Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 787

 

Б.Б, Л.Д нарт холбогдох

           эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч М.Алдар, Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор А.Нямсүрэн,

Нарийн бичгийн дарга Ч.Хатанбаатар нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 546 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор А.Нямсүрэнгийн бичсэн 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 62 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлээр Б.Б, Л.Д нарт холбогдох эрүүгийн 1711016120463 дугаартай хэргийг 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Шарнууд овгийн Б.Б, 1989 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, “Сайн” салонд үсчин ажилтай, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, Хөтөл 3 дугаар гудамжны 18 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, Зүүн нарангийн 3-65 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД: УК89112085/;

 

2. Хутаг уул овгийн Л.Д, 1989 оны 6 дугаар сарын 08-ны өдөр Архангай аймагт төрсөн, 29 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, эсгэлтийн мэргэжилтэн мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, Нарны зам 51-10 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, Овоотын 4-160/а тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД: АЖ89060805/;

Л.Д нь 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Амрита” бааранд Ч.Гантулгын “Ай фоне-6, Эс пласс” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 530.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

Б.Б нь 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Амрита” бааранд Ч.Гантулгыг алгадсаны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.   

Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас: Б.Бд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Л.Дд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Шарнууд овгийн Б.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Хутаг уул овгийн Л.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Дг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлаж, шүүгдэгч Л.Дд оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, шүүгдэгч Л.Д нь бусдад төлөх төлбөргүй бөгөөд хохирогч Ч.Гантулга нь нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч Б.Баас цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмын дагуу жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Дд энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, хэрэгт баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сиди-г хэрэгт хавсарган үлдээх, шүүгдэгч Б.Б, Л.Д нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор А.Нямсүрэн бичсэн улсын яллагчийн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг дараах байдлаар эсэргүүцэж байна. Шийтгэх тогтоолын 6 дугаар заалтад Л.Дд хорих ял оногдуулаад, оногдуулсан ялыг тэнссэн. Мөн Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар биш 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар тэнсэж, үүрэг хүлээлгэсэн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Иймд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 546 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт өөрчлөлт оруулахаар улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн...” гэв.

                                                           ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж дүгнэв.

Шүүгдэгч Б.Б нь 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Амрита” бааранд Ч.Гантулгыг алгадсаны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Ч.Гантулгын “...би гар утсаа аваад анх сууж байсан ширээндээ дөхөж очтол Д-ийн найз гэх Б баруун гараараа миний зүүн чихийг хүчтэй алгадсан. Би тэр үед эмэгтэй хүн учир Б-д гар хүрээгүй...” гэх мэдүүлэг /хх-23-24/, гэрч Б.Пунсалмаагийн “...Б Гантулга ах руу яахаараа манай найз таны утсыг авдаг юм гээд баруун гараараа нүүрний зүүн хэсэг рүү нь нэг удаа л алгадсан...” гэх мэдүүлэг /хх-31-32/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 117 дугаартай “Гантулгын биед зүүн чихний хэнгэрэг хальс цооролт бүхий гэмтэл тогтоогдлоо, дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтэл байна, дээрх гэмтэл нь ШЭГЗТ журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-50-51/ зэрэг хэрэгт цугларсан, анхан шатны шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Шүүгдэгч Б.Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан талаар анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт үндэслэл бүхий байх бөгөөд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаар зөв дүгнэсэн байна. Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулсан нь түүний гэм буруу, хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээнд тохирсон байна.

Шүүгдэгч Л.Д нь 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Амрита” бааранд Ч.Гантулгын “Ай фоне-6, Эс плас” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 530.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-18-19/, хохирогч Ч.Гантулгын “...захиалга өгөөд хүлээгээд сууж байхад миний ашигладаг 88114477 дугаартай шаргал өнгийн “I Phone” S6 плас загварын гар утас алга болсон байсан. ...би баарны хамгаалалтын албаны өрөөнд очоод гар утсаа алдсан талаар хэлээд камер шүүлгэхэд миний гар утсыг авсан хүн тодорхой болсон. Пунсалтай хамт явж байсан нэг найз эмэгтэй нь байсан. Баарны хамгаалагч, зохион байгуулагчтай очоод миний гар утас авсан эмэгтэй Д-аас гар утсыг авч өгсөн...” гэх мэдүүлэг /хх-23-24/, гэрч Б.Пунсалмаагийн мэдүүлэг /хх-31-32/, шүүгдэгч Б.Бын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-57-59/ зэрэг хэрэгт цугларсан, анхан шатны шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан түүний үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан талаар анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

 Мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тодруулсан, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба шүүх хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаар зөв дүгнэлт хийжээ.

Мөрдөн байцаалтын шатанд хэргийн оролцогчдын эрхийг хасаж буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил гаргаагүй байна гэж үзэв.

 Харин анхан шатны шүүх шүүгдэгч Л.Д-г гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо нөхөн төлсөн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар тэнсэж үүрэг хүлээлгэхдээ түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг жил хорих ял оногдуулж, улмаар уг хорих ялыг тэнссэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул энэхүү үндэслэлээр бичсэн улсын яллагчийн эсэргүүцлийг хүлээн авч, шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 546 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн: 2 дахь заалтыг “Шүүгдэгч Л.Д-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй” гэж,

тогтоох хэсгийн: 6 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Л.Д-г 1 жилийн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй” гэж тус тус өөрчилж, тогтоох хэсгийн 4 дэх заалтыг хүчингүй болгож, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ц.ОЧ

 

                                      ШҮҮГЧИД                                                    М.АЛДАР

 

                                                                            Д.МЯГМАРЖАВ