Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 2021/ШЦТ/788

 

 

 

 

 

 2021          12          06                                      2021/ШЦТ/788

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: М.Нарансолонго,

Улсын яллагч: Г.Онон,

Хохирогчийн төлөөлөгч: Б.Н-,

           Шүүгдэгч: В.Б-, түүний өмгөөлөгч Г.Бат-Отгон нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт В.Б-т холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2005004561438 дугаартай хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     Шүүгдэгч: Монгол Улсын иргэн..... тоот регистртэй,

Шүүгдэгч В.Б- нь ...-д борлуулагчаар ажиллаж байх хугацаандаа итгэмжлэн хариуцуулсан бараа бүтээгдэхүүнээс 2019 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 10.800.000 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 29.700.000 төгрөгийн үнэ бүхий бараа бүтээгдэхүүнийг хувьдаа завшиж, бусдад нийт 40.500.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч В.Б- шүүх хуралдаанд: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Хохирогчийн төлөөлөгч Б.Н- шүүх хуралдаанд: “...Би 2018 онд борлуулалтын албаны даргаар ажилд орсон. Тухайн үед Б- борлуулагчаар ажиллаж байсан бөгөөд өмнөх өр төлбөрөө төлөөд явж байсан. Тухайн үед цалингийн хэмжээ 1.000.000 орчим төгрөг байсан. Энэ байдлаар төлж дуусах шинжгүй байсан болохоор удирдлагууддаа танилцуулан цалингийн хэмжээг өндөр болгож ажиллуулсан байдаг. Цалингийн хэмжээ 2.000.000-3.000.000 төгрөг болж байсан. Давтан хэрэг үүссэн байсан. Агуулахаас бараа ачуулан очих ёстой газар буулгахгүй өөр газарт буулгуулсан үйлдэл гарсан. 40.500.000 төгрөгийн хохиролтой байгаа” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Н-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2010 оноос эхлээд 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл манай байгууллагад Ваня овогтой Б- нь борлуулагчаар ажилласан. ...2019 оны 12 дугаар сарын борлуулалт эхлэх үед буюу 12 дугаар сарын 21-ний өдрийн 10.800.000 төгрөгийн зөгийн балыг Тэнгэр бөөний төвд борлуулалт хийсэн гэж зарлагын баримт бичсэн. 12 дугаар сарын 28-ны өдөр мөн адил Тэнгэр бөөний төв дээр 29.700.000 төгрөг зөгийн балыг тус тус борлуулсан мэтээр бүртгэж цааш нь өөр хүнд дамжуулан мөнгийг хувьдаа завшсан. Энэ талаар хэрхэн мэдсэн гэхээр 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр харилцагч байгууллагуудтай тооцоо нийлэх үеэр мэдсэн ба дээр дурдсан их дүнтэй зөгийн балны гүйлгээг “Тэнгэр” бөөний төв нь хүлээж аваагүй болохыг тогтоосон. 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр болон 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр В.Б- нь өвчтэй гээд ажилдаа ирэхгүй байсан. 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр гэрт нь очиж компани руу дагуулж ирээд 2019 оны 12 дугаар сарын 21, 2019 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн их хэмжээний зөгийн балын борлуулалтын талаар асуухад В.Б- нь өөрөө Тэнгэр бөөний төв дээр борлуулалтыг худлаа бүртгэж Ховд аймаг Булган сум руу зөгийн балнуудаа ачуулсан гэдгээ хэлсэн. Тэгээд мөнгийг нь авч өөрт хуримтлагдсан өрөө дарсан гэж тайлбарласан. ...Би аудитын дүгнэлттэй танилцлаа. Дүгнэлттэй холбоотой санал хүсэлт байхгүй. В.Б- нь манай байгууллагад 2019 оны 12 сард 40.500.000 төгрөгийн хохирол учруулсан нь үнэн. В.Б- нь 2016 оны үед манай байгууллагад 60.575.696 төгрөгний бараа материалыг дутагдуулсан бөгөөд тухайн үедээ Б- өөрөө хүлээн зөвшөөрөөд цалингаасаа суутгуулаад төлж байгаад 2019 онд 29.335.452 төгрөгний үлдэгдэлтэй болсон. Тэгээд дахин 2019 оны 12 дугаар сарын 05-наас 2019 оны 12 дугаар сарын 31-ний хооронд манай байгууллагаас борлуулалтын анхан шатны баримтыг Тэнгэр бөөний төвд өгсөн гэж бүртгээд орон нутаг руу борлуулсан ба тухайн барааны төлбөр болох 40.500.000 төгрөгийг хувьдаа завшсан байсан. ...Одоо манай байгууллага Б-ээс 2019 оны 12 дугаар сард учруулсан 40.500.000 төгрөгийн хохирлоо бүрэн барагдуулж авмаар байна” гэсэн мэдүүлэг /хх-н 60-61, 63-64/,

            Гэрч В.Н-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Манай байгууллага 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 10.800.000 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 21-ний 29.700.000 төгрөгний ийм их хэмжээний барааг бол хүлээж аваагүй” гэсэн мэдүүлэг /хх-н 69/,

Гэрч  Х.Ү-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Манай байгууллага 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 10.800.000 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 21-ний 29.700.000 төгрөгийн зөгийн балыг манайх ...-аас тухайн өдөр хүлээж аваагүй” гэсэн мэдүүлэг /хх-н 70/,

Ингүүмэл Жаргалант аудит ХХК-ны аудитын дүгнэлтэд: “...Борлуулагч В.Б- нь 2019 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс 2020 оны 01 дүгээр сар хүртэл хугацаанд нийт 40.500.000 төгрөгийн үнэ бүхий зөгийн бал агуулахаас хүлээн авсан бөгөөд “...” ХХК-д борлуулалтын орлогын мөнгийг эргүүлэн тушаагаагүй байна. Борлуулагч В.Б- нь 2019 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс 2020 оны 01 дүгээр сар хүртэл хугацаанд 40.500.000 төгрөгийн бараа материал дутагдуулсан байна” гэжээ /хх-н 81-82/,

Яллагдагчаар В.Б-ийн мөрдөн байцаалтад өгсөн: ..Би ... ХХК-д 2010 оноос 2019 он хүртэл 10 жил борлуулагчаар ажилласан. Би ажиллах хугацаандаа буюу 2019 оны 12 дугаар сард Тэнгэр бөөний төвийн нэр дээр 40.500.000 төгрөгний зөгийн бал нийлүүлсэн гэж бичилт хийгээд уг зөгийн балыг өөр хувь хүмүүст зарж мөнгийг нь хувьдаа зарцуулсан. Тэгээд 2020 оны 01 дүгээр сард нягтлан Тэнгэр бөөний төвтэй тооцоо тулах явцад миний нийлүүлсэн гэх зөгийн балыг нийлүүлээгүй болохыг мэдэж ажлаас халсан. ...2019 оны 12 сард манай дүү өвдөөд эмнэлгээр явах хугацаанд мөнгөний асуудал гарахаар нь би Тэнгэр бөөний төв дээр падаан бичээд зөгийн балыг хувь хүнд нийлүүлээд мөнгийг нь үрчихсэн юм. Би дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Өр төлбөрөө төлж барагдуулах болно гэсэн мэдүүлэг /хх-91-93/,

Гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-н 27/, хохирогчийн өргөдөл /хх-н 28/, харилцагчийн авлагын дэлгэрэнгүй гүйлгээ /хх-н 30/, шүүгдэгч В.Б-ийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-н 32-36, 49-51/, харилцагчийн өглөгийн дэлгэрэнгүй гүйлгээ /хх-н 46-48/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 96-121, 136-141/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

     Шүүгдэгч В.Б- нь ...-д борлуулагчаар ажиллаж байх хугацаандаа итгэмжлэн хариуцуулсан бараа бүтээгдэхүүнээс 2019 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 10.800.000 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 29.700.000 төгрөгийн үнэ бүхий бараа бүтээгдэхүүнийг хувьдаа завшиж, бусдад нийт 40.500.000 төгрөгний хохирол учруулсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Н-ын: “...2019 оны 12 дугаар сарын борлуулалт эхлэх үед буюу 12 дугаар сарын 21-ний өдрийн 10.800.000 төгрөгний зөгийн балыг Тэнгэр бөөний төвд борлуулалт хийсэн гэж зарлагын баримт бичсэн. 12 дугаар сарын 28-ны өдөр мөн адил Тэнгэр бөөний төв дээр 29.700.000 төгрөг зөгийн балыг тус тус борлуулсан мэтээр бүртгэж цааш нь өөр хүнд дамжуулан мөнгийг хувьдаа завшсан. Энэ талаар хэрхэн мэдсэн гэхээр 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр харилцагч байгууллагуудтай тооцоо нийлэх үеэр мэдсэн ба дээр дурдсан их дүнтэй зөгийн балны гүйлгээг “Тэнгэр” бөөний төв нь хүлээж аваагүй болохыг тогтоосон” гэсэн мэдүүлэг /хх-н 60-61, 63-64/, гэрч В.Н-гийн: “...Манай байгууллага 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 10.800.000 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 21-ний 29.700.000 төгрөгний ийм их хэмжээний барааг бол хүлээж аваагүй” гэсэн мэдүүлэг /хх-н 69/, гэрч  Х.Ү-ын: “...Манай байгууллага 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 10.800.000 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 21-ний 29.700.000 төгрөгний зөгийн балыг манайх ...-аас тухайн өдөр хүлээж аваагүй” гэсэн мэдүүлэг /хх-н 70/, Ингүүмэл Жаргалант аудит ХХК-ны аудитын дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч В.Б-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч В.Б- нь ...-д борлуулагчаар ажиллаж байх үедээ 40.500.000 төгрөгийн хохирол учруулж завшсан нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан, нийгэмд аюултай, идэвхтэй үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Уг гэм буруутай үйлдлийн улмаас аудитын дүгнэлтээр хохирогч “...” ХХК-д нийт 40.500.000 төгрөгийн хохирол учирснаас шүүгдэгч нь хохирол барагдуулаагүй тул шүүгдэгчээс 40.500.000 төгрөгийг гаргуулж хохирогч ...-д олгохоор шийдвэрлэв.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч В.Б-ийг гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч В.Б-т ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид 01 жил хорих ял оногдуулах, шүүгдэгчийн өмгөөлөгч зорчих эрх хязгаарлах ял оногдуулж өгнө үү гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан болно.

Шүүхээс шүүгдэгч В.Б-ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа, хохирол нөхөн төлөөгүй, тодорхой эрхэлсэн ажилгүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч В.Б-ийг “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө завшсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч В.Б-ийг 500  цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч В.Б- нь 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.

  4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

  5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч В.Б-ээс 40.500.000 төгрөг гаргуулж хохирогч ... /Б.Н-/-д олгосугай.

  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

  7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч В.Б-т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.ОТГОНБАЯР