Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цолмонгийн Сайхантуяа |
Хэргийн индекс | 128/2019/0117/З |
Дугаар | 221/МА2019/0545 |
Огноо | 2019-10-17 |
Маргааны төрөл | Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэл, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 10 сарын 17 өдөр
Дугаар 221/МА2019/0545
Ж-У ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Лхагвасүрэн даргалж, шүүгч Ц.Цогт, Ц.Сайхантуяа нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.У түүний өмгөөлөгч Б.О нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 128/ШЗ2019/0418 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлын дагуу Ж-У ХХК-ийн нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Сайхантуяагийн илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 128/ШЗ2019/0418 дугаар шийдвэрээр: Улсын бүртгэлийн ерөнхий хууль /2009 он/-ийн 3 дугаар зүйлийн 3.1.4, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль /2003 оны/-ийн 5 дугаар зүйлийн 5.1.2, 13 дугаар зүйлийн 13.5.4, 13.5.5, 14 дүгээр зүйлийн 14.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ж-У ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, З.Энхцацралын нээр дээр үл хөдлөх эд хөрөнгийг бүртгэсэн Ү-2206047779 дугаартай бүртгэл болон уг бүртгэлийг үндэслэн олгосон өмчлөх эрхийн гэрчилгээг тус тус хүчингүй болгож,
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ж-У ХХК-д олгож тус тус шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нар давж заалдах гомдолдоо: ...захиргааны хэргийн анхан шатны шүүх хуулийг хэрэглэхдээ учир дутагдалтай буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Зайсангийн гудамж 17/10Б тоот хаягт байршилтай аялал жуулчлалын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгүүлэхээр иргэн З.Энхцацрал гаргасан мэдүүлэгтээ Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5.1, 13.5.4, 13.5.5, 13.5.6, 13.5.7, 13.5.8-д заасан нотлох баримтыг хавсаргасан. Мөн хуулийн 14 дүгээр зүйлд заасан мэдүүлэг гаргасныг хүлээн авахаас татгалзах үндэслэл байхгүй байсан тул бүртгэж, өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон. Улсын бүртгэлийн байгууллага нь газрын эзэмших, ашиглах, өмчлөх эрх нь гэрээ, гэрчилгээний дагуу хуулийн этгээд болон иргэний эзэмшилд байгаа тохиолдолд бусдын газар дээр баригдсан үл хөдлөх эд хөрөнгийг бүртгэхдээ холбогдох хууль журмын дагуу эзэмшиж, ашиглах, өмчлөх эрх бүхий этгээдээс нь зөвшөөрөл авсны үндсэн дээр бүртгэдэг.
Ж-У ХХК-ийн өргөтгөлийг бүртгүүлэхийг зөвшөөрсөн 16/049 дүгээр албан бичиг, Голомт банкны мөн өргөтгөлийг бүртгүүлэхийг зөвшөөрсөн 11/1003 дүгээр бичгийг тус тус хавсаргаж өгсөн баримтуудыг үндэслэн хийсэн нь хуульд нийцсэн хууль зөрчөөгүй юм.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д заасан чиг үүргээ шүүх хэрэгжүүлээгүй. З.Энхцацрал нь 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдөр бэлэглэлийн гэрээгээр тухайн үл хөдлөх эд хөрөнгийг Э.Цэлмэгт шилжүүлсэн. Э.Цэлмэг нь 1259 м.кв талбай бүхий аялал жуулчлалын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Газар капитал партнерс ББСБ барьцаалж зээл авсан байна. Дээрх нотлох баримтууд хэрэгт байхгүй. Анхан шатны шүүх шаардлагатай нотлох баримтыг дутуу бүрдүүлж, хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэж үзэж байгаа.
Гуравдагч этгээдээр Э.Цэлмэг болон Газар капитал партнерс ББСБ-ыг татаагүй бөгөөд тэдгээрийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн гэж үзэж байна.
Иймд шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаан шийдвэрлэж өгнө үү гэв.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг зөрчихөд хүрчээ.
Классик авто трейд ХХК нь Байгаль орчны яамны Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах 436 дугаар гэрчилгээгээр[1] Хан-Уул дүүрэгт байрлах Зайсан нэртэй газарт 1 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар 5 жилийн хугацаатайгаар ашиглах эрхтэй болсон бөгөөд уг газарт гуравдагч этгээд З.Энхцацрал /түүний ах З.Мандах нар/-ын Ж-У ХХК-тай 2013 оны 05 дугаар сарын 27-ны өдөр, 2014 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр байгуулсан Guest House-ийн захиалга, хөрөнгө оруулалтын гэрээгээр худалдан авсан 17/9, 17/10 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө байрлаж буй нь хэргийн оролцогчийн тайлбар, Классик авто трейд ХХК-ийн нэгж талбарын 18643307019130[2], Ж-У ХХК-ийн нэгж талбарын 18643307011249[3] дугаартай кадастрын зургууд, Классик авто трейд ХХК-ийн Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт гаргасан 2011 оны 05 дугаар сарын 10, 11-ний өдрийн хүсэлтүүдээр[4] тус тус тогтоогдож байна.
Гуравдагч этгээд З.Энхцацрал нь дээрх 17/9, 17/10 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн дундах зайд өргөтгөл барьсан байх бөгөөд уг өргөтгөлийг бүртгүүлэхээр 2016 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлгийг холбогдох баримтын хамт хавсарган Улсын бүртгэлийн ерөнхий газарт гаргасныг хариуцагч хүлээн аваад эрхийн улсын бүртгэлийн Ү-2206047779 дугаарт бүртгэж, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000507039 дугаартай гэрчилгээг[5] З.Энхцацралд олгожээ.
Дээрх бүртгэл болон үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгуулахаар Ж-У ХХК шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэлийн үндэслэлээ ...гуравдагч этгээдээс хариуцагчид гаргаж өгсөн Жинхэнэ уянга ХХК-ийн гаргасан хүсэлт хуурамч байсан, манай байгууллагаас тодорхойлолт өгөөгүй, манай ашиглаж буй газар дээр өргөтгөл барьсан нь Ж-У ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж байна хэмээн тайлбарлан маргасан.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар захиргааны актын улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн хүн уг эрхээ хамгаалуулахаар захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах бөгөөд шүүх нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн, эсхүл хөндөгдөж болзошгүй нь тогтоогдсон тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх учиртай.
Хариуцагч байгууллагын дээрх үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгч Ж-У ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн эсхүл хөндөгдөж болзошгүй гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Учир нь тухайн 17/9, 17/10 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг 70 хувийн гүйцэтгэлтэй байхад улсын бүртгэлд бүртгүүлж, гэрчилгээ авах эрхийг Классик авто трейд ХХК нь нэхэмжлэгчид олгосны дагуу тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээнүүдийг Ж-У ХХК-ийн нэр дээр олгосон ч уг барилгын хоорондох газар нь Классик авто трейд ХХК-ийн нэр дээр хэвээр үлджээ.
Өөрөөр хэлбэл, Классик авто трейд ХХК-ийн ашиглах эрхтэй 1 га газрыг нэхэмжлэгчид шилжүүлсэн, эсхүл тухайн газартай холбоотой асуудлаар Ж-У ХХК эрх бүхий байгууллага, албан тушаалтанд хандах эрхийг олгосон гэх баримтгүй, дээрх үл хөдлөх эд хөрөнгийг З.Энхцацрал болон З.Мандах нар өмчлөх эрхтэй эсэх дээр маргаагүй тул нэхэмжлэгчийн газар ашиглах эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн гэж үзэн түүний шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй юм.
Түүнчлэн нэхэмжлэгчээс гаргасан ...гуравдагч этгээдээс хариуцагчид гаргаж өгсөн Жинхэнэ уянга ХХК-ийн хүсэлт хуурамч байсан, манай байгууллагаас тодорхойлолт өгөөгүй гэх үндэслэлийн тухайд Ж-У ХХК нь Улсын бүртгэлийн ерөнхий газарт 2016 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 16/049 дүгээр албан бичгээр[6] ....худалдаж авсан тал өөрийн хөрөнгөөр өргөтгөлийн хэсгийг хийж дуусгасан тул З.Энхцацралд өргөтгөлийн хэсгийн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргаж өгч тусална уу гэх хүсэлт гаргажээ.
Уг албан бичгийг эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас хууль бус буюу хуурамч гэдгийг тогтоосон баримт байхгүй төдийгүй нэгэнт нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй тул Улсын бүртгэлийн тухай хууль /2009 он/-ийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д үнэн зөв, бодитой, заавал биелүүлэх шинжтэй байх;, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хууль /2003 он/-ийн 5 дугаар зүйлийн 5.1-д Эрхийн улсын бүртгэл дараахь зарчимд үндэслэгдэнэ:, 5.1.2-т бүртгэл үнэн зөв байх; гэж тус тус заасан зарчмын хүрээнд хариуцагч гуравдагч этгээдээс гаргасан мэдүүлэг, түүнд хавсаргасан баримтуудыг хүлээн аваад Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хууль /2003 он/-ийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар татгалзах байсан эсэхийг шүүхээс дүгнэх шаардлагагүй юм.
Харин хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо ...анхан шатны шүүх нотлох баримтыг дутуу цуглуулсан, Э.Цэлмэг, Газар капитал партнерс ББСБ-ыг гуравдагч этгээдээр татан оролцуулаагүй гэж дурдсан бөгөөд нэхэмжлэгчээс гуравдагч этгээдэд олгосон бүртгэл болон гэрчилгээг хүчингүй болгуулахаар маргасан тул тухайн үл хөдлөх эд хөрөнгийг З.Энхцацрал өөр бусад этгээдэд шилжүүлсэн эсэх талаарх баримтыг цуглуулах, давж заалдах гомдолд дурдсан этгээдүүдийг гуравдагч этгээдээр татан оролцуулах шаардлагагүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаахааргүй байна.
Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.1 дэх хэсгийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 128/ШШ2019/0418 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Улсын бүртгэлийн тухай хууль /2009 он/-ийн 3 дугаар зүйлийн 3.1.4, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хууль /2003 он/-ийн 5 дугаар зүйлийн 5.1, 5.1.2-т заасныг тус тус баримтлан Ж-У ХХК-аас Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан гаргасан З.Энхцацралын нэр дээр үл хөдлөх эд хөрөнгийг бүртгэсэн Ү-2206047779 дугаартай бүртгэл болон уг бүртгэлийг үндэслэн олгосон өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс нэхэмжлэл гаргахдаа урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН
ШҮҮГЧ Ц.ЦОГТ
ШҮҮГЧ Ц.САЙХАНТУЯА