| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Тумагийн Цэцэгмаа |
| Хэргийн индекс | 178/2021/0166/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/05 |
| Огноо | 2021-12-24 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Э.Ууганзаяа |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 12 сарын 24 өдөр
Дугаар 2021/ШЦТ/05
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа, улсын яллагч Э.Ууганзаяа, шүүгдэгч Ц.*******, түүний өмгөөлөгч Б.Ганзориг, хохирогч, иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, иргэний хариуцагчийн өмгөөлөгч Ж.Энхжаргал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Ууганзаяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлэн ирүүлсэн шүүгдэгч ******* овогт *******ийн *******од холбогдох эрүүгийн 2136000000226 дугаартай 178/2021/0166/Э/ индекстэй хэргийг 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
1.Монгол Улсын иргэн, Ховд аймгийн ******* суманд 2001 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолоочийн мэргэжилтэй, ам бүл- 6, эцэг, эх, дүү нарын хамт Ховд аймгийн ******* сумын ******* багийн Гулзатын шил 24 айлын орон сууцны 18 тоотод оршин суух, ******* ******* Улсын -ийн Их сургуулийн 3 дугаар дамжааны оюутан, аминдаа дундын өмчлөлийн 2 өрөө орон сууц, 230 толгой мал, авто машин нэгийн хөрөнгөтэй, ******* дугаарын регистртэй, ******* овогт *******ийн *******
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч ******* овогт *******ийн ******* нь 2021 оны 10 сарын 05-ны өдөр Ховд аймгийн сумын багийн нутаг дэвсгэрт Э.ы эзэмшлийн 93- 77 улсын дугаартай Тоёото Приус-41 маркын тээврийн хэрэгсэлийг жолоодож, зорчигч Б.*******, З., Б. нарын хамт замын хөдөлгөөнд оролцож явах үедээ Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.4-д заасан заалтыг зөрчиж, тээврийн хэрэгсэл нь онхолдсоны улмаас Б.*******ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, авто тээврийн хэрэгсэлийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дараах нотлох баримтыг хянан хэлэлцэв.
Хэргийн газар үзлэг хийсэн...Хэрэг учрал болсон гэх газар нь Ховд аймгийн сумын багийн Гурван толгой гэх газар болсон байв. Хэрэг учрал болсон гэх газар нь сумын төвөөс 35 км зайд болсон байв. Уг хэргийн газарт зам тээврийн осол гарч уг аспалтан замаас гарч жижиг оврын суудлын машин онхолдсон байв. Уг тээврийн хэрэгсэлийн дугуй нь хагарч эхэлсэн гэх газрыг 7-ын тоогоор тэмдэглэж, гэрэл зургаар бэхжүүлэв. Уг тээврийн хэрэгсэлийн мөрний үргэлжлэл нь 160 м үргэлжилж уг тээврийн хэрэгсэлийн баруун урд дугуй болон зүүн урд дугуй аспалтан замаас гарсан мөрийн 4 болон А үсгээр тэмдэглэв. 7 тоогоор тэмдэглэсэн газраас 4 тоогоор тэмдэглэсэн газар хүртэл 160 метр байв. Уг тээврийн хэрэгсэлийн арын дугуй аспалтан замаас гарсныг 10 тоогоор тэмдэглэв. Уг тээврийн хэрэгсэлийн 4-ийн тоогоор тэмдэглэсэн мөрнөөс замын далан хэсгийн уналт хүртэл 4.50 метр байв. Уг тээврийн хэрэгсэлийн аспалтан замаас гарсан А цэгээс 1 тоо хүртэл гарсан мөрийг хэмжиж үзэхэд 6,60 метр байв. А цэгээс 10-ын тоогоор тэмдэглэсэн газар хүртэл 6 метр байв. 7-ын тоогоор тэмдэглэсэн газраас 10 тоогоор тэмдэглэсэн газар хүртэл 166 метр байв. 4-ийн тоогоор тэмдэглэсэн газраас аспалтан замын үзүүр хүртэл 70 см, А цэгээс 1 -ийн тоогоор тэмдэглэсэн газар хүртэл 6.40 метр А цэгээс 3 тоогоор тэмдэглэсэн газар хүртэл 8.50 метр хөвөөний ирмэгээс аспалтан замын ирмэг хүртэл 1.80 метр байв. 3- ын тоогоор тэмдэглэсэн газраас 12 тоогоор тэмдэглэсэн газар хүртэл 13.30 метр 1 тоогоор тэмдэглэсэн газраас 6 тоогоор тэмдэглсэн газар хүртэл 16.70 метр байв. 6 тоогоор тэмдэглэсэн газраас 10- ын тоо хүртэл газар 5.20 метр байв. Уг тээврийн хэрэгсэлийн онхолдож эргэсэн цэгийг Б үсгээр тэмдэглэж 10 тоогоор тэмдэглэсэн газар хүртэл 10,80метр 6 тоогоор тэмдэглэсэн газраас Б үсэг хүртэл 15 метр байв. Б цэгээс уг тээврийн хэрэгсэл байх газрыг 8-ын тоогоор тэмдэглэж хэмжиж үзэхэд 17 метр байв. Уг тээврийн хэрэгсэлийн зүүн урд дугуйг 8 - ын тоогоор тэмдэглэж уг 8 - ын тооноос замын хөвөө хүртэл хэмжиж үзэхэд 23 метр байв. Уг тээврийн хэрэгсэлийн урд их гэрэл хагарч унасан байв. Уг тээврийн хэрэгсэлийн дугуй нь хагарч унасан байх ба баруун талд уг машины хойд гупер сууринаасаа салж унасан байв. Уг тээврийн хэрэгсэл хар өнгийн тоёото приус - 41 маркын тээврийн хэрэгсэл байв. Уг тээврийн хэрэгсэлийн баруун хойд дугуй хагарсан байдалтай байх ба уг дугуйг гэрэл зургийн аргаар бэхжүүлэв. Уг замын өргөн 7,30 метр уг замын хөвөөний өндөр 4 метр х 1 мерт байв. Уг хэргийн газрын үзлэгээр эд мөрийн баримтаар болон гар хурууны мөр бэхжүүлэн аваагүй болно ... гэх үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хэргийн 07-12 дугаар хуудас/
Зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал...Ховд аймгийн сумын багийн Цагаан дэн гэх нэртэй газарт зам тээврийн осол гарч хүн гэмтсэн гэх гомдол мэдээлэлд 93-77 улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явсан жолооч Ц.******* Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн дараахи заалтыг зөрчсөн байна. Жолооч Ц.******* нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 ...Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгсэлийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна ...12.4 ...Тээврийн хэрэгсэлийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гадна цагт 80 км, тууш замд цагт 100 км- ээс хэтрүүлэхийг хориглоно гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна. Уг зам тээврийн осол гарах болсон шалтгаан нь: Жолооч Ц.******* нь хурд хэтрүүлж замын хөдөлгөөнд оролцсоноос болж уг зам тээврийн осол гарсан байна... гэх акт / хэргийн 13-15 дугаар хуудас/
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл...Ховд аймгийн сумын багийн нутаг дэвсгэрт “Гурван тохой” гэх нэртэй газарт зам тээврийн осолд орж онхолдсон гэх тоёото приус-41 маркын тээврийн хэрэгсэлд үзлэг хийхээр тогтов. Уг тээврийн хэрэгсэл нь хар өнгийн жижиг оврын 5 ширхэг хаалгатай, приус - 41 маркын тээврийн хэрэгсэл байв. Уг тээврийн хэрэгсэлийн урт талын гупер нь зүүн урд хэсгээрээ салсан байдалтай байх ба уг гуперний доод хэсгээр хар өнгийн пиовор зүйл унасан байв. Уг машины урд талын гопуд зүүн талаараа онгойсон байдалтай байх ба уг тээврийн хэрэгсэлийн баруун талын урд гэрэл хагарч суурин дээрээ байхгүй байгаа ба урд гупер нь зүүн талаараа хагарсан байв. Баруун талын урд шанаа хэсэг нь сууринаасаа салж чихэгдсэн байх ба баруун талын хаалга хэсэгт салахгүй тогтсон байв. Уг машины баруун талын урд хаалга бүрэн бүтэн байх ба онгойлгож үзэхэд хагас хаагдаж байв. Баруун хойд талын хаалга нь баруун хойд ирмэгээрээ суурь хэсэг нь хонхойж хаалганы шил хагарч дунд хэсгээрээ хонхойсон, хойд арын гурвалжин шил хагарсан, баруун хойд талын хэсэг нь нэлэнхүйдээ хорчийж шалчийсан байв. Уг тээврийн хэрэгсэлийн арын хэсэгт ба багажны хаалган дээр 93-77 гэх бичиглэлтэй номер байв. Уг тээврийн хэрэгсэлийн арын хэсэг нь нэлэнхүйдээ эвдэрч кабин нь хонхойж, хойд гупер нь салж унасан байв. Баруун хойд талын дугуй нь хагарсан байх ба уг дугуйны хээ хуучирч унасан байх ба хагарч хий нь гарсан байдалтай төмөр обуд нь ирмэгээрээ дотогш тал руугаа хонхойж орсон. Уг тээврийн хэрэгсэлийн кабин ар тийш орой хэсгээрээ дотогш тал руугаа хонхойж орсон байх ба зүүн тийш хажуу талын хэсэг бас дотогш хонхойж орсон байв. Зүүн талын арын хаалга болон урд хаалга бүрэн бүтэн байв. Урд шанаа хэсэг бас бүтэн. Уг тээврийн хэрэгсэлийн арын хоёр дугуйны хий гарсан байв. Уг тээврийн хэрэгсэлийн дотор талын хоёр дээд талын болон аваарын дэр гарсан байдалтай байсныг тэмдэглэл болгон бэхжүүлэв... гэх тэмдэглэл, гэрэл зураг / хэргийн 16-20 дугаар хуудас/
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч / Ховд аймгийн ******* сумын Рашаант багийн 17 - 05 тоотод оршин суух, 1999 онд төрсөн, 22 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, оюутан , ПП 99051605 дугаарын регистртэй / Зуутраг ургийн овогт Буяннэмэхийн *******ийн өгсөн... 2021 оны 10 дугаар сарын 05- ны өдөр манай найз Б. утасдаад “нэг тийшээ хамт яваад ирье” гэж хэлсэн. Хэнтэй гэсэн чинь “Төөгийтэй хамт явъя “гэж хэлсэн. Би амжихгүй гэж хэлээд ангийнхаа найзын хамт сургуулийн урд дэлгүүр ороод явж байтал Н. дахин залгаад “сургуулийн өмнө, ирчихлээ, приус-41 машинтай” гэсэн. Тэгээд машинд нь суусан чинь Б. , Ц.******* / Төөгий / түүний таньдаг ах гэсэн нэг ах байсан. Б. “ойрхон яваад ирье нэг цаг гаруй болох байх” гэж хэлсэн. Би хувцасаа солих гэсэн боловч удахгүй гээд аймгаас гараад “Модон овоо” даваад засмал замаар явж байхдаа хурдтай яваад байсан. Тэгээд хаашаа явж байгаа юм бэ гэхэд сум орно гэсэн. Тэгэхээр нь “би хол юм байна ш дээ ,эрт хэлэхгүй” гэж уурласан. Б. одоо нэгэнт гараад явчихсан удахгүй шүү дээ гээд цааш явсан. Замд явж байгаад Ц. *******ын ах нь гэсэн залуу нэг архи гаргаж ирсэн, түүнээс Б. тэр хоёр уусан. Ц.******* бид хоёр уугаагүй. Тэгтэл Ц.******* нэг мэдэхэд 150 км хүрсэн явж байхаар нь би зөөлөн яваач гэж хэлсэн. Тэгтэл буцаад хурдаа нэмээд 170 хүрчихсэн явж байсан. Тэгсэн миний хажуу талд пас гэсэн дуу гараад машин дайвалзаж байгаад онхолдсон. Тэрнээс хойш юу болсон талаар мэдэхгүй. Тэгсэн би нэг мэдсэн машинаас хол газар хэвтэж байсан. Тэгсэн Ц.******* цаана Б. нь Аагий үхчихсэн юм шиг байна гэж хэлж байгаад Төөгийгийн ах нь ирээд намайг татаад босгох гэхэд би босож чадахгүй байсан. Эмнэлэг , цагдаа дуудаад сумын эмнэлэгт ирсэн. Миний аарцаг яс хугарч, мөрний яс цуурсан, баруун хөл гэмтсэн. Аарцагны хагалгаанд орсон. Тухайн үед 170 км цагийн хурдтай явж байсан. Гомдолтой байна ... гэх мэдүүлэг / хэргийн 29-30 дугаар хуудас/
Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч / Ховд аймгийн ******* сумын Бугат багийн 12-17 тоотод оршин суух, ПН 85111518 дугаарын регистртэй/ Бэсрүүд овогт Энхбатын гийн өгсөн... Миний эзэмшилд 93-77 улсын дугаартай Приус -41 маркын тээврийн хэрэгсэл байдаг. Би тухайн тээврийн хэрэгсэлийг 2021 оны 03 сарын 09-ний өдөр Япон улсаас орж ирээд Монголд яваагүй автомашиныг Улаанбаатар хотоос 21800000 төгрөгөөр худалдаж авсан. Уг машины урьдчилгаа болох 7 сая төгрөгийг төлөөд 14800000 төгрөгийг төлөөгүй байсан. Бэрс Финанс ББСБ-д барьцаатай байдаг. 2021 оны 10 сарын 05- ны өдөр ажил дээрээ байхад манай найз З. яриад машинаа өгч бай ойрхон явчихаад ирье гэсэн. Тэгээд миний машин аваад явсан. Гэтэл шөнө 24 цагийн үед З. залгаад “ би машиныг чинь сумын цаад талд унагачихлаа “ гэж хэлсэн. Тэгээд л би сум руу авч явсан байна гэж ойлгосон. Надаас З. аваад өөр хүнээр бариулж явсан байсан. Машинаа төлүүлж авмаар байна .... гэх мэдүүлэг / хэргийн 32-33 дугаар хуудас/
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Л.Нармандахын өгсөн...2021 оны 03 сарын 30-ны өдөр Э. гэх хүн манай байгууллагад Приус-41 маркын тээврийн хэрэгсэлийг барьцаалан 36 сарын хугацаатай 14800000 төгрөгний зээл авсан. Уг тээврийн хэрэгсэл нь зээлийн гэрээний дагуу манай байгууллагын нэрэн дээр шилждэг. Тухайн тээврийн хэрэгсэл нь манай байгууллагын нэрэн дээр бүртгэлтэй боловч эзэмшигч нь Э. хариуцан хамгаалж бүрэн байдлыг хангах үүрэгтэй. Надад ямар нэгэн санал хүсэлт байхгүй...гэх мэдүүлэг / хэргийн 36-37 дугаар хуудас/
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.гийн өгсөн...2021 оны 10 дугаар сарын 05- ны өдөр Ховд Их сургууль дээр хичээлд суучихаад 14 цагийн үед гэртээ ирээд байж байтал манай найз Ц.******* над руу залгаад сум орчихоод ирье, хамт явчихаад ирэх үү гэсэн. Тэгээд зөвшөөрөөд Ц.******* манай гэрийн гадна ирсэн. Машинд суухад Ц.*******ын хажууд нэг ах сууж байсан. Тэгтэл нөгөө ах найзыгаа авчих гэсэн. Тэгэхээр нь би найз Б.******* рүү залгаад хаана байна гэхэд сургуулиас гараад явж байна гэсэн. Завтай байна уу Ц.******* сум ороод хүнд юм аваачиж өгчихөөд ирье гэж байна гэхэд тэгье тэгье гээд бид нар сургуулийн үүдэнд очоод Б.*******ийг аваад сумын чиглэлд явсан. Замд явж байхад нөгөө ах нэг шил архи задлаад бид хоёрт өгсөн, бид хоёр уугаагүй. Нөгөө ах ганцаараа уугаад явж байсан. Тэгтэл Зэрэг суман дээр явж байтал хойд талын дугуйны хий гарчихсан байхаар нь бид замын машинаас данхрат дугуйн дорцов авч дугуйгаа сольж тавьчихаад цааш явсан. Тэгээд бид нар сум өнгөрөөд явж байтал уг машины арын дугуй хагарах шиг болоод машин дайвалзаад эхлээд удалгүй замаас гараад хэд хэд эргээд унасан. Манай найз Ц.******* машин барьж явсан. З. ах ганцаараа архи уусан. Бид нар архи уугаагүй. Машин маш хурдтай явж байсан. Бид хоёр араас зөөлөн яв гэж хэлж байсан. Ц.******* машин бариад, Б.******* бид хоёр арын суудалд, З. гэх ах жолоочийн эсрэг талын суудал дээр суугаад явж байсан. Тухайн машин нь тоёото приус -41 маркын машин байсан. Миний зүүн гарын булчин хэсэгт хөхөрсөн, толгойн дух хэсэгт хавдсан, баруун хөл хөхөрсөн. Одоогоор цээж хэсгээр хөндүүрлэж зовиурлаж байна. Надад ямар нэгэн гомдол санал хүсэлт байхгүй... гэх мэдүүлэг / хэргийн 40 - 41 дүгээр хуудас /
Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний хариуцагч Буурлууд овогт Заяагийн ын өгсөн...Би 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр ажил дээрээ байхад манай найз Төмөр- Очир яриад “ сумаас 65 км- ийн зайд байна намайг ирээд авчихаач” гэсэн. Тэгэхээр нь авахаар тохиролцоод ярилцаад байж байтал манай хуурай дүү Ц.******* залгасан. Түүнд сум ороод хүн аваад ирье гэхэд тэгье гэж зөвшөөрөөд хамт явахаар болсон. Тэгээд сум руу гарах гэж байхад Ц.******* манай хоёр найз охиныг авчихъя гэхэд тэг тэг гээд бид хоёр Ц.*******ын хоёр найз охиныг аваад гарахдаа дэлгүүр орж 2 шил 0.75-ын Эдэн архи, ундаа идэж уух юм авсан. Ц.*******ын жолооны үнэмлэхийг гэрээс нь очиж аваад хөдөлсөн. Замдаа явж байхдаа хамт явсан хоёр эмэгтэйтэй авсан архинаасаа уугаад Зэрэг сум ирж байхад баруун талын арын дугуйны хий сул байхаар нь сумын төв өнгөрөөд явж байтал том оврын машин зогсож байхаар нь дорцов, данхаар хоёрыг нь гуйж аваад машиныхаа хий нь гарч байсан арын дугуйг сольсон. Тэгээд сум өнгөрөөд явж байхад би нэлээн согтсон байсан. Нэг мэдэхэд машин онхолдсон. Цагдаа, эмнэлэг ирчихсэн байсан. Тэгээд бид нарыг сумын төв дээр авчирсан. Ц.******* машин барьж явсан тул архи уугаагүй. Манай найз Э.гийн гэх залуугийн нэр дээр байдаг. Надад ямар нэгэн гэмтэл учраагүй. Б.******* гэх эмэгтэй зовиуртай байсан. Гэмтэл учирсан юм шиг байна лээ. Ц.******* машин бариад явж байсан. Би жолоочийн эсрэг талын суудалд сууж явсан. Нөгөө хоёр эмэгтэй арын суудалд сууж явсан. Надад ямар нэгэн санал хүсэлт алга байна ... гэх мэдүүлэг / хэргийн 47-48 дугаар хуудас /
Мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.*******ын хэргээ хүлээн мэдүүлсэн...Би 2021 оны 10 дугаар сарын 05- ны өдөр гэртээ байж байхад 11 цагийн үед над руу хуурай ах З. залгаад хоёулаа хамт яваад сумаас цааш 30 гаруй км- ээс манай найз Төөгийг аваад ирий гэж хэлсэн. За би ярья гээд утсаа тасалсан. Тэгтэл дахиад 30 минутын дараа залгаад удахгүй юм чинь гялс яваад ирье гээд яриад байхаар нь би зөвшөөрсөн. Тэр үед манай найз Гантуяа залгаад өнөөдөр манай найзын төрсөн өдөр тэмдэглэх гэсэн юмаа чи завтай байна уу гэхээр нь би усанд орчихоод яръя гээд салгасан. Тэгээд удалгүй Гантуяатай яриад бид хоёр Домботын дэргэд уулзаад сууж байхад З. ирээд наад охидуудаа аваад явчих гэж хэлсэн. Би Гантуяагаас асуухад үгүй гэсэн. Тэгэхээр нь Б. , Б.******* нар луу яриад хамт явахаар болсон. З. ах дэлгүүр ороод нэг шил архи аваад замдаа хувааж уусан. Тэгээд Зэрэг сум ороод 6 лааз пиво авсан. Тэр үед машины дугуй шалгахад баруун талын арын дугуйны хий гарчихсан байхаар нь дугуй засвар очоод янзлуулах гэтэл З. ах дугуй засварын эгчтэй маргалдаад янзлуулж чадаагүй.Цааш эргээд явж байхад том оврын машин зогсож байхаар нь данхраад, дорцов зэргийг гуйж аваад дугуйгаа сольж аваад цаашаа явсан. Тэгээд сум өнгөрөөд 30 гаруй км явж байхад миний хажуу талаар жижиг машин гүйцэж түрүүлэхэд З. наад машиныхаа урд талд гар гэсэн. Тэгээд би хаазаа нэмээд гүйцэж түрүүлэхэд миний мил 160 хүрсэн. Тэгээд хаазаа хасаад 120 км / цагийн хурдтай явж байхад баруун хойд талын дугуй хагарчих шиг болсон. Жолооны хүрдийг зүүн тал руу булаасан. Тэгэхээр нь би рүлээ сайн бариад явж байтал З. зүүн гар дээр цохисон. Машин замаас гараад хэд хэд өнгөрч газарт унасан байгаа. Би 2021 оны 04 дүгээр сард жолооны үнэмлэх авсан. З. нь жолоочийн эсрэг талын суудал дээр явж байсан. Арын суудалд Б.*******, Б. нар явсан. Би З. ахтай 2020 онд танилцсан. Б.*******, Б. нартай сарын өмнө танилцсан. Би согтууруулах ундаа хэрэглээгүй. З., Б.*******, Б. нар нэг шил 0.75 литрийн архи уусан. 6 лааз пиво хувааж уусан байгаа. Миний нуруу өвчтэй, цээжинд зөөлөн эдийн гэмтэлтэй. Хохирогч Б.*******д 4 сая төгрөг төлсөн. Одоо 2554916 төгрөгийг 2022 оны 05 сарын 01-ны дотор төлж дуусгана. Харин 93-77 улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг иргэний хариуцагч З. төлнө гэж бодож байгаа...гэх мэдүүлэг.
Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 10 сарын 12-ны өдрийн 596 дугаартай...Б.*******ийн биед гэмтэл учирсан байна. Б.*******ийн биед баруун талын сүүжний дэлбэн болон суудал ясны зөрсөн далд хугарал, баруун дал ясны толгой хэсгийн далд хугарал, 2 гарын бугалга , 2 талын өгзөг, баруун гуя, шилбэнд тус бүр цус хуралтууд, ууц баруун хөлийн тахим шилбэнд зулгаралт хаван хавдар, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо. Дээрхи гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Уг гэмтлүүд нь тухайн хэрэг учрал болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Б.*******ийн биед учирсан дээрхи гэмтлүүд нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт болон эмчилгээний үр дүнгээс хамаарна. Б.*******ийн биед учирсан дээрхи гэмтлүүд нь Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журам- ын 3.2.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна... гэх дүгнэлт / хэргийн 61-62 дугаар хуудас/
Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 10 сарын 12- ны өдрийн 600 дугаартай...З.ын биед гэмтэл учирсан байна. З.ын биед баруун дал, зүүн бөөрөнд тус бүр цус хуралтууд, баруун бугалга, тохойнд тус бүр өнгөц зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Уг гэмтэл нь тухайн хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. З.ын биед учирсан дээрхи гэмтлүүд нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлгүй. З.ын биед учирсан дээрхи гэмтлүүд нь Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журам- ын хүснэгт 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй...гэх дүгнэлт / хэргийн 67-68 дугаар хуудас/
Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 10 сарын 11- ний өдрийн 595 дугаартай...Б.гийн биед духны дунд хэсгийн цус хуралт, зүүн бугалганы гадна хэсгийн цус хуралт, баруун бугалганы дотор дунд хэсгийн цус хуралт, баруун гарын сарвууны ар хэсгийн зулгаралтууд, баруун шилбэний гадна дунд хэсгийн цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Баруун шилбэний дээрхи гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. энэ. Б.гийн биед учирсан дээрхи гэмтлүүд нь тухайн хэрэг учралын үед үүссэн байх боломжтой. Б.гийн биед учирсан дээрхи гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Б.гийн биед учирсан дээрхи гэмтлүүд нь Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журам- ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...гэх дүгнэлт / хэргийн 73-74 дүгээр хуудас /
Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 10 сарын 11- ний өдрийн 594 дугаартай...Ц.*******ын биед баруун чихний ар хэсгийн зулгаралтууд, баруун чих хэсгийн цус хуралт, баруун эгэмний хэсгийн цус хуралт, бугалганы урд дунд хэсгийн зулгаралт, баруун шууны гадна дунд хэсгийн зулгаралтууд гэмтэл тогтоогдлоо. Ц.*******ны биед учирсан дээрхи гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлээр үүссэн байх боломжтой. Ц.*******ын биед учирсан дээрхи гэмтлүүд нь тухайн хэрэг учралын үед үүссэн байх боломжтой. Ц.*******ын биед учирсан дээрхи гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Ц.*******ын биед учирсан дээрхи гэмтлүүд нь Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журам- ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...гэх дүгнэлт / хэргийн 79-80 дугаар хуудас /
Авто машин техникийн үнэлгээний 2021 оны 11 дүгээр сарын 02- ны өдрийн 336455/ ДД/ 21401947 тоот тайлангийн кузов доторлогоотой-600000 төгрөг, баруун урд гэрэл- 600000 төгрөг, баруун урд кырло- 500000 төгрөг, урд салхины шил- 400000 төгрөг, баруун хойд гурвалжин шил-150000 төгрөг, зүүн хойд гурвалжин шил 150000 төгрөг, баруун хойд гэрэл 600000 төгрөг, зүүн хойд гэрэл 600000 төгрөг, багажны хаалга ком 2000000 төгрөг, баруун хойд хаалганы шил 100000 төгрөг, баруун хойд хөшгөн ослын дэр 150000 төгрөг, зүүнд хойд хөшгөн ослын дэр 150000 төгрөг, урд буферны доод сетка – 100000 төгрөг, баруун доод хормой – 150000 төгрөг / бүгд их гэмтэлтэй /, урд пакел -115000 төгрөг, урд буфер- 170000 төгрөг, хойд буфер- 185000 төгрөг, баруун хойд хаалга – 165000 төгрөг, зүүн хойд хаалга – 150000 төгрөг / бүгд дунд гэмтэлтэй/ нийт шууд зардалд бүгд 785000+11650000 = 12435000 төгрөг / , эд анги солих зардал -500000 төгрөг, эд анги будах зардал/ солигдсон / – 700000 төгрөг, 1500гр будаг тус- мат лак- 228000 төгрөг, тэнхлэг шалгуулах зардал- 25000 төгрөг, тос тосолгооны материал 85000 төгрөг, цахилгаан засуулах зардал-120000 төгрөг нийт шууд бус зардалд 1658000 төгрөг, 93-77 дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан нийт хохирол 14093000 төгрөг.../хэргийн 84-85 дугаар хуудас /
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас- /хэргийн 108 дугаар хуудас/
Шүүгдэгч Ц.*******ын иргэний үнэмлэхний лавлагаа- /хэргийн 111 дүгээр хуудас/
Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэл - / хэргийн 112 дугаар хуудас /
Шүүгдэгч Ц.*******ын 1365488 дугаартай В ангилалын жолооны үнэмлэхний хуулбар / хэргийн 121 дүгээр хуудас /
Фэрс Финанс ББСБ болон Энхбатын нарын 2021 оны 03 сарын 30- ны өдрийн 2101130110000106 дугаартай зээлийн гэрээ / хэргийн 123-126 дугаар хуудас/
Эмчилгээний зардалд – 2000000 төгрөг төлсөн... орлогын баримт / хэргийн 136 дугаар хуудас/ зэрэг болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлж үзэхэд:
Шүүгдэгч ******* овогт *******ийн ******* нь 2021 оны 10 дугаар сарын 05- ны өдөр Ховд аймгийн сумын багийн нутаг дэвсгэрт Э.ы эзэмшлийн 93-77 улсын дугаартай тоёото приус-41 маркын тээврийн хэрэгсэлийг жолоодож 120 км цагийн хурдтайгаар замын хөдөлгөөнд оролцож байх явцад тухайн тээврийн хэрэгсэлийн баруун хойд талын дугуй хагарч тээврийн хэрэгсэл нь онхолдож, уг тээврийн хэрэгсэлд зорчин явсан зорчигч Б.*******ийн эрүүл мэндэд ... баруун талын сүүжний дэлбэн болон суудал ясны зөрсөн далд хугарал, баруун дал ясны толгой хэсгийн далд хугарал, 2 гарын бугалга , 2 талын өгзөг, баруун гуя, шилбэнд тус бүр цус хуралтууд, ууц баруун хөлийн тахим шилбэнд зулгаралт хаван хавдар, зөөлөн эдийн няцрал... гэх хүндэвтэр гэмтэл, зорчигч Б.гийн биед духны дунд хэсгийн цус хуралт, зүүн бугалганы гадна хэсгийн цус хуралт, баруун бугалганы дотор дунд хэсгийн цус хуралт, баруун гарын сарвууны ар хэсгийн зулгаралтууд, баруун шилбэний гадна дунд хэсгийн цус хуралт ... гэх хөнгөн гэмтэл, жолооч Ц.*******ын биед ... баруун чихний ар хэсгийн зулгаралтууд, баруун чих хэсгийн цус хуралт, баруун эгэмний хэсгийн цус хуралт, бугалганы урд дунд хэсгийн зулгаралт, баруун шууны гадна дунд хэсгийн зулгаралтууд... гэх хөнгөн гэмтэл, авто машинд 140093000 төгрөгний хохирол учирсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч Ц.******* нь хурд хэтрүүлж замын хөдөлгөөнд оролцсон нь осол гарах шалтгаан нөхцөл болжээ.
Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргахгүй байна.
Иймд шүүгдэгч ******* овогт *******ийн ******* нь 2021 оны 10 дугаар сарын 05- ны өдөр Ховд аймгийн сумын багийн нутаг дэвсгэрт Э.ы эзэмшлийн 93-77 улсын дугаартай тоёото приус-41 маркын тээврийн хэрэгсэлийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож явах үедээ Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т заасан ...Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгсэлийн хурдыг хасаж, зайлшгүй тохиололд зогсоох арга хэмжээ авна... мөн дүрмийн 12.4-т заасан... Тээврийн хэрэгсэлийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гадна цагт 80 км, тууш замд цагт 100 км – ээс хэтрүүлэхийг хориглоно... гэснийг зөрчиж, 120 км/ цагийн хурдтайгаар явах үед тухайн тээврийн хэрэгсэлийн баруун хойд талын дугуй хагарч тээврийн хэрэгсэл нь онхолдож, уг тээврийн хэрэгсэлд зорчин явсан зорчигч Б.*******ийн эрүүл мэндэд ... баруун талын сүүжний дэлбэн болон суудал ясны зөрсөн далд хугарал, баруун дал ясны толгой хэсгийн далд хугарал, 2 гарын бугалга , 2 талын өгзөг, баруун гуя, шилбэнд тус бүр цус хуралтууд, ууц баруун хөлийн тахим шилбэнд зулгаралт хаван хавдар, зөөлөн эдийн няцрал...гэх хүндэвтэр гэмтэл, зорчигч Б.гийн биед духны дунд хэсгийн цус хуралт, зүүн бугалганы гадна хэсгийн цус хуралт, баруун бугалганы дотор дунд хэсгийн цус хуралт, баруун гарын сарвууны ар хэсгийн зулгаралтууд, баруун шилбэний гадна дунд хэсгийн цус хуралт...гэх хөнгөн гэмтэл, жолооч Ц.*******ын өөрийнх биед...баруун чихний ар хэсгийн зулгаралтууд, баруун чих хэсгийн цус хуралт, баруун эгэмний хэсгийн цус хуралт, бугалганы урд дунд хэсгийн зулгаралт, баруун шууны гадна дунд хэсгийн зулгаралтууд...гэх хөнгөн гэмтэл учирсан, авто машинд 140093000 төгрөгний хохирол гэх учируулсан гэх үйлдэлд Ховд аймгийн Прокуроын газраас шүүгдэгч Ц.*******ын дээрхи үйлдэлд ...авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, улсын яллагчийн дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирч байна.
Хоёр: Хохирол хор уршгийн талаар:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.******* нь эмчилгээний зардалаа нэхэмжилнэ гээд өмгөөлөгчид хөлс төлсөн баримт, эм худалдан авсан талаархи нэмэгдсэн өртгийн албан татварын баримт,өвчтөн илгээх хуудас, Гэмтэл согог судлалын үндэсний төвд эмчлүүлсэн өвчний түүхийн хуулбар зэргийг ирүүлсэн ба шүүгдэгч Ц.******* нь хохирогч Б.*******д эмчилгээний зардалд 2000000 төгрөгийг орлогын баримтаар, 2000000 төгрөгийг бэлнээр төлж, 2554916 төгрөгийг 2022 оны 05 сарын 01- ний өдөр төлж барагдуулахаар хохирол төлөх тухай тодорхойлолтыг шүүхэд ирүүлж, хохирлыг сайн дураар төлөхөө илэрхийлсэн байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Ц.*******оос 2554916 төгрөгийг гаргуулан хохирогч Б.*******д олгох нь зүйтэй байна.
Мөн иргэний нэхэмжлэгч 93-77 тоёото Приус-41 маркын тээврийн хэрэгсэлийн эзэмшигч Э. нь тээврийн хэрэгсэлд учирсан хохирол 14093000 төгрөгийг төлүүлэхээс 11000000 төгрөгийг иргэний хариуцагч З. нь төлсөн, үлдэх 3093000 төгрөгийг шүүгдэгч Ц.*******оос нэхэмжилж байна.
Харин шүүгдэгч Ц.******* нь иргэний хариуцагч З. нь иргэний нэхэмжлэгч Э.аас авто машиныг хүлээн авсан , тухайн тээврийн хэрэгсэлийн эзэмшигч нь З. гэх үндэслэлээр авто машинд учирсан хохирлыг төлөхөөс татгалзаж буй нь үндэслэлгүй гэж шүүх үзлээ.
Учир нь: Шүүгдэгч Ц.******* нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т заасан ...Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгсэлийн хурдыг хасаж, зайлшгүй тохиололд зогсоох арга хэмжээ авна... мөн дүрмийн 12.4-т заасан... Тээврийн хэрэгсэлийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гадна цагт 80 км, тууш замд цагт 100 км – ээс хэтрүүлэхийг хориглоно... гэснийг зөрчиж, 120 км/ цагийн хурдтайгаар буюу хурд хэтрүүлсний улмаас тээврийн хэрэгсэлийн баруун хойд талын дугуй хагарч тээврийн хэрэгсэл нь онхолдож уг тээврийн хэрэгсэлд 14093000 төгрөгний хохирол учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон.
Иргэний хариуцагч З. нь дээрхи хохирлоос 11000000 төгрөгний хохирол төлсөн байна.
Шүүгдэгч Ц.*******ын буруутай үйлдлийн улмаас тухайн тээврийн хэрэгсэл онхолдож авто машинд 14093000 төгрөгний хохирол учирсан, уг хохиролоос иргэний хариуцагч З.ын төлсөн 11000000 төгрөгний хохирлыг хасаад үлдэх 3093000 төгрөгний хохирлыг Монгол улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Ц.*******оос гаруулан иргэний нэхэмжлэгч Э.д олгох нь шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцнэ гэж шүүх үзсэн болно.
Гурав: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Шүүгдэгч Ц.******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас-/хэргийн 108 хуудас дахь/- аар тогтоогдож байна.
Шүүгдэгчийн хувийн байдлын талаар гэрч Я.*******ийн өгсөн...Миний хүү Ц.******* нь манай том хүү, даруу төлөв, хүнд тусархаг зантай, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй, гэмт хэрэг, зөрчилд холбогдож байгаагүй, Ховд аймгийн ******* сумын 12 жилийн 3 дугаар бүрэн дунд сургууль төгссөн, одоо ОХУ –д оюутан, өөрт ногдох хөрөнгө байхгүй,цаашид сургуульд нь явуулах хүсэлтэй байна ... гэх мэдүүлэг/ хэргийн 53-54 дүгээр хуудас/, гэрч Б.Мөнхболдын өгсөн... Бид хоёр 12 жилийн сургуульд байхаасаа найзалсан. Ц.******* нь дөлгөөн тайван зантай, найз нөхдийн дунд нэр хүндтэй, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй, гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй, одоо ОХУ-ын Москва хотын дээд сургуульд төмөр замын инженер мэргэжлээр суралцаж байгаа. Ц.******* нь эцэг, эх дүү нарын хамт амьдардаг. Ц.******* нь гаргасан үйлдлээ ухамсарлаж байгаа тул хөнгөн шийдвэрлэж өгнө үү гэх... мэдүүлэг / хэргийн 56-57 дугаар хуудас/, Ц.******* нь Уралын их сургуулийн оюутан гэх оюутны үнэмлэх, мөн тухайн Их сургуульд суралцдаг гэх 3 хуудас баримт, иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа газрын хаягийн бүртгэл зэрэг хэрэгт авагдсан байна.
Шүүгдэгч Ц.******* нь хохирогч Б.*******ийн эмчилгээний зардалд 4000000 төгрөг төлсөн, үлдэх 2554916 төгрөгийг төлөхөөр хүлээн зөвшөөрснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн нөхцөл байдалд тооцов.
Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Гэм буруу болон эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд улсын яллагчаас: Шүүгдэгч Ц.******* нь 2021 оны 10 дугаар сарын 05- ны өдөр Ховд аймгийн сумын багийн нутаг дэвсгэрт 93-77 улсын дугаартай иргэний нэхэмжлэгч Э.гийн эзэмшлийн приус -41 маркын тээврийн хэрэгсэлийг жолоодож иргэний хариуцагч З., хохирогч Б.*******, гэрч Б. нарын хамт замын хөдөлгөөнд оролцож явах үедээ Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т заасан...Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгсэлийн хурдыг хасаж, зайлшгүй тохиололд зогсоох арга хэмжээ авна...мөн дүрмийн 12.4-т заасан... Тээврийн хэрэгсэлийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гадна цагт 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхийг хориглоно...гэснийг зөрчиж, 120 км/ цагийн хурдтайгаар явах үед тухайн тээврийн хэрэгсэлийн баруун хойд талын дугуй хагарч тээврийн хэрэгсэл нь онхолдож, хохирогч Б.*******ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, согтууруулах ундаа хэрэглээгүй, хохиролын зарим хэсгийг төлсөн, үлдэх хохирлыг төлөхөө хүлээн зөвшөөрсөн, ОХУ-д суралцдаг, оюутан зэрэг хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний 2700000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулах, торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчилэн төлүүлэхээр тогтоох, иргэний нэхэмжлэгчид учирсан хохиролын үлдэгдэл 3093000 төгрөг, хохирогч Б.******* төлөх 2554916 төгрөгийг тус тус гаргуулах, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчид өмнө авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэх дүгнэлт гаргаж байна гэв.
Гэм буруу болон эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: Шүүгдэгчийн хувьд гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргахгүй байгаа. Хохирогч Б.*******ийн эмчилгээний зардалд 4000000 төгрөгийг төлсөн, үлдэх 2554916 төгрөгийг 2022 оны 05 сарын 01- ний дотор төлж барагдуулна. Харин иргэний нэхэмжлэгч Э.гийн нэхэмжилж буй 3093000 төгрөгийг иргэний хариуцагч З. хариуцах ёстой гэж үзэж байгаа. Шүүгдэгч Ц.******* нь анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учирсан хохирлыг төлөхөө илэрхийлж байгаа, ОХУ-д сурралцдаг, оюутан зэрэг хувийн байдлыг харгалзан үзэж хуульд заасан торгох ялын доод хэмжээ болох 450000 төгрөгөөр торгож шийтгэж өгнө үү гэх дүгнэлт гаргав.
Гэм буруу болон эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд хохирогч, иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс: Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.*******ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан. Улаанбаатар хотод очиж Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэж эмчлүүлсэн цаашид ч эмчлүүлэх шаардлагатай. Шүүгдэгч Ц.*******ын хувьд 4000000 төгрөгийг хохирогч Б.*******д төлсөн, үлдэх 2554916 төгрөгийг 2022 оны 05 сарын 01- ний дотор төлөхийг хүлээн зөвшөөрсөн байгаа. Хохирогч Б.******* дахин дүгнэлт гаргуулахгүй гэсэн тул хэргийг шийдвэрлүүлэх хүсэлтэй. Цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү. Иргэний нэхэмжлэгч Э.гийн авто машинд үнэлгээгээр 14093000 төгрөгний хохирол учирснаас иргэний хариуцагч З. нь 11000000 төгрөгийг төлсөн. Үлдэх 3093000 төгрөгийг шүүгдэгч Ц.*******оос нэхэмжилж байгаа, хохирлыг төлүүлж өгнө үү...гэх дүгнэлт гаргав.
Гэм буруу болон эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд иргэний хариуцагчийн өмгөөлөгчөөс: Тухайн овто осол нь шүүгдэгч Ц.******* нь хурд хэтрүүлж замын хөдөлгөөнд оролцсоны улмаас үүссэн байгаа. Иргэний хариуцагч З. нь өөрийн найз Э.гаас авто машиныг гуйж авч явсан хариуцлагаа хүлээж авто машинд учирсан хохирол 14093000 төгрөгнөөс 5000000 төгрөгийг бэлнээр өгч, өөрийн прадо маркын авто машиныг 6000000 төгрөгөнд тооцож хохиролд нийт 11000000 төлсөн. Одоо үлдэх хохирол 3093000 төгрөгийг шүүгдэгч Ц.******* хариуцах ёстой гэж үзэж байгаа тул уг хохирлыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Иймд шүүгдэгч Ц.*******оос иргэний нэхэмжлэгчийн нэхэмжилж буй 3093000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэх... дүгнэлт гаргав.
Шүүгдэгч Ц.*******ын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн ангилалын гэмт хэрэгт хамаарч байх ба шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид учирсан хохирлын зарим хэсгийг төлсөн, үлдэх хохирлыг төлөхөө хүлээн зөвшөөрсөн, ОХУ-д суралцдаг оюутан зэрэг хувийн байдал шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлт зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******ийн *******од таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний таван зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар 3 сарын хугацаанд түүнд оногдуулсан 500000 төгрөгийн торгох ялыг сар бүр хувь тэнцүүлэн хэсэгчилэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан журмыг шүүгдэгчид тайлбарлаж, түүний торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газарт даалгах нь зүйтэй байна.
Эрүүгийн 2136000000226 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Ц.*******оос 2554916 төгрөгийг гаргуулан хохирогч Б.*******д, мөн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Ц.*******оос 3093000 төгрөг гаргуулан иргэний нэхэмжлэгч Э.д олгож, хохирогч Б.*******ийн цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэв.
Шүүгдэгч Ц.*******од өмнө авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.12 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* овогт *******ийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******ийн *******од таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний таван зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.*******од оногдуулсан 500000 төгрөгний торгох ялыг 3 сарын хугацаанд сар бүр хувь тэнцүүлэн хэсэгчилэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн 2136000000226 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Ц.*******оос 2554916 төгрөгийг гаргуулан хохирогч Б.*******д, мөн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Ц.*******оос 3093000 төгрөг гаргуулан иргэний нэхэмжлэгч Э.д олгож, хохирогч Б.*******ийн цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй, шүүгдэгч Ц.******* нь хохирогч Б.*******д 2554916 төгрөгийг 2022 оны 05 сарын 01-ний дотор төлөхөөр хүлээн зөвшөөрснийг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Ц.*******од тайлбарлаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Ц.*******од оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газарт даалгасугай.
7. Шийтггэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох ба шүүгдэгч Ц.*******од өмнө “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй
8.Шийтгэх тогтоол уншиж сонсгомогц хүчинтэй болох ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч гомдолоо, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ЦЭЦЭГМАА