Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 11 сарын 25 өдөр

Дугаар 2021/ШЦТ/754

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Золбаяр,

улсын яллагч Г.Намжил,         

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Х ,        

шүүгдэгч Ч.А , түүний өмгөөлөгч Д.Ган-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

              

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар Т  овогт Ч-ын  А  холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1905040780433 дугаартай хэргийг 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ............ оны ......... дүгээр сарын ..........-ний өдөр Дундговь аймгийн Мандалговь суманд төрсөн, ........... настай, эрэгтэй, Дээд боловсролтой, ...................... мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-................ хамт Хан-Уул дүүргийн .............. тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Т  овогт Ч-ын  А   , /РД:............................../

 

Холбогдсон хэргийн талаар

 

Шүүгдэгч Ч-ын  А    нь “ 2017 оны 01 дугаар сарын 10-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн хооронд Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “БСБ Мегастор" компьютерын дэлгүүрийн нярав-сервис үйлчилгээний ажилтнаар ажиллаж байх хугацаандаа үргэлжилсэн үйлдлээр итгэмжлэн хариуцуулсан эд, бараанаас 64.855.100 төгрөгийн /гар утас-36 ширхэг, монитор-2 ширхэг, принтер- 1 ширхэг, спикер-1 ширхэг, маус-1 ширхэг, нөүтбүүкний цүнх-1 ширхэг, шатахууны талон 4 ширхэг, /80.000 төгрөг/, нөүтбүүк -7 ширхэг/ үнэ бүхий эд зүйлийг зарж борлуулан, их хэмжээний хохирол учруулан хөрөнгө завшсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:  

 

Шүүгдэгч Ч-ын  А    нь “ 2017 оны 01 дугаар сарын 10-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн хооронд Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “БСБ Мегастор" компьютерын дэлгүүрийн нярав-сервис үйлчилгээний ажилтнаар ажиллаж байх хугацаандаа үргэлжилсэн үйлдлээр итгэмжлэн хариуцуулсан эд, бараанаас 64.855.100 төгрөгийн /гар утас-36 ширхэг, монитор- 2 ширхэг, принтер- 1 ширхэг, спикер-1 ширхэг, маус-1 ширхэг, нөүтбүүкний цүнх - 1 ширхэг, шатахууны талон 4 ширхэг, /80.000 төгрөг/, нөүтбүүк -7 ширхэг/ үнэ бүхий эд зүйлийг зарж борлуулан, их хэмжээний хохирол учруулан хөрөнгө завшсан болох нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.А  мэдүүлэхдээ:

 

“...Анх байцаалт авч байхад 64.000.000 төгрөгийн үнийн дүнгийн хохиролтой гэж Баянгол дүүргийн хоёрдугаар хэлтсийн байцаагч н.Буянжаргал надад хэлж байсан. Тухайн үед нь би тийм, авсан гэж мэдүүлэг өгч байсан. Сүүлд байцаагч солигдоод н.Идэрбаатар гэж байцаагчтай болсон. Тэр хүнд тоо ширхэг, модел зэргээр бүгд гарч ирсэн. Тэндээс миний аваагүй зүйлс байгаа юм. Овор хэмжээ ихтэй зүйлс буюу принтер, дэлгэц, монитор зэргийг аваагүй юм. Миний аваагүй зүйл бол 7 иж бүрэн компьютер, принтер байгаа юм. 7 компьютер авсан гэж байгаа, тэндээс шалгаж үзэхэд аваагүй компьютер байсан. Миний авсан зүйл бол 10 гаран Apple брэндийн утас байгаа. Мэдүүлэг өгч байхдаа би энэ талаар хэлж байсан. Жагсаалтаар байгаа зүйлсийг цээжээр хэлж мэдэхгүй байна. Өөр хэлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Үүнд:   

 

Мөрдөн байцаалтад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Х  мэдүүлэхдээ:

“...2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр манай төвөөс 2 компьютер татан авах гээд асуух үед А    нь би андуураад Дарханы салбар руу явуулчихсан байна маргааш авчруулна гэсэн. Маргааш нь А    амраад ажилдаа ирээгүй ингээд няравын ажлыг менежер Чимэдцэеэ агуулах руу орж үзэхэд гар утасны хоосон хайрцаг гарч ирлээ гээд удирдах албан тушаалтнуудад мэдэгдээд ...тооллогын комисс гарч тооллого хийхэд...ЗЗ гар утас, 7 зөөврийн компьютер дутаж байсан...Ингээд энэ тухай А  хэлэхэд мэдэж байгаа өөрөө төлнөө гэсэн. Тэрнээс хойш ажилдаа огт ирээгүй байгаа...Уг бараа дутагдлаас 63.225.100 төгрөгийн хохирол, мэдээллийн зөрүүнээс 1.630.000 төгрөг...нийт 64.855.100 төгрөгийн хохирол учраад байна...” гэх мэдүүлэг /хх-н 35-36/,  

 

Мөрдөн байцаалтад гэрч А.Э   өгсөн:

“...2019 оны 10 дугаар сарын 10-ний өдөр манай хорооллын Мега стор дэлгүүр дээр ажиллаж байсан эд хариуцагч нярав барааны дутагдал гаргасан байх магадлалтай гээд комисс томилох тухай “Би Эс Би" ХХК-ийн захирал Жаргалсайханы тушаал гарсан. ..тооллогын дүн гарахад нийт 64.855.100 төгрөгийн бараа дутаж байснаас моделийн зөрүүнд 1.630.000 төгрөг байсан. ..агуулахын түлхүүр нярав Ч.А т байсан. Агуулах дотор талдаа хяналтын камергүй, Тооллого хийхэд бараануудын хайрцаг хоосон...хоосон хайрцаганд өөр ямар нэгэн уут тор зэрэг хүнд жинтэй болгох үүднээс хийсэн байсан. 36 ширхэг гар утас, 2 ширхэг монитор, 1 ширхэг принтер, спикер 1 ширхэг 1 ширхэг маус, 1 ширхэг нөүтбүүкний цүнх, шатахууны талон 4 ширхэг, /80.000 төгрөг/, нөүтбүүк 7 ширхэг дутсан...” гэх мэдүүлэг /хх-н 41/,

 

Мөрдөн байцаалтад гэрч У.А-ийн  өгсөн:

“...Манайх cap бүрийн эцэст тооллогын комисс томилогдон ажилладаг, тухайн үед Ч.А  нь хоосон хайрцаг тоолуулдаг байсан, харин энэ тооллогоор барааны хайрцаг нь лацыг нь салгаад эргүүлээд цэвэрхэн наачихсан, Мөн гялгар ууттай барааны уутыг нь дотоод талаас нь зүсэж, онгойлгоод дээд талаасаа бүтэн харагдахаар өрж тавьсан байсан...” гэх мэдүүлэг /хх-н 42-44/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Т.Б-ийн  өгсөн:

2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр манай хорооллын Мега стор дэлгүүр дээр ажиллаж байсан эд хариуцагч нярав барааны дутагдал гаргасан байх магадлалтай гээд комисс томилох тухай “Би Эс Би” ХХК-ийн захирал Жаргалсайханы тушаал гарсан. Уг өдрөө би тооллогын комиссыг ахлаж, У.Алтанзаяа, А.Э   нарын бүрэлдэхүүнтэйгээр очиж тус дэлгүүрийн нярав Ч.А ын хариуцдаг гар утас, компьютерын тасаг, агуулахад тооллого хийхэд хоосон гар утас, компьютерын хайрцаг их байсан...агуулахын түлхүүр зөвхөн няравт байдаг...няраваар Ч.А  ажиллаж байсан. Харин амралтын өдөр менежер Чимэдцэеэд түлхүүрээ үлдээгээд явдаг...” гэх мэдүүлэг /хх-н 45/,

 

Мөрдөн байцаалтад гэрч З.Д-ийн өгсөн:

“...2019 оны 10 дугаар сарын үед манай салбар дээр А   ыг бараа материал дутаасан тухай манай ажилчид дунд яриа гараад байсан...А    ажилдаа өдөр бүр ирдэг, амралтын өдрөө хүртэл амардаггүй, ирчихээд байж байгаад хүрээд ирдэг байсан...би уг тооллогыг хийх үеэр агуулахаас гар утасны болон компьютерийн хоосон хайрцаг гарсан ба дотор талд нь үзүүлэнгийн үйлдвэрийн загвар уут, сав зэрэг эд зүйл хийчихсэн байсан...зарим нэг хайрцаган дотор ажилладаггүй гар утас орлуулж хийсэн байсан...” гэх мэдүүлэг /хх-н 45-47/, 

 

Мөрдөн байцаалтад гэрч М.Ч-ийн өгсөн:

“...Би БСБ мегастор дэлгүүрт менежерээр 2007 оноос хойш ажиллаж байгаа ба...2019 оны 08 дугаар сарын сүүлээр манай толгой компаниас хуучин загварын компьютер хадгалагдаад байгаа талаар хэлсэн, би заал болон агуулахад үзэхэд байгаагүй, А   аас асуухад надад Эрдэнэтийн салбар руу явуулчихсан байгаа гэсэн..10 сард надад Эрдэнэтийн салбар руу явсан компьютер эргээд салбар дээр үлдэгдэлтэй харагдаад байна гэхээр нь Эрдэнэтийн салбараас асуухад огт манай салбараас аваагүй гэсэн. Тэгээд А   аас асуухад надад байгаа гэсэн...тэр өдрөөс ажилдаа эргэж ирээгүй...Манай байгууллагын агуулахын түлхүүр нь А  байдаг...дэлгүүрийн барааны нийлүүлэлт болон хангалтыг хариуцаж ажилладаг. А    ажил дээрээ ихэвчлэн байдаг амрах ёстой өдрөө амардаггүй,...гэртээ ганцаараа хийх юм байхгүй ажил дээрээ байвал дээр байна гээд байдаг байсан...дэлгүүрийн агуулахад байдаг бараа материалыг хариуцан ажилладаг байсан. Ажлын өдрүүдэд 10-20 цагийн хооронд ажилладаг байсан ба дэлгүүрийн нярав дэлгүүр хаасны дараа ихэвчлэн гардаг байсан...ажлаа тараад байгууллагаас гарч байгаа ажилтнуудаа биед нь юу байгааг шалгадаггүй байсан...” гэх мэдүүлэг /хх-н 52-55/, 

 

“Юнител” ХХК-ийн 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн албан бичиг,

 

“Скайтел” ХХК-ийн 2020 оны 01 дүгээр сарын 08-ний өдрийн 20/138 дугаартай албан бичиг,

 

“Мобиком корпораци” ХХК-ийн 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 18/268 дугаартай албан бичиг,

 

“Сэц Түшиг Аудит” ХХК-ийн аудитын 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн дүгнэлт / хх 63-72/

 

Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн “ .. .“Сэц Түшиг Аудит” ХХК- ийн аудитын 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн дүгнэлт үндэслэлтэй байна” гэх дүгнэлт

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Ч.А т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч Ч.А ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасанбусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.    

 

Хохирлын талаар

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ч.А аас 64.855.100 төгрөгийн төгрөг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Х д олгохоор шийдвэрлэсэн болно. Түүнчлэн шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс хохирол төлөх зорилгоор завсарлага авсан боловч хохирол нөхөн төлөгдөөгүйг дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

- оршин суугаа хаягийн тодорхойлолт /1хх-н 199/,

- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хх-н 232/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүгдэгч Ч.А ын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдъя.

 

Шүүгдэгч Т  овогт Ч-ын  А   ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан 4 /дөрөв/ жилийн хорих ял шийтгэх нь зүйтэй. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар Ч.А т оногдуулсан 4 /дөрөв/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж шийдвэрлэсэн болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ч.А ын цагдан хоригдсон  30 /гуч/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тоолж шийдвэрлэв.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ч.А аас 64.855.100 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Х д олгож шийдвэрлэх нь нь үндэслэлтэй гэж үзлээ.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдав.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Т  овогт Ч-ын  А   ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан 4 /дөрөв/ жилийн хорих ял шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар Ч.А т оногдуулсан 4 /дөрөв/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.  

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ч.А ын цагдан хоригдсон  30 /гуч/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тоолсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ч.А аас 64.855.100 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Х д олгосугай.

6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.  

7. Шүүгдэгч Ч.А т авсан хувийн таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

            9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ц.А  авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ