Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 2021/ШЦТ/817

 

 

 

 

 

    2021          12          09                                     2021/ШЦТ/817

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: М.Нарансолонго ,

Улсын яллагч: С.Цэрэндорж,

           Шүүгдэгч: Ц.Б- өөрийгөө өмгөөлөн оролцож тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ц.Б-д холбогдуулж яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2105000001834 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Ц.Б-,  .... тоот регистртэй,

Шүүгдэгч Ц.Б- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 10 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 1 дүгээр гудамжны 4 тоотод байрлах монгол гэрт С.Л-ыг эхнэр Д.П-тэй хардсаны улмаас хутга гарган маргалдаж улмаар эхнэр Д.П-ийг салгах үед түүний нүүр хэсэгт нэг удаа гараараа цохиж, хутгаар уруул хэсэгт зүсэж дээд уруул, баруун сарвууны 2, 3, 4 дүгээр хуруунд шарх, хамарт цус хуралт, дээд уруулд зөөлөн эдийн няцрал бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ц.Б- шүүх хуралдаанд: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Хохирогч Д.П-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 22 цагийн үед Баянгол дүүргийн 10 дугаар хороо, 0/1-04 тоот гэртээ охин Б-тай байж байсан чинь Өвөрхангай аймгаас Л- манайд ирсэн. Би Л-д хоол, цай хийж өгөөд охины хамт унтахаар ор засаад Л-д газраар ор засаж өгсөн. Би охиноо унтуулаад Л-тай хамт газар нэг оронд унтаж байсан чинь шөнийн 02 цагийн үед хаалганы түгжээ эвдээд үл таних хүн орж ирээд Л-ын толгой хэсэг рүү гараараа цохисон. Охин сэрээд гэрлээ асуусан чинь Б- байж байсан. Би хувцсаа өмсөөд боссон чинь Б-, Л-тай зодоон хийгээд байсан. Би тэр хоёрын дундуур нь ороод зодоон хийхийг нь болиулаад дунд нь зогсож байсан чинь Б- шар эрээн өнгийн хутга /хаанаас гаргаж ирсэн талаар сайн хараагүй/ гаргаж ирээд Л-д хандаж “чамайг хутгалж ална” гэж хэлээд Л- руу дайрах үед нь би Б-д хандаж “болиоч” гэж хэлсэн чинь Б- миний хамар хэсэг рүү хутга барьсан гараараа цохиод хутгаа шувтарч авах үед шар хийх чимээ гараад миний дээд уруулын хэсгээс их хэмжээний цус гарсан. Би цусаа тогтоох гээд даавуугаар дараад сууж байсан чинь Б-, Л-ыг ална гэж хэлээд хутгаа бариад түүн рүү дайрсан чинь Л- эсэргүүцээд тэр хоёр гэрийн баруун талд байх орон дээр барилцаж авсан. Л- Б-ийн барьсан хутганы үзүүр хэсгээс барьж аваад дарсан чинь хутга хугарсан. Тэгээд тэр хоёр салаад Л- Б- хоёр гэрээс гараад явсан. Удалгүй гэрийн гадна зодоон хийж байгаад больцгоосон. Б- согтуу, Л- эрүүл байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 25-27/,

Гэрч С.Л-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Д.П- гэх эмэгтэйтэй бид хоёр Өвөрхангай аймгийн Өлзийт сум 3 дугаар багийн нутаг дэвсгэрт хамт өссөн. П- 2021 оны 9 дүгээр сараас эхлэн өөрийн нөхөр Б-өөс тусдаа амьдарч байгаа талаараа надад хэлээд бид хоёр тэр үеэс хойш дотно харилцаатай байх болсон бөгөөд би хөдөө гэртээ байж байгаад 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 13 цагийн үед Өвөрхангай аймгаас гараад орой 21 цаг өнгөрч байх үед Баянгол дүүргийн 10 дугаар хороо, 0/1-4 тоот хашаанд ирээд найз П-ийн гэрт орох үед гэрт П- түүний охин Б- нар байсан. П- надад хоол цай хийж өгөөд би тэрийг нь идэж, ууж дуусаад гэрийн баруун орон дээр П- охины хамт би гэрийн хоймор хэсэгт ганцаараа унтаж байсан чинь 2021 оны 10 дугаар сарын 14-нөөс 2021 оны 10 дугаар сарын 15-нд шилжих шөнийн 02 цаг өнгөрч байх үед гэрийн хаалганы түгжээг мулт татаад үл таних хүн орж ирээд “та хоёр миний охины дэргэд унтлаа” гэж хэлээд над руу дайрч миний дээрээс дарсан. Охин Б- гэрэл асаасан чинь Б- байж байсан. Бид хоёр барилцаж, ноцолдож байгаад салсан чинь Б- шар өнгийн иштэй хутга гаргаж ирээд надад хандаж “чамайг ална” гэж хэлээд дайрах үед П- түүнийг болиулах гээд урдуур нь орсон чинь хутга барьсан гараараа П-ийн хамар хэсэг рүү цохиж хутгаараа дээд уруул хэсгийг нь зүссэн. П- уруулаа бариад суух үед Б- надад хандаж “чамайг ална” гэж хэлээд над руу ирэх үед би түүний хутга барьсан гарыг нь барьж байгаад хутгыг нь орон дээр хөшөөд дарсан чинь хутга хугарсан. П-, Б- бид гурав нэг суманд өссөн, багаасаа нэгнийгээ мэддэг байсан. Б- нь намайг өөрийн эхнэр П-тэй хардаж хэрүүл маргаан хийгээд байсан. Тухайн үед би Б-тэй зуурч ноцолдож байгаад хутганы үзүүр буюу ир байх хэсгийг хугалсан. Б- хутганы иш барьсан гараараа миний зүүн дал хэсэгт цохисон бөгөөд миний биед ямар нэгэн хөхрөлт няцралт байхгүй байсан. Миний биед хутга нэвтэрч орсон зүйл байхгүй. Мөн биед ямар нэг гэмтэл тухайн үед учраагүй” гэсэн дүгнэлт /хх-н 32-36/,

Шинжээчийн 9943 тоот дүгнэлтэд: “...Д.П-ийн биед дээр уруул, баруун сарвууны 2, 3, 4-р хуруунд шарх, хамарт цус хуралт, дээд уруулд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх дээд уруул, баруун сарвууны шарх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн 2 удаагийн, хамрын цус хуралт, дээд уруулын зөөлөн эдийн  няцрал гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах ба тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд учирсан байх боломжтой шинэ гэмтэл болно. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хх-н 48-49/,

Яллагдагчаар Ц.Б-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Надад сонсгож байгаа ялыг хүлээн зөвшөөрч байна. Миний бие өөрийн хийсэн үйлдэлд маш ихээр гэмшиж байна. Би хохирогчид эмчилгээний зардал болгож 165.000 төгрөг өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-н 65-66/,

Гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-н 5/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 7/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 8-10/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 16-20/, хохирлын баримтууд /хх-н 21/, эд зүйлийн үнэлгээ /хх-н 55-56/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 67, 70-72, 75-82, 86-88/, хохирогчийн хүсэлт /хх-н 90/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу шүүгдэгч, хохирогч нар нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болно. 

Шүүгдэгч Ц.Б- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 10 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 1 дүгээр гудамжны 4 тоотод байрлах монгол гэрт С.Л-ыг эхнэр Д.П-тэй хардсаны улмаас хутга гарган маргалдаж улмаар эхнэр Д.П-ийг салгах үед түүний нүүр хэсэгт нэг удаа гараараа цохиж, хутгаар уруул хэсэгт зүсэж дээд уруул, баруун сарвууны 2, 3, 4 дүгээр хуруунд шарх, хамарт цус хуралт, дээд уруулд зөөлөн эдийн няцрал бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Д.П-ийн: “...шөнийн 02 цагийн үед хаалганы түгжээ эвдээд үл таних хүн орж ирээд Л-ын толгой хэсэг рүү гараараа цохисон. Охин сэрээд гэрлээ асуусан чинь Б- байж байсан. Би хувцсаа өмсөөд боссон чинь Б-, Л-тай зодоон хийгээд байсан. Би тэр хоёрын дундуур нь ороод зодоон хийхийг нь болиулаад дунд нь зогсож байсан чинь Б- шар, эрээн өнгийн хутга /хаанаас гаргаж ирсэн талаар сайн хараагүй/ гаргаж ирээд Л-д хандаж “чамайг хутгалж ална” гэж хэлээд Л- руу дайрах үед нь би Б-д хандаж “болиоч” гэж хэлсэн чинь Б- миний хамар хэсэг рүү хутга барьсан гараараа цохиод хутгаа шувтарч авах үед шар хийх чимээ гараад миний дээд уруулын хэсгээс их хэмжээний цус гарсан” гэсэн мэдүүлэг /хх-н 25-27/, гэрч С.Л-ын: “...2021 оны 10 дугаар сарын 14-нөөс 2021 оны 10 дугаар сарын 15-нд шилжих шөнийн 02 цаг өнгөрч байх үед гэрийн хаалганы түгжээг мулт татаад үл  таних хүн орж ирээд “та хоёр миний охины дэргэд унтлаа” гэж хэлээд над руу дайрч миний дээрээс дарсан. Охин Б- гэрэл асаасан чинь Б- байж байсан. Бид хоёр барилцаж, ноцолдож байгаад салсан чинь Б- шар өнгийн иштэй хутга гаргаж ирээд надад хандаж “чамайг ална” гэж хэлээд дайрах үед П- түүнийг болиулах гээд урдуур нь орсон чинь хутга барьсан гараараа П-ийн хамар хэсэг рүү цохиж хутгаараа дээд уруул хэсгийг нь зүссэн” гэсэн дүгнэлт /хх-н 32-36/, шинжээчийн 9943 тоот дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Ц.Б- нь салсан эхнэр Д.П-ийг гэрч С.Латай хардаж, улмаар С.Латай ноцолдож байх үед нь дундуур нь орж салгах гэсэн эхнэр Д.П-ийг хутгатай гараараа цохих үедээ уруулыг нь зүсэж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан байх ба гэрийн бүлийн харилцан хамаарал бүхий этгээдүүд хэн нэгэндээ гэмтэл учруулсан үйлдэл бүрийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй тул прокурорын яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, заалт үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ц.Б-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул шүүгдэгчид холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Ц.Б- нь эхнэр Д.П-ийг гэрч С.Латай хардаж, гэрч С.Л-тай маргалдаж, ноцолдож байхад дундуур нь орж салгах гэсэн хохирогч Д.П-ийг цохиж, хутгаар уруул хэсэгт нь зүсэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

Хохирогч нь мөрдөн байцаалтын шатанд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн, бичгээр хүсэлт /хх-н 90/ гаргасан тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байна. Хохирол нөхөн төлж хохирогчтой эвлэрсэн. Прокурорын санал болгосон эрүүгийн хариуцлагыг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн мэдүүлэг, хүсэлтүүд, хохирогчийн хүсэлт, эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдож байна.  

Прокуророос ялын төрөл хэмжээний талаар гаргасан “шүүгдэгч Ц.Б-ийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ял” оногдуулах саналыг шүүгдэгчид танилцуулсан байх ба прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

          Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нийт урт 19 см, хутганы ажлын хэсгийн урт 9.5 см, иш хэсгийн урд 9.5 см, иш болон ажлын хэсэг хэсгээрээ хугарсан шар өнгийн иштэй хутга 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болно.   

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Ц.Б-ийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-д 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

  3. Шүүгдэгч нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.

   4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн нийт урт 19 см, хутганы ажлын хэсгийн урт 9.5 см, иш хэсгийн урд 9.5 см, иш болон ажлын хэсэг хэсгээрээ хугарсан шар өнгийн иштэй хутга 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

  5. Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

  7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Б-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.ОТГОНБАЯР