Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 001/ХТ2019/00549

 

Б.Д-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

          Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Б.Ундрах, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

     Завхан аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн          

          2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 720 дугаар шийдвэр,

          Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

          2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 29 дүгээр магадлалтай,

          Нэхэмжлэгч: Б.Д-

          Хариуцагч: “...банк” ХХК-ийн Завхан салбарт холбогдох

          Үндсэн нэхэмжлэл: Ажилд эгүүлэн тогтоолгох, олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлж бичилт хийлгэхийг даалгах

           Сөрөг нэхэмжлэл: 9,397,737 төгрөг гаргуулах

          Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

          Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Д-, түүний өмгөөлөгч Б.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.С, хариуцагчийн өмгөөлөгч Н.Б, нарийн бичгийн даргад Б.Уранзаяа нар оролцов.

         Нэхэмжлэгч нэхэмжлэл болон тайлбартаа: Би 2014-12-20-ны өдрөөс 2015-07-15-ны өдөр хүртэлх хугацаанд хүүхэд асрах чөлөөтэй байсан. 2015-07-04-ны өдөр ажилдаа эргэн орох талаар Б.Өрнөхжаргалтай уулзахад чиний оронд Б.Уранчимэг өдөр шөнөгүй ажилласан гээд “..авахгүй, теллерээр орвол ор, үгүй бол өргөдлөө өг..” гэсэн. Тухайн үед би 3 сартай жирэмсэн байсан учраас захирлын дарамт албан тушаал бууруулна гэсэн шахалт байсан учир төрснийхөө дараа ажилдаа оръё, 5 сар ажиллаад дахиад декрет авах юм чинь жирэмсэн хүнд дарамттай гэж үзээд 2015-09-01-ний өдөр хүртэл чөлөөгөө сунгах өргөдөл өгсөн. Мөн 2015-09-01-ний өдрөөс 2015-11-25 өдөр хүртэл дахин чөлөөгөө сунгах хүсэлт өгсөн. 2015-11-1-с 2015-12-31-ний өдөр хүртэл жирэмсний лист бичүүлж, 2015-12-28-нд төрсөн. 2016-02-25-ны өдөр амаржсаны 2 сарын хугацаа дууссан тул 2016-02-23-нд хүүхэд асрах чөлөө авах тухай өргөдлийг 2016-06-1-ний өдөр хүртэл гэж гаргасан. 2016-05-23-ны өдөр ажилд орох өргөдлөө өгөхөөр уулзахад салбарын захирал мөн л өмнөх тайлбараа хэлсэн. Эдийн засагч, ахлах теллер, теллер гэсэн орон тоог санал болгосон ба өргөдлөө эдийн засагчаар ажиллуулж өгнө үү гэж гаргасан. 2016-06-13-ны өдөр ажилдаа ирсэн ба зээл судлах сургалт зохион байгуулж, эрх иртэл бусад зүйлийг хийж байгаад 5 хоног сургалтад суугаад 2016-06-28-нд эрх ирсэн. 7-1-ний өдрөөс зээл олгож эхэлсэн ба 2016-08-01-ний өдөр зээлийн аян зарлаж, 8 сард 196 сая төгрөг болж 200 сая төгрөг хүрээгүй, салбарын нийт дунджаас доогуур гээд улаан шугам татаж доор нь орсон. Ажлаа хийж байтал 2016-09-06-ны өдөр тооцооны захирал дуудсан ба “Ойн баялаг” ХХК-ийн зээлийн хугацаа хэтэрч байгаад 18 төгрөгөөр дутуу төлөгдсөнөөс болж муу зээлийн ангилалд орлоо чиний буруу, амаар санууллаа шүү гэсэн. Теллерийн буруу, харилцагч зээлээ төлсөнд миний буруу байхгүй талаар хэлсэн. 2016-09-09-ний өдөр дахиж дуудаж, чамд харилцагчийн гомдол ирсэн. Лизингийн зээл судлуулах, тооцоолол хийлгүүлэх гэхэд завгүй байна гээд хийж өгөөгүй талаар хэлэхэд нь би 1 хүн ирээд орлого нь боломжгүй байхаар нь буцаасан, өөр хүн байхгүй талаар хэлсэн. Намайг бусад эдийн засагч нараас ажлын үзүүлэлт муу байна гээд жинхлэхгүй талаар хэлсэн. Удирдлагатай уулзаад өөрийн саналаар эдийн засагч болоогүй, шинэ ажилтан биш яагаад жинхлэхгүй гэж асуухад харилцагчийн гомдол харилцагчийн нууц гэсэн. Салбарын захирал 2016-09-15-ны өдөр дуудаад чамд 3 сарын хугацаа олгож 2 сарын үүрэг өгье, үүрэг даалгаврын биелэлт 100% байх ёстой гэж хэлсэн. Ажилтан ...банкны төв салбараас ирүүлсэн улирлын шалгалтыг өгсний дараа ажиллуулах, ажиллуулахгүйг чинь шийднэ гээд шалгалт авсан. 2016-12-14-нд захирал дуудаад дансны мэдээллийн ажилтан бол гэсэн хууль бус шаардлага, шахалт үзүүлсэн. 2016-12-19-ний өдөр ажлаас халагдах тушаал авсан. Энэ тушаалд хугацаа дууссан гэдэг нь ямар ч үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү. Сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. 2017-04-25-ны өдөр шийдвэр гарснаас хойш би 7 хоногийн дотор гомдол гаргасан. Шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй гомдол гаргасныг ...банк ХХК мэдэж байсан. Мөнгө шилжүүлсэн талаар би мэдээгүй. ...банк ХХК сайн дураараа намайг мэдээгүй байхад мөнгө шилжүүлж, бүх мөнгөөр нь зээл төлсөн байна. Би нэг ч төгрөг аваагүй тул хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

        Хариуцагч тайлбар болон сөрөг нэхэмжлэлдээ: Нэхэмжлэлийг эс зөвшөөрч байна. Нэхэмжлэгчтэй 2016-06-14-ний өдөр 3 сарын туршилтын хугацаатай эдийн засагчийн ажлын байранд хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Нэхэмжлэгч дээрх хугацаанд ажил үүргээ хангалттай биелүүлээгүй, харилцагчаас гомдол ирж байсан, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврын биелэлт хангалтгүй тул дахин боломж олгож туршилтын хугацааг 3 сараар сунгаж, 2016-12-14-ний өдөр дуусгавар болсон. Гэрээг цаашид сунгахгүй гэж үзээд дуусгавар болсон. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Анхан шатны шүүх хуралдааны үеэр талууд эвлэрч, 2017-04-25-ны өдөр 197 тоот шүүгчийн захирамж гарсан. Эвлэрлийн үндсэн дээр ...банк ХХК Б.Д-д ажилгүй байсан хугацааны /4сарын/ цалин буюу 5 сая төгрөг, ажилтны хөнгөлөлттэй нөхцөл бүхий орон сууцны зээлийн хүү 2017-01-05-с 2018-01-05-ны өдөр хүртэл хүү 6% байлгасан ба энгийн хүүний зөрүү 4,397,737.96 төгрөг ба эвлэрлийн баталсан шүүгчийн захирамж хүчингүй болсон тул Б.Д-аас 9,397,737.96 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

         Завхан аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 720 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан Б.Д-ыг ...банк ХХК-ийн Завхан салбарын эдийн засагчийн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.5 дахь хэсгүүдэд зааснаар ...банк ХХК-ийн Завхан салбараас 23,447,940 төгрөгийг гаргуулан  Б.Д-д олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн ажилгүй байсан бүх хугацаанд нийгмийн болон эрүүл мэндийн шимтгэл болон хувь хүний орлогын албан татварыг хуульд заасан хувь хэмжээгээр суутгаж, зохих санд төвлөрүүлэх, дэвтрүүдэд бичилт хийхийг ...банк ХХК-ийн Завхан салбарт даалгаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 275,190 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

          Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 29 дүгээр магадлалаар шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч ...банк ХХК-ийн Завхан салбар нь нэхэмжлэгч Б.Д-д холбогдуулан гаргасан сөрөг нэхэмжлэлээ татан авсан болохыг дурьдсугай гэж, шийдвэрийн 2,3,4,5,6 дахь заалтуудын дугаарыг 3,4,5,6,7 гэж дугаарлаж, тогтоох хэсгийн 5 дахь заалтад Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч ...банк ХХК-ийн Завхан салбарын сөрөг нэхэмжлэлийн тэмдэгтийн хураамжид төлсөн 165,313 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч байгууллагын давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид төлсөн 275,190 төгрөгийг улсын орлого болгож шийдвэрлэсэн байна.

      Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар хяналтын гомдолдоо: Нэхэмжлэгч нь ...банкны Завхан салбарын Ерөнхий нягтлан бодогч ажлаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж, эдийн засагчийн албан тушаалд шинээр, 3 сарын туршилтын хугацаагаар томилогдсон. Түүнээс хойш 2016-06-14-ний өдрөөс эхлэн шинэ ажлын байранд 3 сарын туршилтын хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан байдаг. Хөдөлмөрийн тухай хуулийн 23.2.3-т шинэ ажилтныг туршилтын хугацаатайгаар ажиллуулж болохоор заасан байдаг. Тус гэрээний хугацаа 2016-09-14-ний өдөр дуусгавар болсон бөгөөд туршилтын хугацааг дахин 3 сараар сунгаж 2016-12-14 хүртэл сунгасан гэрээ байгуулсан байхад шүүхээс холбогдох бүх нотлох баримтад тулгуурлан, харьцуулалт дүгнэлт хийлгүйгээр зөвхөн нэхэмжлэгчийн амаар гаргасан тайлбарыг үндэслэн хөдөлмөрийн харилцааг буруу тодорхойлж, туршилтын хугацаа дуусч Хөдөлмөрийн тухай хуулийн 37.1.3-т заасан үндэслэлээр гэрээ дуусгавар болсон байхад ажлаас халсан гэж үзсэнд гомдолтой байна. Өөрөөр хэлбэл, ажил олгогч ажилтныг тодорхой нэгэн албан тушаалд ажилууллахдаа Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар 6 сараас хэтрэхгүй хугацаагаар туршилтын хугацааны гэрээ байгуулах эрхтэй бөгөөд түүнийг цаашид үргэлжлүүлэн сунгах асуудал нь ажилтан ажлаа сайн, муу хийсэн эсэхээс үл хамаараад ажил олгогч байгууллагын шийдвэрлэх асуудал юм. Энэ талаар хоёр шатны шүүх огт хууль зүйн дүгнэлт өгөөгүй, хэрэгт авагдсан нотлох баримт үнэлэх хуулиар тогтоосон журмыг зөрчсөн. Мөн нэхэмжлэгч нь Ерөнхий нягтлан бодогч ажлаас өөрийнх нь хүсэлтээр чөлөөлсөн тушаал гарсны дараа ямар нэгэн байдлаар гомдол огт гаргаагүй. Шинэ ажилд туршилтын хугацаагаар томилоход хүртэл гомдол гаргаагүй. Үүнийг анхан шатны шүүхэд татгалзлын үндэслэлээ болгож, маш дэлгэрэнгүй тайлбарласан. Гэтэл энэ талаарх Хөдөлмөрийн тухай хуулийн зохицуулалтыг шүүх огт хэрэглээгүй, үндэслэлдээ ч дурдаагүй. Хөдөлмөрийн тухай хуульд ажил олгогчоос ажилтантай холбоотой гаргаж буй аливаа тушаалд 1 сарын дотор гомдол гаргах эрхтэй талаар зохицуулсан. Ийм байхад тухайн үедээ тушаалуудыг хүлээн зөвшөөрч, гомдол гаргаагүй атлаа уг 1 сарын хугацаа дууссанаас хойш буюу хожим тушаал, гэрээтэй холбоотой гомдол гаргаж байгаа нь хөөн хэлэлцэх хугацааны хувьд хүлээж авах үндэслэлгүй байгааг шүүх огт үндэслэл болгоогүй нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, ноцтой алдаа гаргасан гэж үзэж байна. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг ИХШХШТХ-ийн 40.1, 40.2-т заасны дагуу тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, дүгнэж чадаагүй. Шийдвэр гаргахдаа нэхэмжлэгч нь туршилтын хугацаагаар ажиллаж байсан талаар зохигчдын тайлбар, бичгийн маш олон нотлох баримт байхад зөвхөн Б. Д-ын гаргаж өгсөн техникийн шинжтэй алдаатай хийгдсэн хөдөлмөрийн гэрээг үндэслэж байгаа нь илт үндэслэлгүй байна. Мөн бидний гаргаж өгсөн нотлох баримтуудыг яагаад үнэлэхгүй байгаагаа ч үндэслэлдээ дурдаагүй. Магадлалын 30-р хуудаст “Эдийн засагчийн ажлын байр нь байнгын ажлын байр тул хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулах ёстой. Харин талууд харилцан тохиролцсон бол хугацаатай байгуулж болохоор Хөдөлмөрийн тухай хуулийн 23.2.2-т заасан боловч талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээнд хугацаатай байгуулах үндэслэл буюу тохиролцоо заагаагүй, хариуцагч хугацаатай байгуулсан үндэслэлээ тайлбарлаагүй тул харилцан тохиролцож хугацаатай байгуулсан гэж үзэхгүй” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь Банк Б.Д- нарын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээ нь эдийн засагчийн ажлын байранд туршилтын хугацаатай байгуулсан хөдөлмөрийн гэрээ юм. Харин харилцан тохиролцсоноор хугацаатай байгуулсан гэрээ биш юм. Ерөнхий ня-богийн ажил нь бүртгэл, тайлан тооцоотой холбоотой ажил үүргийг гүйцэтгэдэг бөгөөд харин эдийн засагч нь зээл судлах олгох гэх мэт зээлтэй холбоотой ажил үүргийг гүйцэтгэдэг, өөр төрлийн ажил үүрэг юм. Иймээс ч зээлийн эдийн засагчийн ажлын байранд ажиллахын тулд зээл судлах эрх олгох сургалтад хамрагдан шалгалт өгч эрх авснаар энэ ажил үүргийг гүйцэтгэх боломжтой болдог тул ерөнхий ня-богийн ажил үүргээс өөр ажил үүрэг болох нь харагдаж байна. Б.Д-тай эдийн засагчийн ажлын байранд туршилтын хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан нь Банк ямар нэг хууль зөрчсөн үйлдэл хийгээгүй юм. Иймээс давж заалдах шатны магадлал дахь энэхүү дүгнэлт нь үндэслэлгүй юм. Иймээс туршилтын хугацаатай байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусгавар болсон тул дуусгавар болгосон нь хуульд нийцсэн гэж үзэж байгаа. Мөн хариуцагч талаас ХХША-ны зөрчилтэй холбоотой, энэ хэрэг цаашид шийдвэрлэгдэх хууль зүйн боломж огт байхгүй талаар, маргааны үндсэн асуудлын талаар хэдэн хэдэн үндэслэлээр татгалзлын үндэслэлээ тайлбарлаж, нотлох баримтаар баталгаажуулсан байхад энэ талаар шийдвэртээ огт дүгнэлт өгөөгүй, орхигдуулсан. Зохигчид маргаж, мэтгэлцэхдээ зөв, буруу ямарч үндэслэл гаргах боломжтой. Энэ асуудалд шүүх аль тайлбар нь зөв, буруу, үндэслэлтэй эсэх талаас нь тус бүрт нь дүгнэлт өгөх ёстой байтал хоёр шатны шүүх дүгнэлт өгөөгүйд гомдолтой байна. Зөвхөн нэхэмжлэгчийн хэлсэн ямар нотлох баримтгүй тайлбар, үндэслэлд бүрэн тулгуурлаж шийдвэр, магадлал гарсан байдаг. 2017-04-25-ны өдрийн шүүх хуралдаанаар ямар нэгэн маргаангүйгээр, талуудын хүсэл зориг хангалттай тодорхой илэрхийлэгдэж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэгт эвлэрэн хэлэлцсэнийг Л.Эхлэлт шүүгч мөн өдөр 197 дугаар захирамж гарган талуудыг эвлэрүүлж, шүүхийн ажиллагаа дуусгавар болсон. Мөн банкны зүгээс талуудын эвлэрлийг баталсан захирамжийн дагуу нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалинг дансанд нь олгож, орон сууцны зээлийн гэрээний хүүг өөрчлөхгүйгээр хэвээр үргэлжлүүлж, НД болон ЭМД-ын дэвтэрт нөхөн бичилт хийж, шүүхийн шийдвэрийг биелүүлсэн. Гэтэл нэхэмжлэгч Б. Д- нь уг ажиллагаа дуусгавар болсноос хойш хуульд зааснаар дахин гомдол гаргах эрхгүй, хүчин төгөлдөр болж, бүрэн биелэгдсэн шүүгчийн захирамжид сар гаруй хугацааны дараа хуулийн ямар үндэслэлээр гаргаж буй нь тодорхойгүй, ойлгомжгүй, нотлох баримтгүй, үндэслэлгүй гомдол гаргасныг Л.Эхлэлт шүүгч хүлээж аваад гомдлыг хангахаас татгалзаж, 2017-07-28-ны өдөр 1217 дугаар захирамжаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болсон. Гэвч, Л.Эхлэлт шүүгчийн гомдлыг хангахаас татгалзсан 2017-07-28-ны өдрийн 1217 дугаар захирамжид нэхэмжлэгч дахин гомдол гаргасан бөгөөд анхан шатны шүүхээс гомдлыг хүлээн авч, 2017-08-31-ний өдрийн 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэй хуралдаанаар 12-р тогтоол гаргаж, нэг удаагийн шийдвэрээр шүүгчийн 2017-04-25-ны өдрийн 197-р, 2017-07-28-ны 1217-р бүхий 2 өөр захирамжийг хамтад нь хүчингүй болгож шийдвэрлэсэн. Энэ нь эвлэрэл баталсан өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлээс маш тодорхой харагдана. Шуух бурэлдэхүүнийг 2017-4-25-ны өдрийн эвлэрэл баталсан өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлтэй бүрэн танилцахыг онилон тэмдэглэж байна. Тус тэмдэглэлээс үзвэл эвлэрэл ямарч маргаангүй, алдаа зөрчилгүй хийгдсэн, нэхэмжлэгч өөрөө бүрэн хүлээн зөвшөөрч хийгдсэн нь нотлогдоно. Гэтэл 2017-8-31-ний өдөр шүүх бүрэлдэхүүн эвлэрлийг баталсан захирамжийг хүчингүй болгохдоо нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан ямарч нотлох баримтгүй, үндэслэлгүй, худал тайлбарт үндэслэж, шийдвэр гаргасан нь илт хууль зөрчиж байгаагаас гадна цаашид тус шүүхэд итгэх итгэлгүй болголоо. Үүнийг давж заалдах шатны шүүх бүрэн хүлээн зөвшөөрч, энэ нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан гэж үзэхээр байна гэж тайлбарласан атлаа гэхдээ хэргийг шийдвэрлэхэд саад болохгүй гэж огт хуульд нийцээгүй, байж боломгүй тайлбар хэлж, анхан шатны шүүхийн шийдвэрийг агуулгын хувьд хэвээр үлдээсэнд гомдолтой байгаа. Хариуцагчийн зүгээс дээрх илт үндэслэлгүй 2017-08-31-ний өдрийн 12-р тогтоолтой холбогдуулж, хүчингүй болгуулахаар ИХШХШТХ-ийн 124.1, 170.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу 4-5 удаа гомдол гаргасан боловч шүүхээс уг 12-р тогтоолыг гаргасан шүүх бүрэлдэхүүнд шилжүүлэхгүйгээр шүүгч Т.Балжинням дундаас нь огт үндэслэлгүйгээр хүлээн авч, гомдол гаргах эрхгүй гэж тайлбарлан хүлээн авахаас татгалзсан шүүгчийн захирамж, тогтоолыг гаргасан. Гомдол хэлэлцэх шүүх хуралдаануудын явцад шүүгч Т.Балжиннямд “...12-р тогтоол гаргасан шүүх бүрэлдэхүүн энэ асуудлыг шийдвэрлэнэ, та дундаас нь хүлээн авч, татгалзаж шийдвэрлэх нь буруу...” гэдгийг удаа дараа хэлж тайлбарласан боловч “...танай тал гомдол гаргах эрхгүй гэж тайлбарлан...” хүлээж аваагүй. Монгол Улсын шүүхийн жишиг, практик, хууль зүйн хувьд хүртэл ийм ойлгомжтой, тодорхой асуудлаар шүүхийн тогтоолд гомдол гаргаж байхад хянах ямарч эрхгүй субьект болох хэргийг шийдвэрлэж буй шүүгч дундаас нь хүлээн авч, гомдол гаргах эрхгүй гэж шийдвэрлэсэн нь хуульч болон шүүгчийн ёс зүйгүй үйлдэл гэж үзэхээс гадна үүнийг ИХШХШТХ-ийн 124.1-д заасан шүүхийн тогтоолыг тухайн шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэх эрх хэмжээтэй хуулийн зохицуулалтыг илтэд зөрчиж байна. ИХШХШТХ-ийн 124.1 дэх хэсгийг тайлбарласан Улсын Дээд шүүхийн тайлбарт ‘...Тухайн зүйл нь захирамж. тогтоолыг гаргасан шүүгч шүүх бүрэлдэхүүнд өөрөө алдаагаа залруулах..өөрчлөх, хүчингүй болгох боломж олгосон зохицуулалт юм. Энэ эрх өөр шүүгч, шүүх бүрэлдэхүүнд олгогдоогүй. Тухайн захирамж, тогтоолыг гаргасан шүүгч, шүүх бүрэлдэхүүнээс өөр хэнд ч хамааралгүй болно. Өөр шүүх бүрэлдэхүүн энэ зүйлд зааснаар шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолыг хянах нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн алдаа болно гэж маш тодорхой, ойлгомжтой тайлбарласан байгаа. Ийм байхад уг асуудалд шүүгч Т.Балжинням маш бүдүүлгээр хандаж, уг маргаан бүхий 12-р тогтоолыг дахин шүүх бүрэлдэхүүнээр хэлэлцүүлэх ямарч боломж олгоогүйд хариуцагчийн зүгээс үнэхээр гомдолтой байна. Үүнээс гадна шүүгч Т.Балжинням нь хариуцагч ... банк ХХК-ийн зүгээс ХХША-д холбогдуулж хүсэлт, гомдол гаргасан байхад түүнийг шүүгчийн захирамжаар шийдвэрлэхгүйгээр албан тоотоор хариу өгч хууль зөрчсөн, ёс зүйгүй үйлдэл гаргадаг. Уг албан тоотдоо хариуцагч талын хүсэлт, гомдлыг хүлээж авах үндэслэлгүй гэх агуулгатай дүгнэлт хийж, улмаар “...хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэв.” гэсэн байдаг. Ийм байдлаар шүүхийн нэр хүндийг гутаасан үйлдэл гаргаж байхад давж заалдах шатны шүүх хараагүй мэт өнгөрч байгаа нь үнэхээр харамсалтай, бидний зүгээс гомдолтой байна. Дээрх маргаан бүхий 2017-08-31-ний өдрийн 12-р тогтоол гаргасан 3 шүүгчтэй бүрэлдэхүүнийг шүүгч Т.Балжинням даргалагчаар оролцож хууль бус шийдвэрийг гаргасан. Улмаар хэргийг ердийн журмаар шийдвэрлэхээр болж, хэрэг сэргэн Л.Эхлэлт шүүгч ажиллагааг дахин эхлүүлэхээр болоход нэхэмжлэгч Б.Д- нь Л.Эхлэлт шүүгчээс ямарч үндэслэл, нотлох баримтгүй, хуульд заагаагүй үндэслэлээр татгалзсан хүсэлт гаргахад Ерөнхий шүүгчээс хүсэлтийг хүлээн авч, хэргийг 2017-08-31-ний өдрийн 12-р хууль бус тогтоол гаргасан шүүх хуралдааныг даргалагч буюу өмнө нь энэ хэрэгтэй холбоотой ХХША-нд оролцож, шийдвэр гаргасан шүүгч Т.Балжиннямд шилжүүлсэн нь илт хууль зөрчиж байгаа. Энэ талаар ИХШХШТХ-ийн 93.2-т зааснаар шүүхийн ажиллагаанд шийдвэрлэх гэж буй хэрэгтэй холбогдуулан өмнө нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон бол дахиж оролцохгүй байх хуулийн зохицуулалтыг зөрчиж байна. Ерөнхий шүүгчээс хэргийг шүүгч Т.Балжиннямд шилжүүлсний дараа хариуцагч ...банк ХХК-ийн зүгээс “...өмнө нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байсан, мөн хууль зөрчиж, нэхэмжлэгч талд хэтэрхий ашигтай хэлбэрээр ямарч үндэслэлгүй шийдвэр гаргасан...” зэрэг үндэслэлээр шүүгч Т.Балжиннямаас татгалзах хүсэлт гаргахад Ерөнхий шүүгч огт үндэслэлгүйгээр хүлээн авахаас татгалзсан. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Б.Д- нь Л.Эхлэлт шүүгчээс ямарч үндэслэл, нотлох баримтгүй, хуульд заагаагүй үндэслэлээр татгалзсан хүсэлт гаргахад Ерөнхий шүүгчээс хүсэлтийг хүлээн авч, хангаж шийдвэрлэсэн атлаа хариуцагч талаас үндэслэл бүхий шүүгчээс татгалзсан хүсэлт гаргахад огт үндэслэлгүйгээр хүлээн авахаас татгалзсан. Энэ нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчиж байгаагаас гадна ИХШХШТХ-ийн 4-р зүйлд заасан талуудын шүүхийн өмнө эрх тэгш байх зарчмыг илтэд зөрчиж байна. Хэргийн бүх ажиллагаанд зориуд хуулийг зөрчин байж шүүгч Т.Балжиннямыг оролцуулж байгаа нь ашиг сонирхлын зөрчил гарсан байж болзошгүй гэдгийг илэрхийлж байна. ХХША-ны явцад хариуцагч ...банк ХХК-ийн зүгээс нэхэмжлэгчид ажилгүй байсан хугацааны цалин, хөлсд шилжүүлсэн мөнгийг буцаан гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж, хуульд заасны дагуу улсын тэмдэгтийн хураамж төлсөн. Уг сөрөг нэхэмжлэлийг шүүх хүлээн авч, нэхэмжлэгчид гардуулсан байдаг. Гэтэл шүүгч Т.Балжинням 2018-10-12-ны өдрийн шүүх хуралдааныг даргалахдаа сөрөг нэхэмжлэл гаргасан талаар огт мэдээгүй, хэргийн материалтайгаа хангалттай танилцаагүй байдаг. Энэ нь шүүх хуралдааны тэмдэглэл, бичлэгээс тодорхой харагдана. Мөн шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт сөрөг нэхэмжлэл хэрхэн шийдвэрлэсэн талаар огт дурдаагүй, орхигдуулсан байдаг. Өөрөөр хэлбэл шүүх хуралдаанд нэхэмжлэгч үндсэн нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлаж, манай тал хариу тайлбараа гарган, улмаар талуудын асуулт хариултын үе шат, нотлох баримт шинжлэн судлах ажиллагаа дууссаны дараа зохигчид эцсийн дүгнэлт хэлэх үед даргалагч шүүгчээс сөрөг нэхэмжлэлийн үндэслэл тайлбар, хариу тайлбарын талаар огт асуухгүй болохоор нь арга буюу бид сөрөг нэхэмжлэл гаргасан байгааг шүүгчид хэлснээр мэдсэн ба энэ талаар бид өөрсдөө хүсэлтээ гаргаж, товч тайлбар хэлсэн. Шүүгч сөрөг нэхэмжлэлийг хурлаар хэлэлцүүлээгүй, энэ талаар тогтоох хэсэгтээ ч дурдаагүй. Анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийг хэлэлцүүлээгүй, энэ талаар зохигчид мэтгэлцээгүй, ялангуяа сөрөг нэхэмжлэлийн мөнгөн дүнтэй холбогдуулж нэхэмжлэгч талаас нэмэлт нэхэмжлэлийн шаардлага болон үндэслэл огт гаргаагүй байхад шүүх өөрийн санаачилгаар сөрөг нэхэмжлэлээр шаардсан мөнгөн дүнг ажилгүй байсан хугацааны цалингаас хасч тооцсон нь нэхэжлэлийн шаардлага, үндэслэлээс хальсан гэж үзэхээр байна. Мөн энэ байдлыг болон хэргийг бүхэлд нь авч үзвэл шүүх зөвхөн нэхэмжлэгчийн талд хэтэрхий давуу байдал бий болгосон нь тодорхой харагдаж байгааг дурдаж байна. Дээрхээс гадна хариуцагч талаас нэхэмжлэлийн үндсэн шаардлага, маргаантай холбогдуулж хэд хэдэн үндэслэлээр маргаж, холбогдох нотлох баримтаа зааж мэтгэлцсэн. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх хариуцагч талын маргасан үндэслэлд огт хууль зүйн дүгнэлт өгөөгүй орхигдуулсан. Ялангуяа нэхэмжлэгч нь нягтлан бодогчийн ажлын байрнаас чөлөөлөгдөх өргөдлөө өөрөө өгч, өөр албан тушаалд шинээр туршилтын хугацаатай томилогдсон, уг ажлаас чөлөөлж өгөхийг хүссэн өргөдөл хэрэгт авагдсан бөгөөд үүнийг шүүхэд маш тодорхой хэлсээр байтал асуудлыг мушгин хүүхэд асрах чөлөөнөөс орсон, ажлын байр хадгалагдах ёстой гэсэн огт хамааралгүй дүгнэлт хийж, бид уг тайлбар, үндэслэлд ямарч дүгнэлт өгөөгүй. Мөн анхан шатны шүүх эвлэрлийн захирамжийг хүчингүй болгосон цагаас эхлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой өөр олон зөрчил гаргасан. Хяналтын шатны шүүх хэргийг бүхэлд нь хянан үзэж, шүүхийн хууль зөрчсөн ажиллагаа тус бүрт үндэслэл бүхий дүгнэлт өгч, хуулийг сахиулж, шударга ёсыг тогтоож өгөхийг хүсье. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

        Б.Д- 2017-01-02-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж, ... Банкны орон нутгийн Иргэдийн банкны Завхан салбарын төв тооцооны төвийн эдийн засагчийн ажилд эгүүлэн тогтоолгох,ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг даалгуулах, ажил олгогчийн 2016-12-14-ний өдрийн 373 дугаар тушаалыг хүчингүй болгуулах тухай шаардлага гаргажээ. Нэхэмжлэгч үндэслэлээ тайлбарлахдаа “...2011 оноос 2014-09-22-ны өдөр хүртэл ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байгаад 2014-10-22-ны өдөр амаржиж, хүүхэд асрах чөлөө авсан...2015-07-06-ны өдөр ажилдаа орох гэтэл ....өөр ажил санал болгосон...мөн 3 сартай жирэмсэн байсан тул хүүхэд асрах чөлөөгөө сунгах өргөдөл өгөөд ...2015-12-28-ны өдөр амаржсан...2016-05-23-ны өдөр ажилдаа орох гэтэл мөн л татгалзсан...2016-06-06-ны өдөр дуудаж нягтлангаар бол буцааж авахгүй,харин эдийн засагч, ахлах теллер, дансны ажилтан,теллер гэсэн орон тоо байна шийдвэрээ гарга гэсэн.... салбарын захиралтай тохиролцсон тул эдийн засагчаар ажиллуулж өгнө үү гэж өргөдөл бичээд өгсөн...2016-06-13-ны өдрөөс ажилд орсон 28-ны өдөр эрхээ аваад эдийн засагчаар ажиллаж байхад шахалт үзүүлж хууль бусаар шалгалт авсан...ажлаа өг гэхээр нь тушаалаа аваад ажлаа өгнө гэж хэлсэн...гэтэл хугацаа дууссан гэдэг үндэслэлээр халсан байсан... 2016-12-19-ны өдөр хууль бус тушаал гаргаж халсан гэж үзэж байна... нэг хүүхэд маань 2 нас 2 сартай, бага нь нэг нас хүрч байна..” /хх1-н 1-4,175/гэжээ. 

        Хариуцагч ... банкны Завхан салбарын захирал нэхэмжлэлийг эс зөвшөөрч  “...Б.Д-тай 2016-06-14-ний өдөр эдийн засагчийн ажлын байранд 3 сарын туршилтын хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилласан...3 сарын хугацаанд ажлаа хангалттай хийгээгүй...3 сарын хугацааг сунгаж боломж олгосон...2016-12-14-ний өдөр дуусгавар болсон...гэрээг цаашид сунгахгүй гэж үзсэн тул дуусгавар болгосон...”тушаал хуульд нийцсэн...” гэсэн агуулга бүхий тайлбар гаргажээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч 2017-12-06-ны өдөр сөрөг нэхэмжлэл гаргаж 9,397,737.96 төгрөг шаардахдаа “...эвлэрсэн гэрээний дагуу 5,000,000 төгрөг олгосон...орон сууцны хөнгөлөлттэй зээлийн хүүгийн зөрүү нь 4,397,737.96 төгрөг байна...” гэжээ. /хх2-н 38/ Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн байна. /хх2-н 43/

        Анхан шатны шүүх нэхэмжлэгчийг ... банкны баруун бүсийн Иргэдийн банкны Завхан салбарын эдийн засагчийн ажилд эгүүлэн тогтоож,хариуцагчаас олговорт 23,447,940 төгрөг гаргуулан,нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутган бичилт хийхийг ажил олгогчид даалгажээ. 

        Давж заалдах шатны шүүх хэргийг хянаж, хариуцагч сөрөг нэхэмжлэлээ татан авсныг дурдсан заалтыг шийдвэрт нэмж, бусад заалтуудыг нь хэвээр үлдээсэн байна.  

        Хяналтын шатны шүүхэд гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор магадлалыг хүчингүй болгох үндэслэлгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

        1. Нэхэмжлэлийн шаардлагын талаар:

        Б.Д- шүүхэд анх гаргасан нэхэмжлэлдээ ... Банкны орон нутгийн Иргэдийн банкны Завхан салбар төв тооцооны төвийн эдийн засагчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг даалгуулах шаардлага гаргаж, 2017-04-17-ны өдөр шүүхэд тайлбар гаргахдаа ажил олгогчийн 2016-12-14-ний өдрийн 373 дугаар тушаалыг хүчингүй болгож өгөхийг хүссэн байна. /хх1-н 1, 175/

        Хэрэгт авагдсан баримт, нэхэмжлэгчийн тайлбар, шаардлагаас үзвэл ажил олгогчийн 2016-12-14-ний өдрийн 373 дугаар тушаалыг хүчингүй гэж маргасан нь эдийн засагчийн ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн үндэслэл нь болсон байх бөгөөд нэхэмжлэлийн энэ шаардлагын талаар зохигч мэтгэлцэж, нотлох баримтаа гаргаж өгсөн байна.

        Иймд Б.Д- 2016-12-14-ний өдрийн 373 дугаар тушаалыг хүчингүй болгох бус, харин эдийн засагчийн ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэл гаргасан гэж шүүх үзсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1,6.6, 115 дугаар зүйлийн 115.2, 116 дугаар зүйлийн 116.3 дахь хэсгийн зохицуулалтад нийцсэн гэж дүгнэв. 

         2. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ ноцтой зөрчил гаргасан гэх гомдлын талаар 

        Хариуцагч тал “...шүүх 2017-08-31-ний өдөр 12 дугаартай тогтоол гаргахдаа ноцтой алдаа гаргаж, хууль зөрчсөн...” гэх гомдол шийдвэр, магадлалыг хүчингүй болгох үндэслэл болохгүй байна.

        Энэхүү гомдлын талаар хяналтын шатны шүүхээс дүгнэлт хийхэд зохигч эвлэрсэн гэх нөхцөл байдал болон холбогдох захирамж, тогтоолын талаар тодорхой дурдах нь зөв гэж үзлээ.

        а/. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, анхан шатны шүүх Б.Д-ын нэхэмжлэлтэй хэргийг 2017-04-25-ны өдөр шүүх хуралдаанаар хэлэлцэж, 197 дугаартай захирамж гарган “...нэхэмжлэгч ажилдаа эргэж орохгүйгээр ажилгүй байсан хугацааны 4 сарын цалинтай тэнцэх олговор 5,000,000 төгрөг гаргуулах ,мөн дээрх хугацаанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх,... банкны ажилчдад олгодог орон сууцны хөнгөлөлттэй зээлийн хүүг 2017-01-05-ны өдрөөс 2018-01-05-ны өдөр хүртэл хугацаанд хэвээр үлдээхээр харилцан тохиролцож эвлэрсэн...” эвлэрлийг батлаж, хэргийг хэрэгсэхгүй болгожээ. /хх1-н 185-187,208-210,211-213/

       Нэхэмжлэгч 2017-05-08, 2017-05-23, 2017-06-16-ны өдөр хүсэлт гаргаж, талуудын  эвлэрлийг баталсан 2017-04-25-ны өдрийн 197 дугаар захирамжийг хүчингүй болгохыг хүсэж байжээ. 

       Сүүлийн буюу 2017-07-21-ны өдрийн хүсэлтдээ Б.Д- эвлэрлийг баталсан 2017-04-25-ны өдрийн 197 дугаар захирамжийг хүчингүй болгохыг хүсэж, “...хүүхэд асрах чөлөө дуусаад ерөнхий нягтлан бодогчийнхоо ажлыг хийх гэсэн боловч шахалт дарамтаар өөр ажил хийх болсон...6 сарын дараа туршилтын хугацаа дууссан гээд халсан...эвлэрлийн гэрээ байгуулах гэсэн боловч өмнөх шигээ мэхэлсэн...эвлэрлийн гэрээг бичгээр хийгээд аваад ир баталгаажуулах захирамж гаргана гэсэн боловч банкны зүгээс авч ирсэн гэрээний төсөл нь хэт нэг талыг барьсан гэрээ байсныг зөвшөөрөхгүй... бүрэн гүйцэд тохиролцож чадаагүй...нэхэмжлэлийн шаардлагад байхгүй зүйлээр эвлэрсэн байхад баталсан...” гэх үндэслэл заасан байна. /хх1-н 195-196,198-200, 202-203,214-216/

        Анхан шатны шүүх Б.Д-ын 2017-07-21-ний өдрийн хүсэлтийг хэлэлцэж, 2017-07-28-ны өдөр 1217 дугаар захирамж гарган 2017-04-25-ны өдрийн 197 дугаар захирамжийг хүчингүй болгуулах тухай хүсэлтийг хангахаас татгалзжээ. /хх1-н 218-220/

         2017 оны 197, 1217 дугаар захирамжийг эс зөвшөөрч нэхэмжлэгч 2017-08-03-ны өдөр анхан шатны шүүхэд гомдол гаргасан /хх1-н 191-194/, шүүх уг гомдлыг 2017-08-31-ний өдөр хэлэлцэж 12 дугаартай тогтоол гаргаж /хх2-н 21-23/ 2017-04-25-ны өдрийн 197, 2017-07-28-ны өдрийн 1217 дугаар захирамжуудыг тус тус хүчингүй болгосон байна. 

       2017 оны 197,1217 дугаар захирамж хүчингүй болгосон тул эдийн засагчийн ажилд эгүүлэн тогтоолгох, олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг ажил олгогчид даалгах тухай Б.Д-ын нэхэмжлэлтэй хэргийн хянан шийдвэрлэх ажиллагааг анхан шатны шүүх ердийн журмаар үргэлжлүүлэн явуулжээ.

       б/. Анхан шатны шүүхийн 2017-08-31-ний өдрийн 12 дугаар тогтоолын зарим заалт  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зохицуулалтад нийцээгүй хэдий ч энэ нь шийдвэрийг хүчингүй болгох ноцтой зөрчилд хамаарахгүй байна.

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлд зааснаар  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа шүүх хуралдаан даргалагч буюу шүүгч хэргийн талаар танилцуулснаар эхэлнэ. Зохигч эвлэрэх хүсэлтэй байгаа эсэхийг шүүх хуралдаан даргалагч асууж тодруулна. Зохигчид эвлэрэх хүсэлтэй байгаа тохиолдолд эвлэрүүлэн зуучлагчийн туслалцаа авах эсэхийг асууна. Хариуцагч шүүхийн шийдвэр гарах хүртэл нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь буюу зарим хэсгийг хүлээн зөвшөөрөх буюу зохигч эвлэрч болно. Зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгч захирамж гаргана.

        Зохигч эвлэрснээр маргаан үгүй болж, шүүхийн оролцоотойгоор нэхэмжлэлийг  шийдвэрлэх ажиллагаа талуудын хүсэл зоригоор дуусгавар болдог. Иймд зохигч шүүх хуралдаанаас өмнө эвлэрвэл гэрээг бичгээр байгуулах, шүүх хуралдаан дээр эвлэрвэл  эвлэрсэн нөхцөл зэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-75,106 дугаар зүйлийн агуулга, зохицуулалтад нийцэх юм. Шүүх эвлэрлийг баталгаажуулснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болох үр дагавар үүсдэг тул уг ажиллагааг явуулахдаа шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг чанд мөрдөх шаардлагатай.  

       2017-04-25-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлээс үзвэл /хх1-н 181/ зохигч  харилцан санал гаргах, хэлэлцэн тохиролцох, эвлэрэх ажиллагаа шүүх хуралдаан дээр явагдаагүй байна. Хариуцагчийн төлөөлөгч “...шүүх хуралдаанаас өмнө хоорондоо ярилцаж тохиролцсон...” гэх боловч энэ тухай бичгээр байгуулсан эвлэрлийн гэрээг шүүхэд гаргаж өгөөгүй байна.

       Зохигчийн хооронд бичгээр байгуулсан эвлэрлийн гэрээ байхгүй, шүүх хуралдааны явцад эвлэрэх ажиллагаа явагдаагүй байх тул шүүгчийн 2017-04-25-ны өдрийн 197 дугаар захирамж илт үндэслэл муутай болжээ.

       Хэргийг хэрэгсэхгүй болгохтой холбогдуулан гаргасан захирамж илт үндэслэл муутай бол тухайн шүүгч захирамж гарган хүчингүй болгох, эсхүл өөрчилж болно. Иймд шүүгчийн  2017-07-28-ны өдөр 1217 дугаар захирамж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дугаар зүйлд нийцээгүй байна. 

        Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хэрэглэвэл зохих зүйлийг хэрэглээгүй байх тул хяналтын шатны шүүхээс “зохигчдын эвлэрлийг батлах тухай” 2017-04-25-ны өдрийн 197 дугаар захирамжийн талаар мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр дүгнэлт хийх боломжтой.  

        Дээр дурдсан үндэслэлээр 2017-08-31-ний өдрийн 12 дугаар тогтоолтой холбоотой  давж заалдах шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1 дэх хэсгийг зөрчөөгүй гэж үзлээ.

        3. “...шүүгчээс татгалзсан хүсэлтийг хангаагүй..” гэх гомдол шийдвэр, магадлалыг хүчингүй болгох үндэслэл болохгүй байна.

       Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, шүүгч Т.Балжинням 2017-11-06-ны өдрөөс /хх2-н 30-32/ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж эхэлсэн, үүнд хариуцагч гомдол гаргаагүй буюу шүүгчийг татгалзаагүй байна. Шүүгч Т.Балжинням 2018-02-12-ны өдөр 403 дугаар захирамж гаргаж хариуцагч талын хүсэлтийг хангаагүйгээс /хх2-н 123-128/ хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нар шүүгчээс /хх2-н 128-133/-с татгалзжээ.

       Урд нь уг хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, эвлэрүүлэн зуучлагч, иргэдийн төлөөлөгч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, гэрч, шинжээч, орчуулагч, хэлмэрчийн хувиар оролцсон бол., уг хэргийн болон шүүх хуралдааны оролцогчийн гэр бүл, төрөл, садан бол, эсхүл шүүх бүрэлдэхүүнд хоорондоо гэр бүлийн болон төрөл, садангийн холбоотой хүмүүс орсон байвал., хэргийн оролцогчтой хувийн харилцаатай, түүнчлэн уг хэргийг шударгаар шийдвэрлэж чадах эсэх талаар үндэслэл бүхий эргэлзээ байвал., ашиг сонирхлын зөрчил үүсэж болзошгүй нөхцөл байдал бий болсон бол шүүгч хэрэг хянан шийдвэрлэхэд оролцож болохгүй. Түүнчлэн, иргэний хэргийг анхан болон давж заалдах, хяналтын шатны журмаар хянан шийдвэрлэхэд урьд нь оролцсон шүүгч уг хэрэг, маргааныг өөр шатны журмаар хянан шийдвэрлэхэд оролцож болохгүй. Анхан болон давж заалдах, хяналтын шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэхэд оролцсон шүүгчийн гэр бүлийн гишүүн, түүнтэй төрөл садангийн холбоотой шүүгч уг хэргийг өөр шатны журмаар хянан шийдвэрлэхэд оролцож болохгүй. Эдгээрээс бусад үндэслэлээр шүүгчийг татгалзаж үл болно.

        Иймд шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 84 дүгээр зүйл, 91 дүгээр зүйлийн зохицуулалтыг зөрчөөгүй байна.

        4. Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна. 

        а/. Ажил олгогч 2016-12-14-ны өдөр 373 дугаартай тушаал гаргаж,Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3 дахь хэсгийн заалтыг баримтлан Орон нутгийн Иргэдийн банкны Завхан салбарын Төв тооцоны төвийн эдийн засагч Б.Д-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2016-12-14-ний өдрөөс тасалбар болгон дуусгавар болгосон. Өөрөөр хэлвэл, жил олгогч нь гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон гэж үзжээ.

      Хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон нь хөдөлмөрийн гэрээ дуусгавар болох үндэслэл мөн хэдий ч гэрээг хугацаатай байгуулахдаа   Хөдөлмөрийн тухай хуульд заасан журмыг баримталсан буюу энэхүү тохиролцоо нь хуульд нийцсэн байхыг шаардана. Байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээ хугацаагүй  байна. Хөдөлмөрийн гэрээг байнгын ажлын байранд хугацаатай байгуулах тохиолдолд  энэ талаар харилцан тохиролцсон байх ёстой юм.

        Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, эдийн засагч нь байнгын ажлын байр байх бөгөөд  гэрээг хугацаатай байгуулах талаар зохигч харилцан тохиролцсон нөхцөл байдал тогтоогдоогүй байна. 

        Хэрэгт 2 хөдөлмөрийн гэрээ авагдсан байна. Тухайлбал,хавтаст хэргийн 1-н 19-25, 112-117-д буй 2016-06-16-ны өдрийн хөдөлмөрийн гэрээний 1.1-д “...Б.Д- тус банкны Завхан салбарт эдийн засагчийн албан тушаалын орон тоо дээр ажиллана..”., 1.3-т “...үндсэн цалин 1,220,000 төгрөг...”., 1.6-д “..гэрээг/ туршилтын,дагалдангийн/ 2016-06-14-ний өдрөөс эхлэн туршилтын 3 сарын хугацаатайгаар байгуулав ...” гэж., хавтаст хэргийн 1-н 75-78-д буй 2016-07-18-ны өдрийн хөдөлмөрийн гэрээний 1.2-т “...ажилтан нь “эдийн засагч” ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг..гүйцэтгэнэ..”., 1.3-т “...үндсэн цалин 1,220,000 төгрөг...”., 1.5.2-т туршилтын хугацаагаар 2016-07-18-ны өдрөөс эхлэн / туршилтын хугацааг үргэлжлүүлэх/ хөдөлмөрийн гэрээг байгуулав...” гэжээ.

       Эдгээр хоёр хөдөлмөрийн гэрээний заалт зөрүүтэй байх тул уг баримт нь талуудын хооронд хугацаатай гэрээ байгуулсныг нотлохгүй байна.  

        Шүүх Б.Д-ыг ажилд эгүүлэн тогтоож, ажил олгогчоос олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлж,бичилт хийхийг хариуцагчид даалгасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлд нийцжээ.   

        б/. Хариуцагч нь Б.Д-ыг эдийн засагчийн ажилд туршилтын хугацаагаар авсан гэж үзэх үндэслэлгүй байна.

       Шинээр орж байгаа ажилтантай ажил олгогчоос хөдөлмөрийн дотоод журмаараа тогтоосон туршилтын хугацаагаар байгуулна.

       ... банкны дотоод журмын 2.5-д “...шинээр ажилд орж байгаа... өөр нэгжид өөр төрлийн ажил үүрэг гүйцэтгэхээр шилжсэн ажилтны мэргэжлийн бэлтгэл,ур чадварыг тандах,уг ажлын байранд тавигдах шаардлагыг ханган биелүүлэх боломжтой эсэхийг судлах зорилгоор ...туршилтын хугацаагаар ажиллуулна..” ., 5.4-т “...туршилтын хугацаагаар ажиллаж байгаа шинэ ажилтны цалингийн хэмжээ тухайн албан тушаалын жишиг цалингийн хэмжээнээс 30%-р бага байж болно..” гэж тус тус заажээ. /хх1-н 60,66,143,146/

       Б.Д- ... банкны Завхан салбарт Ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байгаад 2015-07-17-ны өдрөөс хүүхэд асрах чөлөө авсан, 2016-06-01-ний өдрөөс  ажилдаа орох хүсэлтийг 2016-05-23-ны өдөр Ерөнхий нягтлан бодогчийн ажил хийх хүсэлт гаргасан ч уг ажилдаа ороогүй, нэхэмжлэгчийг Ерөнхий нягтлан бодогчоор ажиллуулах хөдөлмөрийн гэрээг ажил олгогч “талууд харилцан тохиролцсон” гэсэн үндэслэлээр 2016-06-13-ны өдөр дуусгавар болгож 2016-06-13-ны өдөр 16/161 дугаартай тушаал гаргасан, уг үйл баримтаар нотлогджээ. Түүнчлэн, талуудын тохиролцсон цалин хөлс нь туршилтын хугацаагаар ажилд авсан тохиолдол буюу дотоод журамд зааснаар тогтоогдоогүй байна.         

       Өөрөөр хэлвэл, Б.Д- нь хугацаагүй гэрээтэй Ерөнхий нягтлан бодогчийн ажил үүргээ хариуцагчтай харилцан тохиролцож өмнө авч байсан цалингаа бууруулахгүйгээр өөр ажилд шилжин ажиллахаар тохирсон нь нотлогджээ.

        5. “...шүүх сөрөг нэхэмжлэлийг шийдвэрлээгүй... сөрөг нэхэмжлэлийг хурлаар хэлэлцүүлээгүй... энэ талаар тогтоох хэсэгт дурдаагүй... сөрөг нэхэмжлэлээр шаардсан мөнгөн дүнг олговроос хасч тооцсон нь нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээс хальсан...” гэх гомдол шийдвэр, магадлалыг хүчингүй болгох нөхцөл болохгүй байна. 

        Анхан шатны шүүх ажилгүй байсан хугацааны цалин,хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулахдаа сөрөг нэхэмжлэлээр шаардсан мөнгөний зарим хэсгийг  Б.Д-д олгох олговроос хасч тооцжээ. Шүүхийн энэ шийдвэр, магадлалд  нэхэмжлэгч гомдол гаргаагүйгээс гадна сөрөг нэхэмжлэлд заасан 5,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид олгох мөнгөнөөс хасаж тооцсонд хариуцагчийн эрх ашиг зөрчигдөөгүй  байна.         

       Шүүх хуралдааны 2018-10-12-ны өдрийн 726 дугаар тэмдэглэлээс үзвэл хариуцагч тал сөрөг нэхэмжлэлтэй холбоотой тайлбар гаргахдаа “...нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоод шийдчих болов уу гэж найдаж байна...хэрэв тэгж шийдэх юм бол сөрөг нэхэмжлэлийн асуудал яригдахгүй...татгалзаж байгаа хэлбэр биш, дахин сөрөг нэхэмжлэл гаргах эрхтэй, сөрөг нэхэмжлэлийг буцаалгах хүсэлтэй байна...сөрөг нэхэмжлэлийг хэлэлцэхгүй үндсэн нэхэмжлэлээ хэлэлцье ...” гэжээ /хх2-н 239/

       Хариуцагч тал сөрөг нэхэмжлэл гаргах,сөрөг нэхэмжлэлээс татгалзах эрхтэй бөгөөд энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.8, 26 дугаар зүйлийн 26.3, 26.4 –г зөрчихгүй юм.

       Харин давж заалдах шатны шүүх өөрчлөлт оруулахдаа “...сөрөг нэхэмжлэлийг татан авсан” гэсэн дүгнэлт хийсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт нийцээгүй байх тул энэ үндэслэлээр магадлалд өөрчлөлт оруулна.      

       Ажил олгогч тушаал гаргахдаа нэхэмжлэгчийг “...... Банкны орон нутгийн Иргэдийн банкны Завхан салбарын төв тооцооны төвийн эдийн засагч”-н ажлаас халсан байхад шүүх нэхэмжлэлийг хангахдаа уг ажлын байрыг тушаалд зааснаас өөрөөр буюу “... банкны баруун бүсийн Иргэдийн банкны Завхан салбарын эдийн засагч”гэж бичсэн нь дутагдалтай хэдий ч эдгээр нэршил хоорондоо ялгаагүй гэж ажил олгогч тайлбарласныг дурдах нь зүйтэй гэж үзлээ.    

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

     1. Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 29 дүгээр магадлалын тогтоох хэсгийн “...106.3...” гэснийг “...106.5...” гэж,. “...сөрөг нэхэмжлэлээ татан авсныг дурдсугай...” гэснийг “...сөрөг нэхэмжлэлээсээ татгалзсаныг батлаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай...” гэж өөрчлөн, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

       2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т заасныг баримтлан хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр төлсөн 275,190 төгрөгийг ... банкны Завхан салбарт захирамжаар буцааж олгосугай.

                                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Г.ЦАГААНЦООЖ

                                  ШҮҮГЧ                                                     Б.УНДРАХ