Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 2021/ШЦТ/768

 

 

 

 

 

 

 

 

  

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга  Д.Баасандорж  хөтлөн,

Улсын яллагч: В.Батдэлгэр,

Шүүгдэгч М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М-д  холбогдох эрүүгийн 0000000000000 дугаартай хэргийг 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Холбогдсон хэргийн талаар  

Шүүгдэгч М нь “...Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021оны 02 дугаар сарын 03-ны өдрийн орой Баянгол дүүргийн 0 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Г” зочид буудалд хохирогч О-г хувийн таарамжгүй харилцааны улмаас нүүр нь тус газарт нь гараараа цохиж тархи доргилт, хамар 2 чихний дэлбэн, чихний ар хэсэг, дагз баруун шуу, бугуй сарвууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн мөр, бугуйн сарвуунд цус хуралт бүхий гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан...” гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.0 дугаар зүйлд зааснаар      

ТОДОРХОЙЛОХ нь:

НЭГ: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.0 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд  шүүгдэгч М нь “Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021оны 02 дугаар сарын 03-ны өдрийн орой Баянгол дүүргийн 0 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Г” зочид буудалд хохирогч О-г хувийн таарамжгүй харилцааны улмаас нүүр нь тус газарт нь гараараа цохиж тархи доргилт, хамар 2 чихний дэлбэн, чихний ар хэсэг, дагз баруун шуу, бугуй сарвууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн мөр, бугуйн сарвуунд цус хуралт бүхий гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан” гэх үйл баримтын бодит байдал буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

 

Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Мий “…гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг,

Эрүүгийн 000000000000 дугаартай хэргээс:

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд О-ийн хохирогчоор өгсөн “...2021 оны 02 дугаар сарын 03-ны өдөр би найзуудын хамт “Г нуур” зочид буудалд байж байгаад Т, М, М нарыг дуудсан. Бид хэд пиво ууж байтал гаднаас М-ий ах нар гэх хүмүүс орж ирээд бид нар маргалдаж зодоон эхэлсэн. Миний хамар хугарч, 2 чих хөхрөөд толгойд олон төрлийн булдруу үүссэн. Мөн 2 шуу, 2 гуя хөхөрч хавдсан байсан. Намайг М зодсон бөгөөд тухайн үед бид нар архи уугаагүй, зөвхөн пиво л уусан байсан. Би М-тай найзууд бусад хүмүүсийг нь танихгүй, М-тэй 1,2 удаа л найзын дүү гэдэг утгаар таарч байсан. Би тухайн үед гаднаас орж ирсэн хүмүүсийг танихгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 22 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Б гэрчээр өгсөн: “...Би найз О, М, Т, А нарын хамт “Г нуур” зочид буудалд байж байтал гаднаас Оийн найз гэх М, Э нар гаднаас орж ирсэн. Тэгээд бид нар юм яриад сууж байтал гаднаас 4 хүн орж ирээд дүүгээ авъя гэхэд бид нар “дүү чинь хэн юм бэ, аваад яв” гэхэд “ямар том амтай юм бэ чи” гэж хэлээд бид нарыг зодож эхэлсэн. Би тэдгээр хүмүүсийг урьд өмнө харж байгаагүй бөгөөд намайг хэд хэдэн удаа цохиж, зодож, өшиглөж гэмтэл учруулсан. Миний биед гэмтэл учраагүй тул шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. Гаднаас орж ирсэн хүмүүс бид нарыг шууд зодсон бөгөөд эхлээд Оийг зодсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 28 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд А гэрчээр өгсөн “...Хэрэг болдог өдөр О, М, Т, М бид нар “Г нуур” зочид буудалд байж байтал гаднаас М найзын хамт орж ирээд байж байтал 30-40 минутын дараа Мын найзын ах нар гэх 4-5 хүн орж ирээд дүүгээ авъя гэсэн. Дүү чинь хэн юм бэ гэж асуухад М та нар манай ахтай ингэж харьцахгүй шүү гэж хэлээд Тыг эхлээд цохисон. М бид нарыг салгасан бөгөөд намайг цохиж, толгойн дагз хэсэгт цохиж, нуруу хэсэгт тохойлдож, унагаж байгаад толгой дээр дэвссэн. Оийг Мын найз түрүүлэн цохиж гэмтэл учруулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Б гэрчээр өгсөн “...2021 оны 02 дугаар сарын үед байхаа сайн санахгүй байна. Ц, М, Би, М, Э нар Мий гэрт байсан. Гэтэл гаднаас 2 танихгүй залуу орж ирээд Мыг аваад явсан тэгээд хэсэг байж байтал Мг бас аваад гарсан. Ингээд ирэхгүй байхаар нь Цоо М рүү залгахад “бид 2-ыг явуулахгүй байна, охин олж өг гээд байна. Та хэд бид 2-ыг ирээд авчих” гэж хэллээ гэж Цоо хэлсэн. Энхдалай, Цоо бид 3 “Г нуур” зочид буудалд О-оод М рүү залгатал утсаа авахгүй байхаар нь үүдний угтагчаас нь асууж байгаад 3 хүүхэд орж ирсэн үү, аль өрөөнд байна вэ гэхэд зааж өгсөн. Тэгээд ороод М, М 2-ыг “явах уу” гээд бусад хүмүүст нь “дүү нараа аваад явчих уу” гэхэд О нь “та нар ах байх чинь хамаагүй, миний хувьд чи шүү” гэж хэлээд маргалдаад зодоон эхэлсэн. М нь манай 10 жилийн доод ангийн хүүхэд байсан ба 2020 оны 12 дугаар сард танилцаж байсан. Харин Мийг таньдаг болоод нэг их удаагүй. Тэр өрөөнд 4 хүн байсан ба М, М нараас бусдыг нь танихгүй. О-ийг М түрүүлээд цохисон бөгөөд би салгах гээд дундуур нь орсон бөгөөд О намайг хамаад буйдан дээр унасан. Ц Оийг миний дээрээс татаж босгоход М О-ийг зодсон. О-н хамар нь хугарсан талаар би мэдэхгүй байна. Тухайн өрөөнд ороход тэд нар шилтэй архи ууж байсан ба архины нэрийг нь санахгүй байна. Ямар ч байсан согтолттой байсан нь илт байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 50 тал/,

 

            Мөрдөн шалгах ажиллагааны шатанд М яллагдагчаар өгсөн “...Тухайн өдөр би М болон хэдэн ах нарын хамт Ц ахын төрсөн өдрийг манай гэрт тэмдэглэж байсан. Гэтэл гаднаас Т, О нар орж ирээд Мыг дагуулаад гарсан, удалгүй дахин орж ирээд намайг “юманд явчхаад ирье” гэж хэлээд дагуулж гараад “Г нуур” зочид буудалд орсон. Тэгээд О намайг “охин олоод өг, тэгэхгүй бол явуулахгүй” гээд байсан. Би гарч чадахгүй байж байтал Ц ах залгаад “бид нар явлаа, гэрээ цоожлохгүй юм уу” гэхэд нь би “Г нуур” зочид буудалд байна ирээд аваач” гэж хэлсэн. Тэгээд ирээд залгахад нь би утсаа авч чадаагүй. Гэтэл Ц миний байгаа өрөөг олоод ороод ирсэн бөгөөд орж ирээд “дүүгээ аваад явчих уу” гэхэд О Цтой муудалцаад зодоон эхэлсэн. Би Ттой эхлээд зодолдсон бөгөөд нэг мэдэхэд О Бгийн дээр гарчихсан зодож байсан энэ үед Ц Оийг татаж босгосон бөгөөд би энэ үед Оийг зодсон. Би 2 аяга пиво уусан байсан бөгөөд Ц ах болон түүний найзууд бага зэрэг согтолттой байсан. Харин О түүний найзууд нэлээн согтолттой байсан. Би тухайн зочид буудалд ороход бүртгүүлээгүй бөгөөд О, Т нар намайг голдоо хийж орсон. Тухайн үед Оийн хамар улайчихсан байсан ба дараа нь Фэйсбүүкээр холбогдоход “миний хамар хугарчихсан” гэж хэлсэн. Би хохирлоо нөхөн төлөөгүй байгаа, Оийн эмчилгээний зардлыг цалингаа буухаар төлж барагдуулна. Би Б овогтой байсан бөгөөд 3 жилийн өмнөөс О болгож өөрчилсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 72 тал/,

 

            Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 0000 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 53 тал/,

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Мий хувийн байдалтай холбоотойгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 82 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 77 тал/, Татварын Ерөнхий газрын иргэнд олгох татвар төлөлтийн тухай тодорхойлолт /хх-ийн 78 тал/, регистрийн дугаарын лавлагаа /хх-ийн 79 тал/, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх талаарх лавлагаа /хх-ийн 80 тал/, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 81 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор хуульчлагдсан байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хуульчилсан ба шүүгдэгч нь энэ гэмт хэргийг улмаас үүссэн шууд үр дагавар болох хүний эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирлыг санаатайгаар, мэдэж ухамсарлаж учруулсан байхыг шаардана.

 

Шүүгдэгч М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн орой Баянгол дүүргийн 0 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Г” зочид буудалд хохирогч О-г хувийн таарамжгүй харилцааны улмаас нүүр нь тус газарт нь гараараа цохиж тархи доргилт, хамар 2 чихний дэлбэн, чихний ар хэсэг, дагз баруун шуу, бугуй сарвууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн мөр, бугуйн сарвуунд цус хуралт бүхий гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч, шүүгдэгч, гэрч нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 0000 дугаартай дүгнэлт болон хэрэгт авагдсан бусад нотлох баримт зэргээр хангалттай нотлогдож байна.

 

Шүүгдэгч нь бусдын биед халдах нь хууль бус гэдгийг оюун санааны хувьд ухамсарлавал зохих эрх зүйн чадамжтай этгээд байх ба гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримт болох шинжээч эмчийн 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 0000 дугаартай дүгнэлтэд заасан гэмтэл нь  цаг хугацааны хувьд гэмт хэрэг гарсан цаг хугацаатай  давхцаж байгаа нь шүүгдэгчийг хохирогчид дээрх гэмтлийг учруулсан  гэж үзэх үндэслэлтэй.

 

2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 216/422 дугаартай  “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан...” тохиолдолд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар заасан байх тул шинжээч эмчийн 1292  дугаар дүгнэлт энэ журамд нийцсэн байна.

 

Иймд шүүгдэгч Мий “Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн орой Баянгол дүүргийн 0 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Г” зочид буудалд хохирогч О-г хувийн таарамжгүй харилцааны улмаас нүүр нь тус газарт нь гараараа цохиж тархи доргилт, хамар 2 чихний дэлбэн, чихний ар хэсэг, дагз баруун шуу, бугуй сарвууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн мөр, бугуйн сарвуунд цус хуралт бүхий гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан” үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж дүгнэж, шүүгдэгч Мийг  гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэх нь хэргийн бодит байдалтай нийцнэ гэж шүүх дүгнэлээ.

 

Хохирол төлбөрийн тухайд

Хохирогч О нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрт 3.000.000 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд тэрээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд эмчилгээний зардлыг баримтаар нэхэмжлээгүй байх тул нэхэмжлэлийг хэлэлцэлгүй орхиж хохирогч Оийн  гэмт хэргийн улмаас учирсан, цаашид гарах гэм хорын хохирол төлбөрийг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хуулийн 490 дугаар зүйлийн 497.1,  505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

 

ХОЁР: Эрүүгийн хариуцлагын талаар

Шүүгдэгч М нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүхээс шүүгдэгч Мд ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.

 

Шүүхээс, шүүгдэгч Мий хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж зэрэгт дүгнэлт хийж   Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 /дөрвөн зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг  оногдуулж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Шүүгдэгч М нь 2021 оны 02 дугаар сарын 3-ны өдөр гэмт хэрэг үйлдсэн  байх тул 2021 оны 0 дугаар сарын 06-ны өдрөөс дагаж мөрдсөн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т заасны дагуу түүний үйлдсэн гэмт хэрэг нь цаг хугацааны хувьд Өршөөл үзүүлэх тухай хуульд хамаарах үндэслэлтэй.

Шүүгдэгч М нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид цаашид нэхэмжлэх хохирол төлбөрийг төлж барагдуулахаа илэрхийлсэн байх тул 2021 оны 0 дугаар сарын 06-ны өдрөөс дагаж мөрдсөн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4.1 болон 12.8-д заасныг баримтлан  оногдуулсан эрүүгийн хариуцлагаас өршөөн хэлтрүүлж, хэргийг  хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй болохыг, хэрэг хянан шийдвэрлэх шатанд хохирол төлбөр баримтаар нэхэмжлэгдээгүй болохыг   тус тус дурдаж, шүүгдэгч О.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол гарсан өдрөөс хүчингүй болгож шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10-д заасныг  тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. М-г  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М-г  400  /дөрвөн зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар  шийтгэсүгэй.

 

3. 2021 оны 0 дугаар сарын 06-ны өдрөөс дагаж мөрдсөн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4.1 болон 12.8 дахь заалтыг баримтлан шүүгдэгч Мг оногдуулсан ялаас өршөөн хэлтрүүлж холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

4. Хохирогч О нь гэмт хэргийн улмаас цаашид гарах хохирол төлбөрийг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хуулийн 490 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу Иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

5. Шүүгдэгч М нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид хохирол төлбөр төлөхөө илэрхийлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1, 38.2  дахь  хэсэгт зааснаар шүүгдэгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч  М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

                       

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Ц.ЭРДЭНЭЧИМЭГ