Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 1836

 

 

Ч.Сайнбилэгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Байгалмаа  даргалж, шүүгч Ч.Цэнд, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар        

                                   

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 183/ШШ2017/01286 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Ч.Сайнбилэгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Х.Болормаад холбогдох

 

Гэрлэлт цуцлах үндсэн нэхэмжлэлтэй,

Орон сууц болон авто зогсоолыг гэр бүлийн хамтран өмчлөх дундын хөрөнгө болохыг тогтоолгож ногдох хэсэг гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлтэй хэргийг

 

Нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.Сайнбилэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Энхтуяа, хариуцагч Х.Болормаа, хариуцагчийн өмгөөлөгч Б.Оюунбилэг,      шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

           

Нэхэмжлэгч Ч.Сайнбилэгийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өгсөн тайлбарт: Би Х.Болормаатай 1998 онд танилцсан, надтай танилцахдаа 4 настай хүүтэй байсан. Бид 2006.03.01-ний өдөр гэрлэлтээ бүртгүүлж, хүү Тулгын овгыг өөрчилж надаар овоглосон. Бид 14 жил амьдрах хугацаандаа бидний дундаас үр хүүхэд төрөөгүй, 2012 оны 6 сард би өөр эмэгтэйтэй харьцаатай болж, 2012 оны 9 сард тэр эмэгтэй жирэмсэн болсны улмаас Х.Болормаатай цаашид амьдрах боломжгүй болсон. Би Хан-Уул дүүргийн шүүхэд гэрлэлт цуцлуулах нэхэмжлэл гаргахад 2013.03.20-ны өдөр 1409 дугаартай шүүгчийн захирамжаар Х.Болормаа бид хоёрыг эвлэрүүлэх 2 сарын хугацаа өгсөн боловч эвлэрээгүй. Учир нь Х.Болормаа шүүхэд эд хөрөнгийн маргааныг шийдүүлэх шаардлагатай байна гэсэн хүсэлтээр намайг гэр бүлтэй болсныг үл харгалзан эвлэрэх хугацаа өгч байсан. Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, “Анома” хотхон 72 дугаар байр 3 тоот 4 өрөө орон сууцны талаар Х.Болормааг надтай маргахгүй гэж үзэж байна. Миний хувьд гэр бүл зохиож, үр хүүхэдтэй болсон тул Х.Болормаатай гэр бүлийн амьдралыг цаашид үргэлжлүүлэх боломжгүй  тул бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Х.Болормаа шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа. Уг гэрлэлт цуцлуулахад гэр бүлийн дундын эд хөрөнгөнөөс ногдох хэсгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Х.Болормаа шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Миний нэр дээр байсан 3 өрөө байрыг бид зарж, Төрийн банкнаас орон сууцны 100 гаруй сая төгрөгийн зээлээр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Анома хотхон 72 байрны 3 тоот 179 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг лизингээр авч, өмчлөгчөөр Сайнбилэг дангаар бүртгүүлсэн. Би нөхөр хүүхдээ халамжлан, нөхөр Сайнбилэгийн Төрийн банкнаас авсан 100 гаруй сая төгрөгийн хүү 30 гаруй сая төгрөгийг би бие даан төлж барагдуулсан. Хүү бидний амьдарч байсан дээрх орон сууц нь бидний гэр бүл болсноос хойш буюу 2011 онд худалдан авсан гэр бүлийн дундын хөрөнгө юм. Шүүх дээр гэр бүлийн эд хөрөнгийн маргаантайг мэдсээр байж 2015.05.07-ны өдөр Цэцэгмаа гэгч хүнд бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн талаар шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн байгууллага 2015.06 сард гэнэт нэг өдөр ирж шүүхийн шийдвэр үзүүлж хүү биднийг байрнаас гаргаж гудамжинд үлдээх үед би мэдсэн. Иймд Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, “Анома” хотхон 72 дугааар байрны 3 тоот орон сууц болон автомашины зогсоолын хамт нөхөр Ч.Сайнбилэг, хүү Тулга, Х.Болормаа бидний дундын хөрөнгө болохыг тогтоолгож, уг орон сууцнаас эхнэр Х.Болормаа, хүү Тулга бидэнд ногдох хэсгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Ч.Сайнбилэг сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа: Бид хоёрын өмнө хамт амьдарч байсан Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Анома хотхон 72 дугаар байр, 3 тоот, 4 өрөө орон сууц нь гэр бүлийн дундын өмч хөрөнгө гэж тогтоогдоогүй байсан. Мөн уг байрыг худалдаж авахад Төрийн банкнаас 100 000 000 төгрөгийг зээл, ББСБ-аас 105 000 000 төгрөгийн зээл авсан. Сүүлд ББСБ-аас 136 731 287 төгрөгийг үлдэгдэл төлбөрийг төлөх тухай шүүхэд нэхэмжлэл гаргасан. Түүний дагуу шүүхээс үлдэгдэл төлбөрийг төлж барагдуулахаар шийдвэрлэсэн боловч зээлүүд төлөгдөхгүй явж байгаад 2016 онд аргагүй байдалд орж н.Цэцэгмаагаас барьцаатай гэрээ хийж 100 000 000 төгрөгийг зээлж авч, барьцаанд тавьсан байрын гэрчилгээг н.Цэцэгмаагийн нэр дээр шилжүүлж, уг зээлийг төлсөн. н.Цэцэгмаа нь өөрийн нэр дээр шилжүүлсэн орон сууцыг суллаж өг гэсэн шаардлага тавьсан, шүүхээс орон сууцыг чөлөөлөх тухай шийдвэр гарсан. Тиймээс уг шийдвэрийн дагуу орон сууцыг чөлөөлж шилжүүлсэн. Дараагийнх буюу 72 дугаар байрны 26 тоот зогсоол гэж нэхэмжлээд байгаа нь 72 дугаар байрны 3 тоотод холбоотой зогсоол. Үүнийг бас тухайн үед н.Цэцэгмаад шилжүүлсэн. Мөн 72 дугаар байрны 3/1 тоот агуулах гээд байгаа нь анх уг байрыг н.Жаргалсайхан гэдэг хүнээс худалдаж авахдаа миний нэр дээр шилжүүлсэн байдаг. Уг агуулах дээр очиж үзээгүй, ямар ч байсан энэ агуулах нь байгаа. Дараа нь “Итгэлт эстимейт" ХХК-иар үнэлгээ хийлгүүлсэн. Х.Болормаагаас салснаас хойш одоогийн хамт амьдарч байгаа хүнтэйгээ хамт худалдаж авсан байранд амьдардаг. Уг байрны урьдчилгаа төлбөрийг хамтран амьдрагч н.Минжээ өгсөн. Үлдэгдэл төлбөрийг төлж чадахгүй болохоор Төрийн банкнаас 350 000 000 төгрөгийн орон сууцны зээл авсан. Уг зээлээр 6-р байрны 2 тоот орон сууцыг худалдаж авсан. Нийтдээ 500 сая төгрөгөөр худалдаж авсан. Өнөөдрийн хувьд Төрийн банканд 6/2 тоот орон сууц, зогсоолтой хамт зээлийн барьцаанд байгаа. Зээлийн үлдэгдэл 290 000 000 төгрөг байгаа. Мөн нэхэмжилж байгаа 62/22 тоот авто зогсоол нь манай найз 30 000 000 төгрөгийн зээл авсан тул барьцаанд байгаа. Иймээс гэр бүлийн дундын өмч хөрөнгө байгаа гэдэгт эргэлзэж байна гэжээ.

 

Шүүх: Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Ч.Сайнбилэг, Х.Болормаа нарын гэрлэлтийг цуцалж,

Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1, 126.2.4 дэх хэсэгт зааснаар Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, “Анома” хотхоны 72 байрны 3 тоот, 179 м/кв бүхий Ү-2206020625 улсын бүртгэлийн дугаартай 4 өрөө орон сууц, автомашины зогсоолыг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө болохыг тогтоож, мөн хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1, 129.1.1, 129.2.2, 129.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ч.Сайнбилэгээс гэр бүлийн гишүүнд ногдох хэсэг 196 094 668 төгрөгийг гаргуулж Х.Болормаа, хүү С.Тулга нарт олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар Х.Болормаагаас 1 138 423 төгрөг гаргуулж улсын төсөвт оруулж, нэхэмжлэгч Ч.Сайнбилэг, хариуцагч Х.Болормаа нарын улсын тэмдэгтийн хураамжид тус тус төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөгийг гаргуулж Ч.Сайнбилэгт, нэхэмжлэгчээс 1 208 623 төгрөг /70200+1138423/ гаргуулж Х.Болормаад тус тус олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч Ч.Сайнбилэгийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 сарын 05-ны өдрийн 183/ШШ2017/01286 дугаар шийдвэрийн гэр бүлийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн Х.Болормаа, С.Тулга нарт ногдох 196 094 668 төгргийг Ч.Сайнбилэг надаас гаргуулахаар шийдвэрлэсэн. Дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

2017 оны 05 сарын 05-ны өдөр шүүх хурал завсарлаад шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулгыг танилцуулахдаа надаас 176 000 000 төгрөг гаргуулж Х.Болормаа, хүү С.Тулга нарт олгосугай гэсэн. Энэ нь шүүх хурлын тэмдэглэл, шүүх хурлын явцын видео бичлэгээр нотлогдоно. Анхан шатны шүүх ХанУул дүүрэг 11-р хороо “ Анома “ хотхон 72-р байр 3 тоот 4 өрөө орон сууц, авто зогсоолоос Х.Болормаа, С.Тулга нарт ногдох хэсгийг хөрөнгийн үнэлгээний газраас үнэлсэн 341 050 000 төгрөгийн үнийн дүнгээс гаргуулж шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтуудыг бүрэн дүүрэн судалж, үнэлээгүй, цугларсан нотлох баримтуудад тулгуурлаж дүгнэлт хийж, шийдвэр гаргаагүй гэж үзэж байна.

Бид хоёр 2011 оны 06 сард ХанУул дүүрэг 11-р хороо Анома хотхон 72-р байр 3 тоот 4 өрөө орон сууцыг 250600 ам.доллар буюу 310 370 600 төгрөг, граж 15 000 ам.доллар буюу 18 577 650 төгрөг нийт 328 948 250 төгрөгөөр Н.Жаргалсайхан гэдэг хүнээс худалдан авахаар тохирсон. Н.Жаргалсайханаас худалдан авч байгаа орон сууцны үнийг төлөхийн тулд 2011 оны 08 сарын 23 өдөр Төрийн банкнаас 100 000 000 төгрөгийн зээл авч Н.Жаргалсайханд бэлнээр 205 000 000 төгрөг өгсөн.

Х.Болормаа бид хоёр гэр бүл болсноос хойш 2008 оны 07 сарын 16-ны өдөр “Монгол Шуудан “ банкнаас ажилтнуудын орон сууцны зээлээр 47,550,000 төгрөгийн зээл аваад Хан- Уул дүүргийн 11-р хороо, 7-р хэсэг Гурван Оргил хотхоны 62 дугаар байр 43 тоот 99,85 м.кв. талбайтай орон сууцыг худалдан авч Орон сууцны өмчлөх эрхийн 000068766 гэрчилгээг Х.Болормаагийн нэр дээр гаргуулж эрхийн улсын бүртгэлийн Ү-2206011079 дугаарт бүртгүүлсэн. Энэ орон сууцаа 2012 оны 05 сарын 14-ны өдөр Н.Жаргалсайханаас худалдан авсан орон сууцны зөрүү үнэ болох 123 948 250 төгрөгт тооцож өгснөөр орон сууц болон гаражийн үнийг бүрэн төлсөн.

2015 оны 02 сарын 12-ны өдрийн 01120 дугаар шийдвэр хүчин төгөлдөр болсон байна гэсэн дүгнэлтийг хийж Х.Болормааг гэр бүлийн дундын эд хөрөнгийг худалдан авсан зээлийн гэрээний үүргийг хамтран хариуцахаас чөлөөлсөнд гомдолтой байна. Мөн 2015 оны 03 сарын 24-ны өдрийн байдлаар Төрийн банкнаас авсан зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцоо 94 544 000 төгрөг байсныг би Б.Цэцэгмаагаас авсан зээлээр төлсөн байхад тооцооллыг буруу хийсэн.

Дээрх байдлаас шүүх гэр бүлийн дундын эд хөрөнгийн ногдох хэсгийг гаргуулж шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.7 дах заалтыг анхааралгүй гагцхүү надад үүрэг хүлээлгэж байгаад гомдолтой байна. Шүүх хоёр шийдвэр гаргасан нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байна гэсэн хуулийн зарчимд нийцээгүй гэж үзэж байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

                                                            ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны  журмыг зөрчснөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-д заасан шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч Ч.Сайнбилэг нь хариуцагч Х.Болормаад холбогдуулан гэрлэлт цуцлах тухай шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, орон сууц болон авто зогсоолыг гэр бүлийн дундын хөрөнгө болохыг тогтоолгох, ногдох хэсэг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

 

Хэргийн баримтаас үзвэл хариуцагч Х.Болормаа нь  2017 оны 03 дугаар сарын 29-ний өдөр гаргасан сөрөг нэхэмжлэлдээ Хан-Уул дүүрэг 11-р хороо Анома хотхонд байрлах 72 дугаар байрны 3 тоот 4 өрөө орон сууц, мөн байрны автомашины зогсоол зэргийг гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болохыг тогтоолгож, Х.Болормаа, н.Тулга нарт ногдох хэсгийг гаргуулахыг шаардсан./хх-171-172/

 

Шүүх дээрх орон сууц, автомашины зогсоолыг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө гэж тооцон ногдох хэсгийг хуваарилахдаа “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн 213 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн үнэлгээг үндэслэсэн байна./хх-177-181/

 

Энэхүү 341 050 000 төгрөгийн үнэлгээ нь зөвхөн орон сууцны үнэлгээ байх бөгөөд авто зогсоолыг хэрхэн яаж, хэдэн төгрөгөөр үнэлсэн нь тодорхой бус, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүйгээс уг эд хөрөнгийн үнээс гэр бүлийн гишүүдэд ногдох хэсгийг зөв хуваарилсан гэж үзэхэд учир дутагдалтай төдийгүй шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлагын заримыг шийдвэрлээгүй орхигдуулсан гэж үзэхээр байна.

 

Гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө гэж тооцож буй зарим хөрөнгийн үнэ тодорхой бус тохиолдолд нэхэмжлэгчийн гомдолд дурснаар эд хөрөнгийн гэр бүлийн гишүүдэд ногдох хэсэг болон уг эд хөрөнгөд холбоотой гэх үүргийн талаар  Давж заалдах шатны шүүхээс тооцоолол хийх боломжгүй юм.

 

Түүнчлэн талууд дээрх үл хөдлөх хөрөнгийн одоогийн үнэ цэнд маргаж байгааг шүүх анхаарвал зохино.

 

Шүүх зохигчдын хоорондын гэр бүлийн маргаантай хэргийг шийдвэрлэхдээ нотлох баримтыг дутуу бүрдүүлж, маргаж буй эд хөрөнгийн үнэ, үнэлгээтэй холбоотой болон хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9, 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт заасан шаардлагыг зөрчсөн байна.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн  давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 183/ШШ2017/01286 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 138 423 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дах хэсэгт зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болох бөгөөд мөн хуулийн 119.4, 119.7 дах хэсэгт заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тус тус дурдсугай.

         

 

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Д.БАЙГАЛМАА

 

                                    ШҮҮГЧИД                                       Ч.ЦЭНД

 

                                                                                            Б.НАРМАНДАХ