Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 2016/ШЦТ/129

 


 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 171/2014/0220/Э/

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,  
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Энхтуяа,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ***  дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *** , 1975 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, Улаанбаатар төмөр зам Дархан татах хэсэгт засварчин ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт ***  тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, Урьд нэг удаагийн ял шийтгэлтэй. Үүнд: 
Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2012 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 218 дугар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, 2 жилийн хорих ял оногдуулж хорих ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж шийтгэгдсэн, хэрэг хариуцах чадвартай, ***  регистрийн дугаартай. 

Шүүгдэгч *** нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-т заасан гэмт хэрэгт холбогджээ. 
Шүүхийн хэлэлцүүлэгээр яллах цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шижлэн судлаад 
                                                       ТОДОРХОЙЛОХ НЬ

Шүүгдэгч *** нь 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 21:30 цагийн орчим Дархан-Уул аймаг Дархан сум 4 дүгээр баг 3 дугаар байрны урд Nissan patrol маркийн *** улсын дугаартай автомашин жолоодож яваад Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.1 “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэргэслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна”, 9.2 “жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна" дахь заалтыг зөрчиж тус байрны зогсоолд байсан иргэн *** Toyota platz маркийн *** улсын дугаартай автомашиныг мөргөн зам тээврийн осол гаргасан, улмаар мөн дүрмийн 2 дугаар бүлгийн 2.5/в-д заасан “Зам тээврийн осолд холбогдсон жолооч зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага /ажилтан/-д мэдэгдэж түүнийг үзсэн хүмүүсийн овог, нэр хаягыг мэдэж аваад осол холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтан иртэл хүлээх үүрэг хүлээнэ”-ыг зөрчин зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаан 584 000 төгрөгийн хохирол учруулсан болох нь

Шүүгдэгч *** мөрдөн байцаалтад өгсөн: 2016 оны 01 дүгээр сарын 21-ний орой 21 цагийн орчим гэртээ байж байтал зүс таних *** а гэх залуу над руу ***  дугаарын утсаар залгаад "би согтуу байна машин бариад хуучин Дархан ороод өгөөч" гэсэн тэгэхээр нь би 4 дүгээр багийн 3 дугаар байранд очиж ***  уулзахад надаар *** улсын дугаартай авто машин бариулсан. Би уг машиныг бариад шүүхийн зам руу эргэх үйлдэл хийх үед шүүхийн урд талын зам дээр байсан Toyota platz маркийн машиныг гулгаад урд талаас нь мөргөчихсөн. …машинд байсан согтуу хүмүүс намайг явахыг шаардаад байхаар нь хөдлөөд явчихсан. Би учирсан хохирлоо барагдуулсан байгаа гэх мэдүүлэг /хх-ийн 39-41-р хуудас/, 

Хохирогч *** мөрдөн байцаалтад өгсөн: 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр миний дүү *** миний машиныг авч явсан юм. Мөн тэр орой 21:38 цагийн орчим надруу манай дүү *** дугаарын утсаар залгаад машиныг чинь шүүхийн урд талын монта 3-ын тэнд тавиад найзындаа орчихоод гараад иртэл *** улсын дугаартай автомашин мөргөөд зугтаасан байна. Би замын цагдаад дуудлага өгсөн одоо ирэх байх хүлээгээд байж байна, энд 2 таксины жолооч харсан байна гэж надад хэлсэн гэх мэдүүлэг /хх-ийн 28-р хуудас/,

Гэрч *** мөрдөн байцаалтад өгсөн: ... ***  шүүхийн таксины буудал дээр уулзахаар болоод шүүх рүү эргэх үед Шинэхүү надруу залгаад монто 3 дугаар байрны өмнө байсан жижиг тэргийг Nissan patrol маркийн автомашин аймаар мөргөчихлөө гэхээр нь монто 3 уруу эргээд ороход нэг том *** улсын дугаартай машин жижиг тэргийг мөргөөд “Экспресс” угаалгын зүг рүү явахаар нь би араас нь машинтай дагаад очиход бага багаар “Хаан банк” уруу урагшлаад байхаар нь уг машиныг хашлага давах гэж байна гэж ойлгоод байрны урдуур гараад өөдөөс нь очиход байхгүй байсан гэх мэдүүлэг /хх-ийн 32-р хуудас/, 

Гэрч *** мөрдөн байцаалтад өгсөн: 2016 оны 01 дүгээр сарын 21-ний орой өөрийн эгч ***  машиныг ажлаас буюу эмнэлгийн хажуу талын Бурхант дэд станц дээрээс 20:30 цагийн орчим аваад шүүхийн урд талын байр буюу Монто 3 дугаар байрны гадаа машинаа байрлуулчихаад найз *** ороод 30 орчим минут болчихоод Зоригоогын хамт гараад иртэл миний машиныг мөргөчихсөн байсан. Эгч рүү болсон асуудлын талаар утасдаж хэлчихээд цагдаа дуудсан. ...шүүхийн урд талд таксины зогсоол дээр 2 машин таксинд явах гээд байж байхаар нь тэр жолооч нараас асуухад уг таксины жолооч нар *** улсын дугаартай Nissan patrol маркийн машин мөргөчхөөд явчихсан гэж хэлсэн гэх мэдүүлэг /хх-ийн 33-р хуудас/,

Гэрч *** мөрдөн байцаалтад өгсөн: ... ***  гэх залуугаар машинаа бариулаад Дархан хотоос гарах гээд явж байгаад замын хажуугийн карма зогсоолд зогсож байсан жижиг машиныг гулсаж очоод мөргөчихсөн. ...тухайн үед мөргөсөн машинд хүн харагдаагүй айж сандарснаасаа болоод хөдлөөд явсан гэх мэдүүлэг /хх-ийн 91-р хуудас/,

Гэрч *** мөрдөн байцаалтад өгсөн: ...шүүхийн байрны баруун талд байх таксины зогсоолын баруун талд Монто 3 дугаар байрны ертөнцийн зүгээр арын зогсоолд тавиатай байсан *** улсын дугаартай боронзон шар өнгийн Toyota platz маркийн тээврийн хэрэгслийн урд хэсгээр хар ногоон өнгийн *** улсын дугаартай Nissan patrol маркийн тээврийн хэрэгсэл урд хэсгээрээ очиж мөргөөд зогссон. Ингээд *** улсын дугаартай машин шууд буцаж ухраад төмөр замын байрны чиглэлд яваад өгсөн гэх мэдүүлэг /хх-ийн 92-р хуудас/,
Гэрч *** мөрдөн байцаалтад өгсөн: .. ***нь ***  машинаар эргэх үйлдэл хийх гэж байгаад Монта 3 дугаар байрны орчимд зогсож байсан боронзон ногоон өнгийн жижиг тэргийг мөргөсөн. Тэгсэн *** "яаж байгаа юм бэ чи машин мөргөчихлөө гэхэд тэр жолооч чимээгүй байж байснаа шууд машинаа асаагаад төмөр замын 16 дугаар байрны орчим яваад тэнд харанхуй газар нилээд зогссон.  Зогсож байхад нь *** бид хоёр осол гаргаад зугтвал эрүүгийн хэрэг үүсгэдэг гэж хэлсэн. *** машинаа асаагаад төв засмал замаар яваагүй харин шороон замаар явж байснаа Бурхантай уулын тэр хавиас гараад ирсэн. Ингээд Төмөрлөгийн тэнд очоод машинаа зогсоосноо утсаар яриад машин дуудаад машин нь ирсэн чинь би явлаа гээд яваад өгчихсөн гэх мэдүүлэг /хх-ийн 101-р хуудас/, 
Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 9-10-р хуудас/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 11-12-р хуудас/, зам тээврийн ослын бүдүүвч зураг /хх-ийн 13-15-р хуудас/, ослын дүгнэлт /хх-ийн 16-р хуудас/, автомашин техникийн үнэлгээний тайлан /хх-ийн 23-24-р хуудас/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-т заасан гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.    

Шүүгдэгч *** нь урьд Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2012 оны 11-р сарын 30-ны өдрийн 218 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, 2 жил хорих ялаар шийтгэгдэн, хорих ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан болох нь хэрэгт авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 58-р хуудас/, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 59-60-р хуудас/ зэргээр тогтоогдож байна. 

Хохирогч *** "Би 28-ны өдөр ээлжтэй учир шүүх хуралдаанд оролцох боломжгүй. Хохирлоо барагдуулж авсан нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй" гэх хүсэлтээр шүүгдэгч *** энэ хэрэгт бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ. 

Шүүгдэгч *** ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9-т зааснаар ял оногдуулахад хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 
Шүүгдэгч *** хорих ял оногдуулж түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирол төлбөрөө төлсөн зэргийг харгалзан  түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.

 Хэрэгт бичиг баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч *** А,В ангилалын *** 7 дугаартай жолоочийн үнэмлэхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч *** буцаан олгох нь зүйтэй байна.    

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.  

  Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ

1.Шүүгдэгч *** зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

    2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-т зааснаар шүүгдэгч  *** 1 /нэг/ жил 6 /зургаа/ сар хорих ялаар шийтгэсүгэй.

    3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар шүүгдэгч *** оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

    4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч *** оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хянан харгалзаж, хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газарт даалгасугай.

    5.Шүүгдэгч *** эзэмшлийн ***  дугаартай жолоочийн үнэмлэхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчид буцаан олгосугай.
6.Энэ хэрэгт эд мөрийн баритмаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

7.Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *** урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  
8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304 .1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ             Т.БАТЖАРГАЛ