Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 01788

 

         Б.Байгалмаагийн нэхэмжлэлтэй,

       иргэний хэргийн тухай

        Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Нармандах даргалж, шүүгч Ч.Цэнд, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,       

          Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

          2017 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2017/01608 дугаар шийдвэртэй,

          Нэхэмжлэгч Б.Байгалмаагийн нэхэмжлэлтэй

          Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох        

          Эд хөрөнгө битүүмжилж, хураан авсан ажиллагааг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг

          Нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

          Шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

      Нэхэмжлэгч Б.Байгалмаа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 4639 дүгээр шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар 40 мянгатын 10 дугаар байрны 18 тоот байрыг битүүмжлэн хураахдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.4, 36.5 дахь хэсэгт заасныг дараах байдлаар зөрчсөн. Шийдвэр гүйцэтгэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.4 дэх хэсэгт “Битүүмжилсэн, барьцаалсан эд хөрөнгийг худалдан борлуулах зорилгоор хураан авах хугацааг шийдвэр гүйцэтгэгч тогтооно”, мөн хуулийн 36.5 дахь хэсэгт “Тогтоосон хугацаанд төлбөрийг төлөөгүй бол битүүмжилсэн, барьцаалсан эд хөрөнгийг хураан авна”  гэж заасныг зөрчин манай хаягаар зөвхөн нэг удаа ирж битүүмжилж, хураасан тогтоолыг нэгэн зэрэг үйлдсэн бөгөөд төлбөр төлөх хугацаа тогтоож өгөлгүйгээр уг байрыг хурааж, битүүмжилсэн. Манай байрыг битүүмжилсэн болон хураасан 121/1501, 121/1502 тогтоолуудыг нэг өдөр үйлдсэн боловч 2 өөр өдөр, 2 удаа ирсэн мэтээр үйлдэж хавтаст хэрэгт хавсарган шийдвэр гүйцэтгэх ажиллагааны нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн. Битүүмжилсэн тогтоол дээр Г.Түвшинтөр, Ц.Цэрэннадмид гэдэг 2 хүн байлцсан гэж бичигдсэн, хураасан тогтоол дээр мөн дээрх 2 хүн хөндлөнгийн гэрчээр орсон гэж бичигдсэн нь эдгээр 2 тогтоол нэг өдөр үйлдэгдсэн болохыг харуулж байна. Мөн 2015 оны 3 дугаар сарын 31-ний өдрөөр огноолсон 121/1502 тоот хураасан тогтоолын нэг хувийг надад өгсөн боловч ахлах гүйцэтгэгчийн хариу мэдэгдэх хуудсанд уг 121/1502 тоот тогтоолыг 2015 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр үйлдсэн мэтээр бичсэн нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн болохыг давхар нотолж байна.

       Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэгт заасны дагуу эд хөрөнгө хураахад хөндлөнгийн 2 гэрч байх ёстой байтал 1 гэрч дагуулж ирсэн боловч Г.Түвшинтөр, Ц.Цэрэннадмид гэдэг 2 хүнийг гэрчээр оролцуулсан мэтээр тогтоолд бичсэн нь нотлох баримтыг хуурамчаар үйлдснийг харуулж байна. Үүнээс харахад Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас явуулж байгаа ажиллагаа нь миний эрхийг зөрчиж, эхнээсээ хууль бусаар явагдаж байгаа нь илт байна. Энэ талаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд гомдол гаргасан боловч хүлээн авах боломжгүй гэсэн хариу өгсөн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг илт хууль зөрчиж явагдсан тул шүүхэд хандаж байна. Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар 40 мянгатын 10 дугаар байрны 18 тоотыг битүүмжлэн, хураасан шийдвэр гүйцэтгэгчийн 2015 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 121/1501, 2015 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 121/1502 тоот тогтоолуудыг хүчингүй болгож, дээрх үл хөдлөх хөрөнгийг битүүмжилсэн, хураасан ажиллагааг хүчингүйд тооцож өгнө үү гэжээ.

      Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Отгончимэг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 4639 дүгээр захирамжаар Б.Байгалмаа, Б.Мөнхбилэг нараас 59 509 381 төгрөг гаргуулж “Финрүүт инвестмент” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч Б.Мөнхбилэгийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2202003476 дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар 40 мянгатын 10 дугаар байрны 18 тоот хаягт байрлах 28 м.кв талбай бүхий орон сууцыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36 дугаар зүйлд заасны дагуу 2015 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 121/1501 тоот тогтоолоор битүүмжлэх ажиллагааг, 2015 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 121/1502 тоот тогтоолоор хураах ажиллагааг тус тус хийхдээ хөндлөнгийн 2 гэрчийг байлцуулсан. Хөндлөнгийн гэрч Г.Түвшинтөр, Ц.Цэрэннадмид нар тухайн үед шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд дадлага хийж байсан оюутанууд юм. Б.Байгалмаа нь шүүхийн шатанд хэрэг хянагдаж байх үед санаатайгаар миний гарын үсэг биш, би гарын үсэг зураагүй, мэдэхгүй байна эсвэл согтуу байна, би юу ярьснаа сайн мэдэхгүй байна гэх мэтчлэн заль гаргаж, шүүх шинжилгээнд гарын үсгийг шинжлүүлсэн болно. Төлбөр төлөгч Б.Байгалмаа шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үнэлгээг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 158 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 755 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 756 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хянаж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн.

       Мөн Б.Байгалмаа албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гарган Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 8862 дугаар захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Б.Байгалмаа шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд санаатай саад учруулж шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлэхээс санаатай зайлсхийж, үүргийн гүйцэтгэлд барьцаалсан худалдан борлогдоогүй үл хөдлөх хөрөнгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.7 дахь хэсэгт заасны дагуу санал болгох хурлын товыг 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 3/3027 дугаар мэдэгдэл, 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 3/4336 дугаар мэдэгдлээр гардуулж өгсөн боловч хүрэлцэн ирээгүй, зугтаж байгаа тул тус албаны эрэн сурвалжлах тасагт Б.Байгалмааг олж ирүүлэхээр хандсан болно. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6, 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Байгалмаагийн Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан гаргасан эд хөрөнгө хурааж, битүүмжилсэн ажиллагааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

          Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 7592 дугаартай “Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлэх тухай” захирамжийг хүчингүй болгож,

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-д зааснаар нэхэмжлэгч Б.Байгалмаагаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

      Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 4639 дүгээр шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахдаа дараах байдлаар зөрчсөн. Үүнд: 1. Шийдвэр гүйцэтгэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.4 дэх хэсэгт "Битүүмжилсэн, барьцаалсан эд хөрөнгийг худалдан борлуулах зорилгоор хураан авах хугацааг шийдвэр гүйцэтгэгч тогтооно", мөн 36.5 дахь хэсэгт "Тогтоосон хугацаанд төлбөрийг төлөөгүй бол битүүмжилсэн, барьцаалсан эд хөрөнгийг хураан авна" гэсэн заалтуудыг зөрчин манай хаягаар зөвхөн 1 удаа ирж битүүмжилж, хөрөнгө хураасан тогтоолыг нэгэн зэрэг үйлдсэн бөгөөд төлбөр төлөх хугацаа тогтоож өгөлгүйгээр уг байрыг хурааж битүүмжилсэн. 2. Манай байрыг битүүмжилсэн болон хураасан 121/1501, 121/1502 тогтоолуудыг нэг өдөр үйлдсэн боловч 2 өөр өдөр, 2 удаа ирсэн мэтээр үйлдэж хэрэгт хавсарган шийдвэр гүйцэтгэх ажиллагааны нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн. Битүүмжилсэн тогтоол дээр Г.Түвшинтөр, Ц.Цэрэннадмид гэдэг 2 хүн байлцсан гэж бичигдсэн, хураасан тогтоол дээр мөн дээрх 2 хөндлөнгийн гэрч орсон гэж бичигдсэн нь эдгээр 2 тогтоол нэг өдөр үйлдэгдсэн болохыг харуулж байна. Мөн 2015 оны 3 дугаар сарын 31-ний өдрөөр огноолсон 121/1502 тоот хураасан тогтоолын 1 хувийг надад өгсөн боловч ахлах гүйцэтгэгчийн хариу мэдэгдэх хуудсанд уг 121/1502 тоот тогтоолыг 2015 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр үйлдсэн мэтээр бичсэн нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн болохыг давхар нотолж байна.

      3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэгт заасны дагуу эд хөрөнгө хураахад хөндлөнгийн 2 гэрч байх ёстой байтал 1 гэрч дагуулж ирсэн боловч Г.Түвшинтөр, Ц.Цэрэннадмид гэдэг 2 хүнийг гэрчээр оролцуулсан мэтээр тогтоолд бичсэн нь нотлох баримтыг хуурамчаар үйлдснийг харуулж байна. Үүнээс харахад Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас явуулж байгаа ажиллагаа нь миний эрхийг зөрчиж, хууль бусаар явагдаж байна. Энэ талаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд гомдол гаргасан боловч миний гомдлыг хүлээн авах боломжгүй гэсэн хариу өгсөн. Шийдвэр гүйцэтгэгчийн 2015 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 121/1501, 2015 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 121/1502 тоот тогтоолуудыг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

          Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

      Нэхэмжлэгч Б.Байгалмаа хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулж, эд хөрөнгө битүүмжилж, хураан авсан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан, уг нэхэмжлэлийн шаардлагыг өмнө нь шүүх шийдвэрлэсэн гэж маргажээ. 

         Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 4639 дүгээр захирамжаар хариуцагч Б.Байгалмаа, Б.Мөнхбилэг нар “ФинРүүт-инвестмент” ББСБ-д 59 282 200 төгрөгийг 2015 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн дотор төлж барагдуулах, тогтоосон хугацаанд төлбөр төлөөгүй тохиолдолд барьцааны зүйл болох орон сууцыг худалдан борлуулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангуулахаар зохигчид эвлэрэн хэлэлцсэнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

        Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба дээрхи шүүхийн шийдвэрийн дагуу 2015 оны  3  дугаар сарын 30-ны өдрийн 2 дугаартай тогтоолоор шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг үүсгэж, мөн өдрийн 121/1501 тоот тогтоолоор үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан  Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар 40 мянгат, 10 дугаар байрны 18 тоот 2 өрөө орон сууцыг битүүмжилж, 2015 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 121/1502 дугаартай тогтоолоор хөндлөнгийн 2 гэрчийг байлцуулан, эд хөрөнгийг  хураан авсан  үйл баримт  хэргийн баримтаар тогтоогдсон. /хх-5-8/

         Нэхэмжлэгч Б.Байгалмаа нь үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан дээрхи үл хөдлөх эд хөрөнгийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2015 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 121/1501 дүгээр тогтоолоор битүүмжилж, мөн өдрийн 121/502 дугаартай тогтоолоор хураан авсан ажиллагааг хийхдээ шийдвэр гүйцэтгэгч нотлох баримт хуурамчаар үйлдсэн гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй.

            Нэхэмжлэгч Б.Байгалмаа нь шийдвэр гүйцэтгэлийн дээрх ажиллагааны талаарх гомдлоо 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр гаргасныг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны ахлах шийдвэр гүйцэтгэгч 2017 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 3/224 тоот мэдэгдэх хуудсаар хариу өгсөн, шүүхэд 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр нэхэмжлэл гаргаснаас үзвэл Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны эд хөрөнгө битүүмжилж, хураасан ажиллагааг эс зөвшөөрч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3 дахь хэсэгт заасан хугацаанд гомдол гаргаагүй үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүхийн дүгнэлтийг буруутгах  боломжгүй юм.

          Түүнчлэн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 101/ШШ2016/00158 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч Б.Байгалмаагийн үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг уг хэрэгт хамааралгүй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

       Дээр  дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж,  нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

         1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2017/01608 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч  Б.Байгалмаагийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

        2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Байгалмаагаас давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

         3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Б.НАРМАНДАХ

                                                       ШҮҮГЧИД                                         Ч.ЦЭНД

                                                                                                                 Д.БАЙГАЛМАА