Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 221/МА2019/0630

 

Ё.Н-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг    шүүгч Б.Тунгалагсайхан даргалж, шүүгч Д.Баатархүү, шүүгч Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгч Ё.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.А, Д.Т нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 128/ШШ2019/0600 дугаар шийдвэрийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор Ё.Н-ийн нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны иргэдийн Нийтийн Хуралд холбогдох захиргааны хэргийг, шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 128/ШШ2019/0600 дугаар шийдвэрээр:

1 дүгээр заалтаар: Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3, 17 дугаар зүйлийн 17.1, 17.1.1, 23 дугаар зүйлийн 23.4, 23.10, Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ё.Н-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Мөнхийн хайр сүмд болсон хуралдаанаас гарсан иргэдийн Нийтийн Хурлын 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн Тооллогын комисс байгуулах тухай 01дүгээр тогтоол , Иргэдийн нийтийн Хурлын дарга сонгох тухай 02 дугаар тогтоол, Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийх ажлыг эрэмбэлэх тухай 03 дугаар тогтоол, түүний хавсралтыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д заасны дагуу 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрөөс хойш хугацааны хорооны Хурлын даргад олгох сар бүрийн урамшууллыг хариуцагчаас гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

2 дугаар заалтаар: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэлийн 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны Иргэний танхимд болсон хуралдааныг хүчин төгөлдөр болохыг тогтоолгох шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн дугаар 128/ШШ2019/0600 шийдвэрийн “2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн “Мөнхийн хайр” сүмд болсон хуралдаанаас гарсан Иргэний нийтийн хурлын тооллогын комисс байгуулах тухай 01, Иргэдийн Нийтийн Хурлын даргыг сонгох тухай 02, Орон нутгийн өмчийн хөрөнгөөр хийх ажлыг эрэмбэлэх тухай 03 тогтоол, түүний хавсралтыг хүчингүй болгосон”-ыг хүчингүйд тооцуулах Нямцоогийн нэхэмжлэлтэй Сүхбаатар дүүргийн 11-р хорооны Иргэдийн Нийтийн Хуралд холбогдох Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 128/ШШ2019/0600 шийдвэрт Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр гаргаж байна. Үүнд: Шүүх нь Монгол улсын Засаг захиргаан түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.10-т “...хорооны хурлын хуралдаанд зөвхөн тухайн баг хорооны сонгуулийн насны иргэн бүр оролцож болох бөгөөд хуралдаанд ... хороо, аймгийн төвийн сумын багт 20-30 өрх тутмаас тус бүр 1 хүн хүрэлцэн ирсэн тохиолдолд хүчинтэйд тооцно” гэж заасныг хэрэглэхдээ Хэрэгт цугларсан нотлох баримтыг дутуу үнэлж, уг хуулийн заалтыг буруу хэрэглэж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйл “Шүүхийн өмнө эрх тэгш байх”, 7 дугаар зүйл “Шүүхийн нотлох зарчим”, 34 дүгээр зүйлийн 34.1-т “Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” 34 дүгээр зүйлийн 34.2-т “нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж заасныг тус тус зөрчсөн гэж үзэж байна.

Шүүхийн шийдвэрт “Мөнхийн хайр сүмд болсон Иргэдийн Нийтийн Хурлын ирцийг 119 хүний ирцийг хүчин төгөлдөр бус” гэж үзсэн атлаа “Иргэний танхимийн хуралдаан нь хүчин төгөлдөр ирцтэйгээр хуралдсан” гэж үзсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байгаа нь эргэлзээтэй байна. Тухайлбал:

Хавтаст хэрэгт авагдсан Иргэний танхимд болсон иргэдэд саналын хуудас тараасан баримтад 79 хүн гарын үсэг зурсан, Шүүхэд өгсөн СD бичлэгт мөн 124 хүний ирц хүрэхгүй байгаа, Иргэний танхимийн багтаамж нь 124 хүн орох багтаамжгүй гэдгийг нь тухайн хорооны Иргэдийн Нийтийн Хурлын дарга Б.Батжаргал /гуравдагч этгээд/, тэргүүлэгч Ш.Уранбилэг /хариуцагч/ нарын мэдүүлэг, хавтаст хэрэгт фото зураг, гэрчүүдийн мэдүүлэг өгсөн байгаагаас тус тус дүгнэхэд Иргэний танхимд болсон хурал нь Монгол улсын засаг захиргаан нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.10-т дахь хэсгийг хангасан гэж үзэж үндэслэлгүй байна.

Шүүхийн шийдвэрт “Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны Зүүн сэлбэ 4-ийн 30 тоотоос Ч.Чимэдцэрэн, Т.Мөнхцэцэг, Б.Батжаргал, Б.Лхагвадулам, Б.Оюун, Б.Эрдэнэбаатар, Рашаантын 15-26 тоот В.Доржсүрэн, В.Нямсүрэн, М.Эрдэнэчимэг, Ч.Чинбаатар, Зүүн сэлбийн 4-28 тоотоос Заяажаргал, Наранчимэг, Х.Энхтуяа, З.Должинсүрэн гэх зэргээр Мөнхийн хайр сүмд болсон хуралдааныг “нэг хаягаас 2-5 хүн бүртгэсэн нь ...хуульд заасан хүчин төгөлдөр ирцтэйгээр хуралдсан гэж үзэх боломжгүй байна гэжээ”. Тухайн гэр хорооллын хашааны нэг хаяг дээр 2-5 өрх айл амьдрах байх боломжтой атал уг асуудлыг 1 мөр тодруулалгүйгээр урьдчилсан дүгнэлт, таамаглал хийсэн нь учир дутагдалтай байна. Монгол улсын, Засаг захиргаан нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.10-т “...20-30 өрх тутмаас тус бүр 1 хүн хүрэлцэн ирсэн тохиолдолд хүчинтэйд тооцно” гэж заасан. Өөрөөр хэлбэл хаягжилт, өрх гэсэн Хууль зүйн хувьд хоёр өөр ойлголтыг нэг мэтээр ойлгож Шүүх хэрэглэсэн нь учир дутагдалтай байна.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 128/ШШ2019/0600 дугаар бүхий шийдвэрийн Мөнхийн хайр сүмд болсон хуралдаанаас гаргасан Иргэдийн Нийтийн Хурлын Тооллогын комисс байгуулах тухай 01, Иргэдийн Нийтийн Хурлын даргыг сонгох тухай 02, Орон нутгийн сангийн хөрөнгөөр хийх ажлыг эрэмбэлэх тухай 03 тогтоол, түүний хавсралтыг хүчингүй болгосон шийдвэрийг хүчингүйд тооцож өгнө үү” гэжээ. 

ХЯНАВАЛ :

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 128/ШШ2019/0600 дугаар шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын дагуу Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т зааснаар  “гомдлын хүрээнд” хэргийг хянав.

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв. Гэхдээ хэргийн үйл баримт болон анхан шатны шүүхийн хийсэн зарим дүгнэлтийг тодруулах, зөвтгөх шаардлагатай гэж үзэв.

Энэ хэргийн тухайд хариуцагч нь Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны иргэдийн Нийтийн Хурал бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Ш.Уранбилэг, Ц.Алтансувд нар оролцож байна. Гэвч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь харилцан адилгүй байр суурь баримталж, тайлбар гаргаж, нэг итгэмжлэгдсэн  төлөөлөгч болох Ш.Уранбилэг нь нь давж заалдах гомдол гаргаж, нөгөө итгэмжлэгдсэн төлөөлөгч болох Ц.Алтансувд нь давж заалдах гомдлыг эсэргүүцэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэсэн тайлбар гаргаж байна.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 9 дүгээр зүйлд зааснаар хорооны иргэдийн Нийтийн Хурал нь нутгийн өөрөө удирдах байгууллага бөгөөд иргэдийн Нийтийн Хурал нь улс төрөөс ангид байж нутгийн өөрөө удирдах ёсыг хэрэгжүүлж байх учиртай.  Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны тухайд энэ зарчим алдагдсан байна. Энэ байдал нь  хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болох Ц.Алтансувдын “...иргэдийн Нийтийн Хуралд намын харьяалал хамааралгүй. Гэтэл Сүхбаатар дүүрэг дээр 2016 оны сонгуулийн үр дүнгээр Ардчилсан нам гарсан. Засаг даргыг хууль бусаар томилохын тулд иргэдийн Нийтийн Хурлыг хууль бусаар авч байгаа жишээ нь энэ гарч байгаа юм. Ингээд шүүхийн явцад 2, 3 сар, жилээр нь маргаан явуулсан. Сүхбаатар дүүргийн Засаг дарга н.Болормаа нь гарсан Засаг дарга н.Батжаргал гэдэг хүнийг хууль бусаар ажлаас нь халсан. Ингээд ахиад үүрэг гүйцэтгэгчээр Сүхбаатар дүүргийн иргэний хурлын хэлтсийн даргыг үүрэг гүйцэтгэгчээр томилсон...” гэх тайлбар болон тухайн хорооны иргэд 2 тусдаа хуралдсан, 2 иргэдийн Нийтийн Хурлын дарга сонгосон байгаа нь хэрэгт цугларсан баримтаар тогтоогдож байна.

Хорооны иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгч нар нь  нам намаараа талцаж, үүндээ хорооны иргэдийг татан оролцуулсан төдийгүй, зарим иргэнийг нэр дэвшүүлж энэхүү үйл ажиллагааныхаа гол дүр болгож буй нь харамсалтай.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Сүхбаатар дүүргийн иргэдийн Нийтийн Хурлын тэргүүлэгч 4 гишүүн нь хоёр хоёроороо хуваагдсан төдийгүй 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдөр хоёр тусдаа хорооны иргэдийн Нийтийн Хурлыг зарлан хуралдуулсан байна.

1/ Хорооны байранд болсон хуралдааныг хорооны иргэдийн Нийтийн Хурлын тэргүүлэгч Ц.Алтансувд даргалан хуралдуулж, тухайн хорооны иргэдийн Нийтийн Хурлын даргыг сонгох, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийх ажлыг эрэмбэлэх тухай асуудлыг хэлэлцэж, хурал хэлэлцсэн асуудлаараа Тооллогын комисс байгуулах тухай, иргэдийн Нийтийн Хурлын Дарга сонгох тухай тогтоол, Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийх ажлыг эрэмбэлэх тухай тогтоолыг тус тус гаргасан байна. Энэ хурлаас Ё.Н нь иргэдийн Нийтийн Хурлын даргаар сонгогджээ.

2/ Тус хороонд байрлах “Мөнхийн хайр” сүмийн байранд тус хорооны иргэд хуралдаж, /Ш.Уранбилэг удирдан зохион байгуулж/ тухайн хорооны иргэдийн Нийтийн Хурлын даргыг сонгох, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийх ажлыг эрэмбэлэх тухай асуудлыг хэлэлцэж, хурал хэлэлцсэн асуудлаараа Тооллогын комисс байгуулах тухай 01 дүгээр тогтоол, иргэдийн Нийтийн Хурлын дарга сонгох тухай 02 дугаар тогтоол, Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийх ажлыг эрэмбэлэх тухай 03 дугаар тогтоолыг тус тус гаргажээ. Уг хурлаас хорооны иргэдийн Нийтийн Хурлын даргаар Б.Батжаргал сонгогдсон байна.

Харин 11 дүгээр хорооны байранд явагдсан иргэдийн Нийтийн Хурлаас даргаар сонгогдсон иргэн Ё.Н нь өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзээд “Мөнхийн хайр” сүмд болон иргэдийн Нийтийн Хурлаас гарсан тогтоолуудыг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасан байх бөгөөд харин “Мөнхийн хайр” сүмийн байранд болсон хурлаас сонгогдсон иргэн Б.Батжаргал нь 11 дүгээр хорооны байранд болсон хуралдаанаас гарсан тогтоолуудыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл болон бие даасан шаардлага гаргаж шүүхээр шийдвэрлүүлээгүй байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдөр “Мөнхийн хайр” сүмийн байранд хуралдсан иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанаас гаргасан “Тооллогын комисс байгуулах тухай” 01 дүгээр тогтоол, Хорооны иргэдийн Нийтийн Хурлын дарга сонгох тухай 02 дугаар тогтоол, Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийх ажлыг эрэмбэлэх тухай 03 дугаар тогтоолыг хүчингүй болгож зөв шийдвэрлэжээ.

Гэхдээ “хаягжилт” болон “өрх”, “сонгуулийн эрх бүхий иргэн”, “сонгогч” гэсэн ойлголтуудын талаар зөв дүгнэлт хийхгүй, нэг хаягаас зөвхөн нэг санал өгөх мэтээр буруу дүгнэлт хийсэн байгааг дурдах нь зүйтэй.

Нэхэмжлэгчээс гаргасан “Иргэний танхимд хуралдсан хуралдааныг хүчин төгөлдөр болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага нь захиргааны актын шинжийг агуулаагүй, тодруулбал хуралдаан нь шийдвэр гаргах ажиллагааны процесс бөгөөд хуралдаан нь дангаараа нэхэмжлэгчийн хувьд эрх зүйн үр дагавар үүсгэхгүй, харин түүнээс гарсан тогтоол нь эрх зүйн үр дагавартай захиргааны акт гэж үзнэ. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д зааснаар нэхэмжлэлийн уг шаардлагыг хүлээн авахаас татгалзах нь хууль зүйн үндэслэлтэй байна” гэж зөв дүгнэлт хийж, хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

Уг хуралдааны бичлэгээс үзэхэд тухайн хуралдаан нь хүчин төгөлдөр ирцтэй байсан гэж үзэх боломжгүй, цугларсан хүний тоо 80 хүрэхгүй байна. Түүнчлэн Иргэний танхимд 124 хүн багтах бодит боломжгүй болох нь бичлэгээс тодорхой харагдаж байна. Гэвч “Мөнхийн хайр” сүмд болсон хурлаас иргэдийн Нийтийн Хурлын даргаар сонгогдсон иргэн Б.Батжаргал нь “Иргэний танхимд болсон иргэдийн Нийтийн Хурлаас гарсан тогтоолуудыг хүчингүй болгуулах” шаардлага гаргаагүй, ийм хэргийг хэлэлцээгүй тул уг тогтоолуудыг шүүх санаачлагчаараа хүчингүй болгохгүй юм. 

Нэхэмжлэгчийн Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д заасны дагуу 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрөөс хойш хугацааны хорооны Хурлын даргад олгох сар бүрийн урамшууллыг хариуцагчаар гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж анхан шатны шүүх үзжээ.

Энэхүү хэрэгсэхгүй болгосон хэсэгт иргэн Ё.Н гомдол гаргаагүй тул тусгайлан дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 128/ШШ2019/0600 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж,  хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасныг баримтлан хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                          ШҮҮГЧ                                                      Б.ТУНГАЛАГСАЙХАН

               ШҮҮГЧ                                                        Д.БААТАРХҮҮ

               ШҮҮГЧ                                                        Э.ЗОРИГТБААТАР