Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 2016/ШЦТ/138

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


                                                                                                    Хэргийн индекс: 171/2016/0155/Э

       Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Баттулга даргалж,  
       Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Золбаяр 
         Улсын яллагчаар Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Яндаг
       Шүүгдэгчийн өмгөөлөгч ***
        Шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

        Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т заасан гэмт хэрэгт *** тоот дугаартай эрүүгийн хэргийг  2016 оны 06 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

       Шүүгдэгчийн биеийн байцаалт: 

       Монгол Улсын иргэн, ***
       Үйлдсэн хэргийн талаар:
 
       Шүүгдэгч *** нь архидан согтуурсан үедээ 2016 оны 05 дугаар сарын 07-оос 08-нд шилжих шөнө 00 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэр Буудай зочид буудлын урд зам дээр *** улсын дугаартай  Мазда Демо маркийн  авто машиныг жолоодож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлгийн 2.7-ийн “а”  заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, иргэн *** мөргөж  бие мах бодид нь хүндэвтэр гэмтэл учруулж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журмыг зөрчсөн гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/  
        
         Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

        Шүүгдэгч *** мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2016 оны 05 дугаар сарын 07-ны орой 21 цагийн орчим манай  найз *** нар манай гэрт ирж нэг шил 0.75 граммын архи, 2 литрийн Боргио нэртэй пиво уусан юм. Би ***  гэрт нь хүргэж өгөх гээд 23 цагийн үед хадам ахын *** улсын дугаартай Мазда Демо маркийн тээврийн хэрэгслийг жолоодон найз ***  хамт *** суулгаад 4-3 дугаар байрны 19 дүгээр орцны гаднаас хөдөлсөн. Тэгээд аюулгүйн тойрог уруудаад паркийн хажуугаар явдаг замаар явж байтал миний машины урд баруун гар талд замын хажууд нэг хүн зогсож байхыг харсан. Тэр хүн паркийн хашаа талаас гарч ирээд замын хажууд кармандаа гараа хийгээд зогсоод байсан тэгснээ урагшаа тонгойгоод зам руу ороод ирсэн. Би тэгээд  тормосоо гишгэсэн чинь тэр хүнийг очоод мөргөсөн. Би 70 км/цагийн хурдтай явж байсан юм. Би хохирогч *** уучлалт гуйж, эмчилгээний зардалд нь гарсан 800,000 төгрөгийг төлж барагдуулсан бөгөөд хохирогчийн зүгээс одоо надад ямар нэгэн гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн. Би өөрийн буруугаа ойлгож ийм хэрэгт холбогдсондоо маш их харамсаж байна. Ар гэрийн амьдрал ахуй 1 ой гарантай хүүхэд маань өвчтэй. Байнга бидний асаргаанд байдаг зэргийг харгалзан хуулийн хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэх мэдүүлэг /хэргийн 74 дэх тал/ 

       Хохирогч *** мөрдөн байцаалтад  өгсөн: “...Би 2016 оны 5 дугаар сарын 07- ны өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө сумаас Дархан-Уул аймагт ирсэн. Манай эмээ *** нас бараад би ажил явдалд нь оролцохоор ирсэн байсан юм. Тэгээд ажил явдлыг нь өнгөрөөгөөд 7 хоноод явна гэж байсан. 2016 оны 05 дугаар сарын 07-ны өдөр манай эмээгийн хамаатан *** Орхон аймгаас ирсэн байсан ба бид хоёр ажил явдлыг нь дуусгаад тэр өдөртөө хуучин Дарханд нэг бааранд орж 2 шил архи хувааж уугаад бид хоёр 22 цагийн үед тэр баарнаас гарч явсан. Би *** ахыг эгчийнх нь нөхөр болох ***  ахынд нь хүргэж өгөх гэж явсан ба тэднийд хүргэж өгөхөд бид хоёрт нэг шил архи задалж өгснийг бид хоёр хувааж уусан. *** ах уугаагүй би тэднийхээс ганцаараа 23 цаг 40 минутын үед гарч замдаа найз хүүхэн *** залгаж ярьж байсан. Зам хөндлөн гарах гэж байгаад машинд мөргүүлж миний баруун сүүжний яс цуурсан байсан өөр хугарсан няцарсан гэмтэл байгаагүй. Би нэгдсэн эмнэлгийн гэмтлийн тасагт 10 хоног хэвтэж эмчлүүлж байгаад гарсан. Надад *** ор хоног болон эмчилгээний зардлыг төлсөн одоо нэхэмжлэх зүйлгүй, санал гомдолгүй тул шүүх хуралдаанд оролцохгүй” гэх мэдүүлэг /хэргийн 26, 87 дахь тал/  
       
     Гэрч *** мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2016 оны 05 дугаар сарын 07-ны орой 19 цагийн үед найз Наранбаатарын гэрт нь төмөр тасдагч авах гэж очсон. Тэднийд очиход ***, *** нар архи, пиво ууж байсан. Тэгээд *** хүргэж өгөхөөр болсон. *** намайг хамт явъя гээд *** улсын дугаартай авто машиныг *** жолоодоод бид нар хамт гарсан. Тэгээд хуучин Дарханд *** хүргэж өгөөд тойрог өнгөрөөд явж байтал гэнэт ***  талаар түс тас гээд явчихсан. Тэгээд зогсоод хартал нэг хүн замын хажууд хэвтэж байсан. Тэгээд *** бид хоёр тэр хүнийг эмнэлэгт хүргэж өгье гэхэд тэр машинд мөргүүлсөн ах байж бай гээд байсан. Тухайн үед машиныг *** жолоодон явсан” гэх мэдүүлэг /хэргийн 27 дахь тал/ 

       Гэрч *** мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2016 оны 05 дугаар сарын 07-ны өдөр гагнуурын ажил хийгээд харих гэж явж байгаад 17-18 цагийн үед зах дээр *** таарсан юм. Надтай хамт найз *** явж байсан юм. Тэгээд бид хэд ганц шил архи уухаар болоод бид гурав Хээтэйд байдаг *** н гэрт очиж архиа уухаар болж дэлгүүр орж 0.75 граммын Түмний хишиг нэртэй архи авч хувааж уусан бөгөөд орой болсон. Би өмнө нь хөлөө гэмтээсэн байсан тул ***  намайг гэрт хүргэж өгөхөөр болж тэр үед *** гэртээ харилаа гээд гараад явсан. Тэгээд байж байтал  ***, *** гэрт орж ирээд тэр хоёр намайг хүргэж өгөхөөр машиныг *** жолоодоод намайг хуучин Дарханы Биржийн урд авто машины зогсоол дээр буулгаж өгсөн. Тэгээд би таксинд суугаад Толгойтруу гэррүүгээ харьсан” гэх мэдүүлэг /хэргийн 28-р тал /

     Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 23 тоот дүгнэлтэд: “...Жолооч *** нь 2016 оны 05 дугаар сарын 07-ны орой М.ДЕМО маркийн ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа  Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлэг 2.7а  “жолооч согтууруулах ундаа мансууруулах бодис сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэсэн заалт мөн дүрмийн 9 дүгээр бүлэг 9.3 дахь  заалт “тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэсэн заалт, мөн дүрмийн 2 дугаар бүлэг 2-1а “механикжсан тээврийн хэрэгслийн жолооч тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхтэй явна” гэсэн заалтуудыг зөрчсөн.
     Явган зорчигч *** нь осол гарах үед Монгол Улсын ЗХД-ийн 3 дугаар бүлэг 3.9-т заасан “өөрийгөө хянах жолоодох чадваргүй үедээ зорчих хэсгээр явахыг хориглоно гэсэн заалтыг зөрчсөн байна” гэжээ. /хэргийн 33 дахь тал/ 

     Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 555 тоот шинжээчийн дүгнэлтэд: “...*** биед аарцгийн баруун талын умдаг суудал ясны хугарал, зүүн ташаа баруун гуяны дээд 1/3-ын гадна хуйхны зулгаралтын гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь зам тээврийн ослын үед  хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой бөгөөд ГЗТЖ-н журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэргийн гэмтэл болно” гэх дүгнэлт. / хэргийн 42 дахь тал/

       Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 84 дэх тал/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

       Шүүгдэгч *** нь  2016 оны 05 дугаар сарын      07-оос 08-нд шилжих шөнө 00 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэр Буудай зочид буудлын урд зам дээр *** улсын дугаартай Мазда Демо маркийн  авто машиныг жолоодож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлэг 2.7 а  заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, иргэн *** мөргөж бие мах бодид нь хүндэвтэр гэмтэл учруулж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журмыг зөрчсөн гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч ***, хохирогч ***, гэрч ***, ***нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, Замын Цагдаагийн тасгийн шинжээчийн 23 тоот дүгнэлт, Шүүх эмнэлгийн шинжээчийн *** тоот дүгнэлт болон бусад бигийн баримтудаар нотлогдон тогтоогдож байна. 
  
        Дархан-Уул аймгийн Прокурорын газраас *** үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар зүйлчлэн ирүүлсэн яллах дүгнэлтийн зүйлчлэл тохирч байна. 
        Иймд шүүгдэгч *** тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчсөн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутад тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна. 

        Шүүгдэгч *** хувийн байдал гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзэв. 

          Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  283. 284, 286. 290 дугаар зүйлийн 290.3, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

                                                       ТОГТООХ нь: 

       1. Шүүгдэгч *** тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчиж бусдын бие мах бодид хүндэвтэр  гэмтэл учруулсан  гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

       2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т  зааснаар шүүгдэгч *** тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн  хугацаагаар хасч, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй. 

       3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар *** оногдуулсан 2  /хоёр/ жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид  эдлүүлсүгэй.

       4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-т зааснаар *** оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэн тэнсэж 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзсугай. 
  
       5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4-т зааснаар *** засрал хүмүүжилд хяналт тавьж ажиллахыг Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай. 

         6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.5 дахь хэсэгт зааснаар тэнсэгдсэн ялтан *** нь тэнсэж хянан харгалзсан хугацаанд захиргааны шийтгэл хүлээвэл Цагдаагийн газрын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шүүх шийдвэрлэх болохыг сануулсугай.  

        7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч *** нь  хохирогч *** 800,000 төгрөгийн хохирол төлсөн одоо төлөх төлбөргүйг дурдсугай.   
  
        8. Шүүгдэгч *** нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эд хөрөнгө  битүүмжлээгүй  ба эд мөрийн баримтаар ***  дугаартай тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн “В” ангиллын үнэмлэх  хураагдаж ирсэн болохыг тус тус дурдсугай. 

        9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2-т зааснаар *** тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж, ялтан хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийтгэх тогтоолыг үл биелүүлбэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 258 дугаар зүйлд зааснаар хариуцлага хүлээлгэхийг сануулж, *** 8*** дугаартай жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц гүйцэтгэх хуудсын хамт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлэхийг шүүгчийн туслах *** даалгасугай. 

        10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан Уул аймгийн Эрүүгийн хэргийн  давж заалдах шатны шүүхэд давж заалдах  гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
    
         11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-т зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл *** урьд авсан бусдын батлан даалтад өгөх  таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.


                        
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         П. БАТТУЛГА.