Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 2021/ШЦТ/789

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Өнөрцэцэг,

улсын яллагч М.Анхбаяр,    

шүүгдэгч Б.Д  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:       

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн А   овогт Б-ийн  Д-т холбогдох эрүүгийн 2105000001859 тоот дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ..........оны ......... дугаар сарын ..........-ний өдөр Ховд аймгийн ........... суманд төрсөн, ........... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, “.............” ХХК”-д зээлийн эдийн засагч ажилтай, ам бүл-................... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, А   овогт Б-ийн  Д  .  

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Б.Д  нь 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс 19-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 01 дүгээр хороо ****** дүгээр байрны ***** тоотод хохирогч Б.О-тэй   маргалдсаны улмаас зодож эрүүл мэндэд нь зүүн хөмсөг, уруулд шарх, зүүн нүдний зовхи, уруулд цус хуралт, зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал, баруун хацар баруун, зүүн өвдөгт зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт: 

Шүүгдэгч Б.Д  нь 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс 19-нд шилжих шөнө Баянгол дүүргийн ** дүгээр хороо **** дүгээр байрны *** тоотод хохирогч Б.О-тэй   маргалдсаны улмаас зодож эрүүл мэндэд нь зүүн хөмсөг, уруулд шарх, зүүн нүдний зовхи, уруулд цус хуралт, зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал, баруун хацар баруун, зүүн өвдөгт зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:   

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Д  мэдүүлэхдээ:

 

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйл байхгүй...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэх мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Үүнд:

 

Мөрдөн байцаалтад хохирогч О-ийөгсөн: “...Би 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ** дүгээр байрны **** тоотод гэртээ найз ******г, Д  , Хосоо гээд үл таних залуутай ингээд бид 5 согтууруулах ундааны зүйл 23 цагийн үеэс хэрэглэж эхэлсэн. Бид 5 тэгээд Эдэн нэртэй 1 литртэй архи 1 ширхэг, Эдэн 0.7 литртэйгээс 2 ширхэгийг хувааж уусан бөгөөд би нилээн согтсон ба нэг мэдсэн би хүмүүст зодуулчихсан миний дух, уруул хэсэг сэтэрч, гэмтсэн байсан тэгээд би цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн...” гэх мэдүүлэг /хх-н 9-10/, 

 

Мөрдөн байцаалтад гэрч ***** өгсөн: “...Олдох-Эрдэнийд Д  ын төрсөн өдрийг тэмдэглэхээр найзууд болох *******,******** бид нар 22 цагийн үед уулзсан юм. Тэгээд бид нар “Эдэн нэртэй 1 литртэй 1 шил, 0.7 литртэй 2 шил буюу нийт 3 шил архи хувааж ууж суусан юм. Тэгээд 2021 оны 10 дугаар сарын 19-ний шөнө 03 цагийн үед Олдох-Эрдэнэ нь согтоод найз Хосбаяртай маргалдаад хэл үгээр доромжлоод байхаар нь би салгаад суулгасан юм. Тэгээд *********нь гэрээсээ хөөж туугаад байхаар нь тэр хоёр гараад явсан. Д   бид хоёр ******* тайвшруулах гээд аргадаад гуйгаад арай гэж салгаж үлдээтэл агсам согтуу тавиад, хэл үгээр доромжлоод дайрч давшлаад байхаар нь Б.Д  нь О-ийнүүрэн тус газар руу нь хэдэн удаа цохичихсон. Тэгээд Д   бид хоёр О-ийгэрээс нь гараад явж байтал араас цагдаагийн байгууллагаас залгаад бид хоёр ирсэн ...” гэх мэдүүлэг /хх-н 13/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 10135 тоот: 

“..**** биед зүүн хөмсөг, уруулд шарх, зүүн нүдний зовхи, уруулд цус хуралт, зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал, баруун хацар баруун, зүүн өвдөгт зулгаралт тогтоогдлоо. 

Дээрх гэмтэл нь  мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-н 27-28/,

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Д-т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч Б.Д  ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.  

 

Хохирлын талаар

 

Хэргийн хохирогч ******* эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

 

Мөрдөн байцаалтад хохирогч *******э“...надад одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн байх тул шүүгдэгч Б.Д  нь бусдад төлөх төлбөргүй гэж үзэхээр байна.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 49/,

- иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 21/,

- байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хх-н 48/ нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа /хх-н 47/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно. 

 

Шүүгдэгч Б.Д  нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд бүртгэгдээгүй, ял шийтгэлгүй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

 

Шүүгдэгч Б.Д-т холбогдох хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт хамаарч байгаа, мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг бүрэн хангасан, улсын яллагчаас Б.Д  ыг 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялын саналаа танилцуулж, гарын үсэг зуруулсан нь шүүгдэгч эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд заасан шаардлагад нийцсэн байх тул шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж дүгнэлээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д  ыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэх нь хууль зүйн үндэслэлтэй. 

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Д-т оногдуулсан 450,000 төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдъя.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн 8, 9,  36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон  

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч А   овогт Б-ийн  Д  ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д  ыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.  

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Д-т оногдуулсан 450,000 төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.   

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Д-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ