Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 09 сарын 17 өдөр

Дугаар 580

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ц.Батсүрэн даргалж, шүүгч Ц.Мөнхзул, шүүгч А.Насандэлгэр нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Э, нэхэмжлэгчийн төлөөлөгч Ш.А, Ө.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Э, хариуцагч Ү.А.Г-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А, хариуцагч ЗГХЭГ-ын Хяналт, шалгалт, дотоод аудитын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, Г.Э, тэдгээрийн өмгөөлөгч Э.Э нарыг оролцуулан “О.Ш” НҮТББ-ын нэхэмжлэлтэй, Ү.А.Г, ЗГХЭГ-ын Хяналт, шалгалт, дотоод аудитын газарт тус тус холбогдох захиргааны хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийв.

       Нэхэмжлэгч: “О.Ш” НҮТББ /РД: /

       Хариуцагч: Ү.А.Г

       Хариуцагч: ЗГХЭГ-ын Хяналт, шалгалт, дотоод аудитын газар

Нэхэмжлэлийн шаардлага: “Ү.А.Г нь Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Засаг даргын буруутай үйл ажиллагааны улмаас нийтийн өмчийн нэг хэлбэр болох Засгийн газрын тусгай санд учирсан 2,779,027,850 төгрөгийн хохирлыг тухайн буруутай этгээдээр нөхөн төлүүлэх Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.3-т заасан үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүй гаргасан болохыг тогтоолгох, Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Засаг даргын буруутай үйл ажиллагааны улмаас нийтийн өмч болох Засгийн газрын тусгай санд учирсан 2,779,027,850 төгрөгийн хохирлыг Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.3-д заасан чиг үүргийнхээ хүрээнд шүүхэд нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэхийг даалгах”

ТОДОРХОЙЛОХ нь:

       Нэхэмжлэгч “О.Ш” НҮТББ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “... Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.2-т заасны дагуу Ү.А.Г нь Засгийн газрын нөөц санд захиргааны албан хаагчийн буруутай үйл ажиллагааны улмаас учирсан хохирлыг тус буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлэх чиг үүргийг хуулиар хүлээсэн байна.

       Гэвч тус байгууллага Захиргааны ерөнхий хууль хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн хугацаанаас хойш хуулиар хүлээсэн дээрх чиг үүргээ хэрэгжүүлээгүй байх бөгөөд үүнээс нэг удаагийн үйлдлээр томоохон хэмжээний хохирлыг нийтийн өмчид учруулсан дараах тодорхой тохиолдлыг сонгон авсан болно.

       Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 338 тоот шийдвэрээр Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1, 229 дүгээр зүйлийн 229.1-д заасныг үндэслэн Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Засаг даргын гэм буруутай үйл ажиллагааны улмаас “М-А” ХХК-д учруулсан 2.779.027.850 төгрөгийн хохирлыг тус компанид Засгийн газрын тусгай сангаас гаргуулан олгохоор шийдвэрлэж, уг шийдвэр  хуулийн хүчин төгөлдөр болжээ.

Шүүхийн шийдвэрийн дагуу Хууль зүй дотоод хэргийн сайдын 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн А/166, 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн А/277 дугаар тушаалуудаар Засгийн газрын тусгай сангаас 2,779,027,850 төгрөгийг  гаргуулан төлбөр авагч “М-А” ХХК-д олгуулахаар шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмаар дээрх 2,779,027,850 төгрөг төлөгдсөн байдаг.

Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-д “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүйн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана”, мөн хуулийн 498.5-д “Энэ хуулийн 498.1, 498.2, 498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй” гэж тус тус заасан.

Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1-д “Иргэн, хуулийн этгээдийн хохирлыг барагдуулсны улмаас өөрт учирсан хохирлыг захиргааны байгууллага Иргэний хуулийн 498.5-д заасны дагуу гэм буруутай албан тушаалтнаар буцааж төлүүлнэ", мөн хуулийн 103 дугаар зүйлийн 103.2-д “Энэ хуулийн 103.1-д заасан гэм буруутай албан тушаалтнаар хохирлыг төлүүлэх үүргийг тухайн захиргааны байгууллагын дээд шатны байгууллагын дотоод аудитын нэгж хариуцна”, мөн хуулийн 103 дугаар зүйлийн 103.3-д “Энэ хуулийн 103.2-т заасан дээд шатны байгууллагын дотоод аудитын нэгж байхгүй бол гэм буруутай албан тушаалтнаар хохирлыг төлүүлэх үүргийг төрийн аудитын байгууллага хариуцна” гэж тус тус заажээ.

Иймд манай байгууллагаас дээрх чиг үүргийг хэрэгжүүлэх ёстой Ү.А.Гт 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 1/03 тоот албан бичгээр Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Засаг даргын буруутай үйл ажиллагааны улмаас Засгийн газрын тусгай сан буюу нийтийн өмчид учирсан 2,779,027,850 төгрөгийн хохирлыг буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлэх хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэх талаар шаардлага хүргүүлсэн.

Үндэсний аудитын газраас 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 01/726 тоот албан бичгээр “Хараат бусаар үйл ажиллагаа явуулдаг, санхүүгийн аудит хийгдэж байна" гэх агуулгатай хариу өгсөн бөгөөд үүнээс тухайн ажлыг гүйцэтгээгүй болох нь тодорхой байна. Иймд тухайн асуудлаар шүүхэд хандахад хүрсэн болно” гэжээ.

Нэхэмжлэгч “О.Ш” НҮТББ шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа: “... Ү.А.Г нь Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Засаг даргын буруутай үйл ажиллагааны улмаас нийтийн өмчийн нэг хэлбэр болох Засгийн газрын тусгай санд учирсан 2,779,027,850 төгрөгийн хохирлыг тухайн буруутай этгээдээр нөхөн төлүүлэх Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.3-т заасан үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүй гаргасан болохыг тогтоолгох, Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Засаг даргын буруутай үйл ажиллагааны улмаас нийтийн өмч болох Засгийн газрын тусгай санд учирсан 2,779,027,850 төгрөгийн хохирлыг Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.3-д заасан чиг үүргийнхээ хүрээнд шүүхэд нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэхийг даалгах” гэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ш.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Төрийн байгууллага, албан тушаалтнуудын буруутай үйл ажиллагааны улмаас иргэд болон хуулийн этгээдэд нөхөн төлж байгаа хохирлын хэмжээ 25.1 тэрбум төгрөгт хүрсэн. Үүнийг жил бүр улсын төсвөөс нөхөн төлдөг бөгөөд дийлэнх хувийг Засгийн газрын нөөц буюу тусгай сангаас зарцуулдаг. Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1-д “Иргэн, хуулийн этгээдийн хохирлыг барагдуулсны улмаас өөрт учирсан хохирлыг захиргааны байгууллага Иргэний хуулийн 498.5-д заасны дагуу гэм буруутай албан тушаалтнаар буцааж төлүүлнэ”, 103.2-т “Энэ хуулийн 103.1-д заасан гэм буруутай албан тушаалтнаар хохирлыг төлүүлэх үүргийг тухайн захиргааны байгууллагын дээд шатны байгууллагын дотоод аудитын нэгж хариуцна.”, 103.3-д “Энэ хуулийн 103.2-т заасан дээд шатны байгууллагын дотоод аудитын нэгж байхгүй бол гэм буруутай албан тушаалтнаар хохирлыг төлүүлэх үүргийг төрийн аудитын байгууллага хариуцна” гэж тус тус заасан.

Сэлэнгэ аймгийн Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 338 дугаар шийдвэрээр Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Засаг даргын гэм буруутай үйл ажиллагааны улмаас “М-А” ХХК-д учирсан 2.779.027.000 төгрөгийн хохирлыг Засгийн газрын тусгай сангаас гаргуулан олгохоор шийдвэрлэсэн бөгөөд шийдвэр хүчин төгөлдөр болсон. Өөрөөр хэлбэл, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмаар 2,779,027,000 төгрөг төлөгдсөн. 2017, 2018 онуудад Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1, 103.2, 103.3-д заасан чиг үүргээ хариуцагч байгууллага биелүүлээгүй байна. Хяналтын чиг үүргийг хэрэгжүүлэх дээд шатны байгууллага байхгүй бол Ү.А.Г хариуцан шийдвэрлүүлнэ гэсэн зарчмын дагуу Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Засаг даргын буруутай үйл ажиллагааны улмаас учирсан 2.7 тэрбум төгрөгийн хохирлын асуудлыг хариуцан ажиллах ёстой” гэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ө.Э-О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлд заасан хуулийн хэрэгжилт хангагдахгүй, уг чиг үүргийг хүлээсэн захиргааны байгууллага ажлаа хийхгүй байгаа учраас шүүхэд нэхэмжлэл гаргасан. Үндэсний аудитын газрыг хариуцагчаар татсан учир нь хохирлыг өөрийн төсвөөс хүлээж байгаа Засгийн газрын тусгай сан юм. Сэлэнгэ аймгийн Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрт Засгийн газрын тусгай сан гэж дурдагдсан бөгөөд 2017 онд шүүхийн шийдвэрийн дагуу 2.7 төгрөг “М-А” ХХК-ийн дансанд орсон. Компанид учирсан хохирлыг төрөөс төлж барагдуулснаар Засгийн газрын тусгай санд хохирол учирсан. Засгийн газрын тусгай сан татвар төлөгчдийн төлсөн татвараас бүрдэж байгаа. Тэгэхээр нийтийн эд хөрөнгийг буцаан төлүүлэх чиг үүрэгтэй байгууллага нь буцаан төлөөлүүлэх ажлаа хийхгүй байгаа нь нэхэмжлэл гаргахад хүргэсэн. Засгийн газрын тусгай сан нь Засгийн газрын халаас гэсэн үг бөгөөд уг халааснаасаа зарцуулалт хийгээд явдаг. Засгийн газрын тусгай санд байгаа мөнгийг гарган зарцуулсан, үүнийг буцаан төлүүлэхтэй холбоотой Засгийн газрын өөрийн дотоод бүтцэд дотоод аудитын нэгж байхгүй. Иймд Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.3-д зааснаар дээд шатны байгууллагын дотоод аудитын нэгж байхгүй бол гэм буруутай албан тушаалтнаар хохирлыг төлүүлэх үүргийг төрийн аудитын байгууллага хариуцна гэж үзээд Үндэсний аудитын газрыг хариуцагчаар татсан.

Даалгах нэхэмжлэлийн шаардлагын тухайд Төрийн аудитын тухай хуулийн 15 дугаар зүйлд аудит хийх бүрэн эрхийг заасан бөгөөд тус 15 дугаар зүйлийн 15.1.23-д хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх гэж заасан. Уг хууль тогтоомжид заасан бусад эрх буюу Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.3-д заасан бүрэн эрхээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2-т заасны дагуу бусдын эрх, эрх чөлөө, ашиг сонирхлыг хамгаалж шүүхэд мэдүүлэх эрх нь хуулиар олгогдсон этгээдээс гаргасан нэхэмжлэл гарган хэрэгжүүлэх зохицуулалттай. Тэгэхээр нийтийн өмчид учирсан хохирлыг нөхөн төлүүлэх үүргийг Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.3 дахь заалтаар олгосон байна.” гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Захиргааны байгууллага, албан тушаалтны аливаа шийдвэр, үйл ажиллагаанаас үүдэлтэйгээр иргэн, хуулийн этгээдэд учирсан хохиролтой холбоотой асуудлыг шүүхээс шийдвэрлэсний дараа шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагддаг. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулахад төсөвт байгууллагын данснаас шууд суутгал хийдэггүй. Хууль зүй, дотоод хэргийн яаманд нэгтгэгдээд Сангийн яаманд уламжлан төсөвт суулган төсвийн шинэ жил эхлэхэд олгогдог. Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалын хавсралтад 290 орчим аж ахуйн нэгжийн нэр орсон байгаа. Уг 290 орчим аж ахуй нэгжийн хохирлын эх үүсвэрийг Засгийн газрын нөөц сан, Засгийн газрын тусгай зориулалтын сангаас гаргахаар шийдвэрлэсэн.

Хариуцагч нар сумын Засаг дарга учраас аймгийн Засаг даргын түвшний буюу дээд шатны байгууллагын дотоод аудитын нэгж нь хариуцна гэх тайлбар өгсөн. Хохирлыг Засгийн газрын нөөц сангаас олгосон. Тэгэхээр Иргэний хэргийн шүүхэд аймгийн Засаг дарга бидэнд учирсан хохирлыг нөхөн төлүүлье гэсэн нэхэмжлэл гаргая гэхээр өөрсдөөс нь төлбөрийн мөнгийг гаргуулаагүй байдаг. Засгийн газраас хохирлыг гарган өгсөн учраас төлбөрийг олгож шийдвэрлэсэн байгууллага нь шаардлага гаргах эрхтэй гэдэг үүднээс хариуцагч нарыг тодорхойлсон.

Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлд заасан өөрт учирсан хохирлоо нэхэмжлэн авах эрхээ ашиглаж шүүхэд хандсан боловч давж заалдах гомдол гаргаагүй. Засаг дарга нь өөрөө хохирол, төлбөрийг үүсгэх захирамжийг гаргаад улмаар захирамжийн хууль ёсны байдлыг баталгаажуулан эцсээ хүртэл шүүхэд гомдол гаргаад явах үүргээ биелүүлээгүй. Өөрөөр хэлбэл, Иргэний хэргийн шүүхэд давж заалдаж, хохирол төлөх үндэслэлгүй гэсэн үйлдлийг гаргаагүй онцгой тохиолдол юм. Энэ онцгой тохиолдолд үүрэг хүлээсэн байгууллага асуудлыг судалж, аль түвшинд алдаа гаргасныг тогтоож, гэм буруутай этгээдээр хохирлыг төлүүлэх шаардлагатай гэж үзсэн. Хохирлыг төлсөн эх үүсвэртэй уялдан хариуцагчийг тодорхойлсон. Иргэний хэргийн шүүхэд уг хариуцагч нэхэмжлэгч болоод явах үндэслэлтэй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Ү.А.Г-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: “... 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөж эхэлсэн Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1-т “Иргэн, хуулийн этгээдийн хохирлыг барагдуулсны улмаас өөрт учирсан хохирлыг захиргааны байгууллага Иргэний хуулийн 498.5-д заасны дагуу гэм буруутай албан тушаалтнаар буцааж төлүүлнэ. ” гэж хуулиар зохицуулсан.

Үүний дагуу мөн зүйлийн 103.2-т “Энэ хуулийн 103.1-т заасан гэм буруутай албан тушаалтнаар хохирлыг төлүүлэх үүргийг тухайн захиргааны байгууллагын дээд шатны байгууллагын дотоод аудитын нэгж хариуцна.” гэж хохирол учирсан байгууллагын дээд шатны байгууллагын дотоод аудитын нэгжид тус хохирлыг буцаан төлүүлэх үүргийг хууль өөрөө үүрэг болгосон.

Гэтэл нэхэмжлэгч талаас Засгийн газрын тусгай сан нь Засгийн газрын шууд харьяа сан бөгөөд дээд шатны байгууллага байхгүй, шууд Засгийн газрын харьяа сан учир Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлд заасан буюу хуулиар хүлээлгэсэн үүргийг Төрийн аудитын байгууллага хариуцахаар тайлбарлаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй юм.

Учир нь Засгийн газрын тусгай сан нь Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 5 дугаар зүйлд заасны дагуу олон төрөл, бүрэлдэхүүн хэсэгтэй.

Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.7-д “Хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн энэ хуулийн 213.1-д заасан сангийн хөрөнгийг захиран зарцуулах шийдвэрийг дараах шаардлагыг хангасан тохиолдолд гаргана”, 26.7.1-д “Хохирлыг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлэх тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон” гэж хуульд заасны дагуу Хууль зүй, дотоод хэргийн сайд өөрийн эрх хэмжээний хүрээнд Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 338 дугаар шийдвэрийн дагуу 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн А/166 дугаартай тушаалаар “Гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох сан”-аас 500,000,000 /таван зуун сая/ төгрөгийг, 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн А/277 дугаартай тушаалаар 2,279,027,850 төгрөгийг “М-А” ХХК-д олгосон байна.

“Гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох сан” нь өөрөө Хууль, зүй дотоод хэргийн сайдын харьяанд байдаг бөгөөд үүний дагуу тус санд 2,279,027,850 төгрөгийн хохирол учирсан гэж үзэж байна.

Монгол Улсын Засгийн газрын тухай хууль, Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулиудад заасны дагуу Хууль, зүй дотоод хэргийн яам нь Засгийн газрын бүрэлдэхүүн бөгөөд дээд шатны байгууллага нь Засгийн газар юм.

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 182 дугаар зүйлийн 18.1-т заасны дагуу Засгийн газрын Хэрэг эрхлэх газар нь Засгийн газрын ажлын алба бөгөөд Монгол Улсын Засгийн газраас 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдөр 10 дугаар тогтоолоор ЗГХЭГ-ын бүтцийг баталсан. Тус тогтоолын 1-ийн 5 дахь хэсэгт зааснаар “Хяналт-шалгалт, үнэлгээ дотоод аудитын газар" гэх нэгж байдаг тул Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.2-т заасан чиг үүргийг ЗГХЭГ-ын Хяналт-шалгалт, үнэлгээ дотоод аудитын газар хариуцах ёстой гэж үзэж байна.

Дээрх хуулийн зохицуулалт болон харьяалагдах дээд шатны байгууллага байхад нэхэмжлэгч тал Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.3-т заасан үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүй гаргасан гэж тайлбарлаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

Хариуцагч Ү.А.Г-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... нэхэмжлэгч “О.Ш” НҮТББ нь уг асуудлаар Ү.А.Гт хандсаны дагуу манай байгууллага Төрийн аудитын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т зааснаар хараат бусаар үйл ажиллагаа явуулдаг учраас шүүхэд нэхэмжлэл гаргаад явах боломжгүй. Хэн нэгний даалгавраар төрийн аудитын байгууллага үйл ажиллагаа явуулдаггүй гэдэг байдлаар хариу өгсөн. Захиргааны ерөнхий хуулийн 101, 102, 103 дугаар зүйлд уг асуудлыг зохицуулж өгсөн. Уг хуулийн заалтууд шууд хэрэгжихэд учир дутагдалтай асуудлууд байдаг. Нэхэмжлэгч тал төрийн аудитын байгууллага хариуцах байдлаар тайлбарлаж байгаа. Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.4-д зааснаар тодорхой актуудыг төрийн аудитын байгууллагад ирүүлж ажил гүйцэтгүүлэх боломж байгаа.

Мөнгөний эх үүсвэр хаанаас гарч байгаа нь хэргийг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой асуудал. Засгийн газрын тусгай сан нь ямар байгууллага болох, дээд шатны байгууллага байгаа эсэх нь чухал асуудал болоод байна. Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 182 дугаар зүйлийн 1-д “Засгийн газрын Хэрэг эрхлэх газар нь Засгийн газрын ажлын алба мөн” гэж заасан. Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 10 дугаар тогтоолоор ЗГХЭГ-ын бүтцийг баталсан. Энэ бүтцэд Хяналт, шинжилгээ дотоод аудитын газрыг байгуулсан. Тэгэхээр уг хохирлыг барагдуулах чиг үүрэгтэй байгууллага нь дотоод аудитын нэгж гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

Хариуцагч ЗГХЭГ-ын Хяналт, шалгалт, дотоод аудитын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М-Э шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: “... “Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Засаг даргын буруутай үйл ажиллагааны улмаас төрд учирсан 2.779.027.850 төгрөгийн хохирлыг тухайн буруутай этгээдээр нөхөн төлүүлэх үүргээ Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлд заасны дагуу биелүүлэхийг хариуцагчид даалгуулах" гэх шаардлагын тухайд,

Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1-д “Иргэн, хуулийн этгээдийн хохирлыг барагдуулсны улмаас өөрт учирсан хохирлыг захиргааны байгууллага Иргэний хуулийн 498.5-д заасны дагуу гэм буруутай албан тушаалтнаар буцааж төлүүлнэ” гэж, мөн хуулийн 103.2-т “Энэ хуулийн 103.1-д заасан гэм буруутай албан тушаалтнаар хохирлыг төлүүлэх үүргийг тухайн захиргааны байгууллагын дээд шатны байгууллагын дотоод аудитын нэгж хариуцна” гэж, мөн хуулийн 103.3-т “Энэ хуулийн 103.2-т заасан дээд шатны байгууллагын дотоод аудитын нэгж байхгүй бол гэм буруутай албан тушаалтнаар хохирлыг төлүүлэх үүргийг төрийн аудитын байгууллага хариуцна” гэж тус тус заажээ.

Дээрх хуулийн зохицуулалтаас үзвэл албан тушаалтны буруутай үйл ажиллагааны улмаас иргэн, хуулийн этгээдэд учирсан хохирлыг тэргүүн ээлжид төр барагдуулж, үүний дараа тухайн буруутай албан тушаалтнаар хохирлыг буцаан төлүүлж, төрийг хохиролгүй болгохоор хуульчилсан байна.

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 338 дугаар шийдвэрээр Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Засаг даргын буруутай үйл ажиллагааны улмаас “М-А” ХХК-д учруулсан 2,779,027,850 төгрөгийн хохирлыг Засгийн газрын тусгай сангаас гаргуулж, “М-А” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн байна.

Монгол Улсын 2017 оны улсын төсвийн тухай хуулиар Хууль зүй, дотоод хэргийн сайдын төсвийн багцад батлагдсан эх үүсвэрээс дээрх шүүхийн шийдвэрийг биелүүлж, Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар “М-А” ХХК-д нөхөн олговор олгосон байна.

Өөрөөр хэлбэл Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1-д заасны дагуу хуулийн этгээдийн хохирлыг Хууль, зүй дотоод хэргийн сайд эрхлэх асуудлынхаа хүрээнд барагдуулсан байх бөгөөд Хууль зүй, дотоод хэргийн сайдын дээд шатны байгууллага нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газар биш тул ЗГХЭГ-ын Хяналт, шалгалт, үнэлгээ, дотоод аудитын газар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад дурдсан асуудлыг хариуцах үндэслэлгүй юм.

Түүнчлэн Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд зааснаар Засгийн
газрын Хэрэг эрхлэх газар нь Хууль зүй, дотоод хэргийн сайдын үйл ажиллагаанд
хяналт тавих чиг үүргийг хэрэгжүүлдэггүй болно.” гэжээ.

Хариуцагч ЗГХЭГ-ын Хяналт, шалгалт, дотоод аудитын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын өмгөөлөгч Э.Э-Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... нэхэмжлэлийн шаардлага, зорилгыг ЗГХЭГ-ын зүгээс дэмжиж байгаа. Уг маргааны хувьд, ЗГХЭГ-ын Хяналт, шалгалт, дотоод аудитын газар хариуцлага хүлээх үндэслэлгүй гэж үзэж байна. Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1-д “Иргэн, хуулийн этгээдийн хохирлыг барагдуулсны улмаас өөрт учирсан хохирлыг захиргааны байгууллага Иргэний хуулийн 498.5-д заасны дагуу гэм буруутай албан тушаалтнаар буцааж төлүүлнэ” гэж заасан. Сэлэнгэ аймгийн Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 338 дугаар шийдвэрээр “М-А” ХХК-ийн 2,7 тэрбум төгрөгийн хохирлыг Засгийн газрын тусгай сангаас гаргуулан олгохоор шийдвэрлэсэн. Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд зааснаар уг санд нийт 28 санг хамааруулдаг. Уг 28 сангийн аль сангаас нь уг хөрөнгийг гаргах вэ гэдгийг шүүхийн шийдвэрт тодорхой зааж өгөөгүй. “М-А” ХХК-д учирсан хохирлыг хаанаас, ямар эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр, аль санхүүжилтээс гаргасан бэ гэдгийг зайлшгүй тодорхойлох шаардлагатай. Монгол Улсын Сангийн яамнаас тус шүүхэд 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдөр ирүүлсэн 6/4080 дугаар албан бичигт “... М-А” ХХК-д олгосон нөхөн олговрыг Монгол Улсын 2017 оны улсын төсвийн тухай хуулиар батлагдсан Хууль зүй, дотоод хэргийн сайдын багцаас буюу улсын төсвөөс санхүүжүүлсэн гэж дурдсан. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын нөөц сан, Засгийн газрын тусгай сангуудаас санхүүжилт олгогдоогүй. Монгол Улсын 2017 оны улсын төсвийн тухай хуулиар Хууль зүй, дотоод хэргийн сайдын багцаас Хууль зүй, дотоод хэргийн сайдын шийдвэрээр санхүүжилт олгогдсон нь тогтоогдож байна.

Хууль зүй, дотоод хэргийн сайдын багцаас санхүүжилт хийгдэж, хохирлыг барагдуулсан учраас Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.2-т “Энэ хуулийн 103.1-д заасан гэм буруутай албан тушаалтнаар хохирлыг төлүүлэх үүргийг тухайн захиргааны байгууллагын дээд шатны байгууллагын дотоод аудитын нэгж хариуцна” гэж зааснаар Хууль зүй, дотоод хэргийн сайдын дээд шатны байгууллага, албан тушаалтны дотоод аудитын нэгж уг асуудлыг хариуцах болно. Хууль зүй, дотоод хэргийн сайдыг Улсын Их Хурлаас томилдог. Өөрөөр хэлбэл, Улсын Их Хуралд сайдыг томилох бүрэн эрх хадгалагддаг. Улсын Их Хурал нь захиргааны байгууллагын шинжийг агуулахгүй, захиргааны байгууллага биш. Тэгэхээр дээд шатны байгууллагын дотоод аудитын нэгж байхгүй үзэж байна. Иймд Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.3-д “Энэ хуулийн 103.2-т заасан дээд шатны байгууллагын дотоод аудитын нэгж байхгүй бол гэм буруутай албан тушаалтнаар хохирлыг төлүүлэх үүргийг төрийн аудитын байгууллага хариуцна” гэж зааснаар Үндэсний аудитын байгууллага уг хохирлыг хариуцан төлүүлэх үүргийг хүлээнэ. ЗГХЭГ-ын дотоод аудитын нэгж нь төсвийн шууд захирагчийн буюу ЗГХЭГ-ын даргын дотоод аудитын нэгж учраас уг асуудлыг Ү.А.Гт хариуцуулж шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “О.Ш” Нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага /цаашид НҮТББ гэнэ/ нь Ү.А.Гт холбогдуулан “ Ү.А.Г нь Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Засаг даргын буруутай үйл ажиллагааны улмаас нийтийн өмчийн нэг хэлбэр болох Засгийн газрын тусгай санд учирсан 2,779,027,850 төгрөгийн хохирлыг тухайн буруутай этгээдээр нөхөн төлүүлэх Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.3-т заасан үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүй гаргасан болохыг тогтоолгож, тус байгууллагыг Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Засаг даргын буруутай үйл ажиллагааны улмаас нийтийн өмч болох Засгийн газрын тусгай санд учруулсан 2,779,027,850 төгрөгийн хохирлыг Төрийн аудитын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 15.1.23-т заасныг журамлан Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.3-д заасан чиг үүргийнхээ хүрээнд шүүхэд нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэхийг даалгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан байх бөгөөд нэхэмжлэлийн үндэслэлээ “ Засгийн газрын тусгай сан бол татвар төлөгчдийн төлсөн татвараас бүрдэж байгаа. Компанид учирсан хохирлыг төрөөс төлж, Засгийн газрын тусгай санд хохирол учирсан. ... Нийтийн эд хөрөнгөд ... төрийн байгууллага, албан тушаалтны учруулсан хохирлыг гэм буруутай албан тушаалтнаар төлүүлэх үүргийг төрийн аудитын байгууллага ... хуульд зааснаар нэхэмжлэл гарган хэрэгжүүлэх зохицуулалттай” гэж тодорхойлон маргажээ.

Шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийн оролцогчдын маргасан асуудлаар дүгнэлт хийж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Нэг: Нэхэмжлэл гаргах эрхийн тухайд:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3-т зааснаар хуулиар тусгайлан эрх олгогдсоноос бусад нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд нь мөн хуулийн 18 дугаар зүйлийн 18.3-т заасан шаардлагыг хангасан тохиолдолд, тодруулбал нэхэмжлэлийн шаардлага нь тухайн байгууллагын дүрмийн зорилгод нийцсэн, дүрмийн зорилгын дагуу сүүлийн гурваас доошгүй жил тогтвортой үйл ажиллагаа явуулсан тохиолдолд хүрээлэн байгаа орчин, хүүхдийн эрх, нийтийн эрүүл мэнд, нийтийн өмчийг хамгаалах асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна.

 “О.Ш” НҮТББ-ын дүрмийн 6.1-д тодорхойлсноор тус  төрийн бус байгууллагын зорилго нь хууль эрх зүйн практикийн судалгаа, онолын судалгаа, бусад улс орнуудын тэргүүн ололт, шийдлийг олж илрүүлэх, Монголын хууль зүйн салбарт нутагшуулах, боломж бололцоог эрэлхийлэх замаар Монгол Улсын хууль зүйн салбарын хөгжил, шинэтгэлд хувь нэмэр оруулах, иргэдийн хууль зүйн боловсролд чиглэсэн үйл ажиллагаа явуулах, цаашлаад эрх зүйт төр эрх зүйт нийгмийг бүрдүүлэхэд чиглэгдэж байх бөгөөд энэхүү зорилтоо хэрэгжүүлэхийн тулд хууль эрх зүйн онол, практикийн судалгаа, харьцуулсан судалгаа, хууль эрх зүйн сургалт, мэдээлэл зэрэг үйл ажиллагааг явуулахаар тусгасан байх бөгөөд энэхүү дүрмийн зорилгын хүрээнд бие даан судалгаа явуулж, судалгааны үр дүнд үндэслэн Ү.А.Г нь төрийн албан тушаалтны буруутай үйл ажиллагааны улмаас иргэн, хуулийн этгээдэд учруулсан хохирлыг буруутай албан тушаалтнаар буцаан төлүүлэх үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүй гаргасан гэж үзэж, тус байгууллагыг эс үйлдэхүй гаргасан болохыг тогтоолгох, улмаар тус газарт Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Засаг даргын буруутай үйл ажиллагааны улмаас нийтийн өмч болох Засгийн газрын тусгай санд учруулсан 2,779,027,850 төгрөгийн хохирлыг шүүхэд нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэхийг даалгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан, энэхүү нэхэмжлэлийн шаардлага нь тус төрийн бус байгууллагын дүрмийн зорилтод нийцсэн, түүнчлэн дүрмийн зорилтын хүрээнд сүүлийн гурваас доошгүй жил тогтвортой үйл ажиллагаа явуулсан болох нь хэрэгт цугларсан тус төрийн бус байгууллагын 0000435.. дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээ[1], НҮТББ-ын дүрэм[2] , Ажил гүйцэтгэх гэрээнүүд[3], судалгааны ажил зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул тус төрийн бус байгууллагыг захиргааны хэргийн шүүхэд нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд буюу нийтийн өмчийг хамгаалах асуудлаар нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд гэж үзнэ.

Хоёр:  Маргааны үйл баримтын талаар:

            Анх Сэлэнгэ аймгийн Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд  “М-А” ХХК-ийн захирал Г.Э нь Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газарт холбогдуулан “ Гэрээнээс үүдсэн гэм хорын хохирол, олох ёстой байсан орлого 3,695,092,350 төгрөгийг гаргуулах “ шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан байх ба тус шүүх хэргийг хянан хэлэлцээд 2016 оны 06 дугаар сарын 17-ний өдрийн 338 дугаар шийдвэрээр[4] “ ... төрийн албан хаагч нь албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл нотлогдсон гэж үзэн,  Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1, 229 дүгээр зүйлийн 229.1-д тус тус зааснаар Засгийн газрын сангаас 2,779,027,850 төгрөгийг гаргуулан, Сэлэнгэ аймгийн Шаамар суманд байрлах “М-А” ХХК-нд олгохоор шийдвэрлэжээ.

            Дээрх шүүхийн шийдвэрийн дагуу Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн “Хөрөнгө хуваарилах тухай”  А/166 дугаар тушаалын хавсралтаар[5] Засгийн газрын тусгай сангаас 500,000,000 төгрөгийг гаргаж, “М-А” ХХК-нд олгохоор, Хууль зүй дотоод хэргийн сайдын 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн “Хөрөнгө хуваарилах тухай” А/277 дугаар тушаалын[6] хавсралтаар Засгийн газрын тусгай сангаас 2,279,027,850 төгрөгийг гаргаж, “ М-А” ХХК-нд олгохоор  тус тус шийдвэрлэсэн, дээрх тушаалуудын дагуу Хууль зүй, дотоод хэргийн сайдын багцаас “М-А” ХХК-ийн дансанд төрийн албан хаагчийн буруутай үйл ажиллагааны улмаас учирсан хохирлын нөхөн төлбөрт 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 500,000,000,00 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 1,279,027,850,00 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 1,000,000,000,00 төгрөгийг тус тус шилжүүлсэн болох нь төлбөрийн хүсэлтүүд[7]  / шилжүүлгийн баримт / -ээр тогтоогджээ.

            Нэхэмжлэгч “О.Ш” НҮТББ нь  2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 1/03 дугаар албан бичгээр[8] Ү.А.Гт хандан “ ... Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1, 103.3-т заасан чиг үүргээ биелүүлж, Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Засаг даргын буруутай үйл ажиллагааны улмаас Засгийн газрын тусгай санд учирсан хохирол болох 2,779,027,850 төгрөгийн хохирлыг буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлж, нийгмийн өмчийг хамгаалах” агуулга бүхий хүсэлт гаргасан байх ба Ү.А.Г-ын 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 01/726 дугаар албан бичгээр[9] “ ... албан бичигт дурдсан асуудлаар тодорхой хяналт шалгалт, аудит хийгдэж, бодит хохирлыг тогтоосны үндсэн дээр шийдвэрлэх боломжтой ...” гэсэн хариуг хүргүүлсэн үйл баримтууд тогтоогдож байх ба хэргийн оролцогч нар дээрх үйл баримттай маргаагүй байна. 

            Гурав: Хууль зүйн үндэслэлийн талаар:

Нэхэмжлэгчээс “ ... Засгийн газрын тусгай сангаас гарсан төрийн албан хаагчийн гэм буруутай үйлдлээс учирсан бодит хохирол болох 2,779,027,850 төгрөгийг нөхөн төлүүлэх үүргийг Ү.А.Г хариуцах ёстой” гэж маргаж байна.

Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1-д “Иргэн, хуулийн этгээдийн хохирлыг барагдуулсны улмаас өөрт учирсан хохирлыг захиргааны байгууллага Иргэний хуулийн 498.5-д заасны дагуу гэм буруутай албан тушаалтнаар буцааж төлүүлнэ”, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д “Энэ хуулийн 498.1, 498.2, 498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй” гэж хуульчлан тогтоожээ.

            Захиргааны ерөнхий хуулийн дээрх хуулийн зохицуулалт нь захиргааны байгууллага өөрт учирсан хохирлоо  гаргуулах буюу барагдуулах заалт бөгөөд харин захиргааны байгууллагад учирсан хохирлыг төлүүлэх үүргийг ямар субъект хэрэгжүүлэхийг мөн хуулийн 103.2-т “ Энэ хуулийн 103.1-д заасан гэм буруутай албан тушаалтнаар хохирлыг төлүүлэх үүргийг  тухайн захиргааны байгууллагын дээд шатны байгууллагын дотоод аудитын нэгж хэрэгжүүлнэ” гэж, 103.3-т “ Энэ хуулийн 103.2-т заасан дээд шатны байгууллагын дотоод аудитын нэгж байхгүй бол гэм буруутай албан тушаалтнаар хохирлыг төлүүлэх үүргийг төрийн аудитын байгууллага хариуцна” гэж тодорхойлон заажээ.

Дээрх хуулийн заалтын агуулгаас үзэхэд албан тушаалтны буруутай үйл ажиллагааны улмаас учирсан хохирлыг тэргүүн ээлжид төр барагдуулж, үүний дараа буруутай албан тушаалтнаар хохирлыг барагдуулж, төрийг хохиролгүй болгох, ингэхдээ буруутай албан тушаалтнаар хохирлыг төлүүлэх үүргийг дээд шатны байгууллагын дотоод аудитын нэгж, ийм байгууллага байхгүй бол төрийн аудитын байгууллага хэрэгжүүлэхээр хуульчлан тогтоожээ.

            Хариуцагч Ү.А.Г-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “... Засгийн газрын Хэрэг эрхлэх газар нь Засгийн газрын ажлын алба бөгөөд ЗГХЭГ-ын бүтцэд Хяналт шалгалт, үнэлгээ дотоод аудитын нэгж байдаг тул энэхүү чиг үүргийг ЗГХЭГ-ын Хяналт-шалгалт, үнэлгээ дотоод аудитын газар хариуцах ёстой” гэж маргаж байна. 

            Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар Засгийн газрын тодорхой чиг үүрэг, зорилтыг санхүүжүүлэх зорилгоор улсын нэгдсэн төсвөөс төвлөрүүлсэн хөрөнгө, түүнчлэн уг арга хэмжээнд зориулан олгосон хандив, буцалтгүй тусламжийн орлогыг Засгийн газрын тусгай сан гэх бөгөөд мөн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д зааснаар тусгай сангийн хөрөнгийн зарцуулалтад Төсвийн тухай хуулийн 69 дүгээр зүйлд заасан журмын дагуу дотоод аудитын алба  хяналт шалгалт хийх эрхтэй байх бөгөөд уг хуулиар Засгийн газрын тусгай санд учирсан хохирлыг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлэх үүргийг ямар субъект, хэрхэн хэрэгжүүлэхийг тодорхойлон заагаагүй байна.

            Засгийн газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1-д “ Хэрэг эрхлэх газар нь Засгийн газрын шийдвэр боловсруулах, хэрэгжүүлэх, төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллагыг харилцан ажиллагааг зохицуулахад туслах, хүний нөөцийн удирдлага, нийтлэг үйлчилгээний удирдлагаар хангах асуудлыг эрхлэн гүйцэтгэнэ” гэж, 33 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 12-т “Хэрэг эрхлэх газар нь хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийн биелэлтэд тавих хяналт шалгалтыг зохион байгуулна” гэж, 182 дугаар зүйлийн 1-д “ Засгийн газрын Хэрэг эрхлэх газар нь Засгийн газрын ажлын алба байна” гэж тус тус заасан байх бөгөөд Засгийн газрын 2016 оны 119 дүгээр тогтоолоор ЗГХЭГ-ын үйл ажиллагааны стратеги, бүтцийн ерөнхий тогтолцоо, зохион байгуулалтын бүтцийн нэгжийн үндсэн чиг үүргийн тодорхойлсон байх ба дээрх чиг үүргээс үзэхэд ЗГХЭГ-ын хяналт-шалгалт, үнэлгээ, дотоод аудитын газар нь Засгийн газрын тусгай сан, нөөц сангийн үйл ажиллагааны зарцуулалтад хяналт тавих, учирсан хохирлыг нөхөн төлүүлэх  чиг үүрэггүй байна.

            Үүний зэрэгцээ томилох эрх хэмжээтэй нь уялдуулан авч үзвэл Улсын Их Хурлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3.6-д зааснаар Хууль зүй, дотоод хэргийн сайдыг Улсын Их Хурлаас томилох бөгөөд Засгийн газрын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 1-д зааснаар Засгийн газар нь Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнээс бүрдэхээр, 18.2-т зааснаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газар нь Засгийн газрын ажлын алба байх тул  Хууль зүй, дотоод хэргийн сайдын дээд шатны байгууллагыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газар гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй. Иймд Засгийн газрын тусгай санд учирсан хохирлыг буруутай этгээдээр нөхөн төлүүлэх үүргийг ЗГХЭГ-ын Хяналт-шалгалт, үнэлгээ, дотоод аудитын газарт хариуцуулах хууль зүйн боломжгүй байна. 

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “ ... хохирлыг барагдуулах чиг үүрэгтэй байгууллага нь ЗГХЭГ-ын Хяналт-шалгалт, үнэлгээ, дотоод аудитын газар юм” гэсэн тайлбар үндэслэлгүй . 

Харин Төрийн аудитын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д зааснаар  Ү.А.Г нь Засгийн газрын тусгай зориулалтын сан, төсвөөс олгосон санхүүгийн дэмжлэг, эргэж төлөгдөх нөхцөлөөр ашиглуулж байгаа төсвийн хөрөнгийн ашиглалт, зарцуулалт, үр дүнд аудит хийх бүрэн эрхтэй байх ба мөн хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.23-т зааснаар хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрхийг хэрэгжүүлэхээр, 15 дугаар зүйлийн 15.1.12-т зааснаар аудитын явцад илэрсэн төлбөр, зөрчлийг барагдуулах, акт тавих, албан шаардлага өгөх бүрэн эрхтэй байна.

 Иймээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5-д “Монгол Улсын Үндсэн хуулиас бусад хууль хоорондоо зөрчилдвөл тухайн харилцааг илүү нарийвчлан зохицуулсан хуулийн, тийм хууль байхгүй бол сүүлд хүчин төгөлдөр хуулийн заалтыг хэрэглэх”-ээр зохицуулсан байх тул 2015 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн Захиргааны ерөнхий хуулийг энэхүү маргааны тохиолдолд илүү нарийвчилсан зохицуулалттай хууль гэж үзнэ. Тодруулбал Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлд захиргааны байгууллага өөрт учирсан хохирлоо буруутай албан тушаалтнаар буцаан төлүүлэх, түүнчлэн учирсан  хохирлыг төлүүлэх үүргийг ямар субъект хэрэгжүүлэхийг, тодруулбал тухайн захиргааны байгууллагын дээд шатны байгууллагын дотоод аудитын гэж байхгүй тохиолдолд хохирлыг төлүүлэх үүргийг төрийн аудитын байгууллага хариуцахаар илүү нарийвчлан зохицуулсан, ийнхүү захиргааны байгууллага өөрт учирсан хохирлыг буцаан төлүүлэхтэй холбоотой харилцааг өөр хуулиар ийнхүү тодорхой заагаагүй байна.

Хууль тогтоогчоос тухайн албан тушаалтны төрд учруулсан хохирлыг арилгуулах үүргээ тухайн байгууллага, эсхүл дээд шатны байгууллага нь хэрэгжүүлээгүй тохиолдолд хэрхэхийг хуульчлан тогтоогоогүй боловч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “ Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд ... -ийн гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж, 3 дугаар зүйлийн 3.1.3-д ““нэхэмжлэл” гэж ... хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг ойлгоно” гэж, мөн хуулийн 18 дугаар зүйлийн 18.3-т ” хуулиар тусгайлан эрх олгогдсоноос бусад нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд нь хүрээлэн байгаа орчин, хүүхдийн эрх, нийтийн эрүүл мэнд, нийтийн өмчийг хамгаалах асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй ... ” гэсэн зохицуулалтууд нь нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээдэд хамааралтай хуулийн харилцаа байх тул шүүхэд нэхэмжлэл гаргах замаар зөрчигдсөн эрхээ сэргээлгэх, энэхүү маргааны тохиолдолд буруутай албан тушаалтны төрд учруулсан хохирлыг шүүхэд нэхэмжлэл гаргах замаар буцаан төлүүлэх хууль зүйн боломжтой байна.

Иймд хариуцагч Ү.А.Г нь гэм буруутай албан тушаалтнаар төрд учирсан хохирлыг буцаан төлүүлэх хуульд заасан үүргээ биелүүлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, ийнхүү учирсан хохирлыг шүүхэд нэхэмжлэл гаргах замаар арилгуулах нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан “шударга ёс”, “хууль дээдлэх” зарчимд нийцнэ гэж шүүх үзлээ.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч “ О.Ш” НҮТББ-ын “Ү.А.Г нь Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Засаг даргын буруутай үйл ажиллагааны улмаас нийтийн өмчийн нэг хэлбэр болох Засгийн газрын тусгай санд учирсан 2,779,027,850 төгрөгийн хохирлыг тухайн буруутай этгээдээр нөхөн төлүүлэх Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.3-т заасан үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Засаг даргын буруутай үйл ажиллагааны улмаас нийтийн өмч болох Засгийн газрын тусгай санд учирсан 2,779,027,850 төгрөгийн хохирлыг Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.3-д заасан чиг үүргийнхээ хүрээнд шүүхэд нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэхийг Ү.А.Гт даалгуулах" нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах нь  хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

 Нэхэмжлэгч нь “ ... хохирлыг тухайн буруутай этгээдээр нөхөн төлүүлэх Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.3-т заасан үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүй гаргасан болохыг тогтоолгох” гэж тодорхойлон маргаж байх боловч “эс үйлдэхүй гаргасан болохыг тогтоолгох”, “эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоох“ нь агуулгын хувьд ижил, хоорондоо зөрчилдөөнгүй байх тул  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т заасантай нийцүүлэн “ ... хохирлыг тухайн буруутай этгээдээр нөхөн төлүүлэх Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.3-т заасан үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож “ шийдвэрлэсэн болно.

 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.4, 106.3.12 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан ТОГТООХ нь:

 

1. Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1, 103.3, Төрийн аудитын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 15.1.23, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 3 дугаар зүйлийн 3.1.3, 18 дугаар зүйлийн 18.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан  нэхэмжлэгч “О.Ш” НҮТББ-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ү.А.Г нь Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Засаг даргын буруутай үйл ажиллагааны улмаас нийтийн өмчийн нэг хэлбэр болох Засгийн газрын тусгай санд учирсан 2,779,027,850 төгрөгийн хохирлыг тухайн буруутай этгээдээр нөхөн төлүүлэх Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.3-т заасан үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Засаг даргын буруутай үйл ажиллагааны улмаас нийтийн өмч болох Засгийн газрын тусгай санд учирсан 2,779,027,850 төгрөгийн хохирлыг Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.3-д заасан чиг үүргийнхээ хүрээнд шүүхэд нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэхийг Ү.А.Гт даалгасугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.13-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “О.Ш” НҮТББ-ын нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Ц.БАТСҮРЭН

                                      ШҮҮГЧ                                 Ц.МӨНХЗУЛ

                                               ШҮҮГЧ                                 А.НАСАНДЭЛГЭР

 


[1]  1 дүгээр хавтаст хэргийн 11 дүгээр хуудсанд

[2]  1 дүгээр хавтаст хэргийн 32-34 дүгээр хуудсанд

[3]  1 дүгээр хавтаст хэргийн 30-31, 35-49 дүгээр хуудсанд

[4] 2 дугаар хавтаст хэргийн 73-79 дүгээр хуудсанд

[5]  1 дүгээр хавтаст хэргийн 25-27 дугаар хуудсанд

[6] 2 дугаар хавтаст хэргийн 223-228 дугаар хуудсанд

[7] 2 дугаар хавтаст хэргийн 82-84, 229-230 дугаар хуудсанд

[8] 1 дүгээр хавтаст хэргийн 13-14 дүгээр хуудсанд

[9] 1 дүгээр хавтаст хэргийн 15 дугаар хуудсанд