Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 2021/ШЦТ/778

 

 

 

 

 

   2021         12          02                                     2021/ШЦТ/778

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: М.Нарансолонго,

Улсын яллагч: С.Цэрэндорж,

           Шүүгдэгч: Ц.Б- өөрийгөө өмгөөлөн оролцож тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ц.Б-д холбогдуулж яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2105020131511 дугаартай хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Ц.Б-, .... тоот регистртэй,

Шүүгдэгч Ц.Б- нь 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Баянгол дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэр Голден парк хотхоны 102 дугаар байранд байрлах “хүнсний дэлгүүр”-ийн худалдагч Б.Б-ыг эцэг П.Ц-т “чи муу миний аавд гар хүрлээ” гэх хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, хохирогч Б.Б-ыг багалзуурдаж, нүүр рүү нь мөргөж хамар ясны хугарал, хүзүү, баруун шуунд цус хуралт, хүзүүнд зулгаралт гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ц.Б- шүүх хуралдаанд: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Хохирогч Б.Б- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...тэгтэл П.Ц- өнөөдөр буюу 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр 14 цагийн орчим ирээд “Би харвачих гээд байнаа, ахдаа нэг шил архи зээлчих” гэхээр нь би зөвшөөрөөгүй юм. Удалгүй П.Ц- гэрээсээ нэг карттай гарч ирээд 0.5 литрийн “Хараа” архи, ундаатай аваад гарсан, тэгээд тэрнээс хойш дахиад 1 цагийн дараа орж ирээд 0.33 литрийн архи аваад “Чи миний хүүхдээс 70.000 төгрөг илүү авсан” гээд хэрүүл хийгээд намайг хараагаад байсан. Тэгэхээр нь би П.Ц-ийг “та зүгээр явж үз” гээд толгой руу нь гараараа шүргэчихсэн юм. Тэгтэл П.Ц- над руу үсчээд над руу дайраад байхаар нь манай байрны Баяраа гээд залуу П.Ц-ийг тэврээд гэр рүү нь оруулсан юм. Удалгүй П.Ц- хүүхэдтэйгээ дахиад нэг залуу гурвуулаа орж ирээд шууд П.Ц-ийн хүүхэд намайг зуураад “чи муу миний аавд гар хүрлээ” гэх зэргээр намайг багалзуурдсан. Тэгэхээр нь би зөрүүлээд түлхсэн. Тэгтэл хамт явсан өндөр нуруутай залуу нь миний подволкноос зуураад гараад ир гээд намайг чирээд байсан. Тэгэхээр нь би тэр залуугийн гарыг тавиулаад байж байтал П.Ц-ийн хүүхэд нь над руу ойртоод надтай юм ярих гэж байна гэж би бодоод зогсож байтал миний нүүр рүү нулимаад хамар руу мөргөсөн, миний хамар хугараад цус гарахаар нь лангууныхаа хойд талд ороод тэд нартай хэрэлдсэн...” гэсэн мэдүүлэг /хх-н 9-10/,

Гэрч П.Ц-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2021 оны 9 дүгээр сарын 22-ны орой 21 цаг өнгөрч байхад Баянгол дүүргийн 25 дугаар хороо, Голден парк хотхоны 102 дугаар байранд байдаг хүнсний дэлгүүрт жоохон халамцуу ороод 0.33 литрийн хараа архи аваад тооцоогоо хийх гэхэд худалдагч нь Б- гэх залуутай үл ялих зүйлээс болж маргалдаад Б- миний зүүн шанаа руу алгадсан. Тэгэхээр нь би гэртээ ороод хүү Б-д намайг дэлгүүрийн Б- алгадчихлаа гэж хэлэхэд манай хүү Б- гэрээс гарч, дэлгүүр орж Б-тай намайг өмөөрч маргалдаад, барилцаад боолцсон. Тэгээд боолцож байх үед манай байрны Баяраа гээд залуу цагдаад дуудлага өгсөн байгаа. Уг нь сүйдтэй юм болоогүй, намайг эхэлж алгадсанаас болоод л манай хүү намайг өмөөрч дэлгүүрт орж барилцаж, боолцсон. Энэ маргаан болж байхад би болон миний хүүгийн найз, манай хүү бид хэд байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 15-16/,

Гэрч Г.Б-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2021 оны 9 дүгээр сарын 22-ны орой 20 цаг орчим байсан шиг санагдаж байна. Би байрныхаа доод талын хүнсний дэлгүүрт эд зүйл худалдаж авах гээд зогсож байхад манай байрны 7 тоотод оршин суух П.Ц- орж ирээд архи аваад гарахдаа Б-тай маргалдаад байсан. Тэгэхээр нь Б-, П.Ц- ахын толгой руу нь түлхсэн. Би П.Ц-ийг тэвэрч аваад “та гэртээ ор” гээд гэр рүү нь оруулж өгсөн. Би буцаад дэлгүүрт орж ирээд худалдаж авсан эд зүйлээ авах гээд байж байтал П.Ц- хоёр залуугийн хамт орж ирээд тэд нар Б-ыг барьж байгаад хамар руу нь шууд мөргөчихсөн. Б-ын хамарнаас цус гараад байхаар нь би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн” гэсэн мэдүүлэг /хх-н 18-19/,

   Гэрч Б.Л-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 15 цагийн орчим шиг санагдаж байна. Би Баянгол дүүргийн 25 дугаар хороо, Голден парк хотхонд байрлах Ц.Б-н гэрт очсон. Би тэдний гэрт очиход аав П.Ц-ийн хамт байсан. Бид нар хоол хийж идээд Б-тай хамт компьютер тоглож байсан. Орой 20 цаг орчим шиг санагдаж байна. П.Ц- ах байрныхаа нэг давхарт байрлах хүнсний дэлгүүр рүү архи худалдаж авахаар орсон. Тэгээд удалгүй байж байгаад П.Ц- жоохон тэвдсэн байдалтай орж ирээд дэлгүүрийн Б- намайг алгадчихлаа гэсэн. Тэгэхээр нь П.Ц- ахтай хамт ороод Б- бид хоёрын араас хувцсаа өмсөөд гарч ирсэн. Б- ах бид хоёр түрүүлээд дэлгүүр ороод хүнсний дэлгүүрийн худалдагч залуугаас юунаас болж маргалдсан талаар асуухад би тоглоомоор алгадсан гээд бид нар хоорондоо маргалдаж эхэлсэн. Б- орж ирээд нөгөө залуутай зууралдаад байж байхад худалдагч залуу Б-гийн нүүр рүү нулимсан тэгэхээр нь Б- зөрүүлээд духаараа мөргөчихсөн. Тэгтэл худалдагч залуугийн хамраас цус гараад тэрийгээ өөрөө тогтоосон. Удалгүй цагдаа нар ороод ирсэн” гэсэн мэдүүлэг /хх-н 21-22/,

Шинжээчийн 9254 тоот дүгнэлтэд: “...Б.Б-ын биед хамар ясны хугарал, хүзүү, баруун шуунд цус хуралт, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хх-н 24-25/,

Яллагдагчаар Ц.Б-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...манай аав П.Ц-ийн хамар нь зулгарчихсан орж ирээд урд талын дэлгүүрийн Б- намайг зодчихлоо гэсэн. ...Лхагвадорж манай аав хоёр түрүүлж 8 тоотод байрлах хүнсний дэлгүүр рүү гараад ...би араас нь гарсан. ...Б- манай найз Лхагвадоржтой хоорондоо барьцалдчихсан зогсож байсан. Манай аав П.Ц- хажуу талд нь Б-тай хэрэлдчихсэн зогсож байсан. Би очоод Лхагвадорж, Б- хоёрыг салгаад зөрүүлээд Б-тай барьцалдсан, тэр залуу бид хоёр барьцалдаж аваад нэг нэгнийгээ түлхсэн. Б- дахиад надтай маргалдаад байж байхад дэлгүүр дотор байсан нэг залуу цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн” гэсэн мэдүүлэг /хх-н 42-43/,

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 3/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 31-32, 44-46, 48-52, 55/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу шүүгдэгч, хохирогч нар нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болно. 

Шүүгдэгч Ц.Б- нь 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Баянгол дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэр Голден парк хотхоны 102 дугаар байранд байрлах “хүнсний дэлгүүр”-ийн худалдагч Б.Б-ыг эцэг П.Ц-т “чи муу миний аавд гар хүрлээ” гэх хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, хохирогч Б.Б-ыг багалзуурдаж, нүүр рүү мөргөж хамар ясны хугарал, хүзүү, баруун шуунд цус хуралт, хүзүүн зулгаралт гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Б.Б-: “...П.Ц-ийн хүүхэд намайг зуураад “чи муу миний аавд гар хүрлээ” гэх зэргээр намайг багалзуурдсан. Тэгэхээр нь би зөрүүлээд түлхсэн тэгтэл хамт явсан өндөр нуруутай залуу нь миний подволкноос зуураад гараад ир гээд намайг чирээд байсан. Тэгэхээр нь би тэр залуугийн гарыг тавиулаад байж байтал П.Ц-ийн хүүхэд нь над руу ойртоод надтай юм ярих гэж байна гэж би бодоод зогсож байтал миний нүүр рүү нулимаад хамар руу мөргөсөн, миний хамар хугараад цус гарахаар нь лангууныхаа хойд талд ороод тэд нартай хэрэлдсэн...” гэсэн мэдүүлэг /хх-н 9-10/, гэрч П.Ц-ийн  : “...хүү Б- гэрээс гарч, дэлгүүр орж Б-тай намайг өмөөрч маргалдаад, барилцаад боолцсон” гэсэн мэдүүлэг /хх-н 15-16/, гэрч Г.Б-ын: “...П.Ц- хоёр залуугийн хамт орж ирээд Б-ыг барьж байгаад хамар руу нь шууд мөргөчихсөн. Б-ын хамарнаас цус гараад байхаар нь би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн” гэсэн мэдүүлэг /хх-н 18-19/, гэрч Б.Л-ийн: “...Б- орж ирээд нөгөө залуутай зууралдаад байж байхад худалдагч залуу Б-гийн нүүр рүү нулимсан тэгэхээр нь Б- зөрүүлээд духаараа мөргөчихсөн. Тэгтэл худалдагч залуугийн хамраас цус гараад тэрийгээ өөрөө тогтоосон. Удалгүй цагдаа нар ороод ирсэн” гэсэн мэдүүлэг /хх-н 21-22/, шинжээчийн 9254 тоот дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Ц.Б-гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул шүүгдэгчид холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Ц.Б- нь хохирогч Б.Б-тай эцэг П.Ц-ийг алгадлаа гэх шалтгаанаар маргалдаж, улмаар түүнийг мөргөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

Хохирогч Б.Б- нь хавтаст хэргийн материалтай танилцсан баримт дээр “нэхэмжилж байгаа 300.000 төгрөгийг авсан, гомдол саналгүй” гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байна. Хохирол нөхөн төлж хохирогчтой эвлэрсэн. Прокурорын санал болгосон эрүүгийн хариуцлагыг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн мэдүүлэг, хүсэлтүүд, хохирогчийн хүсэлт, эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдож байна.  

Прокуророос ялын төрөл хэмжээний талаар гаргасан “шүүгдэгч Ц.Б-г  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.000 нэгж буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял” оногдуулах саналыг шүүгдэгчид танилцуулсан байх ба прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

          Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болно.   

 Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Ц.Б-г “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-г 1.000 нэгж буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

  3. Шүүгдэгч нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.

   4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

  6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Б-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.ОТГОНБАЯР