Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 1834

 

 “Хөрс авто сервис” ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Байгалмаа даргалж, шүүгч Ч.Цэнд, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар        

                                   

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 101/ШШ2017/02178 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Хөрс авто сервис” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Сонгинохангай” ХХК-д холбогдох

 

Түрээсийн гэрээний үүрэгт 42 209 344 төгрөг гаргуулах тухай хэргийг

 

Хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Хандмаа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Загдсүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

           

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өгсөн тайлбарт: 2008 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн Худалдааны төвийн талбай түрээслүүлэх гэрээний дагуу “Сонгинохангай” ХХК “Хөрс” худалдааны төвийн 1 давхрын 1824 м.кв талбайг анх түрээслэсэн. Талуудын хооронд байгуулагдсан 2008 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн гэрээнд 2012 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн гэрээний "Нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ"-гээр гэрээний хугацааг 2012 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 2015 оны 3 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл сунгаж, талбайн хэмжээг 1236 м.кв болгон сарын 10 000 000 төгрөгийн түрээсийн төлбөр төлөхөөр тохирсон. Энэ хугацааг 2015 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн гэрээгээр 2016 оны 3 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл сунгаж гэрээний бусад заалтыг хэвээр үлдээсэн. “Сонгинохангай” компани сарын түрээсийн төлбөрт 9 000 000 төгрөг төлөх хүсэлтийг 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 728 тоот бичгээр гаргасныг хүлээн авч 2016 оны 10 дугаар сараас түрээсийн төлбөрт 9 000 000 төгрөг төлөх болсон боловч төлбөрийг цаг хугацаанд төлдөггүй байсан. Талуудын хооронд байгуулсан гэрээний 3.4, 5.1-д түрээсийн төлбөрийг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хугацаа хожимдуулсан хоног тутамд 0.3%-иар алданги төлөхөөр тохиролцсон.

Иймд "Сонгинохангай" ХХК-иас 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хүртэлх цахилгааны зардал 1 668 344 төгрөг, дулааны зардал 755 000 төгрөг, усны зардал 90 000 төгрөг, нийт ашиглалтын зардал 2 513 344 төгрөг, 2016 оны 12 дугаар сараас 2017 оны 3 дугаар сарын 11-ний өдрийг хүртлэх хугацааны түрээсийн үндсэн төлбөр 30 300 000 төгрөг, алдангийг cap бүрийн төлбөрийн дүнгээр тооцоход 9 396 000 төгрөг, нийт 39 696 000 төгрөг, түрээсийн төлбөр, түүний алдангид 39 696 000 төгрөг,  нийтдээ 42 209 344 төгрөгийг нэхэмжлэгч "Хөрс авто сервис" ХХК-д гаргуулан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч "Сонгинохангай" ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Манай компани нь 2008 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн "Хөрс авто сервис" ХХК-тай хамтран ажиллаж ирсэн. Тус компанийн Хөрс худалдааны төвийн 1 давхарт Миний сүлжээ дэлгүүрийн 113 дугаар салбар дэлгүүрээ ажиллуулж байсан. Анх гэрээнд заагдсан м2-г манай талаас хэмжилт хийхгүйгээр итгэлцлийн үндсэн дээр гэрээнд заагдсанаар талбайг хүлээн авч байсан. Гэвч м2-н зөрүүтэй байсан бөгөөд үүнийг удаа дараа албан бичгээр бид "Хөрс авто сервис" ХХК-д санал тавьж байсан бөгөөд мөн түрээсийн төлбөрийг м2-д нь тааруулан төлөх талаарх саналыг удаа дараа албан бичгээр өгч байсан. Иймд манай компанийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 287 дугаар зүйлийн 287.1, 252 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч "Сонгинохангай" ХХК-иас түрээсийн төлбөрт 30 300 000 төгрөг, алдангид 9.396.000. төгрөг, ашиглалтын. зардалд 2 513 344 төгрөг, нийт 42 209 344 төгрөг гаргуулан нэхэмжлэгч "Хөрс авто сервис" ХХК-д олгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч "Сонгинохангай" ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 368 997 төгрөг гаргуулан нэхэмжлэгч "Хөрс авто сервис" ХХК-д олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 368 996.72 төгрөгийг улсын орлогод тус тус хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч Л.Зоригтын давж заалдах журмаар гаргасан гомдолд: Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 101/ШШ2017/02178 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4-т зааснаар анхан шатны шүүх нь хэргийг хянан шийдвэрлэхдээ хариуцагчийг шүүх хуралд оролцох, мэтгэлцэх, нотлох баримт гарган өгөх боломжоор хангаагүй бөгөөд зөвхөн нэг талын тайлбар нотлох баримтыг үнэлэн шийдвэр гарган хариуцагчийн эрхийг ноцтой зөрчсөн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батцагаан нь "Сонгинохангай" ХХК-ийн албан ёсны хуулийн зөвлөх бөгөөд уг хэргийг хариуцан ажилладаг тул биечлэн оролцох зайлшгүй шаардлагатай байсан.

Тус компанийн Хөрс худалдааны төвийн 1 давхарт Миний сүлжээ дэлгүүрийн 113 дугаар салбар дэлгүүрээ ажиллуулж байсан ба анх гэрээнд заагдсан 1824 м.кв талбайг анх түрээслэхдээ хэмжилт хийхгүйгээр итгэлцлийн үндсэн дээр талбайг хүлээн авсан. Гэвч түрээслэх явцад гэрээнд заагдсан талбайн м.кв зөрүүтэй болох нь тогтоогдож бид удаа дараа "Хөрс авто сервис" ХХК-д амаар болон бичгээр хандаж түрээсийн төлбөрийг м.кв-д нь тааруулан төлөх нь хууль болон гэрээнд заасантай нийцэх талаар хандсаар ирсэн.

Анхан шатны шүүх түрээсийн талбайн м.кв-ийн хэмжээг анхаарч үзэлгүйгээр мөн хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн нь хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлаагүй, мөн хариуцагчийг мэтгэлцэх эрхээр хангаагүй нь хариуцагчийн эрхийг ноцтой зөрчсөн байна.

Иймд дээр дурдсан нөхцөл байдлыг хянан үзэж Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 101/ШШ2017/02178 дугаартай шийдвэрийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байх тул хэргийг анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

                                                            ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасны дагуу явуулж зохигчдын хооронд үүссэн маргааны үйл баримтыг цугларсан нотлох баримтанд үндэслэн зөв дүгнэсэн, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч "Хөрс авто сервис" ХХК нь хариуцагч "Сонгинохангай" ХХК-д холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 42 209 344 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, “түрээсийн байр нь м.кв-ын зөрүүтэй байсан тул түрээсийн төлбөрийг м.кв-д нь тааруулан төлнө” гэж маргажээ.

 

"Хөрс авто сервис" ХХК, "Сонгинохангай" ХХК-ийн хооронд 2008 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр "Худалдааны төвийн талбай түрээслэх гэрээ"-ний дагуу түрээслүүлэгч "Хөрс авто сервис" ХХК-ийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг, 18 дугаар хороо, Москва хороолол дах "Хөрс авто сервис" ХХК-ийн худалдааны төвийн 1 дүгээр давхрын 1824 м.кв талбайг супермаркетын үйл ажиллагааны чиглэлээр 2008 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2011 оны 05 дугаар сарын 11-ний өдөр хүртэл 36 сарын хугацаатай түрээслүүлэх, 1 м.кв талбайг гэрээ байгуулсны дараах эхний 6 сард 5 ам.доллар, дараагийн 6 сард 7 ам.доллар, сүүлчийн 2 жилд 8 ам.доллар тус тус төлөхөөр тохиролцсон. Энэхүү гэрээнд 2012 оны 02 дугаар сарын 13-ны өдөр, 2015 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр тус тус нэмэлт өөрчлөлт оруулж, гэрээний хугацааг сунгаж, талбайн хэмжээ, төлөх төлбөрийг өөрчлөн зааж гэрээ байгуулан "Худалдааны төвийн талбай түрээслэх гэрээ"-ний салшгүй хэсэг болохыг баталгаажуулсан.

 

2015 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн "Худалдааны төвийн талбай түрээслэх гэрээ"-ний нэмэлт өөрчлөлт №3" гэрээгээр гэрээний 2.1-д заасан хугацааг 2015 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүртэл нэг жилийн хугацаагаар сунгасан байх бөгөөд өмнөх гэрээний түрээсийн талбайн хэмжээ 1236 м.кв, талбай ашигласны төлбөрт cap бүр 10 000 000 төгрөг /НӨАТ орсон дүн/ төлөх гэсэн заалтыг хэвээр үлдээсэн. 2016 оны 10 сараас хариуцагч байгууллагын хүсэлтээр төлбөрийг 9 000 000 төгрөг байхаар тус тус тохиролцсон зэрэг үйл баримт тогтоогдож байна./хх-7-12/

 

Талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээний харилцаа үүссэн гэж үзнэ. Гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар талууд маргаагүй.

 

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт "Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ" гэжээ.

 

Талууд дээрх гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлж гэрээний чөлөөт байдлын дагуу хүсэл зоригоо илэрхийлж, бичгээр үйлдэж, харилцан гарын үсэг зурж баталгаажуулсан байх тул Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 43 дугаар зүйлийн 43.2.1,189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй гэж үзнэ.

 

Зохигчдын хоорондох түрээсийн гэрээний зүйл нь бие даасан бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө бус "Хөрс авто сервис" ХХК-ийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийн нэг хэсэг байх тул түрээсийн гэрээг бүртгэлийн газар бүртгүүлэх шаардлагагүй бөгөөд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт зааснаар бичгээр хийх шаардлагыг хангасан дээрх гэрээ нь хүчин төгөлдөр юм.

 

 Хэргийн баримтаас үзвэл "Сонгинохангай" ХХК нь 2016 оны 12 дугаар сараас төлбөр төлөөгүй болох нь тогтоогдсон бөгөөд түрээслэгч нь гэрээ болон хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй, нэхэмжлэгчийн түрээсийн төлбөр шаардах эрхтэй нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт зааснаар үүссэн гэж үзэх үндэслэлтэй.

 

Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 3 дугаар зүйлийн 3.5 дах хэсэгт ашиглалтын зардлыг 1 давхрын хэмжээнд түрээслэгч тал хариуцан тухай бүр нь төлж барагдуулахаар тохиролцжээ.

 

Нэхэмжлэгчийн 2016 оны 12 дугаар сараас 2017 оны 03 дугаар сарын 11-ний өдөр хүртэл түрээсийн төлбөр, ашиглалтын зардал төлөөгүй гэх шаардлага, тайлбарыг хариуцагч баримтаар нотлоогүй, няцаагаагүй бөгөөд шүүх энэ хугацааны түрээсийн төлбөр, ашиглалтын зардал 42 209 344 төгрөгийг түүнээс гаргуулж шийдвэрлэснийг буруутгах боломжгүй байна.

 

"Худалдааны төвийн талбай түрээслэх гэрээ"-ний 5 дугаар зүйлийн 5.1-д ...гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хугацаа хожимдуулсан хоног тутамд 0.3 хувиар алданги төлнө гэж талууд тохиролцсон, түрээслэгч гэрээнд заасан хугацаанд төлбөрөө төлөөгүй учир алданги тооцож нэхэмжилснийг хангасан нь гэрээний дээрх зохицуулалт болон Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт нийцсэн болно.

 

Хариуцагч "Сонгинохангай" ХХК нь хэмжилт хийхгүйгээр түрээсийн талбайг хүлээлгэж өгсөн, түрээсийн талбайн хэмжээ зөрүүтэй байсан тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж тайлбарлах хэдий ч талууд гэрээний өөрчлөлтөөр төлбөр төлөгдөөгүй үеийн түрээсийн төлбөрийг м.кв-аар биш тодорхой тогтсон үнэ 10 000 000 төгрөг болон түрээслэгчийн хүсэлтээр 9 000 000 төгрөг төлөхөөр тохирсон тул талбайн хэмжээ хэд байх нь ач холбогдолгүй, түүний тайлбар үндэслэлгүй.

 

Түүнчлэн шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид хуралдааны товыг 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдөр мэдэгдсэн байх ба тэрээр шүүх хуралдаанд ирээгүй, ямар шалтгаантай байсан талаар буюу хүндэтгэн үзэх шалтгаантай тухайгаа нотлох баримтаар нотлоогүйгээс шүүх түүний эзгүйд хэргийг шийдвэрлэснийг зохигчийн эрхийг хязгаарласан, ноцтой зөрчсөн гэж үзэхгүй юм./хх-35/

 

 Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 101/ШШ2017/02178 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн  гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 369 900 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дах хэсэгт зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.БАЙГАЛМАА

 

                           ШҮҮГЧИД                                     Ч.ЦЭНД

 

                                                                                 Б.НАРМАНДАХ