Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Энхбатын Зоригтбаатар |
Хэргийн индекс | 128/2018/0856/З |
Дугаар | 221/МА2019/0310 |
Огноо | 2019-06-05 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 06 сарын 05 өдөр
Дугаар 221/МА2019/0310
“А р” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Ц.Цогт, шүүгч Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Н оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 128/ШШ2019/0208 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор, “А р” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 128/ШШ2019/0208 дугаар шийдвэрээр: 1. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1, 40 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1, 2, Газрын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А/121 дүгээр тушаалын “А р” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоон шийдвэрлэсэн байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Н давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:”...Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1-д “Дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас Монгол улсын иргэн, аж ахуйн нэгж байгууллагад тодорхой зориулалт, хугацаа, болзолтойгоор байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга, хэлбэрээр гэрээний үндсэн дээр ашиглуулж болно” гэж зааснаар 11 дүгээр зүйлийн 7 дэх хэсэгт заасан "... аялагч түр буудаллах, отоглох зориулалтаар барьсан орон байрны зориулалтаар 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн А/116 дугаар тушаалаар эрх олгосон 1.5 га газрыг "Асгат ресорс” ХХК ашиглахдаа Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 7, 12 дугаар зүйлийн 12.1 дах хэсэг заалтуудыг тус тус зөрчсөн болох нь ашиглах талбайдаа аялал жуулчлалын чиглэлээр барилга байшингийн цогцолбор барих төсөл, эскиз, зураг гарган барьж байгуулахаар холбогдох байгууллагаар батлуулснаар тогтоогдог. Мөн Байгаль орчны сайдын 2001 оны 218 дугаар тушаалаар баталсан “Тусгай хамгаалалтай газар нутагт газар ашиглах зөвшөөрөл олгох түр журам”-ын 3.4-д “... Байгаль орчны сайдын газар ашиглуулах тухай шийдвэрийг үндэслэн Байгаль орчны яамны Тусгай хамгаалалттай нутгийг удирдлагын газрын дарга тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах гэрчилгээ олгоно.
Гэрчилгээ олгосон өдрөөс эхлэн газар ашиглагч нь тусгай хамгаалалттай газар нутагт үйл ажиллагаа явуулах эрхтэй болох бөгөөд 3 сарын дотор Тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн засаг даргатай гурвалсан гэрээ байгуулж, БО-ны яамны Тусгай хамгаалалтай нутгийн удирдлагын даргаар батлуулсан байна” гэж заасныг санаатай зориуд зөрчин улсад төлөх татвараас зайлсхийж, газар ашиглах идэвхтэй санаачлага үйлдэл хийгээгүй сонирхолгүй байгаа нь үйл баримт, газрын үзлэгээс тодорхой байхад, энэхүү байдлыг анхан шатны шүүх буруу дүгнэж заавал дархан цаазат газрын байгалийн унаган төрхийг алдагдуулсны дараа зөрчил гэж үзэхээр байна гэж хуулийг буруу хэрэглэж шийдвэр гаргасан. Учир нь тухайн компани барилга байшин барихдаа уулын энгэр хэсгийг ухах, нураах, тухайн орчны төлөв байдал байгалийн унаган төрхийг алдагдуулан дархан цаазат газрын нийтлэг дэглэм горимыг зөрчин хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулах нь тодорхой юм
Үндсэн хуулиар хамгаалагдсан нийтийн эрх ашиг, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх болон байгаль экологид хохирол учрах ард иргэдийн эрүүл аюулгүй байх нөхцөлд сөргөөр нөлөөлөх, дархан цаазат газрын унаган төрхийг алдагдуулснаар байгальд хохирол учирч, нөхөн төлбөр гарахыг шүүх бүрэлдэхүүн анхааран үзэхийг хүсье.
Иймд нотлох баримт дутуу үнэлж, хууль буруу хэрэглэж, тайлбарлан шийдвэрлэсэн Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 0208 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү...” гэжээ.
ХЯНАВАЛ:
Шүүх бүрэлдэхүүн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т заасны дагуу хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад хүчингүй болгож шийдвэрлэлээ.
Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр А-116 дугаар тушаалаар “А р” ХХК-д Хан-Уул дүүргийн нутагт орших Богдхан уулын дархан цаазат тусгай хамгаалалттай газарт байрлах Арцатын ам нэртэй газарт 1.5 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар 5 жилийн хугацаатайгаар ашиглах эрхийг, мөн оны 07 дугаар сарын 21-ний өдөр улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах эрхийн 2016/0095 дугаартай гэрчилгээг тус тус олгосон байна.
Хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайд 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А/121 дүгээр тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд аялал жуучлалын үйл ажиллагаа явуулах зорилгоор газар ашиглах эрхийн гэрчилгээ авсан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил буюу түүнээс дээш хугацаанд ашиглаагүй, газрын төлбөрөө хугацаанд төлөөгүй 78 иргэн аж ахуйн нэгж, байгууллагын газар ашиглах эрхийг дуусгавар болгосны дотор нэхэмжлэгч “А р” ХХК-ийн дээрх газар багтжээ.
Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, холбогдох хууль тогтоомжийг буруу тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг зөрчихөд хүрсэн байна.
Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д “ иргэн, хуулийн этгээдийн эрх хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй”, Тусгай хамгаалалтай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1-д “гэрээний үндсэн дээр ашиглуулж болно”, 40 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1,2, Газрын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1-д “газрын төлбөрийн хувь хэмжээг тогтоож, сум, дүүргийн Засаг даргатай байгуулах газар эзэмшүүлэх, ашиглуулах тухай гэрээнд тусгуулан уг гэрээг бүртгэнэ” гэснийг баримтлан хариуцагч нь газар ашиглах эрхийг дуусгавар болгосон захиргааны акт гарахдаа... хуулиар тогтоосон газар ашиглах эрхийг дуусгавар болгох үндэслэл тогтоогдсон байх...захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд тавигдах хуулийн шаардлага хангаагүй...маргаан бүхий актын үндэслэлүүд нь няцаагдаж байна...нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн нь хууль бус гэсэн утгатай дүгнэлтүүдийг хийсэн нь үндэслэл муутай болжээ.
Зүй нь, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас аж ахуй нэгжид тодорхой зориулалт, хугацаа, болзолтойгоор байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга хэлбэрээр гэрээний үндсэн дээр ашиглуулж болно гэж заасан нь газар ашиглах харилцааны ерөнхий буюу материаллаг зохицуулалт бөгөөд энэ нь мөн хуулийн 35 дугаар зүйлийн дагуу иргэн, аж ахуйн нэгж байгууллагаас хамгаалалтын захиргаа буюу сум, дүүргийн Засаг даргад газар ашиглах тухай хүсэлт гаргах; 36 дугаар зүйлийн дагуу төрийн захиргааны төв байгууллага хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн газар ашиглуулах шийдвэр гаргах; уг шийдвэр гарсан тохиолдолд 37 дугаар зүйлийн дагуу сум, дүүргийн Засаг дарга газар ашиглагчтай өөрөө буюу хамгаалалтын захиргаатай хамтран гэрээ байгуулах журмаар хэрэгжихээр байна.
Өөрөөр хэлбэл, газар ашиглах гэрээ байгуулах нь эрх бүхий этгээдийн газар ашиглах эрх олгох тухай нэгэнт гарсан шийдвэрийн дагуу нэг талаас захиргаа /Засаг дарга буюу хамгаалалтын захиргаа/, нөгөө талаас газар ашиглагчийн эрх, үүргийг гэрээгээр хэлбэржүүлж байгаа явдал юм.
Харин эдгээр хуулийн зүйл, заалтын агуулгыг газар ашиглагчийн эрх, үүрэг нь эрх бүхий этгээдийн шийдвэр гарснаар биш, харин газар ашиглах гэрээ байгуулснаар үүснэ, өөрөөр хэлбэл гэрээ байгуулаагүй тохиолдолд газар ашиглагч газрын төлбөрийг төлөхгүй, газраа зориулалтын дагуу ашиглахгүйгээр хэдэн жил ч хамаагүй, магадгүй газар ашиглах хугацааг дуусах хүртэл үргэлжилж болно гэж тайлбарлах нь хуулийн зорилгод нийцэхгүй юм. /энэхүү захиргааны хэргийн хувьд нэхэмжлэгчид газар ашиглах эрх олгосон сайдын 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдрөөс хойш тооцвол 3 жил 2 сар уг нөхцөл байдал үргэлжилсэн байна/.
Тодруулбал, газар ашиглах эрх олгосон эрх бүхий этгээдийн шийдвэр гарсан тохиолдолд гэрээ байгуулах нь сум, дүүргийн Засаг даргын үүрэг боловч, хэрэв тухайн албан тушаалтан энэхүү үүргээ биелүүлэхгүй бол газар ашиглагчийн зүгээс хуульд заасан эрх, үүргээ хэрэгжүүлэхийн тулд гэрээ байгуулах үүргээ биелүүлэхийг холбогдох албан тушаалтнаас шаардах, шаардлагатай бол буруутай албан тушаалтны хууль бус эс үйлдэхүйтэй нь холбогдуулан дээд шатны захиргааны байгууллага болон шүүхэд гомдол, нэхэмжлэл гаргах бүрэн боломжтой буюу уг эрх нь захиргааны үүргээр хязгаарлагдахгүй юм.
Энэ хэргийн хувьд нэхэмжлэгч “А р” ХХК нь 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдөр 2016/0095 дугаартай гэрчилгээ авсан, гэрээ байгуулахаар огт хүсэлт гаргаж байгаагүй, маргаан бүхий акт гарах хүртэл 2 жилийн хугацаанд гэрээ байгуулахыг холбогдох этгээдээс шаардаагүй, улмаар Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 38 дугаар зүйл болон Газрын тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-д заасан газар ашиглагчийн эрх, үүргийг хэрэгжүүлээгүй гэж үзэхээр байна.
Хэдийгээр нэхэмжлэгчээс “...Хан-Уул дүүргийн Засаг дарга гуравласан гэрээ байгуулахаас үндэслэлгүйгээр татгалзсан, тиймээс газрын төлбөрөө төлж чадаагүй...” гэж маргаж байгаа ч хэрэгт авагдсан нотлох баримтаар энэхүү нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
“Илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагын хувьд: Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-д зааснаар “илт хууль бус захиргааны акт нь гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй” гэж хуульчилсан.
Уг нэхэмжлэлийн зүйл нь илт үгүйсгэгдэх буюу Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар “...эрх зүйн алдааг агуулсан,...бичгээр гаргасан захиргааны актыг баталсан байгууллага нь тодорхойгүй, ... захиргааны байгууллага нь өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан,...захиргааны актыг гүйцэтгэх этгээд тодорхой бус,... хууль бус үйлдэл эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардсан...“ байхаар хуульчилсан байна.
Үүнээс үзвэл маргаан акт бүхий акт нь дээрх хууль тогтоомжид зааснаар илт хууль бус захиргааны акт гэж үзэх боломжгүй байна.
Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах хангаж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.1 дэх хэсгийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 128/ШШ2019/0208 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1, 35 дугаар зүйл, 36 дугаар зүйл, 37 дугаар зүйл, 38 дугаар зүйл, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3, 45 дугаар зүйлийн 45.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “А р” ХХК-ийн “Байгаль орчин, аялал жуучлалын сайдын 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн Газар ашиглах эрхийг дуусгавар болгох тухай А/121 дүгээр тушаалын 64 дүгээрт бүртгэгдэн цуцлагдсан “А р” ХХК-д холбогдох хэсэг нь илт хууль бус болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Ц.ЦОГТ
ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР