Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 2021/ШЦТ/750

 

 

 

 

 

 

  

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж,

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Баасандорж хөтлөн,

Улсын яллагч: Б.Солонго,

Шүүгдэгч: А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн яллагдагч А-д холбогдох эрүүгийн 0000000000000 дугаартай хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч А нь “...2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хороо, Прогресс зочид буудал дотор хохирогч Э-ийн гээгдүүлсэн Самсунг А71 загварын гар утсыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас түүнд бага хэмжээнээс дээш буюу 934.600 төгрөгийн хохирол учруулсан...” гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар      

ТОДОРХОЙЛОХ нь:

НЭГ: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч А нь “2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 0 дугаар хороо, П зочид буудал дотор хохирогч Э-ийн гээгдүүлсэн Самсунг А71 загварын гар утсыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас түүнд бага хэмжээнээс дээш буюу 934.600 төгрөгийн хохирол учруулсан” гэх үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

 

Дээрх үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А “...хийсэн хэрэгтээ гэмшиж байна, хохирлыг төлж барагдуулна...” гэх мэдүүлэг,

 

Эрүүгийн 000000000000 дугаартай хэргээс:

Гэмт хэргийн гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Э-ийн хохирогчоор өгсөн “...2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр би найз Э-ийн хамт хороололд пабд суугаад пиво ууж байгаад 0 дугаар хорооллын П нэртэй зочид буудлын 205 тоот өрөөнд орж пиво уусан. Тэгээд хэсэг сууж байгаад найзтайгаа маргалдаад утсаар ярихаар өрөөнөөсөө гараад 3 давхрын шатны хажуу талын цонх нь дээр зогсоод утсаар ярьж байснаа санаж байна. Би тухайн үед нэлээн уусан байсан учир утсаар ярьж байгаад хаана тавьснаа санадаггүй. Маргааш өглөө нь эзэнгүй, захиалаагүй өрөөнд унтсан байсан. Гар утсаа хайтал миний гар утас олдохгүй байсан. Тэгээд цагдаад өргөдөл гаргаж өгсөн. Надад ямар нэгэн сэжиглэж байгаа хүн байхгүй. Самсунг А71 загварын улаан өнгийн кейстэй гар утас байсан. Миний утсанд ямар нэгэн сэв зураас байхгүй бөгөөд гар утас худалдан авсан баримт, хайрцаг нь байхгүй. Одоо гадуур хэдэн төгрөгөөр зарагдаж байгааг мэдэхгүй байна, тэр ханшаар нь үнэлнэ. Би гар утсаа алдаагүй гээсэн гэж бодож байна. Хамгийн сүүлд цонх нь дээр утсаар ярьж байснаа санаж байна. Хохирлоо барагдуулмаар байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 7-8 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Х-ын гэрчээр өгсөн “...Би А-тай 10 жилийн нэг сургуульд сурдаг байсан. Хамгийн сүүлд 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 0 дугаар хороололд уулзаад П нэртэй зочид буудалд орж пиво уусан. Тухайн үед А надад “би сая нэг гар утас олсон” гэж байсан. Би “хүнийг нь олоод өгөөрэй” гэж хэлж байсан. Би А-г тухайн гар утсаа яасан талаар сайн мэдэхгүй байна. Бид нэлээн уусан согтуу байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 16 тал/,

 

“Д” хөрөнгийн үнэлгээний төвийн 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн дүгнэлт /хх-ийн 22-24 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд А-н яллагдагчаар өгсөн “...Би 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр өөрийн найз Х-тай хамт Баянгол дүүргийн 5 дугаар хороо, П зочид буудалд 14 цаг 30 минутад ороод 1 өрөө аваад тэндээ ууж байгаад гараад эргээд шатаар өгсөж байхад үүдний хэсгийн коридорын цонх нь дээр улаан өнгийн гэртэй, гар утас байсан. Хүн харагдахгүй байхаар нь би уг утсыг аваад унтраагаад цүнхэндээ хийгээд буудлаар гарсан. Дараа нь нэрийг нь мэдэхгүй зочид буудалд орсон бөгөөд тэндээ өглөө сэрээд тамхи авах гээд цүнхээ онгойлготол өчигдөр миний цонх нь дээрээс олсон гар утас байхаар нь уг утсыг авч яваад монел дээр 300.000 төгрөгөөр зарсан. Согтуу байсан болохоор тухайн утсыг худалдсан байна. Ямар хүнд зарснаа сайн санахгүй байна. Би гар утас оллоо гэж бодож баярлаад авсан. Хүний утас хулгайлаагүй. Хохирлыг төлж барагдуулна...” гэх мэдүүлэг /хх-ийн 34-35 тал/,

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн А-ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 44 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 40 тал/, гэрлэлт бүртгэлийн лавлагаа /хх-ийн 41 тал/, оршин суугаа газрын хаягийн лавлагаа /хх-ийн 42 тал/, “А” нэгдсэн эмнэлгийн ажлын байрны тодорхойлолт /хх-ийн 43 тал/, Баянгол дүүргийн 5 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 48 тал/, Цагдаагийн асап сангийн тодорхойлолт /хх-ийн 45-47 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

                  

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

 

Нэг: Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол хор уршгийн талаар:

 

Шүүгдэгч А нь 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 0 дугаар хороо, П зочид буудал дотор хохирогч Э-ийн гээгдүүлсэн Самсунг А71 загварын гар утсыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас түүнд бага хэмжээнээс дээш буюу 934.600 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: Шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Э-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Тэгээд хэсэг сууж байгаад найзтайгаа маргалдаад утсаар ярихаар өрөөнөөсөө гараад 3 давхрын шатны хажуу талын цонх нь дээр зогсоод утсаар ярьж байснаа санаж байна. Би тухайн үед нэлээн уусан байсан учир утсаар ярьж байгаад хаана тавьснаа санадаггүй. Маргааш өглөө нь эзэнгүй, захиалаагүй өрөөнд унтсан байсан. Гар утсаа хайтал миний гар утас олдохгүй байсан. Тэгээд цагдаад өргөдөл гаргаж өгсөн. Надад ямар нэгэн сэжиглэж байгаа хүн байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 7-8 тал/, гэрч Х-ны мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Хамгийн сүүлд 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 10 дугаар хороололд уулзаад Прогресс нэртэй зочид буудалд орж пиво уусан. Тухайн үед А надад “би сая нэг гар утас олсон” гэж байсан. Би “хүнийг нь олоод өгөөрэй” гэж хэлж байсан. Би А-г тухайн гар утсаа яасан талаар сайн мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 16 тал/, “Д” хөрөнгийн үнэлгээний төвийн үнэлгээ /хх-ийн 22-23 тал/, шүүгдэгч А-ийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд  болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

 

Шүүгдэгч А гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

 

Иймд шүүгдэгч А-ийн 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 0 дугаар хороо, П зочид буудал дотор хохирогч Э-ийн гээгдүүлсэн Самсунг А71 загварын гар утсыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас түүнд бага хэмжээнээс дээш буюу 934.600 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...гээгдэл эд хөрөнгө завших ” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж дүгнэж, шүүгдэгч А-г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Шүүгдэгч А нь шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх шатанд хохирол төлбөрийг төлж барагдуулаагүй, төлөхөө илэрхийлж баримт үйлдсэн байна.

 

Иймд шүүгдэгч А-аас 934.600 /есөн зуун гучин дөрвөн мянга зургаан зуу/ төгрөгийг гаргуулж хохирогч Э-т олгох нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4.5 дахь хэсэгт  “ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн ” байх хуулийн шаардлагыг хэрэг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагааны нэг үндсэн нөхцөл болохыг хуульчилсан. Тодруулбал, нөхөн төлөхөө илэрхийлэх гэдэгт хохирогчийн зөрчигдсөн эрх ашиг сэргэж, гэм буруутай этгээд нь хохирол төлбөрийг нөхөн төлөөхөө илэрхийлснийг баталгаажуулан дансны хуулга, цалин хөлс авдаг эсэх талаарх тодорхойлолт цаашилбал гэм хорыг гаргуулах баталгаа болгож хөдлөх болон үл хөдлөх хөрөнгөтэй эсэх лавлагаа зэргийг хэрэгт хавсаргасан байхыг ойлгох ба шүүгдэгч А-д холбогдох хавтаст хэрэгт энэ талаарх баримтууд авагдаагүй, мөрдөн шалгах ажиллагаа хангалтгүй хийгдсэн, прокурорын хяналт дутуу тавигдсан байсан болохыг, цаашид анхаарвал зохихыг дурдаж байна.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч А нь 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 0 дугаар хороо, П зочид буудал дотор хохирогч Э-ийн гээгдүүлсэн Самсунг А71 загварын гар утсыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас түүнд бага хэмжээнээс дээш буюу 934.600 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүхээс шүүгдэгч А-д ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.

 

Шүүгдэгч А нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд хохирогчид хохирол төлбөрийг төлж барагдуулахаа илэрхийлсэн байх  тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргасан байна. /хх-ийн 53 тал/

 

Иймд шүүгдэгчийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл хангагдсан гэж дүгнэж, хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг А-д танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх  тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “…Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэр гаргана...” гэж заасны дагуу прокурорын саналын хүрээнд А-д эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тав/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэж, оногдуулсан ялыг 4 /дөрөв / сарын  хугацаанд биелүүлэх үүрэгтэйг, биелүүлээгүй бол хорих ялаар солих болохыг тайлбарлах нь зүйтэй.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч А-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завших гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А-г 450 /дөрвөн зуун тав/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч А нь шүүхээс оногдуулсан торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд төлж барагдуулахыг даалгаж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн  5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасны дагуу А-аас 934.600 /есөн зуун гучин дөрвөн мянга зургаан зуу/ төгрөг гаргуулж хохирогч Э-т олгосугай.

 

5. Шүүгдэгч А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад 934.600 /есөн зуун гучин дөрвөн мянга зургаан зуу/ төгрөг төлөх төлбөртэй , хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1, 38.2  дахь  хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний  өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

Д.ЭРДЭНЭЧИМЭГ