Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 2021/ШЦТ/613

 

 

 

 

 

 

 

      2021            11           15                                      2021/ШЦТ/613                              

                                                                                                                     

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Н-ын М, Т овогт П-ийн Ч, З овогт Г-ын Б нарт холбогдох эрүүгийн 18100 2434 0897 дугаартай хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: улсын яллагч Б.Хурц, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.М, хохирогчийн өмгөөлөгч Б.Батжаргал, Ц.Нандинцэцэг, иргэний хариуцагч “Гоёо” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Х, түүний өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, шүүгдэгч Н.М, түүний өмгөөлөгч Д.Тунгалаг, шүүгдэгч П.Ч, түүний өмгөөлөгч Б.Батаа, Б.Энхтүвшин, шүүгдэгч Г.Б, түүний өмгөөлөгч Л.Намнансүрэн, шинжээч Я.Дамдинрагчаа, Ш.Хонгорзул, гэрч Ц.О, Б.М- нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга Б.Бат-Оргил шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, 1985 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, “Мөнх харш” ХХК-ийн гүйцэтгэх захирал ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдрах, хххх тоотод оршин суудаг, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, бие эрүүл, ухаан бүрэн, Б овогт Н-ын М /РД:,

2. Монгол Улсын иргэн, 1976 оны 5 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 44 настай, эмэгтэй, дээд боловсролтой, сантехникийн инженер мэргэжилтэй, “Монгол машин концерн” ХХК-ийн гүйцэтгэх захирал ажилтай, ам 6, эхнэр, 4 хүүхдийн хамт амьдрах, хххх тоотод оршин суудаг, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн, Т овогт П-ийн Ч /РД:/,

3. Монгол Улсын иргэн, 1987 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 33 настай, эмэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, охины хамт амьдрах, хххх тоотод оршин суудаг, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн, З овогт Г-ын Б /РД:/,

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

1. Шүүгдэгч Н.М нь 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр “Гоёо” ХХК-г төлөөлж гүйцэтгэх захирал Ц.О /захиалагч/-той “Гоёо” ХХК-ийн ээрэх үйлдвэрийн самнах машины суурийн угсралтын ажлыг хийж гүйцэтгэх гэрээ байгуулж, мөн өдөр уг гэрээний дагуу Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гоёо” ХХК-ийн Ээрэх үйлдвэрийн байранд суурь ухах ажлыг Барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрмийн /БНбД 12-03-04/-ийн 5.14-т заасан “Ажил олгогч нь хөдөлмөрийн хүнд хортой, аюултай, бохирдол бүхий нөхцөлд ажилтнуудад ажлын тусгай хувцас, нэг бүрийн хамгаалах хэрэгслээр үнэ төлбөргүй хангах үүрэгтэй”, 5.11.3-т заасан “шинээр ажилд орсон ажилтныг ажилд орохын өмнө MNS4969-2000-д заасны дагуу урьдчилсан болон ажлын байран дахь анхан шатны зааварчилгаа заавал өгөх үүрэгтэй гэсэн заалтуудыг тус тус зөрчиж, ажлын тусгай хувцас, нэг бүрийн хамгаалах хэрэгслээр хангагдаагүй, аюулгүй ажиллагааны сургалтад хамрагдаагүй О.Мө-аар гүйцэтгүүлэх явцад О.Мө нь угаарын хийн хордлогоор нас барсан буюу хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэгт,

 

2. Шүүгдэгч П.Ч нь “Гоёо” ХХК-ийн техникийн удирдлагын хэлтсийн даргаар ажиллаж байхдаа 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн “Гоёо” ХХК, “Мөнх харш” ХХК-ийн хооронд байгуулан “Гоёо” ХХК-ийн Ээрэх үйлдвэрийн самнах машины суурийн угсралтын ажлыг хийж гүйцэтгэх гэрээний гэрээнд заасан хугацаанаас өмнө эхлүүлэх зөвшөөрлийг “Мөнх харш” ХХК-д өгсөн атлаа энэ талаар компанийн хөдөлмөр, эрүүл ахуйн холбогдох албан тушаалтнуудад мэдэгдээгүй,

Барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрмийн /БНбД 12-03-04/-ийн 4.12.4-т заасан Ажил гүйцэтгэх зөвшөөрөл олгосон албан тушаалтан уг ажлыг гүйцэтгэх явцад ажилтнуудын хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг хангах арга хэмжээний хэрэгжилтэд хяналт тавьж байх үүрэгтэй,

Дүрмийн 6.6.8-т заасан Хаалт, хамгаалалтыг үйлдвэрийн хаягдлыг механикжсан аргаар зайлуулах тоос сорох системд холбох боломжтойгоор гүйцэтгэнэ,

6.6.3-т заасан байгууллагын нутаг дэвсгэр дээр буюу үйлдвэрийн цех, тасагт барилга угсралтын ажил гүйцэтгэх нөхцөлд дагалдан үүсэж болох хортой хүчин зүйлүүдийг тухайн байгууллагын хүрээнд тогтоосон журмын дагуу эрүүл ахуйн нормын биелэлтэд тавих хяналтыг нэгэн зэрэг зохион байгуулах шаардлагатай гэснийг тус тус зөрчиж, 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, “Гоёо” ХХК-ийн ээрэх үйлдвэрийн байранд зохих хяналтыг тавиагүй, гар аргаар агааржуулалтын системийг хаасан, зохиомлоор бий болгосон вакум орчинд ажлын тусгай хувцас, нэг бүрийн хамгаалах хэрэгслээр хангагдаагүй, аюулгүй ажиллагааны сургалтад хамрагдаагүй О.Мөаар ажил гүйцэтгүүлэх явцад О.Мө нь угаарын хийн хордлогоор нас барсан буюу хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэгт,

 

3. Шүүгдэгч Г.Б нь “Гоёо” ХХК-д барилгын инженерээр ажиллаж байхдаа 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн “Гоёо” ХХК, “Мөнх харш” ХХК-ийн хооронд байгуулсан “Гоёо” ХХК-ийн ээрэх үйлдвэрийн самнах машины суурийн угсралтын ажлыг хийж гүйцэтгэх гэрээний гэрээнд заасан хугацаанаас өмнө ажил эхлэх үед 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, “Гоёо” ХХК-ийн Ээрэх үйлдвэрийн байранд гар аргаар агааржуулалтын системийг хаасан, зохиомлоор бий болгосон вакум орчинд ажлын тусгай хувцас, нэг бүрийн хамгаалах хэрэгслээр хангагдаагүй, аюулгүй ажиллагааны сургалтад хамрагдаагүй О.Мө-ын ажил гүйцэтгүүлэх явц байдалтай танилцан угаарын хий үнэртэж байгааг мэдсэн атлаа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 28.1.2-т заасан үйлдвэрлэлийн үйл ажиллагааны явцад хүний амь нас, эрүүл мэндэд сөрөг аюултай нөхцөл байдал бий болсон тохиолдолд уг ажиллагааг яаралтай зогсоож, аюултай нөхцөл байдлыг шуурхай арилгах гэснийг зөрчиж, ажлыг зогсоолгүй үргэлжлүүлснээс О.Мө нь угаарын хийн хордлогоор нас барсан буюу хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Б овогт Н-ын М, Т овогт П-ийн Ч, З овогт Г-ын Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь нас хохироосон” гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.М-ыг 02 /хоёр/ жилийн хугацаагаар, Г.Б, П.Ч нарыг тус бүрийг 01 /нэг/ жил 05 /тав/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар Н.М, П.Ч, Г.Б нарт тус бүрд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

4. 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4.1, 4.2 дугаар зүйл, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.М-т оногдуулсан 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял, Г.Б, П.Ч нарт тус бүрд оногдуулсан 01 /нэг/ жил 05 /тав/ сарын хугацаагаар хорих ялыг тус тус өршөөн хэлтрүүлсүгэй.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэг, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт иргэний хариуцагч “Гоёо” ХХК болон шүүгдэгч Н.М нараас 44.350.881 /дөчин дөрвөн сая гурван зуун тавин мянга найман зуун наян нэг/ төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч хххх оршин суух /РД: / хаягтай, Н овогт О-ын М-д олгож,

- түүний нэхэмжлэлээс үлдэх өмгөөлөгчдийн хөлс 8.000.000 төгрөг, сэтгэл санааны хохирлын 30.000.000 төгрөг, Хас банкнаас авсан зээл, хүүгийн төлбөр 14.234.123 төгрөг, үйлдвэрлэлийн ослоор нас барсан ажилтны ар гэрт олговол зохих тэтгэмж, нөхөн төлбөрийн зөрүү 27.101.892 төгрөг, талийгаачид хоног хураасны зардлын 822.700 төгрөг, нийт 80.158.715 төгрөгийн шаардлагыг тус тус хангахгүй орхиж шийдвэрлэсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.М-ын нэхэмжилсэн Хаан банкны зээлийн гэрээний үүрэгтэй холбогдох төлбөрийн 11.516.246 төгрөгийн шаардлагад хамаарах нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, тухайн шаардлагад хамаарах нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тайлбарласугай.

 

7. Энэ хэрэгт Н.М, П.Ч, Г.Б нар нь цагдан хоригдоогүй, тэдний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйл үгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба нэр бүхий шүүгдэгч нар, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл, иргэний хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт тус тус шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

9. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Н.М, П.Ч, Г.Б нарт урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хориглосон хязгаарлалт тогтоох болон хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай. 

 

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               С.БАЗАРХАНД