нотлох баримтын шаардлага хангаагүй 99 459 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

            2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийг  2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсөн бөгөөд тус хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т “2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд хуулийн үйлчлэл хамаарна” гэж, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т “Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдсэн яллагдагч мөрдөн байцаалтын шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангаж байгаа бол эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгоно” гэж заасан.

            Шүүгдэгч Б.Цацралын гэмт хэрэг үйлдсэн цаг хугацаа, хэргийн зүйлчлэл нь 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгох заалтад хамаарч байгаа бөгөөд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлөхөө илэрхийлж баталгаа гаргасан зэрэг нь 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн шаардлагыг хангаж байна гэж шүүхээс үзсэн тул 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т зааснаар Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Цацралд холбогдох эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

            Б.Цацралд авагдсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн өөрчилж, түүнийг нэн даруй суллан, түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авахыг шүүгчийн туслах Т.Лхагвасүрэнд даалгаж, Б.Цацралыг 01 хоног цагдан хоригдсон болохыг дурдаж, хилийн хориг тавигдаагүй, түүний бичгийн баримт шүүхэд ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж байгаа болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1, Эрүүгийн хуулийн 6.14 дүгээр зүйлийн 1, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Шавьнар овогтой Батжаргалын Цацралыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

           

2. 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т зааснаар Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Шавьнар овогтой Батжаргалын Цацралд холбогдох эрүүгийн 2027001270042 дугаартай хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгосугай. 

 

            3. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар шүүгдэгч Б.Цацралаас хохиролд 1 382 541 /нэг сая гурван зуун наян хоёр мянга таван зуун дөчин нэг/ төгрөг гаргуулан хохирогч Н.Мандухайд /Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 5 дугаар багт оршин суух/ олгож, үлдэх 99 459 төгрөгийн хэрэгсэхгүй болгосугай.

 

            4. Б.Цацралд авагдсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн өөрчилж, түүнийг нэн даруй суллан, түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авахыг шүүгчийн туслах Т.Лхагвасүрэнд даалгасугай.

 

5. Хохирогч Н.Мандухай нь цаашид гарах эмчилгээний зардлын баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг, шүүгдэгч Б.Цацрал нь 01 хоног цагдан хоригдсон болохыг, хилийн хориг тавигдаагүй, түүний бичгийн баримт шүүхэд ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Цацралд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Б.САРАНТУЯА