Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 001/ХТ2019/00494

 

Ц.Ц, Л.Б нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 182/ШШ2018/01744 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 2304 дүгээр магадлалтай, 

Нэхэмжлэгч Ц.Ц, , Л.Б нарын нэхэмжлэлтэй

Хариуцагч “ О И ББСБ” ХХК, “Ж Г” ХХК нарт холбогдох,

Хохиролд 175 000 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, нэхэмжлэгч нараас нийт 34 914 500 төгрөг гаргуулах тухай хариуцагч “ О И ББСБ” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлтэй хэргийг

Нэхэмжлэгч нарын гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ц.Ц, , Л.Булгаа, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Б.Бат-Эрдэнэ, хариуцагч “Ориент Инвест” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баясгалан, Б.Бадрах, хариуцагч “Ж Г” ХХК-ийн   итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Энх-Амгалан, нарийн бичгийн даргаар Б.Уранзаяа нар оролцов.

Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Ц, , Л.Б нар “Ж Г” ХХК-тай 2009 оны 12 дугаар сарын 10-ны өдөр ЖГ/13-09, ЖГ/08-09 тоот, орон сууц эзэмшүүлэх гэрээ байгуулж, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 51Б байрны 27, 51А байрны 68 тоот орон сууцнуудын хууль ёсны эзэмшигч болсон. Гэтэл “Ж Г” ХХК, “ О И ББСБ” ХХК-ийн хооронд 2012 оны 08 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан 12/1035 дугаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах барьцаанд бариулах зорилгоор хожим буюу 2013 оны 05 дугаар сарын 21-ний өдөр 13/4045 дугаар, хөрөнгө барьцаалах гэрээг нөхөж байгуулан орон сууцуудыг барьцаалсан байдаг. “ О И ББСБ” ХХК-иас “Ж Г” ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлээр үүсгэсэн иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд бид гуравдагч этгээдээр оролцсон. Гэвч шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бие даасан шаардлага гаргах боломжоор хангаагүй ба өмчлөх эрхтэй болох талаарх бидний тайлбарыг гэрээ байгуулах үед барьцааны зүйлийн өмчлөгч нь Ш.Батсайхан байна, тиймээс эдгээр үл хөдлөх эд хөрөнгүүдтэй холбоотой шаардах эрхгүй хэмээн дүгнэж, барьцаа хөрөнгөөс төлбөр гаргуулахаар шийдвэрлэсэн.

...бид уг орон сууцнуудын өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэл гаргасныг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 5417 дугаар шийдвэрээр Л.Булгааг Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 51А байрны 68 тоотод байрлах Улсын бүртгэлийн Ү-2204044696 дугаарт бүртгэгдсэн 1 өрөө орон сууцны өмчлөгчөөр, Ц.Ц, г Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 51Б байрны 27 тоотод байрлах Улсын бүртгэлийн Ү-2204045007 дугаарт бүртгэгдсэн 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тус тус тогтоосон. Улмаар бид 2016 онд хөрөнгө барьцаалах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, Л.Булгаагийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 51А байрны 68 тоотод байрлах, улсын бүртгэлийн Ү-2204044696 дугаарт бүртгэгдсэн 1 өрөө орон сууц, Ц.Ц, гийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 51Б байрны 27 тоотод байрлах Улсын бүртгэлийн Ү-2204045007 дугаарт бүртгэгдсэн 2 өрөө орон сууцыг тус тус зээлийн барьцаанаас чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасан боловч Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 101/ШШ2016/03175 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон.

...“ О И ББСБ” ХХК болон Л.Булгаа, Ц.Ц,  нарын хооронд ямар нэгэн үүрэг үүсээгүй, мөн хариуцагч “Ж Г” ХХК өмчлөгч нарт орон сууцыг барьцаанд тавихдаа мэдэгдээгүй тул дээрх орон сууцуудын зах зээлийн үнэлгээ, үнэ болох Л.Булгаагийн өмчлөлийн 51А байрны 68 тоот орон сууцны үнэ 75 000 000 төгрөг, Ц.Ц, гийн өмчлөлийн 51Б байрны 27 тоот орон сууцны үнэ 100 000 000 төгрөг, нийт 175 000 000 төгрөгийг хариуцагч “ О И ББСБ” ХХК, “Ж Г” ХХК-иудаас хувь тэнцүүлэн гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч “ О И ББСБ” ХХК-ийн шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 

Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. Манай байгууллага “Ж Г” ХХК-тай байгуулсан зээлийн болон барьцааны гэрээний дагуу уг орон сууцнуудыг барьцаалсан ба зээлдэгч “Ж Г” ХХК зээлийн төлбөрөө төлөөгүй тул шүүхийн шийдвэрээр уг орон сууцнууд нь шүүхийн шийдвэрийн дагуу манай зээлийн төлбөрийг төлөхөөр шилжиж ирсэн хөрөнгүүд юм. Иймд нэхэмжлэгч нар ямар хууль зүйн үндэслэлээр ББСБ-аас нэхэмжилж байгаа нь тодорхойгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагч “Ж Г” ХХК-ийн шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 

Иргэний хуулийн 109 дүгээр зүйл болон 112 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэгч нар өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгэгдээгүй байгаа тул нэхэмжлэлийг гаргах шаардах эрх бүхий этгээдүүд гэж үзэхгүй байна. Хэдийгээр шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгч нар орон сууцны өмчлөгч болсон ч гэсэн манай компанид төлөх ёстой төлбөр тооцоогоо хийж төлөөгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагч “ О И ББСБ” ХХК шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

Тус ББСБ-д Монгол Улсын дээд шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 518 тоот тогтоолоор “Ж Г” ХХК-иас 690 678 296 төгрөгийг олгохоор эцэслэн шийдвэрлэгдсэн.

...Ц.Ц,  болон Л.Б нар нь дээрх орон сууцанд амьдардаг болох нь тэд нарын гаргасан нэхэмжлэлээр тогтоогдож байгаа болно. Ийм учраас тус ББСБ-ын барьцаанд бүртгэлтэй байгаа үл хөдлөх хөрөнгүүдийг албадан гүйцэтгүүлэх тухай 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 8934/2 тоот шүүгчийн захирамж, 2222 тоот шүүхийн гүйцэтгэх хуудсыг үндэслэн тус ББСБ нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.5-д “Үүрэг гүйцэтгэгч ипотекийн зүйл болох байшин эсхүл түүний тодорхой хэсэгт өөрөө буюу гэр бүлийн гишүүдийн хамт оршин сууж байгаа бол ипотекийн зүйлийг албадан худалдах тухай шүүхийн шийдвэр гарсан үеэс хөлслөгч болж, үүрэг гүйцэтгүүлэгчид орон сууц хөлсөлсний хөлсийг, тухайн үеийн ханшаар төлөх үүрэгтэй” гэж заасныг үндэслэн Л.Б болон Ц.Ц,  нар барьцаа хөрөнгийн хөлслөгч болж 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 8934/2 тоот албадан гүйцэтгүүлэх шүүгчийн захирамж гарсан өдрөөс хойш 2017 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал нийт 35 сарын хөлсөлсний хөлсийг Л.Б болон Ц.Ц, гаас нэхэмжилж байна. Иймд нэг сарын орон сууц хөлсөлсний хөлсийг тус ББСБ нь тогтоохдоо Үндэсний статистикийн хорооноос гаргаж өгсөн орон сууцны түрээсийн дундаж үнийн судалгаагаар тогтоож, Ц.Ц, гаас нэг сарын хөлсөлсний хөлс болох 577 000 төгрөг буюу нийт 20 195 000 төгрөгийг, Л.Булгаагаас нэг сарын хөлсөлсний хөлс болох 420 000 төгрөг буюу нийт 14 700 000 төгрөгийг, мөн шүүхэд материал бүрдүүлэхэд гарсан нотариатын зардал 19 500 төгрөгийн хамт Л.Б болон Ц.Ц,  нараас гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

... Нэхэмжлэгч нар нь “Ж Г” ХХК-тай 2009 онд ЖГ/13-09, ЖГ/08-09 тоот орон сууц эзэмшүүлэх гэрээ байгуулж Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 51Б байрны 27 тоот, 51А байрны 68 тоот орон сууцнуудын хууль ёсны эзэмшигч, 2015 онд тус орон сууцуудын хууль ёсны өмчлөгч болсон. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нар нь маргааны зүйлийн өмчлөгч болохоос бус “ О И ББСБ” ХХК-ийн өмнө төлбөрийн үүрэг хүлээсэн этгээд биш юм. “ О И ББСБ” ХХК нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-т зааснаар учирсан хохирлоо түүний өмнө үүрэг хүлээсэн үүрэг гүйцэтгэгч, төлбөр төлөгч этгээд болох “Ж Г” ХХК-иас нэхэмжлэхээс бус маргааны зүйлийн өмчлөгч болох Ц.Ц, , Л.Б нараас нэхэмжилж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй юм. Иймд хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 182/ШШ2018/01744 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хариуцагч “Ж Г” ХХК-иас 95 520 400 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.Ц, д, 56 154 000 төгрөг гаргуулж Л.Булгаад тус тус олгож, Ц.Ц, гийн нэхэмжлэлээс үлдэх 4 479 600 төгрөг, Л.Булгаагийн нэхэмжлэлээс үлдэх 18 846 000 төгрөгийн шаардлагыг, хариуцагч “ О И ББСБ” ХХК-д холбогдох нэхэмжлэлийн хамт тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.5-д зааснаар нэхэмжлэгч Ц.Ц, гаас 20 204 750 төгрөг, нэхэмжлэгч Л.Булгаагаас 14 709 750 төгрөгийг тус тус гаргуулах тухай хариуцагч “ О И ББСБ” ХХК-ийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 2304 дүгээр магадлалаар Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 182/ШШ2018/01744 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт тус тус зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 190 900 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

... Иргэн Ц.Ц, , Л.Б нар нь хариуцагч “ О И ББСБ” ХХК, “Ж Г” ХХК нараас өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр орон сууцыг нь барьцаалсан гэх үндэслэлээр гэм хорын хохиролд 175 000 000 /нэг зуун далан таван сая/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн.

...Дээрх үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны өмчлөгчдөд мэдэгдэлгүй, тэдгээрийн зөвшөөрлийг авалгүйгээр эд хөрөнгийг барьцаалсан үйлдлийг анхан болон давж заалдах шатны шүүх хянан хэлэлцээгүй.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт нэхэмжлэгчийн өмнө “ О И ББСБ” ХХК-ийн гэм буруутай байдал тогтоогдсонгүй гэх атал “ О И ББСБ” ХХК нь ямар үндэслэлээр нэхэмжлэгчийн өмчлөлийн хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлээ хангуулах болсныг тогтоогоогүй байна. Энэ ойлгомжгүй шүүхийн шийдвэрийг давж заалдах шатны шүүх тал бүрээс нь хянаж үзээгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4.-т давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж буй шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзнэ... гэж заажээ. Гэтэл давж заалдах шатны шүүх маргаан бүхий орон сууцны өмчлөгч “ О И ББСБ” ХХК-ийн хооронд барьцааны гэрээний үүрэг ямар шалтгаанаар үүсээд байгааг, тэдгээрийн хооронд ямар нэг хэлцлийн шинжтэй харилцаа үүссэн эсэхийг огт тайлбарлаагүй болно.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.3-т гэм хор учруулахад хэд хэдэн этгээд оролцсон бол тэдгээр нь уг гэм хорыг хамтран хариуцах бөгөөд энэ тохиолдолд шууд гэм хор учруулсан этгээд төдийгүй, түүнийг уруу татсан, дэмжин тусалсан, түүнчлэн гэм хор учруулсны үр дүнг санаатай ашигласан этгээд нэгэн адил хариуцлага хүлээнэ... гэж заажээ.

Хариуцагч талууд нь санаатайгаар зохиомол байдал үүсгэж, зээлийн гэрээний үүргийг хангах баталгааг нөхөн бий болгож, бусдын хууль ёсны өмчлөх эрхэд халдах үйлдлийг хамтран үйлдэж шүүхийн шийдвэр гаргуулсан үзэж гэж байгаа бөгөөд Иргэний хуулийнө 497 дугаар зүйлийн 497.3-т заасны дагуу хамтран хариуцлага хүлээх ёстой гэж үзэж байна.

Иймд Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 181/ШШ2018/01744 тоот шийдвэр, давж заалдах шатны шүүхийн 2304 тоот магадлалд өөрчлөлт оруулж, гэм хорыг арилгах үүргийг хариуцагч “ О И ББСБ” ХХК-д хамтран хариуцуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан зохигчийн хооронд үүссэн эрх зүйн маргааныг Иргэний хуулийн холбогдох зохицуулалтын дагуу хууль зүйн үндэслэлтэй хянан шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч Ц.Ц, , Л.Б нар нь хариуцагч “ О И ББСБ” ХХК, “Ж Г” ХХК-д холбогдуулан орон сууцны өмчлөгчийн эрхийг зөрчсөнөөс учирсан гэм хорын хохиролд 175 000 000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

Нэхэмжлэгч Ц.Ц, , Л.Б нар нь хариуцагч “Ж Г” ХХК-тай 2009 оны 12 дугаар сарын 10-ны өдөр ЖГ\13-09, ЖГ\08-09 дугаартай “орон сууц эзэмшүүлэх” нэртэй гэрээ байгуулж, Ц.Ц,  нь Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 51Б байрны 27 тоот,  56,7 мкв талбай бүхий 2 өрөө, Л.Б нь 68 тоот, 37,63 мкв талбай бүхий орон сууцнуудын хууль ёсны эзэмшигч болжээ.

Дээрх гэрээний талууд тус тусын гэрээнд 2013 оны 06 дугаар сарын 30-ны өдөр нэмэлт оруулж, Ц.Ц,  24 239 250 төгрөг төлсөн тохиолдолд 2 өрөө орон сууцны, Л.Б 12 690 000 төгрөг төлснөөр 1 өрөө орон сууцны өмчлөгч болох талаар тохиролцсон байна.

Нэхэмжлэгч нар тус бүрийн төлбөрийг төлөөгүй боловч тэдгээрийг өөрсдийн эзэмшиж буй орон сууцуудыг өмчлөх эрхтэй болохыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2015 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 5417 дугаар шийдвэрээр тогтоож, уг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болжээ.

Хариуцагч “Ж Г” ХХК нь хариуцагч “ О И ББСБ” ХХК-тай 2010 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 80 000 ам.долларын болон 290 000 000 төгрөгийн хоёр, 2012 оны 08 дугаар сарын 21-ний өдөр 130 000 000 төгрөгийн нэг нийт гурван зээлийн гэрээ байгуулж, талуудын 2013 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн “хөрөнгө барьцаалах” гэрээгээр нэхэмжлэгч нарын эзэмшлийн орон сууцууд бусад үл хөдлөх эд хөрөнгийн хамт зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах барьцааны зүйл болсон байна.

Дүүргийн Иргэний анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 2621\С дүгээр шийдвэр, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2014 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 556 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 518 дугаар тогтоолоор “Ж Г” ХХК нь “ О И ББСБ” ХХК-д зээлийн гэрээний үүрэгт 690 678 296 төгрөгийг төлөхөөр, барьцааны эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар болжээ. Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар явуулж байна.

Нэхэмжлэгч Ц.Ц, , Л.Б нар “Ж Г” ХХК болон “ О И ББСБ” ХХК-ний хооронд 2013 оны 05 дугаар сарын 21-ний өдөр байгуулагдсан 13\4045 дугаартай “хөрөнгө барьцаалах” гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, орон сууцуудыг барьцаанаас чөлөөлүүлэх шаардлага бүхий нэхэмжлэлийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 101\ШШ2016\03175 дугаар шийдвэрээр хэрэгсэхгүй болгожээ. “Ж Г” ХХК болон “ О И ББСБ” ХХК 2013 онд барьцааны гэрээ байгуулах үед маргааны зүйл болж буй хоёр орон сууц иргэн Ш.Батсайханы өмчлөлд улсын бүртгэлд бүртгэлтэй, нэхэмжлэгч нар өмчлөгч биш байсан учир шүүх барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзээгүй байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор  харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтын хүрээнд зохигчийн хооронд үүссэн эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэжээ.

“Ориент интвест ББСБ” ХХК нь улсын бүртгэлд үндэслэн орон сууцнуудын өмчлөгчтэй зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцааны гэрээ байгуулсныг буруутгах үндэслэлгүй ба барьцааны гэрээ хүчин төгөлдөр болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон учир нэхэмжлэгч нарт учирсан хохирлыг хариуцах хууль зүйн үндэслэлгүй болно. Анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч нарын шаардлагыг хариуцагч “Ж Г” ХХК хариуцах үүрэгтэй гэж үзэн, нэхэмжлэлийг шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон үнийн дүнгээр хангасныг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зохигчийн хоорондох маргаанд зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул нэхэмжлэгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлын агуулгаар шийдвэр, магадлалыг өөрчлөх, хүчингүй болгох боломжгүй гэж дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 182/ШШ2018/01744 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 2304 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгч Ц.Ц, гийн хяналтын журмаар гомдол гаргахдаа төлсөн 635 552 төгрөг, нэхэмжлэгч Л.Булгаагийн хяналтын журмаар гомдол гаргахдаа төлсөн 438 720 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН