Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Намжилын Долгорсүрэн |
Хэргийн индекс | 128/2019/0381/З |
Дугаар | 651 |
Огноо | 2019-10-04 |
Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 10 сарын 04 өдөр
Дугаар 651
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Долгорсүрэн даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.А, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, Ч.Э нарыг оролцуулан “Б.Х.Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй, А.М.Г.Т.Г-ын С.Ш.Кт холбогдох захиргааны хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд хийв.
Нэхэмжлэгч: “Б.Х.Х” ХХК /РД: /
Хариуцагч: А.М.Г.Т.Г-ын С.Ш.К
Нэхэмжлэлийн шаардлага: ““Б.Х.Х” ХХК-ийн СШ-31-10 кодтой сонгон шалгаруулалтад өгсөн үнийн саналыг хүлээн авч үнэлэхээс татгалзаж байгаа С.Ш.Кын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, тус сонгон шалгаруулалтад ирүүлсэн “Б.Х.Х” ХХК-ийн үнийн саналыг хүлээн авч үнэлэхийг С.Ш.Кт даалгах”
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Б.Х.Х” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “... Ашигт малтмал газрын тосны газраас 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр зарласан Дорнод аймгийн Баяндун сумын нутаг 884.35 га бүхий Дэрст нэртэй талбайд тусгай зөвшөөрөл олгох СШ-31-10 дугаартай сонгон шалгаруулалтад оролцсон.
Энэхүү сонгон шалгаруулалтад оролцон “Б.Х.Х” ХХК нь техникийн саналын 28.44 оноо авсан боловч манай компаниас ирүүлсэн үнийн санал нь төрийн захиргааны байгууллагаас баталсан маягтын дагуу биш гэсэн үндэслэлээр үнийн саналыг хүчингүйд тооцож, саналыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн тухай А.М.Г.Т.Г-ын 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 7/1392 дугаартай албан бичгийг ирүүлсэн байна.
Дээрх албан бичгийг манай компани 2019 оны 03 дугаар сарын 10-ны өдөр шуудангаар хүлээн авсан бөгөөд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2018 оны А/28 тоот тушаалаар батлагдсан “Тусгай зөвшөөрөл сонгон шалгаруулалтын журам”-д заасны дагуу гомдол гаргасан.
Гэвч манай компанийн гаргасан гомдлыг хянаж үзээд 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 03/852 дугаартай албан бичгээр “С.Ш.Кын шийдвэр үндэслэлтэй байх тул танай хүсэлтийг хүлээн авах боломжгүй байна” гэсэн хариуг өгсөн.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны дээрх хариуг эс хүлээн зөвшөөрч байх тул дараах үндэслэлээр нэхэмжлэл гаргаж байна. Үүнд:
1. Тус сонгон шалгаруулалтад оролцохоор зохих хураамжийг нь тушааж сонгон шалгаруулалтын мэдээлэл, баримт бичгийг авсан. Гэвч Ашигт малтмал, газрын тосны газраас авсан мэдээлэл, бичиг баримтад албан тоотод дурдсан маягт байгаагүй. Мөн цахим хуудсанд байршуулсан мэдээлэлд К4 маягтаас өөр маягтыг тодорхой заагаагүй байсан.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2018 оны А/28 тоот тушаалаар батлагдсан “Тусгай зөвшөөрөл сонгон шалгаруулалтын журам”-ын 3.3.3 дахь заалтад үнийн саналыг төрийн захиргааны байгууллагаас баталсан маягтын дагуу гэж заасан болохоос чухам ямар асуудал эрхэлсэн байгууллагын баталсан маягт гэдгийг тодорхой заагаагүй байгаа нь ямар ч төрийн захиргааны байгууллагын баталсан маягтын дагуу үнийн санал ирүүлж болохоор байна.
Манай компани нь дээрх сонгон шалгаруулалтад үнийн саналаа Сангийн сайдын 2009 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 158 тоот тушаалаар баталсан жишиг маягтын дагуу үйлдэн хүргүүлсэн. Бидний хүргүүлсэн үнийн саналын маягт нь төрийн захиргааны байгууллагаар батлагдсан жишиг маягт бөгөөд агуулгын хувьд сонгон шалгаруулалтын журамд нийцэж байгаа.
Нөгөө талаар “Тусгай зөвшөөрөл сонгон шалгаруулалтын журам”-д заасан төрийн захиргааны байгууллагын баталсан маягт гэж чухам ямар баримт байгаа болох нь тодорхойгүй байхад өөрийн үзэл бодлоороо харилцан адилгүй дүгнэж үнийн саналыг хүлээн авахаас татгалзах нь хууль, журамд нийцэхгүй байна.
Өмнөх Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2017 оны А/129 дүгээр тушаалаар батлагдан хүчингүй болсон “Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам”-ын 5.1.2 дахь хэсэгт “Үнийн саналыг Төрийн захиргааны байгууллагын баталсан маягтын дагуу үйлдсэн байна” гэсэн заалттай байхад тухайн сонгон шалгаруулалтад оролцох ёсгүй байсан “С б н” ХХК-ийн үнийн саналыг хүлээн авч, үнэлсэн. Түүгээр ч үл барам сонгон шалгаруулалтад ялж, тусгай зөвшөөрөл эзэмшигч болсон үйл баримт бий.
Мөн одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа “Тусгай зөвшөөрөл сонгон шалгаруулалтын журам”-ын 3.3.3-д сонгон шалгаруулалтад оролцогч нь үнийн саналаа төрийн захиргааны байгууллагаас баталсан маягтын дагуу үйлдэж ирүүлэх тухай зохицуулалттай.
Гэвч С.Ш.К нь 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр зарласан Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Нарангол нэртэй талбайд тусгай зөвшөөрөл олгох СШ-27-7 талбайн кодтой сонгон шалгаруулалтад оролцсон хуулийн этгээд болох “К т м” ХХК-ийн үнийн саналыг хүлээн авч 40.85 оноо өгсөн байдаг. Ийнхүү С.Ш.К нь өөрийн үзэмжээр асуудалд хандаж “Б.Х.Х” ХХК-ийн эрх, ашиг сонирхлыг зөрчсөн үйлдэл нь хууль бус гэж үзэж байна.” гэжээ.
Хариуцагч А.М.Г.Т.Г-ын С.Ш.К шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: “... “Б.Х.Х” ХХК-ийн 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр гаргасан Дорнод аймгийн Баяндун сумын нутаг 884.35 га бүхий Дэрст нэртэй талбай код СШ 31-10 хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтад өгсөн үнийн саналыг хүлээн авч үнэлэхээс татгалзаж байгаа С.Ш.Кын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, тус сонгон шалгаруулалтад ирүүлсэн “Б.Х.Х” ХХК-ийн үнийн саналыг хүлээн авч үнэлэхийг С.Ш.Код даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг хүргүүлж байна.
Ашигт малтмалын тухай хуулийн 9.1.3, 9.1.11, 17 дугаар зүйлийн 17.3-т заасныг тус тус үндэслэн Монгол улсын засгийн газрын 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн “Талбайн солбицол тогтоох тухай” 243 дугаар тогтоолоор сонгон шалгаруулах журмаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайн солбицлыг баталсан байна,
Улмаар дээр дурдсан талбайн солбицлыг тухай бүр нийтэд мэдээлэн ашигт
малтмалын кадастрын зураг зүйн бүртгэл, мэдээллийн санд бүртгэж, тусгай
зөвшөөрөл олгох ажлыг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд зохион байгуулж
ажиллахыг геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад үүрэг болгож шийдвэрлэсэн.
Ашигт малтмалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн “Журам батлах эрх олгох тухай” 14 дүгээр тогтоолоор ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журмыг шинэчлэн батлах эрхийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдад олгосон бөгөөд улмаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн “Журам батлах тухай” А/28 дугаар тушаалаар тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журмыг баталж Захиргааны ерөнхий хуулийн дагуу захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 3863 дугаарт бүртгүүлсэн.
Дээр дурдсан 243 дугаар тогтоолоор баталсан солбицол бүхий газарт багтсан Дорнод аймгийн Баяндун сумын нутаг 884.35 га бүхий Дэрст нэртэй талбайд 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр СШ-31 дугаартай 10 талбайд нээлттэй сонгон шалгаруулалтыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн “Комиссын бүрэлдэхүүн батлах тухай” А/80 дугаар тушаалаар байгуулагдсан комисс зарлан явуулсан.
2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр зарлаж, нэхэмжлэгчийн оролцсон СШ-31-10 дугаартай сонгон шалгаруулалтад “К т м” ХХК, “Б.Х.Х” ХХК, “Б Э Ю М” ХХК гэсэн 3 компани оролцохоор техникийн санал ирүүлсэн бөгөөд 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр “Б Э Ю М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У*******д 09 цаг 51 минутад, “К т м" ХХК- ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б*******ад 09 цаг 52 минутад, “Б.Х.Х” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.С 09 цаг 53 минутад техникийн саналын битүүмжлэлийг шалгуулан задалж техникийн саналын бүрдлийг тус тус хүлээн авсан.
2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр 09:00 цагт С.Ш.Кын дарга, нарийн бичгийн дарга гишүүд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтад санал ирүүлсэн аж ахуйн нэгжийн үнийн саналыг нээж тухайн талбайд шалгарсан оролцогчийг шалгаруулах явцад “К т м” ХХК үнийн саналын нээлтэд эрх бүхий төлөөллөө ирүүлж оролцоогүй, саналын нээлтэд эрх бүхий төлөөллөө ирүүлсэн “Б.Х.Х” ХХК болон “Б Э Ю М” ХХК-иудын битүүмжлэн ирүүлсэн үнийн саналууд нь А/28 тоот “Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам”-ын 3.3.3 дахь заалтын “Үнийн саналыг Төрийн захиргааны байгууллагын баталсан маягтын дагуу тоо болон үсгээр зөрүүгүй үйлдэж төслийн үндсэн баримт бичгээс тусад нь эх болон хуулбар хувь тус бүрт битүүмжлэн хийсэн байна” гэсэн шаардлагыг хангаагүй тул “Б.Х.Х” ХХК болон “Б Э Ю М” ХХК-иудын СШ-31-10-т ирүүлсэн үнийн саналыг хүчингүйд тооцож, Дорнод аймгийн Баяндун сумын нутаг 884.35 га бүхий Дэрст нэртэй талбайд зарласан СШ-31-10 тоот сонгон шалгаруулалтад оролцогчдын аль нэг шалгараагүй тул комиссоос Уул уурхай хүнд үйлдвэрийн сайдын 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн А/28 тоот “Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам”-ын 3.3.3, 4.6.8 дахь заалтуудыг тус тус үндэслэн гаргасан дүгнэлтийг Агентлагийн даргын 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн “Комиссын дүгнэлт, үнэлгээний дүнг баталгаажуулах тухай” А/38 дугаар тушаалыг гаргаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.
СШ-31-10 тоот сонгон шалгаруулалтын үнийн саналын нээлтийн тэмдэглэлд эрх бүхий төлөөллөө ирүүлсэн “Б.Х.Х" ХХК болон “Б Э Ю М” ХХК-иудын битүүмжлэн ирүүлсэн үнийн саналыг 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн А/28 тоот “Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам”-ын 3.3.3 дахь заалтын шаардлагыг хангаагүй учир хүлээн авахаас татгалзсан тухай тэмдэглэлийг “Б.Х.Х” ХХК-ийн захирал И.С хүлээн зөвшөөрч гарын үсгээр баталгаажуулсан нь баримтаар нотлогдож байна.
Иймд нэхэмжлэгчийн Дорнод аймгийн Баяндун сумын нутаг 884.35 га бүхий Дэрст нэртэй талбай код СШ-31-10 хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтад өгсөн үнийн саналыг хүлээн авч үнэлэхээс татгалзаж байгаа С.Ш.Кын эс үйлдэхүйг /Захиргааны ерөнхий хуулийн 37.3-д “Эс уйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно” гэж ... заасан байгаагаас үзэхэд нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурьдсан С.Ш.Кын эс үйлдэхүй тогтоогдохгүй байна/ хууль бус болохыг тогтоож, тус сонгон шалгаруулалтад ирүүлсэн “Б.Х.Х” ХХК-ийн үнийн саналыг хүлээн авч үнэлэхийг С.Ш.Код даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Б.Х.Х” ХХК-иас ““Б.Х.Х” ХХК-ийн СШ-31-10 кодтой сонгон шалгаруулалтад өгсөн үнийн саналыг хүлээн авч үнэлэхээс татгалзаж байгаа С.Ш.Кын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, тус сонгон шалгаруулалтад ирүүлсэн “Б.Х.Х” ХХК-ийн үнийн саналыг хүлээн авч үнэлэхийг С.Ш.Кт даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “... Тендерийн баримт бичгийг авах үед төрийн захиргааны байгууллагаас баталсан маягт нь байгаагүй учраас чухам ямар асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас гаргасан маягт гэдгийг заагаагүй гэж үзээд Сангийн сайдын 2009 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 158 тоот тушаалаар баталсан тендерийн жишиг маягтын дагуу үнийн саналаа үйлдсэн ... Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журмын 4.5.1-т “...сонгон шалгаруулалтад оролцогчоос ирүүлсэн үнийн санал нь журмын 3.3.3-т заасан шаардлагыг хангаагүй бол 0 оноо өгнө...” гэж зааснаар үнэлж 0 оноо өгөх ёстой байсан ... “К т минг” ХХК, “С б н” ХХК-иудын үнийн саналууд нь бидний өгсөн үнийн саналуудтай адил шаардлага хангаагүй байхад үнэлсэн ... А.М.Г.Т.Г-ын С.Ш.Кын буруутай үйл ажиллагаа байхад бид дахин сонгон шалгаруулалтад оролцох боломжгүй ... мөн хариуцагчийн эс үйлдэхүйгээс шалтгаалан “Б х” ХХК-ийн эрх ашиг хохирсон, энэ эрх ашгаа сэргээлгэхийн тулд үнийн саналаа үнэлүүлэх шаардлагатай, ингэснээр манай компани шалгарах магадлал өндөр байна” гэж,
Хариуцагчаас ... Сангийн сайдын баталсан жишиг үнийн маягт нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн хүрээнд гарсан харилцааг зохицуулах жишиг маягт байдаг. Тухайн сонгон шалгаруулалтын маягт нь Ашигт малтмалын тухай хуулийн 10 дугаар зүйл, 18 дугаар зүйлд заасны дагуу явагдсан үйл ажиллагаа, өмнөх шүүх хуралдааны явцад нотлох баримт шинжлэн судлах үед уг маягт нь цахим хуудаст байгаа гэдэг нь нотлогдсон. Уг сонгон шалгаруулалтад 3 компани орсон боловч шалгарсан компани байхгүй тул дахин сонгон шалгаруулалтад нэхэмжлэгч компанид оролцох боломж нээлттэй ... нэхэмжлэгчээс журмын 3.3.3-т заасан маягтын дагуу материалаа ирүүлээгүй, хэрэв үүнийг үнэлсэн тохиолдолд сонгон шалгаруулалтын журмыг зөрчсөн хэргээр төрийн албан хаагч хариуцлага хүлээх үндэслэлтэй. Журмын 4.5.1 дэх заалт нь тоо, үсэг үнийн зөрүүтэй ирүүлсэн тохиолдолд буюу доторх агуулга нь зөрүүтэй бол 0 оноо өгөхөөр заасан, ... хуульд эс үйлдэхүй гэх ойлголтын талаар тодорхой тусгасан бөгөөд хариуцагч байгууллагын ямар нэгэн хууль бус эс үйлдэхүй байхгүй” гэж тус тус маргасан.
Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1. Ашигт малтмалын асуудлаар Засгийн газар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ, 9.1.3. улсын тусгай хамгаалалттайгаас бусад тусгай хэрэгцээний газарт ашигт малтмал эрэх, хайх, ашиглах асуудлыг шийдвэрлэх, 9.1.11. геологи уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайг солбицлоор тогтоож, нийтэд мэдээлэх гэж, мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.3-д тус тус заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн “Талбайн солбицлыг тогтоох тухай” 243 дугаар тогтоолоор сонгон шалгаруулах журмаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайн солбицлыг баталж, дээр дурдсан талбайн солбицлыг тухай бүр нийтэд мэдээлэн ашигт малтмалын кадастрын зураг зүйн бүртгэл, мэдээллийн санд бүртгэж, тусгай зөвшөөрөл олгох ажлыг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд зохион байгуулж ажиллахыг Геологи, Уул Уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад үүрэг болгосон байна.
Ашигт малтмалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1. Ашигт малтмалын асуудлаар геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ, 10.1.2. энэ хуулийн 19.12, 20.1, 24.2, 26.9-д заасан сонгон шалгаруулах журмыг Засгийн газрын эрх олгосноор батлах гэж заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн “Журам батлах эрх олгох тухай” 14 дүгээр тогтоолоор ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журмыг шинэчлэн батлах эрхийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдад олгожээ.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн “Журам батлах тухай” А/28 дугаар тушаалаар “Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам”-ыг баталж, мөн журмыг Захиргааны ерөнхий хуулийн дагуу захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 3863 дугаарт бүртгүүлсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 59.1-т “захиргааны хэм хэмжээний акт гэж хуулиар тусгайлан эрх олгогдсон захиргааны байгууллагаас нийтээр заавал дагаж мөрдүүлэхээр гаргасан, гадагш чиглэсэн, үйлчлэл нь байнга давтагдах шинжтэй шийдвэр байх” гэж заасантай нийцэж байна.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн “Комиссын бүрэлдэхүүн батлах тухай” А/80 дугаар тушаалаар байгуулагдсан комисс Засгийн газрын 2018 оны 243 дугаар тогтоолоор баталсан солбицол бүхий газарт багтсан Дорнод аймгийн Баяндун сумын нутаг 884.35 га бүхий Дэрст нэртэй талбайд 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр СШ-31-10 дугаартай талбайд нээлттэй сонгон шалгаруулалтыг 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр зарлан явуулжээ.
Нэхэмжлэгчийн оролцсон СШ-31-10 дугаартай сонгон шалгаруулалтад “К т м” ХХК, “Б.Х.Х” ХХК, “Б Э Ю М” ХХК гэсэн 3 компани оролцохоор техникийн санал ирүүлж, 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр “Б.Х.Х” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.С 09 цаг 53
минутад техникийн саналын битүүмжлэлийг шалгуулан задалж Техникийн саналын бүрдлийг тус тус хүлээн авсан байна.
Улмаар 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 09:00 цагт С.Ш.Кын дарга, нарийн бичгийн дарга гишүүд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтад санал ирүүлсэн аж ахуйн нэгжийн үнийн саналыг нээж тухайн талбайд шалгарсан оролцогчийг шалгаруулах явцад “К т м” ХХК үнийн саналын нээлтэд эрх бүхий төлөөллөө ирүүлж оролцоогүй, саналын нээлтэнд эрх бүхий төлөөллөө ирүүлсэн “Б.Х.Х” ХХК, “Б Э Ю М” ХХК-ийн битүүмжлэн ирүүлсэн үнийн саналууд нь А/28 тоот тушаалаар батлагдсан “Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам”-ын 3.3.3 дахь заалтын ... Үнийн саналыг Төрийн захиргааны байгууллагын баталсан маягтын дагуу тоо болон үсгээр зөрүүгүй үйлдэж төслийн үндсэн баримт бичгээс тусад нь эх болон хуулбар хувь тус бүрт битүүмжлэн хийсэн байна гэсэн шаардлагыг хангаагүй гэх үндэслэлээр “Б.Х.Х” ХХК, “Б Э Ю М” ХХК-ийн СШ-31-10 дугаартай сонгон шалгаруулалтанд ирүүлсэн үнийн саналыг хүчингүйд тооцож, аливаа компани шалгараагүй тул комиссоос Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн А/28 тоот “Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам”-ын 3.3.3, 4.6.8 дахь заалтуудыг тус тус үндэслэн гаргасан дүгнэлтийг Агентлагийн даргын 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн Комиссын дүгнэлт, үнэлгээний дүнг баталгаажуулах тухай А/38 дугаар тушаалаар баталгаажуулсан байна.
СШ-31-10 дугаартай сонгон шалгаруулалтын үнийн саналын нээлтийн тэмдэглэлд эрх бүхий төлөөллөө ирүүлсэн “Б.Х.Х” ХХК-ийн битүүмжпэн ирүүлсэн үнийн саналыг “Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам”-ын 3.3.3 дахь заалтын шаардлагыг хангаагүй учир хүлээн авахаас татгалзсан тухай тэмдэглэлийг “Б.Х.Х ХХК-ийн захирал И.Сод танилцуулж, гарын үсгээр баталгаажуулсан нь баримтаар нотлогдож байна.
Тухайн хэргийн хувьд нэхэмжлэгчээс маргаж буй гол үйл баримт нь Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2018 оны А/28 тоот тушаалаар батлагдсан “Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам”-ын холбогдох заалтыг хэрхэн ойлгож, хэрэгжүүлэхтэй холбоотой байна. Уг журмын 3.3.3-д “Үнийн саналыг Төрийн захиргааны байгууллагын баталсан маягтын дагуу тоо болон үсгээр зөрүүгүй үйлдэж төслийн үндсэн баримт бичгээс тусад нь эх болон хуулбар хувь тус бүрт битүүмжлэн хийсэн байна”, 3.3.1-д “Сонгон шалгаруулалтад оролцогч хуулийн этгээд нь Ашигт малтмалын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д заасан баримт бичгийг энэ журмын 3.3.3, 3.4-т заасны дагуу бүрдүүлж ... ирүүлнэ”, 6.1.1-д “Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэд хавсаргасан баримт бичиг нь энэхүү журмын 3.3.1-д заасан шаардлагыг хангаагүй ... байвал С.Ш.К үнэлгээ хийхээс татгалзаж, энэ тухай хурлын тэмдэглэлд тусгана” гэж заажээ. Журмын 3.3.3 дахь заалтаас дүгнэхэд сонгон шалгаруулалтад оролцогч 1-рт төрийн захиргааны байгууллагын баталсан маягтын дагуу, 2-рт тоо, болон үсгээр зөрүүгүй үйлдэж, 3-рт төслийн үндсэн баримт бичгээс тусад нь эх болон хуулбар хувь тус бүрийг битүүмжлэн хийсэн байхаар заажээ. Өөрөөр хэлбэл, дээрх 3 шаардлагыг нэгэн зэрэг хангасан байхаар, хэрэв хангаагүй бол уг журмын 6.1.1-д зааснаар С.Ш.К үнэлгээ хийхээс татгалзаж, энэ тухай хурлын тэмдэглэлд тусгахаар журамлажээ.
Иймд уг журмын 3.3.3-д зааснаар үнийн саналыг маягтын дагуу ирүүлээгүй тохиолдолд хариуцагч Үнэлгээний хорооны “Б.Х.Х” ХХК-ийн үнийн саналд үнэлгээ хийхээс татгалзсаныг буруутгах боломжгүй байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд ”... журмын 4.5.1-т “...сонгон шалгаруулалтад оролцогчоос ирүүлсэн үнийн санал нь журмын 3.3.3-т заасан шаардлагыг хангаагүй бол 0 оноо өгнө...” гэж зааснаар үнэлж 0 оноо өгөх ёстой байсан, 2017, 2019 оны Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын баталсан журмуудад үнийн санал нь баталсан маягтын дагуу ирүүлсэн байх гэж байдаг гэвч “К т минг” ХХК, “С б н” ХХК-ийн үнийн саналууд нь бидний өгсөн үнийн саналтай адил шаардлага хангаагүй байхад үнэлсэн ... эрх ашгаа сэргээлгэхийн тулд үнэлүүлэх шаардлагатай, ингэснээр манай компани шалгарах магадлал өндөр байна” гэх тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй.
Учир нь өөр бусад компанийн үнийн саналыг хариуцагч хэрхэн үнэлсэн эсэх нь энэхүү маргаанд хамааралгүй бөгөөд шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэрэг маргааныг хянан шийдвэрлэх хуулийн зарчимтай тул хэрэгт хамааралгүй асуудлыг жишиг болгох боломжгүй. Мөн журмын 4.5.1 дэх заалтын агуулгаас дүгнэхэд сонгон шалгаруулалтад оролцогчоос ирүүлсэн үнийн санал нь журмын 3.3.3-т заасан тухайлбал, төрийн захиргааны байгууллагын баталсан маягтын дагуу байх, тоо, болон үсгээр зөрүүгүй үйлдсэн байх, төслийн үндсэн баримт бичгээс тусад нь эх болон хуулбар хувь тус бүрийг битүүмжлэн хийсэн байх гэсэн 3 шаардлагыг нэгэн зэрэг хангасан бол үнийн саналыг үнэлэхээр байна.
Сонгон шалгаруулалтад оролцогчоос ирүүлсэн үнийн санал нь ямар шаардлагыг хангасан байх, хэрхэн үнэлэхийг холбогдох хууль, журмаар нарийвчлан зохицуулсан энэхүү харилцаанд нэхэмжлэгчийн өөрийн буруутай үйл ажиллагаа байсан, тухайлбал, нэхэмжлэгч үнийн саналыг баталсан маягтын дагуу ирүүлээгүй гэдгээ хүлээн зөвшөөрч энэ талаар үгүйсгэж маргаагүй бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... хэрэв үүнийг үнэлсэн тохиолдолд сонгон шалгаруулалтын журмыг зөрчсөн хэргээр төрийн албан хаагч хариуцлага хүлээх үндэслэлтэй, журмын дагуу үнийн саналаа ирүүлээгүй учраас үнэлэх боломжгүй...” гэх тайлбарыг үгүйсгэх боломжгүй юм.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд “... тендерийн баримт бичгийг авахад үнийн саналын маягт байгаагүй, төрийн захиргааны байгууллагаас баталсан маягтын дагуу гэж бичсэн боловч ямар асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага гэдгийг заагаагүй учраас Сангийн сайдын баталсан жишиг маягтын дагуу үнийн саналаа гаргасан...” гэж маргадаг.
Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын үнийн саналын СШ-02 маягтыг хариуцагч байгууллагын цахим хуудасны сонгон шалгаруулалт хэсэгт 2018 оны 8 дугаар сарын 20-ний өдөр буюу нэхэмжлэгчийн маргаж буй 2019 оны 1 дүгээр сарын 7-ний өдөр зарласан сонгон шалгаруулалтаас өмнө байршуулсан болох нь 2019 оны 9 дүгээр сарын 10-ний өдрийн болон тус шүүх хуралдааны явцад нотлох баримт шинжлэн судлахад тогтоогдсон болно. Харин тус үнийн саналын маягтыг хариуцагч байгууллагын цахим хуудаст байршуулсан боловч түүнийг баталсан тушаал, тушаалын дугаар, огноо бичигдээгүй болохыг дурьдах нь зүйтэй бөгөөд үүнд хариуцагчийг зөвтгөх боломжгүй.
Шүүх хуралдааны асуулт хариултын шатанд “...нэхэмжлэгч компани нийт 5 удаа сонгон шалгаруултад оролцсон санагдаж байна...” гэх итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хариулт, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн”... 2018 оны А/153 тоот тушаалаар 4-5 хавсралт баталж цахим хуудаст тавьсан, нэхэмжлэгч бусад маягтыг олж харчхаад үнийн саналын маягтыг олж хараагүй нь эргэлзээтэй...” гэх тайлбараас үзэхэд “Б.Х.Х” ХХК өмнө нь сонгон шалгаруулалтад орж байсан туршлагатай, энэ удаа ч тусгай зөвшөөрлийн сонгон шалгаруултад орохдоо тухайн харилцааг ямар салбарын хууль тогтоомжоор зохицуулагддагийг мэдэх боломжтой байжээ гэж дүгнэхээр байна. Мөн шүүх хуралдааны тэмдэглэл нь нотлох баримтын хэмжээнд үнэлэгддэг бөгөөд 2019 оны 9 дүгээр сарын 10-ний өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Сангийн сайдын баталсан үнийн саналын жишиг маягт нь худалдан авах ажиллагаатай холбоотой харилцаанд ашигладаг, тухайн үнийн саналын маягтыг хайгаад олоогүй тул жишиг маягтыг ашигласан гэх тайлбар хийснийг дурьдах нь зүйтэй.
Түүнчлэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “... Сангийн сайдын баталсан жишиг маягтын дагуу үнийн саналаа гаргасан, энэ нь агуулгын хувьд зөрүүгүй, зөвхөн А.М.Г.Т.Г-ын лого байхгүй...” гэх тайлбарын тухайд. Сангийн сайдын тушаалаар батлагдсан үнийн саналын жишиг маягт нь Ашигт малтмал, газрын тосны газраас баталсан маягтаас өөр бөгөөд хариуцагч байгууллагаас баталсан маягтад босго үнэ, жишиг үнэ, зөрүү үнэ зэргийг заагаагүй байна.
“Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам”-ын 6.2.2 дахь хэсэгт зааснаар төрийн захиргааны төв байгууллага нь нэхэмжлэгч компанийн гомдлын дагуу С.Ш.Кын дүгнэлтийг шалгах эрх бүхий ажлын хэсгийг байгуулж гомдлыг шийдвэрлэж 2019 оны 3 дугаар сарын 27-ний өдрийн дүгнэлт гаргажээ. Тус дүгнэлтэд “...Дорнод аймгийн Баяндун сумын нутаг дэвсгэрт орших 884.35 га бүхий Дэрст нэртэй талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох /СШ 31-10/ С.Ш.Коос “Б.Х.Х” ХХК-ийн үнийн саналыг “Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам”-ын 3.3.3-т заасан шаардлагыг хангаагүй гэж үзсэн нь үндэслэлтэй...” гэж заасныг дурьдах нь зүйтэй.
Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т “Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ Захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биөлүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно”, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т “захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн байгууллагад даалгах...” гэж тус тус заасан.
Энэхүү маргаанд нэхэмжлэгчийн СШ 31-10 хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтад өгсөн үнийн саналыг хүлээн авч үнэлэхээс татгалзаж шийдвэрлэсэн С.Ш.Кын эс үйлдэхүй хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны сонирхол зөрчигдсөн нь тогтоогдохгүй бөгөөд нэхэмжлэгчийн дахин сонгон шалгаруултад орох эрх нь нээлттэй байх тул тус сонгон шалгаруулалтад ирүүлсэн “Б.Х.Х” ХХК-ийн үнийн саналыг хүлээн авч үнэлэхийг С.Ш.Код даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.1.3, 10 дугаар зүйлийн 10.1, 10.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан “Б.Х.Х” ХХК-ийн гаргасан “ “Б.Х.Х” ХХК-ийн СШ-31-10 кодтой сонгон шалгаруулалтад өгсөн үнийн саналыг хүлээн авч үнэлэхээс татгалзаж байгаа С.Ш.Кын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, тус сонгон шалгаруулалтад ирүүлсэн “Б.Х.Х” ХХК-ийн үнийн саналыг хүлээн авч үнэлэхийг С.Ш.Кт даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН