Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 08 сарын 06 өдөр

Дугаар 470

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Долгорсүрэн даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Э, нэхэмжлэгч Л.И, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, Г.Н, гэрч Х.Н, Н.Ц, Д.Н нарыг оролцуулан Л.И-ын нэхэмжлэлтэй, Т.Ө.Б.З.Г Дарга холбогдох захиргааны хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд хийв.

Нэхэмжлэгч: Л.И

Хариуцагч: Т.Ө.Б.З.Г Дарга

            Нэхэмжлэлийн шаардлага: “Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Г ын 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн Б/05 дугаар тушаалыг хүчингүй болгох, Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.1 дэх заалтыг үндэслэн дахин шинээр тушаал гаргахыг даалгах”

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Л.И шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Л.И миний бие 2014 оны 06 дугаар сарын 19-ний өдрөөс Худалдан авах ажиллагааны газарт хуулийн мэргэжилтэн, 2015 оны 08 дугаар сарын 15-ний өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 18-ний өдөр хүртэл Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын Захиргаа, хууль зүйн хэлтэст хуулийн мэргэжилтнээр ажиллаж байсан. Л.И миний бие нь 2019 оны 01 дүгээр сарын 03-ний өдөр гадны нөлөөтэйгөөр биедээ гэмтэл авч ажлаа хийж чадахгүй нөхцөл байдал үүссэн тул 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүртэл гадуур эмчилгээ хийлгэж, мөн сарын 21-ний өдрөөс 02 дугаар сарын 05-ны өдөр хүртэл У Х Т Э (УХТЭ)-т хэвтэн эмчлүүлсэн.

Биедээ гэмтэл авсан, мөн эмнэлгийн шинжилгээгээр элэгний хатуурлын шинж тэмдэг оношлогдсон тул ажлаа хэвийн хийх боломжгүй болж эмчилгээ хийлгүүлсэн бөгөөд гадуур эмчилгээ хийлгэх хугацаандаа буюу 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр цаашид эрүүл мэндийн шалтгааны улмаас ажлаа хэвийн хийж чадахгүй болсон тул Төрийн албаны хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.1-д “... биеийн эрүүл мэндийн байдлын улмаас 3 сараас дээш хугацаагаар албан ажлаа хийхгүйгээр эмчлүүлж, сувилуулах шаардлагатай болсон ...” гэж заасны дагуу цаашид биеэ эмчлүүлэх шаардлагатай болсон тул албан тушаалаас түр чөлөөлж өгөхийг хүссэн өргөдөл байгууллагадаа хүргүүлсэн. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Г 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн Б\05 дугаар тушаал гаргаж тус тушаалын 1 дэх заалтаар Төрийн албанаас чөлөөлөгдөх хүсэлтийг нь харгалзан Захиргаа, хууль зүйн хэлтсийн хуулийн мэргэжилтэн Л.Иыг 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөр тасалбар болгон төрийн албанаас чөлөөлсүгэй гэсэн байна. Өөрөөр хэлбэл өргөдөл болон холбогдох баримтыг үндэслэн 46 дугаар зүйлийн 46.1.1 дэх заалтын дагуу түр чөлөөлөх заалтыг үндэслээгүй, Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.4 дэх заалтыг үндэслэж төрийн албанаас чөлөөлсөн тушаал гаргаснаар төрийн албаны нөөцөд бүртгэгдэхгүй болж, Л.И миний хувьд албан тушаалаасаа түр чөлөөлөгдөхөөр гаргасан өргөдлийг төрийн албанаас чөлөөлөх тушаал гаргасан нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэж байна. Иймд дээр дурдсан шаардлагуудын үндэслэлээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д заасны дагуу Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Г ын 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн Б\05 дугаар тушаалыг бүхэлд нь хүчингүй болгож, Л.Иад холбогдуулан Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.1. заалтыг үндэслэн эрүүл мэндийн байдлын улмаас түр чөлөөлөгдөх хүсэлтийн дагуу дахин тушаал гаргахыг даалгаж өгнө үү.” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: “Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Г ын 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн Б/05 дугаар тушаалыг хүчингүй болгох, Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.1 дэх заалтыг үндэслэн дахин шинээр тушаал гаргуулахыг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргын үүргийг тур орлон гүйцэтгэгч Б.Г ын 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн Б/05 дугаар тушаалыг хүчингүй болгох тухайд, Л.И нь 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр тас, 05 дугаар сарын 05-ны өдөр тас, 05 дугаар сарын 26-ны өдрөөс 30-ны өдөр хүртэл тас, 06 дугаар сарын 21-ний өдрөөс 25-ны өдөр хүртэл тас, 09 дүгээр сарын 17-ны өдрөөс 10 дугаар сарын 05-ны өдөр хүртэл хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалж, мөн 11 дүгээр сард 3 өдөр, 12 дугаар сард 1 өдөр тасалж, 2 өдөр бүртгэл дутуу, 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр бүртгэл дутуу, 04-ний өдрөөс 16-ны өдрийг дуустал тасалсан ба 17-ны өдөр бүртгэл дутуу зэрэг ажлын цагийн бүртгэлтэй байдаг. Мөн ажлын байран дээр хэд хэдэн удаа согтуурсан, мансуурсан байдалтай ирж байсныг харсан албан хаагчид байдаг ба тэд энэ талаар гэрчилнэ. Хүний нөөцийн мэргэжилтнээс болон удирдлагаас албан ёсоор чөлөө авахгүй олон хоногоор удаа дараа ажил тасалж, даргаас өгсөн яаралтай гүйцэтгэх үүрэг даалгаврыг биелүүлээгүй зэрэг байдалд ажлаас халах үндэслэл бүрдсэн байсан.

Ёс зүйн хороо Л.Иын удаа дараагийн шинжтэй зөрчлийг хэлэлцэхээр 2019 оны 01 дүгзэр сарын 11-ний өдөр хуралдаж, 01 дүгээр хурлын дүгнэлтээр Л.И нь ажлын байран дээр архидан согтуурч, ажлын байраа удаа дараа хаяж явсан мөн удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлдэггүй тул ёс зүйн зөрчил гаргасан гэж үзэх үндэслэлтэй гэж үзсэн. Ингээд түүнийг биечлэн байлгаж сонсох ажиллагаа хийх шаардлагатай гэж Ёс зүйн хороо үзэж, хурлыг хойшлуулсан. Ингээд 2019 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс тасралтгүй түүнтэй холбогдох гэж хуулийн мэргэжилтэн Б.А, хүний нөөцийн мэргэжилтэн Г.Н, удирдлагууд *******... утас руу нь болон гэр бүлийн гишүүд рүү нь залгаж байсан боловч холбогдож чадаагүй.

Гэтэл 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Л .И нь ажил дээрээ ирсэн ба ирэхдээ акт болон хүсэлтээ авч ирээгүй. Түүнийг ирсэн өдөр удирдлагын зүгээс Ёс зүйн хороог хуралдуулж, Л Иад сонсох ажиллагаа хийж, хариуцлага тооцохыг Ёс зүйн хорооны дарга Б.Г д даалгасан. Гэтэл тухайн өдөр өөрт нь сонсох ажиллагаа хийж, хариуцлага тооцох болсныг мэдсэний дараа Л.И ажлын байраа орхин явсан байсан. Хүний нөөцийн мэргэжилтэн болон Ёс зүйн хорооны дарга удаа дараа утас руу нь залгасан боловч угсаа авахгүй байсан ба хэд хэд залгасны дараа Хүний нөөцийн мэргэжилтэн Г.Н болон Ёс зүйн хорооны дарга В.Д нарын утсыг авсан байдаг. Г.Н, Л.Иад 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Ёс зүйн хороо хуралдаж, сонсох ажиллагаа хийгдэх талаар мэдэгдсэн боловч 2 дугаар эмнэлэгт хэвтэж байгаа тул очиж чадахгүй гэж хэлсэн байдаг. Ёс зүйн хорооны дарга В.Д түүн рүү залгаж холбогдоход, мөн л 2-р эмнэлэгт хэвтэж байгаа тул хуралд очиж чадахгүй гэж хэлсэн байдаг.

Энэ үйл явдлын дараа Л.И 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт хүсэлт болон эмнэлгийн магадалгаа зэргийг өөр хүнээр ирүүлсэн. Хүсэлтэд цаашид албан ажлаа хийхгүйгээр эмчлүүлэх шаардлагатай болсон тул албан ажлаас чөлөөлж 6 сарын чөлөө олгохыг хүссэн байдаг.

Ийнхүү түүний ирүүлсэн эмнэлгийн магадалгааг үзэхэд 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс 01 дүгээр сарын 19-ний өдөр хүртэл буюу 16 хоног өдрөөр ирж эмчилгээ хийлгэдэг тул ажлаас чөлөөлсөн магадалгаа байв.

Удирдлагуудын зүгээс, дээрх үйл явдлын уялдаа холбоо бодит буюу итгэл үнэмшил төрүүлэхээр байгаагүй. Учир нь Л.И нь 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр ажил дээрээ ирэхдээ, ямар нэгэн хүсэлт болон эмнэлгийн магадалгаа зэргийг ирүүлээгүй ба өөрт нь сонсох ажиллагаа хийж, хариуцлага тооцох талаар мэдэгдсэнээр тухайн өдрөө ажлын цаг дуусаагүй байхад ажлын байраа орхин явсан байсан. Ингээд 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр өөр хүнээр эмнэлгийн магадалгаа, хүсэлтээ Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт ирүүлсэн байсан. Эндээс үзэхэд дээрх ажил тасалсан үйлдлээ өвчтэй байсан мэтээр аргацаах гэж хийсэн үйлдэл гэж харагдсан ба өдрөөр эмчилгээ хийлгэсэн хүн яагаад өвчтэй байсан талаараа мэдэгдчих ухамсар, ёс зүй, нөгөө талаасаа хариуцлагатай байж болдоггүй юм бэ гэсэн асуудал гарч ирсэн.

Даргаас өгсөн чиглэлийн дагуу Ёс зүйн хороо дээрх асуудлыг хэлэлцэхээр 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Ёс зүйн хороо дахин хуралдаж, 02 дугаар хурлын дүгнэлтээр Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын албан хаагчийн Ёс зүйн дүрмийн 3.3.1-д “Удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг зохих хугацаанд нь биелүүлж, үр дүнг тухай бүр мэдэгдэх, өөрийн ажлын чиг үүрэгтэй холбоотой мэдээллийг удирдлага болон холбогдох албан хаагчид шуурхай танилцуулах” /Дарга Б.Г “Э ү” ХХК-тай холбоотой яаралтай гүйцэтгэх даалгавар өгсөн байсан/ гэж заасныг зөрчсөн, 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс 16-ны өдрийг хүртэлх хугацаанд ажилдаа ирээгүй, эмнэлэгт хэвтэн эмчлүүлснээ албан ёсooр мэдэгдээгүй тул хүсэлтийнх нь дагуу ажлаас нь чөлөөлөх үндэслэлтэй гэж дүгнэсэн.

Л.И нь Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргын 2018 оны 03 дугаар сарын 23-ны Б/27 дугаар тушаалаар Л.Иад сахилгын шийтгэл ногдуулж байсан. Төрийн албаны тухай хуулийн /шинэчилсэн найруулга/ 48.6-д зааснаар Л.Иын сахилгын шийтгэлтэй байх хугацаа 2019 оны 03 дугаар сарын 23-ны өдрөөр дуусгавар болох байсан. Сахилгын шийтгэл ногдуулсан үндэслэл нь Төрийн албаны тухай хуулийн /2002 оны/ 13 дугаар зүйлийн 13.1.5 дахь заалтад Төрийн жинхэнэ албан хаагч нь төрийн албаны болон төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, төрийн байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн байгууллага, албан хаагчийн нэр хүндийг эрхэмлэн дээдлэх нийтлэг үүрэгтэй), “Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын албан хаагчийн ёс зүйн дүрэм”-ийн 3.2.1-т (3.2.1. Ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэг, удирдлагаас өгсөн үүрэг, даалгаврын хэрэгжилтийг тогтоосон хугацаанд нь үр дүнтэй хангах;) 3,2.5-т (3.2.5. Ажлын цагийг бүрэн, үр бүтээлтэй ашиглах;), 4.7.2-т (4.7.2. Албан үүргээ биелүүлэх явцад болон ажлын байранд согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэх, хэрэглэсэн байдалтай ирэх;) заалтыг зөрчсөн тул сахилгын шийтгэл авч байсан.

Сахилгын зөрчилтэй хугацаа дуусаагүй байхад дээрх зөрчлийг удаа дараа давтан гаргасан тул тус мэргэжилтнийг Төрийн албаны тухай хуулийн /шинэчилсэн найруулга/ 48 дугаар зүйлийн 48.1.3-т зааснаар төрийн албанаас халах үндэслэл бүрдсэн байсан.

Үүнээс гадна Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 258 дугаар дугаартай Төрийн албаны сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай тогтоолоор тогтоосон арга хэмжээг авч ажиллахыг Засгийн газрын агентлагийн дарга нарт үүрэг болгосон.

Тогтоолын 1.7-д “төрийн албан хаагч албан томилолтын явцад, ажлын болон ажлын бус цагаар ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэх явдлыг таслан зогсоох, төрийн байгууллагын байр, ажлын байранд согтууруулах ундаа, мансууруулах бодис, галт болон хүйтэн зэвсэг, тэсэрч дэлбэрэх болон шатамхай бодис, хэрэгслийг нэвтрүүлэх, хадгалах, хэрэглэх, ашиглахыг байгууллагын дотоод журамд тусган хориглож, зөрчсөн тохиолдолд хариуцлага тооцох”, 1.9-т “төрийн байгууллагад ажлын цаг ашиглалтыг хурууны хээний болон камерын хяналтын системээр байнга бүртгэж, түүнд тавих хяналтыг сайжруулах” гэж заасан.

Дээрх арга хэмжээг авч хэрэгжүүлэх хүрээнд иргэн Л Иын ажлын цагийн бүртгэлийг шалгахад шалгахад, дээр дурдсан ажлын цагийн бүртгэл гарч ирсэн.

Мөн Төрийн албаны тухай 37 дугаар зүйлийн 37.1-т “Төрийн жинхэнэ албан хаагч дараах нийтлэг үүрэг хүлээнэ.”, 37.1.7-т “төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх”, 37.1.16-д “Хөдөлмөрийн тухай хууль, байгууллагын хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу ажлын цагийг үр бүтээлтэй ашиглах”, 48.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн жинхэнэ албан хаагчид дараах сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна” гэж заасан байдаг.

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын хөдөлмөрийн дотоод журмын 12.1.5-д “албан хаагчийн чөлөөний хугацаа дуусгавар болсноос хойш ажлын 2 ба түүнээс дээш өдрөөр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажилдаа ирээгүй нь түүнд сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болно” гэж заасан байдаг. Дээрх үндэслэлүүдээр сахилгын шийтгэл хүлээлгэж, халах нөхцөл бүрэн бүрдсэн байсан. Иймд Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.3-т заасан сахилгын шийтгэл болох ажлаас халах шийдвэрийг төлөвлөж байсан хэдий ч Л И нь удирдлагуудтай өөрийн биеэр ирж уулзаад, ёс зүйн зөрчил гаргаж ажлаас халагдсан гэвээс цаашдын төрийн албанд зүтгэх нэр төр, амьдрал ахуй зэрэгт сөрөг нөлөөтэй байх тул өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа чөлөөлөгдье гэж хүсэлт гаргаж байсан.

Иймд түүний хүсэлтийн дагуу ёс зүйн хорооны саналыг үндэслэн Т.Ө.Б.З.Г Дарга Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.4 дэх заалтыг үндэслэн өөрийн хүсэлтээр нь төрийн албанаас чөлөөлсөн.

Гэтэл тэрээр Төрийн албаны зөвлөлд, шүүхэд үндэслэлгүй тушаал гарсан мзтээр гомдол, нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй байна.

Иймд Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргын 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн иргэн Л.Иад холбогдуулан гаргасан Б/05 тушаалыг хүчингүй болгож, Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.1 дэх заалтыг үндэслэн дахин шинээр тушаал гаргуулахыг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг Захиргаан хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.14-т заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгчээс “Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Г ын 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн Б/05 дугаар тушаалыг хүчингүй болгох, Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.1 дэх заалтыг үндэслэн дахин шинээр тушаал гаргахыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан.

            Маргаан бүхий Б/05 дугаар тушаал нь Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8.3.5-т “хууль тогтоомжид заасны дагуу албан тушаалд томилох, чөлөөлөх, албан тушаалаас бууруулах, өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах, шагнаж урамшуулах, сахилгын шийтгэл ногдуулах, төрийн албанаас чөлөөлөх, түр чөлөөлөх, халах”, 8.4-т “Агентлагийн дарга энэ хууль болон холбогдох бусад хуулиар олгосон бүрэн эрхэд хамаарах асуудлаар тушаал гаргана.”, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын “Хөдөлмөрийн дотоод журам”-ын 8.1.1-д “Албан хаагчийг төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хуульд заасан үндэслэлээр газрын удирдлагын тушаалаар чөлөөлнө”, 8.2.3-д “Албан хаагч нь чөлөөлөх шийдвэрт заасан хугацаанд ажлаа хүлээлгэн өгч, энэхүү журмын хавсралтад заасан тооцооны хуудас, тооцоог хийж тэмдэглүүлнэ...” гэсэн албан тушаалтныг томилох, чөлөөлөх ерөнхий заалтыг үндэслэл болгосноос гадна  Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.4-т “өөрийн санаачилгаар төрийн албанаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан” гэх заалтыг үндэслэж Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын Захиргаа, хууль зүйн хэлтсийн хуулийн мэргэжилтэн Л.Иыг 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөр тасалбар болгон төрийн албанаас чөлөөлсөн байна.

            Хариуцагчийн Б/05 тушаалын гол үндэслэл буюу үр дагаврыг бий болгож буй Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.4 дэх заалт нь төрийн жинхэнэ албан хаагчийг гагцхүү өөрийнх нь хүсэлтээр төрийн албанаас чөлөөлөх зохицуулалт юм. 

Хэргийн оролцогчдын бичгээр болон шүүх хуралдааны явцад  амаар гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтаар авагдсан нэхэмжлэгчийн 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр гаргасан хүсэлтэд “... миний бие эрүүл мэндийн шалтгааны улмаас 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл гадуур эмчилгээ хийлгэсэн. Цаашид албан ажлаа хийхгүй эмчлүүлэх шаардлагатай болсон тул албан ажлаас чөлөөлж, 6 сарын чөлөө олгоно уу” гэснээр Л.И нь дээрх хуулийн заалтын дагуу өөрийн хүсэлтээр төрийн албанаас чөлөөлөгдөх хүсэлтийг гаргаагүй болох нь тогтоогдож байна.

            Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч биеийн эрүүл мэндийн шалтгааны улмаас цаашид эмчлүүлэх шаардлагатай тул 6 сарын чөлөө олгох хүсэлтийг гаргасан байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...нэхэмжлэгчийг өөрийнх нь хүсэлтээр төрийн албанаас чөлөөлсөн, Төрийн албаны зөвлөл, шүүхэд үндэслэлгүй тушаал гаргасан мэтээр гомдол, нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй...” гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй. 

Хариуцагчийн зүгээс Ёс зүйн хорооны саналыг үндэслэн нэхэмжлэгчийг төрийн албанаас чөлөөлсөн гэж тайлбарлах боловч хэрэгт авагдсан Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын Ёс зүйн хорооны хурлын 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 02 тоот тэмдэглэлийн Шийдвэрлэсэн хэсгийн 3-т “... Л.Иын өргөдлийн дагуу холбогдох хууль тогтоомжийн хүрээнд албан тушаалаас нь чөлөөлөх саналыг удирдлагад танилцуулж шийдвэрлүүлэхээр тогтов” гэжээ.

Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хариу тайлбарт “ ... нэхэмжлэгчийг олон хоногоор удаа дараа ажил тасалж, даргаас өгсөн яаралтай  үүрэг даалгаврыг биелүүлээгүй, ажлын байранд архидан согтуурч, ажлын байраа удаа дараа хаяж явсан, сахилгын зөрчилтэй хугацаа дуусаагүй байхад дээрх зөрчлийг удаа дараа давтан гаргасан тул Төрийн албаны тухай хуулийн /шинэчилсэн найруулга/ 48 дугаар зүйлийн 48.1.3-д зааснаар төрийн албанаас халах үндэслэл бүрдсэн гэх боловч эдгээр үндэслэлүүд нь нэхэмжлэгчийн хүчингүй болгуулахаар маргаж буй хариуцагчийн 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн Б/05 дугаар тушаалын үндэслэл болоогүйг дурдах нь зүйтэй. 

Хариуцагчийн зүгээс тус газрын зарим албан тушаалтнаас гэрчийн мэдүүлэг авах хүсэлтийг шүүх хангаж шийдвэрлэсэн бөгөөд шүүхэд мэдүүлэг өгсөн гэрч Д.Н ийн “... Ажил дээр согтуу явж байхад нь би тааралдаж байгаагүй.” гэх, гэрч Х.Н ын “... Л.Иыг ажил дээрээ согтуурсан байдалтай ирж байсныг хараагүй.” гэх, гэрч Н.Ц ийн  “... Л.Иыг ажлын байран дээр согтуурч мансуурсан байдалтай байхыг нь харж байгаагүй, бусад цагаар юу хийх нь хувь хүний асуудал байх.” гэх тайлбаруудаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан ажлын байранд архидан согтуурдаг гэх тайлбар нь няцаагдаж байна.

Мөн шүүх хуралдааны явцад хийсэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Нгийн “... Л.И нь ажиллах хугацаанд архидан согтуурсан зүйл байхгүй ... маргаан бүхий тушаалын төслийг хууль зүйн мэргэжилтэн н.С боловсруулаад орхиод явсан байсан. Миний бичсэн тушаалын төслөөс өөр болоод гарч ирсэн. Яагаад өөр өөр гарсан талаар асуухад газрын даргаас үүрэг болгосон гэж хэлсэн.” гэх, Б.А гийн “... Ажлын байран дээр архи уугаагүй. Архи уугаад бие нь өвдсөн байдалтай ирж байсан ... Ёс зүйн хороо өмнө нь чөлөө хүссэн асуудлаар хуралдаж байгаагүй.” гэх зэрэг тайлбаруудаас үзэхэд маргаан бүхий тушаалын үндэслэл нотлогдохгүй байна. 

Иймд шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийн үйл баримт, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэх тул нэхэмжлэгчийн хүчингүй болгохоор маргаж буй тушаалын үндэслэл болоогүй хариуцагчийн дээрх тайлбарт шүүх дүгнэлт хийх боломжгүй бөгөөд маргаан бүхий захиргааны актын  хууль зүйн үндэслэл, түүний хуульд заасан материаллаг болон формаль шаардлагыг хангасан эсэхэд дүгнэлт хийж шийдвэрлэх ёстой.

            Л.Иыг “Төрийн албанаас чөлөөлөх” тухай Б/05 дугаар тушаал нь 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөр огноолсон боловч уг тушаалын Тушаах хэсгийн 1 дүгээр заалтаар Л.Иыг 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөр тасалбар болгон төрийн албанаас чөлөөлсөн нь цаг хугацааны хувьд ойлгомжгүй байгааг дурдах нь зүйтэй.

            Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч нь 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл гадуур эмчилгээ хийлгэж, мөн сарын 21-ний өдрөөс 02 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл Улсын 2 дугаар төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан нь тогтоогдож байх бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н, Б.А нар нь шүүх хуралдаанд  Л.И нь 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр ажилдаа ирэхдээ нүүр нүдэндээ цохиулсан, хөхөрсөн байдалтай, хар нүдний шил зүүсэн гэмтэл авсан болох нь илэрхий байсан гэдгийг хүлээн зөвшөөрсөн.

            Мөн шүүх хуралдааны мэтгэлцээний явцад нэхэмжлэгчээс Хүний нөөцийн  мэргэжилтэн Г.Нгаас тухайн үед “Л.Иыг төрийн албанаас түр чөлөөлөх тухай” Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргын тушаалын төслийг бэлдсэн талаарх нотлох баримтыг гаргаж өгсөн бөгөөд уг тушаалын төсөлд “... Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.1 дэх заалтыг үндэслэн Тушаах нь: 1. Урт хугацааны эмчлүүлэх хүсэлтийг нь харгалзаж Захиргаа, хуулийн зүйн хэлтсийн хуулийн мэргэжилтэн Л.Иыг төрийн албанаас түр чөлөөлж, төрийн албан хаагчийн нөөцөд бүртгэсүгэй” гэжээ.

            Хэдийгээр уг тушаалын төсөл нь нотлох баримтын шаардлага хангаагүй  боловч нэхэмжлэгч энэхүү баримтыг төсөл хэлбэрээр нь Хүний нөөцийн мэргэжилтэн Г.Нгаас авсан учраас хуулбар үнэн гэж тамгалах боломжгүй гэж тайлбарласан. Шүүх энэ талаар тодруулахад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Нгаас энэхүү үйл баримтыг үгүйсгээгүй бөгөөд тэрээр “... өөрөө энэхүү тушаалын төслийг бэлдэж, ахлах мэргэжилтэн Э.Э т танилцуулсан, цааш нь газрын даргад танилцуулагдсан эсэхийг сайн мэдэхгүй байна, даргын Б/05 дугаар тушаалын төслийг би бэлдээгүй, хуулийн мэргэжилтэн Т.С боловсруулсан” гэх тайлбар хийснийг цохон тэмдэглэх нь зүйтэй байна.

Үүнээс дүгнэхэд Хүний нөөцийн мэргэжилтэн Г.Н Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.1-д зааснаар Л.Иын эмчлүүлэх хүсэлтийг нь харгалзаж, төрийн албанаас түр чөлөөлж, төрийн албан хаагчийн нөөцөд бүртгэх тушаалын төслийг бэлдэж байгаад ямар учир шалтгаанаар нэхэмжлэгчийг маргаан бүхий Б/05 дугаар тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 46.2.4 дэх заалтыг үндэслэн төрийн албанаас чөлөөлсөн нь ойлгомжгүй байна.

Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-д “Төрийн жинхэнэ албан хаагч энэ хуулийн 61.1-д зааснаас гадна дараахь баталгаагаар хангагдана”, 62.1.1-д “энэ хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөхгүй, халагдахгүй байх” гэж зааснаар нэхэмжлэгч Л.И нь төрийн жинхэнэ албан хаагчийн энэхүү хуулийн зохицуулалтад хамаарахаар байна.  

Иймд дээр дурдсан үндэслэл болон бодит нөхцөл байдлыг дүгнэхэд маргаан бүхий Б/05 дугаар тушаал нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байх тул хүчингүй болгож, төрийн жинхэнэ албан хаагч Л.Иын 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн хүсэлтийг хуулийн дагуу шийдвэрлэх нь нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхээ сэргээлгэж, төрийн албанаас түр чөлөөлөгдөж, төрийн албан хаагчийн нөөцөд бүртгэгдэх эрх зүйн байдлыг нь дордуулахгүй байх нөхцөл бүрдэх юм.

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгчээс “... тухайн үед буюу хүсэлт гаргах үед 6 сар гэж байсан. Харин одоо эмчилгээ дуусаагүй байгаа тул хуулинд заасан хугацаагаар түр чөлөөлж өгнө үү” гэж шаардлагаа тодруулсан бөгөөд тэрээр эрүүл мэндийн шалтгаанаас эмчилгээ хийлгэх шаардлагатай тул өмнө эрхэлж байсан албан тушаалдаа эгүүлэн тогтоох болон ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй холбоотой нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй, гагцхүү гаргасан хүсэлтийнх нь дагуу асуудлыг нь шийдвэрлэж төрийн албаны нөөцөд бүртгүүлэх нь төрийн жинхэнэ албан хаагчийн Төрийн албаны тухай хуульд заасан эрхээ эдлэх хүсэл зоригоо илэрхийлсэн болохыг дурдах нь зүйтэй. 

Иймд дээр дурдсан үндэслэлээр шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргын 2019 оны Б/05 тоот тушаалыг хүчингүй болгож, төрийн жинхэнэ албан хаагчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр өөрийнх нь хүсэл зоригийг харгалзан үзэж, Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.1-д зааснаар хууль тогтоомжид нийцүүлэн дахин шинэ акт гаргахыг хариуцагчид даалгаж шийдвэрлэв.

 

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.4, 106.3.12-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.1, 62 дугаар зүйлийн 62.1, 62.1.1 дэх заалтыг тус тус үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Г ын 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн Б/05 дугаар тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэж хууль тогтоомжид нийцүүлэн дахин шинэ акт гаргахыг хариуцагчид даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Н.ДОЛГОРСҮРЭН