Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 2021/ШЦТ/777

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Хонгорзул,

улсын яллагч Г.Ганхөлөг,     

шүүгдэгч Г.Б  , түүний өмгөөлөгч Б.Долгорсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:     

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Д овогт Г-ийн  Б холбогдох эрүүгийн 2105000001628 тоот дугаартай хэргийг 2021 оны  11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ................. оны ......дугаар сарын ..........-ний өдөр Хөвсгөл аймгийн ........ суманд төрсөн, ......... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл-.......... хамт Сонгинохайрхан дүүргийн........... дүгээр хороо, ............ тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Д овогт Г-ийн  Б   /РД:..................../

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Г.Б   нь 2021 оны 10 дугаар сарын 02-03-нд шилжих шөнө Баянгол дүүргийн **** дугаар хороо ***** дугаар байрны гадаа хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байсан цагдаагийн албан хаагч Э.А-ын хөл рүү өшиглөх, хоолойг боох, тэвэрч унагах зэргээр албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж биед нь халдаж хууль сахиулагчийг эсэргүүцсэн гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт: 

Шүүгдэгч Г.Б   нь 2021 оны 10 дугаар сарын 02-03-нд шилжих шөнө Баянгол дүүргийн **** дугаар хороо **** дугаар байрны гадаа хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байсан цагдаагийн албан хаагч Э.А-ын хөл рүү өшиглөх, хоолойг боох, тэвэрч унагах зэргээр албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж биед нь халдаж хууль сахиулагчийг эсэргүүцсэн гэмт хэргийн бүрэлдэхүүнийг хангасан болох нь:  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Б   мэдүүлэхдээ: 

 

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйл байхгүй...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэх мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Үүнд:

 

Алба хаагчдын үүрэг гүйцэтгэх хуваарь, томилгооны баримт /хх-57-58/

 

Хохирогч Э.А-ын биед яллагдагч Г.Б  ий үйлдлийн улмаас “...баруун өвдөгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн гарын алганд зулгаралт, зүүн гарын эрхий хуруу, баруун хацарт зөөлөн эдийн няцрал...” бүхий гэмтэл учирсан нь гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй болохыг нотолсон шүүх эмнэлгийн шинжээч эмчийн 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн №9478 дугаартай дүгнэлт /хх-28-29/

 

                Хохирогч Э.А-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 10 дугаар сарын 02-ны өдөр би Бугат 112 чиглэлд машинтай эргүүлд дэд ахлагч Д.Б-ын  хамт үүрэг гүйцэтгээд байж байхад 23 цаг 20 минутын үед Баянгол дүүргийн 13 дугаар хороо 2г байрны 55 тоотод хүмүүс зодолдоод байна гэсэн дуудлага ирсэн. Уг дуудлагын дагуу очиж шалгахад иргэн Давхарбаяр нь Б  ий хамт том савтай пиво уучихсан гал тогооныхоо өрөөнд сууж байсан ба хажууд 2-7 насны 3 эрэгтэй хүүхэд байсан. Тэгээд би “танай гэрт зодоон болоод байна гэсэн дуудлагын дагуу ирлээ” гэж хэлэхэд “юун дуудлага, юу хуцаад байгаа юм бэ?” гэж Давхарбаяр нь хэлсэн. Тэгэхээр нь дуудлагын утгыг хэлэхэд бид нар орилж чарлаагүй гэж өөдөөс хэл амаар доромжлоод эхэлсэн. Тэгээд би шаардлага эсэргүүцсэн гэж үзэж саатуулах гэсэн боловч бага насны 3 хүүхэдтэй байсан учир Давхарбаярын ээж Гантуяа гэгчийг утсаар дуудсан. Тэгсэн Б   гээд төрсөн дүү нь эгчийнхээ араас “миний хөгшөөн яасан, юу болсон, яагаад байгаа юм бэ" гэх мэтээр дайраад “Чи МАН-ын цагдаа байна” гэж хэлээд мөн хэл амаар доромжлоод байсан. Тэгэхээр нь би ээжийг нь дуудаж хүүхдүүдийг нь хүлээлгэж өгөөд, Б  ийг дагуулаад гэрээс нь гарсан. Байрны гадаа гарч ирээд зогсож байхад манай нөгөө цагдаа Баяраа эгчийг нь дагуулаад гарч ирсэн. Тэгээд зогсоод нөгөө залууд “эгчийгээ аргадаад аваад ор, бид нар авч явахгүй, больё, архи дарсаа больцгоо” гэж хэлсэн чинь Б   нь гэнэт миний хоолой руу боогоод намайг хойшоо түлхсэн. Тухайн үед миний араар машин явж таарсан ба тухайн машин дээр крыло хэсэгт нь бөгсөөрөө унасан. Тэр үед би яаж байна гэж хэлээд барьж авахын завдалгүй миний баруун өвдөг хэсэг рүү хөлөөрөө өшиглөсөн. Тэгээд би нөгөө залуутай газар унасан. Нөгөө машины крыло хонхойчихсон. Тэгээд би нөгөө залууг босгож ирээд тэврээд зогсож байгаад тайвшруулсан. Тэр хооронд намайг хэлэх хэлэхгүй үгээр доромжилсон. Тэгээд би хүч нэмэгдүүлж Бугат 113 чиглэлийн албан хаагч болох дэслэгч ******* ахлах дэслэгч ***** нарыг дуудаж Б  ийг өгч явуулж саатуулах байранд хийсэн. Би ***** авч явж эмэгтэйчүүдийн саатуулах байранд хүлээлгэн өгсөн... Миний баруун өвдөг гишгэхэд өвчтэй байгаа, бас миний хоолойг боож хойш нь түлхсэний улмаас би ард явж байсан машины крыло дээр унасан. Тухайн машины крыло хонхойсон ба миний баруун өвдөг рүү Б   нь өшиглөсөн..."  /хх-ийн 7/

 

                Гэрч Э.О-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 10 дугаар сарын 02-ны өдөр орой 23 цаг өнгөрөөд Баянгол дүүргийн 13 дугаар хороо 2в байрны гадаа хүргэлт өгөх гээд ирж байсан чинь орцны гадна 3 жоохон хүүхэд уйлж байсан. Тэгэхээр нь зогсоод хартал миний машин руу нэг цагдааг нэг залуу хоолой руу нь боогоод унагаах гээд гараад ирсэн. Тэгсэн нөгөө цагдаа миний машины баруун талын урд крыло дээр унасан. Тэгээд тухайн цагдаа нөгөө залуутай барилцаад унасан ба би машинаасаа буугаад цагдаа дээр очиход нөгөө уйлж байсан 3 хүүхэд хүрээд ирэхээр нь би 3 хүүхдийг тэвэрч аваад куртикээр хучсан. Тэгээд орцны үүдэнд хүүхдүүдийг нь аваад байж байсан чинь нэмэлт цагдаа нар ирээд тэгээд би цагдаа нарт хүүхдүүдийг нь өгөөд яахаа асуухад маргааш цагдаа дээр хүрээд ир гэж хэлээд утасны дугаарыг нь аваад явсан. Тухайн үед даатгалаа дуудсан чинь ирэхгүй гэж хэлсэн. Би тухайн хүүхдүүдийн ээж нь хаана байсныг сайн анзаараагүй. Цагдаагийн машин дотор сууж байх шиг харагдсан. Тухайн залуу нэлээд согтуу байх шиг байсан. Орилж хашхираад, хүн хүн рүү дайраад байсан. Би тэгээд хүүхдүүдийг нь цагдаа нарт хүлээлгэж өгөөд явсан..."  /хх-ийн 21/

 

                Гэрч А.Д-ын  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 10 дугаар сарын 02-ны өдөр гэртээ байхад манай дүү Б   ирсэн. Тухайн өдөр би өөрийн объектоо зарсанд баярлаад дүүдээ хувь өгөөд хүний 3 ширхэг пиво ууцгаагаад юм яриад инээлдээд байж байсан ба ахиад нэг том пиво уугаад байж байсан.: Тэгээд сууж байсан чинь хаалганы хонх дуугарсан ба яваад очоод хаалгаа тайлсан чинь хоёр цагдаа зогсож байсан. Түүнээс хойш би сайн санахгүй байгаа бөгөөд нэг мэдсэн гарыг минь гавлачихсан хөл нүцгэн чирээд гаргасан. Тэгээд намайг цагдаагийн машин дотор суулгасан ба манай дүү бас гадаа гарчихсан байсан. Бас манай хүүхдүүд уйлалдаад дагаад гарчихсан ба гадаа нүцгэн уйлалдаад байгаад байсан. Манай хүүхдүүд хамгийн том нь 6 настай, дундах нь 3 настай, бага нь 2 настай хүүхэд байгаа юм. Тэгээд намайг хөл нүцгэн чирээд гарч ирээд машиндаа суулгасан. Тэгээд намайг машинд байж байхад манай нөхөр рүү залгасан. Намайг 30-40 минут машин дотор байхад манай дүүг өөр машинд суулгаад аваад явсан. Тухайн үед манай эгчийг суллаад оронд нь намайг аваад яваач гэж хэлсэн..."  /хх-ийн 17/

 

                 Гэрч Д.Б-ын  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Баянгол дүүргийн 8, 10, 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт Бугат 112 чиглэлд хөдөлгөөнт эргүүлд жолоочоор үүрэг гүйцэтгэж байсан ба тухайн үед эргүүлийн офицер ахлах дэслэгч Э.А-ын хамт үүрэг гүйцэтгэж байсан ба оройн 23 цагийн үед Баянгол дүүргийн 13 дугаар хороо 2г байрны 55 тоотод хүмүүс шуугилдаад зодолдоод байна гэсэн утгатай дуудлага жижүүрээс ирсний дагуу тухайн хаягаар очиж шалгахад эгч дүү хоёр гэртээ согтууруулах ундааны зүйл болох пиво ууж байсан. Тэгээд ахлах дэслэгч Анар тухайн хүмүүст хандаж, нийтийн зориулалттай орон сууцанд чанга дуу чимээ гаргахыг хориглоно бид нар дуудлагын дагуу ирлээ гэж хэлсэн. Тэгсэн тухайн гэрт байсан согтуу эмэгтэй, доод айл дуудлага өгсөн үү, дээд айл өгсөн үү гээд дайраад байсан ба цаанаас нь эрэгтэй дүү нь босч ирээд бид хоёрыг барьцалдаж авах гээд байхад нь эгч нь болиулаад байсан. Тэгээд чимээгүй амрах талаар шаардлага тавиад явах гэж байхад эгч нь ямар хүн дуудлага өгсөн юм  гээд Анарын хувцаснаас зуураад байсан                дүү нь бас зууралдаад бид хоёрыг явуулахгүй байхаар нь эрэгтэй дүүг нь саатуулах зорилгоор гэрээс нь аваад гарах гэсэн боловч эх нь зууралдаад байсан ба эгч нь 3-4 хүүхэдтэй байсан учраас эгчийг нь үлдээгээд дүүг нь авч явахаар болсон. Тэгээд дүүг нь авч явах гэж байсан чинь эгч нь зууралдаад би хамт явна гээд байсан ба би эгчийг нь хаалганы гаднаас хаагаад, гэртээ бай, хүүхдүүдээ хараад байж бай гэж хэлээд би байрнаас нь гарахад Анар цагдаа нь эрэгтэй дүүг машинд суулгах гэхэд суухгүй гээд Анарыг хойш зам руу түлхсэн ба ард талд нь приус 30 маркийн тээврийн хэрэгсэл рүү түлхэхэд тухайн машины жолооч нь урд крило хонхойчихлоо гээд гарч ирсэн. Тэгсэн нөгөө залуу Анар цагдаагийн баруун өвдөг рүү жийгээд зууралдаад байсан ба эгч нь мөн дүүгээ явуулахгүй гээд машины хойд хаалга хааж зогссон. Тэгэхээр нь эгчийг нь машин дотор суулгаад, хүүхдүүдийг нь эгчийнх нь ээжийг дуудаж хүлээлгэн өгч, эрэгтэй дүүг Бугат 113 дуудаж машинд нь суулган саатуулах байранд хүргэсэн.."  /хх-ийн 24/

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Г.Б  д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч  Г.Б  ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.  

 

Хохирлын талаар

 

Шүүгдэгч  Г.Б  ийг бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 53/,

- иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 50/,

- оршин суугаа хаягийн лавлагаа /хх-н 51/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

  Шүүгдэгч Г.Б  д холбогдох хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт хамаарч байгаа, мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг бүрэн хангасан байх тул шүүгдэгч Д овогт Г-ийн  Б  ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Улаанбаатар хотын бүсчлэлээс 8 /найм/ сарын хугацаанд гарахгүй байх зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэх нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Г.Б  д оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэв. 

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Г.Б  д сануулав.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдъя.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн 8, 9,  36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон  

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Д овогт Г-ийн  Б  ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан  хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Д овогт Г-ийн  Б  ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Улаанбаатар хотын бүсчлэлээс 8 /найм/ сарын хугацаанд гарахгүй байх зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

 

 3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Г.Б  д оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай. 

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Г.Б  д сануулсугай.  

 

         5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Б  д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

  

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ