Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 785

 

Б.А-т холбогдох

          эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч М.Алдар, Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Н.Уранбайгаль,

Шүүгдэгч Б.Аын өмгөөлөгч Б.Цолмон-Эрдэнэ,

Нарийн бичгийн дарга Ч.Хатанбаатар нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Чингис даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 947 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.А, түүний өмгөөлөгч Б.Цолмон-Эрдэнэ нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Б.Ат холбогдох эрүүгийн 1803001500185 дугаартай хэргийг 2018 оны 8 дугаар сарын 6-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.

Боржигон овгийн Б.А, 1986 оны 12 дугаар сарын 5-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ “Гоёо” ХХК-д жолооч ажилтай байсан, ам бүл 3, эх, дүүгийн хамт Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, 4 дүгээр хэсэг, 49 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД: УВ86120516/;

  

   Б.А нь 2018 оны 2 дугаар сарын 17-ны оройн 21.00 цагийн орчим Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Баянзүрхийн товчооны зүүн замд У.Анарын эзэмшлийн “Хьюндэй Соната-5” загварын 37-98 УНХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа, Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.”, мөн дүрмийн 2.3-т заасан “Жолоочид дор дурдсан үүрэг хүлээнэ: а/ хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, мөн дүрмийн 2 дугаар хавсралтын 5.2-т заасан “Хол ойрын гэрлийн тусгалын тохиргоо алдагдсан”, 2.5-д заасан “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх: б/ “зам тээврийн осолд нэрвэгдсэн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хэрэв бололцоогүй бол уг хүнийг ойр байгаа эмнэлгийн байгууллагад аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу зайлшгүй тохиолдолд өөрийн жолоодож яваа тээврийн марк, улсын дугаар, гэрчилгээг үзүүлж тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх”: в/ “зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага /ажилтан/-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх” гэсэн заалтыг тус тус зөрчиж явган зорчигч Я.Золзаяаг автомашинаар мөргөж амь насыг нь хохироон, дээрх зам тээврийн гэмт хэргийг үйлдээд хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэгт холбогджээ.

 

   Тээврийн Прокурорын газраас: Б.Ат холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

   Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Боржигон овогт Б.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-д заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэргийг үйлдсэн, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1-д заасан энэ хуулийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд зугтаасан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Б.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасч, 2 жилийн хугацаагаар хорих ялаар, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1-д зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.1-д тус тус зааснаар шүүгдэгч Б.А-т оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасч, 2 жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1-д зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг дүйцүүлэн 1 сарын хугацаагаар тогтоож, нэмж нэгтгэн нийт 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, шүүгдэгч Б.А-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 зүйлийн 4-д зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.А нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.Оюунтуяа нь цаашид гарах гэм хорын зардлаа холбогдох нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Б.А-ын В ангиллын 479751 дугаартай жолоочийн үнэмлэхийг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-д зааснаар Б.А-т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг ял эдэлж дууссаны дараагаас эхлэн тоолж, Б.Ат урьд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Ат авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Б.А гаргасан давж заалдах гомдолдоо: “Б.А би 2018 оны 2 дугаар сарын 17-ны орой 21 цагийн орчимд тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа зам тээврийн осол гаргаж айж сандарсны улмаас хэргийн газраас явсан гэмт хэрэгт холбогдсон. Би санамсар болгоомжгүйн улмаас үйлдсэн гэмт хэрэгт буруутгагдаж байгаа бөгөөд энэ хэргийн улмаас хүний амь хохирсонд маш их харамсаж, гэмшиж байна. Өөрийн боломж бололцоогоороо хохирогчийн ар гэрийнхэнд хохирлыг барагдуулсан. Цаашид ч хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид сэтгэл санааны хохирлыг бүрэн төлж барагдуулах болно. Иймд анхан шатны шүүхээс надад оногдуулсан 2 жил 1 сарын хорих ялыг тэнсэн харгалзаж багасгаж өгнө үү. Та бүхний итгэлийг дааж, хуулиа дээдлэн амьдрах болно” гэв.

 

Шүүгдэгч Б.А-ын өмгөөлөгч Б.Цолмон-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дугаар зүйлийн 6.6 дахь хэсэгт заасан үндэслэлээр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг хийлгэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлж өгнө үү гэж хүсэлт гаргасан. Шүүх 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдөр өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээн авч хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэхээр болсон. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явсан боловч хялбаршуулсан журмаар явж байгаа боловч прокурортой ял тохирох асуудал яригдах байсан боловч боломж олголгүй шүүх хуралдаан явагдсан. Прокуророос нэг жил ял оногдуулах санал болгосон. Үүнийг шүүх прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг зөрчиж шийдвэрлэсэн гэж үзэж байна. Өмгөөлөгчийн зүгээс хялбаршуулсан журмаар шийдвэрлэх гол үндэслэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлууд бүрэн тогтоогдож байхад “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх журам”-ыг ноцтой зөрчсөн. Прокурорын саналын хүрээнд шүүх шийдвэрлэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг баримталж шийдвэрлэх учраас тэнсэж өгнө үү гэсэн хүсэлт гаргасан боловч шүүх хангалгүй шийдвэрлэсэн. Миний үйлчлүүлэгч Б.Аын хувьд анхнаасаа бодит хохирол болох 2.259.447 төгрөгийг цаг тухай бүрт төлж, нийт 6.200.000 төгрөг өгсөн. Тухайн үед гарсан хор уршгийн буюу 6.200.000 төгрөг төлж барагдуулсан гэж үзэж байна. Цаашдаа энэ хэрэгт холбоотой хор уршиг гарсан тохиолдолд тухай бүрт нь төлнө гэж хохирогчтой тохиролцсон байдаг. Шүүх хуралдаанд хохирогч “Би шүүгдэгчид ямар нэгэн гомдол санал байхгүй” гэсэн. Ийм нөхцөлд Б.Аыг заавал нийгмээс тусгаарлаж хорихын оронд түүнд оногдуулсан хорих ялыг тэнсэн харгалзсан тохиолдолд зөвхөн шүүгдэгч бус хохирогчийн хувьд ч бодит боломжит байдал бий болох тул түүнд оногдуулаад буй 2 жил 1 сарын хорих ялыг түүний хувийн байдал зэргийг харгалзан үзэж, тэнсэж харгалзах болгон шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү...” гэв.  

 

                                                           ХЯНАВАЛ:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүх гомдол, эсэргүүцлийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдсан гомдол, эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

             Б.А нь 2018 оны 2 дугаар сарын 17-ны оройн 21.00 цагийн орчим Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Баянзүрхийн товчооны зүүн замд У.Анарын эзэмшлийн “Хьюндэй Соната-5” загварын 37-98 УНХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа, Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.”, мөн дүрмийн 2.3-т заасан “Жолоочид дор дурдсан үүрэг хүлээнэ: а/ хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, мөн дүрмийн 2 дугаар хавсралтын 5.2-т заасан “Хол ойрын гэрлийн тусгалын тохиргоо алдагдсан”, 2.5-д заасан “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх: б/ “зам тээврийн осолд нэрвэгдсэн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хэрэв бололцоогүй бол уг хүнийг ойр байгаа эмнэлгийн байгууллагад аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу зайлшгүй тохиолдолд өөрийн жолоодож яваа тээврийн марк, улсын дугаар, гэрчилгээг үзүүлж тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх”: в/ “зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага /ажилтан/-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх” гэсэн заалтыг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч Я.Золзаяаг автомашинаар мөргөж амь насыг нь хохироон, дээрх зам тээврийн гэмт хэргийг үйлдээд хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

 

             хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-4/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /хх-9-10/, гэрч Б.Гэрэлчулууны “...өөдөөс ирж явсан цагаан өнгийн жижиг суудлын машин хүн мөргөөд тэр хүн нь урд хамар хэсгээр нь мөргөгдөөд уг мөргөсөн машины дээгүүр даваад ард нь зам дээр унасан юм. ...тухайн хүнийг мөргөсөн жижиг цагаан өнгийн машин хурдаа ч хасаагүй мөргөөд л шууд зугтаагаад яваад өгсөн...” гэх мэдүүлэг /хх-68-69/, гэрч Б.Энхтайваны “...зүүнээс баруун тийш явж байсан цайвар өнгийн суудлын машины дээд талаар том зүйл давж харагдсан. Юу болов гээд хартал уг машины зүүн хойд дугуйнд хүн дайрагдаад зам дээр хөлбөрөөд өнхөрөөд гараад ирсэн. Тэр хүнийг дайрсан цайвар өнгийн суудлын машин зогсолгүй тэр чигээрээ баруун тийш явж байгаа харагдсан...” гэх мэдүүлэг /хх-72-73/, гэрч Б.Оюунтөгсийн “...урьд явж байсан цагаан өнгийн “Hyundai Sonata 5” маркийн машины жолооч нь хүн мөргөөд зугтаасан. Тэр үед манай нөхөр огцом тоормос гишгээд зам дээр хэвтэж байсныг тойрч гараад араас нь хөөгөөд 100 метр хиртэй яваад нөгөө машиныг зогсоогоод урд нь манай машин хөндөлдөөд зогссон...” гэх мэдүүлэг /хх-79-80/, гэрч Л.Ганбаатарын мэдүүлэг /хх-85-86/, Шүүхийн Шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 484 дугаартай дүгнэлт /хх-100-102/, Автотээврийн үндэсний төвийн шинжээчийн 18/7861 дугаартай дүгнэлт /хх-120-122/, Замын цагдаагийн албаны шинжээчийн 196 дугаартай дүгнэлт /хх-135-136/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

          Анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасантай нийцжээ.

 

          Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад тулгуурлаж, хууль зүйн зөв дүгнэлт хийсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

 

          Шүүгдэгч Б.Аын гаргасан “...Би санамсар болгоомжгүйн улмаас үйлдсэн гэмт хэрэгт буруутгагдаж байгаа бөгөөд энэ хэргийн улмаас хүний амь хохирсонд маш их харамсаж, гэмшиж байна. Өөрийн боломж бололцоогоороо хохирогчийн ар гэрийнхэнд хохирлыг барагдуулсан. Цаашид ч хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид сэтгэл санааны хохирлыг бүрэн төлж барагдуулах болно. Иймд анхан шатны шүүхээс надад оногдуулсан 2 жил 1 сарын хорих ялыг багасгаж өгнө үү...” гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Б.А нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн бөгөөд анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал болон хохирогчийн Замын хөдөлгөөний дүрмийн 3.9-д заасан “Явган зорчигчид дор дурдсан зүйлийг хориглоно: г/ өөрийгөө хянаж, жолоодох чадваргүй үедээ зорчих хэсгээр явах” гэснийг зөрчсөн хууль бус үйлдэл нь гэмт хэрэг гарахад нөлөөлсөн зэргийг харгалзан хорих ялыг хөнгөрүүлж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 947 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын “...Шүүгдэгч Б.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасч, 2 жилийн хугацаагаар хорих ялаар, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1-д зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй...” гэснийг “...Шүүгдэгч Б.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасч, 1 жилийн хугацаагаар хорих ялаар, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1-д зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй...” гэж,

тогтоох хэсгийн 3 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.1-д тус тус зааснаар шүүгдэгч Б.Ат оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасч, 2 жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1-д зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг дүйцүүлэн 1 сарын хугацаагаар тогтоож, нэмж нэгтгэн нийт 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй...” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.1-д тус тус зааснаар шүүгдэгч Б.Ат оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасч, 1 жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1-д зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг дүйцүүлэн 1 сарын хугацаагаар тогтоож, ялуудыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасч, 1 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай...” гэж,

тогтоох хэсгийн 4 дэх заалтыг “Шүүгдэгч Б.Ат Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 зүйлийн 4-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй..” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Б.Ат оногдуулсан 1 жил 1 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй...” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ц.ОЧ

 

                                      ШҮҮГЧИД                                                    М.АЛДАР

 

                                                                                              Д.МЯГМАРЖАВ