Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 2021/ШЦТ/787

 

 

 

 

 

2021          12          06                                     2021/ШЦТ/787

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

        Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: М.Нарансолонго, 

Улсын яллагч: Г.Билгүүжин,

Шүүгдэгч: Г.О- өөрөө өөрийгөө өмгөөлөн оролцож тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Г.О-т холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2105018371452 дугаартай хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Г.О-, .... тоот регистртэй,

 Шүүгдэгч Г.О- нь 2 удаагийн үргэлжилсэн үйлдлээр буюу 2021 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр 21 цагийн үед Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 64 дүгээр байрны 6 дугаар давхарт хохирогч И.С-ийн эзэмшлийн чаннэл /chanel/ брэндийн түрүүвч, 2.000 иен, 10 ам.доллар бэлэн 6.000 төгрөг зэргийг авахаар хүч хэрэглэн довтлон дээрэмдэн авч нийт 218.306 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн 2021 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 214в байрны цахилгаан шатанд хохирогч Б.Н- эд хөрөнгийг авахаар хүч хэрэглэн довтлон дээрэмдэхийг завдсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Г.О- шүүх хуралдаанд: “...Тухайн өдөр ажлаа хийж байгаад тарах үедээ санамсаргүйгээр хийсэн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахиж гэмт хэрэг хийхгүй гэдгээ баталж байна” гэв.

Хохирогч А.С-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2021 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр ажлаа тараад гэр рүүгээ алхаад 20 цаг 40 минутын үед орцныхоо үүдэнд ирэх үед миний бие жаахан тавгүйрхээд эмийн сан орж эм авсан. Тэгээд эмийн сангаас гараад машинаасаа цүнхээ аваад орц руу орох үед араас нэг залуу дагаж ороод лифтэнд хамт суусан. Би найман давхар дээр дарахад тэр залуу зүгээр зогсоод байсан. Тэгээд би “та хэдэн давхарт буух вэ” гэхэд “зургаан давхар” гэж эвгүй дуугаар хэлсэн. Тэгээд тэр залуу над руу хараад зогсоод байхаар нь би доошоо гүйлгээд харахад гартаа чулуу барьцан, тэгээд шууд намайг “мөнгөө гаргаад ир” гэж сүрдүүлэх үед түрүүвчээ уудалж дүр үзүүлэх үед лифт зургаан давхар дээр зогсоод тэр залуу намайг буулгахгүй байсан. Би түлхэж гараад орцонд хоорондоо ноцолдоод байх үед намайг ёс бус үгээр хэлж, намайг цохих гэж оролдох үед гарыг нь бариад ноцолдож гарт нь байсан чулуу хаягдсан. Дараа нь миний хоолойг боогоод нөгөө залууг түлхэж өөрөөсөө холдуулаад туслаарай гэж орилох үед нөгөө залуу буланд байсан миний түрүүвчийг аваад зургаан давхрын шатаар буугаад зугтаасан. Миний хоолойг боосон учир хүндүүрлээд улаасан. Миний иргэний үнэмлэх, олон улсын худалдаа хөгжлийн банкны карт, төгрөгийн карт, хаан банкны карт, төрийн банкны карт, бэлнээр 7.000 төгрөг, 2.000 иен, 10 доллар байсан. Улаан өнгийн арьсан түрүүвч байсан. Тухайн үед үүргэвчтэй нөтбүүк үүрцэн явж байсан. Тухайн хүн над руу дайраад ноцолдож байх үед миний нөтбүүк газарт унаад одоо асахгүй байгаа. Мөн миний гар утсыг булаах гэж оролдох үед миний гар утас газар унаад нүүр хэсэг нь хагарсан” гэсэн мэдүүлэг /хх-н 22-23/,

Хохирогч Б.Н- мөрдөн байцаалтад өгсөн: “...2021 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 19 цаг 40 минутын орчимд Богд-Ар хорооллын автобусны буудлаас гэр рүүгээ алхаж яваад Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 214В байр руугаа орохоор хонхоо дарахад гэрээс хаалга онгойлгож өгсөн. Тэгээд лифтэнд суухад араас нэг үл таних эрэгтэй хамт суугаад би 4 давхарт дараад буух дөхөж байхад хажуунаас “мөнгө байна уу” гэж хэлсэн. Тэгэхээр нь “байхгүй” гэж хэлээд лифтний хаалга онгойлгоод намайг яг лифтнээс буухад араас өшиглөхөөр нь орилоод манай гэрийнхэн гарч ирэхэд тэр залуу аль хэдийн лифтээр буусан байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 81/,

Таньж олуулах ажиллагааны тэмдэглэлд: “...Намайг 2021 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 20 цагийн үед Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 64 дүгээр байрны 6 дугаар давхарт миний эд зүйлийг дээрэмдэн авсан эрэгтэй 4 дугаарын хүн мөн байна. Би царайг нь сайн санаж байна. 20-23 орчим насны дунд зэргийн нуруутай, туранхай ч биш, махлаг ч биш давхраатай нүдтэй, нүд хоорондын зай ойрхон, хөмсөг чих зэргээр нь таньж байна” гэжээ /хх-н 48-56/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд: “...2021 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 21 цаг 45 минут 40 секунтэд гэмт хэргийг үйлдсэн этгээд хохирогчийг даган явж байгааг харуулав. ...гэмт хэргийг үйлдсэн этгээд хохирогчийг даган байр руу нь орж байгааг харуулав. ...У.Н- нь Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 214в байрны лифтнээс гүйж гарч байгаа дүрс бичлэгийг гэрэл зургаар харуулав. 00 минут 15 секундэд хохирогчийн аав нь лифтны товч дарж байгаа байдлыг гэрэл зургаар харуулав...” гэжээ /хх-н 57-58, 98-99/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 7, 73/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 8-11/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 12-14/, шинжээчийн 8919 тоот дүгнэлт /хх-н 40-41/, эд зүйлийн үнэлгээ /хх-н 44-45/, илтгэх хуудас /хх-н 74/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл /хх-н 75-77/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 102-109, 112-118, 122/ зэрэг болно.

          Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

          Гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:

          Шүүгдэгч Г.О- нь 2 удаагийн үргэлжилсэн үйлдлээр буюу 2021 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр 21 цагийн үед Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 64 дүгээр байрны 6 дугаар давхарт хохирогч И.С-ийн эзэмшлийн чаннэл /chanel/ брэндийн түрүүвч, 2.000 иен, 10 ам.доллар бэлэн 6.000 төгрөг зэргийг авахаар хүч хэрэглэн довтлон дээрэмдэн авч нийт 218.306 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн 2021 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 214в байрны цахилгаан шатанд хохирогч Б.Н- эд хөрөнгийг авахаар хүч хэрэглэн довтлон дээрэмдэхийг завдсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч А.С-ийн: “...Тэгээд би “та хэдэн давхарт буух вэ” гэхэд “зургаан давхар” гэж эвгүй дуугаар хэлсэн. Тэгээд тэр залуу над руу хараад зогсоод байхаар нь би доошоо гүйлгээд харахад гартаа чулуу барьсан, тэгээд шууд намайг мөнгөө гаргаад ир гэж сүрдүүлэх үед түрүүвчээ уудалж дүр үзүүлэх үед лифт зургаан давхар дээр зогсоод тэр залуу намайг буулгахгүй байсан. Би түлхэж гараад орцонд хоорондоо ноцолдоод байх үед намайг ёс бус үгээр хэлж намайг цохих гэж оролдох үед гарыг нь бариад ноцолдож гарт нь байсан чулуу хаягдсан. Дараа нь миний хоолойг боогоод нөгөө залууг түлхэж өөрөөсөө холдуулаад туслаарай гэж орилох үед нөгөө залуу буланд байсан миний түрүүвчийг аваад зургаан давхрын шатаар буугаад зугтаасан” гэсэн мэдүүлэг /хх-н 22-23/, хохирогч Б.Н-: “...лифтэнд суухад араас нэг үл таних эрэгтэй хамт суугаад би 4 давхарт дараад буух дөхөж байхад хажуунаас “мөнгө байна уу” гэж хэлсэн. Тэгэхээр нь “байхгүй” гэж хэлээд лифтний хаалга онгойгоод намайг яг лифтнээс буухад араас өшиглөхөөр нь орилоод манай гэрийнхэн гарч ирэхэд тэр залуу аль хэдийн лифтээр буусан байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 81/, таньж олуулах ажиллагааны: “...миний эд зүйлийг дээрэмдэн авсан эрэгтэй 4 дугаарын хүн мөн байна” гэсэн тэмдэглэл /хх-н 48-56/, камерын бичлэгт үзлэг хийсэн: “...2021 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 21 цаг 45 минут 40 секунтэд гэмт хэргийг үйлдсэн этгээд хохирогчийг даган явж байгааг харуулав. ...гэмт хэргийг үйлдсэн этгээд хохирогчийг даган байр руу нь орж байгааг харуулав. ...У.Н- нь Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 214в байрны лифтнээс гүйж гарч байгаа дүрс бичлэгийг гэрэл зургаар харуулав. 00 минут 15 секундэд хохирогчийн аав нь лифтны товч дарж байгаа байдлыг гэрэл зургаар харуулав...” гэсэн тэмдэглэл /хх-н 57-58, 98-99/, эд зүйлийн үнэлгээ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Г.О-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул шүүгдэгчид холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Г.О- нь хохирогч И.С-ийн эд зүйлийг авахаар хүч хэрэглэн довтолж, түүний эд зүйлийг авсан, хохирогч Б.Н- эд зүйлийг авахыг завдсан нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нь хохирогч И.С-ийн хохирлыг барагдуулаагүй бөгөөд шүүх хуралдаанд хохиролд 200.000 төгрөг төлсөн болно.

Хавтаст хэрэгт баримтаар буюу эд зүйлийн үнэлгээгээр тогтоогдсон 1.072.306 төгрөгнөөс шүүгдэгч нь 200.000 төгрөг төлсөн ба үлдэгдэл 872.306 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогч И.С-д олгохоор шийдвэрлэв.

Хохирогч Б.Н- нь хохирол нэхэмжлээгүй ба шүүгдэгч нь хохирогч Б.Н-д төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч Г.О-ыг гэм буруутай гэж үзсэн тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгчид ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид 02 жил 6 сар хорих ял оногдуулах санал гаргасан  ба шүүх шүүгдэгч Г.О-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, хохирогчийн зарим хохирлыг барагдуулсан зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хорих ялын доод хэмжээгээр хорих ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.О-т шүүхээс оногдуулсан хорих ялыг нээлттэй дэглэмтэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидийг хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй болно.

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Г.О-ыг “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2.  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Г.О-ыг 02 жил хорих ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.О-т оногдуулсан 02 жил хорих ялыг нээлттэй дэглэмтэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
  4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидийг хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Б.Номун-Эрдэмд төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.О-аас 872.306 төгрөг гаргуулж хохирогч И.С-д олгосугай.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.О-т цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

                 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.ОТГОНБАЯР