Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Энхбатын Зоригтбаатар |
Хэргийн индекс | 123/2019/0016/З |
Дугаар | 221/МА2019/0625 |
Огноо | 2019-12-04 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 12 сарын 04 өдөр
Дугаар 221/МА2019/0625
П.Ц-ийн нэхэмжлэлтэй захиргааны
хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, шүүгч Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, нэхэмжлэгч П.Ц, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А, хариуцагчийн өмгөөлөгч А.М нарыг оролцуулан, Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 19 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор, П.Ц-ийн нэхэмжлэлтэй, Төв аймгийн Зуунмод сумын Засаг даргад холбогдох, захиргааны хэргийг шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд,
ТОДОРХОЙЛОХ нь:
Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 19 дүгээр шийдвэрээр:Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 123/ШШ2019/0019 дугаартай шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, Төрийн албаны тухай хуулийн /2002 оны хууль/-ийн 17 дугаар зүйлийн 17.1, 35 дугаар зүйлийн 35.1.1, 35.1.3, 39 дүгээр зүйлийн 39.6, Төрийн албаны тухай хууль /2017 оны хууль/-ийн 27 дугаар зүйлийн 27.1, 65 дугаар зүйлийн 65.6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч П.Ц-ийн Төв аймгийн Зуунмод сумын Засаг даргад холбогдуулан гаргасан “Төв аймгийн Зуун мод сумын Засаг даргын 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн Б/02 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах, эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрөөс өнөөдөр /2019 оны 08 дугаар сарын 19-ний өдөр/-ийг хүртэл ажлын 147 хоногийн нийт 8.486.163 /найман сая дөрвөн зуун наян зургаан мянга нэг зуун жаран гурав/ төгрөгийн цалин нөхөн олговор гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх” гэсэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “Нэхэмжлэгч тал шүүхийн шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй гэж үзэж байгаа юм.
Шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэхдээ “... П.Ц нь Төв аймгийн Зуунмод сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд ажиллах шаардлагыг хангаагүй нь хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоогдсон, ...сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалтад оролцоогүй тул хариуцагчийн гаргасан шийдвэр хууль ёсны бөгөөд маргаан бүхий актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол шууд зөрчигдсөн гэж үзэх үндэслэлгүй”, гэх агуулгатай дүгнэлтийг хийсэн нь ойлгомжгүй, үндэслэлгүй дүгнэлт гэж үзэж байна.
П.Ц миний бие Зуунмод сумын Засаг даргын тамгын газрын даргаар ажиллаж байгаад Зуунмод сумын Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Б/02 тоот захирамжаар ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлөгдсөнийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 221/МА2017/0833 дугаартай магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 99 дугаартай тогтоолоор тус тус тогтоон, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангахаар шийдвэрлэсэн. Уг шийдвэрийн дагуу Зуунмод сумын Засаг дарга Г.Мөнхбадралын 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн “П.Цийг эгүүлэн томилох тухай” Б/03 тоот захирамжаар Зуунмод сумын ЗДТГ-ын даргын ажлын байранд эгүүлэн томилогдсон.
Төв аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөл нь 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр “Удирдах ажилтны сул орон тооны сонгон шалгаруулалтын зар”-аар “Зуунмод сумын ЗДТГ-ы даргын ажлын байр”-ыг зарласан нь тухайн ажлын байр сулраагүй байхад “сул орон тооны сонгон шалгаруулалт гэж зарласан тул Төв аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлд өргөдөл гаргахад тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан гэсэн боловч 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр дахин “Удирдах ажилтны сул орон тооны сонгон шалгаруулалтын зар”-аар “Зуунмод сумын ЗДТГ-ын даргын ажлын байр”-ыг зарласан Энэ тухай Төрийн албаны төв зөвлөлд өргөдөл гаргасан боловч хариу аваагүй байх хугацаанд зарын дагуу сонгон шалгаруулалт зохион байгуулагдсан байсан.
Миний бие ажил үүргээ хэвийн гүйцэтгэж байгаа, чөлөөлөгдөөгүй атлаа өөрийн ажлын байрыг сулраагүй байгаа нөхцөлд яагаад тухайн сонгон шалгаруулалтад оролцох ёстой байсныг шүүх шийдвэртээ дүгнэж тайлбарлаагүй бөгөөд сонгон шалгаруулалт явагдсан гэх цаг хугацаанд миний ажиллаж байсан ажлын байр суларсан гэх нэг ч баримт хэрэгт байхгүй байхад шүүх дүгнэх болсон нь ойлгомжгүй байна.
Өөрөөр хэлбэл хууль тогтоомжид “сул орон тоо” гэх ойлголтыг маш тодорхой тайлбарласан бөгөөд тухайн ажлын байранд сонгон шалгаруулалт явуулах урьдчилсан нөхцөл нь ажлын байр суларсан байх ёстой. Сул орон тоо гараагүй нөхцөлд сонгон шалгаруулалт явуулж орон тоог нөхөх нэрийдлээр намайг чөлөөлснийг би хууль бус гэж үзэж байгаа юм.
Сумын Засаг дарга 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр “П.Цийг ажлаас чөлөөлөх тухай” шийдвэртээ “засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай” хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэг Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэг Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 99 тоот тогтоол Төв аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлийн 2018 оны 12 дугаар сарын 21-ны өдрийн 39 тоот тогтоолыг тус тус үндэслэсэн байдаг.
Уг маргаан бүхий актыг үндэслэл болсон дээрх хуулийн заалт, эрхийн актуудад нэхэмжлэгч намайг ажлаас төлөөлөх үндэслэлийг бүрдүүлж буй гэх агуулгатай хууль зүйн үндэслэл байхгүй шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэлгүй дүгнэлт өгч маргаан бүхий актыг хууль ёсны зорилгодоо нийцсэн гэж үзсэн нь үндэслэлгүй.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаж, миний нэхэмжлэлийг бүхэлд нь хангасан өөрчлөлтийг оруулж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Нэхэмжлэгч П.Цээс Төв аймгийн Зуунмод сумын Засаг даргад холбогдуулан гаргасан “Төв аймгийн Зуунмод сумын Засаг даргын 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн Б/02 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах, эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрөөс өнөөдөр /2019 оны 08 дугаар сарын 19-ний өдөр/-ийг хүртэл ажлын 147 хоногийн нийт 8,486,163 /найман сая дөрвөн зуун наян зургаан мянга нэг зуун жаран гурав/ төгрөгийн цалин нөхөн олговор гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх” шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, “Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.5-д заасан бусад үндэслэл гэдэг тодорхойгүй, миний бие ажил үүргээ хэвийн гүйцэтгэж байсан ... төрийн албан хаагчийн нөөцөд байхгүй гэсэн шалтгаанаар миний эрх, ашгийг ноцтой зөрчиж байна ... Төв аймгийн төрийн албаны салбар зөвлөлийн 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 39 дүгээр тогтоол нь төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалтны нөөцөд бүртгэхэд нэр дэвшүүлэх тухай тогтоол байх бөгөөд энэхүү тогтоол нь намайг ажлаас халах эрх зүйн үндэслэл биш...” гэж маргадаг.
Үйл баримтаас дурдвал урьд нь “Төв аймгийн Зуунмод сумын Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Б/02 дугаар захирамжаар тус сумын Тамгын газрын дарга П.Цийг үүрэгт ажлаас нь чөлөөлснийг Монгол Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 99 тогтоолоор нэхэмжлэгч П.Цийг болон гуравдагч этгээд Б.Баярсайхан нарыг аль алиныг нь ч Төрийн удирдах албан тушаалд томилогдох хуулийн шаардлага хангаагүй болох нь тогтоосон ... П.Цийг тухайн албан тушаалд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн ... мөн маргаж буй ажлын байранд томилогдох этгээдийг сонгон шалгаруулж, томилоход шүүхийн тогтоол саад болохгүйг дурдан шийдвэрлэсэн байна.
Улмаар Төв аймгийн Засаг даргын 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн Б/02 дугаар тушаалаар П.Цийг Зуунмод сумын Засаг даргын Тамгын газрын даргын түр орлон гүйцэтгэгчээр ”Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын дагуу шалгаруулалт явуулах хүртэл хугацаагаар томилжээ.
Засаг даргаас 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдөр 05/317 дугаар албан бичгээр Улсын Их Хурлын 2003 оны 13 дугаар тогтоолоор батлагдсан ”Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалтныг сонгон шалгаруулах журам”, Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д зааснаар “Удирдах ажилтны сонгон шалгаруулалт” зарлаж өгөхийг хүссэний дагуу тус аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн Салбар зөвлөлийн 2018 оны 37 дугаар тогтоолоор сонгон шалгаруулах комисс байгуулагдаж, сонгон шалгаруулалт явуулсан байна.
Сонгон шалгаруулалт явагдсан үйл баримт болон 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Салбар зөвлөлийн “Төрийн жинхэнэ албаны удирдах, албан тушаалтны нөөцөд бүртгэж, нэр дэвшүүлэх тухай” тогтоолтой нэхэмжлэгч маргаагүй, харин өөрийг нь Зуунмод сумын Засаг даргын 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн Б/02 дугаар захирамжаар Төв аймгийн Зуунмод сумын Тамгын газрын даргын үүрэгт ажлаас нь чөлөөлсөнтэй маргажээ.
Анхан шатны шүүхээс дээрх маргааны үйл баримтыг дүгнэхдээ “...нэхэмжлэгч нь тухайн маргаан бүхий албан тушаалыг эрхлэх шаардлагыг хангахгүй нь Улсын Дээд шүүхийн тогтоолоор тогтоогдсон ... сонгон шалгаруулалт явуулж ... орон тоог нөхөх боломжтойг дүгнэсэн ... Иймд нэхэмжлэгчийн тус албан тушаалд ажиллах эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэх үндэслэлгүй ...” гэж үндэслэлтэй зөв дүгнэлт хийжээ. Улмаар маргаан бүхий акт, түүний үр дагаварт холбогдуулан гаргасан бусад шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болсон байна гэж үзэв.
Дүгнэвэл, Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т “Энэ хуулийн 10.1-д заасан ерөнхий болон 33.5-д заасан тусгай шаардлага, 16 дугаар зүйлд заасан болзлыг хангасан Монгол Улсын иргэн төрийн жинхэнэ албан тушаал эрхлэх эрхтэй.” гэж зааснаас үзвэл тухайн ажлын байрны шаардлагыг хангасан этгээд уг ажилд томилогдох эрх үүсэхээр байна.
Гэтэл П.Ц нь тухайн албан тушаалын шалгуурыг хангахгүй гэдэг нь Төв аймаг дэх Төрийн албаны зөвлөлийн 44 дүгээр “Тогтоол хүчингүй болгох тухай” тогтоол, Улсын дээд шүүхийн 2018 оны 99 дүгээр тогтоолоор тогтоогдсон тохиолдолд “сул орон тоо” гарсан байсан бөгөөд Төрийн албаны тухай /2002/ хуулийн 17 дугаар зүйл болон ”Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалтныг сонгон шалгаруулах журам” дагуу Төв аймаг дахь Төрийн албаны зөвлөл сонгон шалгаруулалт зарласан нь хууль зөрчөөгүй гэж үзнэ.
Тус аймгийн Салбар зөвлөлийн 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн “Төрийн жинхэнэ албаны удирдах, албан тушаалтны нөөцөд бүртгэж, нэр дэвшүүлэх тухай” тогтоолоор Зуунмод сумын Засаг даргын Тамгын газрын даргын сонгон шалгаруулалтад тэнцсэн 3 иргэнийг удирдах ажилтны нөөцөд бүртгэсэн бөгөөд энэ нь маргаж буй албан тушаалд хуульд заасан шалгуурыг хангасан этгээд шалгарснаар П.Цийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх нөхцөл байдал үүссэн байна.
Мөн түүнчлэн Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т “сул орон тоо” гэж төрийн жинхэнэ албан хаагчийг албан тушаалаас нь бууруулсан, төрийн албанаас чөлөөлсөн, халсан, өөр албан тушаалд сонгогдсон, томилогдсон, эсхүл төрийн жинхэнэ албан хаагч нас барсны улмаас тухайн албан тушаалын орон тоо суларсан байхыг” гэж хуульчилжээ.
Мөн түүнчлэн Төрийн албаны тухай хуульд заасан “төрийн албанаас чөлөөлсөн” гэсэн ойлголтод П.Цийг үүрэгт ажлаас чөлөөлсөн шийдвэр хамаарагдахаар байна.
Иймд нэхэмжлэгчийн давж заалдах шатны шүүхэд гаргасан шүүхэд гаргасан гомдлыг хангаж, шийдвэрийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүхийн хэвээр үлдээж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1. Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 110/ШШ2019/0019 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН
ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР