Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 2021/ШЦТ/1142

 

                                              

 

 

 

 

 

    2021           11           15                                        2021/ШЦТ/1142

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга О.Жавхлан хөтлөн,

улсын яллагч Х.Анхцэцэг,

шүүгдэгч С.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос:

Б овогт С-н Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2108 0000 01406 дугаартай, 1 хавтаст хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Боржигин овогт С-н Б Монгол Улсын иргэн, 1976 оны 7 дугаар сарын 11-ний өдаймагт төрсөн, 45 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, оёдолчин мэргэжилтэй, “Н” ХХК-д туслах мэргэжилтэн ажилтай, ам бүл 4, нөхөр хүүхдүүдийн хамт, С дүүргийн 90-4 тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй (РД:УБ).

 

Прокуророос тогтоосон хэргийн агуулга (яллах дүгнэлтэд бичигдсэнээр).

Шүүгдэгч С.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр С дүүргийн  дүгээр хороо, тоот гэртээ нөхөр Б.З-ттой “Дүүгээсээ зээлсэн мөнгөө нэх” гэж маргалдан баруун бугуйн тус газар заазуураар нэг зүсэж эрүүл мэндэд нь “шарх гэмтэл бүхий” хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

 

            Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Б мэдүүлэхдээ: Би архи уугаад нөхрийнхөө гарын бугуйн хэсэгт заазуураар цохиж гэмтэл учруулснаа зөвшөөрч байна. Би буруугаа ойлгож байгаа, маргах зүйл байхгүй гэв.

 

Хоёр. Эрүүгийн 2108000001406 дугаар хэргээс шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

 

1. 2021 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг (хавтаст хэргийн 2-5 дугаар хуудас), үзлэгээр ногоон иштэй заазуурыг бэхжүүлсэн  тухай, тус ажиллагааг хүчинтэйд тооцсон прокурорын 2021 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 73 дугаартай тогтоол (хавтаст хэргийн 7 дугаар хуудас), заазуурыг эд мөрийн баримтаар тооцсон тухай мөрдөгчийн тогтоол (хавтаст хэргийн 8 дугаар хуудас),

 

2. Хохирогч С.З-ын мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр өгсөн: “...Би эхнэр хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүрэг 1 дүгээр хороонд амьдардаг. Эхнэр Б-тэй 1997 онд танилцаад, түүнээс хойш одоог хүртэл хамтдаа амьдарч байна, дундаасаа 2 охинтой. Бид охидууд болон зээ нарын хамт амьдардаг. Манай эхнэр “Х” ХХК-д туслах мэргэжилтэн ажилтай. Би одоогоор ажилгүй тэтгэвэрт гарсан, зээ нараа хардаг юм. Хэрэг болдог өдөр манай эхнэр Б “чи дүүгээсээ мөнгөө авсангүй” гэж хэрүүл хийгээд дүү рүү ярьж мөнгө нэхэж дарамтлах гээд байсан юм. Тэгэхээр нь би “дүүгээсээ мөнгө авна авахгүйгээ би өөрөө мэднэ” гэж хэлтэл уурлаад гал тогооны ширээн дээр хоол хийх гээд мах заазуур гаргаад тавьсан, уг заазуурыг шүүрч аваад над руу дайраад далайх үед би гараа дээш өргөхөд миний баруун гарын бугуй хэсэгт нэг удаа зүссэн. Тэгээд би 103 руу эмч дуудаад, эмч 4 оёдол тавьсан. Одоо миний биеийн байдал хэвийн байна. Өнөөдөр оёдлоо авхуулсан. Өөрөөр нь эдгээгээд гэрээр эмчилгээ хийлгэсэн. Надад хохирлын баримт, гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Бид эвлэрсэн одоо хамт амьдарч байгаа. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 38 дугаар хуудас),

 

            3. Гэрч З.Отгонцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 9 дүгээр сарын 11-ий өдөр өгсөн:

“...Би 2021 оны 09 дүгээр сарын 11-ны өдөр ...13 цаг болж байсан ба захаар явж байгаад буцаад гэртээ ирэхэд аав болох З-ыг ээж Б нь заазуураар гарыг нь зүссэн байсан. Тэгээд би юу болсон талаар асуухад хоорондоо маргалдсан байсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 16 дугаар хуудас),

4. Шүүгдэгч С.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 10 дугаар сарын 19-ны өдөр яллагдагчаар өгсөн “...Тухайн өдөр би З-од “чи дүүдээ өгсөн мөнгөө ав, байшин саваа янзалмаар байна” гэж хэлэхэд З- уурлаад мах нааш цааш нь гараараа түлхээд байсан. Би мах хөшиглөхөөр гартаа заазууртай байсан, согтууруулах ундаа хэрэглэсэн болохоор З-ын баруун гарын бугуйнд нэг удаа зүсчихсэн. Тэгэхдээ би зүснэ гэж бодоогүй, айлгах зорилгоор ийм зүйл болчихлоо. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би одоогоор корона тусаад ажилгүй, эдгэвэл ажил олж хийнэ ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 53-55 дугаар хуудас),

 

5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 8840 дугаартай дүгнэлтэд:

Хэсэг газрын үзлэгт: Баруун бугуйн гадна хэсэгт 3.5х0.2 см мэс заслын оёдол бүхий зах ирмэг тэгш хөндлөн шархтай.

Дүгнэлт:

-С.З-ын биед баруун бугуйд шарх гэмтэл тогтоогдлоо.

-Дээрх гэмтэл нь ир, ирмэг бүхий зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

-Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

-Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. /Шинжээч эмч О.Болороо/ ...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 23-24 дүгээр хуудас),

 

6. Аюулын зэргийн үнэлгээ (бага), Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны хамтарсан багийн хурлын тэмдэглэл, Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ (хавтаст хэргийн 64-71 дүгээр хуудас),

 

            7. Хохирогч С.З-, яллагдагч С.Б-н хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт (хавтаст хэргийн 75 дугаар хуудас), Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай прокурорын 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 295 дугаартай тогтоол, ял тохиролцсон прокурорын санал (77-79 дүгээр хуудас),

            8. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд: Шүүгдэгч С.Б-н иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 48 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 39 дүгээр хуудас), эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа (хавтаст хэргийн 62 дугаар хуудас), С.З, С.Б нарын гэрлэлт бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 45 дугаар хуудас), байнга оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 44 дүгээр хуудас) болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч С.Б нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч, эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар түүнд танилцуулж, зөвшөөрсөн талаар дурдаж, хэргийг шүүхэд шилжүүлснийг үндэслэн шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг шалгаж, тус хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.

 

Гурав.Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.

1.Гэм буруугийн талаар.

Улсын яллагч дүгнэлтдээ “Шүүгдэгч С.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.З-ттой маргалдан баруун бугуйн тус газар заазуураар зүсэж эрүүл мэндэд нь “шарх гэмтэл бүхий” хөнгөн хохирол санаатай учруулсан нь хохирогч, яллагдагч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан, шүүгдэгч С.Б нь хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй болно.

Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянаж, шүүгдэгч С.Б-н холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч С.Б нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2021 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт, Толгойтын 90 дүгээр гудамжны 4 тоот гэртээ нөхөр Б.З-тыг “дүүдээ зээлүүлсэн мөнгөө авсангүй, зээлүүлсэн мөнгөө ав” гэх маргаан үүсгэж, улмаар түүний биед баруун бугуйн тус газар заазуураар нэг удаа зүсэж эрүүл мэндэд нь “шарх гэмтэл бүхий” хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь:

-2021 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг (хавтаст хэргийн 2-5 дугаар хуудас),

-Хохирогч С.З-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...манай эхнэр Б “чи дүүгээсээ мөнгөө авсангүй” гэж хэрүүл хийгээд дүү рүү ярьж мөнгө нэхэж дарамтлах гээд байсан юм. “Дүүгээсээ мөнгө авна авахгүйгээ би өөрөө мэднэ” гэж хэлтэл уурлаад гал тогооны ширээн дээр ...тавьсан ...заазуурыг шүүрч аваад ...миний баруун гарын бугуй хэсэгт нэг удаа зүссэн. ...эмч 4 оёдол тавьсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 38 дугаар хуудас),

- Гэрч З.Отгонцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...аав З-ыг ээж Б заазуураар гарыг нь зүссэн байсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 16 дугаар хуудас),

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 8840 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 23-24 дүгээр хуудас),

- Шүүгдэгч С.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...гартаа заазууртай байсан, согтууруулах ундаа хэрэглэсэн болохоор З-ын баруун гарын бугуйнд нэг удаа зүсчихсэн. ...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 53-55 дугаар хуудас), С.Б-н гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан заазуурыг эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол (хавтаст хэргийн 8 дугаар хуудас),

-Аюулын зэргийн үнэлгээ (бага), Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны хамтарсан багийн хурлын тэмдэглэл, Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ (хавтаст хэргийн 64-71 дүгээр хуудас) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоодож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.

Хууль зүйн хувьд шүүгдэгч С.Б-н үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хохирогч Б.З-тын эрх чөлөөнд халдаж, хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хохирол учруулсанд тооцно.

Түүнчлэн шүүгдэгч С.Б-н үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, дээрх зүйл, хэсэгт зааснаар шүүгдэгчийг гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Гэмт хэргийн улмаас хохирогч Б.З-тын биед хөнгөн хохирол учирсан байх ба хохиролтой холбоотой нотлох баримтыг хэрэгт ирүүлээгүй, хохирогчоор өгсөн мэдүүлэгтээ “нэхэмжлэх зүйл байхгүй” гэж мэдүүлснийг дурдах нь зүйтэй байна.

 

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.

Улсын яллагч дүгнэлтдээ “эрүүгийн хариуцлагын талаар шүүгдэгч С.Б-тэй тохиролцсон саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500.000 төгрөгийн торгох ял оногдуулах, уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх” саналтай гэсэн дүгнэлтийг гаргасан, шүүгдэгч С.Б-гээс “улсын яллагчийн хэлсэн ялын хүрээнд шийдвэрлэж өгнө үү” гэсэн тайлбарыг гаргасан.  

Шүүхээс шүүгдэгчид Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.

Шүүгдэгч С.Б нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар урьд ял шийтгэгдэж байгаагүй байх ба эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэний”-г хөнгөрүүлэх нөхцөлд харгалзсан болно.

Шүүгдэгч С.Б нь эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж, прокуророос түүнд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг танилцуулахад гэм буруугаа, прокурорын ялын саналыг зөвшөөрч, ялаас зайлсхийвэл хорих ялаар солих хууль зүйн үр дагаврыг ойлгосон талаар мэдүүлсэн.

Иймд шүүгдэгч С.Б-г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд шүүх тооцсон тул прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгийн торгох ял оногдуулж, шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан оногдуулсан ялыг хуульд заасан 90 хоногийн хугацаанд төлүүлэхээр тогтоож, торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож,  хорих ялаар солихыг мэдэгдэж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

3. Бусад асуудлаар: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн ажлын хэсэг нь 16 см, бариул нь 12 см, нийт урт нь 28 см хэмжээтэй, хадаас бүхий бэхэлгээтэй ногоон өнгийн иштэй заазуур нэг ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч С.Б цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус тогтоолд дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт С-н Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б-г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б нь торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш хуульд заасан 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн биелүүлэхийг тогтоосугай.

 

4. Шүүгдэгч С.Б хуульд заасан хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн ажлын хэсэг нь 16 см, бариул нь 12 см, нийт урт нь 28 см хэмжээтэй, хадаас бүхий бэхэлгээтэй ногоон өнгийн иштэй заазуур нэг ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

 

6. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч С.Б баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч З.З-оос хор уршгийн зардал нэхэмжлэхгүй гэснийг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч С.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, түүний дээд шатны прокурор гардан авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд нь давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч С.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Т.АЛТАНТУЯА