Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 1835

 

Б.Золжаргалын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Байгалмаа  даргалж, шүүгч Ч.Цэнд, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар        

                                   

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 183/ШШ2017/01063 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Б.Золжаргалын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Л.Хосбаяр, Г.Бямбаноров нарт холбогдох

 

3 095 300 төгрөг гаргуулах тухай хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Чинхүүн, хариуцагч Л.Хосбаярын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Очбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

           

Нэхэмжлэгч Б.Золжаргалын шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өгсөн тайлбарт: Нэхэмжлэгч Б.Золжаргал нь 2016 оны 8 дугаар сарын 05-ны өдөр Г.Бямбаноровын өмчлөл дэх Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Хөх тэнгэр хорооллын 44г тоот орон сууцыг худалдах, худалдан авах гэрээгээр худалдаж авсан. Б.Золжаргал нь Л.Хосбаяр болон Г.Бямбаноров нараас тодруулахад Л.Хосбаяр цахилгаан болон усны мөнгийг төлсөн. СӨХ-д 2.9 сая төгрөг төлөөгүй, бид зохицуулна гэсэн. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн шийдвэрээр Б.Золжаргалаас 3 161 320 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч Б.Золжаргал нь шүүхийн шийдвэрийг биелүүлж 3 095 300 төгрөгийг бүрэн төлж дуусгасан. Уг орон сууцыг доголдолгүй хүлээлгэж өгөх байтал СӨХ-ны төлбөрийг төлөөгүй шилжүүлж өгсөн тул гэрээнээс учирсан хохиролд шүүхийн шийдвэрийн дагуу төлсөн 3.095.300 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Г.Бямбаноровын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Бүжинлхам шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн тойруу, Хөх тэнгэр хорооллын 46г байрны 14 тоот орон сууцыг 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр худалдаж авсан. Хэдийгээр өмчлөх эрх нь Г.Бямбаноров дээр байсан боловч тухайн орон сууцыг ашиглалтад орсноос хойш буюу 2013 оны 12 дугаар сараас 2016 оны 8 дугаар сар хүртэлх хугацаанд амьдарч байгаагүй ба СӨХ-ны төлбөр гэдэг нь тухайн орон сууцыг бодитойгоор ашигласны төлбөр бөгөөд өмнөх өмчлөгч нарын ашигласан зардлыг Г.Бямбаноров нь төлөх үүрэггүй.

Иймд нэхэмжлэгч Б.Золжаргалын нэхэмжилж буй 3 095 300 төгрөгийг Г.Бямбаноров төлөх үндэслэлгүй тул хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Хариуцагч Л.Хосбаярын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Очбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: СӨХ-ны төлбөрийн асуудал нь Б.Золжаргал, Г.Бямбаноров нарын хооронд байгуулагдсан үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээгээр зохицуулагдсан. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлохдоо 2016 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээнээс учирсан хохирол гэж шаардаж байна. Гэрээний талуудын хувьд худалдагч нь Г.Бямбаноров, худалдан авагч нь нэхэмжлэгч Б.Золжаргал. Гэрээний аль нэг талд Л.Хосбаяр оролцож өмчлөлийн зүйлийг шилжүүлсэн үйл баримт байдаггүй. Иймд нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байгаа тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 227 дугаар зүйлийн 227.3, 254 дүгээр зүйлийн 254.1-д заасныг баримтлан Б.Золжаргалын нэхэмжлэлтэй, Л.Хосбаяр, Г.Бямбаноров нарт холбогдох, 3.095.300 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.2,60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч В.Золжаргалаас улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр төлсөн 64.475 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Чинхүүн давж заалдах журмаар гаргасан гомдолд:  Нэхэмжлэгчийн зүгээс анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын агуулгыг авч үзэхэд “Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-ний үүргийн гүйцэтгэлийг хангуулах буюу Монгол улсын иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3, 254 дүгээр зүйлийн 254.1-т заасны дагуу худалдагч талын гэрээний үүргээ бүрэн биелүүлээгүйн улмаас бий болсон эд хөрөнгийн доголдлыг арилгуулахыг хүссэн.

Энэ нь гэрээний эрх зүйн буюу гэрээний маргаан юм. Гэтэл анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг илтэд буруугаар дүгнэж өмнөх буюу өөр шүүхийн шийдвэрийг иш үндэс болгож хэргийг шийдвэрлэсэн нь илт үндэслэлгүй бөгөөд хуулийг буруу тайлбарласан гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна.

Талуудын хооронд байгуулсан “Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ” болон Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3, 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.1-т зааснаар эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн бол уг төлбөрийг тухайн үед худалдагчаар төлүүлэх үүрэгтэй гэсэн зохицуулалт хуульд тусгагдаагүй байна. Харин эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн бол шаардах эрхтэй болохыг хуулиар зохицуулж өгсөн байна. Анхан шатны шүүх хуулийг илт үндэслэлгүй буруу тайлбарлаж хэргийг шийдвэрлэсэн.

Иймд Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 183/ШШ2017/01063 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

                                                            ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зохих журмын дагуу явуулсан, нотлох баримтыг хуульд зааснаар үнэлэн шийдвэрлэсэн боловч зохигчдын хоорондын маргаанд хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, буруу тайлбарлан хэрэглэсний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул зөвтгөж өөрчлөлт оруулах шаардлагатай байна.

 

Нэхэмжлэгч Б.Золжаргал нь хариуцагч Г.Бямбаноров, Л.Хосбаяр нарт холбогдуулан  СӨХ-ны төлбөрт шүүхийн шийдвэрийн дагуу төлсөн 3 095 300 төгрөгийг гаргуулахаар шаардсныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

Г.Бямбаноров нь өөрийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Хөх тэнгэр цогцолбор, Зайсангийн тойруу гудамж, 46Г дүгээр байр, 14 тоот орон сууцыг 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдөр "Худалдах, худалдан авах" гэрээний дагуу Б.Золжаргалын өмчлөлд шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон./хх-3-4/

 

Орон сууцыг гэрээний дагуу шилжүүлэхэд өмнөх өмчлөгч орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбоотой зардал буюу СӨХ-ны төлбөрийг төлөөгүй байснаас Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 183/ШШ2016/00796 дугаар шийдвэрээр уг орон сууцны 2012 оны 12 дугаар сараас 2016 оны 8 дугаар cap хүртэлх хугацааны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбоотой зардалд 3 161 321 төгрөгийг Б.Золжаргалаас гаргуулан "Хөх тэнгэр" СӨХ-д олгохоор шийдвэрлэж, нэхэмжлэгч 3 95 300 төгрөгийг төлж барагдуулжээ.

 

Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3-т "Сууц худалдан авагч нь сууцыг өөрийн өмчлөлдөө шилжүүлэхээс өмнө уг сууцтай холбоотой биелэгдээгүй үүрэг байгаа эсэхийг худалдагч болон холбогдох байгууллагуудаас магадлах үүрэгтэй бөгөөд уг үүргийг биелүүлээгүйгээс үүсэх үр дагаврыг өөрөө бүрэн хариуцна" гэж заасны дагуу үр дагаварыг өөрөө бүрэн хариуцаж, орон сууцны шинэ өмчлөгч уг орон сууцтай холбогдсон аливаа үүргийг өөрийн зардал, хөрөнгөөр гүйцэтгээд өөрт учирсан хохирлыг худалдах, худалдан авах гэрээний харилцааг зохицуулсан Иргэний хуулийн холбогдох зүйл, заалтын дагуу худалдагчаас шаардах эрхтэй.

 

Гэтэл анхан шатны шүүх хуулийн дээрх заалтыг буруу тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь алдаатай болсон байна.

 

 Хэргийн баримтын хүрээнд давж заалдах шатны шүүхээс шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан уг алдааг залруулах боломжтой болно.

 

Дээрх нөхцөл байдлаас дүгнэвэл худалдан авагч буюу нэхэмжлэгчид учирсан хохирол болох 3 095 300 төгрөгийг худалдагч буюу хариуцагч Г.Бямбаноров хариуцаж төлөх үндэслэлтэй. Худалдагч нь төлбөрийн маргаантай үл хөдлөх эд хөрөнгө шилжүүлж үүргээ зөрчсөн гэж үзнэ. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй юм.

 

Нэхэмжлэгч бусдын /худалдагчийн/ төлөх үүрэгтэй төлбөрийг төлснөөр учирсан хохирлоо Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх зохицуулалт болох эд хөрөнгийн доголдлыг арилгуулна гэж шаардсан нь учир дутагдалтай болжээ.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 183/ШШ2017/01063 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 заалтыг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг баримтлан Г.Бямбаноровоос 3 095 000 төгрөгийг  гаргуулж Б.Золжаргалд олгож, Л.Хосбаярт холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай” гэж,

2 дахь заалтын “үлдээсүгэй” гэснийг “үлдээж 64 475 төгрөгийг Г.Бямбаноровоос гаргуулж  нэхэмжлэгч Б.Золжаргалд олгосугай” гэж  тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дугаар зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 65 600 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дах хэсэгт зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       Д.БАЙГАЛМАА

                                               

                                        ШҮҮГЧИД                     Ч.ЦЭНД

                                                                          

                                                                              Б.НАРМАНДАХ