Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 11 сарын 25 өдөр

Дугаар 2021/ШЦТ/756

 

 

 

 

 

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Нарансолонго, Д.Өнөрцэцэг нар хөтлөн,

улсын яллагч Д.Батзаяа,

шүүгдэгч П, түүний өмгөөлөгч Э.Үнэнсайхан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар  ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч П-д холбогдох эрүүгийн 000000000 дугаартай хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч П нь “2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Техник технологийн дээд сургуулийн дотуур байрны 408 тоот хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч иргэн Г-ын эд зүйлийг хулгайлж 4.942.660 төгрөгийн хохирол учруулж хулгайлах” гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар   

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэг: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч П нь “2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Т сургуулийн дотуур байрны 408 тоот хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч иргэн Г-ын эд зүйлийг хулгайлж 4.942.660 төгрөгийн хохирол учруулсан” гэх үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

 

Шүүх хуралдаанаар дараах яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П-ийн өгсөн “...Шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаа. Хохирогч ч мөн тухайн үед шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн байсан хэр нь одоо яагаад илүү мөнгөн дүн нэхээд байгааг ойлгохгүй байна. Хийсэн үйлдэлдээ маш их харамсаж, өөрөө ч ийм байдалд ороод, гэр бүлээ ч хүнд байдалд оруулаад, хохирогчийг нь хэцүү байдалд оруулсандаа гэмшиж байна. Би тухайн үед 18, 19-тэй жоохон байсан болохоор болчимгүй зүйл хийсэн. Одоо би өөрийн гэсэн бодолтой болсон. Сургуулиа төгсөөд ажил хөдөлмөр эрхэлж байсан. Одоо ажил төрөл хийгээд амьдарна. Хохирогчийн хохирол төлбөрийг төлж барагдуулсан. Иймд хөнгөн ял оногдуулж өгнө үү…”  гэх мэдүүлэг,

 

            Эрүүгийн 0000000000 дугаартай хэргээс:

            Баянгол дүүргийн цагдаагийн газарт хохирогч Г-ын гаргасан өргөдлүүд /хх-ийн 37-43 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 44-48 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр Г-ын хохирогчоор өгсөн “...2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг техник технологийн дээд сургуулийн оюутны байранд ороод 2017 оны 12 дугаар сарын эхээр Хөвсгөл аймаг яваад 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хөдөө орон нутгаас өрөөндөө ороход цоожны цүүг эвдэж хулгайч орсон байсан. Миний өрөөнд байсан хувцас болон эд зүйл хулгайд алдагдсан байсан. Тэгээд уг сургуулийн камерыг шүүхэд хулгай хийсэн этгээд камерт бичигдсэн байсан. Жижүүрээс асуухад М, М байна гэж хэлсэн тэгээд цагдаагийн байгууллагад хандсан. Сэжигтэй этгээдээс цагдаагийн байгууллагаас хувцас эд зүйл олж өгсөн. Миний нэхэмжлэх зүйл шүрэн толгойтой хуучны хөөрөг ам нь эмтэрсэн 14-15 сая төгрөг, самсунг галакси эс-6 маркийн гар утас 450.000 төгрөг, ноосон цамц 2 ширхэг 130.000 төгрөг, хавар, намрын ботинк хуучин 150.000 төгрөг, жилетик шинэ 70.000 төгрөг, даавуун өмд 50.000 төгрөг, брюкин өмд хуучин 45.000 төгрөг, чөлөөт загварын цамц шинэ 65.000 төгрөг, подволк 3 ширхэг шинэ 105.000 төгрөг, өмдний тэлээ хуучин 15.000 төгрөг, бугуйн цаг хуучин 80.000 төгрөг, ноосон цамц шинэ 50.000 төгрөгийн зүйлсийг нэхэмжилнэ. Миний хувцасны баримт байгаа...”  /хх-ийн 68-70 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2021 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Г-ын хохирогчоор дахин өгсөн “...Би анх мэдүүлэгтээ ямар эд хөрөнгө алдсан талаараа дэлгэрэнгүй хэлсэн. Сургуулийн дотуур байрны 408 өрөөнөөс өөрийн хэрэглээний хувцаснууд, принтер, хадам аавын хөөрөг гэх мэт зүйлээ алдсан. Буцааж авсны дараа би дахин өргөдөл гаргаж дутуу эд зүйлийнхээ жагсаалтыг гарган өгсөн. Түүнээс хойш хадам аавын хөөрөг, гар утас, гутал гэх мэт эд зүйлээ буцаан аваагүй. Хөөрөг надад байсан талаар миний эхнэр гэрчилнэ, өөр гэрчлэх зураг байхгүй. Тэр залуу хөөргийг Хархорин зах дээр аваачиж зарсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Хөөргийг би 14 сая төгрөгөөр үнэлсэн. 18 дугаар үеэс өвлөгдөн ирсэн дунд гарын халтар манан хөөрөг, 2 мөр нь дээрээ 4 одтой, хавтгайдуу хэлбэртэй, ам нь мөнгөн бөгжтэй, шүрэн толгойтой, оюу нуухтай, зэс юм уу, гуйлан хавчуургатай хөөрөг...” гэх  мэдүүлэг /хх-ийн 73-74 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд М-ийн гэрчээр өгсөн “...Би Т сургуульд хүнсний тэнхимд багшаар ажилладаг. Манай дотуур байранд амьдардаг Г гэдэг залуу байдаг. Тэр надад 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн өглөө 10 цагийн орчимд “манай өрөөнд хулгай орчихсон байна. Миний бичиг баримтаа хийгээд тавьчихсан байсан паск буюу жижиг цүнх байхгүй байна. Үүнийг харсан уу гээд надад нэг зураг үзүүлсэн. Би тэр паскийг зүүсэн байсан хүүхдийг 2018 оны 01 дүгээр сарын 30-нд Т сургуулийн дотуур байранд 6 жигүүрт шалгалт хийж байгаад коридорт П зүүчихсэн явж байхыг харсан. П манай дотуур байрнаас гарах хугацаа нь болчихсон ч гараагүй байсан ба тэр өдөр би эргэж ирж хувцсаа авна шүү ахаа гэж хэлээд гарч явахдаа зүүчихсэн байсан. Г-ын зургаас үзүүлсэн цүнх мөн байсан. 406 тоот өрөөнд М нь 2 хүнтэй архи уугаад согтуу байсан. Намайг харахад Г-ын өрөөний хаалга цоожтой харагдсан. Би түлхэж үзээгүй. П тэр оройдоо эргэж ирээгүй ба М орой нь нөгөө 2 хүнтэйгээ гараад явсан. М нь манай дотуур байранд амьдардаггүй. Архи уусан шалтгаанаар хөөгдсөн. Манай сургуульд эчнээгээр суралцаж байгаа. Яг аль ангид байдгийг нь мэддэггүй. М тэр оройдоо манай жижүүр ахыг зодоод бид цагдаа дуудаад явуулсан. Би тэр өдрөөс хойш өөрийнхөө ээлж дээр П-ийг дахин хараагүй. П нь манай сургуулийн сантехникийн ангид 2,5 жил сураад 01 дүгээр сарын 31-нд төгсөөд дотуур байрнаас гарсан. П нь ойролцоогоор 20 орчим насны 190 см өндөр туранхай банди, үс нь их урт, өөр содон шинж гэхээр зүйлгүй. М-ын хувьд манай сургуулийн эчнээд сурдаг бөгөөд яг ямар ангид сурдаг талаар би мэдэхгүй. 25 орчим насны 180 орчим см өндөр, мярайлагдуу хүүхэд байсан. Содон шинж тэмдэг гэхээр зүйлгүй. П нь Г-ын үзүүлсэн зураг дээрх жижиг паск шиг паскийг зүүсэн байсан. Гартаа юм бариагүй хоосон байсан. М гарахдаа өмссөн хувцастайгаа гарсан. Г-ын өрөөний хаалганы цоож зүүлттэй байсан болохоор би сайн мэдэхгүй байна. П-ийг өмнө жил хулгайн хэрэгт орж байсан гэж манай аж ахуйн дарга хэлсэн. Г-ыг би харж байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 80-81 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд М-ын гэрчээр өгсөн “...Би 2018 оны 03 билүү 04 дүгээр сарын үед одоо сайн санахгүй байна Т сургуулийн оюутны дотуур байранд 411 тоотод амьдарч байхдаа нэг өдөр дотуур байрандаа явж байтал нэг өрөөний хаалганы цоож нь эвдэрсэн байхаар нь юу болсон юм бол гэж бодоод орж хараад буцаж гарч байсан дараа нь тус өрөөнд хулгай орсон гэж мэдээд би Баянгол дүүргийн цагдаагийн газрын 2 дугаар хэлтэст ирж тайлбар өгсөн. Би хулгай орсон гэх өрөөнд хэн амьдарч байсан эсэх талаар мэдэхгүй. Харин хулгай орсон өрөөний хажуу өрөөнд манай доод курсийн дүү П амьдардаг байсныг санаж байна. Оюунтны дотуур байранд амьдардаг байсан болохоор танина. Анх үүдийг нь харахад цоож нь эвдэрсэн, доторх эд зүйл нь замбараагүй байсан. Шүүгээ нь эвдэрсэн, нэг матраас, ус буцалгагч, тогоо байсан, өөр зүйлийг нь би санахгүй байна. Би тухайн өрөөнөөс ямар нэгэн эд зүйл аваагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 82 тал/,

 

“Д” хөрөнгийн үнэлгээний төвийн 2021 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 00000000 дугаартай дүгнэлт /хх-ийн 88-91 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд П-ийн яллагдагчаар өгсөн “...Би тухайн хэргийг үйлдсэн. 2017 оны 12 дугаар сард би Баянгол дүүргийн 5 дугаар хороо, техник технологийн дотуур байрнаас хулгай хийсэн. Би тухайн үед тус сургуульд сурдаг байсан. Энэ үедээ дотуур байранд амьдардаг байсан. Гар утас, хөөрөг гэх мэт хохирогчийн хэлээд байгаа зүйлийг бүгдийг нь би авсан. Яг тийм тийм зүйл авсан гэж хэлж мэдэхгүй байна. Ямар нэгэн эд зүйл хулгайлах санаатай тухайн өрөөнд өрөөнд ороогүй. Нас бага байсан болохоор томоогүй зангаасаа болж ийм зүйл хийсэн. Тухайн үед хүүхэд байсан болохоор зарж борлуулаад хоол унд, тоглоомд зарцуулсан. Тухайн үед хулгайлсан эд зүйлээ буцаан өгсөн. Хохирлыг ойрын хугацаанд нөхөн төлнө, Г-д хохирол учруулсандаа харамсаж байна. Дахин ийм үйлдэл хийхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 105 тал/,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор шүүгдэгч П-ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 126 тал/, иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 108, 109, 124 тал/, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 113 тал/, Цагдаагийн асап сангийн лавлагаа /хх-ийн 120-122 тал/, садан төрлийн лавлагаа /хх-ийн 125 тал/, оюутны товч танилцуулга /хх-ийн 127-128 тал/  зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор хуульчлагдсан байна.

 

Баянгол дүүргийн прокуророос шүүгдэгч П нь 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Т сургуулийн дотуур байрны 408 тоот хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч иргэн Г-ын эд зүйлийг хулгайлж 4.942.660 төгрөгийн хохирол учруулж хулгайлсан  буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “Хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэж хэргийг зүйлчилж шүүхэд ирүүлсэн байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д “Хулгайлах” гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн  шинжээр хүндрүүлэн зүйлчлэхээр хуульчилсан ба энэхүү хууль бус нэвтрэлтийг шүүгдэгчийн хувьд нэвтрэхийг зөвшөөрөгдөөгүй эсхүл тухайн цаг хугацаанд нэвтрэхийг хориглосон орон зай байх ба хориг саад буюу цоожийг байршуулсан, шүүгдэгч энэхүү хориг саадыг мэдсээр байж нэвтэрч орсон байх онцлогтой.

 

Шүүгдэгч П-д холбогдуулан ирүүлсэн хэргийн үйл баримттай буюу хохирогчийн эд зүйлийг хулгайлсан гэх үйлдэлтэй шүүгдэгч болон түүний өмгөөлөгч маргаагүй хэдий ч хэргийн зүйлчлэлтэй болон гэмт хэргийн улмаас гарсан хохирлын хэмжээг хүлээн зөвшөөрөхгүй маргаж шүүхийн хэлэлцүүлэгт оролцсон болно.

 

Шүүгдэгч нь эд зүйл авч гарсан орон байрыг хохирогчтой хамт амьдарч байсан оюутны байрны хамт амьдардаг нэг өрөө гэж маргах ба энэ нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан гэрч Г-ын “...П нь хажуу өрөөнд... гэх хүүхдүүдийн хамт байсан...” гэх мэдүүлэг /хх-79 тал/, гэрч М-ийн “...П нь манай сургуулийн сантехникийн ангид 2.5 жил суралцаад энэ оны 01.31-нд төгсөөд дотуур байрнаас гарсан...” гэх  мэдүүлэг /хх-80 ар тал/, хавтаст хэргийн 44-48 дахь тал дахь гэрэл зургийн үзүүлэлтүүд зэргээр үгүйсгэгдэж хохирогчийн эд зүйлсээ алдсан орон байр нь шүүгдэгчийн хувьд нэвтрэхийг зөвшөөрөгдөөгүй орон зай байх ба хориг саад буюу цоожийг байршуулсан, шүүгдэгч энэхүү хориг саадыг мэдсээр байж нэвтэрч орсон болох нь нотлогдон тогтоогдсон.

 

Дээрх нотлох баримтууд болон  шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бусад нотлох баримтууд болох шүүгдэгч, хохирогчийн мэдүүлгүүд, хавтас хэргийн 88-91 дүгээр талд авагдсан “Д” хөрөнгийн үнэлгээний төвийн дүгнэлт зэргийг үндэслэн шүүгдэгч П-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, Баянгол дүүргийн прокуророос шүүгдэгч П-д холбогдуулан ирүүлсэн хэргийн зүйлчилж зөв гэж шүүх дүгнэлээ.

 

Иймд, шүүгдэгч П-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч П-ийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Г нь 14.719.500 төгрөгийг нэхэмжилсэн. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шинжээч томилж, нэмэлт шинжилгээ хийлгэх тухай 2021 оны 9 сарын 9-ны өдрийн мөрдөгчийн тогтоолын дагуу D хөрөнгийн үнэлгээний тайлангаар хохирогчид учирсан хохирлыг 4.942.660 төгрөгөөр тогтоож, хэргийн оролцогч нар шинжээчийн дүгнэлттэй танилцаж үнэлгээг хүлээн зөвшөөрсөн талаарх тэмдэглэл хавтаст хэрэгт авагдсан байна /хх-92-93 тал /.

 

Тодруулбал, хэргийн оролцогч нар шинжээчийн дүгнэлтэд гомдол гаргах, дахин шинжээч томилуулах эрхээ мөрдөн шалгах ажиллагааны шатанд эдэлсэн болохыг тэмдэглэж байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П нь буцаан өгсөн зарим эд зүйлийг давхардуулан үнэлсэн байна гэж маргасан ба хавтаст хэргийн 42 дугаар талд авагдсан хохирогчийн цагдаад гаргасан өргөдөлд /2018.03.09-ны өдрийн огноотой / хүлээж аваагүй эд зүйлсийнхээ жагсаалтыг гаргаж өгсөн нөхцөл байдал, шүүгдэгч зарим эд зүйлийг буцаан өгсөн нөхцөл байдал  шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон тул D хөрөнгийн үнэлгээний тайлангаар хохирогчид учирсан хохирлыг тооцсон  4.942.660 төгрөгийн үнэлгээнээс уг үнэлгээний жагсаалтын 1, 2, 13, 14, 17, 20, 22, 24, 25, 26, 27, 29, 37 дугаарт бичигдсэн эд зүйлсийн үнэлгээг нэгтгэн  нийт хохирлыг тооцож,  хохирогч  Г-д 2,911,140 / хоёр сая есөн зуун арван нэгэн мянга нэг зуун дөч / төгрөг  олгох нь зүйтэй гэж шүүх шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгчийг шүүх гэм буруутайд тооцох шийдвэрийг танилцуулахад шүүгдэгч болон түүний  өмгөөлөгчөөс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.15 дугаар  зүйлийн 1.3-д зааснаар хохирол төлөх 5 хоногийн завсарлага авах саналыг гаргаж,  шүүх хуралдаан завсарласан хугацаанд шүүгдэгч нь хохирогчид төлбөл зохих 2,912,000 төгрөгийг төлсөн байх тул шүүгдэгчийг хохирогчид төлөх хохирол төлбөргүй гэж дүгнэлээ.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч П нь гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, шүүгдэгч нь хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн  17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.-д зааснаар түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүхээс шүүгдэгч П-д ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.

 

Шүүгдэгч  П нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-д заасныг журамлан шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар  1 /нэг/ жил 4 /дөрөв/ хоногийн хорих ялыг оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч нь шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд 4 /дөрөв/ хоног цагдан хоригдсон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан хорих ялыг 1 /нэг/ жилээр тооцсон болно.

 

Шүүгдэгч П нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэмт хэрэг 2018 оны 01 дүгээр сард үйлдэгдсэн байх тул шүүхээс 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглэх хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

Улсын яллагчаас шүүгдэгч нь “Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 0000 оны 00 дугаар сарын 00-ны өдрийн 000 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар урьд эдлээгүй 2 сар 29 хоногийн ял дээр нэмж нэгтгэн 2 жил 29 хоногийн хорих ял оногдуулж, Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 0000 оны 00 дугаар сарын 00-ны өдрийн 000 дугаартай захирамжаар “Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж биеэр эдлээгүй ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольсон” өөрөөр хэлбэл шүүгдэгчийг дахин Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулах боломжгүй гэж санал гаргасныг шүүх саналыг хууль зүйн үндэслэл тогтоогүй гэж дүгнэв.

 

Учир нь Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 0000 оны 00 дугаар сарын 00-ны өдрийн 000 дугаартай шийтгэх тогтоолоор хянан шийдвэрлэсэн хэргийн үйл баримттай энэ шийтгэх тогтоолоор хянан хэлэлцсэн хэргийн үйл баримт буюу 2018 оны 01 сарын үйл баримтыг нэг яллах дүгнэлтийн хүрээнд шүүхэд холбогдох хэргийг шилжүүлж хэргийг эцэслэн шийдвэрлүүлэх боломжтой байсан,  шүүгдэгчийн хувьд эрх зүйн байдлаа  дордуулахгүйгээр өөрт холбогдох хэргүүдийг эцэслэн шийдвэрлүүлж,  нэг захирамжаар  өршөөл үзүүлэх хуульд хамрагдах бүрэн боломжтой байсан байна.

 

Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 0000 оны 00 дугаар сарын 00-ны өдрийн 000 дугаартай шийтгэх тогтоол гарснаас хойш шүүгдэгч нь дахин санаатай гэмт хэрэгт холбогдоогүй, энэ шийтгэх тогтоолоор гэм буруутайд тооцсон үйлдэл нь 2018 оны 1 дүгээр сард үйлдэгдсэн, 2021 Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т заасан хууль үйлчлэх цаг хугацаанд хамаарч байх тул шүүгдэгч П-ийн “2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Т сургуулийн дотуур байрны 408 тоот хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч иргэн Г-ын эд зүйлийг хулгайлж хохирол учруулсан” гэмт хэргийг  2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулах нь зүйтэй байна.

 

Иймд 2021 оны Өршөөл Үзүүлэх тухай хуулийн  7.2 дугаар зүйлд заасныг баримтлан П-д оногдуулсан хорих ялыг 1 /нэг/ жил 4 /дөрөв/ хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж,  ялын хязгаарыг Улаанбаатар хотын бүс нутгаар тогтоож шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1-т заасныг журамлан энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан ял дээр Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн  000000000 захирамжаар оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялаас үлдсэн  1 жил 3 сар 5 хоногийн ялыг нэмж нэгтгэн П-ийн эдлэх ялыг 2 /хоёр/ жил 3 /гурав / сар 5 /тав/ хоногоор тогтоож, шүүхийн шийдвэрийн хэрэгжилтэд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэлээ.

 

 Шүүгдэгч П нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан  эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох үндэслэл болсон болно.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Хэргийн хамт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь дөрөв хоног цагдан хоригдсон, гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 2,912,000 /хоёр сая есөн зуун арван хоёр мянга / төгрөгийг хохирогч Г-д төлсөн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч П-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авч шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.П-г хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “Хулгайлах” гэмт хэргийг  үйлдсэн гэм  буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-д заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар П-г 1 /нэг/ жил 4 /дөрөв/ хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. П-ийн шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд цагдан хоригдсон 4 /дөрөв/ хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

 

4. 2021 оны Өршөөл Үзүүлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлд заасныг баримтлан П-д оногдуулсан хорих ялыг 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж,  ялын хязгаарыг Улаанбаатар хотын бүс нутгаар тогтоосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1-т заасныг журамлан энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан ял дээр Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн  0000000 захирамжаар оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялаас үлдсэн  1 жил 3 сар 5 хоногийн ялыг нэмж нэгтгэн П-н эдлэх ялыг 2 /хоёр/ жил 3 /гурав / сар 5 /тав/ хоногоор тогтоосугай.

 

6. Шүүхийн шийдвэрийн хэрэгжилтэд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

7. Шүүгдэгч нь шүүхээс түүнд оногдуулсан оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг  биелүүлээгүй тохиолдолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу эдлээгүй үлдсэн ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг түүнд мэдэгдсүгэй.

 

8. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч дөрөв хоног  цагдан хоригдсон, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1, 38.2  дахь  хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний  өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

10. Шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол П-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ           Ц.ЭРДЭНЭЧИМЭГ