Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 324

 

Н.Отгонбаярын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Х.Батсүрэн, Д.Мөнхтуяа, П.Соёл-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, нэхэмжлэгч Н.Отгонбаяр, гуравдагч этгээд “Алтан сэтэр” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Бямбасүрэн, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ц.Гансүх нарыг оролцуулан хийж, нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 396 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 516 дугаар магадлалтай, Н.Отгонбаярын нэхэмжлэлтэй, нийслэлийн Засаг дарга болон Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ц.Гансүхийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Д.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 396 дугаар шийдвэрээр: 1. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2.6, 16 дугаар зүйлийн 16.10, 16.11-д заасныг тус тус баримтлан хариуцагч нийслэлийн Засаг даргаас нэхэмжлэгч Н.Отгонбаярын орц гарцыг шийдвэрлэж, дахин шинээр акт гарах хүртэл нийслэлийн Засаг даргын 2009 оны 217 дугаар захирамжийн “Алтан сэтэр” ХХК-д холбогдох хэсгийг  түдгэлзүүлж,

2. Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т заасныг баримтлан бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд “Алтан сэтэр” ХХК-ийн Баянзүрх дүүргийн Засаг даргын 2013 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн А/303 дугаар захирамжийн Н.Отгонбаярт холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар нэмэгдүүлсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.6-д заасныг баримтлан гуравдагч этгээд Алтан сэтэр ХХК-ийн Баянзүрх дүүргийн Засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 405 дугаар захирамжийн Н.Отгонбаярт холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар гаргасан бие даасан шаардлагыг хүлээн авахаас татгалзаж,

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.2, 54.1.4, 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад томилогдсон шинжээчийн зардал 79088 төгрөгийг нийслэлийн Засаг даргаас гаргуулан Газрын харилцаа, геодези зураг зүйн газарт олгож шийдвэрлэжээ.  

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 516 дугаар магадлалаар: нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 396 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ц.Гансүх хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 516 тоот магадлалыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг үндэслэн хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Н.Отгонбаярын нэхэмжлэлтэй, нийслэлийн Засаг даргад холбогдох., "Алтан сэтэр" ХХК-ийн нэхэмжлэлтэй, Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдох нэгтгэсэн захиргааны хэргийг давж заалдах шатны шүүх хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн.

Нэхэмжлэгч "Алтан сэтэр" ХХК-ийн хувьд давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэж байна.

Хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн талаар Нэгдүгээрт.

516 тоот магадлалын ХЯНАВАЛ хэсэг 12 дахь талд “анхан шатны шүүх 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн шүүх хуралдаанд гуравдагч этгээд “Алтан сэтэр” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Бямбасүрэн, өмгөөлөгч Ц.Гансүх нар нь биечлэн оролцсон байна. Иймд тэднийг дахин /давхар/ нэхэмжлэгчээр оролцуулах үндэслэлгүй юм" гэжээ.

"Алтан сэтэр" ХХК-ийн зүгээс дахин, давхар нэхэмжлэгчээр оролцох ёстой байсан гэх үндэслэлээр гомдол гаргаагүй, харин гуравдагч этгээдээр оролцуулсан нь буруу гэж маргасан. Учир нь Н.Отгонбаяр нийслэлийн Засаг даргад холбогдуулж., "Алтан сэтэр" ХХК Баянзүрх дүүргийн Засаг даргатай холбоотой нэхэмжлэл гаргасан байдаг.

II хавтаст хэрэг. Ху-111-116. Давж заалдах шатны шүүх хуралдааны 2010 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 384 тоот магадлалын ХЯНАВАЛ хэсэгт: нийслэлийн Засаг даргад холбогдуулж захиргааны хэрэг үүсгэсэн атлаа гуравдагч этгээдийн Баянзүрх дүүргийн засаг даргад холбогдуулан гаргасан бие даасан шаардлагыг хүлээн авч, улмаар Баянзүрх дүүргийн засаг даргыг хамтран хариуцагчаар татаж хэргийг хамтатган шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21, 23 дугаар зүйлийг зөрчсөн талаар үнэлж дүгнэсэн. Ху-140-145. Улсын Дээд шүүхийн 2010 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн хуулийн хүчин төгөлдөр 281 тоот тогтоолын ХЯНАВАЛ хэсэгт: Анхан шатны шүүх гуравдагч этгээд болон хамтран хариуцагчийн талаарх Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21, 23 дугаар зүйлийн зохицуулалтыг зөрчсөн талаар давж заалдах шатны шүүх зөв дүгнэжээ гэсэн байдаг.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт сөрөг нэхэмжлэл нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагад тооцогдох, хэргийн оролцогчдын хүрээнд шийдвэрлэгдэхээр байна гэж заасан.

Анхан шатны шүүх хуралдаан дээр энэ талаар ярьж хэлсэн, давж заалдах гомдолдоо дурдсан боловч харгалзан үзээгүй.

Хоёрдугаарт.

516 тоот магадлалын ХЯНАВАЛ хэсэг 12 дахь талд “хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд анх Н.Отгонбаяр 2009 оны 10 сарын 12-ны өдөр нэхэмжлэл гаргасан, мөн оны 10 сарын 16-нд захиргааны хэрэг үүсгэсэн байх бөгөөд харин гуравдагч этгээдийн гаргасан нэхэмжлэлд 2011 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр шүүгчийи захирамжаар захиргааны хэрэг үүссэн байна.

Дээрх хэргүүдийг нэгтгэн шийдвэрлэхдээ эхэлж нэхэмжлэл гаргасан Н.Отгонбаярын нэхэмжлэлтэй хэрэгт нэгтгэж, Н.Отгонбаяр нэхэмжлэгчээр, гуравдагч этгээдээр Алтан сэтэр ХХК оролцож байгаа нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль бус үйлдэл биш юм” гэжээ.

"Алтан сэтэр" ХХК-ийн зүгээс нэхэмжлэл гаргаж 2011 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр шүүгчийн захирамжаар захиргааны хэрэг үүссэн бөгөөд 2011 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 518 тоот шүүгчийн захирамжаар маргаж буй захиргааны хоёр хэргийг нэгтгэсэн, өнөөдрийг хүртэл шүүгчийн захирамжууд хуулийн хүчин төгөлдөр байгаа. Мөн Н.Отгонбаярыг гуравдагч этгээдээр татан оролцуулах захирамж хүртэл гарсан. /II хавтаст хэрэг. Ху-242, 243./

Бодит байдал ийм байхад давж заалдах шатны шүүх гуравдагч этгээд нэхэмжлэл гаргадаг, хэрэг нэгтгэсэн тохиолдолд нэхэмжлэгч гуравдагч этгээд болон хувирдаг гэх өвөрмөц дүгнэлт хийж Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21, 44 дүгээр зүйл., Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22, 60 дугаар зүйлд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн.

Гуравдугаарт

516 тоот магадлалын ХЯНАВАЛ хэсэг 12 дахь талд “бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд нь хэргийн оролцогчийн нэгэн адил эрхтэйгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцдог тул гуравдагч этгээдээр оролцсоноор аливаа иргэн, хуулийи этгээдийн эрх зүйн байдал дордож, эрх хууль ёсны ашиг сонирхол нь зерчигдөхгүй юм.” гэжээ. "Алтан сэтэр" ХХК маргаж буй захиргааны хэрэгт нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн алинаар нь ч оролцсон эрх зүйн байдал нь дордохгүй, эрх хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөхгүй, холбогдох хууль тогтоомж зөрчихгүй байсан юм бол Н.Отгонбаярын нэхэмжлэлтэй, нийслэлийн Засаг даргад холбогдох бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээр "Алтан сэтэр" ХХК оролцсон захиргааны хэргийг Улсын Дээд шүүх 2010 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хяналтын журмаар хянан хэлэлцэж 281 тоот тогтоол гаргасан одоо хуулийн хүчин төгөлдөр байгаа.

Өөрөөр хэлбэл одоогоос зургаан жилийн өмнө маргаж буй захиргааны хэрэг эцэслэн шийдвэрлэгдэх боломжтой байсан, нөгөө талаас "Алтан сэтэр" ХХК-ийг хэрэг нэгтгэснээс хойш гуравдагч этгээдээр татан оролцуулах шүүгчийн захирамж, шүүхийн тогтоол гараагүй байхад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцуулсан нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйл, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэж байна.

Дөрөвдүгээрт

Анхан шатны шүүх "Алтан сэтэр" ХХК-ийн 2010 оны 05 дугаар сарын 17-ны өдөр гаргасан: Баянзүрх дүүргийн Засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 405 тоот захирамжийн Н.Отгонбаярт холбогдох хэсгийг хүчингүй болгох бие даасан шаардлагыг хянан шийдвэрлэсэн /II хавтаст хэрэг. Ху-42./, харин 2011 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр гаргасан: Баянзүрх дүүргийн Засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 409 тоот захирамжийн иргэн Н.Отгонбаярт холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоож, түүнийг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг хянан шийдвэрлэлгүй орхигдуулсан /II хавтаст хэрэг. Ху-218, 219./,

Өөрөөр хэлбэл ямар нэг үнэлэлт дүгнэлт өгөлгүй Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн боловч давж заалдах шатны шүүх зөвтгөөгүйд гомдолтой байгаа болно.

Хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн талаар:

1. 516 тоот магадлалын ХЯНАВАЛ хэсэг 9 дэх талд “хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэгч Н.Отгонбаяр нь маргаан бүхий газар болох Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороонд хүний үйл ажиллагааны улмаас эвдрэлд орж ашиглалтгүй орхисон газрыг өөрийн хүч хөрөнгөөр нөхөн сэргээсэн учир эзэмших эрх олгохыг хүссэн өргөдлийг 2007 онд гаргаж, улмаар Баянзүрх дүүргийн засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 405 дугаар захирамжаар 385 м.кв хэмжээтэй газар худалдаа үйлчилгээний зориулалтаар эзэмших эрх үүсчээ” гэжээ. Н.Отгонбаяр нь 2001 оноос маргаж буй газрыг эзэмшиж байсан, уг газрыг нөхөн сэргээсэн гэж ярьдаг боловч хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогддоггүй. Харин I хавтаст хэрэг. Ху-168. Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны засаг даргын 2003 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн албан тоотоор Н.Отгонбаяр нь 12x6 м хэмжээний павилон барих зөвшөөрөл авсан байна. Гэтэл зөвшөөрсөн хэмжээнээс илүү газар авч модон палкаар байшин барихаас гадна 2002 онд хийж тохижуулсан зам талбай, ногоон байгууламжийг эвдэн сүйтгэж, бусдын эзэмшил газар луу халдаж байсан нь нотлогддог.

Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5 дахь хэсэгт заасан газрыг нөхөн сэргээх гэдэг нь ашиглалтгүй орхигдсон газрын эвдрэл элэгдлийг нөхөн сэргээх төсөл, төлөвлөгеө боловсруулан дүүргийн газрын алба, засаг даргатай урьдчилан тохиролцож, гэрээ хийсний үндсэн дээр хөрсний үржил шимийг сайжруулсан, ургамлан нөмрөгийг сэргээхийг хэлдэг. Газрыг нөхөн сэргээсэн эсэхийг газрын төлөв байдал, чанарын хянан баталгааны дүгнэлтээр тодорхойлдог. Тохижуулсан зам талбай, ногоон байгууламжийг эвдэн сүйтгэсэн этгээдийг нөхөн сэргээсэн мэтээр хэт нэг талыг барьсан дүгнэлт хийсэнд гомдолтой байна.

IV хавтаст хэрэгт авагдсан Улаанбаатар хотын Ус сувгийн удирдах газрын 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 3/631 тоот албан бичгээс харахад маргаж буй газар нь 1980 онд хотын бүсийн инженерийн шугам сүлжээнд холбогдсон, өнөөдрийг хүртэл ашиглагдаж байгаа болох нь тогтоогддог.

Өөрөөр хэлбэл Баянзүрх дүүргийн Засаг дарга Газрын тухай хуулийн 21.2.3. “нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу хотын суурьшлын бүсийн инженерийн шугам, сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ. Уг асуудлыг шийдвэрлэхэд холбогдох дүүргийн Засаг даргын саналыг авсан байна” гэж заасныг зөрчин, эрх мэдлээ хэтрүүлэн нийслэлийн Засаг даргын эрх хэмжээг эдэлсэн гэж үзэж байна.

2. 516 тоот магадлалын ХЯНАВАЛ хэсэг 9 дэх талд “ийнхүү Алтан сэтэр ХХК-ийн эзэмшил газрын хэмжээг нэмэгдүүлснээр Н.Отгонбаяр нь орц гарцгүй болсон нь шүүхээс маргаан бүхий газарт үзлэг болон холбогдох бусад дүгнэлт зэргээр тогтоогдсон, өөрөөр хэлбэл Н.Отгонбаярын эзэмшлийн 385 м.кв газрын орц гарц Алтан сэтэр ХХК-д нийслэлийн Засаг даргаас нэмэгдүүлэн эзэмшүүлсэн 512 м.кв газарт байсан бөгөөд өөр боломжит орц гарц байхгүй гэдэг нь тогтоогджээ.”гэжээ.

III хавтаст хэрэг. Ху-115, 116, 117. шинжээчийн дүгнэлтээр: Н.Отгонбаярын эзэмшиж буй гэх 385 м.кв газрын баталгаат хэмжээ тогтоосон акт нь зай хэмжээгээр зурагдсан, нэгж талбарын эргэлтийн цэгийн солбилцолгүй тул газар дээрх бодит байдал болон мэдээллийн сан дахь кадастрын зурагтай давхцуулж, давхцлыг нарийвчлан тогтоох боломжгүй болохыг;

IV хавтаст хэрэг. Ху-94, 95, 96, 97, 98. Шинжээчийн дүгнэлтээр: Н.Отгонбаяр нь дүүргийн газрын албатай газар эзэмших гэрээ байгуулаагүй, газрын төлбөр тооцоо хийж байгаагүй, дүүргийн газрын албанаас гаргасан газрын байршлын кадастрын зураггүй болохыг мөн нийслэлийн газрын кадастрын мэдээллийн санд 2013 онд анх удаа бүртгэгдсэн гэдгийг тус тус тогтоосон.

Энэ нь Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2.2 дахь хэсэгт заасан бүрдүүлбэр дутуу байхад Н.Отгонбаярт дүүргийн Засаг даргын захирамжаар газар эзэмших эрх олгосон гэдгийг нотолдог. 2013 он хүртэл байршил нь тодорхойгүй байсан газрын орц гарцыг 2006, 2007, 2008, 2009 оны дүүрэг, нийслэлийн Засаг даргын захирамжийг үндэслэн тогтоосон хоёр шатны шүүхийн шийдвэрийг хэт нэг талыг барьсан гэж үзэж байна.

Мөн I хавтаст хэрэг. Ху-96, 99 эзэмших газрын баталгаат хэмжээг тогтоосон акт... Ху-98, 99 гараар өөрчлөлт оруулж зурсан зургаас харахад маргаж буй газрын орц гарцыг Н.Отгонбаярт нийслэлийн Засаг даргын захирамжаар олгогдсон дэлгүүртэй газар, "Алтан сэтэр" ХХК-ийн нийслэлийн Засаг даргын 2006 оны 122 тоот захирамжаар эзэмшүүлсэн 210 м.кв газрын дундуур байхаар төлөвлөсөн гэдэг нь харагддаг.

Өөрөөр хэлбэл хоёр шатны шүүхийн үнэлж дүгнэсэн шиг нийслэлийн Засаг дарга "Алтан сэтэр" ХХК-д 2009 оны 217 тоот захирамжаар 510 м.кв газар эзэмшүүлснээр нэхэмжлэгч Н.Отгонбаяр орц гарцгүй болсон гэх нөхцөл байдал тогтоогдохгүй гэсэн үг.

Холбогдох хууль тогтоомж, дүрэм журмын дагуу хариуцагч дүүргийн Засаг дарга суурин болон хээрийн судалгаа хийх ёстой байсан боловч, энэхүү үүргээ биелүүлээгүй. Суурин судалгаагаар кадастрын нэгдсэн бүртгэл дээрээс "Алтан сэтэр" ХХК-ийн 210 м.кв эзэмшил газрын байршлыг шууд харах боломжтой, хээрийн судалгаагаар орц гарцыг газар дээр нь маргаангүйгээр шийдвэрлэх боломжтой байсан. Ер нь хээрийн болон суурин судалгаа хийсэн бол маргаж буй газар нь инженерийн шугам сүлжээ бүхий гэдэг нь шууд харагдана.

3. 516 тоот магадлалын ХЯНАВАЛ хэсэг 10, 11 дэх талд “учир нь Монгол Улсын Дээд шүүхийн 2007 оны 10 сарын 22-ны өдрийн 100 дугаар тогтоолоор... цаашид нөхөн сэргээлт хийсэн гэх газрыг хэнд эзэмшүүлэхээ Баянзүрх дүүргийн засаг дарга шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэж хэргийг шийдвэрлэсэн байна.

Дээрх тогтоолын дагуу Баянзүрх дүүргийн Засаг дарга нь ТБТЭ ХХК-ийн үндэслэлгүй нэмэгдүүлсэн газраас Н.Отгонбаярт газар эзэмшүүлсэн нь “Алтан сэтэр” ХХК-ийн эрхийг зөрчөөгүй байна.” гэжээ.

III хавтаст хэрэг. Ху-6, 7, 8, 9, 10 Улсын Дээд шүүхийн 2007 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 100 тоот тогтоолын ТОГТООХ хэсгийн 1-т: … Баянзүрх дүүргийн Засаг даргын 2004 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 113 дугаар  захирамжийн хоёрдугаар хавсралтын ТБТЭ ХХК-д холбогдох заалтыг хүчингүй   болгож, Н.Отгонбаярт газар эзэмшүүлэх захирамж гаргахыг Баянзүрх дүүргийн  Засаг даргад даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байдаг. Гэтэл Н.Отгонбаярын хүсэлтийн дагуу 2013 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай 220 тоот шүүгчийн захирамж, 06 тоот гүйцэтгэх хуудас бичигдсэн нь IV хавтаст хэрэгт авагдсан байгаа. Өөрөөр хэлбэл газар эзэмших захирамж гаргахыг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон Улсын Дээд шүүхийн тогтоолыг үндэслэн газар эзэмших захирамж гарсан мэтээр давж заалдах шатны шүүх үндэслэлгүй дүгнэлт хийсэн.

Мөн хэрэгсэхгүй болгосон нэхэмжлэлийн шаардлагыг албадан гүйцэтгүүлэхээр захирамж, гүйцэтгэх хуудас бичигдсэн ноцтой алдаа гарсан байдаг.

Эдгээрийг харгалзан үзэж шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулан “Алтан сэтэр” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг  бүхэлд  нь  хангаж,  Н.Отгонбаярын   нэхэмжлэлийн  шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох, шийдвэр магадлалыг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаахын аль тохирохоор нь шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

  • “... шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” гэх гомдлын талаар:

Иргэн Н.Отгонбаяр 2009 оны 10 дугаар сарын 12-ны өдөр шүүхэд хандан, нийслэлийн Засаг даргад холбогдуулан “нийслэлийн Засаг даргын 2009 оны 217 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан, Нийслэлийн захиргааны хэргийн шүүх (тухайн үеийн нэрээр)-ийн шүүгчийн 2009 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн захирамжаар Н.Отгонбаярын нэхэмжлэлээр нийслэлийн Засаг даргад холбогдуулан захиргааны хэрэг үүсгэсэн, мөн шүүгчийн 2009 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 1237 дугаар захирамжаар уг захиргааны хэрэгт “Алтан сэтэр” ХХК-ийг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулахаар шийдвэрлэсэн, гуравдагч этгээд “Алтан сэтэр” ХХК нь 2010 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр “Бие даасан шаардлага гаргах тухай” хүсэлт ирүүлж, “... Баянзүрх дүүргийн Засаг даргын 2007 оны 405 дугаар захирамжийн Н.Отгонбаярт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” бие даасан шаардлага гаргасныг шүүх хүлээн авч, мөн өдрийн 447 дугаар шүүгчийн захирамжаар Н.Отгонбаярын нэхэмжлэлтэй, нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэрэгт гуравдагч этгээдийн бие даасан шаардлага гаргасантай холбогдуулан Баянзүрх дүүргийн Засаг даргыг хариуцагчаар татан оролцуулсан байна.

Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдааны 2010 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 281 дүгээр тогтоолоор анхан шатны шүүхийн 2010 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 332 дугаар шийдвэр, давж заалдах шатны шүүхийн 2010 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 384 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасны дараа 2011 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр “Алтан сэтэр” ХХК нь “...Баянзүрх дүүргийн Засаг даргын 2007 оны ... 405 дугаар захирамжийн Н.Отгонбаярт холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоож, түүнийг хүчингүй болгуулах” нэхэмжлэл шүүхэд гаргасан, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн 2011 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн захирамжаар уг нэхэмжлэлээр захиргааны хэрэг үүсгэсэн, мөн шүүгчийн 2011 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 518 дугаар захирамжаар “...маргаан бүхий захиргааны актуудаар олгогдсон газрын байршил /нэг/” тул түрүүлж үүсгэгдсэн, нотлох баримтууд цугларсан Н.Отгонбаярын нэхэмжлэлтэй захиргааны хэрэгт “Алтан сэтэр” ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийг нэгтгэсэн, хэргийн оролцогчид эдгээр үйл баримттай маргаагүй, тухайн үед “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил”-ийн талаар гомдол гаргаагүй байна.

Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын давж заалдах шатны шүүх хуралдааны 2010 оны 384 дүгээр магадлалаар анхан шатны шүүхийн 2010 оны 332 дугаар шийдвэрийг хянахдаа “...анхан шатны шүүх ... Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21, 23 дугаар зүйлийг зөрчсөн” гэх дүгнэлт хийсэн, хяналтын шатны шүүх хуралдааны 2010 оны 281 дүгээр тогтоолоор энэ дүгнэлтийг зөвтгөсөн нь захиргааны хэргүүдийг нэгтгэсэн Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн 2011 оны 518 дугаар захирамж болон түүнээс хойшхи хугацаанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд “Алтан сэтэр” ХХК-ийг бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээр оролцуулсан үйл баримтад хамааралгүй гэж үзнэ.

Анхан шатны шүүх 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдөр шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэхдээ гуравдагч этгээд “Алтан сэтэр” ХХК-ийн бие даасан “... Баянзүрх дүүргийн Засаг даргын 2007 оны 405 дугаар захирамж, 2013 оны А/303 дугаар захирамжийн Н.Отгонбаярт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлагыг хэлэлцэж шийдвэрлэсэн байхад “... шүүх "Алтан сэтэр" ХХК-ийн 2010 оны 05 дугаар сарын 17-ны өдөр гаргасан “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 405 тоот захирамжийг хүчингүй болгох бие даасан шаардлагыг хянан шийдвэрлэсэн, ... харин 2011 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр гаргасан “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 409 тоот захирамжийг хууль бус болохыг тогтоож, түүнийг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг хянан шийдвэрлэлгүй орхигдуулсан” гэх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдол үндэслэлгүй, энэ талаар давж заалдах шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

Түүнчлэн, гуравдагч этгээдийн өмгөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд “нэхэмжлэгч” бус “гуравдагч этгээд”-ээр оролцсоноор түүний ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөнийг нэрлэн заагаагүй,  нэг этгээдийн нэг шаардлагыг анхан шатны шүүх хоёр удаа хянан шийдвэрлэхгүй, гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг анхан шатны шүүх шийдвэрлэсэн байхад “гуравдагч этгээд”-ээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсоноор түүний “эрх зөрчигдсөн” гэж хяналтын шатны шүүх дүгнэх боломжгүй.  

Иймд, энэ үндэслэлээр, “... “Алтан сэтэр” ХХК-ийг гуравдагч этгээдээр оролцуулсан нь буруу, ... шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” гэх гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.  

  • “... хууль буруу хэрэглэсэн” гэх гомдлын талаар:

Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Жаргалантын задгай гэх газарт нийслэлийн Засаг даргын 2006 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 122 дугаар захирамжаар “Алтан сэтэр” ХХК-нд оёдлын үйлдвэрлэлийн зориулалтаар 210 м.кв газар эзэмшүүлэхээр, мөн даргын 2009 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 217 дугаар захирамжаар “Алтан сэтэр” ХХК-ийн эзэмшил газрын хэмжээг 512 м.кв болгон нэмэгдүүлэхээр, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 405 дугаар захирамжаар иргэн Н.Отгонбаярт мөн байршилд худалдаа үйлчилгээний зориулалтаар 385 м.кв газар эзэмшүүлэхээр тус тус шийдвэрлэсэн, уг газрууд нь хил залгаа бөгөөд нэхэмжлэгч Н.Отгонбаяр нь “Алтан сэтэр” ХХК-нд 210 м.кв газар эзэмших эрх олгосон захиргааны акттай маргаагүй, “…/тус компанийн/ эзэмшил газрын хэмжээг нэмэгдүүлснээр миний эзэмшил газрын орц гарцыг хаасан” гэх үндэслэлээр нийслэлийн Засаг даргын 2009 оны 217 дугаар захирамжийн  “Алтан сэтэр” ХХК-нд холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан, гуравдагч этгээд “Алтан сэтэр” ХХК нь “... Баянзүрх дүүргийн Засаг дарга ... /Н.Отгонбаярт/... газар олгохдоо хууль зөрчсөн” гэх үндэслэлээр Н.Отгонбаярт газар эзэмшүүлсэн Баянзүрх дүүргийн Засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 405 дугаар захирамж, Н.Отгонбаярын газар эзэмших эрхийн хугацааг сунгасан мөн дүүргийн Засаг даргын 2013 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн А/303 дугаар захирамжийн түүнд холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулахаар бие даасан шаардлага гаргажээ.

Анхан болон давж заалдах шатны шүүх маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэглэвэл зохих Газрын тухай, Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн холбогдох заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэж, гуравдагч этгээд “Алтан сэтэр” ХХК-ийн эзэмшил газрын хэмжээг нэмэгдүүлсэн нийслэлийн Засаг даргын 2009 оны 217 дугаар захирамжийн  “Алтан сэтэр” ХХК-нд холбогдох хэсгийг “...Н.Отгонбаярын орц гарцыг шийдвэрлэж, дахин шинээр акт гарах хүртэл” түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь зөв байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл, хариуцагч нийслэлийн Засаг дарын 2009 оны 217 дугаар захирамжаар “Алтан сэтэр” ХХК-ийн эзэмшил газрын хэмжээг нэмэгдүүлэх үед Н.Отгонбаяр нь тухайн байршилд Баянзүрх дүүргийн Засаг даргын 2007 оны 405 дугаар захирамжаар 385 м.кв газар эзэмшиж байсан, дүүргийн Засаг дарга иргэн Н.Отгонбаярт газар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн атлаа эзэмшил газрын кадастрын зургийг мэдээллийн санд оруулаагүй байсан хэдий ч   “Алтан сэтэр” ХХК-ийн захирал Т.Нямдоржоос 2008 оны 12 дугаар сарын 17-ны өдөр нийслэлийн Газрын албанд гаргасан газар нэмж олгуулах хүсэлтдээ “... Н.Отгонбаяр гэгч нь ... манайхыг үндэслэлгүйгээр шүүхэд өгсөн, ... /манай газрыг/ чөлөөлөхгүй зарга хэрүүлээ хийн өнөөдрийг хүрлээ” гэж тухайн газар нь бусадтай ямар нэг байдлаар маргаантай байгаа талаар мэдэгдсээр байтал газар дээр нь очиж нягтлаагүй, судлалгүйгээр, газрын хэмжээг нэмэгдүүлэн олгож, Н.Отгонбаярын эзэмшил газрын орц, гарцыг хаасан нь хуульд нийцээгүй, энэ талаар шүүхүүд зөв дүгнэсэн байна.

Өөрөөр хэлбэл, цаг хугацааны хувьд түрүүлж буюу 2007 онд үүссэн Н.Отгонбаярын 385 м.кв газар эзэмших (орц, гарцтай байх) эрхийг түүний дараа буюу 2009 онд нэмэгдэж бий болсон гуравдагч этгээдийн газар эзэмших эрхээр үгүйсгэх боломжгүй тул гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн “... шүүх хэт нэг талыг барьсан” гэх хяналтын гомдлыг хүлээж авах үндэслэлгүй байна.

Иймд, “Алтан сэтэр” ХХК-ийн 512 м.кв газар эзэмших эрхийг хүчингүй болгоогүй, Н.Отгонбаярын эзэмшил газарт орц, гарц гаргаж, хариуцагчаас дахин шинэ акт гарах хүртэл нийслэлийн Засаг даргын 2009 оны 217 дугаар захирамжийн  “Алтан сэтэр” ХХК-нд холбогдох хэсгийг түдгэлзүүлсэн шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

Түүнчлэн, Н.Отгонбаярт 385 м.кв газар эзэмшүүлсэн Баянзүрх дүүргийн Засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 405 дугаар захирамж гуравдагч этгээд “Алтан сэтэр” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй талаар шүүхүүд зөв дүгнэлт хийсэн байна.

Анх “Алтан сэтэр” ХХК нь  Н.Отгонбаярын нэхэмжлэлтэй энэ хэрэгт, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцож байхдаа 2010 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Н.Отгонбаярт 385 м.кв газар эзэмшүүлсэн Баянзүрх дүүргийн Засаг даргын 2007 оны 405 дугаар захирамжийг хүчингүй болгуулахаар бие даасан шаардлага гаргасан, уг шаардлагын үндэслэлээ “... /манай/ компанид олгогдсон 210 м.кв газартай давхцуулан олгосон” гэж, 2011 онд шүүхэд мөн уг шаардлагаа дахин гаргахдаа “... газар давхцсан, ... дүүргийн Засаг дарга хууль зөрчиж газар олгосон” гэх зэргээр  тодорхойлжээ.

Анхан шатны шүүхэд хэрэг хянан хэлэлцэгдэх явцад 2006, 2007 онд олгогдсон, нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын тус бүр эзэмшиж байгаа 385 м.кв, 210 м.кв газрууд нь хоорондоо давхцалгүй болох нь тогтоогдож, хэргийн оролцогчид уг үйл баримттай маргаагүй байх тул “өмнө олгогдсон газартай газар давхцуулж олгосон” гэх үндэслэлээр уг захирамжийг хүчингүй болгуулах тухай “Алтан сэтэр” ХХК-ийн шаардлагыг үндэслэлгүй гэж үзнэ.

Мөн, Н.Отгонбаярт 385 м.кв газар олгосон Баянзүрх дүүргийн Засаг даргын 2007 оны 405 дугаар захирамжийн хууль зүйн үндэслэлийг Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2010 оны 141 дүгээр шийдвэрээр нэгэнт дүгнэсэн, уг шийдвэр хүчин төгөлдөр болсон тул “...Баянзүрх дүүргийн Засаг дарга Газрын тухай хуулийн 21.2.3 -т ... заасныг зөрчин, эрх мэдлээ хэтрүүлэн, нийслэлийн Засаг даргын эрх хэмжээг эдэлсэн” гэх үндэслэлийг шүүх дахин хянахгүй, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай (2002) хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.6-д заасан “нэхэмжлэлд  дурдсан үйл баримт, хариуцагчийн гэм буруугийн талаар, эсхүл уг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр буюу шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж байгаа /бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах/” зохицуулалттай нийцэж байна.

Эдгээр үндэслэлээр гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 396 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 516 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, гуравдагч этгээд “Алтан сэтэр” ХХК-ийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан гуравдагч этгээдийн өмгөөлөгчөөс тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                 М.БАТСУУРЬ

 

ШҮҮГЧ                                                                          Д.МӨНХТУЯА