Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Намжилын Долгорсүрэн |
Хэргийн индекс | 128/2019/0312/З |
Дугаар | 673 |
Огноо | 2019-10-10 |
Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 10 сарын 10 өдөр
Дугаар 673
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Долгорсүрэн даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б, хариуцагч Б.Ц нарыг оролцуулан “Е.О.Ф ББСБ” ХХК-ийн гомдолтой, ОӨГ-ын оюуны өмчийн хяналтын улсын байцаагч Б.Ц-д холбогдох захиргааны хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд хийв.
Гомдол гаргагч: “Е.О.Ф ББСБ” ХХК /РД: /
Хариуцагч: ОӨГ-ын Оюуны өмчийн хяналтын улсын байцаагч Б.Ц
Гомдлын шаардлага: ОӨГ-ын оюуны өмчийн хяналтын улсын байцаагч Б.Ц-гийн 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 1******* дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах
ТОДОРХОЙЛОХ нь:
Гомдол гаргагч “Е.О.Ф ББСБ” ХХК шүүхэд гаргасан гомдолдоо: “Нэхэмжлэгч компанийн захирал миний бие 1990 оны эхэн үеэс эхлээд валютын арилжаа хийж эхэлсэн. 2012-2013 онд Д.Э надаас ажил гуйж ирэхэд нь ажлын байраар хангаж байсан.
Санхүүгийн зохицуулах хорооноос валютын наймааны үйл ажиллагааг заавал тусгай зөвшөөрөлтэй компани эрхэлнэ гэсний дагуу 2014 оноос “Е.О.Ф ББСБ” ХХК-ийг байгуулан ажиллаж байхад Д.Э ажил гуйж ирэхэд нь би ажилд авч манай байгууллагад ажиллаж байсан. Улмаар 2017 онд би цахим орчинд ханшийн мэдээ мэдээллийг хурдан шуурхай хүргэж, ажил хэргийн холбоогоо өргөжүүлье, олон харилцагчтай хүргэлтийн үйлчилгээг нэвтрүүлэх санааг гарган Д.Э д үүрэг өгч энэ ажлыг эхлүүлж хийлгэж байсан. Гэтэл Д.Э миний санаачилсан энэ ажлыг Оюуны өмчийн газарт бүртгүүлэн патентжуулан авсан байна. 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдөр “М” ХК-тай хамтран ажиллах гэрээ байгуулахад Д.Э өөрийн нэр дээрээ гэрээ байгуулсан байсан үүнийг мэдээд энэ чинь манай компанийн өмч гэж хэлж байсан болно. Миний санаачилж бий болгосон ажлыг өөрөө санаачилсан мэтээр Оюуны өмчийн газар бүртгүүлж гэрчилгээг хууль бусаар авсан байна.
Улмаар нэхэмжлэгч Банк бус санхүүгийн байгууллага нь Н Ш албан ёсны хуудас гэсэн хаягаар ханшийн мэдээ түгээхэд Д.Э нь Оюуны өмчийн газарт гомдол гаргаснаар ОӨГ-ын хяналт шалгалтын байцаагч нь 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдөр 1******* дугаар шийтгэлийн хуудсаар манай Банк бус санхүүгийн байгууллагыг Зөрчлийн тухай хуулийн 8.5.1 дэх хэсэгт заасны дагуу 3,000,000 төгрөгөөр торгосон болно.
Оюуны өмчийн газар нь манай компанийн нэр дээр гарах ёстой байсан Н Ш барааны тэмдгийн гэрчилгээг холбогдох баримт материалыг шалгаагүйн улмаас манай ажилтны нэр дээр бүртгэл хийсэн байна. Иймд ОӨГ-ын оюуны өмчийн хяналтын улсын байцаагч Б.Цгийн 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 1******* дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
Хариуцагч ОӨГ-ын Хяналтын хэлтсийн Хяналтын улсын байцаагч Б.Ц шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: “Е.О.Ф ББСБ” ХХК-ийн захирал Л.Л гийн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр гаргасан 01/15 дугаартай нэхэмжлэлийн шаардлагыг ОӨГ-ын Хяналтын хэлтсийн хяналтын улсын байцаагч Б.Ц би эс зөвшөөрч дараахь тайлбарыг гаргаж байна.
Иргэн Д.Э нь “Н Ш” гэсэн барааны тэмдгийг 2017 оны 07
сарын 25-ны өдрийн анхдагч огноотойгоор 17953 дугаартай Бараа, үйлчилгээний
олон улсын ангилал тогтоох Ниццийн хэлэлцээрийн 9, 36 дугаар ангиллуудаар эрхийн хамгаалалт хийлгэсэн байна.
Дээрх барааны тэмдэг эзэмшигчийн барааны тэмдгийг зөвшөөрөлгүй “Е.О.Ф ББСБ” ХХК нь Н Ш Албан ёсны хуудас гэсэн фэйсбүүк хуудас нээн ажиллуулж, Н Ш гэсэн нэрийг ашиглаж байгаа нь “Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай” хуулийн 13 дугаар зүйлийн 1.1, 1.4 дэх хэсгийг зөрчсөн нь хохирогч, холбогдогчийн өгсөн мэдүүлэг, Н Ш Албан ёсны хуудас гэсэн фэйсбүүк, цахим хуудсанд хийсэн үзлэгээр тогтоогдож байх тул Зөрчлийн тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр шийтгэл оногдуулсан болно.
Иймд 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 1******* дугаартай шийтгэлийн хуудсыг хэвээр үлдээж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-д заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Иргэн Д.Эын Оюуны өмчийн газарт хандан гаргасан 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн “Барааны тэмдэг, зохиогчийн эрхийн зөрчлийг арилгуулах тухай” гомдлын дагуу Хяналтын улсын байцаагч Б.Ц зөрчлийн хэрэг нээж, “Е.О.Ф ББСБ” ХХК-ийг Барааны тэмдэг эзэмшигчийн эрхийг зөрчсөн гэж үзээд 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 1******* дугаар шийтгэлийн хуудсаар тус компанид 3,000,000 төгрөгийн торгууль ногдуулжээ.
Шүүх хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбар, хэргийн бодит нөхцөл байдлыг дүгнээд доорх үндэслэлээр гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн А/313 тоот тушаал, 201800183 дугаар гэрчилгээгээр “Н Ш” гэх барааны тэмдгийг эзэмших онцгой эрхийг иргэн Д.Эод олгосон байна. Энэхүү эрхийн хамгаалалт, барааны тэмдгийг эзэмших онцгой эрхийг хэн нэг эрх бүхий этгээдийн шийдвэрээр хүчингүй болгоогүй, түдгэлзүүлээгүй, гомдол гаргагч “Н Ш” гэх барааны тэмдгийг эзэмших онцгой эрхийг Д.Эод олгосныг хүчингүй болгуулахаар одоогоор маргаагүй байх буюу иргэн Д.Эын барааны тэмдгийг эзэмших онцгой эрх хууль ёсны, хүчинтэй хэвээр байна. Түүнчлэн гомдол гаргагчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдааны мэтгэлцээний явцад хийсэн тайлбартаа “...гомдол гаргаж байгаагүй, одоо гомдол гаргах гэж байгаа...” гэснийг тэмдэглэх нь зүйтэй.
Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3-д “Барааны тэмдэг эзэмшигч тухайн барааны тэмдгийн хувьд дараах онцгой эрх эдэлнэ”, 12.3.1-д “бүртгэгдсэн барааны тэмдгийг өмчлөх”, 12.3.4-д “бүртгэгдсэн барааны тэмдгийг бусад этгээд зөвшөөрөлгүйгээр ашигласан бол уг үйлдлийг таслан зогсоохыг шаардах” гэж заасан эрхийг барааны тэмдэг эзэмшигч Д.Э эдэлнэ.
Гомдол гаргагч “Е.О.Ф ББСБ” ХХК нь дээрх барааны тэмдгийг зөвшөөрөлгүй ашиглаж, “Н Ш Албан ёсны хуудас” пэйж хуудсыг нээж, үйл ажиллагаа явуулсан болох нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдсон байх бөгөөд энэ талаар гомдол гаргагч маргадаггүй. Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д “Дараах тохиолдолд барааны тэмдгийг ашигласанд тооцно”, 13.1.4-д “барааны тэмдгийг албан бичиг, танилцуулга, бусад баримт, интернет, сурталчилгаанд ашигласан бол” гэж заасны дагуу фэйсбүүкт пэйж хуудас нээснийг барааны тэмдгийг ашигласан гэж үзнэ.
Ийнхүү ашиглахдаа барааны тэмдэг эзэмшигчээс зөвшөөрөл аваагүй байх тул Зөрчлийн тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 1-д “Барааны тэмдэг эзэмшигчийн эрх, газар зүйн заалт хэрэглэгчийн эрхийг зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйлс, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, үйл ажиллагааг зогсоож, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасны дагуу “Е.О.Ф ББСБ” ХХК-д 3,000,000 төгрөгийн торгууль ногдуулсан нь хууль ёсны байна.
Гомдол гаргагч гомдлын үндэслэлээ “...Д.Э ажил гуйж ирэхэд нь би ажилд авч манай байгууллагад ажиллаж байсан. Улмаар ... санааг гарган Д.Эод үүрэг өгч энэ ажлыг эхлүүлж хийлгэж байсан. Гэтэл Д.Э миний санаачилсан энэ ажлыг Оюуны өмчийн газарт бүртгүүлэн патентжуулж авсан байна. Иймд шийтгэлийн хуудас хууль бус юм” гэж тодорхойлон шүүхээр маргаж байгаа боловч энэ нь шийтгэлийг хуудсыг хүчингүй болгох, хууль бус гэж үзэх эрх зүйн үндэслэл болохгүй бөгөөд шүүх гагцхүү гомдлын хүрээнд иргэн Д.Эод олгогдсон хүчин төгөлдөр барааны тэмдгийг үндэслэж хэргийг шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Зөрчлийн тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 1, Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3, 12.3.1, 12.3.4, 13 дугаар зүйлийн 13.1, 13.1.4-д заасныг тус тус баримтлан “Е.О.Ф ББСБ” ХХК-ийн “ОӨГ-ын оюуны өмчийн хяналтын улсын байцаагч Б.Ц-гийн 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 1******* дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН