Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 2021/ШЦТ/1230

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Анударь,

улсын яллагч Ж.Отгончимэг (томилолтоор),

хохирогч, шүүгдэгч Ё.Б,

шүүгдэгч Ж.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Г танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Б овогт Ж-ийн М, З овогт Ё-ын Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2108023721551 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ... оны 03 дугаар сарын 18-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын мужаан мэргэжилтэй, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт амьдардаг гэх, Сэлэнгэ аймгийн Сайхан сумын ... дугаар баг ... гэх газарт оршин суух хаягтай боловч Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо ... тоотод түр оршин суух, урьд

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 562 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, уг ялыг 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдөр эдэлж дууссан,

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 63 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, уг ялыг 2021 оны 07 дугаар сарын 28-ний өдөр эдэлж дууссан, Б овогт Ж-ийн М (РД:...),

Монгол Улсын иргэн, ... оны 12 дугаар сарын 15-ны өдөр Завхан аймгийн Түдэвт суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо ... дугаар гудамж ... тоотод оршин суух хаягтай, З овогт Ё-ын Б (РД:...),

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Ж.М нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо ... тоотод иргэн Ё.Б-той маргалдан улмаар нүүрэн тус газар цохиж эрүүл мэндэд нь “баруун хөмсөгний няцарсан шарх, дээд доод зовхины цус хуралт, баруун сарвуу, хүзүү, цээжний зөөлөн эдийн няцрал” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Ё.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо ... тоотод иргэн Д.А-тай маргалдан улмаар цайны шинжтэй аяга толгой руу нь шидэж эрүүл мэндэд нь “духанд шарх” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэх гэмт хэрэгт холбогдсон гэжээ.

         ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: хохирогч Д.А-гийн мэдүүлэг (хх-ийн 15х), хохирогч Ё.Б-ийн мэдүүлэг (хх-ийн 11х), гэрч Ц.А-ийн мэдүүлэг (хх-ийн 19х), гэрч Д.М-ын мэдүүлэг (хх-ийн 22х), шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 9138 дугаартай шинжээчийн дүгнэлт (хх-ийн 29-30х), шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 9086 дугаартай шинжээчийн дүгнэлт (хх-ийн 36-37х), шүүгдэгч Ж.М-гийн нэр дээр тээврийн хэрэгсэл бүртгэлгүй тухай лавлагаа (хх-ийн 43х), гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа (хх-ийн 45х), иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 46х), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбарууд (хх-ийн 109х, 56-61х, 63-65х), торгох ялуудыг эдэлж дууссан талаарх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албаны албан тоот (хх-ийн 55х), шүүгдэгч Ё.Б-ийн оршин суух хаягийн лавлагаа (хх-ийн 121х), эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа (хх-ийн 122х), иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар (хх-ийн 123х), гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагааны хуулбар (хх-ийн 124х), тээврийн хэрэгсэл бүртгэлгүй тухай лавлагааны хуулбар (хх-ийн 125х), Ё.Б-ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг (хх-ийн 201х), Ж.М-гийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг (хх-ийн 191х) зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрөөгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.

Гэм буруугийн талаар:

2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо ... тоотод:

шүүгдэгч Ё.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Д.А-тай маргалдан цайны шинжтэй аяга толгой руу нь шидэж эрүүл мэндэд нь “духанд шарх” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

шүүгдэгч Ж.М нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Д.А-г өмөөрч Ё.Б-той маргалдан түүний нүүрэн тус газар цохиж эрүүл мэндэд нь “баруун хөмсөгний няцарсан шарх, дээд доод зовхины цус хуралт, баруун сарвуу, хүзүү, цээжний зөөлөн эдийн няцрал” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь:

Хохирогч Д.А-гийн: “...2021 оны 09 дүгээр сарын 23-ны орой 21 цагийн үед ажлаа тараад гэртээ буюу Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо ... тоотод ирсэн. Намайг гэртээ ирэхэд Б ах архи уусан нэлээн согтуу, хүргэн А ах, А ахын найз М ах, эгч М нар пиво ууцгаагаад байж байсан. Би гар нүүрээ угаагаад хоол ундаа идчихээд байж байхад Б ах над руу учир зүггүй “хүний амьдралд гай болоод” гээд элдэв үгээр хэлээд гар хуруугаараа чичээд байхаар нь би гарыг нь буулгасан чинь “чи яасан том болчихсон юм бэ” гээд над руу урдаа байсан цайны шинжтэй аяга авч шидэж миний духыг онож хагалсан. Тэгсэн хүргэн А ах, М ах хоёр намайг өмөөрөөд Б-оо “чи яаж байгаа юм бэ” гэж хэлсэн чинь Б ах М ахтай барьцалдаад авсан. М ах Б-ийн нүүрэн тус газар гараараа 2-3 удаа цохисон чинь хөмсөгнөөс нь цус гарсан. А ах бид хоёр салгаад цагдаа дуудсан. Өөр зодоон цохион болоогүй. А ах бид хоёр салгасан. Тухайн үед гэрт хүргэн ах А, эгч М, М ах, Б ах бид хэд хамт байсан. Би шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлттэй танилцсан. Надад санал хүсэлт, нэхэмжлэх зүйл гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг (хх-ийн 15х),

Хохирогч Ё.Б-ийн: “...тухайн үед би архи уусан байсан. М бид хоёрыг хоорондоо зодолдоод байхаар А бид хоёрыг салгасан. Тэрхэн үед би А намайг өшиглөчихлөө гэж бодсон. Намайг зодсон хүн бол М. Би М-тэй үл ялих зүйлээс болж хоорондоо маргалдсаны улмаас М хөлөөрөө миний баруун нүд, нүүр лүү хоёр удаа өшиглөж зодсон. Тухайн үед А, А, М нар хамт байсан болохоор мэдэж байгаа байх. Миний биед учирсан гэмтлийг М учруулсан. Хамт байсан хүмүүс харсан  байх...” гэх мэдүүлэг (хх-ийн 11х),

Гэрч Ц.А-ийн: “...А гэх залуу миний эхнэр М-ын төрсөн дүү, Б гэх залуу бол миний эхнэр М-ын төрсөн дүү М-ийн нөхөр Г-гийн төрсөн дүү, М гэх залуутай би танилцаад 6-7 сар болж байгаа. Хааяа ажил гарахаар нь бие биеэ дуудаж хамт ажил хийдэг харилцаа холбоотой хүмүүс байгаа юм. Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо ... тоотод монгол гэрт эхнэр М, эхнэрийн дүү А бид гурав амьдардаг. 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр 22 цагийн үед би гэртээ эхнэр М-ын хамт байж байхад манай найз М над руу утсаар залгаад ажил маань орой тарчихлаа, танайд очоод хоночих уу гэхээр нь би тэг тэг гэж хэлээд М 23 цагийн үед гэрт ирсэн. Тэгээд эхнэр М, найз М бид гурав хоол унд идчихээд сууж байтал гаднаас Б архи уусан байдалтай ганцаараа хоёр гартаа 2,5 литрийн том сэнгүр гэх нэртэй пиво 2 ширхгийг барьсан орж ирсэн. Бид хэд Бийн авч ирсэн пивыг уугаад сууж байтал гаднаас А орж ирсэн. Тухайн үед А, эхнэр М хоёр пивоноос уугаагүй эрүүл байсан. Б, М бид гурав пиво уугаад сууж байтал А Б-ийг нэлээн согтоод ирэхээр нь ах та унтаж амар гэж хэлтэл Б чи мэддэг юм уу гэж хэлээд цайны сэнжтэй аягийг авч А руу шидсэн чинь духны баруун дээд хэсэгт онож цус гарсан. Тэгсэн манай найз М нь Б руу чи согтуу гэрт нь орж ирээд яагаад байгаа юм бэ, чи байнга ингэж авирладаг юм уу гэж хэлээд хоорондоо маргалдсан. Улмаар М, Б хоёр хоорондоо зодолдохоор нь би салгасан. Тэгсэн удалгүй гаднаас цагдаа нар ирээд Бийг аваад гарсан. Тэгсэн М явлаа гээд явсан. ...Зодоон болох үед М Б-ийн нүүрэн тус газар нь гараараа 2-3 удаа цохиход Бийн баруун хөмсөгнөөс нь цус гарсан байдалтай байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 19-20х),

Гэрч Д.М-ын: “...нөхөр А, дүү А, М бид дөрөв хоол унд идчихээд сууж байтал гаднаас Б архи уусан байдалтай согтуу ганцаараа гартаа пиво барьсан гэрт орж ирсэн. Б, М, А гурав авч ирсэн пивыг ууж эхлээд удаагүй Б манай дүү А руу томроод байхаар нь би Аг “миний дүү чимээгүй байгаарай” гэж хэлээд байж байтал Б цайны сэнжтэй аяга аваад А руу шидээд духны баруун дээд талыг онож толгойг нь хагалаад А руу дайраад байхаар нь манай нөхөр А “Б-оо чи болилдоо” гэж хэлсэн чинь Б нөхөр лүү маань дайраад байсан. Тэгж маргаж байснаа Б, М-гээс хэрүүл өдөж байснаа Мг 1 удаа мөргөсөн чинь М гараараа 2 удаа Б-ийн нүүр лүү цохисон. Б М хоёр хоорондоо зодолдсон. А А хоёр салгасан...” гэх мэдүүлэг (хх-ийн 22х),

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 9138 дугаартай:

“1. Д.А-н духанд шарх тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь ир ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна.

3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид гэмтэл нь эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт (хх-ийн 29-30х),

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 9086 дугаартай:

“1. Ё.Б-н биед баруун хөмсөгний няцарсан шарх, дээд доод зовхины цус хуралт, баруун сарвуу, хүзүү, цээжний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн, шинэ гэмтэл байна.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт (хх-ийн 36-37х),

Шүүгдэгч Ё.Бийн яллагдагчаар өгсөн: “...2021 оны 09 дүгээр сарын 23-ны орой 22 цагийн үед би айлын үсний найранд орчхоод А-гийн гэрт очсон. Би тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн согтуу байсан. Намайг Агийн гэрт очиход А-гийн төрсөн эгч М, нөхөр нь А, А-ийн найз М нар байсан. Бид хэд ойр зуурын зүйл ярьж байтал А эгч М-тай миний өмнө үерхэж байсан охины талаар яриад байх шиг болохоор нь урдаа байсан шаазан цайны аягийг авч А руу шидсэн чинь Агийн дух нь хагарсан. Тэгсэн жаахан хэрүүл маргаан үүсээд улмаар М Аг өмөөрч миний нүүр лүү хөлөөрөө хоёр удаа өшиглөсөн чинь миний баруун талын хөмсөгнөөс цус гарахаар нь би цусаа угаасан. Тэгсэн удалгүй цагдаа нар гэрт орж ирсэн. Би тухайн үед их согтсон байсан, гэхдээ болсон асуудлыг санаж байна. Би А руу аяга шидэж духыг нь хагалсан. М-тэй маргалдсан. М хөлөөрөө миний нүүр лүү хоёр удаа өшиглөсөн гэдгийг санаж байна...” гэх мэдүүлэг (хх-ийн 200-201х),

Шүүгдэгч Ж.М-гийн яллагдагчаар өгсөн: “...2021 оны 09 дүгээр сарын 23-ны орой 21 цагийн үед би ажлаа тараад найз А-ийн гэрт нь очиж хонохоор болж замаараа дэлгүүрээс бууж ойр зуурын зүйл авч очсон. Гэрт нь очоод хоол унд идэж ууцгаагаад байж байхад 22 цагийн үед гаднаас Б гэх залуу архи уусан согтуу орж ирээд сууж байснаа М-ын дүү А Б-ийг согтсон байна, унтаж амар гэж хэлэхэд Б чи мэддэг юм уу гэж аяга авч шидсэн чинь Агийн дух хэсгээс цус гарахаар нь би цагдаа дуудъя гэсэн чинь нөгөө хэд байж бай гэхээр нь жаахан харсан чинь хэрүүл маргаан ихсээд ирэхээр нь би цагдаа дуудчихаад хүлээж байх хооронд Б босож ирээд чи түрүүнээс хойш юу гээд байна гэж хэлээд миний толгой руу 1 удаа мөргөхөөр нь би зөрүүлээд гараараа нүүрэн тус газар нь 2 удаа цохисон. Тэгсэн Б-ийн баруун хөмсөгнөөс нь цус гарсан. ...Б миний толгой руу 1 удаа мөргөсөн. Мөргөснөөс болж миний биед бэртэл гэмтэл байхгүй...” гэх мэдүүлэг (хх-ийн 191-192х) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

Гэмт хэрэг болсон шалтгаан нь архи согтууруулах ундааны зүй бус хэрэглээ, хэтрүүлэн хэрэглэсэнтэй холбоотой байх ба шүүгдэгч нар нь энэ үедээ өөрийн зан араншин, үйлдлийг хянах чадвар нь сул болж, улмаар шүүгдэгч Ё.Б нь гэрт буй хамт уусан болон уугаагүй хүмүүс рүү дайрч, хохирогч Д.А- руу шалтгаангүйгээр шилэн аяга авч шидэн гэмтэл учруулсан түүний үйлдлийг хууль бус гэж дүгнэх ба нөгөө талаас хохирогч Д.А-г өмөөрсөн Ж.М нь Ё.Б-той маргалдан цохиж гэмтэл учруулсан буюу Ё.Б-ийг бие махбодын хувьд хохироход хүргэсэн байна.

Дээрх байдлаас үзвэл, шүүгдэгч нар нь өөрсдийн үйлдлээс улбаалан хүний биед гэмтэл учрах боломжтойг мэдсээр байж хүсэж үйлдсэн шинжтэй тул тэдгээрийг тус хэргийг санаатай үйлдсэн гэж үзнэ.

Иймээс шүүгдэгч Ж.М, Ё.Б тус бүрийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Хохирол төлбөрийн тухай: Шүүгдэгч Ж.М-гийн гэмт үйлдлийн улмаас хохирогч Ё.Б-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол, шүүгдэгч Ё.Б-ийн үйлдлийн улмаас хохирогч Д.А-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учирсан байх бөгөөд хохирогч нар нь шүүгдэгч нараас хохирол нэхэмжлэхээс татгалзсан байх тул шүүгдэгч Ё.Б, шүүгдэгч Ж.М нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Шүүх хуралдаанд улсын яллагч “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.М-д 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, шүүгдэгч Ё.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, 4 сарын хугацаанд төлүүлэх” дүгнэлтийг,

Шүүгдэгч Ё.Б нь “ялын хэмжээ, хугацаа дээр саналгүй” гэсэн,

Шүүгдэгч Ж.М нь “...би компанийг төлөөлж ажилдаг тул торгох ял оногдуулж өгнө үү, хэрэв нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэгдвэл орон нутагт бүртгэлтэй тул тийшээ явуулах байх, ажил хэцүүдэх болж байгаа тул энэ нөхцөл байдлыг харгалзан үзнэ үү” гэсэн саналыг тус тус гаргасан.

Шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдэгдэх болсон шалтгаан нөхцөл,  учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, бусдад төлөх төлбөргүй байдал, шүүгдэгч нарын хувийн байдал зэрэг дээрх нөхцөл байдлуудыг тус тус харгалзан шүүгдэгч Ж.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1350 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,350,000 төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Ё.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, шүүгдэгч нарын сард олдог орлогын байдлыг нь харгалзан 3 сарын хугацаанд тус тус төлүүлэхээр шийдвэрлэсэн болно.

Шүүгдэгч Ж.М, шүүгдэгч Ё.Б нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг тэдгээрт мэдэгдэж, шүүгдэгч Ж.М, Ё.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлийн 1, 2,4, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Ж-ийн М, З овогт Ё-ын Б тус бүрийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.М-д 1350 (нэг мянга, гурван зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,350,000 (нэг сая гурван зуун тавин мянга) төгрөгөөр, шүүгдэгч Ё.Б-ид 800 (найман зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 (найман зуун мянга) төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ё.Б, Ж.М тус бүрд оногдуулсан торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.    

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ё.Б, Ж.М нар нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тус тус мэдэгдсүгэй.     

5. Шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.М, Ё.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

            

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Г.АЛТАНЦЭЦЭГ