Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 784

 

 Н.Б-д холбогдох эрүүгийн

         хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч М.Алдар, Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Б.Энхбат,

Хохирогч З.Дэмбэрэлсамбуудорж,

Шүүгдэгч Н.Б-ын өмгөөлөгч А.Очбадрал,

Нарийн бичгийн дарга Ч.Хатанбаатар нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 473 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч З.Дэмбэрэлсамбуудоржийн гаргасан давж заалдах гомдлоор Н.Б-д холбогдох эрүүгийн 1708007840218 дугаартай хэргийг 2018 оны 8 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.

             Тогоруутан овгийн Н.Б, 1993 оны 5 дугаар сарын 8-ны өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 25 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, ойн байцаагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Дэнжийн 7 дугаар гудамжны 17 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД: РЭ93050810/,

             Н.Б нь 2017 оны 8 дугаар сарын 4-нөөс 5-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг “Гэрэлт-Од” худалдааны төвд байрлах “888” нэртэй бааранд иргэн З.Дэмбэрэлсамбуудоржийн хэвлий орчим газар гурван удаа өшиглөж “хэвлийн битүү гэмтэл, давсагны ар ханын урагдал, гялтангийн үрэвсэл” бүхий эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас: Н.Б-д холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

             Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс: шүүгдэгч Н.Б-ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.Б-ыг 1 жил 1 сар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Н.Б-д оногдуулсан 1 жил 1 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б-ын цагдан хоригдсон 46 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, тус хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдаж, уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг “Сиди”-г хэрэгт нь уг хэргийг хадгалах хугацаа дуустал үлдээж, шүүгдэгч Н.Б-ыг цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2018 оны 6 дугаар сарын 6-ны өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

 

            Хохирогч З.Дэмбэрэлсамбуудорж гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:“...Шүүгдэгч Н.Б нь анхан шатны шүүх хуралдаанаас өмнө хохирлын 1.800.000 төгрөгөө төлөөгүй ба харин 2018 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс өмнө 1.800.000 төгрөг төлнө гэж баталгаа бичиж өгсөн, надаас эхнэр Саранчимэг нь “Хохирлын мөнгийг чинь найдвартай 2018 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс өмнө төлж барагдуулна, гомдол саналгүй, төлбөрөө төлсөн гэж хэлээд өгөөч” гэж гуйгаад байхаар нь би итгээд анхан шатны шүүх хуралдаанд шүүгдэгч Н.Быг хохирлын “1.800.000 төгрөгөө төлсөн, гомдол саналгүй” гэж хэлж өгсөн. Гэтэл миний итгэлийг алдаж 2018 оны 7 дугаар сарын 1-ний өдөр надад төлөх ёстой мөнгөө өгөхгүй, намайг хохиролгүй болгож, миний гомдлыг барагдуулаагүй, гар утсаа авахгүй байсан болохоор давж заалдах гомдол гаргасан” гэв.

 

          Шүүгдэгч Н.Б-ын өмгөөлөгч А.Очбадрал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэхгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

 

          Прокурор Б.Энхбат тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Хавтаст хэрэгт авагдсан баримтаар 588.395 төгрөг, баримтгүй 370.000 төгрөг нэхэмжилсэн. Шууд бус зардал 855.000 төгрөг, нийт 1.813.394 төгрөгийг хохирогч нэхэмжилсэн. Анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд хохирогч хохирлоо авсан гэж бичгээр тайлбар гаргаж, мөн хохирол хүлээж авсан гэж мэдүүлэг өгсөн. Үүнийг анхан шатны шүүх үндэслэн хохирол, төлбөргүй гэж дүгнэн, цаашид гарах бусад зардлаа иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурьдаж шийдвэрлэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй байх тул хэвээр үлдээж өгнө үү” гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүх гомдол, эсэргүүцлийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдсан гомдол, эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

 

Н.Б нь 2017 оны 8 дугаар сарын 4-өөс 5-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг “Гэрэлт-Од” худалдааны төвд байрлах “888” нэртэй бааранд иргэн З.Дэмбэрэлсамбуудоржийн хэвлий орчим газар гурван удаа өшиглөж “хэвлийн битүү гэмтэл, давсагны ар ханын урагдал, гялтангийн үрэвсэл” бүхий эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь Н.Бын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг /хх-178-181/, гэрч Т.Оюун-Эрдэнийн мэдүүлэг /хх-16-17/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-10-11/ болон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 10421 дугаартай дүгнэлт /хх-43/, хохирогчийн мэдүүлэг /хх-87-88/, шинжээч эмч М.Энхтайваны мэдүүлэг /хх-107-108/, хохирогчийн гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлж байсан өвчний түүх, мэс заслын тэмдэглэл, эмнэлгийн магадлагаа /хх-107-108/ зэрэг хэрэгт цугларсан, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Хохирогч З.Дэмбэрэлсамбуудорж нь хохиролд 1.443.394 төгрөг нэхэмжилсэн тайлбар гаргасан боловч хохирлын талаар холбогдох баримтыг гаргаж өгөөгүй бөгөөд 2018 оны 6 дугаар сарын 6-ны өдөр шүүхэд гаргаж өгсөн хүсэлтдээ “миний бие шүүгдэгч Н.Бын ар гэрээс хохирлын мөнгөө бүрэн хүлээн авсан авсан тул цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй болно” /хх-202/ гэж, мөн шүүхийн хэлэлцүүлэгт “Зодуулсан нь үнэн. Би тэр үед болсон явдлыг сайн санахгүй байсан. Камерын бичлэгийг хараад мэдсэн. Хохиролд нийт 1.800.000 төгрөгийг эмчилгээ, хагалгааны мөнгө, бусад хэрэгцээнд авсан. Би машины зээл төлдөг байсан ба 2 сарын банкны төлөлтөд 805.000 төгрөгийг мөн авсан. Хохирол бүрэн төлөгдсөн.” /хх-205-208/ гэж тус тус мэдүүлсэн учир анхан шатны шүүх хохирогчийн мэдүүлгийг үндэслэн шүүгдэгч Н.Быг хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамааруулан үзэж түүнд хуульд зааснаас доогуур ял оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

 

Шүүгдэгч Н.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, түүнд тухайн зүйлд заасан хорих ялын хэмжээнээс доогуур ял шийтгэл оногдуулсан, хорих ялыг эдлүүлэхээр заасан дэглэм нь тус тус хуульд нийцсэн гэж үзсэн тул Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн 473 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч З.Дэмбэрэлсамбуудоржийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг нэгэнт дурдсан байх тул хохирогч З.Дэмбэрэлсамбуудорж нь шүүхийн шийтгэх тогтоолд заасны дагуу хохирлын асуудлаар шүүхээр шийдвэрлүүлэх боломжтой ажээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 473 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч З.Дэмбэрэлсамбуудоржийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

 ДАРГАЛАГЧ,

                         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Ц.ОЧ

 ШҮҮГЧИД                                                   М.АЛДАР

         Д.МЯГМАРЖАВ