Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 2021/ШЦТ/798

 

 

 

 

 

 2021          12          07                                     2021/ШЦТ/798

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: С.Хонгорзул,

Улсын яллагч: Г.Онон /томилолтоор/,

           Шүүгдэгч: Б.Б- өөрийгөө өмгөөлөн оролцож тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Б-д холбогдуулж яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2105000001713 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ..... тоот регистртэй,

Шүүгдэгч Б.Б- нь “гэрийн даалгавар хийлгэнэ, хичээлийн хоцрогдол арилгана, 1 сарын 1 хүүхдийн төлбөр 300.000 төгрөг, хүргэж өгч авна, 2 хүүхэд явуулбал 1 хүүхдийн 280.000 төгрөг болно” гэж Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 51 дүгээр байрны 1 дүгээр давхарт байрлах 2 тоот байранд “...” нэртэй өдөр өнжүүлэх төв ажиллуулах нэрийдлээр үргэлжилсэн үйлдлээр, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч иргэн Ч.С-ос 2021 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр шилжүүлсэн 300.000 төгрөг,

- Иргэн О.С-аас 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр шилжүүлсэн 300.000 төгрөг,

- Иргэн Р.Л-гээс 2021 оны 9 дүгээр сарын 15, 19-ний өдрүүдэд шилжүүлсэн нийт 560.000 төгрөг,

- Иргэн Д.Б-ээс 2021 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр шилжүүлсэн 150.000 төгрөг,

- Иргэн Б.Э-аас 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр шилжүүлсэн 300.000 төгрөг бусдаас нийт 1.610.000 төгрөгийг М.Э-гийн эзэмшдэг Хаан банкны ... дугаарын дансаар өөртөө шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Б- шүүх хуралдаанд: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Хохирогч Ч.С- мөрдөн байцаалтад өгсөн: “...2021 оны 9 дүгээр сарын 01-ний хичээл сургууль эхэлсний дараа өдөр өнжүүлэх төвд бага охин Е-г явуулъя гэж бодож байсан юм. Тэгээд 2021 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр манай амьдардаг Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 51 дүгээр байрны 1 давхарт үйл ажиллагаа явуулдаг “...” нэртэй өдөр өнжүүлэх төвд орж Б- гэж хүнтэй уулзсан юм. Би Б- гэж хүнтэй уулзахад гэрийн даалгавар хийлгэнэ, хоцрогдол арилгана, төлбөр 1 сарын 300.000 төгрөг гэсэн. Тэгэхээр нь би хүүхдээ явуулъя гэж бодоод Б- гэж хүний надад өгсөн хаан банкны ... дугаарын данс руу өөрийн хаан банкны данснаас 300.000 төгрөг шилжүүлээд 2021 оны 9 дүгээр сарын 13-ны өдрөөс бага охин Е-г явуулж эхэлсэн. Тэгтэл би ч эхэндээ гайгүй байх гэж бодож байсан юм. Тэгээд хүүхдээ 5 хоног явуулаад даалгаврыг нь хийлгэсэн байна уу гэж үзэхэд даалгаврыг нь хийлгээгүй байсан. Тэгээд би яг хэдэн сарын хэдэн гэдгийг санахгүй байна хүүхдээ дагуулаад өдөр өнжүүлэх дээр нь очсон боловч өдөр өнжүүлэх нь хаалттай байсан. Б- гэж хүн рүү удаа дараа залгасан боловч утсаа огт авахгүй байсан. Сүүлдээ утас нь холбогдохоо больсон” гэсэн мэдүүлэг /хх-н 103-104/,

Хохирогч О.С-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Манай дунд охин Н- бага зэрэг хичээлийн хоцрогдолтой байсан юм. Тэгээд хүүхдийнхээ хоцрогдлыг арилгая гэж бодоод 56 дугаар сургуулийн баруун талд байрлах 51 дүгээр байрны 1 давхарт байрлаж байсан “...” нэртэй өдөр өнжүүлэх төв рүү орж Б- гэж эмэгтэйтэй уулзаж хүүхдээ өгье гэхэд “1 сарын 1 хүүхдийн төлбөр 300.000 төгрөг, хоцрогдол арилгана” гэж хэлсэн. Тэгэхээр нь хүүхдээ явуулъя гэж 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр “...” өдөр өнжүүлэх төв дотор байхдаа Б- гэж эмэгтэйгийн хэлсэн ... дугаарын данс руу Намуундарийн төлбөр гэж бичээд 300.000 төгрөгийг шилжүүлээд 2019 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс хүүхдээ өдөр өнжүүлэх төвд явуулсан. 2021 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр хүүхдээ хүргэж өгөх гээд өдөр өнжүүлэх төв дээр ирсэн чинь өдөр өнжүүлэх төв 80а байранд үйл ажиллагаа явуулахаар болсон, хүүхдээ 80а байранд хүргэж өгөөрэй гэсэн зар байхаар нь 80а байранд байдаг өдөр өнжүүлэх төвд очсон чинь бид нар тус тусдаа өдөр өнжүүлэх төв, Б- гэж хүнийх биш гэж хэлсэн. Энэ өдрөөс хойш Б- гэж хүнийг хүлээн мөн утас руу нь залгахад утсаа авахгүй байсан тул цагдаад хандаж байна. Өгсөн мөнгөө буцааж авмаар байна, хүний хүүхэд сургана гэж хэлж мөнгө авчихаад таг чиг алга болсонд гомдолтой байна” гэсэн мэдүүлэг /хх-н 11-12/,

Хохирогч Р.Л-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Манай амьдардаг байр болох Баянгол дүүргийн 6 дугаар хороо О-гийн 51 дүгээр байрны 1 давхарт “...” гэх хаягтай өдөр өнжүүлэх төв ажиллаж байсан юм. Би 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр “...” өдөр өнжүүлэх төв рүү орсон чинь өөрийгөө өдөр өнжүүлэх төвийн тэргүүн нь байна гээд Б- гэж эмэгтэй надтай уулзаад 1 хүүхэд 1 сарын төлбөр 300.000 төгрөг, 2 хүүхэд явуулбал 1 хүүхдийн 280.000 төгрөг болно гэсэн. Тэгэхээр нь би 2 хүүхдээ тэр өдөр өнжүүлэхэд явуулсан. 2021 оны 9 дүгээр арын 15-ны өдөр хүү Ө-ийг тэр өдөр өнжүүлэхэд явуулсан. 2021 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр 2 дугаар ангийн хүү Ч-гээ “...” өдөр өнжүүлэх төвд явуулж эхэлсэн. 2021 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Б- гэж хүний надад өгсөн Хаан банкны ... дугаарын данс руу 260.000 төгрөгийг шилжүүлсэн. 2021 оны 9 дүгээр сарын 17-ны өдрөөс хойш манай хүүхдүүд “...” өдөр өнжүүлэх төвд явж байсан юм. Тэгтэл 2021 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр өдөр өнжүүлэх төвд хүүхдээ өгөх гэсэн боловч хаалттай байсан. Тэгээд Б- гэж эмэгтэйгийн утас руу залгасан чинь утсаа авахгүй байснаа сүүлдээ утас нь холбогдохоо больсон. Тэр өдөр өнжүүлэх төвд математикийн багш нь гээд хүн байдаг гэсэн би гэхдээ тэр хүнийг хараагүй. 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр шиг санагдаж байна намайг очиход Монгол хэлний багш нь гээд настай хүн байсан. Б- гэж хүн өдөр өнжүүлэхэд анх манай хоёр хүүхдийг даалгаврыг нь хийлгэнэ, мөн сонгоны ангид хүүхдүүд бэлтгэнэ гэдэг байсан боловч манай хоёр хүүхдийг өдөр өнжүүлэхэд явах хугацаанд огт даалгаврыг нь хийлгээгүй байсан. Б- гэж хүн намайг залилсан тул хохирлыг барагдуулж өгнө үү” гэсэн мэдүүлэг /хх-н 64-65, 67/,

Хохирогч Д.Б-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Манай хоёр дахь хүүхэд болох Т.Билгүүн 56 дугаар сургуулийн 2-5 дугаар бүлэгт сурдаг юм. 2021 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр хүүхдээ сургуулиас нь аваад 10 дугаар хорооллын 51 дүгээр байрны хажууд явж байсан чинь 51 дүгээр байрны 1 давхарт “...” гэж хаягтай өдөр өнжүүлэх төв байхаар нь яваад орсон чинь настайвтар эмэгтэй хүн багш хийдэг гээд байж байхаар нь би хүүхдээ явуулах гэсэн юм гэж хэлсэн чинь манай менежертэй ярьчих гээд надад 90491199 гээд утасны дугаар өгсөн. Би 90491199 гэсэн дугаар руу залгасан чинь нэг эмэгтэй өөрийгөө Б- гэдэг өдөр өнжүүлэх ажиллуулдаг сарын төлбөр 1 хүүхдийн 300.000 төгрөг гэж хэлсэн. Тэгэхээр нь би хүүхдээ явуулъя одоо эхлээд тал төлбөр болох 150.000 төгрөгийг шилжүүлье би төлбөрийг нь 14 хоногоор өгье гэхэд тэр эмэгтэй зөвшөөрөөд миний 96026959 дугаарын утас руу хаан банкны ... дугаарын дансаа явуулсан. Би 2021 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр 17 цаг өнгөрч байхад Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хорооллын Номингийн АТМ-с 150.000 төгрөг шилжүүлсэн. 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн хооронд “...” өдөр өнжүүлэх төвд хүү Билгүүнийг явуулсан. 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн орой манай хүүхдийн хамар нь битүүрээд ханиалгаад байхаар нь 2021 оны 9 дүгээр сарын 23-ны өдрөөс 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл хүүхдээ өдөр өнжүүлэх төвд өгөхгүй байж байгаад 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хүүхдээ өгөх гээд очтол хаалга нь цоожтой, хаалган дээрээ “урд талын 80а байранд хичээллэнэ” гэсэн зар байхаар нь 80а байрны зүүн талд “...” нэртэй өдөр өнжүүлэх төв байхаар нь би очоод хүүхдээ өгье гэсэн чинь таны яриад байгаа өдөр өнжүүлэх төв манайхтай хамаа байхгүй, манайх тэр газраас чинь тусдаа үйл ажиллагаа явуулдаг газар гэж хэлсэн. Мөн 80а байранд өдөр өнжүүлэх ажиллуулж байсан эгч манайх одоогоор өдөр өнжүүлэх төв ажиллуулах зөвшөөрөл гараагүй байсан учир энэ нэрийг түр ашиглаж байгаа юм гэж хэлж байсан. “...” өдөр өнжүүлэх төвийн менежер нь Б- гэж махлагдуу шар эмэгтэй байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 48-49/,

Гэрч Э.Н-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр өдөр өнжүүлэх төвд багш авна гэсэн зар байхаар нь зарын дагуу Б- гэж хүнтэй утсаар холбогдож уулзаж Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 51 дүгээр байрны 1 давхарт байрлах “...” өдөр өнжүүлэх төвд багшлахаар болсон 1 сарын цалин 800.000 төгрөг, ажлын 5 өдөр ажиллана гэж тохироод 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдрөөс 9 дүгээр сарын 24-ний өдөр хүртэл ажилласан. Б- гэж эмэгтэй хүн ажиллуулж байсан юм. 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс хойш гэнэт Б- нь ажилдаа ирэхээ болиод утас нь холбогдохгүй таг чиг болсон. Би бол зөвхөн ажилладаг байсан. Б- гэж хүн хүүхдүүдийг хичээл сургуулиас нь авч ирж хүргэж өгдөг байснаа гэнэт байхгүй болсон. 2021 оны 9 дүгээр сарын 20-ноос 9 дүгээр сарын 24-ний өдрийн хооронд эцэг, эхчүүд хүүхдүүдээ авчрахаар нь хичээлийг нь зааж байгаад 2021 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Б- гэж хүний нөхөр Төмрөө гэх ах ирээд наад Б- чинь хүмүүст худлаа яриад мөнгийг нь аваад алга болчихлоо одоо хаасан нь дээр гэхээр нь би өдөр өнжүүлэх төвийг хаагаад түлхүүрийг нь Б- гэж хүний нөхөрт нь өгсөн. Миний ажиллаж байсан өдөр өнжүүлэх төв “... 2” гэж нэртэй байсан. Харин 81 дүгээр байранд ажиллаж байсан төв “... 1” гэж нэртэй байсан, энэ хоёр төв нь хоорондоо ямар ч хамааралгүй өөр, өөр хүн ажиллуулдаг. Б- нь надад ямар нэг юм хэлээгүй таг, чиг алга болсон. Б- гэж хүн миний ажилласан цалинг мөн өгөөгүй байгаа” гэсэн мэдүүлэг /хх-н 16-17/,

Гэрч Г.Д-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би М- гэж хүнээс Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 80а байрны 1, 2 тоотыг түрээсэлж 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс албан ёсоор гэрээ байгуулж ажиллаж байгаа. Манай өдөр өнжүүлэх одоо бол “Алтан түлхүүр” гэж нэртэй өмнө нь “...” нэртэй байсан. Гэхдээ нэр нь адилхан нэртэй нэг өдөр өнжүүлэх төв Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 51 дүгээр байранд ажилладаг байсан. Уг өдөр өнжүүлэх төвтэй манайх ямар нэг холбоо байхгүй, тэр өдөр өнжүүлэх төвийг Б- гэж хүн ажиллуулж байсан. 2021 оны 9 дүгээр сарын 26-ны өглөө хэсэг хүмүүс манай өдөр өнжүүлэх төвийн үүдэнд ирчихсэн 51 дүгээр байрны өдөр өнжүүлэх төвөөс ирлээ гэсэн. Тэгэхээр нь Б- руу залгаад юу болж байгаа юм гэхэд Б- хүүхдүүдийн төлбөр аваад алга болчихлоо та энэ хүүхдүүдийг аваач гэхээр нь 2021 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр ирсэн байсан 13 хүүдийг нэг өдөр авсан. Маргааш нь буюу 2021 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Б-д мөнгө өгсөн эцэг, эхчүүдтэй уулзаад Б-гийн асуудал манайхтай хамаагүй хоёр өөр газар, тэр хүнтэй холбоогүй та бүгд хүүхдээ явуулъя гэвэл өнөөдрөөс надтай шинэ гэрээ байгуулж төлбөрөө төлнө гэж хэлэхэд 6 хүүхэд нь манайхтай гэрээ байгуулж явахаар болсон. Үлдсэн хүүхдүүд нь явсан. Б-г бол зүс таних л хүн, нөхөр нь манай өдөр өнжүүлэх төв ажиллуулж байгаа байрны эзэн юм” гэсэн мэдүүлэг /хх-н 19-20/,

Гэрч М.Э-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Миний ... гэсэн дугаарын хаан банкны дансыг манай ээж Б.Б- ашигладаг. Миний данстай холбогдсон картыг манай ээж ашигладаг” гэсэн мэдүүлэг /хх-н 31/,

Яллагдагчаар Б.Б-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Надад сонсгож байгаа ялыг хүлээн зөвшөөрч байна” гэсэн мэдүүлэг /хх-н 117-119/,

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 43, 97/, хохирогч нарын өргөдөл /хх-н 5, 96/, мөнгө шилжүүлсэн баримт /хх-н 13/, депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-н 32-35, 50, 68-70, 86-87/, дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 36/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 121-131/, хохирогч нарын хүсэлт /хх-н 135-139/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу шүүгдэгч, хохирогч нар нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болно. 

Шүүгдэгч Б.Б- нь “гэрийн даалгавар хийлгэнэ, хичээлийн хоцрогдол арилгана, 1 сарын 1 хүүхдийн төлбөр 300.000 төгрөг, хүргэж өгч авна, 2 хүүхэд явуулбал 1 хүүхдийн 280.000 төгрөг болно” гэж Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 51 дүгээр байрны 1 дүгээр давхарт байрлах 2 тоот байранд “...” нэртэй өдөр өнжүүлэх төв ажиллуулах нэрийдлээр үргэлжилсэн үйлдлээр, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч иргэн Ч.С-ос 2021 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр шилжүүлсэн 300.000 төгрөг,

- Иргэн О.С-аас 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр шилжүүлсэн 300.000 төгрөг,

- Иргэн Р.Л-гээс 2021 оны 9 дүгээр сарын 15, 19-ний өдрүүдэд шилжүүлсэн нийт 560.000 төгрөг,

- Иргэн Д.Б-ээс 2021 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр шилжүүлсэн 150.000 төгрөг,

- Иргэн Б.Э-аас 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр шилжүүлсэн 300.000 төгрөг, бусдаас нийт 1.610.000 төгрөгийг М.Э-гийн эзэмшдэг Хаан банкны ... дугаарын дансаар өөртөө шилжүүлэн авч залилсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Ч.С-: “...Б- гэж хүнтэй уулзахад гэрийн даалгавар хийлгэнэ, хоцрогдол арилгана төлбөр 1 сарын 300.000 төгрөг гэсэн. Тэгэхээр нь би хүүхдээ явуулъя гэж бодоод Б- гэж хүний надад өгсөн хаан банкны ... дугаарын данс руу өөрийн хаан банкны данснаас 300.000 төгрөг шилжүүлээд 2021 оны 9 дүгээр сарын 13-ны өдрөөс бага охин Е-г явуулж эхэлсэн. Тэгтэл би ч эхэндээ гайгүй байх гэж бодож байсан юм. Тэгээд хүүхдээ 5 хоног явуулаад даалгаврыг нь хийлгэсэн байна уу гэж үзэхэд даалгаврыг нь хийлгээгүй байсан. Тэгээд би яг хэдэн сарын хэдэн гэдгийг  санахгүй байна хүүхдээ дагуулаад өдөр өнжүүлэх дээр нь очсон боловч өдөр өнжүүлэх нь хаалттай байсан. Б- гэж хүн рүү удаа дараа залгасан боловч утсаа огт авахгүй байсан. Сүүлдээ утас нь холбогдохоо больсон” гэсэн мэдүүлэг /хх-н 103-104/, хохирогч О.С-ын: “...“...” нэртэй өдөр өнжүүлэх төв рүү орж Б- гэж эмэгтэйтэй уулзаж хүүхдээ өгье гэхэд “1 сарын 1 хүүхдийн төлбөр 300.000 төгрөг хоцрогдол арилгана” гэж хэлсэн. Тэгэхээр нь хүүхдээ явуулъя гэж 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр “...” өдөр өнжүүлэх төв дотор байхдаа Б- гэж эмэгтэйгийн хэлсэн ... дугаарын данс руу Намуундарийн төлбөр гэж бичээд 300.000 төгрөгийг шилжүүлээд 2019 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс хүүхдээ өдөр өнжүүлэх төвд явуулсан” гэсэн мэдүүлэг /хх-н 11-12/, хохирогч Р.Л-гийн: “...2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр “...” өдөр өнжүүлэх төв рүү орсон чинь өөрийгөө өдөр өнжүүлэх төвийн тэргүүн нь байна гээд Б- гэж эмэгтэй надтай уулзаад 1 хүүхэд 1 сарын төлбөр 300.000 төгрөг, 2 хүүхэд явуулбал 1 хүүхдийн 280.000 төгрөг болно гэсэн. Тэгэхээр нь би 2 хүүхдээ тэр өдөр өнжүүлэхэд явуулсан. 2021 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Б- гэж хүний надад өгсөн Хаан банкны ... дугаарын данс руу 260.000 төгрөгийг шилжүүлсэн” гэсэн мэдүүлэг /хх-н 64-65, 67/, хохирогч Д.Б-ийн: “...Б- гэдэг өдөр өнжүүлэх ажиллуулдаг сарын төлбөр 1 хүүхдийн 300.000 төгрөг гэж хэлсэн. Тэгэхээр нь би хүүхдээ явуулъя одоо эхлээд тал төлбөр болох 150.000 төгрөгийг шилжүүлье би төлбөрийг нь 14 хоногоор өгье гэхэд тэр эмэгтэй зөвшөөрөөд миний 96026959 дугаарын утас руу хаан банкны ... дугаарын дансаа явуулсан. Би 2021 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр 17 цаг өнгөрч байхад Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хорооллын Номингийн АТМ-с 150.000 төгрөг шилжүүлсэн” гэсэн мэдүүлэг /хх-н 48-49/, гэрч Э.Н-ын: “...зарын дагуу Б- гэж хүнтэй утсаар холбогдож уулзаж Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 51 дүгээр байрны 1 давхарт байрлах “...” өдөр өнжүүлэх төвд багшлахаар болсон 1 сарын цалин 800.000 төгрөг, ажлын 5 өдөр ажиллана гэж тохироод 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдрөөс 9 дүгээр сарын 24-ний өдөр хүртэл ажилласан” гэсэн мэдүүлэг /хх-н 16-17/, гэрч Г.Д-гийн: “...Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 51 дүгээр байранд ажилладаг  өдөр өнжүүлэх төвтэй манайх ямар нэг холбоо байхгүй, тэр өдөр өнжүүлэх төвийг Б- гэж хүн ажиллуулж байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 19-20/, гэрч М.Э-гийн: “...Миний ... гэсэн дугаарын хаан банкны дансыг манай ээж Б.Б- ашигладаг. Миний данстай холбогдсон картыг манай ээж ашигладаг” гэсэн мэдүүлэг /хх-н 31/, депозит дансны дэлгэрэнгүй хуулга болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Б.Б-гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Б- нь өдөр өнжүүлэх төв ажиллуулна гэж хохирогч нараас төлбөр авч, бусдын эд хөрөнгийг залилсан нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Хохирогч нар нь мөрдөн байцаалтын шатанд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хохирлыг төлсөн гэж мэдүүлсэн, бичгээр хүсэлт /хх-н 135-139/ гаргасан тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байна. Хохирол нөхөн төлж хохирогчтой эвлэрсэн. Прокурорын санал болгосон эрүүгийн хариуцлагыг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн мэдүүлэг, хүсэлтүүд, хохирогчийн хүсэлт, эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдож байна.  

Прокуророос ялын төрөл хэмжээний талаар гаргасан “шүүгдэгч Б.Б-г  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүгдэгчид танилцуулсан байх ба прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

          Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болно.   

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Б.Б-г “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-г 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

  3. Шүүгдэгч нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.

   4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

   5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

   6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.ОТГОНБАЯР