Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 221/МА2016/0218

 

А.Гунгааноровын нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, шүүгч С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Т.Даваажаргал, нэхэмжлэгч А.Гунгааноров, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Даваажанцан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нарантуяа нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 60 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор, А.Гунгааноровын нэхэмжлэлтэй, Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...2013 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс жирэмсний амралтаа авсан бөгөөд 2013 оны 6 дугаар сарын 28-нд төрж хүүтэй болсон юм. Хүүгээ төрүүлснээс хойш 1 сар болсны дараа хүү маань хөхнөөс гарч, ар гэрийн амьдралыг авч явдаг нөхөр ажилгүй, ар гэрийн амьдрал хүнд болсон учир би ажилдаа орох саналтай өргөдлөө бариад 2013 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Х.Оюунчулуун дээр очиход “Одоогоор орон тоо байхгүй” гэж хэлсэн. Ингээд 2013 оны 12 дугаар сарын 12-ны өдөр өргөдлийнхөө хариуг авахаар Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн хуулийн зөвлөхөөс асуухад “Таныг дарга өргөдлөө буруу бичсэн байна” гэж хэлсэн. Би гайхсан. Юуг нь буруу бичсэн юм бол гэж бодсон. Тэгээд 12 дугаар сарын 15-нд очиж уулзахад Х.Оюунчулуун дарга “Чи өргөдлөө буруу бичсэн байна засаж бич” гэсэн. Би юуг нь буруу бичсэн юм бэ гэхэд “...за чи өөрөө гараад хараарай” гэсэн. Тэгээд би өргөдлөө ахиж бичиж өгөөд гарсан. 2014 оны 6 сард очиж уулзахад 8 дугаар сарын 26-д ирж ажилдаа ор гэсэн. 8 сарын 26-ны өдөр очоод ажилд авна гэсэн биздээ гэхэд дээшээгээ л уулз гэсэн. Тэгээд би энэ чинь ер нь юу болоод байнаа гэхэд архив руу ороод миний өргөдөл юу байна гээд шүүлгэхэд ямар ч өргөдөл гарч ирээгүй. Харин 2014 оны 8 дугаар сарын 26-аас хүүхдээ асрах чөлөө авсан гэсэн тушаал олж авсан. Тэгээд за намайг өргөдлөө буруу бичсэн нь ийм учиртай юм байна. Би өөрөө нэг ч удаа хүүхдээ асрах чөлөө хүсэж өргөдөл өгөөгүй, ажилдаа оръё л гэдэг өргөдлийг удаа дараа өгсөн болохоор дээшээгээ уулзаад үзье гээд явсан.

Нийгмийн даатгалын ерөнхий газрын Тамгын газрын дарга н.Нарацэцэгтэй уулзахад “...Танайд орон тоо ямар байгааг би мэдэхгүй байна. Танай дарга чинь мэдэх учиртай” гэж хэлсэн. Тэгж явсаар 2015 оны 7 дугаар сарын 09-нд Нийгмийн даатгалын ерөнхий газрын

Тамгын газрын дарга н.Мэндбаяр гэдэг хүнд өргөдөл, анкетаа аваачиж өглөө. Тэрээр “...2015 оны 7 дугаар сарын 20-нд ирж уулзаарай” гэсэн. Тэгээд миний бие н.Мэндбаяр даргатай уулзахад “...Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст очиж уулз” гэхэд нь би Сонгинохайрхан явахгүй гэж хэлээд гарсан. Миний бие ажилгүй хэцүү байсан учир 2015 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргатай очиж уулзахад манайх орон тоо байхгүй гэсэн. Мэндбаяр даргатай уулзсан Сонгинохайрханы даргатай ярьсан. очиж ажилдаа ор гэсэн.

            Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4, Төрийн албаны тухай хуулийн

22 дугаар зүйлийн 22.2-т заасныг тус тус ноцтой зөрчиж намайг өөр дүүрэгт сэлгэн ажиллуулах тушаал гаргаж миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэж байна. Иймд намайг Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн өмнөх ажилд эгүүлэн томилж, 2013 оны 12 дугаар сарын 06-наас эхлэн 2015 оны 7 дугаар сарын 19-ныг хүртэлх хугацааны 14.684.074 төгрөгийн цалинг Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс гаргуулж өгнө үү.” гэжээ.

            Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа багасгахдаа: “Ажилд эгүүлэн томилуулах шаардлагаасаа татгалзаж байна.” гэжээ.

Хариуцагч Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Гунгааноров нь хүүгээ төрсний дараа 2 сар гарантай байхдаа надтай ирж уулзсан. Тухайн үед надаас “...би ажилдаа ордог юм билүү, чи юу гэж бодож байна” гэж асуусан. Би тэр үед “...хүүхэд чинь бага, харах хүн байхгүй, ажилдаа ордог нийгмийн даатгалын ажил ямар их ачаалалтайг чи мэднэ. Хэцүү бишүү хүүхдээ жаахан томруулж байгаад орсон нь дээр байх гэж бодож байна” гэж хэлсэн. Тэр үед А.Гунгааноров өөрөө зөвшөөрч өргөдлөө өгсөн учир хүүхэд асрах чөлөөг 1 жилээр олгосон. Жилийн хугацаа дуусахад ажилдаа орох хүсэлтээ тавиагүй учир чөлөөний хугацаа сунгагдсан.

2015 оны 4 дүгээр сард дуудан ажилдаа ор гэж хэлэхэд “...би 4 сартай жирэмсэн болсон хүүхдээ төрүүлэх учраас ажилдаа орох боломжгүй болчихлоо” гэж хэлж байсан. Харин дараа нь 7 дугаар сард ажилдаа орох болчихлоо. Хүүхэд зулбасан гэж хэлсэн. Энэ хугацаанд хүүхэд асрах чөлөөний 2 жилийн хугацаа ч дуусах дөхөж байсан. А.Гунгааноров нь Нийгмийн даатгалын ерөнхий газарт хүсэлтээ гаргасаны дагуу Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст шилжин ажиллах боллоо гээд шилжин ажиллах өргөдлөө бичиг хэрэгт өгсний дагуу тушаал гаргасан. 2013 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн жирэмсний амралтын чөлөөгөө авч, 2013 оны 06 дугаар сарын 28-ний өдөр төрсөн байдаг. Мөн 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдөр өргөдөл өгсөн гэх боловч өргөдөл Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс албан ёсоор бүртгэгдээгүй байдаг. Өргөдлийг албан ёсоор Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу иргэн албан байгууллагадаа өргөдөл гаргах ёстой. Энэ нь төрийн албан хаагчийн цалин хөлс, амралт, сувилалттай бүхий л асуудлыг өргөдлийг дагуу зохицуулагдан албан ёсны хариу өгснөөр шийдвэрлэдэг. Гэтэл нэхэмжлэгчийн зүгээс өргөдөл гаргасан зүйл байдаггүй.

Хүүхэд асрах хугацааг сунгаж, нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөд явж байсан. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөөгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэл нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.”гэжээ.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 60 дугаар шийдвэрээр Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2-д заасныг баримтлан нэхэмжлэгч А.Гунгааноровын ажилгүй байсан 2013 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн 2015 оны 07 дугаар сарын 29-ны өдрийг хүртэлх хугацааны 14.684.074 төгрөгийн цалинг Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс гаргуулж өгөх” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгожээ.

Хариуцагч давж заалдах гомдолдоо: “А.Гунгааноров 2013 оны 6 сард хүүгээ төрүүлсэн бөгөөд нөхөр маань ажилгүй, амьдрал хүнд байсан учир 2013 оны 8 дугаар сарын 26-ны өдөр ажилдаа орохоор хэлтсийн дарга Х.Оюунчулуунтай уулзаж, бичиг хэрэгт өргөдлөө өгсөн боловч миний өргөдлийг мөн оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүүхэд асрах чөлөө олгож шийдвэрлэсэн болохыг мэдээд 2013 оны 12 дугаар сар, 2014 оны 4 дүгээр сар, 6 дугаар сар, мөн оны 8 дугаар сард ажилдаа орох өргөдөл, хүсэлтийг удаа дараа гаргасан боловч хэлтсийн дарга Х.Оюунчулуун манайд орон тоо байхгүй гэсэн шалтгаанаар хүлээж аваагүй болно.

Х.Оюунчулууны энэхүү үйлдэл нь Хөдөлмөрийн хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4-д хүүхэд асрах чөлөөтэй байгаа ажил, албан тушаалыг хэвээр хадгална, мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 хүүхэд асрах чөлөө дууссан, эсхүл дуусаагүй байгаа боловч эх, эцэг өөрөө хүсвэл ажил олгогч нь түүнийг үргэлжлүүлэн ажиллуулах үүрэгтэй гэсэн заалтуудыг ноцтой зөрчсөн.

Нэхэмжлэгч миний бие ажилдаа орох хүсэлтийг гаргаж байсан болохоос хүүхэд асрах чөлөө хүсэж байгаагүй бөгөөд 2013 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн өргөдөлд тус хэлтсийн үйл ажиллагааны нягтлан ажилтай н.Насанжаргал нь миний өргөдлийг засаж бич гэж шаардан хүүхэд асрах чөлөө гэж бичүүлсэн.

Шүүхээс хариуцагчийг хөдөлмөрийн болон холбогдох хуулийг зөрчсөн хууль бус үйлдлүүдийг буруутгах боломжгүй гэж дүгнэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн зарчимтай нийцэхгүй байна. Өөрөөр хэлбэл ажилдаа орох хүсэлтийг орон тоо байхгүй гэсэн үндэслэлээр хүлээж аваагүй, түүнчлэн нэхэмжлэгчийн ажилдаа орох өргөдлүүдийг бүртгэж аваагүй, нэхэмжлэгчийг өргөдөл гаргаж байгаагүй мэт харагдуулахын тулд шүүхээс үзлэг хийхэд нэг ч өргөдөл гаргаж өгөөгүй байна. Энэхүү хэргийг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой нотлох баримт болох миний ажилдаа орох өргөдлүүдийг устгасан байхыг ч үгүйсгэхгүй. А.Гунгааноров миний бие ажилгүй байхдаа болон хүүхэд асрах чөлөөтэй холбогдуулж орон сууцны дэмжлэг аваагүй болно. Өөрөөр хэлбэл 2006 онд Сүхбаатар дүүргийн шимтгэлийн байцаагчаар ажиллаж байхдаа гаргаж байсан өргөдлийн дагуу энэхүү тусламж болох 6 сая төгрөг олгогдсон юм.

А.Гунгааноров миний бие урт, удаан хугацааны турш ажилгүй, орлогогүй байсан учир Х.Оюунчулууны шахалт шаардлагаар аргагүйн эрхэнд Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст шилжин ажиллахаас аргагүй байдалд хүрсэн учир тус хэлтэст шилжин ажиллах болсон юм. Миний хувьд эрхэлж байсан тухайн ажилдаа л орох хүсэл, сонирхолтой байсан бөгөөд өөр дүүрэгт ажиллах чин хүсэл огт байгаагүй юм.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 88 дугаар 88.1.2-т заасны дагуу Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 60 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх нэхэмжлэгч А.Гунгааноровын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлтэй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхилоо.

            Нэхэмжлэгч нэхэмжлэл болон давж заалдах гомдолдоо “... ажилдаа орох өргөдөл хүсэлтийг   2013 оны 08 дугаар сарын 26-ны өдөр өгсөн... удаа дараа ажилд орох өргөдөл, хүсэлтийг өгсөн боловч орон тоо байхгүй гэсэн шалтгаанаар хүлээж аваагүй... Х.Оюунчулууны шахалт шаардлагаар шилжин ажиллах болсон...” гэжээ.

            Хэрэгт нэхэмжлэгчээс ажилдаа эргэн орохоор гаргасан өргөдөл байхгүй бөгөөд энэ нь шүүхээс хийсэн үзлэгийн тэмдэглэлээр тогтоогджээ.  

Мөн А.Гунгааноров нь 2013 оны 8 дугаар сараас хойш 2015 оны 7 дугаар сарын 29-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн нийгмийн даатгалын хэлтэс рүү шилжүүлэх хүртэл 1 жил 11 сарын хугацаанд үргэлжлүүлэн ажиллуулахгүй байгаа талаарх өргөдөл, хүсэлтээ зохих журмын дагуу дээд шатны байгууллагад, түүний шийдвэрийг нь эс зөвшөөрвөл шүүхэд гаргаж шийдвэрлүүлээгүй байна.

            Түүнчлэн хэрэгт авагдсан С.Гунгааноровын 2015 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст гаргасан өргөдөлд нь “... хүүхдээ асрах чөлөөтэй байж байгаад ажилдаа орох хүсэлтээ уламжилсан билээ ...” гэж, 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Нийгмийн даатгалын ерөнхий газарт гаргасан өргөдөлд “... хүүхэд асрах чөлөөгөө авсан ...” гэж тус тус дурдсанаас үзвэл хүүхэд асрах чөлөө авахгүйгээр үргэлжлүүлэн ажиллах өргөдлөө удаа дараа гаргасан гэх тайлбар нь тогтоогдохгүй байна.

             Иймд анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн 2013 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөс 2015 оны 07 дугаар сарын 29-ний өдрийг хүртэлх хугацааны цалинг Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

            Нэхэмжлэгч нь давж заалдах гомдолдоо “... Сонгинохайрхан дүүрэгт шилжин ажиллах чин хүсэл байгаагүй ...” гэх боловч 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, “... Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн өмнөх ажилд эргүүлэн томилуулах” шаардлагаасаа татгалзаж, бичгээр хүсэлтээ гаргасан, нэхэмжлэлээсээ татгалзсаны үр дагаврыг шүүгчээс тайлбарласныг ойлгож баримтад гарын үсэг зурсан, анхан шатны шүүхийн шийдвэрээр энэхүү нэхэмжлэлийг шийдвэрлээгүй, нэхэмжлэгч нь давж заалдах шатны шүүх хуралдаанд “...Нэхэмжлэлээ татсан гол үндэслэл нь эргээд ажилд минь авахгүй юм байна. Баянгол дүүрэгт очоод ч нэмэргүй гэдэг үндэслэлээр татаж авсан” гэж тайлбарлаж байх тул уг гомдлыг хүлээн авч хэлэлцэх үндэслэлгүй байна.

             Иймд нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж анхан шатны шүүхийн шийдвэрийг  хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 87 дугаар зүйлийн 87.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 60 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. 

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5-д зааснаар магадлалыг эс зөвшөөрвөл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

           

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Б.МӨНХТУЯА

ШҮҮГЧ                                                           Э.ЛХАГВАСҮРЭН

ШҮҮГЧ                                                           С.МӨНХЖАРГАЛ