Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 2021/ШЦТ/810

 

 

 

 

 

 

   

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж,

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Өнөрцэцэг  хөтлөн,

Улсын яллагч: Д.Батзаяа,

Шүүгдэгч: Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Т-д холбогдох эрүүгийн 000000000 дугаартай хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Т нь “...2021 оны 8 дугаар сарын 09-ний өдрөөс 10-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 0 дугаар хороо, Модны-2 автобусны буудлын орчимд О 00-00 улсын дугаартай Тоёота приус-30 маркийн тээврийн хэрэгслээс буух үедээ Делл 15-8 загварын зөөврийн компьютерыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч, бусдад 2.300.000 төгрөгийн хохирол учруулсан...” гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар      

ТОДОРХОЙЛОХ нь:

НЭГ: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд “Шүүгдэгч Т нь “2021 оны 8 дугаар сарын 09-ний өдрөөс 10-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 0 дугаар хороо, Модны-2 автобусны буудлын орчимд О 00-00 улсын дугаартай Тоёота приус-30 маркийн тээврийн хэрэгслээс буух үедээ Делл 15-8 загварын зөөврийн компьютерыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч, бусдад 2.300.000 төгрөгийн хохирол учруулсан” гэх үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

 

Дээрх үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т-ын “...хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,

 

Эрүүгийн 000000000000 дугаартай хэргээс:

2021 оны 10 дугаар сарын 11-ны өдөр Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс хохирогч О гаргасан өргөдөл /хх-ийн 1 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд О хохирогчоор өгсөн “...Би 2021 оны 10 дугаар сарын 08-ны шөнө 23 цаг 00 минутын үед өөрийн найз А-ын хамт өөрийн эзэмшлийн Тоёота приус-30 маркийн 00-00 улсын дугаартай тээврийн хэрэгслээр таксинд явж байхад Баянгол дүүргийн 0 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Парадоксын урд талын автобусны буудал дээрээс үл таних 20 гаран насны архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн залуу гараа өргөсөн бөгөөд түүнийг авч, тээврийн хэрэгсэлдээ суулгасан. Тухайн залуу Баянгол дүүргийн 0 дугаар хороонд байрлах Модны-2-ын автобусны буудал дээр буусан бөгөөд буухдаа миний тээврийн хэрэгслийн ар талын суудал дээр байсан цүнхтэй нөүтбүүкийг аваад буусан байсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Тухайн залуу нэлээн согтолттой байсан бөгөөд таксины мөнгө гэж 1.500 төгрөгийг миний найз Алмаазын дансанд шилжүүлсэн. Миний нөүтбүүк 2018 онд үйлдвэрлэгдсэн Делл загварын нөүтбүүк байсан. Би хэзээ, хэдэн төгрөгөөр худалдан авснаа санахгүй байна. Би хөрөнгийн үнэлгээний дүгнэлттэй танилцсан. Мөн нөүтбүүкээ эргүүлэн бүрэн бүтэн хүлээн авсан бөгөөд ямар нэгэн санал гомдол байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 9 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Э-ийн гэрчээр өгсөн “...Миний том хүү О нь 2021 оны 10 дугаар сарын 08-09-нд шилжих шөнө 22 цагийн үед 00-00 улсын дугаартай приус-30 маркийн тээврийн хэрэгсэлтэй намайг баруун 4 замын уулзвар дээр буулгасан. Тэгээд би 1 цагийн дараа хүүгээ дуудаад бид 2 гэртээ харьсан. Тэгээд гэрийнхээ гадаа очоод машинаас юмнуудаа авах гэтэл арын суудал дээр байсан миний ажлын нөүтбүүк байхгүй байхаар нь би “миний нөүтбүүкийг харсан уу” гэж асуухад “байх ёстой доо” гээд бид 2 хэсэг хайтал манай хүү О “өө сая нээрээ нэг хүнийг хорооллоос модны-2 хүртэл таксинд суулгасан тэр хүн аваад буусан байх” гэсэн. Тэгээд бид 2 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Баянгол дүүргийн цагдаагийн газарт гомдол гаргасан. Миний нөүтбүүк нь 2020 онд үйлдвэрлэгдсэн 2021 онд манай ажлын газраас тавьж өгсөн нөүтбүүк байсан. 2.300.000 төгрөгийн үнэлгээтэй байсан. Тэгээд тэр залууг цагдаагийн газраас дуудсан бөгөөд би утасных нь дугаарыг авч байгаад залгатал миний нөүтбүүкийг ломбардад тавьсан гэсэн. 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр авч өгсөн. Надад одоо ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 тал/,

 

“А” хөрөнгийн үнэлгээний 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн ТХҮ-921/2012 дугаартай дүгнэлт /хх-ийн 26-28 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, холбогдох баримтууд /хх-ийн 3-5 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Т-ын яллагдагчаар өгсөн “...Би 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Баянгол дүүргийн 0 дугаар хороо, Парадоксын автобусны буудал дээрээс такси барих гээд гар өргөтөл цагаан өнгийн приус-30 маркийн тээврийн хэрэгсэл зогссон. Дугаарыг нь санахгүй байна. Тэгээд Модны-2-ын автобусны буудал дээр буусан. Буухдаа машины арын суудал дээр цүнхтэй зүйл байхаар нь аваад буучихсан. Гэртээ очоод нээгээд үзэхэд нөүтбүүк байсан. Би тухайн зүйлийг өөрөө олон удаа таксинд гар утсаа мартаж бууж байсан болохоор бас өөр хүн мартаад буучихсан байна гэж бодоод аваад буучихсан. 2021 оны 10 дугаар сарын 23-ны өдөр тухайн нөүтбүүкийг 1.000.000 төгрөгөөр ломбардад тавиад өөртөө зарцуулсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Би өмнө нь хэрэг төвөгт орж байгаагүй. Хохирогчийн хохирлыг нь барагдуулж нөүтбүүкийг нь буцаан өгсөн. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө ...” гэх мэдүүлэг /хх-ийн 54 тал/,

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн Т-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 32 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 38 тал/, оршин суугаа газрын хаягийн лавлагаа /хх-ийн 39 тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 42 тал/, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /хх-ийн 43 тал/, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 44 тал/, цагдаагийн асап сангийн лавлагаа /хх-ийн 33 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

                  

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Т нь “2021 оны 8 дугаар сарын 09-ний өдрөөс 10-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 0 дугаар хороо, Модны-2 автобусны буудлын орчимд О 00-00 улсын дугаартай Тоёота приус-30 маркийн тээврийн хэрэгслээс буух үедээ Делл 15-8 загварын зөөврийн компьютерыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч, бусдад 2.300.000 төгрөгийн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн болох нь: Шүүгдэгчийн  мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч О мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Тухайн залуу Баянгол дүүргийн 0 дугаар хороонд байрлах Модны-2-ын автобусны буудал дээр буусан бөгөөд буухдаа миний тээврийн хэрэгслийн ар талын суудал дээр байсан цүнхтэй нөүтбүүкийг аваад буусан байсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад гомдол гаргасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 9 тал/, гэрч Э-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Тэгээд гэрийнхээ гадаа очоод машинаас юмнуудаа авах гэтэл арын суудал дээр байсан миний ажлын нөүтбүүк байхгүй байхаар нь би “миний нөүтбүүкийг харсан уу” гэж асуухад “байх ёстой доо” гээд бид 2 хэсэг хайтал манай хүү Оргил “өө сая нээрээ нэг хүнийг хорооллоос модны-2 хүртэл таксинд суулгасан тэр хүн аваад буусан байх” гэсэн. Тэгээд бид 2 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Баянгол дүүргийн цагдаагийн газарт гомдол гаргасан....” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 тал/, “А” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 0000000000 дугаартай дүгнэлт /хх-ийн 26-28 тал/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

 

Шүүгдэгч Т гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

 

Иймд шүүгдэгч Т-ыг 2021 оны 8 дугаар сарын 09-ний өдрөөс 10-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 0 дугаар хороо, Модны-2 автобусны буудлын орчимд О 00-00 улсын дугаартай Тоёота приус-30 маркийн тээврийн хэрэгслээс буух үедээ Делл 15-8 загварын зөөврийн компьютерыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч, бусдад 2.300.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж дүгнэж, шүүгдэгч Т-ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Хохирогч О нь мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ “...Миний хохирол барагдсан тул ямар нэгэн гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй...” /хх-ийн 8-9 тал/ гэж мэдүүлсэн бөгөөд шүүгдэгч Т-ыг хэрэг хянан шийдвэрлэх үед бусдад төлбөл зохих хохирол төлбөргүй гэж дүгнэлээ.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Т нь 2021 оны 8 дугаар сарын 09-ний өдрөөс 10-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 0 дугаар хороо, Модны-2 автобусны буудлын орчимд О 00-00 улсын дугаартай Тоёота приус-30 маркийн тээврийн хэрэгслээс буух үедээ Делл 15-8 загварын зөөврийн компьютерыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч, бусдад 2.300.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүхээс шүүгдэгч Т-д ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.

 

Шүүгдэгч Т нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд хохирогчид эд зүйлийг биет байдлаар хүлээлгэн өгч хохирол барагдуулсан тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргасан байна. /хх-ийн 57 тал/

 

Иймд шүүгдэгчийн хохирогчид эд зүйлийг биет байдлаар нь өгч хохирлыг барагдуулсан учир хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл хангагдсан гэж дүгнэж, хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 260 /хоёр зуун жар/-н цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналыг Т-д танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх  тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “…Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэр гаргана” гэж заасны дагуу прокурорын саналын хүрээнд Т-д эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэлээ.

 

Шүүхээс,  шүүгдэгч Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 260 /хоёр зуун жар/-н цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулж, оногдуулсан ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй үлдсэн нийтэд тустай ажил хийлгэх ялын найм нь цагийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлаж шийдвэрлэлээ.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Т-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т-ыг  260 /хоёр зуун жар/-н цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найм нь цагийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Т нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1, 38.2  дахь  хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний  өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ц.ЭРДЭНЭЧИМЭГ