Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 08 сарын 13 өдөр

Дугаар 483

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Долгорсүрэн даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.О, нэхэмжлэгч С.С, хариуцагч Ж.Ц нарыг оролцуулан С.М-ийн гомдолтой, С.З.Х Ж.Ц-д холбогдох захиргааны хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийв.

Гомдол гаргагч: С.М

Хариуцагч: С.З.Х-ын улсын байцаагч Ж.Ц

Гомдлын шаардлага: “Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт, шалгалт зохицуулалтын газрын хянан шалгагч, улсын байцаагч Ж.Ц ын гаргасан зөрчлийн шийтгэл оногдуулах тухай 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 0055508 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.М шүүхэд гаргасан гомдолдоо: “Санхүүгийн зохицуулах хорооны хяналт, зохицуулалтын газрын хянан шалгах, улсын байцаагч Ж.Ц ын гаргасан зөрчлийн шийтгэл оногдуулах тухай 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 0055508 тоот шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

“А з” ХК-ийн үнэт цаасны үнэ ханшийг зохиомлоор өсгөөгүй, ингэж өсгөх боломж миний хувьд байхгүй, түүнчлэн харилцагчийг хууран мэхлээгүй, бодит байдлыг дурдвал,

С овогтой М миний бие нь “А К Г ҮЦК” ХХК-д брокерийн ажил хийдэг байсан.

Анх 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдөр С.М миний бие өөрийн 4982..-LI дугаартай дансаар “А з” ХК-ийн 398 ширхэг хувьцааг худалдан авах захиалга өгсөн. 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдөр М х бийн веб сайт дээр нийтлэгдсэн “А з” ХК-ийн санхүүгийн тайланг үндэслэн дээрх хувьцааг худалдан авсан.

Үүнд: Орлого үр дүнгийн тайланд цэвэр ашиг 286.9 сая төгрөг буюу өнгөрсөн жилээс 166% хувиар өссөн. Дансны үнэ буюу балансын үнэ 170,966 төгрөг буюу зах зээлийн үнэ дансныхаа үнээс 242 дахин бага байсан учраас худалдан авах захиалга өгсөн.

2018 оны 05 дугаар сарын 16-ны өдөр “А К Г ҮЦК” ХХК-ийн харилцагч 33812-FC дугаартай Т Т С “А з” ХК-ийн 1 ширхэг хувьцааг 694.35 төгрөгөөр зарахаар цахим шуудангаар захиалга өгсөн.

Дараа өдөр болох 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн өглөөний 09 цаг 40 минутад нээлтийн дуудлага худалдаа эхлэх үед би өөрийн данс болох 4982..-LI дугаартай данснаас 798.50 төгрөгөөр 198 ширхгийг худалдан авах захиалга өгсөн. /Нээлтийн дуудлага арилжаа буюу үнэ хаялцуулах дуудлага худалдаа нь захиалгын санд хэн хамгийн хурдан шивж чадна түүний захиалга хамгийн түрүүнд шивэгддэг гэсэн үг/ 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн өглөөний 10 цаг 40 минутын үед манай компанийн харилцагч Т Т С 1 ширхэг “А з” ХК-ийн хувьцааг зарахаар цахим шуудангаар захиалга өгсөн. Энэ өдөр миний худалдан авахаар өгсөн 198 ширхэг хувьцааны саналаас 1 ширхэг нь биелэгдэж захиалгын санд 197 ширхэг хувьцаа худалдан авах санал нь үлдсэн.

2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн өглөөний 09 цаг 40 минутад нээлтийн дуудлага арилжаа эхлэх үед би өөрийн данс болох 4982..-LI дугаартай өмнөх өдрийн өгсөн захиалгыг өөрчлөн 918.27 төгрөгөөр 89 ширхгийг худалдан авахаар захиалга өгсөн. Арилжааны цаг эхэлснээс хойш 1 цаг гаруй хугацааны дараа харилцагч Т Т С нь “А з" ХК-ийн хувьцаа 1 ширхгийг 918.27 /есөн зуун арван найман төгрөг, хорин долоон мөнгөөр/ цахим шуудангаар зарахаар захиалга өгсөн. Энэ өдөр миний худалдан авах 89 ширхэг хувьцааны саналаас 1 ширхэг нь биелэгдэж захиалгын санд 88 ширхэг хувьцаа худалдан авах санал нь үлдсэн.

2018 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн өглөөний 09 цаг 40 минутад нээлтийн дуудлага арилжаа эхлэх үед би өөрийн данс болох 4982..-LI дугаартай дугаартай өмнөх өдрийн өгсөн захиалгыг өөрчлөн 1056 төгрөгөөр 78 ширхгийг худалдан авахаар захиалга өгсөн. Арилжааны цаг эхлээд 10 цаг 46 минутын үед харилцагч Т Т С нь “А з” ХК-ийн хувьцаа 1 ширхгийг 1056 төгрөгөөр зарахаар цахим шуудангаар захиалга өгсөн. Энэ өдөр миний худалдан авах 78 ширхэг хувьцааны саналаас 1 ширхэг нь биелэгдэж захиалгын санд 77 ширхэг хувьцаа худалдан авах санал нь үлдсэн.

2018 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн өглөөний 09 цаг 40 минутад нээлтийн дуудлага арилжаа эхлэх үед би өөрийн данс болох 4982..-LI дугаартай дугаартай өмнөх өдрийн өгсөн захиалгыг өөрчлөн 1214 төгрөгөөр 98 ширхгийг худалдан авахаар захиалга өгсөн. Арилжаа эхэлснээс хойш 11 цагийн үед харилцагч Т Т С нь “А з” ХК-ийн хувьцаа 1 ширхгийг 1214 төгрөгөөр зарахаар цахим шуудангаар захиалга өгсөн. Энэ өдөр миний худалдан авах 98 ширхэг хувьцааны саналаас 1 ширхэг нь биелэгдэж захиалгын санд 97 ширхэг хувьцаа худалдан авах санал нь үлдсэн.

2018 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн өглөөний 09 цаг 40 минутад нээлтийн дуудлага арилжаа эхлэх үед би өөрийн данс болох 4982..-LI дугаартай дансны өмнөх өдрийн өгсөн захиалгыг өөрчлөн 1396 төгрөгөөр 89 ширхгийг худалдан авахаар захиалга өгсөн. Арилжааны цаг эхлээд 10 цаг 34 минутын үед харилцагч Т Т С нь ‘‘А з” ХК-ийн хувьцаа 1 ширхгийг 1396 төгрөгөөр зарахаар цахим шуудангаар захиалга өгсөн. Энэ өдөр миний худалдан авах 89 ширхэг хувьцааны саналаас 1 ширхэг нь биелэгдэж захиалгын санд 88 ширхэг хувьцаа худалдан авах санал нь үлдсэн. Үүнээс хойш би өөрийн дансан дээр дахин худалдан авах захиалга өгөөгүй.

Дээрх 5 удаагийн худалдан авсан захиалга нь ханшийг зохиомлоор өсгөөгүй, М х бийн нээлтийн дуудлага арилжаа өглөөний 09 цаг 40 минутад эхэлдэг. Нийт 52 брокерийн компанийн дилерүүд хамгийн эрэлт өндөртэй хувьцаа нь дээр бүгд түрүүлж захиалга шивэхээр уралддаг. Үүнд С.М миний бие өөрийн ур чадвараар тухайн хувьцааг нээлтийн дуудлага арилжаа буюу үнэ хаялцуулах дуудлага худалдаагаар захиалгын санд хамгийн хурдан шивж 5 удаагийн захиалгаар нийтдээ 5 ширхэг хувьцааг 5,382 / таван мянга гурван зуун наян хоёр төгрөгөөр худалдан авсан.

“А К Г ҮЦК” ХХК-ийн харилцагч Т Т С нь 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрөөс 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн хооронд “А з” ХК-ийн хувьцааг зарахаар 20 удаагийн захиалга өгсөн нийт 26 ширхэг хувьцааг 110,937 төгрөгөөр зарсан. Миний бие “А з” ХК-ийн үнэ ханшийг зохиомлоор өсгөөгүй, ингэж өсгөх боломж миний хувьд байхгүй. Харилцагчийн өгсөн захиалгын дагуу тухай бүрт брокерийн ажил үүргийн дагуу захиалгыг хүлээн авч арилжааны програм руу шивдэг байсан.

М миний бие өөрийн дансан дээр “А з” ХК-ийн 5 ширхэг хувьцааг 5,382 / таван мянга гурван зуун наян хоёр/ төгрөгөөр худалдан авсан. Энэ нь харилцагчийг хууран мэхэлсэн гэж би үзэхгүй байна.

Өмнө нь 2014 онд Санхүүгийн зохицуулах хорооны байцаагчид хэн нэгний захиалгаар С.М миний биеийг үнэт цаасны зах зээл дээр ажиллах эрхийг нь минь цуцалж байсан. Тухайн үед бие ямар нэгэн гомдол мэдүүлээгүй өнгөрсөн. 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдөр С.М намайг 5382 төгрөгөөр “А з” ХК-ийн хувьцааг худалдан авсны төлөө Санхүүгийн зохицуулах хорооны байцаагчид зөрчлийн хуулиар 2 сая төгрөгийн торгууль тавьсан нь шударга ёсонд огт нийцэхгүй байна. Дээрх асуудлаас болж би ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн. Миний хувьд ямар нэгэн буруу зүйл хийгээгүй, ажиллаа зохих ёс журмын дагуу хийсээр ирсэн.

Доорх хүснэгтэд би өөрийн данс 4982..-LI дээр худалдан авсан өдрүүдийн захиалгыг тодоор тэмдэглэв.

     №

Ханш

 

Арилжигдсан

     Дээд

   Доод

  Нээлт

   Хаалт

   Ширхэг

Үнийн дүн

   Огноо

1

694.35

94 5

694.35

694.35

1

694.35

5/16/2018

2

798.5

798.5

798.5

798.5

1

798.5

5/18/2018

3

918.27

918.27

918.27

918.27

1

918.27

5/21/2018

4

1056

1056

1056

1056

1

1056

5/22/2018

5

1214

1214

1214

1214

1

1214

5/24/2018

6

1396

1396

1396

1396

1

1396

5/25/2018

7

/

1605

1605

1605

1605

1

1605

5/28/2018

8

1845

1845

1845

1845

1

1845

5/29/2018

9

2121

2121

2121

2121

1

2121

5/30/2018

10

2439

2439

2439

2439

1

2439

5/31/2018

11

2804

2804

2804

2804

1

2804

6/4/2018

12

3224

3224

3224

3224

1

3224

6/6/2018

13

3707

          3707

3707

3707

1

3707

6/7/2018

14

4263

4263

4263

4263

1

4263

6/8/2018

15

4902

4902

4902

4902

1

4902

6/11/2018

16

5635

5635

5635

5635

2

1 1270

6/12/2018

17

6480

          6480

6480

6480

4

25920

6/13/2018

18

7450

         7450

7450

7450

3

22350

6/14/2018

19

8565

          8565

8565

8565

1

8565

6/15/2018

20

9845

9845

9845

9845

1

9845

6/18/2018

                 

Эх сурвалж: М х бийн веб сайт http://mse.mn/mn/company/227

Асуудлыг хянан үнэн зөв шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

                 Хариуцагч С.З.Х Ж.Ц шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Санхуүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын хянан шалгагч, улсын байцаагч Ж.Ц надад холбогдох С.М-ийн нэхэмжлэлтэй хэрэгт нэхэмжлэгчийн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан гомдолтой танилцаад бүхэлд нь эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна.

                 Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын хянан шалгагч Ж.Ц ын “А К Г ҮЦК” ХХК-ийн брокер С.Мд холбогдуулан “А з” ХК-ийн хувьцааны ханшийг зохиомлоор өсгөж Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, 80.2, 80.3-т заасныг зөрчсөний улмаас Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 11.10 дугаар зүйлийн 7.3, 7.4-т заасны дагуу торгууль оногдуулсан 0055508 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:

                 "М х б” ТӨХК-иас Хороонд 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 1/388 тоот албан бичгээр “А з” ХК-ийн хувьцааны ханш 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдрөөс 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрүүдийн хооронд огцом өссөн өөрчлөлттэй холбоотойгоор Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 74 дүгээр зүйл (Өөрийгөө зохицуулах байгууллага болон Хороо хоорондын харилцаа)-ийн 74.1-д “Өөрийгөө зохицуулах байгууллага нь түүний гишүүдээс хууль тогтоомж, байгууллагын дүрэм, журмыг зөрчсөн талаар болон уг зөрчилтэй холбогдуулан авч хэрэгжүүлсэн арга хэмжээний тухай Хороонд нэн даруй мэдэгдэх үүрэгтэй” гэж заасны дагуу мэдэгдэл ирүүлсэн.

                 Дээрх албан бичгийг хянаж үзэхэд “А К Г ҮЦК” ХХК-ийн 416-BR болон тус компанийн брокер С.М-ийн 4982..-LI данснаас удаа дараа худалдан авах захиалгыг хийж гүйцэтгэсэн нь Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1-д “Үнэт цаасны зах зээлд хуурамч арилжаа хийх, үнэт цаасны үнэ ханшийг зохиомлоор тогтоох, үнэт цаасны зах зээлд оролцогч, харилцагчийг хууран мэхлэх замаар арилжаанд оролцуулах, эсхүл оролцуулахгүй байх болон бусад арга хэлбэрээр үнэт цаасны зах зээлийг урвуулан ашиглахыг хориглоно”, 80.2-т “Үнэт цаасны зах зээлд оролцогч, харилцагчийг төөрөгдүүлэх зорилгоор тодорхой үнэт цаасны өмчлөгч нь өөрчлөгдөөгүй боловч арилжаа идэвхтэй явагдаж байгаа дүр үзүүлэн хэлцэл хийх болон үгсэн хуйвалдах замаар тодорхой үнэт цаасыг худалдах, худалдан авах үнийг ойролцоо түвшинд захиалах, хэлцэл хийхийг хуурамч арилжаа хийсэн гэж үзнэ.” 80.3-д “Тодорхой үнэт цаасыг бусад этгээд худалдан авах, худалдан авахгүй байх, захиалах, захиалахгүй байх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор ханшийг өсгөх, бууруулах, тодорхой түвшинд барихад чиглэсэн хоёр ба түүнээс дээш хэлцэл хийсэн бол үнэт цаасны үнэ ханшийг зохиомлоор тогтоосон гэж үзнэ” гэж тус тус заасныг, мөн Санхүүгийн зохицуулах хорооны 2015 оны 155 дугаар тогтоолоор баталсан “Үнэт цаасны зах зээлийг урвуулан ашиглахаас сэргийлэх журам”-ын заалтуудыг зөрчсөн байж болзошгүй гэж үзээд 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Зөрчлийн хэрэг бүртгэлийн 1801000016 дугаартай зөрчлийн хэрэг нээсэн.

                 Тодруулбал “М х б” ТӨХК-ийн 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдрөөс 06 дугаар сарын 08-ны өдрүүдийн үнэт цаасны арилжаагаар “А з” ХК-ийн ханш огцом өссөн ба уг ханшийн 15 хувиар өсөлттэй гүйлгээнүүдэд мэргэжлийн оролцогч компани болох “А К Г ҮЦК” ХХК-ийн брокер С.М-ийн 4982..-L1 тоот данснаас удаа дараа авах захиалгыг өгч тус үнэт цаасны компанийн харилцагч “Т Т С” LLC компани цөөн тоогоор буюу 1 ширхэг хувьцаа зарах захиалгыг өгч “А з” ХК-ийн хувьцааг 798.1 төгрөгөөс 4263 төгрөг болгон зохиомлоор өсгөсөн нь “М х б” ТӨХК-аас 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдөр ирүүлсэн “А К Г ҮЦК” ХХК-ийн брокерийн 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдрөөс мөн оны 05 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх арилжааны мэдээ, мөн холбогдогч С.Мгээс авсан мэдүүлэг зэрэг баримтаар тогтоогдож байсан тул Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 11.10 дугаар зүйлийн 7.4-т “... эсхүл бусад арга хэлбэрээр үнэт цаасны зах зээлийг урвуулан ашигласан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол ... хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр ... торгоно” гэж заасны дагуу 2,000,000.00 (хоёр сая) төгрөгийн торгуулийн шийтгэл оногдуулсан болно.

                 Учир нь Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1-д “үнэт цаасны зах зээлд ... үнэт цаасны үнэ ханшийг зохиомлоор тогтоох ... болон бусад арга хэлбэрээр үнэт цаасны зах зээлийг урвуулан ашиглахыг хориглоно” гэж заасан бөгөөд мөн зүйлийн 80.3-т зааснаар тодорхой үнэт цаасыг бусад этгээд худалдан авах, худалдан авахгүй байх, захиалах, захиалахгүй байх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор ханшийг өсгөх, бууруулах, тодорхой түвшинд барихад чиглэсэн хоёр ба түүнээс дээш хэлцэл хийснийг үнэт цаасны үнэ ханшийг зохиомлоор тогтоосон гэж үздэг.

                 “А К Г ҮЦК” ХХК-ийн брокер С.М-ийн шүүхэд гаргасан гомдолдоо дурдсан 2018 оны 05 дугаар сарын 18-25-ны өдрүүдэд 4982..-LI тоот өөрийн данснаас “А з” ХК-ийн хувьцааг олон удаагийн давтамжтайгаар худалдан авах захиалгыг өмнөх өдрийн хаалтын ханшнаас 15 хувиар өсгөж худалдан авах захиалга өгч нийт 5 ширхэг хувьцаа худалдан авсан нь үнэт цаасны хаалтын ханшид зохиомлоор нөлөөлөх зорилгоор 2 ба түүнээс дээш удаа цөөн тоо ширхгээр үнэт цаасыг худалдах хэлцэл хийж, үнэт цаасны үнийг зохиомлоор өсгөн өндөр үнээр худалдах аргаар зах зээлийг урвуулан ашигласан үйлдэл болно.

                 С.М-ийн зах зээлийг Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1-т заасан аргаар урвуулан ашигласан үйлдэл нь зөрчлийн хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 11.10 дугаар зүйлийн 7.4-т “үнэт цаасны зах зээлд оролцогч, харилцагчийг хууран мэхлэх замаар арилжаанд оролцуулсан, эсхүл оролцуулахгүй байх, эсхүл бусад арга хэлбэрээр үнэт цаасны зах зээлийг урвуулан ашигласан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хууль бусад олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр ... торгоно” гэж заасны дагуу торгуулийн шийтгэл оногдуулсан болно.

                 Иймд С.М-ийн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Гомдол гаргагч гомдлын шаардлагаа “Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт, шалгалт зохицуулалтын газрын хянан шалгагч, улсын байцаагч Ж.Ц ын гаргасан зөрчлийн шийтгэл оногдуулах тухай 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 0055508 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” гэж тодорхойлжээ.

          Гомдол гаргагчаас ... Энэ хувьцаа нь өөрөө их өрсөлдөөнтэй хувьцаа. Зах зээлийн үнэ нь их хямдхан байсан. Брокерууд тус компанийн хувьцааг авахаар өглөө 09 цаг 40 минутаас уралддаг. Ингээд бид уралдаад авах захиалгаа өөрийн данс дээр зоочихдог. Манай харилцагч тэр авах захиалгыг харж байгаад, тухайн хувьцааг зарах захиалга өгдөг. Нийт 20 удаагийн арилжаанаас 5-ыг нь би өөрийн данс дээр авсан. Миний бие харилцагчийн захиалгыг л хүлээж аваад байгаа. Тэр нь би үнийг нь өсгөчихсөн юм шиг харагдуулаад байгаа юм. Тийм учраас надад шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй  ... гэж, хариуцагчаас ... гомдол гаргагч нь үнэт цаасны арилжааны хаалтын ханшид зохиомлоор нөлөөлөх зорилгоор Санхүүгийн зохицуулах хорооны 2015 оны 155 дугаар тогтоолоор баталсан “Үнэт цаасны зах зээлийг урвуулан ашиглахаас сэргийлэх журам”-д заасныг зөрчиж 2 ба түүнээс дээш удаа цөөн тоо ширхгээр үнэт цаасыг худалдах, худалдан авах хэлцэл хийсэн, зах зээлийг урвуулан ашигласан буюу хувьцааны ханшийг зохиомлоор огцом өсгөсөн ... гэж тус тус маргасан.

          Шүүх хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогчдын шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаан дээр гаргасан нэмэлт тайлбар зэргийн хүрээнд судлан үзээд гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

          С.З.Х Ж.Ц нь “А К Г ҮЦК” ХХК-ийн брокер С.М-ийн 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдрөөс мөн оны 06 дугаар сарын 08-ны өдрийн хугацаанд “А з” ХК-ийн үнэт цаасны үнэ ханшийг зохиомлоор өсгөсөн гэх үйлдэлд 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдөр 1801000016 дугаартай зөрчлийн хэрэг нээн шалгаж, Зөрчлийн тухай хуулийн 11.10 дугаар зүйлийн 7.4-д заасан үнэт цаасны зах зээлийг урвуулан ашигласан гэх зөрчилд 0055508 дугаартай шийтгэлийн хуудсаар 2.000.000 төгрөгийн торгууль ногдуулжээ.

          Ингэхдээ “М х б” ТӨХК-ийн 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдрөөс 06 дугаар сарын 08-ны өдрүүдийн үнэт цаасны арилжаагаар “А з” ХК-ийн ханш огцом өссөн ба уг ханшийн 15 хувиар өсөлттэй гүйлгээнүүдэд мэргэжлийн оролцогч компани болох “А К Г ҮЦК” ХХК-ийн брокер С.М-ийн 4982..-L1 тоот данснаас удаа дараа авах захиалгыг өгч тус үнэт цаасны компанийн харилцагч “Т Т С” LLC компани цөөн тоогоор буюу 1 ширхэг хувьцаа зарах захиалгыг өгч “А з” ХК-ийн хувьцааг 798.1 төгрөгөөс 4263 төгрөг болгон зохиомлоор өсгөсөн, 2 ба түүнээс дээш удаа цөөн тоо ширхэгээр үнэт цаасыг худалдах хэлцэл хийж, үнэт цаасны үнийг өсгөн өндөр үнээр худалдах аргаар зах зээлийг урвуулан ашигласан гэж үзжээ.

          Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1-д “Үнэт цаасны зах зээлд хуурамч арилжаа хийх, үнэт цаасны үнэ ханшийг зохиомлоор тогтоох, үнэт цаасны зах зээлд оролцогч, харилцагчийг хууран мэхлэх замаар арилжаанд оролцуулах, эсхүл оролцуулахгүй байх болон бусад арга хэлбэрээр үнэт цаасны зах зээлийг урвуулан ашиглахыг хориглоно.”, 80.2-т “Үнэт цаасны зах зээлд оролцогч, харилцагчийг төөрөгдүүлэх зорилгоор тодорхой үнэт цаасны өмчлөгч нь өөрчлөгдөөгүй боловч арилжаа идэвхтэй явагдаж байгаа дүр үзүүлэн хэлцэл хийх болон үгсэн хуйвалдах замаар тодорхой үнэт цаасыг худалдах, худалдан авах үнийг ойролцоо түвшинд захиалах, хэлцэл хийхийг хуурамч арилжаа хийсэн гэж үзнэ.”, 80.3-д “Тодорхой үнэт цаасыг бусад этгээд худалдан авах, худалдан авахгүй байх, захиалах, захиалахгүй байх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор ханшийг өсгөх, бууруулах, тодорхой түвшинд барихад чиглэсэн хоёр ба түүнээс дээш хэлцэл хийсэн бол үнэт цаасны үнэ ханшийг зохиомлоор тогтоосон гэж үзнэ.” гэж тус тус заажээ.

          Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд гомдол гаргагч нийт 7 ширхэг хувьцааг буюу 5 ширхэг хувьцааг 4982..-L1 тоот данснаас өөрийн нэрээр, 2 ширхэг хувьцааг 338..-FC тоот данснаас “Т Т С” LLC компанийн нэрээр худалдаж авсан байх бөгөөд тодруулбал, “М х б” ТӨХК-ийн 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдрөөс 06 дугаар сарын 08-ны өдрүүдийн үнэт цаасны арилжаагаар “А з” ХК-ийн ханш огцом өссөн ба уг ханшийн 15 хувиар өсөлттэй гүйлгээнүүдэд “А К Г ҮЦК” ХХК-ийн брокер С.М-ийн 4982..-L1 тоот данснаас удаа дараа авах захиалгыг өгч тус үнэт цаасны компанийн харилцагч “Т Т С” LLC компани цөөн тоогоор буюу 1 ширхэг хувьцаа зарах захиалгыг өгч “А з” ХК-ийн хувьцааг 798.1 төгрөгөөс 4263 төгрөг болгон зохиомлоор өсгөсөн нь “М х б” ТӨХК-аас 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдөр ирүүлсэн “А К Г ҮЦК” ХХК-ийн брокерийн 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдрөөс мөн оны 05 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх арилжааны мэдээ, мөн холбогдогч С.Мгээс 2018 оны 07 дугаар сарын 26-ны өдөр мэдүүлэг авсан тэмдэглэл, гэрчээс авсан мэдүүлэг зэрэг бусад баримтаар тогтоогдож байна.

          Мөн Санхүүгийн зохицуулах хорооны 2015 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 155 дугаар ““Үнэт цаасний зах зээлийг урвуулан ашиглахаас сэргийлэх журам” батлах тухай” тогтоолын хавсралтын 2.1.2-т “Үнэт цаасны арилжааны хаалтын ханшид зохиомлоо өсгөх зорилгоор 2 ба түүнээс дээш удаа цөөн ширхэгээр үнэт цаасыг худалдах худалдах, худалдан авах хэлцэл хийх” гэж заасан байх бөгөөд нэхэмжлэгчээс хувьцааг удаа дараа худалдаж авсан гэх үйл баримтыг үгүйсгэж мэтгэлцээгүй.

          Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр Зөрчлийн тухай хуулийн 11.10 дугаар зүйлийн 7.4-т “Үнэт цаасны зах зээлд оролцогч, харилцагчийг хууран мэхлэх замаар арилжаанд оролцуулсан, эсхүл оролцуулахгүй байх, эсхүл бусад арга хэлбэрээр үнэт цаасны зах зээлийг урвуулан ашигласан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.” гэж заасны дагуу Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт, шалгалт зохицуулалтын газрын хянан шалгагч, улсын байцаагч Ж.Ц ын 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 0055508 тоот шийтгэлийн хуудсаар С.Мд шийтгэл оногдуулсан нь үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

 

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Зөрчлийн тухай хуулийн 11.10 дугаар зүйлийн 7.4, Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.3-д тус тус заасныг баримтлан гомдол гаргагч С.М-ийн “Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт, шалгалт зохицуулалтын газрын хянан шалгагч, улсын байцаагч Ж.Ц ын гаргасан зөрчлийн шийтгэл оногдуулах тухай 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 0055508 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн  7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар 113.2-т зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Н.ДОЛГОРСҮРЭН