Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 221/МА2019/0550

 

Н.Ц-ын гомдолтой

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Цогт даргалж, шүүгч С.Мөнхжаргал, Ц.Сайхантуяа нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, гомдол гаргагч Н.Ц, хариуцагч улсын байцаагч Г.Ц нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 128/ШШ2019/0566 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргагчийн давж заалдах гомдлын дагуу Н.Ц-ын гомдолтой, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, газар, геологи, уул уурхайн хэлтсийн хяналтын улсын байцаагч Г.Цид холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Сайхантуяагийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 128/ШШ2019/0566 дугаар шийдвэрээр: Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 10.1-д заасныг үндэслэн Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, газар, геологи, уул уурхайн хэлтсийн хяналтын улсын байцаагч Г.Цийн 2018 оны 12 дугаар сарын 19-ний 0066258 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлага бүхий Н.Ц-ын гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж тус тус шийдвэрлэжээ.

Гомдол гаргагч Н.Ц давж заалдах гомдолдоо: ...Мэргэжлийн хяналтын байгууллагын тавьсан эзэн холбогдогчийн гарын үсэггүй хууль бус баримтаар зөрчил үүсгэснийг хамгаалаад байгаа нь хуульд нийцсэнгүй гэж иргэн би үзэж гомдолтой байна. Би энэ хавтаст хэрэгт гомдол гаргагч хэн болох, газрын тухай асуудал яаж эхэлсэн, ямар шийдвэр гарсан тухай Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын 2013 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 243 дугаар тогтоолыг бүрэн эхээр нь хавсаргасан. Мөн үүнтэй холбогдуулж Нийслэлийн Өмчийн харилцааны газраас Чингэлтэй дүүргийн газрын албанд хийгдсэн шалгалт удаа дараагийн мониторингийн дүгнэлт, дэд дарга нарын албан бичгүүдийг хавсаргасан. Ер нь энэ хавтаст хэрэгт нэхэмжлэгч миний хангалттай нотлох баримт бий. Энэ анхан шатны шүүхийн шүүгч нь миний нэхэмжлэлийн шаардлагаас нэг ч асуудлыг шударгаар шийдэж өгсөнгүй. Би Зөрчлийн хуулиар шийтгүүлэх ямар ч зөрчил гаргаагүй. Энэ газартаа 20-иод жил амьдарч байгаа иргэн мөн тул үнэн билэгтэй, худал балагтайн асуудлыг шударгаар шийдвэрлэж өгөхийг хүсч байна. Иймээс анхан шатны шүүхийн 566 дугаар шийдвэрийг хэрэгсэхгүй болгож, хууль бус зөрчлийн торгуулиар иргэн намайг хохироосон 500.000 төгрөгийн торгуулийг хүчингүй болгож өгөхийг хүсч байна гэв.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хуулийн шаардлага хангаагүй нотлох баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосны улмаас давж заалдах шатны шүүх маргаж буй шийтгэлийн хуудас нь зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан эсэх, гомдол гаргагчийн давж заалдах гомдол үндэслэлтэй эсэхэд дүгнэлт өгч, хэргийг хянаж эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна.

Өөрөөр хэлбэл, хариуцагч Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, газар, геологи, уул уурхайн хэлтсийн хяналтын улсын байцаагч Г.Ц гомдол гаргагч Н.Ц нь нийтийн эзэмшлийн гудамж талбайд модон жорлон, муу усны нүх, гражийн бетонон суурь цутгаж орц, гарц хааж Газрын тухай хуулийг зөрчсөн гэх үндэслэлээр Н.Цд 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 10.1-д заасны дагуу 500.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн гэх 0066258 дугаартай шийтгэлийн хуудас нь хэрэгт нотлох баримтын шаардлага хангахгүй, судлагдах боломжгүй /хуулбар хувь бичиг үсэг нь балархай/ байдлаар авагдсан байхад шүүх түүнийг хянан шийдвэрлэх боломжгүй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч өөрийн шаардлага ба татгалзлаа үндэслэж байгаа, шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан арга хэрэгслээр олж авсан бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ, 34 дүгээр зүйлийн 34.5-д Нотлох баримт гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчиж олж авсан нотлох баримт нотлох чадвараа алдах бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй, 38 дугаар зүйлийн 38.4-д Төрийн байгууллага, хуулийн этгээд нь бичмэл нотлох баримтыг өөрийн байгууллагын архивын хуулбар үнэн гэсэн тэмдэг дарж баталгаажуулна гэж тус тус зааснаас үзвэл шүүх төрийн байгууллага, албан тушаалтнаас хэрэгт хамааралтай, нотолгооны ач холбогдолтой бичмэл нотлох баримтыг гаргуулан авч хэрэгт хавсарган, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгохдоо тухайн байгууллагын архивын хуулбар үнэн тэмдэг дарагдсан тохиолдолд уг баримтыг үнэлж болохоор байна.

Өөрөөр хэлбэл, хавтаст хэрэгт авагдсан /80 дугаар хуудаснаас 129 дүгээр хуудас хүртэлх/ зөрчлийн хэргийн материал нь дээрх бичмэл нотлох баримтын шаардлагыг хангахгүй буюу нотариатаар гэрчлүүлээгүй, хуулбар үнэн тэмдэг дарагдаагүй байх тул шүүх уг баримтыг үнэлж, хэргийг хянан шийдвэрлэх учиргүй.

Гэтэл анхан шатны шүүхээс уг нотлох баримтуудыг үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож, маргаж буй шийтгэлийн хуудсаар Н.Цд шийтгэл оногдуулсан хариуцагчийн үйлдэл хуульд нийцсэн байна гэж дүгнэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг зөрчихөд хүрсэн байна.

Түүнчлэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2-т зааснаас үзвэл хариуцагч нэхэмжлэлийн хувийг гардан авснаас хойш шүүхээс тогтоосон хугацаанд хариу тайлбараа бичгээр гаргахаар хуульчилсан байхад анхан шатны шүүх Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, газар, геологи, уул уурхайн хэлтсийн хяналтын улсын байцаагч Г.Цид 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулсан атлаа хариуцагчаас бус Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас хариу тайлбарыг бичгээр авсан байгааг тэмдэглэх нь зүйтэй.

Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.  Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 128/ШШ2019/0566 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт заасныг баримтлан гомдол гаргагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ Ц.ЦОГТ

ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ

ШҮҮГЧ Ц.САЙХАНТУЯА