Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 2021/ШЦТ/773

 

 

 

 

 

 

   

 

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Баасандорж хөтлөн,

Улсын яллагч: Г.Энэрэл,

Шүүгдэгч: М, Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж  ирүүлсэн яллагдагч М, Б нарт холбогдох эрүүгийн 000000000 дугаартай хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч М, Б нар нь “...бүлэглэн 2020 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн 0 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах -хүнсний захад Б ажиллуулдаг жимс, хүнсний ногооны лангуунаас бэлнээр 521.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлсан...” гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар      

ТОДОРХОЙЛОХ нь:

НЭГ: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч М, Б нар нь “...бүлэглэн 2020 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн 0 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах А хүнсний захад Б ажиллуулдаг жимс, хүнсний ногооны лангуунаас бэлнээр 521.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлсан...” гэх үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

 

Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М-н “...Авто осолд ороод толгойдоо 4 оёдол, гартаа 2 оёдол, үүдэн 6 шүд гэмтсэн. Гэмтэл авахаас өмнө барилгын ажил хийдэг байсан. Одоогоор ажилгүй байгаа, эмнэлгээр үзүүлж байгаа. Би ээж, эгч, дүү нарын хамт амьдардаг. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Хохирлоо яаралтай төлж барагдуулна. Дахин ийм үйлдэл хийхгүй зөвөөр амьдарна...” гэх мэдүүлэг,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б-ийн “....2021 оны 7 дугаар сард шүүхээр орсон. 2021 оны 3 дугаар сард цагдан хоригдсон. Ингэж цагдан хоригдохын өмнөх өдөр нь Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст энэ хэрэгт надаас мэдүүлэг авсан. Тэгээд цагдан хорих төвд байхад яллах дүгнэлт ирэхэд энэ хэрэг нэгтгэгдээгүй байсан. Тэгэхээр нь прокурорт хэлсэн. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна.  Би Нисдэг машины салбарт ажиллаж байгаа, өдрийн 30.000 төгрөгийн цалинтай. Одоо ажил төрлөө хийгээд амьдарна…”  гэх мэдүүлэг,

 

Эрүүгийн 00000000000  дугаартай хэргээс:

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2020 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 15-17 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Б хохирогчоор өгсөн “...Би гэр бүлийн хамтаар Баянгол дүүргийн 0 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах А хүнсний зах дотор жимс, хүнсний ногоо зардаг лангуу түрээслэн ажиллуулдаг. 2020 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр үйлчлүүлэгч ихтэй байсан бөгөөд би ганцаараа худалдагч хийж байсан. Манай лангуу өдөртөө 700.000-800.000 төгрөгийн орлого ордог. Орой 18 цагийн үед орлогоо хийдэг шүүгээгээ онгойлготол манай орлогын бүхэл мөнгөнүүд байхгүй байсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандсан. Лангуу маань хяналтын камертай бөгөөд камер шүүхэд 2 жаахан залуу нэг нь намайг сатааруулаад нөгөөх нь орлогоо хийдэг шүүгээнээс мөнгө авч байгаа бичлэг харагдсан. Надад 521.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд би тухайн үед ганцаараа байсан болохоор хэдэн төгрөг орсон байсныг сайн санаж байна. Мөнгөн дэвсгэртүүдийг нь нарийн сайн хэлж мэдэхгүй байна. Үлдэгдэл 70.000 орчим төгрөг үлдсэн байсан. Манайх авсан жимс, хүнсний ногоо нь дээр 15-20 хувь нэмж зардаг бөгөөд алдсан мөнгөний талаар баримт байхгүй, харин бараа авсан падан байгаа. Би гомдолтой байна...” /хх-ийн 28-29 тал/,

 

             Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 00000 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 55-86 тал/,

 

            Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Камерын дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 49-51 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд М-н яллагдагчаар өгсөн “...Тухайн үед би хорооллын эцсийн гэр хороололд найз Б-ийн хамтаар нийтийн байр түрээслэн амьдардаг байсан. Тэгээд бид 2 орой 17 цагийн үед хоол ундны юм авахаар А зах орсон бөгөөд А зах дотор ертөнцийн зүгээр зүүн урд талын лангууны хавьцаа ногоо үзэж байтал хүрэн бор ширээний шургуулгад мөнгө харагдах шиг болсон. Тэгээд бид 2 ярилцаж байгаад би саатуулаад Б мөнгийг авахаар болсон. Намайг саатуулж байх хооронд Б мөнгийг авсан бөгөөд надад 360.000 орчим төгрөг байна гэж хэлсэн. Бид 2 тэр оройдоо гэртээ хоол ундны юм аваад идэж уугаад, үлдсэн мөнгөөр нь пиво авч уугаад дуусгасан. Яг хэдэн төгрөг байсан талаар би сайн мэдэхгүй байна, нарийн тоолоогүй. Харин Б надад 360 орчим мянган төгрөг байсан гэж хэлсэн. Бид 2 хохирогчид учруулсан хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулна. Тухайн үед цагдаагийн байгууллагаас дуудахад би гэмтэл авсан байсан учир эмнэлгээр явж эмчлүүлээд очиж чадаагүй..”  гэх мэдүүлэг /хх-ийн 145-146 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Б-ийн яллагдагчаар өгсөн “...Тухайн үед би лангууны шургуулгаас мөнгийг авсан бөгөөд энэ хооронд М худалдагчийг саатуулж байсан. Тэгээд би мөнгөний бүхэл мөнгөтэй хэсгээс гараараа нэг базаж аваад гараа халаасандаа хийгээд Мг явъя гэж дохиод явсан. Гарч ирээд мөнгийг тоолоход 360.000 орчим төгрөг байсан бөгөөд би М-с 50.000 орчим төгрөгийг алж халаасандаа үлдээгээд үлдсэн мөнгийг тоолсон. Би М-д мөнгө өгөөгүй бөгөөд бид 2 идэж, уух юм аваад үрээд дуусгасан. Хохирогчид учруулсан хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулан...” гэх мэдүүлэг /хх-ийн 137-138 тал/

 

           

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М, Б нарын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 91-92 тал/, Цагдаагийн асап сангийн лавлагаа /хх-ийн 102-106 тал/, шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 111-112 тал/, садан төрлийн лавлагаа /хх-ийн 112, 114-116 тал/, шүүгдэгч Б-ийн оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 101 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

                  

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Улсын яллагчаас шүүгдэгч М, Б нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан “хулгайлах” гэмт хэргийн бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр нотлох баримтуудаар шүүгдэгч М, Б нар нь “бүлэглэн 2020 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн 0 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах А хүнсний захад Б ажиллуулдаг жимс, хүнсний ногооны лангуунаас бэлнээр 521.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлсан” болох нь:

Шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүх хуралдаанд “...үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Дахин ийм гэмт хэрэг үйлдэхгүй...” гэж мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 18-19 тал/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 0000 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 55-86 тал/, 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Камерын дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 49-51 тал/, 2020 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 15-17 тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

 

Шүүгдэгч М, Б нарын дээрх  үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн  шинжийг бүрэн агуулсан бөгөөд шүүгдэгч нарын  үйлдэл нь шууд санаатай, шунахай сэдэлттэй байх ба шүүгдэгч М, Б нар нь гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн, тус гэмт хэргийг үйлдэхдээ үгсэн тохиролцож бүлэглэн үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

 

Иймд шүүхээс, шүүгдэгч М, Б нарыг  бүлэглэн 2020 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн 0 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах А хүнсний захад Б ажиллуулдаг жимс, хүнсний ногооны лангуунаас бэлнээр 521.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлан авч хохирогчид 521.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэлд прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон гэж шүүх дүгнэж М, Б нарыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Хохирол, хор уршгийн талаар:

Гэмт хэргийн улмаас хохирогч Б-д 521.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан бага хэмжээнээс дээш байх тул хулгайлах гэмт хэргийн хор уршгийн шинжийг хангана.

 

Гэмт хэргийн улмаас хохирогчид 521.000 төгрөгийн хохирол төлбөр учирсан байх бөгөөд шүүгдэгч нар нь хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлж барагдуулна, хохирлын үнийн дүн дээр маргахгүй гэж мэдүүлсэн байх тул хэрэгт авагдсан баримтын хүрээнд хохирлын хэмжээг 521,000 төгрөгөөр тооцож, шүүгдэгч М-с 260.500 төгрөг, шүүгдэгч Б-с 260.500 төгрөгийг тус тус гаргуулан хохирогч Б-д олгох нь зүйтэй гэж дүгнэж шийдвэрлэлээ.

 

ХОЁР: Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Н М, Б нар нь бүлэглэн 2020 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн 0 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах А хүнсний захад Б ажиллуулдаг жимс, хүнсний ногооны лангуунаас бэлнээр 521.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 521.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, шүүгдэгч нар нь  хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүхээс, шүүгдэгч М, Б нарт ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.

 

Шүүгдэгч нарын гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа байдал, хохирол төлбөр төлөхөө илэрхийлсэн нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан 1/нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг тус тус  оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, шүүгдэгч нарын холбогдсон гэмт хэрэг 2020 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр буюу 2021 Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т заасан хууль үйлчлэх цаг хугацаанд хамаарч байх тул шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хууль тогтоомж болох 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Иймд 2021 оны Өршөөл Үзүүлэх тухай хуулийн  7.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч М,  Б нарт оногдуулсан 1 жилийн хорих ялыг 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж,  ялын хязгаарыг Улаанбаатар хотын бүс нутгаар тогтоож шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан  Б-д  Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 сарын 27-ны өдрийн 000 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жилийн зорчих эрхийг хязгаарлах ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн Б-ийн эдлэх ялыг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар тогтоож шийдвэрлэсэн болохыг тайлбарлаж байна.

 

Шүүхийн шийдвэрийн хэрэгжилтэд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасан болохыг дурдаж байна.

 

Шүүгдэгч нар  нь шүүхээс түүнд оногдуулсан оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг  биелүүлээгүй тохиолдолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу эдлээгүй үлдсэн ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг М,  Б нарт  тайлбарлаж байна.

 

Шүүгдэгчид ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй болно.

 

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар 1 ширхэг бичлэг бүхий СД хураагдсаныг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол  шүүгдэгч М, Б нарт урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтов.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.3 дугаар зүйл,  36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. М, Б нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М-г 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих  ялаар,

Шүүгдэгч Б-г 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих  ялаар тус тус шийтгэсүгэй.

3. 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн  7.1-д заасныг баримтлан шүүгдэгч М,   Б нарт оногдуулсан нэг жилийн хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан  Б-д  Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 сарын 27-ны өдрийн 000 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жилийн зорчих эрхийг хязгаарлах ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн Б-ийн эдлэх ялыг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар тогтоосугай.

5. Шүүгдэгч нарт оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын хязгаарыг Улаанбаатар хотын бүс нутгаар тогтоож, шүүхийн шийдвэрийн хэрэгжилтэд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Шүүгдэгч нар  нь шүүхээс түүнд оногдуулсан оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг  биелүүлээгүй тохиолдолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу эдлээгүй үлдсэн ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тэдэнд мэдэгдсүгэй.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар М-с 260.500 /хоёр зуун жаран мянга таван зуу / төгрөг  Б-с 260.500 /хоёр зуун жаран мянга таван зуу /төгрөг тус тус  гаргуулж хохирогч Б-д  олгосугай.

8. Шүүгдэгч М, Б нар энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг бичлэг бүхий СД-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1, 38.2  дахь  хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний  өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М, Б нарт урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ц.ЭРДЭНЭЧИМЭГ