Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 10 сарын 22 өдөр

Дугаар 714

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Долгорсүрэн даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Э, гомдол гаргагчийн өмгөөлөгч Г.Х, Д.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г, гуравдагч этгээд А.Х нарыг оролцуулан “У.С” ХХК-ийн гомдолтой, ШӨХТГ-ын улсын байцаагч Н.Бд холбогдох захиргааны хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийв.

            Гомдол гаргагч: “У.С” ХХК

Хариуцагч: Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Өрсөлдөөний бодлого зохицуулалтын газрын улсын байцаагч Н.Б.

Хаяг: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 5 дугаар хороо, Ж.Самбуугийн  гудамж,  Засгийн газрын .. дүгээр байр ш/х-... 

Гомдлын шаардлага: Шударга өрсөлдөөн, Хэрэглэгчийн төлөө газрын Өрсөлдөөний бодлого зохицуулалтын газрын улсын байцаагч Н.Б-ын 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” ******* тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох.

                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

Гомдол гаргагч “У.С” ХХК шүүхэд гаргасан гомдолдоо: “...Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Өрсөлдөөний бодлого зохицуулалтын газрын улсын байцаагч Н.Бын 2019 оны оны 05 дугаар сарын 08-ны өдрийн “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” ******* тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох тухай гомдлын үндэслэл:

ШӨХТГ Н.Бын 2019 оны оны 05 дугаар сарын 08-ны өдрийн зөрчилд шийтгэл оногдуулах тухай ******* тоот шийтгэлийг эс зөвшөөрч холбогдогч бус этгээдээр тэмдэглэлд гарын үсэг зуруулсан, хөндлөнгийн гэрчид хууль сануулсан баримт үйлдэхгүйгээр хууль бусаар үзлэг хийсэн, бодитоор “Ш к” ХХК-д хохирол учраагүй байхад хохирогчоор А.Хыг тогтоож, мэдүүлэг авсан, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг зөрчиж, хуульд заасан үндэслэлгүйгээр, хугацаа сунгасан шийдвэр, тогтоолгүйгээр зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан, гомдолд дурдсан “албан шаардлага”-ыг хугацаанд нь биелүүлсэн байдлыг шалгаагүй, зөрчлийн шинжгүй, гомдолд дурдсан албан шаардлага хүчин төгөлдөр байхад зөрчлийн хэрэг нээхгүй байх гэсэн заалтыг зөрчиж нэр ашиглаж байна гэх гомдолд зөрчлийн хэрэг нээсэн, хяналт шалгалтыг гагцхүү түүнийг явуулах болсон үндэслэл, удирдамжид заасан асуудлын хүрээнд хийгээгүй гэсэн үндэслэлүүдээр дараах байдлаар гомдол гаргаж байна.

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Өрсөлдөөний бодлого зохицуулалтын газрын улсын байцаагч Н.Б нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “У.С” ХХК нь улсын байцаагчийн өгсөн албан шаардлагыг биелүүлэхгүй байгаа тул Зөрчлийн тухай хуульд заасны дагуу зохих хариуцлагыг хүлээлгэж өгнө үү" гэх асуудлыг шалгаад холбогдогч “У.С” ХХК-ийн гаргасан зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан шийтгэл оногдуулах үндэслэлтэй байх тул Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлд заасныг үндэслэн “У.С” ХХК нь Зар сурталчилгаа бүтээх түгээхэд тавигдах нийтлэг шаардлагыг зөрчсөн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасны дагуу 5000 нэгжээр торгох шийтгэл оногдуулж, албадлагын арга хэмжээ авсугай. Оногдуулсан шийтгэлийн 5,000,000 төгрөгийг Төрийн сангийн ******* тоот дансанд 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн дотор сайн дураараа биелүүлэхийг даалгасугай. Шийтгэл оногдуулсан шийдвэрийн хувийг холбогдогч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгүүлэх болохыг мэдэгдсүгэй. Шийдвэрийг эс зөвшөөрвөл хүлээн авснаас хойш 2019 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн дотор Захиргааны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай хэмээх шийтгэлийг 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдөр шуудангаар хүлээн аваад 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргаж байна.

“Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт гомдол гаргагч “Ш к” ХХК-ийн захирал А.Х миний бие 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр №1/003 тоот өргөдөл гаргасан бөгөөд 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдөр “У.С” ХХК-д Улсын байцаагчийн албан шаардлага хүргүүлсэн тухай мэдэгдэл ирсэн болно. Энэхүү албан шаардлагын дагуу “У.С” ХХК нь Өрсөлдөөний тухай хуулийн 12.1.4 дэх заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй бөгөөд уг зөрчлийг нэн даруй арилгаж, 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн дотор энэ талаар албан ёсны хариуг тус агентлагт мэдэгдэхийг шаардсан албан шаардлагыг биелүүлээгүй тул Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлагыг хүлээлгэж өгнө үү”... гэсэн өргөдлийг 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт ирүүлснийг тус байгууллагын ирсэн бичгийн бүртгэл хяналтын картад ажилтан Т.Э******* бүртгэж авсан байдаг. Үүний дараа Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын байцаагч уг өргөдлийг хүлээн аваад Зөрчлийн хэрэг үүсгэж, Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, дээрх шийтгэл оногдуулсныг дараах үндэслэлээр эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Үүнд:

1. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан “Хүн, хуулийн этгээд,  албан тушаалтнаас зөрчлийн талаар гомдол гаргасан, эсхүл мэдээлсэн тохиолдолд Зөрчил шалган шийдвэрлэх тогтоол үйлдэхээр” хуульчилсныг зөрчсөн.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд дараах тохиолдолд эрх бүхий албан тушаалтан прокурорын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг дараах байдлаар явуулахаар хуульчилсан байдаг. Үүнд:

1. Хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад энэ хуулиар шалган шийдвэрлэхээр харьяалуулсан зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн;

2. Хүн, хуулийн этгээд, албан тушаалтнаас зөрчлийн талаар гомдол гаргасан, эсхүл мэдээлсэн тохиолдолд Зөрчил шалган шийдвэрлэх тогтоол үйлдэхээр тус тус хуульчилжээ.

Гомдол гаргагч “Ш к” ХХК-ийн захирал А.Х нь гомдолдоо “Ш к” ХХК нь 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт №1/003 тоот өргөдөл гаргасан бөгөөд 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдөр “У.С” ХХК-д Улсын байцаагчийн албан шаардлага хүргүүлсэн тухай мэдэгдэл ирсэн болно. Энэхүү албан шаардлагын дагуу “У.С” ХХК нь Өрсөлдөөний тухай хуулийн 12.1.4 дэх заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй бөгөөд уг зөрчлийг нэн даруй арилгаж, 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн дотор энэ талаар албан ёсны хариуг тус агентлагт мэдэгдэхийг шаардсан албан шаардлагыг биелүүлээгүй....талаар дурдсан байна.

Гэтэл улсын байцаагч нь Н.Б нь өргөдөлд дурдаагүй зөрчлийн талаар... 3ар сурталчилгаа захиалах, бүтээх, түгээхэд тавигдах нийтлэг шаардлагыг зөрчсөн гэсэн үндэслэлээр зөрчлийн хэрэг үүсгэсэн нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 1.3. дэх хэсэгт заасан “үндэслэл, журмын дагуу зөрчлийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авахаас татгалзах, эсхүл зөрчлийн хэрэг нээх” гэж заасныг зөрчсөн.

Өөрөөр хэлбэл, Зөрчлийн хэрэг нээх тухай тогтоол үйлдэхдээ өргөдөл, гомдолд дурдсан асуудал болох албан шаардлагыг холбогдогч этгээд биелүүлсэн эсэхэд хяналт тавих эрх үүргээ хэрэгжүүлж, энэ асуудлыг шалгаж холбогдогч этгээд хэрэв албан шаардлагыг биелүүлээгүй бол зөрчлийн хэрэг нээхээр хуульчилсныг зөрчиж, өргөдөлд дурдаагүй асуудлаар зөрчлийн хэрэг нээсэн.

2. Хяналт шалгалтыг гагцхүү түүнийг явуулах болсон үндэслэл, удирдамжид заасан асуудлын хүрээнд хийнэ гэж заасныг зөрчсөн.

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын байцаагч Н.Б нь “Ш к” ХХК-ийн захирал А.Хын ирүүлсэн өргөдөлд дурдсан албан шаардлагыг биелүүлсэн эсэхийг шалгаж, хэрэв уг албан шаардлагыг биелүүлээгүй бол эрх бүхий албан тушаалтны албан шаардлагыг биелүүлээгүй гэсэн үндэслэлээр “Зөрчлийн хэрэг нээх тухай тогтоол” үйлдэх байтал гомдол мэдээлэлд дурдаагүй асуудлын талаар зөрчлийн хэрэг нээх тухай тогтоол 1 үйлдэж, уг хууль бус тогтоолын дагуу зөрчил шалган шийдвэрлэх нэртэй хууль бус ажиллагаа явуулсан.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 10-т “Эрх бүхий албан тушаалтны эрх зүйн байдлыг тус тусын хуулиар тогтооно” гэж заасан байдаг.

Дээрх хуулийн зохицуулалтын дагуу төрийн хяналт шалгалтын тогтолцоо, төрийн захиргааны хяналт шалгалтын эрх зүйн үндэслэл, төрийн хяналт шалгалтыг хэрэгжүүлэхтэй холбогдсон харилцааг Төрийн хяналт шалгалтын тухай хуулиар зохицуулдаг бөгөөд улсын байцаагч нарын хяналт шалгалт явуулах эрх зүйн үндсийг мөн энэ хуулиар нарийвчлан зохицуулдаг.

Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Хяналт шалгалтыг хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага хуульд заасан үндэслэл, журмын дагуу хяналт шалгалтыг хийх бөгөөд хяналт шалгалтыг төлөвлөгөөт, төлөвлөгөөт бус, гүйцэтгэлийн гэж ангилна”, 5.2-т “Төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг эрх бүхий албан тушаалтны баталсан удирдамжийн дагуу хийх”            5.1-д “Хяналт шалгалтыг хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага хуульд заасан үндэслэл, журмын дагуу хяналт шалгалтыг хийх бөгөөд хяналт шалгалтыг төлөвлөгөөт, төлөвлөгөөт бус, гүйцэтгэлийн гэж ангилна”, 5.7-д “Хяналт шалгалтыг зөвхөн удирдамж, хяналтын хуудсанд заасан асуудлын хүрээнд хийж гүйцэтгэнэ”, 52.2-т ”Энэ хуулийн 52.1-д заасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллага өргөдөл, хүсэлт, гомдол, мэдээллийг зохих нотлох баримтын хамт хяналт шалгалтын байгууллагад ирүүлэх бөгөөд уг өргөдөл, хүсэлт, гомдол, мэдээлэл нь үндэслэлтэй гэж хяналт шалгалтын байгууллага үзсэн тохиолдолд хяналт шалгалтыг ажлын 5 өдрийн дотор эхлүүлнэ.”, 52.3-д ”Төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг гагцхүү түүнийг явуулах болсон үндэслэл, удирдамжид заасан асуудлын хүрээнд хийнэ” гэж тус тус хуульчилсан байдаг.

Гэтэл байцаагч Н.Б нь хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад энэ хуулиар шалган шийдвэрлэхээр харьяалуулсан зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн мэтээр “Хяналт шалгалтыг зөвхөн удирдамж, хяналтын хуудсанд заасан асуудлын хүрээнд хийж гүйцэтгэнэ, төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг гагцхүү түүнийг явуулах болсон үндэслэл, удирдамжид заасан асуудлын хүрээнд хийнэ” гэсэн заалтуудыг зөрчиж удирдамжгүйгээр өргөдөл, гомдолд дурдаагүй асуудлын талаар шалгалт хийж, зөрчил илрүүлсэн байдлаар хууль бус ажиллагаа явуулсан.

Дээрх хууль бус үйлдэл нь Зөрчлийн хэргийн 12-13 дугаар хуудаст 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн Хохирогчоос мэдүүлэг авсан тэмдэглэлд: “... “У.С” ХХК-ийн улсын байцаагчийн өгсөн шаардлагыг биелүүлээгүй тул Зөрчлийн тухай хуульд заасан зохих хариуцлагыг тооцож өгнө үү гэх гомдолд тайлбар өгнө үү гэсэн эрх бүхий албан тушаалтны асуултад хариулахдаа: “Улаанбаатар их дэлгүүрийн баруун талд “S c” LLС 9988533.. 86863...” гэсэн post зарыг явуулж байгаа нь улсын байцаагчийн шаардлагыг биелүүлээгүй...” гэх түүний тайлбар болон зөрчлийн хавтаст хэргийн 8-9 хуудаст авагдсан гомдол гаргагчийн гомдлоор нотлогддог.

3. Гомдолд дурдсан “албан шаардлага”-ыг хугацаанд нь биелүүлсэн  байдлыг шалгаагүй.

ШӨХТГ Д.М ийн 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 5/20 дугаартай албан шаардлагад: “Тус газарт “Ш к” ХХК-иас 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 1/003 дугаартай албан бичгээр ирүүлсэн “У.С” ХХК нь өөрийн хөтлөн явуулдаг sh.......rgo.com сайт болон S c нэртэй фэйсбүүк хаягаар “Ш к” ХХК нь Улаанбаатар их дэлгүүрийн баруун талд байрлаж байна” гэж хуурамч зар сурталчилгаа түгээж, манай бизнес орлогод сөргөөр нөлөөлөх үйл ажиллагаа явуулж байна гэх гомдлын дагуу хяналт шалгалт хийлээ. Хяналт шалгалтаар танай компанийн хөтлөн явуулдаг s......go.com сайт болон s c нэртэй фэйсбүүк хуудсанд ”У.С" ХХК-ийн хаягийг байршуулахдаа S c LLC гэх Америкийн Нэгдсэн Улсаас холбогдох зөвшөөрлийг авч үйл ажиллагаа явуулдаг аж ахуй эрхлэгчийн нэрийг байршуулсан байна. “Ш к” ХХК нь 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Оюуны өмч, улсын бүртгэлийн газраас Монгол Улсын хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээг авсан бөгөөд “Ш к” ХХК-ийн зүгээс танай компанид тус аж ахуй эрхлэгчийн нэрийг хэрэглэхийг албан ёсоор зөвшөөрөөгүй байна. Энэ нь Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4 дэх хэсэгт Бусдын барааны тэмдэг, шошго, аж ахуй эрхлэгчийн нэр, барааны чанарын баталгааг дур мэдэн хэрэглэх, барааны оноосон нэр, баглаа боодлыг хуулбарлах гэж заасныг зөрчсөн гэх үндэслэлтэй байна. Иймд дээрх зөрчлөө нэн даруй арилгаж 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн дотор энэ талаарх албан ёсны хариуг тус агентлагт мэдэгдэхийг шаардаж байна. Улсын байцаагчийн албан шаардлагыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэх болохыг анхаарна уу хэмээн албан шаардлага манай компанид хүргүүлсэн.

Албан шаардлагын төгсгөл хэсэгт....”Иймд дээрх зөрчлөө нэн даруй арилгаж 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн дотор энэ талаарх албан ёсны хариуг тус агентлагт мэдэгдэхийг шаардаж байна. Улсын байцаагчийн албан шаардлагыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэх болохыг анхаарна уу” хэмээн 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдөр гаргасан албан шаардлагыг “У.С” ХХК-д 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 15 цагт мэдэгдэн хүлээлгэн өгснийг “У.С” ХХК нь 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдөр албан шаардлагад дурдсан шаардлагыг биелүүлж, энэ тухай албан бичгээр Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт албан бичгээр хүргүүлж мэдэгдсэн.

Иймд гомдол гаргагчийн гомдол үндэслэлгүй, зөрчлийн шинжгүй байх тул Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.9дүгээр зүйлийн 1.1, 6.5. дугаар зүйлд заасны дагуу Зөрчлийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байтал шалгалтын удирдамжгүйгээр “У.С” ХХК-д “Ш к” ХХК-ийн гомдолд дурдаагүй асуудлаар шалгалт хийж, албан үүргээ гүйцэтгэх явцдаа зөрчил илрүүлсэн мэтээр Зөрчлийн хэрэг үүсгэн, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан  нь үндэслэлгүй болжээ.

4. 3өрчлийн хэрэг бүртгэлийн ажиллагаа 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр дууссан Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг зөрчиж, хуульд заасан үндэслэлгүйгээр, хугацаа сунгасан шийдвэр, тогтоолгүйгээр зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан байна.

Зөрчлийн хэрэг нээх тухай тогтоолыг 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдөр гаргажээ. “У.С” ХХК-ийн захирал Т.Тд холбогдох зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах хугацааг 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон 14 хоногоор хугацаагаар сунгажээ.

Үүний дараа Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт ”3өрчил шалгах нэмэлт ажиллагаа явуулж нотлох баримт цуглуулах шаардлагатай бол зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацааг зөрчлийн хэрэг бүртгэлтийг удирдах албан тушаалтан 14 хүртэл, прокурор 30 хүртэл хоногоор сунгаж болно” гэж заасны дагуу хугацааг 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл 30 хоногоор сунгах хүсэлтийг Прокурорт хүргүүлсэн байна. Гэвч энэхүү саналыг шийдвэрлэсэн, хугацааг 30 хоногоор сунгасан прокурорын тогтоол зөрчлийн хэрэгт байхгүй байгаа нь зөрчлийн хэрэг бүртгэлийн ажиллагаа нь 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр дууссан гэж үзэхээр байна.

Зөрчлийн хэргийн 5 дугаар хуудсын 1 дэх хэсэгт иргэн П.У холбогдох зөрчлийн 1902000143 дугаартай хэрэгт зөрчлийн хэрэг бүртгэлийн ажиллагаа явуулах хугацааг 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл 30 хоногоор сунгасугай.... хэмээн иргэн П.У холбогдох зөрчлийн хэргийн хугацааг сунгасан тогтоолоос өөр тогтоол хавсаргагдаагүй байгаа болно.

Мөн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 9.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Энэ бүлэгт заасан зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг энэ хуулийн 6.8 дугаар зүйлд заасан хугацаанд явуулна” гэж заасан байдаг.

Иймд 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс хойш зөрчлийн хэрэг бүртгэлийн ажиллагааг 30 хоногоор сунгасан шийдвэр буюу прокурорын тогтоол хэрэгт байхгүй байгаа тул Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.11 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсэгт заасан зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацаа 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр дууссан гэж үзэж, Зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

5. Хохирогчоор тогтоох үндэслэлгүй, хохирогч хэрхэн бодитоор хохирсон нь тодорхойгүй. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Зөрчлийн улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн хүн, хуулийн этгээдийг хохирогч гэнэ” гэж заажээ.

Гэтэл ямар үндэслэлээр гомдол гаргагч “Ш к” ХХК-ийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг, хэм хэмжээг зөрчиж байгаа гэдэг нь тодорхойгүй, гомдолд дурдсан асуудал нь бодит тооцоо судалгаа, нөхцөл байдалд тулгуурлаагүй, “Ш к” ХХК нь Улаанбаатар их дэлгүүрийн баруун талд байрлаж байна” гэж хуурамч гэх зар сурталчилгаа түгээсний улмаас “Ш к” ХХК-ийн захирал А.Хд хэчнээн хэмжээний хохирол учирсан талаар нягтлан шалгаагүй, зохих дүн шинжилгээг хийгээгүй мөн энэхүү зарыг түгээсний улмаас гомдол гаргагчийн эрх ашиг сонирхол хэрхэн хөндөгдсөн болох нь тодорхойгүй байхад “хохирогч”-оор А.Хыг тогтоож мэдүүлэг авсан нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Зөрчлийн улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн хүн, хуулийн этгээдийг хохирогч гэнэ” гэж заасныг ноцтой зөрчжээ.

Иймд зар сурталчилгаа захиалах бүтээх, түгээхэд тавигдах нийтлэг шаардлагыг зөрчсөнөөрөө хохирогч гэх гомдол гаргагч “Ш к” ХХК-ийн хуульд заасан эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй, хохироогүй, хохирол тогтоогдоогүй тул хохирогчоор “Ш к” ХХК-ийг тогтоож, мэдүүлэг авсан нь хууль зүйн үндэслэлгүй болсон.

6. Үзлэг хийх, үзлэгийн тэмдэглэлийг үйлдэхдээ холбогдох хууль зөрчсөн Зөрчлийн хавтаст хэрэгт үзлэг хийсэн тэмдэглэлд С.Б ийн З гэрчээр оролцуулан үзлэг хийжээ. Гэтэл гэрчид хууль сануулсан баримт үйлдээгүй, гэрчээр оролцуулсан баримт хэрэгт авагдаагүй, хөндлөнгийн гэрчээр хэнийг оролцуулсан тухай баримт байхгүй, хөндлөнгийн  гэрчид хууль сануулсан баримт үйлдэхгүйгээр үзлэгийг хийжээ .

Мөн уг зөрчлийн холбогдогчоор Б.З ыг оролцуулан үзлэг хийжээ. Гэтэл уг зөрчлийн хэрэгт “У.С” ХХК-ийн захирал Б.Т холбогдогчоор оролцож байхад холбогдогч биш этгээдийг оролцуулан үзлэг хийж, холбогдогч хэсэгт гарын үсгийг иргэн Б.З аар зуруулснаараа Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Зөрчил  үйлдсэн гэж буруутгагдаж байгаа хүн, хуулийн этгээдийг холбогдогч гэнэ” гэж заасныг ноцтой зөрчсөн байна. Мөн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.3 дугаар зүйлийн 7 дэх хэсэгт заасан “Эд зүйл, баримт бичиг, ачаа тээш, мал, амьтан, тээврийн хэрэгсэлд үзлэг хийхэд эзэмшигчийг байлцуулна. Эзэмшигчийг оролцуулах боломжгүй бол хөндлөнгийн гэрчийг байлцуулах, эсхүл гэрэл зураг, дуу-дүрсний бичлэгээр бэхжүүлж болно” гэж заасны дагуу үзлэг хийсэн тэмдэглэлийн холбогдогч хэсэгт гарын үсэг зурсан иргэн Б.З ыг хөндлөнгийн гэрчээр оролцуулан үзлэг хийх байжээ.

7. Зөрчлийн хэрэг шалган шийдвэрлэх хугацаанд Шийтгэл оногдуулаагүй, Зөрчил шалган шийдвэрлэх хугацаа дууссаны дараа Шийтгэл ногдуулсан шийдвэрийг нөхөж гаргасан үндэслэлгүй. Хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Д.Э ын 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 13/901 дүгээр хариу мэдэгдэх хуудсын 2 дугаар догол мөрт Зөрчлийн тухай хуулийн 6.10 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар шийтгэл ногдуулсан байна гэжээ.

Гэтэл холбогдогч Т.Т болон түүний хууль ёсны төлөөлөгч нар 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Зөрчлийн хэрэгтэй танилцах үед шийтгэл ногдуулсан шийдвэрийг албан ёсоор гаргаагүй байсан. Өөрөөр хэлбэл, улсын байцаагчийн зөрчил шалган шийдвэрлэх хуулийн хугацаа 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр дууссан. Учир нь зөрчил шалган шийдвэрлэх хугацааг 30 хоногоор сунгасан прокурорын тогтоол Зөрчлийн хавтаст хэрэгт байхгүй байгаа болно.

8. Зөрчлийг хохирогчийн мэдүүлэг, үзлэг хийсэн тэмдэглэл, бусад баримт материалаар нотлогдов гэж дүгнэж “У.С” ХХК нь хуульд заасан иргэний эрх зүйн харилцаанд гэрээ байгуулах эрхгүй болгож дүгнэжээ.

“Ш к” ХХК-ийн захирал А.Х хохирсон талаар баримт нотолгоо байхгүй, улсын байцаагчийн үзлэг хийсэн тэмдэглэл холбогдох хуулийг зөрчсөн бөгөөд Иргэний хуулийн ямар зүйл заалтыг зөрчсөн талаар улсын байцаагч дүгнэлт хийгээгүй атлаа Иргэний хууль тогтоомжийг удирдлага болгоогүй талаар дүгнэлт хийсэн. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д “Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй”, 189.2-т “Нийгэм, хувь хүний ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор зарим төрлийн гэрээг гагцхүү төрийн эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр байгуулж болно. Тусгай зөвшөөрөл олгох журмыг хуулиар тогтооно”, 189.3-д “Тусгай зөвшөөрлийн үндсэн дээр байгуулсан гэрээ нь эрх бүхий байгууллагаас тусгай зөвшөөрлийг авснаар хүчин төгөлдөр болно” гэж тус тус заажээ.

“У.С” ХХК нь төрийн эрх бүхий байгууллагаас тусгай зөвшөөрөл авсан, тусгай зөвшөөрлийн үндсэн дээр Америкийн Нэгдсэн Улс дахь S c. LLC- тэй Хамтран ажиллах гэрээ байгуулсан.

Гэтэл улсын байцаагч зөрчил үйлдсэн болох нь хамтран ажиллах гэрээгээр нотлогдов гэж дүгнэснээрээ зөрчлийг хийсвэр байдлаар дүгнэж, бодит нотолгоонд үндэслээгүй, Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д гэрээг талууд хуулийн хүрээнд чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж заасныг ноцтой зөрчиж, Америкийн Нэгдсэн Улс дахь S c LLC-тэй байгуулсан хамтран ажиллах гэрээгээр зөрчлийн хэргийг нотлогдож байна гэж дүгнэжээ. Мөн S c LLC-ийн FB хуудасны байршуулсан зар нь Зар сурталчилгааны тухай хуулийн 6.2-т заасныг зөрчсөн гэж дүгнээд байгаа хирнээ зөрчлийн шийтгэлийг “У.С” ХХК-д оногдуулахаар шийдвэрлэж шийтгэлийн хуудас оногдуулсан.

Иймд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Өрсөлдөөний бодлого зохицуулалтын газрын улсын байцаагч Н.Бын 2019 оны оны 05 дугаар сарын 08-ны өдрийн зөрчилд шийтгэл оногдуулах тухай ******* тоот шийтгэлийн хуудсыг үзлэг хийсэн тэмдэглэлд холбогдогч бус этгээд болох Б.З аар гарын үсэг зуруулсан, хөндлөнгийн гэрчид хууль сануулсан баримт үйлдэхгүйгээр хууль бусаар үзлэг хийсэн, гомдол гаргагч “Ш к” ХХК-ийн хуульд заасан эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй байхад хохирогчоор “Ш к” ХХК-ийн А.Хыг тогтоож, түүнээс хохирогчийн мэдүүлэг авсан, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг зөрчиж, хуульд заасан “үндэслэлгүйгээр, хугацаа сунгасан шийдвэр, тогтоолгүйгээр зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан, гомдолд дурдсан “албан шаардлага”-ыг хугацаанд нь биелүүлсэн байдлыг шалгаагүй, хяналт шалгалтыг гагцхүү түүнийг явуулах болсон үндэслэл, удирдамжид заасан асуудлын хүрээнд хийгээгүй тул уг шийтгэлийн хуудсыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1 дэх хэсэгт заасны дагуу хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагч ШӨХТГ Н.Б шүүхэд гаргасан тайлбартаа: “ШӨХТГ Н.Б би, “У.С” ХХК-ийн захирал Т.Т 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргасантай холбогдуулан дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд:

Нэг. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан “Хүн, хуулийн этгээд, албан тушаалтнаас зөрчлийн талаар гомдол гаргасан, эсхүл мэдээлсэн тохиолдолд Зөрчил шалган шийдвэрлэх тогтоол үйлдэхээр" хуульчилсныг зөрчсөн тухайд:

1. ШӨХТГ Н.Б би, “Ш к” ХХК-ийн захирал А.Хаас бичгээр гаргасан “У.С” ХХК нь улсын байцаагчийн өгсөн шаардлагыг биелүүлээгүй тул зөрчлийн тухай хуульд заасны дагуу зохих хариуцлагыг хүлээлгэнэ үү” гэх гомдол мэдээллийг 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 11 цаг 30 минутад хүлээн авч Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.2 дугаар зүйлд заасны дагуу тэмдэглэл үйлдэв.

Гомдол гаргагч А.Хаас гомдол мэдээллийн талаарх тайлбарыг 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 16 цаг 05 минутад авч тэмдэглэл үйлдсэн.

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт 19/00317 дугаартай ирсэн бичгийн бүртгэл-хяналтын картад бүртгэсэн 5 хуудас гомдолд байгаа 2019 оны 01 дүгээр сарын 18, 2019 оны 01 дүгээр сарын 25, 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрүүдэд тус тус “Америкийн Нэгдсэн Улсаас гарсан агаарын илгээмж тараагдаж байна, Улаанбаатар их дэлгүүрийн баруун талд “S c LLC 998853.., 86863...” гэх зарыг S c LLC FВ хуудсандаа байршуулсан нь Зар сурталчилгааны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх хэсэгт “зар сурталчилгаа” гэж иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас бараа, ажил үйлчилгээ, төсөл, үйл ажиллагаа, зах зээлийн эрэлтийг нэмэгдүүлэх, боломжит хэрэглэгчийн анхаарлыг татах зорилгоор олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон бусад хэлбэрээр түгээсэн мэдээллийг, мөн хуулийн 6 дугаар зүйлийн Зар сурталчилгаа бүтээх, түгээхэд тавих нийтлэг шаардлага 6.2-т “Тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхлэх үйл ажиллагаатай холбоотой бичмэл зар сурталчилгаанд тусгай зөвшөөрөл олгосон эрх бүхий байгууллагын нэр, зөвшөөрлийн дугаарыг тусгасан байна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байсан.

Иймд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.4 дугаар зүйлийн 1.3-т хэсэг, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.16-д ‘ШӨХТГ Зөрчлийн тухай хуулийн 10.1 дүгээр зүйл Зар сурталчилгааны тухай хууль зөрчих, харьяаллын дагуу зөрчлийг шалган шийдвэрлэнэ” гэж заасны дагуу Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон Зар сурталчилгаа захиалах, бүтээх, түгээхэд тавигдах нийтлэг шаардлагыг зөрчсөн “У.С” ХХК-д холбогдуулан Зөрчлийн тухай хуулийн 10.1 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 08 дугаартай “Зөрчлийн хэрэг нээх тухай тогтоол”-ыг үйлдэж Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурорт танилцуулж, 1902000143 дугаартай зөрчлийн хэргийг нээсэн болно.

Хоёр. Хяналт шалгалтыг гагцхүү түүнийг явуулах болсон үндэслэл, удирдамжид заасан асуудлын хүрээнд хийнэ гэж заасныг зөрчсөн.

Гурав. Гомдолд дурдсан “албан шаардлага”-ыг хугацаанд нь биелүүлсэн байдлыг шалгаагүй тухайд:

2. Улсын байцаагч Н.Б би, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1.1-д хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад энэ хуулиар шалган шийдвэрлэхээр харьяалуулсан зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн.

3. Зөрчлийн хэрэг бүртгэлтийг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль, Зөрчлийн тухай хуулийн хүрээнд шийдвэрлэх тул Төрийн хяналт шалгалтын тухай хууль хамаарахгүй болно. Мөн зөрчлийн хэрэг нээсэн тул ШӨХТГ Д.М ын 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн “албан шаардлага”-ыг биелүүлсэн эсэхийг шалгах шаардлагагүй байсан.

Дөрөв. Зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр дууссан тул хугацаа сунгасан шийдвэр тогтоолгүйгээр зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан тухайд:

4. Улсын байцаагч Н.Б би, Зөрчил шалган шийдвэрлэх хуулийн 6.8 дугаар зүйлийн 2-т “Зөрчил шалгах нэмэлт ажиллагаа явуулж нотлох баримт шаардлагатай бол зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацааг зөрчлийн хэрэг бүртгэлтийг удирдах албан тушаалтан 14 хоног, прокурор 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хүртэл 30 хоногоор сунгаж болно” гэж заасныг удирдлага болгон зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацааг сунгах саналыг Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурорт танилцуулан хянуулж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг 58 хоног явуулсан. Прокурорын 89 дугаартай тогтоолын зөрчлийн агуулга, зөрчлийн хэргийн дугаар нь “У.С- ХХК-д холбогдож байгаа бөгөөд “Иргэн П.У холбогдох” гэж бичсэн нь техникийн алдаа болсон байна.

Тав. Хохирогчоор тогтоох үндэслэлгүй, хохирогч хэрхэн бодитоор хохирсон нь тодорхойгүй тухайд:

5. Зөрчлийн тухай хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1.1-д “Зар сурталчилгаа захиалах, бүтээх, түгээхэд тавигдах нийтлэг шаардлагыг зөрчсөн тохиолдолд хохирлын хэмжээг тогтоох шаардлагагүй болно.

Зургаа. Үзлэг хийх, үзлэгийн тэмдэглэлийг үйлдэхдээ холбогдох хууль зөрчсөн тухайд:

6. Улсын байцаагч Н.Б би, Зөрчил шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг тогтоох зорилгоор Зар сурталчилгааны тухай хуулийг хэрэгжүүлж, Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэх эрх бүхий албан тушаалтан мөн тул объектод саадгүй нэвтрэн орж, үзлэг хийх эрхийн дагуу 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр ажлын байртай танилцсан, Зөрчлийн хэрэгт холбогдогч нь  хуулийн этгээд буюу “У.С” ХХК юм.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар үзлэг хийхдээ гадна талаас нь харах аргыг ашиглаж, “Улаанбаатар их дэлгүүрийн баруун талд “С” центр төв буюу Г з эмнэлгийн . давхарт “У.С” ХХК /99885..., 8686.../-нь байрлаж Америкийн  Нэгдсэн Улсаас S c LLC-ийн илгээсэн ачааг буулгаж байгаатай танилцаж, ажиллагааны явцыг харуулсан 5 кадр зураг авч баримтжуулан тэмдэглэл үйлдсэн. Мөн “У.С’’ ХХК-ийн объектод үйл ажиллагаа явуулж байсан Б.З , Б.З, С.Б нарт хууль сануулж гарын үсгийг зуруулан үзлэгийн тэмдэглэл үйлдсэн.

Долоо. Зөрчлийн хэрэг шалган шийдвэрлэх хугацаанд шийтгэл оногдуулаагүй тухайд:

7. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.9 дүгээр зүйлд заасныг баримтлан, 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 11 цагт зөрчлийн хэргийн материалтай танилцуулах ажиллагаанд холбогдогч Т.Т, “У.С” ХХК- ийн хууль ёсны төлөөлөгч Г.Х нарыг оролцуулж, 1-ээс 85 хүртэл дугаартай, 85 хуудас бүхий, 1 хавтас хэргийн материалыг танилцуулсан. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэлд “У.С” ХХК /62353.. регистртэй, 9011703091 дугаартай/-д Зөрчлийн тухай хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасны дагуу 5000 нэгжтэй тэнцэх хэмжээний шийтгэл оногдуулахаар шийдвэрлэсэн тухай тэмдэглэсэн.

“У.С" ХХК-ийн захирал Т.Т хэргийн материалтай танилцаад хүлээн зөвшөөрөхгүй байна гэж бичиж гарын үсэг зурсан.

Найм. Зөрчлийг хохирогчийн мэдүүлэг, үзлэг хийсэн тэмдэглэл, бусад баримт материалаар нотлогдов гэж дүгнэж “У.С" ХХК нь хуульд заасан иргэний эрх зүйн харилцаанд гэрээ байгуулах эрхгүй болгож дүгнэсэн тухайд:

8. Монгол Улс-Америкийн Нэгдсэн Улс гэсэн улс хоорондын шуудан илгээлтийн үйлчилгээ эрхлэхэд Харилцаа холбооны зохицуулах хорооноос тусгай зөвшөөрлийг авах ёстой. “У.С” ХХК нь 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр S c LLC-тай хамтран ажиллах гэрээг байгуулсан байна.

Харилцаа холбооны зохицуулах хорооноос “У.С” ХХК-д 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Монгол Улс-Америкийн Нэгдсэн Улс гэсэн улс хоорондын шуудан илгээлтийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн 43200112 дугаартай гэрчилгээг олгосон байна.

Улсын байцаагч Н.Б би, зөрчлийн хэргийн материалыг 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокуророор хянуулж, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасны дагуу шийтгэлийн хуудсыг “У.С” ХХК-д шуудангаар хүргүүлсэн.

Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 3-т “Тодорхой үйлдэл, эс үйлдэхүйг зөрчилд тооцсоныг мэдээгүй нь тухайн зөрчлийг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг шийтгэл, албадлагын арга хэмжээнээс чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж заасныг удирдлага болгон S c LLC FВ хуудсандаа байршуулсан зар нь “Зар сурталчилгаа захиалах, бүтээх, түгээхэд тавигдах нийтлэг шаардлагыг зөрчсөн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасны дагуу 5000 нэгжтэй тэнцэх хэмжээний шийтгэл оногдуулахаар шийдвэрлэсэн” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “ 1. Тус хэргийн нэхэмжлэгч тал болон хариуцагч талууд нь хоорондоо танил төдийгүй хамаатан садны холбоотой улсууд бөгөөд хэргийн гуравдагч этгээдээр оролцож буй “Ш к” ХХК-ийн захирал А.Хын дүү А.Б нь 2011 онд Америкийн Нэгдсэн Улсад улс хоорондын шуудан илгээлтийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй АМС S c LLC-ийг байгуулан ажиллуулж. Монгол Улсад А.Х нь “Г х о” ХХК-ийг байгуулан хамтран ажиллаж Америкийн Нэгдсэн Улс-Монгол Улсын хооронд карго тээвэрлэх ажлыг хамтран гүйцэтгэж байжээ.

А.Б өөрийн компанийн үйл ажиллагааг өргөжүүлсэн тул 2017 оны 02 дугаар сард Америкийн Нэгдсэн Улсад өөрийн хамаатан З.О т S c LLC-ийг байгуулан өгч, улмаар карго илгээмжийн ажлаа шилжүүлэн өгсөн байх бөгөөд “Г х о” ХХК-тай буюу ах А.Хтай хамтран ажиллаж үргэлжлүүлэхийг даалгасан итгэл хүлээлгэсэн байна. Гэтэл З.О нь “Г х о” ХХК-тай 2017 оны 10 дугаар сар хүртэлх хугацаанд хамтран ажилласан байх бөгөөд 2017 оны 10 дугаар сард мөн төрөл садан болох Т.Т нь Монгол Улсад "У.С” ХХК-ийг байгуулуулан, тусгай зөвшөөрөл авснаар Харилцаа холбооны зохицуулах хороонд бүртгэлтэй байсан “S c” LLC-“Г х од” ХХК-ийн гэрээг хуйвалдан дураар цуцалж, өөрсдийн хамтран ажиллах гэрээг бүртгүүлснээр “Г х од” ХХК-тай хамтран ажиллахаа больж, дээрх 2 компани хамтран ажиллаж эхэлсэн байна. Энэ нь төрөл саднууд итгэл хүлээлгэн шилжүүлэн өгсөн нэгнийхээ бизнесийг булаан авсан ёс зүйгүй үйлдэл гэдэг нь илт харагдаж байна.

Мөн “У.С” ХХК-ийн захирал Т.Т нь дээрх үйлдлийг хийгээд зогссонгүй илгээмжийн программыг хэнээр, хэрхэн хийлгэсэн, хэрхэн ашигласныг сайн мэдэж байсан тул уг программын зохиогчийн эрхийг А.Х эзэмшдэгийг мэдсээр атлаа программ хөгжүүлсэн “Майнд симбол” ХХК-тай хуйвалдан, өөрийн үйл ажиллагаанд уг программыг авч ашиглаж байсныг хавтас хэрэгт байгаа материалуудаас харж болох бөгөөд харамсалтай нь Т.Тыг бус программ хөгжүүлсэн байгууллагыг Оюуны өмчийн газраас буруутган, арга хэмжээ тооцох тухай буруу шийдвэр гаргасан зэрэг мэдээллийг хэргийг бүхэлд нь харахад дөхөм болов уу гэх үүднээс дурдлаа.

2. Хариуцагчийг байцаагч Д.М ын албан шаардлагыг биелүүлсэн байхад “У.С” ХХК-д арга хэмжээ авсан гэх гомдол нь үндэслэлгүй бөгөөд албан шаардлагыг тухайн үед биелүүлсэн байсан ч тухайн өргөдөл гомдлыг шалгах явцад эрх бүхий албан тушаалтан зөрчлийг илрүүлж, арга хэмжээ тооцсон нь зөв гэж үзэж байна.

3. Төрийн хяналт шалгалтын хуулийн дагуу шалгалтыг хийгээгүй гэж буруутгасан нь үндэслэлгүй бөгөөд Зөрчлийн тухай хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг улсын байцаагч илрүүлж, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн хүрээнд хэргийг шалгаж арга хэмжээ тооцсон нь зөв.

4. Гомдолд дурдсан албан шаардлагыг хугацаанд нь биелүүлсэн эсэхийг шалгаагүй гэсэн шаардлагыг гаргасан байх бөгөөд тухайн үед “У.С” ХХК ШӨХТГ Д.М ын албан шаардлагыг биелүүлж, 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хариуг явуулсан гэж байгаа боловч 2019 онд явуулж байсан заруудад мөн л S c LLC гэсэн нэршлээр зар сурталчилгаа явуулж байсан нь хавтаст хэргийн 65 дугаар хуудаст авагдсан баримтаар нотлогдож байгаа ба уг компани Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт илгээсэн албан тоотод дурдсанчлан зөрчлөө арилгаагүй. дахин давтсан нь харагдаж байна.

5. А.Х нь  ямар нэг хохирол учраагүй байхад хохирогчоор тогтоож хэрэг үүсгэсэн гэж байгаа  нь мөн үндэслэлгүй бөгөөд Зөрчлийн хуулийн тухайн зүйлийн зөрчлүүд нь хохирол үүссэн байхыг шаарддаггүй болно.

 6. Үзлэгийн үед хамааралгүй хүнээр гарын үсэг зуруулсан гэсэн шаардлагын тухайд, Зөрчлийн хэргээс харахад “У.С” ХХК-д холбогдуулан зөрчлийг хэрэг нээсэн байх бөгөөд Зөрчил шалган шийдвэрлэх  тухай хуулийн 3.1 дүгээр зүйлд “Зөрчил үйлдсэн этгээд гэж буруутгагдаж байгаа хүн, хуулийн этгээдийг холбогдогч гэнэ” гэж заасны дагуу тухайн байгууллагад ажилладаг 4 хүний 3-ыг нь буюу Б.З , Б.З, С.Б нарыг байлцуулан үзлэгийг хийсэн нь зөв гэж үзэж байгаа ба холбогдогч хэсэгт гарын үсэг зурсан Б.З нь Т.Тын эхнэр гэсэн байна.

7. “У.С” ХХК-ийн захирал Т.Т Зөрчлийн хэрэгт мэдүүлэг өгөхдөө S c LLC--ийн Фэйсбүүк хуудсыг “У.С” ХХК ажиллуулдаггүй, бид огт хамаагүй” гэж, мөн 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт ирүүлсэн албан бичигт S c LLC-ийн цахим хуудсыг S c LLC ажиллуулдаг” гэж мэдээлэл өгсөн байгаа юм.

Гэтэл Харилцаа холбооны зохицуулах хорооноос ирүүлсэн албан мэдээлэлд www.S c. хуудсыг  эрхлэн ажиллуулагч байгууллага нь “У.С” ХХК, эзэмшигч нь Б овогтой З , хаяг: Улаанбаатар их дэлгүүрийн баруун талд “Ш к”, үүссэн хугацаа 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр, сайжруулсан 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр, дуусах хугацаа 2019 оны 10 дугаар сарын 27-ны өдөр гэсэн байгаа нь “У.С” ХХК-ийг бүхий л шатанд худал мэдүүлж ирснийг нотолж байгаа чухал баримт ба маргаан бүхий зар сурталчилгааг “У.С” ХХК хариуцаж хийж байсан болох нь нотлогдсоноор хариуцагчийн ногдуулсан торгуулийн шийтгэл нь хууль ёсны байжээ гэдгийн бүрэн нотолж байна.

Иймд уг зөрчлийн хэргийн гол шаардлага болох бид уг зар сурталчилгаанд хамааралгүй, үүнийг Америкийн Нэгдсэн Улс дахь S c LLC хийсэн тул огт буруугүй “У.С” ХХК-д хууль бусаар торгууль ногдуулсныг хүчингүй болгож өгнө үү гэсэн шаардлага нь энэ баримтаар няцаагдаж байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

Гуравдагч этгээд А.Х шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ““Ш к” ХХК нь “У.С” ХХК-ийн хууль, тогтоомж зөрчсөн асуудлаар Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт гомдол гаргасан бөгөөд ШӨХТГ Н.Б нь манай гомдлыг хуулийн хүрээнд, үнэн зөв шийдвэрлэсэн гэж үзэж байна.

“У.С” ХХК нь Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад шуудан илгээмжийн үйлчилгээ үзүүлэхдээ Монгол Улсын хууль, тогтоомж, Өрсөлдөөний тухай хууль. Зар сурталчилгааны тухай хууль болон Харилцаа холбооны зохицуулах хорооноос гаргасан шуудан. илгээмжийн нөхцөл шаардлагыг биелүүлж ажиллах үүрэгтэй. Гэтэл уг компани нь Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаагаа явуулахдаа манай эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж, “Ш к” гэсэн манай нэрээр үйл ажиллагаагаа явуулж байгаа нь хууль зөрчсөн үйлдэл гэж бид үзэж байна.

“У.С” ХХК нь Америкийн Нэгдсэн Улсаас шуудан илгээмжийн үйлчилгээ үзүүлэхдээ олон нийтэд тараасан сурталчилгааны хуудаст манай нэр /Ш к/-ийг ашиглаж байгаа бас нэгэн баримтыг уг хариу тайлбарт хавсарган хүргүүлж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

“У.С” ХХК-иас “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын өрсөлдөөний бодлого зохицуулалтын газрын Улсын байцаагч Н.Бын 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн Зөрчилд шийтгэл оногдуулах тухай ******* тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох” шаардлага бүхий гомдлыг гаргасан.

Гомдол гаргагчаас “... Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг хугацаа сунгасан шийдвэр, тогтоолгүйгээр явуулсан, гомдолд дурдсан “албан шаардлага”-ыг хугацаанд нь биелүүлсэн байдлыг шалгаагүй, албан шаардлага хүчин төгөлдөр байхад зөрчлийн хэрэг нээхгүй байх гэсэн хуулийн заалтыг зөрчсөн, хянан шалгалтыг үндэслэл, удирдамжид заасан асуудлын хүрээнд хийгээгүй, “Ш к” ХХК-д хохирол учраагүй байхад гомдол гаргагч А.Хыг хохирогчоор тогтоож мэдүүлэг авсан, холбогдогч бус этгээдээр тэмдэглэлд гарын үсэг зуруулсан, нэг зөрчилд давхар хариуцлага тооцсон ...” гэх үндэслэлээр хариуцагчийн ******* тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгохоор  маргасан.

Хариуцагч  “Ш к” ХХК-ийн захирал А.Хаас бичгээр гаргасан 2019 оны 02 дугаар 26-ний өдрийн  гомдлоор Зөрчил шалган шийдвэрлэх  тухай хуулийн 6.2 дугаар зүйлд заасны дагуу тэмдэглэл хөтөлж, гомдлын талаарх тайлбар авсан тухай тэмдэглэлийг мөн оны 03 дугаар сарын 01-ний өдөр  үйлдсэн байна.

Гуравдагч этгээд “Ш к” ХХК-ийн захирал А.Хын гомдолд[1] албан шаардлагын дагуу “У.С” ХХК нь Өрсөлдөөний тухай хуулийн 12.1.4 дэх хэсэгт заасныг зөрчсөн гэх үндэслэлтэй бөгөөд зөрчлийг нэн даруй арилгаж албан ёсны хариуг мэдэгдэхийг шаардсан албан шаардлагыг биелүүлээгүй тул Зөрчлийн тухай хуульд заасны дагуу зохих хариуцлагыг хүлээлгэж өгнө үү гэжээ.

“Ш к” ХХК-ийн 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт гаргасан өргөдлийн дагуу улсын байцаагч Д.М 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 5/20 дугаар албан шаардлагыг[2] “У.С” ХХК-ийн захирал Т.Тд хүргүүлсэн байна. Уг албан шаардлагаар “У.С” ХХК нь Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12 дугаар зүйлийн 12.1.4 дэх хэсэгт “бусдын барааны тэмдэг, шошго, аж ахуй эрхлэгчийн нэр, барааны чанарын баталгааг дур мэдэн хэрэглэх, барааны  оноосон  нэр, баглаа боодлыг хуулбарлах” гэж заасныг зөрчсөн гэж үзэж  зөрчлийг нэн даруй арилгаж хариуг тус агентлагад мэдэгдэхийг шаардаж, улсын байцаагчийн албан шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэхийг анхааруулсан байна.

Хэргийн үйл баримтаас дүгнэхэд өмнө нь улсын байцаагч Д.М ын албан шаардлагыг “У.С” ХХК хүлээн зөвшөөрч, биелүүлсэн тухай хариуг 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хүргүүлсэн боловч түүнээс хойш 3 удаа тухайлбал, 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр, 01 дүгээр сарын 25-ны өдөр, 02 дугаар сарын 15-өдөр тус тус АНУ-аас гарсан агаарын илгээмж тараагдаж байна Улаанбаатар их дэлгүүрийн баруун талд S c LLC 998853.., 86863... гэх зар мэдээллийг S c LLC-ийн фэйсбүүк хуудаснаа дахин байрлуулсан нь S c LLC нь тухайн хаягт үйл ажиллагаа явуулж байгаа мэтээр ойлгогдохоор байна. Тодруулбал, улсын байцаагч Д.М ын албан шаардлагыг “У.С” ХХК-ийн захирал Т.Т биелүүлсэн эсэхээс үл хамааралтайгаар “У.С” ХХК-ийн АНУ-с ирсэн илгээмжийг тарааж буй зар мэдээлэлд “...S c LLC 998853.., 86863......” гэж өөрийнхөө компанийн нэрийг бичээгүй нь “У.С” ХКК-нь өөрийнхөө хаягт өөр компанийн нэрийг оруулсан нь зөрчлөө арилгаагүй гэж үзэж “Ш к” ХХК-ийн захирал А.Хаас гаргасан гомдлыг үгүйсгэх боломжгүй байна.

Нэхэмжлэгч “У.С” ХХК нь 2017 оны 10 дугаар 20-ны өдөр АНУ-д бүртгэлтэй S c LLC-тэй хамтран ажиллах гэрээ байгуулж улмаар Харилцаа холбооны зохицуулах газраас  2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Монгол Улс-АНУ хоорондын шуудан илгээлтийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл, 43200112 дугаартай гэрчилгээ олгожээ.

 “У.С” ХХК-нь уг гэрээний дагуу АНУ-аас гарсан агаарын илгээмжийг Улаанбаатар их дэлгүүрийн баруун талд тарааж байгаа үйл баримттай талууд маргаагүй. Харин АНУ-аас гарсан агаарын илгээмжийг тарааж буй хаяг нь мэдээж АНУ-д бүртгэлтэй S c LLC биш учраас тухайн хаягт үйл ажиллагаа явуулж ачааг тарааж байгаа “У.С” ХХК-ийн нэр зар дээр бичигдэх ёстой гэж хариуцагч болон гуравдагч этгээдээс маргасныг үгүйсгэх боломжгүй байна. Учир нь Зар сурталчилгааны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх хэсэгт ”зар сурталчилгаа” гэж иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас бараа, ажил, үйлчилгээ, төсөл, үйл ажиллагаа /цаашид “бүтээгдэхүүн” гэх/-ны зах зээлийн эрэлтийг нэмэгдүүлэх, боломжит хэрэглэгчийн анхаарлыг татах зорилгоор олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон бусад хэлбэрээр түгээсэн мэдээллийг, мөн хуулийн 6 дугаар зүйлд зар сурталгаа бүтээхэд нийтлэг шаардлагыг хуульчилж, 6.1 дэх хэсэгт “Зар сурталчилгаа нь үнэн, хэрэглэгчдэд хүртээмжтэй байж, агуулга, хэлбэр, түүнийг түгээж байгаа арга хэрэгслээс үл хамааран зар сурталчилгаа” гэж ойлгогдохоор байна, 6.2 дахь хэсэгт “Тусгай зөвшөөрөлтэйгээр эрхлэх үйл ажиллагаатай холбоотой бичмэл зар сурталчилгаанд тусгай зөвшөөрөл олгосон эрх бүхий байгууллагын нэр, зөвшөөрлийн дугаарыг тусгасан байна” гэж тус тус заасан.

Иймд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.16-д заасан эрх бүхий албан тушаалтан буюу ШӨХТГ Зөрчлийн тухай хуулийн 10.1 дүгээр зүйлд заасан Зар сурталчилгааны тухай хууль зөрчсөн зөрчилд Зөрчил шалган шийдвэрлэх тухай  хуулийн  6.7 дугаар зүйлийн 1-д зааснаар 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 08 тоот тогтоолоор 1902000143 дугаартай зөрчлийн хэрэг нээсэн нь холбогдох хууль тогтоомжийг зөрчөөгүй байна. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн  6.8 дугаар зүйлийн  2-т зөрчил шалгах нэмэлт ажиллагаа явуулж нотлох баримт цуглуулах шаардлагатай бол зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацааг зөрчлийн хэрэг бүртгэлтийг удирдах албан тушаалтан 14, прокурор 30 хүртэл хоногоор сунгаж болно гэж зааснаар хугацааг тус тус сунгасан байна. Гэвч Нийслэлийн прокурорын газрын 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 89 тоот “Зөрчлийн хэргийн хугацаа сунгах тухай” прокурорын тогтоолын Тогтоох нь хэсгийн 1-т “Иргэн П.У...” гэж бичигдсэн боловч зөрчлийн хэргийн дугаар болон үйл баримт, агуулга нь “У.С” ХХК-д холбогдох 1902000143 дугаартай хэрэг байсныг шүүхээс тодруулахад Нийслэлийн прокурорын газрын 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 1/5684 тоот албан бичгээр 1902000143 дугаартай хэрэгт хугацаа сунгасан талаар хяналтын прокурор Б.Б*******ын тайлбар, хугацаа сунгасан тогтоолын хамт ирүүлсэн. Уг тайлбарт дээрх тогтоолын Тогтоох нь хэсгийн 1-д “Иргэн П.У...” гэж бичигдсэн нь бичиг, техникийн алдаа гаргасан байна гэсэн нь хариуцагч улсын байцаагч Н. Б*******ыг шууд буруутгах үндэслэлгүй бөгөөд “У.С” ХХК-д холбогдох 1902000143 дугаартай хэргийн хугацааг хариуцагчаас сунгуулах хүсэлтээ гаргаж хугацааг прокуророос 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс мөн оны 05 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл 30 хоногоор сунгажээ гэж үзэхээр байна.

Нэхэмжлэгчээс “... АНУ-д бүртгэлтэй S c LLC-ийн фэйсбүүк хуудсанд тавигдсан тухайн зарын мэдээллийг манай компани гаргаагүй” гэж маргасан тухайд. Хэргийн оролцогчдын тайлбар болон хэрэгт авагдсан баримтаар өмнө нь улсын байцаагч Д.М ын албан шаардлагын хариуд “У.С” ХХК-иас 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдөр “... манай компанид тавьсан албан шаардлагын дагуу нэршилд өөрчлөлт оруулсан...” гэснээс дүгнэхэд “sh........rgo.com” веб хуудас болон “S c” фэйсбүүк хуудсанд  “У.С” ХХК-ийн хаягийг байршуулахдаа S c LLC-ийн нэрийг байршуулсан байснаа өөрчилж энэ талаараа Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт мэдэгдэж байжээ. Түүнчлэн Харилцаа холбооны зохицуулах хорооны албан бичигт[3] “...дурдагдсан веб сайт нь тус хороонд бүртгэлгүй...” гэсэн боловч олон улсын домэйн нэрийн мэдээллийн сан болон нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд “...хоёр компани дундаа нэг веб хуудас хэрэглэж, хоёр талаас зараа оруулаад явдаг, зарыг хэн оруулсан талаарх шалгалтыг огт хийгээгүй..” гэснээс дүгнэхэд “У.С” ХХК нь тухайн  веб хуудаст зар мэдээлэл оруулах, засварлах, өөрчлөх, устгах боломжтой байна.

Иймд “У.С” ХХК өмнө нь S c LLC-ийн нэрийг хэрэглэсний улмаас “Ш к ХХК-ийн гомдлоор тавигдсан улсын байцаагчийн албан шаардлагыг хүлээн зөвшөөрч, биелүүлж байсны хувьд тухайн веб хуудаст оруулсан зар мэдээлэлд хэдийгээр S c LLC-ийн АНУ-с ачуулсан илгээмжийг тарааж байгаа ч өөрийн компанийн хаягийг бичихдээ “У.С” ХХК гэж оруулах ёстой байжээ гэж дүгнэв.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1-д “Дараах тохиолдолд эрх бүхий албан тушаалтан прокурорын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулна.” 1.1-д “хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад энэ хуулиар шалган шийдвэрлэхээр харьяалуулсан зөрчлийн шинжтэй үйлдэл эс үйлдэхийг илрүүлсэн.” гэж заасан.  

Тухайн хэргийн үйл баримт нь “У.С” ХХК өмнө нь улсын байцаагчийн албан шаардлагыг биелүүлсэн атлаа түүнээс хойш дахин 3 удаагийн давтамжтайгаар S c LLC-ийн фэйсбүүк хуудсанд тавигдсан зар мэдээлэлд “...илгээмж тараагдаж байна,  Улаанбаатар их дэлгүүрийн баруун талд S c LLC” гэж оруулсныг дахин зөрчил гаргаагүй гэж үзэх боломжгүй. Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 2-т “Энэ хуульд заасан зөрчил тус бүрд шийтгэл оногдуулна” гэж заасан бөгөөд “У.С” ХХК-ийн хувьд дээр дурдсанаар Зар сурталчилгааны тухай хуулийн 6.1-д зааснаар зар сурталчилгаа нь үнэн байх, 6.2-д “Тусгай зөвшөөрөлтэйгээр эрхлэх үйл ажиллагаатай холбоотой бичмэл зар сурталчилгаанд тусгай зөвшөөрөл олгосон эрх бүхий байгууллагын нэр, зөвшөөрлийн дугаарыг тусгасан байна” гэж заасныг зөрчжээ гэж үзэхээр байна.   

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 5-д “Эрх бүхий албан тушаалтан оногдуулсан шийтгэл, ... үндэслэлийг шүүхэд нотлох үүрэг хүлээнэ”, 4.15 дугаар зүйлийн 1-д “Эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэг хүлээнэ” гэж заасан. Гуравдагч этгээдээс гаргасан гомдолд “...”У.С” ХХК нь улсын байцаагчийн албан шаардлагыг биелүүлээгүй тул Зөрчлийн тухай хуульд заасны дагуу зохих хариуцлагыг хүлээлгэж өгнө үү...” гэсний дагуу хариуцагчаас шалгахад ”У.С” ХХК нь улсын байцаагч Д.М ын албан шаардлагыг биелүүлсэн боловч түүнээс хойш дахин дээрх зөрчлийг гаргасан нь Зар сурталчилгааны тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэх үндэслэлээр хариуцагчаас гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотолсон гэж шүүх үзсэн. 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс “...үзлэг хийхдээ Т.Тын эхнэр  Б.З ын дүү З гэрчээр гарын үсэг зуруулсан, холбогдогч этгээдээр Т.Тын оронд эхнэр Б.З аар гарын үсэг зуруулсан, веб сайтад үзлэг хийгээгүй, “У.С” ХХК-ийн ажлын байранд үзлэг хийсэн, гуравдагч этгээдэд хохирол учраагүй, шийтгэлийн хуудсыг хугацаа хэтрүүлэн хүргүүлсэн..” гэх тухайд.

Хариуцагчаас прокурорын зөвшөөрөлтэй “У.С” ХХК-ийн ажлын байранд 2019 оны 04 дүгээр сарын 02-ны үзлэг хийсэн үзлэгийн тэмдэглэлд[4] зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд “У.С” ХХК-ийн эхнэр Б.З , түүний аав С.Б нарыг оролцуулж, гэрчээр Б.З оролцуулж үзлэгээр тогтоогдсон нөхцөл байдлыг тэмдэглэж, ажиллагааны явцад АНУ-ын Чикаго хотоос 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдөр гарсан ачааг тарааж байсныг гэрэл зургаар баталгаажуулж, ажиллагааны явцад оролцогч нараас гаргасан санал хүсэлт байхгүй, тэмдэглэлийг оролцогчдод танилцуулахад үнэн зөв бичигдсэн байна гэж үзлэгт оролцогч  С.Б, гэрч Б.З нар гарын үсэг зурж, холбогдогчоор Б.З гарын үсэг зурсан байна. Хэдийгээр тухайн зөрчлийн хэргийн холбогдогч Т.Т үзлэгийн тэмдэглэлд гарын үсэг зураагүй нь нотлогдож байх боловч үзлэгт тус компанийн гүйцэтгэх захирал С.Б болон компанийн ажилтан,  хамаарал бүхий хүмүүс оролцож, санал хүсэлт гаргаагүй байх бөгөөд гуравдагч этгээдээс гаргасан гомдол болон зөрчлийн үйл баримтын талаар холбогдогч Т.Таас мэдүүлэг авсан тэмдэглэл[5], зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл[6]-тэй Т.Т танилцаж гарын үсэг зурсан байх тул зөвхөн үзлэгийн тэмдэглэлд гарын үсэг зураагүй нь шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох үндэслэл болохгүй юм.     

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн  6.9 дүгээр зүйлд заасны дагуу холбогдогч “У.С” ХХК-ийн захиралд Т.Т болон тус компанийн хууль ёсны төлөөлөгч Д.Х нарт хэргийн материал танилцуулж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны  тэмдэглэл үйлджээ. Уг тэмдэглэлд “У.С” ХХК-д Зөрчлийн тухай хуулийн 10.1 дүгээр зүйлийн 10.1.1-д заасны дагуу 5000 нэгжтэй тэнцэх хэмжээтэй шийтгэл ногдуулахаар тэмдэглэлд тэмдэглэж оногдуулсан шийтгэлийн 5 сая төгрөгийг 2019 оны  05 дугаар сарын  23-ны өдрийн дотор төлөхийг “У.С” ХХК-ийн ерөнхий захирал Т.Тд мэдэгдсэн тэмдэглэлд “У.С” ХХК-ийн захирал Т.Т, хууль ёсны төлөөлөгч Д.Х нар гарын үсэг зурсан нь тогтоогдож байна. Мөн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасны дагуу хариуцагчаас ******* дугаартай шийтгэлийн хуудсыг нэхэмжлэгчийн хаягаар 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдөр шуудангаар хүргүүлсэн байх тул шийтгэлийн хуудсын талаар мэдээгүй, хариуцагч шийтгэлийн хуудсыг хугацаа хожимдуулж хүргүүлсэн  гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгчийн “Ш к” ХХК-ийн захирал Хашбалд хэчнээн хэмжээний хохирол учирсан талаар нягтлан шалгаагүй, энэхүү зарыг түгээсний улмаас гомдол гаргагчийн эрх, ашиг сонирхол хэрхэн хөндөгдсөн нь тодорхойгүй байхад хохирогчоор А.Хыг тогтоож мэдүүлэг авсан нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн  3.2 зүйлийн 1 дэх хэсэгт заасныг  ноцтой зөрчсөн гэх тухайд.

 Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн  3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “зөрчлийн улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн этгээдийг  хохирогч гэнэ” гэж заасан. Нэхэмжлэгчээс өөрийн компанийн нэрийг үйл ажиллагаа явуулж буй байршлын хаягтаа бичихгүйгээр оронд нь S c LLC  гэж цахим зар мэдээллийг олон нийтийн сүлжээгээр түгээж байгаа нь  “Ш к” ХХК нэрээр Монголд үйл ажиллагаа явуулдаг компанийн нэрийг тухайн хуулийн этгээдийн зөвшөөрөлгүйгээр нийтэлсэн нь холбогдох хууль тогтоомж, тус  компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэх гуравдагч этгээдийн гомдол, тайлбарыг  үгүйсгэх боломжгүй юм. Учир нь “Ш к” ХХК 2018 оны 4 дүгээр сарын 3-ний өдөр Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газраас Монгол Улсын хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ авч, тус компанийн үүсгэн байгуулагч А.Х нь Ш к нэртэй барааны тэмдгийг 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдөр анх авсан болох нь тогтоогдож байх бөгөөд талууд энэ талаар маргаагүй. А.Х шүүх хуралдаанд “...”Ш к” ХХК-ийг энэ нэрээр байгуулах үндэслэл нь би өөрөө shuurкhai.com цахим хаягийг 2014 онд нээж хэрэглэгчдийг шуурхай гэдэг нэрээр татсан, манайх 2011 оноос АНУ-д байгаа миний дүү Б.Бтай хамтран ажиллаж байгаад 2015 оноос бизнесийн чиглэлээ өөрчилсөн учраас З.Оыг ажиллуулах болсон, .. ачаа бараанаас олсон ашиг орлогыг баз хүргэнүүд болох З.О, Т.Т нар хуваан авахын тулд Монгол Улсад “Г х о” ХХК-д ирдэг байсан ачааг “У.С” ХХК-ийг байгуулан хүлээн авахаар болсон, ... миний олон жилийн хөдөлмөр бизнесийг эдгээр хүмүүс ах дүүсээрээ нийлж булаан авсан, ... “У.С” ХХК нь “Ш к” Улаанбаатар их дэлгүүрийн баруун талд байрлаж байна гэх гэсэн хэвлэмэл хуудсыг иргэдэд тараадаг үүний улмаас иргэд маш ихээр төөрөлдөж миний гар утас болон цахимаар холбогдож лавладаг... гэх тайлбарыг хийсэн.

Хэрэгт авагдсан Гаалийн ерөнхий газрын Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газрын баримтаар[7] АНУ-ын S c LLC-ээс Монгол Улс, Баянзүрх дүүрэг, 15-р хороо, 13-р хороолол утас: 9033... гэх хаягтай “Г х о” ХХК-д 2016 онд агаарын ачаа, илгээмж ирж байсан нь нотлогдож, мөн гуравдагч этгээдээс шүүхэд ирүүлсэн 2019 оны 8 дугаар сарын 22-ний өдрийн 26 тоот албан бичигт[8] “...”У.С” ХХК нь АНУ-аас шуудан илгээмжийн үйлчилгээ үзүүлэхдээ олон нийтэд тараасан сурталчилгааны хуудаст манай нэр /Ш к/-ийг ашиглаж байгаа бас нэгэн баримтыг хавсарган хүргүүлж байна” гэсэн ч энэ нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад бус шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргаж өгсөн баримт байх тул шүүх гомдлын хүрээнд хэргийг хянан хэлэлцэж шийдвэрлэх хуулийн зарчимтай болохыг дурдах нь зүйтэй. Гэвч шүүх хуралдааны мэтгэлцээний явцад гуравдагч этгээд “У.С” ХХК-ийн захирал А.Хаас өөрийнх нь олон жилийн хөдөлмөрөөр бий болж олон түмэнд танигдсан, барааны тэмдгээр хамгаалагдсан  “шуурхай” гэдэг нэрийг гомдол гаргагч “У.С” ХХК ямар нэгэн хэлбэрээр битгий ашиглаачээ, өөрийнхөө нэрээр зар мэдээллээ үнэн зөв гаргаачээ гэх агуулгаар тайлбар хийснийг үндэслэлгүй гэж үзэх боломжгүй юм.

Шүүх хуралдааны явцад шүүх талуудын тайлбар үндэслэлтэй эсэх, одоо тухайн цаг үед бодит байдалд ямар байгааг тодруулах зорилгоор S c LLC-ийн цахим хуудсанд нэвтэрч хаягийн байршил хэсэгт ороход Улаанбаатар их дэлгүүр гэх байршлыг зааж байсан бөгөөд “У.С” ХХК тусдаа өөрийн цахим хуудасгүй гэх тайлбарыг гомдол гаргагчийн өмгөөлөгчийн зүгээс хийснийг дурдах нь зүйтэй.  

Иймд дээрх дурдсан үндэслэл болон хэрэгт авагдсан нотлох баримт, хэргийн бодит нөхцөл байдалд шүүх дүгнэлт хийж, Зөрчлийн тухай хуулийн шударга ёсны тогтолцоог бэхжүүлэх зорилго, Зөрчил  шалган шийдвэрлэх тухай хуулийн зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад хүн, хуулийн этгээдийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилгыг баримтлан гомдол гаргагчаас гаргасан хариуцагч улсын байцаагч Н.Бын 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн зөрчилд шийтгэл оногдуулах тухай ******* тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

        Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 2, 10.1 дүгээр зүйлийн 1, 1.1,  Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.16, Зар сурталчилгааны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2-т заасныг баримтлан  гомдол гаргагч “У.С” ХХК-ийн “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Өрсөлдөөний бодлого зохицуулалтын газрын улсын байцаагч Н.Б-ын 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн зөрчилд шийтгэл оногдуулах тухай ******* тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох” гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар  зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг баримтлан гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

                                            

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Н.ДОЛГОРСҮРЭН

 


[1] 1  дэх хавтаст хэргийн 63 дахь тал 

[2] 1  дэх хавтаст хэргийн 17 дахь тал

[3] 2 дахь хавтаст хэргийн 65 дахь тал 

[4] 1-р хавтаст хэргийн 98 дахь тал

[5] 1-р хавтаст хэргийн 41 дэх тал 

[6] 1-р хавтаст хэргийн 94 -97 дах тал 

[7] 2-р хавтаст хэргийн 45 дахь тал

[8] 2-р хавтаст хэргийн 29 дэх тал