Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 221/МА2019/0663

 

Ц.Н, П.А нарын

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг    Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, шүүгч Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, нэхэмжлэгч П.А, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Ж.Б, С.О, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, Д.Б нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 128/ШШ2019/0626 дугаар шийдвэрийг нэхэмжлэгч нарын давж заалдах гомдлоор Ц.Н, П.А нарын нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийг, шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд,

                                       ТОДОРХОЙЛОХ нь:

             Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 128/ШШ2019/0626 дугаар шийдвэрээр: Улсын бүртгэлийн ерөнхий хууль /2009/-ийн 11 дүгээр зүйлийн 11.5, 11.5.2-т, 11.5.4-т, 11.5.5, Эд хөрөнгө, өмчлөх эрх, түүнтэй эд хөрөнгийн бусад эрхийн бүртгэлийн тухай хууль/2003/-ийн 19 дүгээр зүйлийн 19.1, 19.1.2, 24 дүгээр зүйлийн 24.4-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ц.Н, П.А нараас Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан гаргасан Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол, 2/58 дугаар байрны 33 тоот хаягт байрлах улсын бүртгэлийн Ү-220107406 дугаарт бүртгэгдсэн 1 өрөө орон сууцыг Хасбанк-ны өмчлөлд бүртгэсэн үйлдлийг илт хууль бус болохыг тогтоолгож, Хасбанк ХХК-ийг өмчлөгчөөр бүртгэсэн үл хөдлөх эд хөрөнгийн 000504295 тоот гэрчилгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч П.А давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “Шүүгч Үндэслэх хэсэгтээ “Дээрхээс үзвэл, нэхэмжлэгч нараас илт хууль бус болохыг тогтоолгохоор маргаж буй Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол, 2-58 дугаар байрны 33 тоот хаягт байрлах 18 м.кв орон сууцыг “Х” ХХК-ийн өмчлөлд бүртгэсэн үйлдлийг захиргааны илт хууль бус шийдвэр, үйл ажиллагаа гэж үзэхээргүй, Улсын бүртгэлийн ерөнхий хууль /2009 он/-ийн 11 дүгээр зүйлийн 11.5.2-т “энэ хуулийн 5.3-5.5-д заасан улсын бүртгэл хийлгэх тухай хүсэлт, түүнд хавсаргасан нотлох баримт бичгийг хүлээн авч хянан улсын бүртгэлд бүртгэх эсэх тухай шийдвэр гаргах”, 11.5.4-т “тухайн улсын бүртгэлтэй холбоотой албан бичиг, өргөдөл, гомдол, санал, хүсэлт, тэмдэглэлийг эх нотлох баримт болгон авч улсын бүртгэлийн архивын хувийн хэрэгт хавсарган баяжилт бүртгэл хийх”, 11.5.5-т “энэ хуулийн 5 дугаар зүйлд заасан улсын бүртгэлийн талаар шүүх, цагдаа, прокурор зэрэг эрх бүхий бусад байгууллагаас гаргасан шийдвэрийн дагуу улсын бүртгэлд өөрчлөлт, тэмдэглэл хийж”, “Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн бүртгэлийн тухай хууль /2003 он/-ийн 19 дүгээр зүйлийн 19.1-т “Дараахь тохиолдолд эрхийн улсын бүртгэлд ... өөрчлөлт оруулна”, 19.1.2-т “эрх бүхий байгууллагын шийдвэрээр өмчлөгч өөрчлөгдөх”, 24 дүгээр зүйлийн 24.2-т “Шүүх, арбитрын шийдвэрийн үндсэн дээр өмчлөгч өөрчлөгдөж байгаа бол өмчлөх эрх олж авч байгаа этгээд мэдүүлэг гаргах ба мэдүүлэгт шүүх, арбитрын шийдвэрийг хавсаргана” гэж заасан улсын бүртгэгчийн эрх хэмжээнд нийцсэн бүртгэл болжээ”.

“Шүүгчийн 01595 тоот захирамжид тус үл хөдлөх эд хөрөнгийг гуравдагч этгээдийн өмчлөгчид шилжүүлэхээр шийдвэрлээгүй” тайлбарлан маргаж байгаа боловч Хан-Уул, Сонгинохайрхан дүүрэг 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол, 2-58 дугаар байрны 33 тоот, 18 м.кв талбайтай орон сууцыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хуульд заасан журмын дагуу худалдан борлуулах замаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж ...” шийдвэрлэсэн байх тул уг захирамж нь улсын бүртгэлийн өөрчлөх үндэслэл болох шүүхийн шийдвэр юм.

Улмаар дээрх захирамжийг үндэслэж Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 02792 тоот “Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай” захирамж гарсан, 00299 тоот гүйцэтгэх хуудасны олгогдсон, улмаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай 1/31010 тоот албан бичгийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас Сонгинохайрхан дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлсэн байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “шүүхийн шийдвэрийн үндсэн дээр өмчлөгчийг өөрчилж бүртгэсэн” гэсэн тайлбар зөв байна.” Гэж дүгнэснийг дараахь үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна. Үүнд:

1. Анх манай эгч Ц.Т, түүний нөхөр А.А нар нь 2013 оны 06 дугаар сарын 05-ны өдөр “Х” ХХК-тай Зээлийн гэрээ байгуулж, 70.000.000 /Далан сая/ төгрөгийг өөрсдийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 1-р хороолол, 4 дүгээр байрны 47 тоотын 4 өрөө байраа барьцаалж зээлсэн. Дараа нь 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдөр дахин "Х" ХХК-тай Зээлийн гэрээ байгуулж, 62.000.000/жаран хоёр сая/ төгрөгийг нэхэмжлэгч Ц.Н, П.А нарын өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол 2/58 дугаар байрны 33 тоотын 1 өрөө байрыг барьцаалж зээлээ, нийт 74.112.450 төгрөгийг төлсөн байсан. Гэтэл “Х” ХХК Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн Анхан шатны шүүхэд 105.029.116 төгрөгийг нэхэмжилсний дагуу тус шүүх 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 102/ШШ2019/1595 тоот Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж гаргасан байдаг.

Энэхүү Шүүгчийн захирамжийн 1 дэх заалтад “Сонгинохайрхан дүүрэгт байрлах 4 өрөө болон 1 өрөө орон сууцуудыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хуульд заасан журмын дагуу худалдан борлуулах замаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэж шийдвэрлэсэн.

Өөрөөр хэлбэл Шүүгчийн захирамжид барьцаа хөрөнгүүдийг “Х” ХХК-ны өмчлөлд шилжүүл гэсэн заалт байхгүй байхад Улсын бүртгэлийн Г.М шүүхийн энэхүү, захирамжинд эрх зүйн зөв дүгнэлт хийж чадалгүй эд хөрөнгийн өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад Эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1-т “энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан эрхийг бүртгүүлэх тухай мэдүүлгийг хүлээн авч хянан үзэх, эрх зүйн дүгнэлт өгөх, зохих шийдвэр гаргах” гэх заалтыг зөрчсөн байхад анхан шатны шүүх түүний хийсэн бүртгэлийн үйлдлийг үнэн зөв гэж дүгнэж байгаад гомдолтой байна.

Хариуцагчаас бичгээр гаргасан тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа шүүхийн шийдвэрийг үндэслэсэн гэж тайлбарладаг ч Нийслэлийн Шийдвэр Гүйцэтгэх албаны дарга, хурандаа Т.Энхбатын бичсэн 1/31010 тоот албан бичгийг хүлээн авч бүртгэлийг хийсэн мэтээр дахин өөрөөр тайлбарладаг. Гэтэл  Анхан шатны шүүх нь энэ албан бичгээр “шүүхийн шийдвэрийн үндсэн дээр өмчлөгчийг өөрчлөн бүртгэсэн” байна гэж мөн л буруу дүгнэлт хийснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Учир нь: Улсын Бүртгэлийн Ерөнхий Газрын даргын 2011 оны 38 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журам”-ын 5.12-д: “Эд хөрөнгө өмчлөх, эзэмших, ашиглах эрхтэй холбогдуулан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас ирүүлсэн албан бичиг нь Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Хууль зүйн дотоод хэргийн сайдын 2001 оны 57/244 дугаар хамтарсан захирамж, тушаалын 3-т заасан шаардлагыг хангасан байхыг шаардана” гэсэн байна. Тэгвэл энэхүү 57/244 дугаар захирамж, тушаалын 3-т: “Үл хөдлөх эд хөрөнгийн холбогдолтой шүүхийн шийдвэр гүйцэтгэхдээ овог, нэрийг тодорхой дурдаж, холбогдох шүүхийн шийдвэр, ү хөдлөх эд хөрөнгө битүүмжилсэн, хураасан, бусдын өмчлөлд шилжүүлсэн тухай актын хувийг хавсаргаж байхыг Шүүхийн шийдвэр биелүүлэх газарт даалгасан байдаг.

Өөрөөр хэлбэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас ирүүлж буй албан бичиг нь “үл хөдлөх эд хөрөнгийн холбогдолтой шүүхийн шийдвэр гүйцэтгэсэн” тухайгаа л бичиж, холбогдох баримтуудыг хавсаргаж ирүүлэхийг заасан болохоос уг үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалагчийн өмчлөгчид албан бичгээр шууд шилжүүлэх эрх хэмжээ олгогдоогүй байгаад улсын бүртгэгч үнэлэлт дүгнэлт өгөөгүй.

Нөгөө талаас улсын бүртгэгч нь дээрх журам, захирамж, тушаалд заагдсан Ү-220107406 дугаарт бүртгэгдсэн бидний 1 өрөө орон сууцыг шүүхийн шийдвэр гүйцэтгэгчээс “бусдын өмчлөлд шилжүүлсэн тухай акт” байхгүй байхад бидний өмчлөлийн 1 өрөө орон сууцыг “Х”  ХХК-ны нэр дээр шилжүүлэн бүртгэсэнд шүүх үнэлэлт огт өгөөгүй болно. Энэ талаар хариуцагчийн төлөөлөгч анхан шатны шүүх хуралдаан дээр 4 өрөө байрыг бусдын өмчлөлд шилжүүлсэн 129/03 тоот актыг 1 өрөө байрын хувийн хэрэгт хавсаргасан гэрээ хүлээн зөвшөөрсөөр байтал түүнийг “үл хөдлөх эд хөрнгийн хувийн хэргийн баяжилт”-ыг үнэн зөв хийсэн хэмээн дүгнэж байгаад гомдолтой байна.

Эд хөрөнгийн өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль /2003/-ийн 19 дүгээр зүйлд зааснаар Эрхийн улсын бүртгэлд нэмэлт, өөрчлөлтийг зөвхөн дор дурьдсан 3 тохиолдолд хийхээр хуульчилжээ.

Энэ нь 19 дүгээр зүйлийн 19.1.1. Үл хөдлөх эд хөрөнгө гэрээ, хэлцлийн үндсэн дээр бусдын өмчлөлд шилжих

19.1.2 эрх бүхий байгууллагын шийдвэрээр өмчлөгч өөрчлөгдөх

19.1.3 үл хөдлөх эд хөрөнгийн хэмжээ, оршин байгаа газрын харьяалал өөрчлөгдөх

Мөн Улсын Дээд Шүүхийн 2008 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн “Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн зарим зүйл, хэсэг заалтыг тайлбарлах тухай” 45 дугаар тогтоолын 2.2-д: “энэ хуулийн 4.2-д заасан “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг өөрчлөлтийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжиж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно” гэдгийг үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх шилжүүлэх тухай хэлцлийг бүртгүүлснээр өмчлөх эрх үүсэх, дуусгавар болохыг зохицуулсан Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн110.1 дэх хэсэгтэй холбон үзэж, улсын бүртгэлд шинэ болон хуучин өмчлөгчийн үүссэн буюу дуусгавар болсон өмчлөх эрхээс гадна, энэ эрхийг шилжүүлэх үндэслэл болсон хэлцлийг мөн бүртгүүлнэ гэж ойлговол зохино” гэж маш тодорхой тайлбарласан байдаг.

Гэтэл улсын бүртгэгч нь өөрийн бүртгэлийн үйлдэл нь бусдын хууль ёсны өмчлөх эрхэд шууд халдаг хариуцлагатай ажилдаа хайхрамжгүй хандсаныг анхан шатны шүүх бүртгэлийн үйлдэл зөв хийгдсэн гэж дүгнэж байгаа нь ойлгомжгүй байна. өөрөөр хэлбэл анхан шатны шүүх нэхэмжлэгчид бид өөрсдийн ганц үл хөдлөх эд хөрөнгөө “Х”  ХХК-д сайн дураараа шилжүүлж өгөх бичиг хийж өгснийг үндэслэж бүртгэл хийсэн, эсвэл шүүхийн шийдвэрээр тухайн орон сууцыг “Х”  ХХКны өмчлөлд шилжүүлсэн эсэх, цаашилбал Нийслэлийн Шийдвэр Гүйцэтгэх Албаны даргын албан бичгээр бидний 1 өрөө орон сууцыг маана “Х”  ХХКинд шилжүүлсэн эсэх тус бүр дээр дүгнэлт хийгээгүйд гомдолтой байна.

 Мөн улсын бүртгэгч Г.М нь “Х” ХХК-ны төлөөлөгчийн гаргасан мэдүүлэг болон холбогдох бичиг баримтуудыг хянахдаа МЭДҮҮЛЭГ ГАРГАГЧ нь хуулийн Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхиийн бүртгэлийн тухай хууль /2003/-ийн 13 дугаар зүйлийн 13.5.1-д заасны дагуу тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхтэйг нотолсон баримт хавсаргасан эсэхийг нягтлан шалгах үүргээ биелүүлсэн бол 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр “Х”  ХХКны ажилтан Гантөгс нь Цэдэндамбын Нарангэрэл гэх нэрээр “Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн бүртгэлийн мэдүүлэг” гаргасныг хүлээн авахаас татгалзах эсхүл нэхэмжлэгч биднээс холбогдох тодруулгыг авах бүрэн боломжтой байсан.

Өөрөөр хэлбэл “Х”  ХХК-ны ажилтан н.Гантөгс нь Ц.Н, П.А биднийг төлөөлөх эрхтэй этгээд биш байсн төдийгүй тухайн 1 өрөө орон сууцыг өмчлөх эрх “ Хасбанк” ХХК-д үүссэн гэдгийг нотлосон ямар нэгэн баримт байхгүй байсан нь шүүхэд ирүүлсэн нотлох баримтуудаас тодорхой харагддаг.

Эд хөрөнгийн өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.6 "үл хөдлөх эд хөрөнгийн үнэ ...өмчлөх эрх шилжиж байгаа бол өмчлөх эрх шилжих болсон хэлцэл бусад баримт бичигт тусгагдсан үнэ/ -ийг тусгаж бүртгэнэ гэх заалтыг улсын бүртгэгч зөрчсөн байхад анхан шатны шүүх зөв үнэлэлт дүгнэлт өгөөгүйд гомдолтой байна.

Шүүхийн Шийдвэрийн Тогтоох хэсэгт: “Улсын бүртгэлийн ерөнхий хууль /2009/-ийн 11 дүгээр зүйлийн 11.5, 11.5.2, 11.5.4, 11.5.4, 11.5.5, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй эд хөрөнгийн бусад эрхийн бүртгэлийн тухай хууль /2003/-ийн 19 дүгээр зүйлийн 19.1, 19.1.2, 24 дүгээр зүйлийн 24.4-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ц.Н, П.А нараас Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан гаргасан “Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол, 2/58 дугаар байрны 33 тоот хаягт байрлах улсын бүртгэлийн Ү-220107406 дугаарт бүртгэгдсэн 1 өрөө орон сууцыг “ Хасбанк”-ны өмчлөлд бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийн 000504295 тоот гэрчилгээг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” хэмээн шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь: Хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын бүртгэгч Г.М нь Улсын бүртгэлийн ерөнхий хууль /2009/-ийн 11 дүгээр зүйлийн 11.5.3-т “улсын бүртгэгч нь энэ хуулийн 11.5.2-т заасан нотлох баримт нь зөрчилтэй, бүрэн бус, холбогдох хуулийн заалтыг зөрчсөн бол улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах” үүргээ Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн бүртгэлийн тухай хууль /2003/-ийн 11 дүгээр зүйлийн 11.1.1-т зааснаар “эрхийг бүртгүүлэх тухай мэдүүлгийг хүлээн авч хянан үзэх, эрх зүйн дүгнэлт өгөх, зохих шийдвэр гаргах” гэх заалтыг дагаж мөрдөн, эрх зүйн зөв, үндэслэлтэй дүгнэлт өгсөн бол нэхэмжлэгчид бидний хууль ёсны өмчлөх эрхэд халдахгүй байсныг шүүх үнэн зөв тогтоож чадаагүйд гомдолтой байна.

Ийнхүү Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 128/ШШ2019/0626 тоот Шийдвэрээр миний ээж Ц.Н бидний гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Захиргааны Хэрэг Шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-д заасан “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.2-д зааснаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 128/ШШ2019/0626 тоот Шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгч Ц.Н давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

“Улсын бүртгэгч мэдүүлгийг хүлээн авахдаа хуулийн дараахи заалтуудыг зөрчсөн болохыг нэрлэн зааж тодорхой дурдсан боловч шүүх хүлээн аваагүй хэргийг шийдвэрлэсэн. Тухайлбал. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийг Улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт иргэн хуулийн этгээд нь энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан эрхийг, эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх тухайн мэдүүлгийг төлөөлөгчөөрөө дамжуулан гаргаж болно” гэх заалтыг зөрчин Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64:2 дэх заалтын дагуу нэхэмжлэгч нараас олгогдсон итгэмжлэлгүй тэднийг төлөөлөн мэдүүлэг гаргах эрхгүй этгээд болох нарын өмнөөс 2016 оны 10 дугаар сарын 13-нд мэдүүлэг гаргасныг шалгаж, хянаагүй төлөөлөгчөөр дамжуулан мэдүүлэг гаргаагүй байхад бүртгэл хийсэн.

Мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.5 дахь хэсэгт “мэдүүлэгч энэ хуулийн 17.1 дэх хэсэгт заасан зүйлийг тусгах бөгөөд дараахи баримт бичгийг” хавсаргана: 13.5.1 дэх “Тухайн этгээд уг үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхтэйг нотолсон баримт бичиг” гэх заалтыг зөрчсөн өмчлөх эрх нь Ц.Н, П.А нарт байхад бүртгэл хийсэн.

Хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх “мэдүүлгийг хуульд заасан хэлбэрээр гаргаагүй бол татгалзах эрхтэй” гэтэл “Х” ХХК-ний ажилтан н.Гантөгс 2016 оны 10 дугаар сарын 13-ны улсын бүртгэлийн мэдүүлэгт бүртгүүлэх үндэслэл, үнийг огт бөглөөгүй болох 30-58 дахь 2Б хүснэгтээс холбогдох хүснэгтээ огт зөвлөөгүй, мэдүүлэг гаргагчийн гарын үсэг мэдэгдэхгүй байхад хянаж үзэлгүй бүртгэсэн.

Мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.6 дахь “үл хөдлөх эд хөрөнгийн үнийг үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлд тулгах” гэх заалтыг зөрчин үнийг тусгалгүй бүртгэсэн.

Улсын бүртгэлийн Ерөнхий газрын даргын 2011 оны 38 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн хөтлөх журмын доорхи заалтуудыг улсын бүртгэгч зөрчсөн.

2.1.3 дахь “Мэдүүлэг хүлээн авахдаа хүлээлгэн өгч байгаа нотлох баримт нь эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд заасан бүрдлийг хангасан эсэхийг шалгах

3.2 дахь “мэдүүлэг хүлээн авахад мэдүүлгийн үзүүлэлт бүрээр бүрэн гүйцэд бөглөсөн эсэх, түүнд хавсаргасан нотлох баримтууд зөрүүтэй эсэхийг шалгана. Нотлох баримтын хуулбарыг шаардлагатай тохиолдолд эх хувьтай нь тулгаж авна” гэснийг зөрчин мэдүүлгийг бүрэн гүйцэд бөглөөгүй байхад болон 1 өрөө орон сууцны баримтад 4 өрөө орон сууцны баримтуудыг хүлээн авч хавсаргасан.

5.1.1 дэх “өмчлөх эрх шилжүүлэх гэрээ, хэлцэлд хуульд заасан нөхцөлүүд тусгагдсан байхад шаардлага хангасан гэрээ хэлцэл хийгдээгүй, нотариатаар гэрчлэгдээгүй байхад шийдвэр гүйцэтгэгч нарыг 2016 оны 09 дүгээр сарын 14-ны өдөр өрөөндөө дуудан хэлж бичүүлж авсан нэг үсэг өгүүлбэрийн зөрүүгүй бичгийг хариуцагч” өргөдлөөр бүртгэсэн гэж тайлбарлаж өргөдөлд гарын үсгийн баталгаа нотариатаар гэрчлэгдсэн гэж байгаа нь Иргэний хуулийн дагуу хийгдсэн гэрээ хэлцэл гэх үндэсгүй. Үл хөдлөх хөрөнгийг гэрээ хэлцлээр шилжүүлж байгаа тохиолдолд хуульд заасан хэлбэрээр гэрээ хэлцэл хийж нотариатаар баталгаажуулж эрхийн улсын бүртгэлд бүртгүүлснээр баталгааждаг тул дээр дурдагдсан ижил бичгүүдийг өргөдөл гэж үзэх, хэлцэл хийгдсэн гэх үндэсгүй гэж үзэн гомдолтой байна.

5.12 дахь “Эд хөрөнгө өмчлөх, эзэмших ашиглах эрхтэй холбогдуулан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас ирүүлсэн албан бичиг нь Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч, Хууль зүйн Дотоод хэргийн сайдын 2001 оны 57/244 дугаартай хамтарсан захирамж, тушаалын 3-т заасан шаардлагыг хангасан байхыг шаардана гэснийг зөрчсөн. Уг захирамж, тушаалын 3-т “Үл хөдлөх эд хөрөнгийн холбогдолтой шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай албан бичгийг Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар ирүүлэхдээ үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн дугаар, оршин байгаа газар, холбогдох шүүхийн шийдвэр, үл хөдлөх хөрөнгө битүүмжилсэн, хураасан, бусдын өмчлөлд шилжүүлсэн, тухайн актын хувийг хавсаргаж байхыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасан байдаг. Гэтэл хавсаргаж ирүүлсэн баримт дутуу буюу 1 өрөө орон сууцыг “Х”  ХХК-д шилжүүлж өгсөн тухай акт огт байхгүй.

Шийдвэрийн үндэслэх хэсэгт “Бүртгэл нь Эд хөрөнгө өмчлөх эрх түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай” хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т заасан шаардлагыг хангасан” гэж дүгнэж шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй гомдолтой байна.

Учир нь: Дээрх хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх заалтад дараах тохиолдолд эрхийн улсын бүртгэлд нэмэлт өөрчлөлт оруулна:

19.1.1 үл хөдлөх эд хөрөнгө гэрээ хэлцлийн үндсэн дээр бусдын өмчлөлд шилжих.

19.1.2 эрх бүхий байгууллагын шийдвэрээр өмчлөгч өөрчлөгдөх гэжээ. Гэтэл талуудын хооронд хийгдсэн, тэдний хүсэл зоригийг илэрхийлж Иргэний хуулийн 39, 42, 43, 189 дүгээр зүйлийн дэх хэсгийг үндэслэн гэрээ хэлцэл хийгдсэн гэх баримт байдаггүй.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 24-ны 102/ШШ2016/01595 дугаартай “Зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” Захирамжид “Үүргийн гүйцэтгэлийг 4 өрөө болон 1 өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаагаар борлуулах замаар хангуулахаар заасан байдаг болохоос “Х”  ХХК-ны өмчлөлд 4,1 өрөө орон сууцыг шууд шилжүүлэхийг даалгаж захирамжийн заалт байдаггүй тул шүүхийн шийдвэрээр бүртгэсэн гэх үндэслэлгүй.

Нэхэмжлэгч нар орон сууцнуудыг барьцаалж “Х”  ХХКнаас зээлсэн 70 сая болон 62 сая төгрөгийн зээлд 74.112.450 төгрөг төлсөн. Тухайн үед “Х”  ХХК шүүхэд хандсан 105.029.116 төгрөг дээр эвлэрч шийдвэрлүүлсэн 170 сая төгрөгөөр үнэлэгдсэн байрлал сайтай, супер засвартай, үйлдвэр үйлчилгээ явуулахад тохиромжтой 4 өрөө 1 давхрын орон сууцыг 70 хувьд үнэ буюу 119.000.000 төгрөгт үнэлэж авахаар тохирч байрыг суллуулж, акт үйлдэн хүлээн авсан болох нь “Х”  ХХК-ны 2016 оны 09 дүгээр сарын 09-ны 3/5046 дугаартай “Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд үнийн саналыг хүлээн зөвшөөрч байна” гэх албан бичиг болон төлбөр төлөгчөөс хураан авсан эд хөрөнгийг төлбөр авагчид шилжүүлсэн тухай 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 16/926 дугаартай тогтоол, мөн өдөр 4 өрөөг чөлөөлж “Х”  ХХКны ажилтан А.Батцэнгэл, Б.Гантөгс нарт хүлээлгэн өгсөн актаар нотлогдон тогтоогддог болно.

Дээрх баримтаас “Х”  ХХК 132 сая төгрөгийн зээлийн 170 сая төгрөгийн үнэтэй байр болон 74.112.450 төгрөгөөр төлүүлж 244.112.450 төгрөг болгон авсан атлаа 11 ам бүлээрээ чихцэлдэн амьдарч буй 1 өрөөг нь хууль бус бүртгэлийг үндэслэн өмчлөлдөө авахаар улайрч байгаад гомдолтой байна.

Иймд шийдвэрийг дээр дурдсан үндэслэлүүдээр хянан үзэж нэхэмжлэлийг ханган шийдвэрлэж өгнө үү ” гэжээ.

ХЯНАВАЛ :

Нэхэмжлэгч нарын гаргасан давж заалдах гомдлын дагуу хэргийг хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Ц.Н, П.А нар нь Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулж анх “...33 тоот хаягт байрлах улсын бүртгэлийн Ү-220107406 дугаарт бүртгэгдсэн 1 өрөө орон сууцыг “Х” ХХК-ийн өмчлөлд шилжүүлсэн бүртгэлийг, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн 000504295 тоот гэрчилгээний хамт хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа “Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол, 2/58 дугаар байрны 33 тоот хаягт байрлах улсын бүртгэлийн Ү-220107406 дугаарт бүртгэгдсэн 1 өрөө орон сууцыг “Х” ХХК-ийн өмчлөлд бүртгэсэн үйлдлийг илт хууль бус болохыг тогтоолгож, “Х” ХХК-ийг өмчлөгчөөр бүртгэсэн үл хөдлөх эд хөрөнгийн 000504295 тоот гэрчилгээг хүчингүй болгуулах” гэж өөрчилжээ.

Анхан шатны шүүхээс дээрх хэргийг шийдвэрлэхдээ зөрүүтэй дүгнэлт хийсэн төдийгүй, хэргийн нөхцөл байдлыг тодруулж чадаагүй, холбогдох нотлох баримтыг бүрэн цуглуулаагүй байна.

Учир нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн /2003/ 19 дүгээр зүйлийн 19.1-т “Дараах тохиолдолд эрхийн улсын бүртгэлд ... өөрчлөлт оруулна”

19.1.1. Үл хөдлөх эд хөрөнгө гэрээ, хэлцлийн үндсэн дээр бусдын өмчлөлд шилжих

19.1.2 эрх бүхий байгууллагын шийдвэрээр өмчлөгч өөрчлөгдөх

19.1.3 үл хөдлөх эд хөрөнгийн хэмжээ, оршин байгаа газрын харьяалал өөрчлөгдөх гэсэн 3 тохиолдлыг тусгажээ.  Үүнээс үзвэл энэ хэргийн тухайд үл хөдлөх эд хөрөнгийн хэмжээ, оршин байгаа газрын харьяалал өөрчлөгдсөн тохиолдол үүсээгүй байна.

Иймд “Үл хөдлөх эд хөрөнгө гэрээ, хэлцлийн үндсэн дээр бусдын өмчлөлд шилжсэн эсэх, мөн эрх бүхий байгууллагын шийдвэрээр өмчлөгч өөрчлөгдсөн эсэх, хуулийн аль заалтын дагуу бүртгэл хийгдсэн талаар нөхцөл байдлыг зайлшгүй тогтоох ёстой бөгөөд хариуцагчаас бүртгэл хийхэд шаардах бүрдүүлбэр өөр өөр байхаар байна.

Шүүхээс энэ талаар дүгнэхдээ зарим тохиолдолд хэлцлийн үндсэн дээр өмчлөх эрх шилжиж буй  мэт, эрх бүхий байгууллагын шийдвэрийн үндсэн дээр өмчлөх эрх шилжиж буй мэт, шүүхийн шийдвэрийн дагуу өмчлөгч өөрчлөгдсөн мэтээр тун ойлгомжгүй дүгнэлт хийжээ.

Хэрвээ анхан шатны шүүх “хэлцлийн үндсэн дээр өмчлөх эрх шилжиж байна” гэж үзэж байгаа бол Улсын Дээд Шүүхийн 2008 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн “Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн зарим зүйл, хэсэг заалтыг тайлбарлах тухай” 45 дугаар тогтоолын 2.2-д: “энэ хуулийн 4.2-д заасан “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг өөрчлөлтийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжиж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно” гэдгийг үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх шилжүүлэх тухай хэлцлийг бүртгүүлснээр өмчлөх эрх үүсэх, дуусгавар болохыг зохицуулсан Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгтэй холбон үзэж, улсын бүртгэлд шинэ болон хуучин өмчлөгчийн үүссэн буюу дуусгавар болсон өмчлөх эрхээс гадна, энэ эрхийг шилжүүлэх үндэслэл болсон хэлцлийг бүртгүүлнэ гэж ойлговол зохино” гэж тайлбарласны дагуу “өмчлөх эрхийг шилжүүлж байгаа хэлцэл”-ийг заавал нотлох баримтаар гаргуулан хэрэгт хавсаргах ёстой. Гэтэл энэхүү хэлцэл гэх зүйл хэрэгт авагдаагүй байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад бичиж өгсөн тодорхойлолт нь зөвхөн “шүүхийн шийдвэрийг хэрхэн яаж биелүүлэх талаар бичиж байсан баталгаа эсхүл өмчлөх эрхийг  шилжүүлэх талаар, өмчлөх эрхийг шилжүүлэн авч буй талтай хийсэн хэлцэл эсэх талаар үндэслэл бүхий дүгнэлт хийх шаардлагатай.

Нөгөө  талаар хэрвээ хэлцлийн үндсэн дээр өмчлөх эрх шилжиж байгаа бол тэр тухай хэлцлийг гагцхүү тухайн үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрх бүхий этгээд хийх, эсхүл нотариатаар гэрчлүүлсэн итгэмжлэлийн үндсэн дээр төлөөлөх эрх бүхий этгээд хийх ёстой. Энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй бөгөөд, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад баталгаа бичиж өгсөн этгээд нь шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүрэг бүхий “төлбөр төлөгчийн хувьд бичсэн үү” эсхүл үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгчийн хувьд бичсэн үү гэдгийг тодоруулах шаардлагатай байна.

Анхан шатны шүүх цааш нь мөн “Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль /2003/-ийн 19 дүгээр зүйлийн 19.1-т Дараах тохиолдолд эрхийн улсын бүртгэлд ... өөрчлөлт оруулна, 19.1.2-т эрх бүхий байгууллагын шийдвэрээр өмчлөгч өөрчлөгдөх, 24 дүгээр зүйлийн 24.4-т Шүүх, арбитрын шийдвэрийн үндсэн дээр өмчлөгч өөрчлөгдөж байгаа бол өмчлөх эрх олж авч байгаа этгээд мэдүүлэг гаргах ба мэдүүлэгт шүүх, арбитрын шийдвэрийг хавсаргана гэж заасан улсын бүртгэгчийн эрх хэмжээнд нийцсэн бүртгэл болжээ” гэж дүгнэжээ.

  Шүүхийн шийдвэрээс үзвэл “эрх бүхий байгууллагын шийдвэрээр өмчлөгч өөрчлөгдсөн” гэж дүгнээд “эрх бүхий байгууллага” гэдгээ Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар хэмээн тодорхойлсон гэж ойлгогдохоор байна.

Хэрвээ шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын шаардсаны дагуу өмчлөгчийг өөрчлөн бүртгэж байгаа бол Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч, Хууль зүйн Дотоод хэргийн сайдын 2001 оны 57/244 дугаартай хамтарсан захирамж, тушаалын 3-т “Үл хөдлөх эд хөрөнгийн холбогдолтой шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай албан бичгийг Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар ирүүлэхдээ үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн дугаар, оршин байгаа газар, холбогдох шүүхийн шийдвэр, үл хөдлөх хөрөнгө битүүмжилсэн, хураасан, бусдын өмчлөлд шилжүүлсэн, тухайн актын хувийг хавсаргаж байхыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасан байдаг.

Гэтэл хавсаргаж ирүүлсэн баримт дутуу буюу 1 өрөө орон сууцыг “Х” ХХК-д шилжүүлж өгсөн тухай акт байх шаардлагатай атал энэ талаарх нотлох баримтыг шүүх цуглуулаагүй байх тул анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийг 32.1-д заасан үүргээ бүрэн гүйцэтгэсэн гэж үзэхээргүй байна.

4 өрөө байрыг хураан авсан, битүүмжилсэн акт үйлдэж байгаа нь өөр үл хөдлөх эд хөрөнгө болох 1 өрөө байрыг мөн адил битүүмжилсэн, хураан авсан гэж үзэх үндэслэл болохгүйгээс гадна мэдүүлгийг хэн гаргах нь энэхүү хэрэгт ач холбогдолтой байна.

Нэхэмжлэгч талаас нэхэмжлэгчийг төлөөлөх эрхгүй этгээд өмчлөгч нарын өмнөөс мэдүүлэг гаргаад өмчлөх эрхийг шилжүүлсэн гэж маргасныг анхан шатны шүүх  дүгнэлт хийхдээ  Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн /2003/ 24 дүгээр зүйлийн 24.2-т “Шүүх, арбитрын шийдвэрийн үндсэн дээр өмчлөгч өөрчлөгдөж байгаа бол өмчлөх эрх олж авч байгаа этгээд мэдүүлэг гаргах ба мэдүүлэгт шүүх, арбитрын шийдвэрийг хавсаргана” гэж заасныг баримтлан өмчлөгч гаргаагүй, өмчлөх эрх олж авч буй этгээд гаргаж байгаа нь зөв гэсэн дүгнэлтийг хийжээ.

Хэрвээ шүүхийн шийдвэрийн дагуу өмчлөгч өөрчлөгдөж байна гэж үзэж байгаа бол тэрхүү “өмчлөх эрх өөрчилсөн, “Х” ХХК-ийг өмчлөгчөөр тогтоосон” шийдвэрээ  нотлох баримтаар хавсаргах шаардлагатай гэж үзнэ.

Мөн анхан шатны шүүх ...”Шүүгчийн дээрх 01595 дугаар ахирамжаар барьцаа хөрөнгө болох 2 тооны орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тохиролцсон зохигчдын эвлэрэлийг баталж шийдвэрлэсэн байх тул улсын бүртгэлийн Ү-2201007406 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн хувийн хэрэгт нөгөө барьцаа хөрөнгө болох Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 4 дүгээр байрны 47 тоот 44мкв талбайтай 4 өрөө орон сууцыг шилжүүлэхийг зөвшөөрсөн баримтыг хавсаргаж бүртгэл хийснийг буруутгахааргүй байна” гэж ойлгомжгүй дүгнэлт хийжээ.

Үл хөдлөх эд хөрөнгийн хувийн хэрэгт өөр хаягт, газарт байрлах, хэмжээ, үнэ зэргээрээ ч өөр үл хөдлөх эд хөрөнгөнд холбогдох баримтыг хавсаргаж байгааг ямар хуулиар зөвшөөрсөн болох талаар дүгнэлт хийх шаардлагатай.

Түүнчлэн анхан шатны шүүх шүүх хуралдааны явцад талууд мэтгэлцсэн, маргасан дараах нөхцөл байдлын талаар дүгнэлт хийгээгүй байна.

2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр “Х” ХХК-аас гаргасан Эд хөрөнгө, өмчлөх эрх, түүнтэй эд хөрөнгийн бусад эрхийн бүртгэлийн мэдүүлэгт тухайн үл хөдлөх эд хөрөнгийн үнэ бичигдээгүйгээс төлбөр төлөгч нь төлбөр авагчид төлөх ёстой 105,052,616.00 төгрөгийн төлбөрийг шилжүүлсэн 4 өрөө орон сууцыг зарж борлуулан төлөх боломжтой тухайд:

Нэг. Улсын бүртгэгч нь “Х” ХХК-ийн төлөөлөгчийн гаргасан мэдүүлэг болон холбогдох бичиг баримтуудыг хянахдаа мэдүүлэг гаргагч нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн бүртгэлийн тухай хуулийн /2003/-ийн 13 дугаар зүйлийн 13.5.1-д заасны дагуу тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхтэйг нотолсон баримтыг хавсаргасан эсэхийг нягтлан шалгах үүргээ биелүүлсэн эсэх,

Хоёр. 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр “Х” ХХК-ийн ажилтан н.Гантөгс нь өөр этгээд болох Цэдэндамбын Нарангэрэл гэх нэрээр “Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн бүртгэлийн мэдүүлэг” гаргасныг хүлээн авахаас татгалзах ёстой байсан эсэх,

Эд хөрөнгийн өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.6-д“үл хөдлөх эд хөрөнгийн үнэ ... өмчлөх эрх шилжиж байгаа бол өмчлөх эрх шилжих болсон хэлцэл бусад баримт бичигт тусгагдсан үнэ/-ийг тусгаж бүртгэнэ” гэх заалтыг улсын бүртгэгч зөрчсөн гэсэн үндэслэлийн талаар:

Түүнчлэн Баянгол, Хан-Уул,Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 24-ний 102/ШШ2016/01595 дугаартай “Зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” захирамжид “Үүргийн гүйцэтгэлийг 4 өрөө болон 1 өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаагаар борлуулах замаар хангуулахаар заасан байдаг болохоос “Х” ХХК-ийн өмчлөлд 4 болон 1 өрөө орон сууцыг шууд шилжүүлэхийг даалгаж захирамжилсан заалт байдаггүй тул шүүхийн шийдвэрээр бүртгэсэн гэх үндэслэлгүй гэсэн үндэслэлд тайлбар няцаалт хийх шаардлагатай. “Х” ХХК-ийн дээрх 1 өрөө орон сууцыг хэдэн төгрөгийн төлбөрт тооцон авч байгаа болох талаар нотлох баримт цуглуулах шаардлагатай.

Хэрвээ өмнө нь маргаангүйгээр хүлээлгэн өгсөн 4 өрөө орон сууцаар 105 сая төгрөгийн төлбөрийг бүрэн барагдуулсан болох нь тогтоогдвол 1 өрөө байрыг “Х” ХХК-д бүртгүүлэхээр Улсын бүртгэлийн байгууллагад хандах үндэслэлгүй болох нь тогтоогдохоор байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4-д тус тус заасныг баримтла

 

 

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 128/ШШ2019/0626 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвөөс гаргуулан буцаан олгосугай

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

       ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Д.БАТБААТАР

                    ШҮҮГЧ                                                            Б.ТУНГАЛАГСАЙХАН

                      ШҮҮГЧ                                                            Э.ЗОРИГТБААТАР