Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 822

 

Б.О-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ч.Мөнх-Эрдэнэ,

шүүгдэгч Б.О, түүний өмгөөлөгч Б.Жаргалсайхан,

нарийн бичгийн дарга Э.Ариунзаяа нарыг оролцуулан,

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дуламсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн 533 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.О-гийн гаргасан давж заалдах гомдлоор Б.Од холбогдох эрүүгийн 180901340276 дугаартай хэргийг 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.

Боржигон овогт Б.О, 1966 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 52 настай, эмэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн тодорхой ажилгүй байсан, ам бүл 1, Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Данзангийн гудамжны 47 тоотод оршин суух бүртгэлтэй,

Сэлэнгэ аймгийн шүүхийн 1979 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 1/34 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 109 дүгээр зүйлийн б-д зааснаар 1 жилийн хугацаатай засан хүмүүжүүлэх ялаар,

Сэлэнгэ аймгийн ардын хэсгийн 1 дүгээр шүүхийн 1980 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 06 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 109 дүгээр зүйлийн б-д зааснаар 1 жил 06 сарын хугацаагаар хорих ялаар,

Дархан хотын 2 дугаар хэсгийн ардын шүүхийн 1989 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 43 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар,

1993 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар,

Дархан хотын сум дундын шүүхийн 1993 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 176 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3-т зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар,

Баянгол дүүргийн шүүхийн 1999 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 532 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3, 131 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялуудыг нэмж нэгтгэн, нийт 3 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлсэн,

Баянзүрх дүүргийн шүүхийн 2003 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 187 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр, 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2003 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 237 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 180.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн,

Баянзүрх дүүргийн шүүхийн 2005 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 142 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 10 жил 1 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж, Баянзүрх дүүргийн шүүхийн 2008 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 284 дугаартай шүүгчийн захирамжаар Эрүүгийн хуулийн нэмэлт, өөрчлөлт оруулах хуульд заасан зохицуулалтын хүрээнд хуулийн тэгшигтгэлд хамрагдаж, эдлээгүй үлдсэн 06 жил 08 cap 24 хоногийн ялаас чөлөөлөгдсөн,

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2012 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 250 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар, 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт зааснаар тус тус оногдуулсан ялыг нэмж нэгтгэн, нийт 03 жил 02 сарын хорих ялаар шийтгүүлж, 2015 оны 06 дугаар сарын 05-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 102 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгэгдэж, 2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 413 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж, 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 105 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэгдсэн, /РД:ТИ66053001/;

Б.О нь 2018 оны 2 дугаар сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Дашчойлон хийд дотор үйлчлүүлж байсан иргэн Т.Цэцэнгоогийн халааснаас “Ай Фоне 6 эс” маркийн гар утсыг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсны улмаас 584.000 төгрөгийн,

2018 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Улсын нэгдүгээр төв эмнэлгийн 2 дугаар давхарт хохирогч Д.Мөнхсаруулын гадуур хувцасны халааснаас “Самсунг Жи 7” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас 336.000 төгрөгийн, нийт 920.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Б.Од холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “Боржигон овогт Б.О-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас бусдад 920.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Ог 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2, 5.4 дүгээр зүйлийн 4-т заасныг тус тус журамлан Б.О-д Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 105 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож 30 хоногийн хугацаагаар хорих ялыг 2  жил 6  сарын хугацаагаар хорих ялд нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх хорих ялыг 2 жил 7 сарын хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад
эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О-гийн цагдан хоригдсон 85 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, шүүгдэгч Б.О нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.О-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж, шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.О-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.О давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие 6 хүүхэд, 5 ач, зээгийн хамт өрх толгойлон амьдардаг. Одоогийн байдлаар биеийн байдал маш хүнд байгаа, баруун нүдэнд харвалт өгсөн, нурууны суултын улмаас уян дисктэй, зүрхний хэм алдалтаас дотор, гадна хаван тулж, даралт тогтворгүй болсон учир 461 дүгээр хорих ангийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Би өөрийн итгэмтгий зан, цайлган сэтгэл, хайнга бодлогогүйн улмаас гэмт хэрэгт холбогдсондоо маш их харамсан, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, бусдад учруулсан хохирол төлбөрийг төлж, гэм хорыг бүрэн арилгасан. Миний энэ байдал, амьдралаа эхэлж байгаа үр хүүхдүүдийн минь амьдралд сөргөөр нөлөөлж байгаад эмзэглэн маш их харамсаж байна. Би сайн ээж, сайн эмээ байхын тулд дахин алдаж гишгэхээс айж сэрэмжлэн гэм буруугаа ухамсарлаж, нийгэмд байр сууриа олж, ач, зээгээ өсгөн үр хүүхдүүдтэйгээ элэг бүтэн амар тайван амьдрахыг чин сэтгэлээсээ хүсэж байна. Миний бие нас өндөр учир архаг хууч өвчин ихтэй, урьд бас хоригдож байсан учир одоо үнэхээр биеийн байдал, сэтгэл санаа минь ч хүнд хэцүү байна. Б.О миний эрүүл мэндийн нөхцөл байдал болон гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол төлбөрийг барагдуулсан байдал зэргийг харгалзан үзэж, надад оногдуулсан ялыг хорихоос өөр төрлийн ял шийтгэл болгон хөнгөрүүлж өгнө үү.” гэв.

 

Шүүгдэгч Б.О-гийн өмгөөлөгч Б.Жаргалсайхан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй. Шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Миний үйлчлүүлэгчийн холбогдсон гэмт хэрэгт 6 сараас 5 жил хүртэлх хугацаагаар хорих ял оногдуулж болохоор хуульчилсан. Анхан шатны шүүхээс түүнд 2 жил 6 сарын хорих ял оногдуулаад, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын заримыг нь нэмж нэгтгээд 2 жил 7 сарын хорих ял биечлэн эдлүүлхээр тогтоосон. Энэ хорих ялыг анхан шатны шүүхээс өндөр тогтоосон гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж хорих ялыг багасгаж өгнө үү.” гэв.

 

Прокурор Ч.Мөнх-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгчийн хувьд хулгайн гэмт хэрэг болон бусад гэмт хэрэгт нийт 13 удаа ял шийтгүүлж байсан. Шүүгдэгчийг нийгэмшүүлэхээр шүүхээс удаа дараа боломж олгож байсан боловч өөрийн хийсэн үйлдэлд дүгнэлт хийдэггүй, нийгэмшиж засардаггүй. Гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх гэсэн ялын зорилго хангагдахгүй байна. Гэмт хэрэг үйлдхээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх зорилгод нийцүүлж анхан шатны шүүхээс хорих ялыг сонгосон нь үндэслэлтэй гэж үзэж байна. Давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

 

ХЯНАВАЛ:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх гомдол, эсэргүүцлийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдсан гомдол, эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

Б.О нь 2018 оны 2 дугаар сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Дашчойлон хийд дотор үйлчлүүлж байсан иргэн Т.Цэцэнгоогийн халааснаас “Ай Фоне 6 эс” маркийн гар утсыг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсны улмаас 584.000 төгрөгийн, 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Улсын нэгдүгээр төв эмнэлгийн 2 дугаар давхарт хохирогч Д.Мөнхсаруулын гадуур хувцасны халааснаас “Самсунг Жи 7” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас 336.000 төгрөгийн, нийт 920.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

 

Хохирогч Т.Цэцэнгоогийн “...гар утсаа халаасанд байгаа эсэхийг шалгаж үзтэл миний куртикны зүүн халаасанд байсан айфоне 6 эс маркийн саарал өнгийн гар утас алга болсон байсан. ...уг газрын бичлэгийг үзтэл намайг Дашчойлон хийд рүү орох үед миний араас нэг эмэгтэй дагаад байсан ба тэр эмэгтэй араас шахаж байгаад миний гар утсыг халааснаас авч байгаа бичлэг харагдаж байна лээ. Тэр эмэгтэй цагаан малгайтай, цайвар шаргал өнгийн куртиктэй, бор гуталтай, биерхүү эмэгтэй байсан” гэх мэдүүлэг /хх-15/, эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-12/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-13/, шүүгдэгч Б.О-гийн яллагдагчаар өгсөн “...нэг эмэгтэй хүний халааснаас нь гар утас нь цухуйчихсан байхаар нь халааснаас нь гар утсыг нь авчихсан юм” гэх мэдүүлэг /хх-23/, хохирогч Д.Мөнхсаруулын “...Тухайн үед би бүртгэлийн өмнө цаг харахад утас маань байсан ба бүртгүүлээд 3 дугаар давхар руу гараад утсаа үзэхэд байхгүй болсон байсан” гэх мэдүүлэг /хх-120/, хохирогч Д.Мөнхсаруулд эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-117/, шүүгдэгч Б.О-гийн яллагдагчаар өгсөн “Улсын төв нэгдүгээр эмнэлгийн төв хаалгаар 8 цаг өнгөрч байхад ороод 2 давхарт зогсож байхад миний урд талд зогсож байсан эмэгтэйгийн гадуур хувцасны халааснаас хар өнгийн гар утас цухуйж байхаар нь би тэр гар утсыг нь нууцаар халааснаас нь аваад эмнэлгээс гараад Баянзүрх дүүргийн эмнэлэг орчихоод гэртээ харьсан” гэх мэдүүлэг /хх-129/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

          Анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасантай нийцжээ.

 

          Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад тулгуурлаж, хууль зүйн зөв дүгнэлт хийжээ.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.О-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэж үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн, хэргийн зүйлчлэл зөв болжээ.

Шүүхээс түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, түүнд тухайн зүйлд зааснаар 2 жил 6 сар хорих ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх хорих ялын хэмжээг 2 жил 7 сарын хугацаагаар тогтоосон нь хууль зүйн үндэслэлтэй болжээ. 

Иймд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн 533 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.О-гийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 533 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.О-гийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

 ДАРГАЛАГЧ,

                         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Т.ӨСӨХБАЯР

 ШҮҮГЧИД                                                   Л.ДАРЬСҮРЭН

                                                                                                          Д.МЯГМАРЖАВ