Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 2021/ШЦТ/870

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Золбаяр,

улсын яллагч  Г.Онон /томилолт/,      

хохирогч Б.М-ын  өмгөөлөгч Б.Баасанжаргал,   

шүүгдэгч Д.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:   

              

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ү   овогт Д-ийн  Н  холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2105000001921 дугаартай, 1 хавтас хэргийг 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.  

 

Монгол улсын иргэн, .......... оны ...........дугаар сарын .........-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ........ настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, засварчин мэргэжилтэй, .........ажилтай, ам бүл 2, эцгийн хамт Баянгол дүүргийн 2 дугаар хороо......... хороолол, ........... тоотод оршин суух, урьд 2 удаагийн ял шийтгэлтэй, Ү   овогт Д-ийн  Н , регистрийн дугаар: ......................

           Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Д.Н нь 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Улаанбаатар төмөр замын Төв эмнэлэгт “эмчид үзүүлэхээр оочирлосонгүй” гэх шалтгаанаар Б.М-ын  гарнаас нь татаж, нүүрэн тус газарт нь гараараа нэг удаа цохисны улмаас Б.М-ын  биед тархи доргилт, зүүн шуу, доод уруулд цус хуралт, дээд, доод уруулын дотор салстад язрал, зүүн шууны зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/       

  

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт: 

 

Шүүгдэгч Д.Н нь 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Улаанбаатар төмөр замын Төв эмнэлэгт “эмчид үзүүлэхээр оочерлосонгүй” гэх шалтгаанаар Б.М-ын  гарнаас нь татаж, нүүрэн тус газарт нь гараараа нэг удаа цохисны улмаас Б.М-ын  биед тархи доргилт, зүүн шуу, доод уруулд цус хуралт, дээд, доод уруулын дотор салстад язрал, зүүн шууны зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:     

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Н мэдүүлэхдээ

 

“...2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр би Төмөр замын эмнэлгээс гарсан. Эмнэлгээс гараад явж байгаад эмчтэй уулзсан. Нурууны зураг авхуулсан байсан юм. 02-ны өдөр зүрхний бичлэг хийлгээрэй гээд хагалгааны заалт өгсөн юм. Тэгээд зүрхний бичлэг хийлгэх гэтэл урд 8 хүн байсан. Тэгсэн нэг хүүхэд хүрч ирээд цаг авсан гээд шууд орсон. Би эмч дээр ороод тэр эмэгтэйг эмчийн өрөөнөөс хөөж гаргасан. Би эмчийн үүднээс холдуулаад 80 настай хүнийг оруулсан. Тэгсэн тэр хүүхэн дараа нь дахин дайрсан. Тэр хүүхэнд би ёс зүйтэй бай, ийм юм байдаггүй юм, өөрийнхөө дараа оруулна гэж хэлсэн. Тэгсэн намайг ажилгүй болгоно, амьдралгүй болгоно. Буруу хүнтэй таарлаа даа ялтан болгоно гэж эмнэлгээр дүүрэн орилсон. Тэгээд би эмчийн өрөөнд ороод бичлэг хийлгэх гэтэл зүрх савлагаатай байна гараад яв, 3 дугаар эмнэлгийн эмчтэй очиж уулзаад ир гэж хэлсэн. Тэгсэн 3 дугаар эмнэлгийн эмч намайг дуудна гэсэн. Тэрнээс хойш 14 хоногийн дараа Цагдаагийн газраас утсаар ярьсан...” гэх мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.  

 

Үүнд: 

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Д.Н ийн өгсөн:

 

“...Яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-н 30-31/,     

 

Мөрдөн байцаалтад хохирогч Б.М-ын  өгсөн:

 

“...Төмөр замын эмнэлэгт 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өглөө 09 цаг 10 минутанд зүрхний бичлэг хийлгэх цаг авсан байсан. Зүрхний бичлэгийг эмнэлгийн 3 давхарт 315 дугаартай өрөөнд хийлгэх ёстой байсан бөгөөд миний өмнө үзлэгт хамрагдахаар 3-4 хүн байсан. Би цагаараа үйлчлүүлж орох гэтэл 315 дугаартай өрөөний гадна танихгүй эрэгтэй хүн ганцаараа зогсож байсан бөгөөд надад хандаж, юун хүн орох гээд байгаа юм, оочирлосонгүй гэсэн. Хариуд нь би 09 цаг 10 минутанд цаг авсан, авсан цагаараа орж үзүүлэх гэж байна гэж хэлсэн. Би 315 дугаартай өрөөнд орсон. Эмчийн өрөөнд ороод үзүүлэх гээд хувцсаа тайлаад зогсож байтал гадаа надтай оочер дугаарын маргаан хийсэн залуу араас дайрч орж ирсэн. Эмчийн өрөөнд байсан. Миний цүнх, хувцсыг өрөөнөөс гаргаж коридори хэсэгт шидсэн. Ингээд миний зүүн гарны шуу хэсгээс гараараа бариад чирч гаргаад коридорт түлхсэн. Миний уур хүрээд тухайн танихгүй залууд хандаж чи хэдэн цагт орох ёстой байсан юм бэ, хоёулаа эмчид цагаа үзүүлье гэтэл уг залуу намайг хараалын үгээр доромжилсон. Би эмнэлгийн 1 давхрын цахим үйлчилгээнээс лавлах гээд гар утсаараа залгах гэтэл баруун гараараа миний нүүр хэсэг буюу шүд, ам хэсэг рүү нэг удаа цохисон. Би шүдэндээ шүдний төмөр аппараттай бөгөөд миний дээд, доод уруул хавдаж дотор талын хэсэгт буйлнаас цус гарсан, мөн язарсан. Дараа нь миний зүүн гарын шуу хэсэг өвдөөд байсан бөгөөд харахад зүүн гарын шуу хөхөрсөн байсан...” гэх мэдүүлэг /хх-н 8/,   

 

Мөрдөн байцаалтад гэрч А.Б өгсөн:

 

“...Би тухайн өдрийн өглөөнөөс Улаанбаатар төмөр замын нэгдсэн эмнэлгийн 3 давхарт зүрхний бичлэг хүмүүст хийж байсан. ...Нэг эмэгтэй зүрхний бичлэг хийлгэх гээд орж ирсэн. Тэгсэн уг эмэгтэйн араас 170 гаруй см өндөртэй залуу орж ирээд уг эмэгтэйд хандаж, чи хүмүүс оочирлож орж байхад оочир дайрч орлоо гэсэн. Тэгсэн уг эмэгтэй би цаг авчихсан гэсэн. Нөгөө залуу чи гар, оочерлож ор гээд уг эмэгтэйтэй хэрэлдээд түүнийг татаж түлхээд өрөөнөөс гараад явсан. Тэгээд дараагийнх нь хүн орж ирж үзүүлсэн. ...Өрөөнөөс гараад бас хэрэлдэж байгаа чимээ сонсогдож байсан...” гэх мэдүүлэг /хх-н 16/, 

 

2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 10792 тоот дүгнэлт

“...Б.М-ын  биед тархи доргилт, зүүн шуу, доод уруулд цус хуралт, дээд, доод уруулын дотор салстад язрал, зүүн шууны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...” /хх-н 19/,

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч У.Билгээд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч Д.Н ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар

 

Хэргийн хохирогч Б.М-ын  эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

            Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Н оос хохирогчийн шатахууны зардал болох 70.000 /далан мянга/ төгрөг гаргуулж, хохирогч Б.М  олгож иргэний нэхэмжлэлийг хэсэгчлэн хангаж шийдвэрлэх нь зүйтэй. Учир нь хохирогч Б.М-ын  шүдний эмчилгээ хийлгэсэн зардал болох 510,000 төгрөгийн зардал нь хохирогчид учирсан хохиролтой шууд хамааралтай гэж үзэх боломжгүй байх тул цаашид энэ гэмт хэргийн улмаас бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдъя.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

- иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 36/,

- оршин суух хаягийн лавлагаа /хх-н 37/

- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 32/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Д.Н ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700.000 төгрөгийн торгох ял оногдуулах саналыг гаргасан ба шүүхээс шүүгдэгчид ял оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй болон шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу  700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.  

 

Шүүхээс шүүгдэгч Д.Н  эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно 

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй. 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Ү   овогт Д-ийн  Н ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Н ийг 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу  700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй. 

 

   3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.Н  оногдуулсан 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай. 

 

            4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Н оос 70.000 /далан мянга/ төгрөг гаргуулж, хохирогч Б.М  олгосугай.     

  

5. Хохирогч нь цаашид энэ гэмт хэргийн улмаас бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай. 

 

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.  

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Н  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ