Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 2021/ШЦТ/854

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Золбаяр,

улсын яллагч Солонго,           

шүүгдэгч О.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:      

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн А  овогт О  Т-т  холбогдох эрүүгийн 2105000001899 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв. 

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ........... оны ........ дүгээр сарын ........-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, ........ настай, эрэгтэй, дээд боловсролтой, Төмөр зам ашиглалт мэргэжилтэй, ам бүл ............ хамт, хувиараа хөдөлмөр эрхэлдэг. Баянзүрх дүүргийн ............... тоотод оршин суух, Улсаас авсан гавьяа шагналгүй, Урьд:

Баянгол дүүргийн шүүхийн 2011 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 242 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.4 дэх хэсэгт зааснаар 5 жил 3 cap хорих ял оногдуулсныг, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2011 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 752 тоот магадпалаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.4 дэх хэсэгт зааснаар 2 жил 7 сарын хорих ялыг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

Баянзүрх, Сүхбаатар, Чиннэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 293 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 cap хорих ялаар шийтгэгдэж, Өршөөл үзүүлэх тухай хуулинд зааснаар 2 жилийн хорих ялыг өршөөн хасч, үлдсэн 1 жил 1 сарын хорих ялыг тэнссэн,

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 737 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлснийг Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 3018 дугаартай захирамжаар уг ялыг 30 хоногын хорих ял болгон өөрчилсөн ба ялын хугацаа 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр дуусаж суллагдсан. А  овогт О  Т /РД:................../ 

 

 

Холбогдсон хэргийн талаар

А  овогт О  Т /РД:.............../ нь 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Ханбүргэдэй их дэлгүүрийн эсрэг талын дэлгүүрт хохирогч Т.Э  “гар барихгүй байна” гэх зүйлээр шалтаглан нүүрэн тус газар цохиж, түүний биед дээд уруул, доод уруул, хөхлөг сэртэнд цус хуралт, дээд уруулын салсад язарсан шарх, дээд урууланд зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт: 

Шүүгдэгч А  овогт О  Т /РД:.........../ нь 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Ханбүргэдэй их дэлгүүрийн эсрэг талын дэлгүүрт хохирогч Т.Э  “гар барихгүй байна” гэх зүйлээр шалтаглан маргалдаж нүүрэн тус газар нь цохиж, түүний биед дээд уруул, доод уруул, хөхлөг сэртэнд цус хуралт, дээд уруулын салсад язарсан шарх, дээд урууланд зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:     

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Т мэдүүлэхдээ

 

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйл байхгүй...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэх мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Үүнд:

Мөрдөн байцаалтад хохирогч Т.Э-ийн  өгсөн: “...Би 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр найз Золбоотой уулзахаар Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Ханбүргэдэй дэлгүүрийн зүүн талд байх хувцас үсчиний газар очсон. Тус газар очиход Бэкү, Золбоо, Батуш нар хамт согтууруулах ундаа уугаад сууж байсан. Би тус газар очоод нэг лааз пиво уугаад сууж байхад Тамираа гэх залуу намайг үгээр идээд байсан. ...пивоо бариад босох гэтэл Тамираа миний баруун гараас татсан тэгэхээр нь би цаашаа байлдаа гэж хэлээд Тамирааг цаашаа түлхэх үед Тамираа гэнэт намайг 2 удаа гараараа цохисон. Би Тамираад зодуулчхаад шууд гараад яваад өгсөн. Миний нүүр уруул хэсэг хөхөрч хавдсан. Надад одоо ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-н 17-18/, 

 

Мөрдөн байцаалтад гэрч Э.З-ийн өгсөн:“...Би 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 22 цагийн үед найзууд болох Бэкү, Эрдэнэбилэг, Тамираа нарын хамтаар Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Ханбүргэдэй дэлгүүрийн хажууханд байх хувцасны дэлгүүрт уулзсан. Тамираа Эрдэнэбилэг 2 орж ирсэн цагаасаа эхлээд л хоорондоо маргалдаж үл ялих зүйлээс болж маргаад байсан. ...Тамираа Эрдэнэбилэгийн нүүр хэсэг рүү гараараа цохиж байсан. Би очоод Тамираа Эрдэнэбилэг хоёрыг салгасан. ...Эрдэнэбилэг шууд гараад яваад өгсөн...” гэх мэдүүлэг /хх-н 9-10/,   

 

Мөрдөн байцаалтад гэрч Ө.Б-ий  өгсөн: “...Тамираа Эрдэнэбилэг 2 нэг нэгэнтэйгээ чи надтай мэндэлсэнгүй гэх үл ялих шалтгаанаас болж хоорондоо хэрэлдэж байсан. ...Тамираа Эрдэнэбилэгийн нүүр хэсэг рүү 2 удаа гараараа цохиж байсан. ...Эрдэнэбилэг шууд гараад яваад өгсөн...” гэх мэдүүлэг /хх-н 12-13/,  

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 10578 дугаартай шинжээч эмчийн

Т.Э-ийн  биед дээд уруул, доод уруул, хөхлөг сэртэнд цус хуралт, дээд уруулын салсад язарсан шарх, дээд урууланд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн гэмтэл байна. Хэрэг гарсан гэх хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна.

Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт /хх-20-21/

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч О.Т өгсөн: “...тогтоолтой танилцсан. ...санал хүсэлт байхгүй, гэм буруугаа хүлээж байна. ...би түүний нүүр хэсэг үү нь гараараа 2 удаа цохисон. Би Эрдэнэбилэгтэй арга эвээ олж уучлалт гуйсан. Миний биед учирсан гэмтэл шарх байхгүй...” гэх мэдүүлэг /хх-н 42-43/,

  

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч О.Т-т  холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч О.Т-ыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.  

 

Хохирлын талаар

 

Хэргийн хохирогч Т.Э-ийн  эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

 

            Шүүгдэгч О.Т нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. 

 

- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 25/,

- иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 29/,

- байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хх-н 32/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

 

Шүүгдэгч О.Т-т  холбогдох хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт хамаарч байгаа, мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг бүрэн хангасан, улсын яллагчаас О.Т-ыг  800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялын саналаа танилцуулж, гарын үсэг зуруулсан нь шүүгдэгч эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд заасан шаардлагад нийцсэн байх тул шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж дүгнэлээ. 

 

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Т-ыг  800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж,  уг торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдах нь зүйтэй.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдъя. 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн 8, 9,  36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон   

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч А  овогт О  Т-ыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Т-ыг  800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.     

 

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар О.Т-т  оногдуулсан 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.  

 

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол О.Т-т  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

 

ДАРГА Ч, ШҮҮГЧ                                        Ц.МӨНХ-ЭРДЭНЭ