Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 08 сарын 13 өдөр

Дугаар 482

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Долгорсүрэн даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.О, нэхэмжлэгчийн төлөөлөгч И.Г, итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Т, хариуцагч Ө.З нарыг оролцуулан “Т” ХХК-ийн гомдолтой, Гаалийн ерөнхий газрын гаалийн улсын байцаагч Ө.Зод холбогдох захиргааны хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийв.

Гомдол гаргагч: “Т” ХХК

Хариуцагч: Гаалийн ерөнхий газрын гаалийн улсын байцаагч Ө.З

Гомдлын шаардлага: “Гаалийн улсын байцаагч Ө.З-ын 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 0240374 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”

ТОДОРХОЙЛОХ нь:

Гомдол гаргагч “Т” ХХК шүүхэд гаргасан гомдолдоо: “Манай компанид Гаалийн ерөнхий газрын Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын 2018 оны 12 дугаар сарын 10-ны 149/18 тоот удирдамжийн дагуу 2013-2017 оны санхүүгийн тайлан. Нэмэгдсэн өртгийн албан татварын тайлан, ерөнхий дэвтэр, гүйлгээ баланс, бараа материалын бүртгэл болон тайлан, касс харилцахын үндсэн баримт, банкны дансны хуулга, холбогдох бичиг баримтуудыг үндэслэн Гаалийн улсын байцаагч Ө.З, Д.У нар шалгалт хийсэн болно.

2015-2016 онд манай компани нь DAP-Эрээн тээврийн нөхцөлтэй гаалийн бүрдүүлэлттэй импортын татан авалт хийсэн. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэлд тусгагдсан зардал болох 2015-2016 оны 38,235,996 төгрөгийн тээврийн зардлыг гаалийн байгууллагад мэдүүлж, гаалийн бүрдүүлэлт хийгээгүй гэж үзэн нийт 5,640,394 төгрөгийн нөхөн татвар, торгууль ногдуулсан. Энэхүү зардал нь гаальд мэдүүлэх зардал биш болох нь доорх үндэслэлтэй.

1.         Тээврийн зардалд шилжүүлсэн төлбөрийн баримт байхгүй.

2.         Бараа Инкотермс DAP-Эрээн нөхцөлтэй

3.         Уг тээврийн зардал нь борлуулсан бүтээгдэхүүний өртөгт бүртгэгдэж бараа материалын тайланд тусгагдаагүй.

2015-2016 онд манай манай компани EXW- Эрээн, FCA- Эрээн, DAP- Эрээн, DAF-Эрээн, СРТ-Эрээн тээврийн нөхцөлтэйгөөр импортын худалдан авалт хийсэн.

DAP, DAF, СРТ-тээврийн нөхцөл нь худалдагч тал нэрлэсэн газар эсвэл улсын хил хүртэлх тээврийн зардлыг хариуцдаг ба манай компанийн зүгээс тээврийн зардал хариуцаагүй болно.

EXW, FCA-тээврийн нөхцөлтэй худалдан авалтууд нь Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Эрээн хотын компаниас худалдан авалт хийсэн ба бид Эрээн-Замын-Үүд хүртэл тээврийн зардлыг гаалийн байгууллагад мэдүүлсэн болно.

Иймд 0240374 тоот шийтгэлийн хуудсаар ногдуулсан 5,640,394 төгрөгийн нөхөн татвар, торгуулийг үндэслэлгүй, нотлох баримтгүй гэж үзэн хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж байна. Манай компани ерөнхий журналд харагдаж байгаа тоон дээр бус бодит нотлох баримтыг үндэслэн хуулийн хариуцлага хүлээх болно.” гэжээ.

Хариуцагч Гаалийн ерөнхий газрын гаалийн улсын байцаагч Ө.З шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Т б ХХК-д ногдуулсан шийтгэлийн хуудастай холбоотой дараах тайлбарыг хүргүүлж байна.

1. “Т б” ХХК-ийн 2013-2017 оны гадаад худалдааны болон санхүүгийн бичиг баримт, бүртгэлд бүрдүүлэлтийн дараах шалгалт хийсэн. Шалгалтын явцад Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Шандунаас Эрээн хот хүртэлх тээврийн зардалд 2015 онд 13.547.196 төгрөг, 2016 онд 24,688,800 төгрөгийг төлсөн нь санхүүгийн бүртгэлийн ерөнхий журналаар нотлогдсон.

2. 2015 оны 13,547,196 төгрөгийн тээврийн зардал шилжүүлж хүлээн авсан нөхцөл нь Инкотермс EXW нөхцөлтэй байгаа, тээврийн зардлыг 3,560,656 төгрөгөөр гаалийн байгууллагад мэдүүлсэн нь гаалийн 4 мэдүүлгээр нотлогдож байгаа.

            2016 онд 24,688,800 төгрөгийн тээврийн зардал шилжүүлж хүлээн авсан импортын барааны Инкотермс DAP нөхцөлөөр тээврийн зардалд 2,710,431 төгрөг мэдүүлсэн 3 гаалийн мэдүүлэг, Инкотермс DAF, FCA, СРТ, FCA зэрэг нөхцөлөөр тээврийн зардалд 3,972,877 төгрөг мэдүүлсэн 4 гаалийн мэдүүлэг нийт 11 гаалийн мэдүүлгээр тээврийн зардлыг дутуу мэдүүлсэн нь нотлогдож байгаа.

3. Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Шандунаас Эрээн хот хүртэлх тээврийн зардалд 2015 онд 13.547.196 төгрөг, 2016 онд 24,688,800 төгрөгийг төлсөн нь 7062-1000 тоот тээврийн зардал дансанд бүртгэсэн байгаа нь ерөнхий журналын бүртгэлээс харагдаж байна.

4. Иймд дутуу мэдүүлсэн тээврийн зардлын дүн болох 27,992,031 төгрөгийн зөрчлийн дүнд 5,640,394 төгрөгийн нөхөн татвар, торгуулийг 0240374 тоот шийтгэлийн хуудсаар ногдуулсан.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ;

          Гомдол гаргагч “Т б” ХХК шүүхэд гаргасан гомдлын шаардлагаа “Гаалийн улсын байцаагч Ө.Зын 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 0240374 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”  гэж тодорхойлжээ.

          Гомдол гаргагчаас ... “ Гаалийн улсын байцаагч Ө.З, Д.У нарын хийсэн шалгалтаар манай компанийг “Шаньдун хотоос Эрээн хот хүртэл тээврийн зардлыг мэдүүлээгүй байна” гээд, 38.235.996 төгрөгт 5.630.394 төгрөгийн торгууль ногдуулсан. Тухайн үед бид улсын байцаагчид бүх үндсэн бичиг баримтаа өгчихсөн байсан учир харах боломжгүй байсан. Шалгалтын дараа бүх баримтаа авч үзэхэд бид тухайн бараануудыг  Шаньдун хотоос биш, Эрээн хотоос авч байсан байдаг. Тэгэхээр Шаньдуны тээврийн зардал гэж гарах учиргүй. Харин Шаньдунаас гэхээр 4.000.000 орчим төгрөгийн зардал гарна гэж бодоод бид хий бичсэн юм. Манай зүгээс торгууль ногдуулсан тохиолдолд Татварын албанаас л манайд торгууль ногдуулах ёстой гэж үзэж байгаа. Гаалийн ерөнхий газарт ямар ч хамааралгүй гэж үзэж байна. Хариуцагчаас манайд “Шаньдунаас авсан” гэж хүчээр тулгаад байгаа болохоос биш ямар ч нотлох баримтаар нотлогдохгүй ... гэж, хариуцагчаас ... Гаалийн ерөнхий газрын даргын баталсан удирдамжийн дагуу “Т б” ХХК-д хийсэн шалгалтын үр дүнд тус компани хилийн чанадад гарсан буюу Шаньдун хотоос Эрээн хот хүртэл гарсан тээврийн зардал болох 27.992.031,20 төгрөгийг дутуу мэдүүлсэн зөрчил илэрсэн. Уг зөрчилд 4.338.764,84 төгрөгийн нөхөн татвар, 1.301.629,45 төгрөгийн торгууль, нийт 5.630.394 төгрөгийн шийтгэл ногдуулсан. Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд зааснаар хилийн чанадад гарсан тээврийн зардалд татвар ногдуулдаг.      Манай хэлтсийн чиг үүрэг бол тухайн хилээр оруулж ирсэн барааг Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэгт үнэн зөв мэдүүлсэн эсэхийг шалгадаг. Өөрөөр хэлбэл, тухайн аж ахуйн нэгж гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг дээрээ худалдан авсан барааны үнэ, тээврийн зардал, даатгалын зардал, түрээсийн зардал зэргээ үнэн зөв мэдүүлсэн эсэхийг тухайн компанийн санхүүгийн бүртгэл болон гадаад худалдааны бичиг баримтыг үндэслэж шалгадаг. “Т б” ХХК-ийн мэдүүлэгт нь “Эрээнээс” гэсэн боловч санхүү бүртгэлд Шаньдун хот гэж тусгагдсан байсан. Мөн “Т б” ХХК-иас бараагаа Эрээн хотоос авсан гэдгээ нотлох баримтаар нотолж чадаагүй.  Шаньдун хотоос авсан бараагаа Эрээн хотоос авсан гэж мэдүүлэх боломжтой. Санхүүгийн ерөнхий журнал нь тухайн компанийн өдөр тутамд хөтөлж байгаа санхүүгийн бичиг баримт тул тус нотлох баримтыг үндэслэж шийтгэл ногдуулсан. Иймд гомдол гаргагчийн тайлбар үндэслэлгүй ... гэж тус тус маргасан.

          Шүүх хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогчдын шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаан дээр гаргасан нэмэлт тайлбар зэргийн хүрээнд судлан үзээд гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. 

          Гаалийн ерөнхий газрын гаалийн улсын байцаагч Ө.З нь “Т б” ХХК-ийн 2013-2017 оны гадаад худалдааны болон санхүүгийн баримт, бүртгэлд бүрдүүлэлтийн дараах хяналт шалгалтыг хийж, тээврийн зардлыг дутуу мэдүүлсэн гэх зөрчилд 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 0240374 дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 1.2-д заасныг үндэслэн 5,640,394 төгрөгийн торгууль ногдуулжээ.

          Хариуцагчаас “... “Т б” ХХК-ийн хувьд шалгалтын явцад барааны үнэд ямар ч асуудал гараагүй. Зөвхөн Шаньдуны тээврийн зардал гээд зардал гараад ирсэн. Үүнийг нь тодруулахад “Манайх зардлаа нэмэх гээд ийм бичилт хийчихсэн юм” гэж тайлбарласан” гэх тайлбарыг хийсэн бөгөөд нэхэмжлэгчээс уг үйл баримтыг үгүйсгээгүй бөгөөд шүүх хуралдааны явцад “... Би санхүүгийн ерөнхий журнал дээрээ ашгаа багасгаж, зардлаа өсгөх гээд “Шаньдунаас тээврийн зардал” гээд биччихсэн. Санхүүгийн баримт бичигтээ “Шаньдунаас тээврийн зардал” гэж бичсэн буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэж тайлбар хийснийг шүүх зөвтгөх боломжгүй.

          Учир нь үйл ажиллагаа явуулж буй иргэн, хуулийн этгээд нь анхан шатны санхүүгийн баримт бичиг, санхүүгийн тайлан, гүйлгээ баланс, бараа материалын бүртгэл болон тайлан, касс харилцахын үндсэн баримт, банкны дансны хуулга зэрэг холбогдох бүхий л баримтыг хуульд заасан журмын дагуу бүрдүүлж, мэдүүлэх үүрэгтэй. 

          Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3-д “Энэ хуулийн 10.1-д заасан аргаар гаалийн үнийг тодорхойлохдоо хэлцлийн үнэд ороогүй, эсхүл хэлцлийн үнээс тусдаа ялгарч харагдах тоон үзүүлэлтээр илэрхийлэгдсэн бөгөөд гадаад худалдаа, санхүү, нягтлан бодох бүртгэлийн үндэслэлтэй мэдээ баримтад тулгуурласан дараахь зардлыг нэмж тооцно” гэж заасан.

          Хэрэгт авагдсан баримтаар гомдол гаргагч “Т б” ХХК нь 2015 оны 13,547,196 төгрөгийн тээврийн зардлыг Инкотермс EXW нөхцөлөөр 3,560,656 төгрөгөөр гаалийн байгууллагад мэдүүлсэн нь 2015 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 893,295.00 төгрөг, 2015 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 874,435.50 төгрөг, 2015 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 895,050.00 төгрөг, 2015 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 897,876.00 төгрөгийн 4 удаагийн мэдүүлгээр нотлогдож байна.

          Мөн 2016 онд 24,688,800 төгрөгийн тээврийн зардал шилжүүлж хүлээн авсан импортын барааны Инкотермс DAP нөхцөлөөр тээврийн зардалд 2,710,431 төгрөг мэдүүлсэн нь 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 899,244.00 төгрөг, мөн оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 914,611.50 төгрөг, мөн оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 896,575.50 төгрөгийн нийт 3 удаагийн гаалийн мэдүүлгээр, Инкотермс DAF, FCA, СРТ, FCA зэрэг нөхцөлөөр тээврийн зардалд 3,972,877 төгрөг мэдүүлсэн нь 2016 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 880,542.00 төгрөг, мөн оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 835,775.00 төгрөг, мөн оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 1,136,376.07 төгрөг, мөн оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 1,120,184.24 төгрөгийн 4 удаагийн гаалийн мэдүүлгээр, нийт 11 гаалийн мэдүүлгээр тээврийн зардлыг дутуу мэдүүлсэн нь нотлогдож байна.

          Дүгнэвэл “Т б” ХХК нь Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Шаньдун хотоос Эрээн хот хүртэлх тээврийн зардалд 2015 онд 13,547,196 төгрөг, 2016 онд 24,688,800 төгрөгийг төлсөн буюу нийт 38,235,996 төгрөгийг төлсөн нь тус компанийн санхүү бүртгэлийн ерөнхий журналаар нотлогдож байх бөгөөд үүнээс нийт 11 удаагийн гаалийн мэдүүлгээр нийт 10,243,964 төгрөгийг мэдүүлсэн байгаагаас үзэхэд 27,992,031 төгрөгийг гаальд дутуу мэдүүлжээ. 

          Гаалийн ерөнхий газрын даргын 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн А/134 дүгээр тушаалын хавсралтаар баталсан “Гаалийн бүрдүүлэлтийн дараах шалгалт хийх журам”-аар гаалийн байгууллагаас бүрдүүлэлтийн дараах шалгалт хийхтэй холбоотой харилцааг зохицуулахаар байх бөгөөд уг шалгалт нь гаалийн байгууллагаас гадаад худалдаанд оролцогчдын худалдааны мэдээлэл, санхүү, нягтлан бодох бүртгэлийн болон анхан шатны бичиг баримт, цахим сангийн мэдээллийг нягтлан шалгах замаар гаалийн мэдүүлгийн үнэн зөвийг тодорхойлох, хууль сахилтын түвшинг үнэлэх шалгалтыг ойлгохоор заасан байна.

          Бүрдүүлэлтийн дараах шалгалтын зорилго нь гаалийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, худалдааны луйвартай тэмцэх, гадаад худалдаанд оролцогчдод гаалийн хууль тогтоомжийг сайн дураар сахин биелүүлэх боломж олгох, хууль ёсны худалдаа эрхлэгчдийг дэмжих замаар гадаад худалдааг хөнгөвчлөхөд орших ба “Т б” ХХК-д хийсэн шалгалтаар тус компанийн гаалийн мэдүүлэг, санхүүгийн бүртгэлийн ерөнхий журнал зэрэг нь зөрүүтэй байгаа нь нотлогдож байна.

           Дээрх байдлаас үзвэл Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлд Гаалийн тухай хууль зөрчих тухай ойлголтын зохицуулсан бөгөөд мөн зүйлийн 1.2-т “гаалийн үнэ, барааны тоо хэмжээ, гаалийн бүрдүүлэлтийн горим, барааны нэр төрөл, марк, зориулалт, ангилал, гарал үүслийг худал мэдүүлсэн” гэж заасны дагуу Гаалийн улсын байцаагч Ө.Зын 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 0240374 тоот шийтгэлийн хуудсаар тус компанийн дутуу мэдүүлсэн тээврийн зардлын дүн болох 27,992,031 төгрөгийн зөрчилд 4.338.764,84 төгрөгийн нөхөн татвар, 1.301.629,45 төгрөгийн торгууль, нийт 5.630.394 төгрөгийн шийтгэл ногдуулсан нь холбогдох нотлох баримтад үндэслэсэн, гаргасан зөрчилд нийцжээ  гэж шүүх дүгнэв.

 

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 1.2, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3-д тус тус заасныг баримтлан “Т б” ХХК-ийн “Гаалийн улсын байцаагч Ө.Зын 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 0240374 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн  7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар 113.2-т зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Н.ДОЛГОРСҮРЭН