Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 2021/ШЦТ/774

 

 

 

 

 

 

 

   

 

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга  Д.Баасандорж хөтлөн,

Улсын яллагч: Т.Баянмөнх

Шүүгдэгч: Б, түүний өмгөөлөгч Д.Доржханд /онлайнаар/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж  ирүүлсэн яллагдагч Б-д холбогдох эрүүгийн 00000000 дугаартай хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Б нь “2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хот Баянгол дүүргийн 0 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах хүнсний захын хажуу талын авто зогсоолд байрлуулсан байсан иргэн Ц эзэмшлийн 00-00 улсын дугаартай “Х” загварын тээврийн хэрэгсэл дотроос нөүтбүүк хулгайлан иргэн Ц эд хөрөнгөд 550.000 төгрөгийн хохирол учруулж хулгайлах,

2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Улаанбаатар хот, Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, “Н” худалдааны төвийн урд байрлуулсан байсан иргэн М-ийн эзэмшлийн Тоёота приус загварын 00-00 улсын дугаартай эд зүйлээ хадгалж байсан тээврийн хэрэгсэлд түлхүүр тааруулан нэвтэрч бэлэн мөнгө, гар утас зэрэг эд хөрөнгө хулгайлан 859.000 төгрөгийн хохирол учруулж хулгайлан гэмт хэргийг тусгайлан хамгаалсан байр агуулахад нэвтэрч үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар      

ТОДОРХОЙЛОХ нь:

 

НЭГ: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Б нь “2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хот Баянгол дүүргийн 0 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах хүнсний захын хажуу талын авто зогсоолд байрлуулсан байсан иргэн Ц эзэмшлийн 00-00 улсын дугаартай “Х” загварын тээврийн хэрэгсэл дотроос нөүтбүүк хулгайлан иргэн Ц эд хөрөнгөд 550.000 төгрөгийн хохирол учруулж хулгайлах,

 

2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Улаанбаатар хот, Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, “Н” худалдааны төвийн урд байрлуулсан байсан иргэн М-ийн эзэмшлийн Тоёота приус загварын 00-00 улсын дугаартай эд зүйлээ хадгалж байсан тээврийн хэрэгсэлд түлхүүр тааруулан нэвтэрч бэлэн мөнгө, гар утас зэрэг эд хөрөнгө хулгайлан 859.000 төгрөгийн хохирол учруулж хулгайлан гэмт хэргийг тусгайлан хамгаалсан байр агуулахад нэвтэрч үйлдсэнгэх үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

 

Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б “...Гэмшиж байгаа, дахин ийм хэрэг үйлдэхгүй…”  гэх мэдүүлэг,

 

Эрүүгийн 0000000000  дугаартай хэргээс:

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 18-21 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд М-ийн хохирогчоор өгсөн “...2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр 10 цагийн үед Чингэлтэй дүүргийн Н худалдааны төвийн хажуу талд бараа зардаг өөрийн 00-00 улсын дугаартай Приус-10 маркийн авто машинаа бусдын машин хаагаад тавьчихсан байсан. Тэгээд 12 цагийн үед нэг залуу машинаа холдуулаарай гэсэн. Тэгээд машинаа холдуулаад эргэж байрлуулсан. Орой 17 цагийн үед мөн нэг хүн машинаа холдуулаарай гэхэд нь би холдуулахаар машиндаа ороход миний цүнхэнд байсан бэлэн 780.000 төгрөг, Самсунг НӨҮТ-2 маркийн гар утас алга болсон байсан. Миний машины түлхүүр 2 хувь байдаг бөгөөд 2-лаа надад байдаг. Би гомдолтой байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 23 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Л-ийн гэрчээр өгсөн “...Би Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 8 шарга валютын захын зүүн талд А караокены гадаа 2012 оноос хойш хувцас зарж байгаа юм. Өнөөдөр буюу 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр 8 цаг өнгөрөөгөөд ажил дээрээ ирсэн чинь Мөнхдэлгэр 10 цаг өнгөрч байх үед ирсэн. Мөнхдэлгэр ногоон өнгийн жижиг автомашинтай бөгөөд тухайн машинтайгаа ирдэг. Мөнхдэлгэр машинаа байрлуулсны дараа бараагаа гаргаад цагаа авч байгаа харагдсан. Тэрнээс хойш машиндаа очсон эсэхийг мэдэхгүй байна. М-ийн хажууд машин хаагаад тавьчихсан надад харагдахгүй байсан учраас би сайн мэдэхгүй байна. Мөнхдэлгэрээс өөр хүн машинд нь сууж байхыг хараагүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 27-28 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Ц хохирогчоор өгсөн “...Би 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр БГД-ийн 0 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах хүнсний захын хажуу талд өөрийн 00-00 улсын дугаартай саарал өнгийн Хонда Сивик маркийн авто машинаа 20 цагийн үед байрлуулаад 00 цагийн үед өөрийн авто машин дээрээ очиход миний тээврийн хэрэгсэл онгорхой, урд талын суудал дээр байсан хавтастай бичиг баримтыг гаргаад тавьчихсан байсан. Тэгээд би арын суудал дээр байсан Нөүтбүүкээ байгаа эсэхийг шалгахад байхгүй байсан. Миний нөүтбүүк Самсунг Аятив смарт писи про 700 загварын гараасаа дэлгэц нь салдаг нөүтбүүк байсан. Тухайн үедээ би цагдаад гомдол гаргаж чадаагүй. Гэхдээ миний нөүтбүүк олдсон тул ямар нэгэн гомдол саналгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 145-146 тал/,

 

            Хөрөнгийн үнэлгээний “А” ХХК-ийн 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн дүгнэлт /1-р хх-ийн 152-153 тал/,

 

            “Д” хөрөнгийн үнэлгээний газрын тайлан ...” гэх дүгнэлт /1-р хх-ийн 39-40 тал/

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б-ын хувийн байдалтай холбоотойгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 54 тал/, Цагдаагийн асап сангийн лавлагаа /1-р хх-ийн 62-63 тал/, Иргэний үнэмлэхийн лавлагаа /1-р хх-ийн 51 тал/, садан төрлийн лавлагаа /1-р хх-ийн 52-53 тал/, тээврийн хэрэгслийн лавлагаа /1-р хх-ийн 141 тал/, Төрийн банк дахь дипозет дансны хуулга /1-р хх-ийн 77 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

                  

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас шүүгдэгч Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн  2.1-т заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан “хулгайлах” гэмт хэргийг бусдын тусгайлан хамгаалсан, агуулахад нэвтэрч буюу хохирогч нарын тээврийн хэрэгсэлд зөвшөөрөлгүй нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Б нь “2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хот Баянгол дүүргийн 0 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах хүнсний захын хажуу талын авто зогсоолд байрлуулсан байсан иргэн Ц эзэмшлийн 00-00 улсын дугаартай “Х” загварын тээврийн хэрэгсэл дотроос нөүтбүүк хулгайлан иргэн Ц эд хөрөнгөд 550.000 төгрөгийн хохирол учруулж хулгайлах,

2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Улаанбаатар хот, Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, “Н” худалдааны төвийн урд байрлуулсан байсан иргэн М-ийн эзэмшлийн Тоёота приус загварын 00-00 улсын дугаартай эд зүйлээ хадгалж байсан тээврийн хэрэгсэлд түлхүүр тааруулан нэвтэрч бэлэн мөнгө, гар утас зэрэг эд хөрөнгө хулгайлан 859.000 төгрөгийн хохирол учруулж хулгайлан гэмт хэргийг тусгайлан хамгаалсан байр агуулахад нэвтэрч үйлдсэн болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүх хуралдаанд “...үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Дахин ийм гэмт хэрэг үйлдэхгүй...” гэх мэдүүлэг, хохирогч, гэрч нарийн мэдүүлсэн мэдүүлгүүд, Хөрөнгийн үнэлгээний “А” ХХК-ийн 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн шинжээчийн тайлан /2-р хх-ийн 49-51 тал/, “Д” хөрөнгийн үнэлгээний газрын тайлан” гэх дүгнэлт /1-р хх-ийн 39-40 тал/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

 

Шүүгдэгч Б-ын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийн “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч” үйлдсэн гэх  “Хулгайлах”  гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна.

 

Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь шууд санаатай, шунахай сэдэлттэй байх ба шүүгдэгч Б нь гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

 

Иймд, шүүгдэгч Б-ыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

 

 

Хохирол, хор уршгийн талаар:

Гэмт хэргийн улмаас хохирогч Ц-т 550.000 төгрөгийн үнэ бүхий Самсунг Атив ПиСи Про нөүтбүүкийг буцаан өгсөн / Ц мэдүүлэг 1-р хх-ийн 145-146 тал/

байх тул Ц-т төлөх  хохирол төлбөргүй гэж дүгнэв.

 

Гэмт хэргийн улмаас хохирогч М-т 859.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирол төлбөр нөхөн төлөгдөөгүй байх тул шүүгдэгчээс 859.000 төгрөгийг  гаргуулж хохирогч М-т олгохоор шүүх шийдвэрлэлээ.

 

ХОЁР: Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Б үргэлжилсэн үйлдлээр хулгайлах гэмт хэрэг үйлдэж “2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хот Баянгол дүүргийн 0 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах хүнсний захын хажуу талын авто зогсоолд байрлуулсан байсан иргэн Ц эзэмшлийн 00-00 улсын дугаартай “Х” загварын тээврийн хэрэгсэл дотроос нөүтбүүк хулгайлан иргэн Ц эд хөрөнгөд 550.000 төгрөгийн хохирол учруулсан, 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Улаанбаатар хот, Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, “Н” худалдааны төвийн урд байрлуулсан байсан иргэн М-ийн эзэмшлийн Тоёота приус загварын 00-00 улсын дугаартай эд зүйлээ хадгалж байсан тээврийн хэрэгсэлд түлхүүр тааруулан нэвтэрч бэлэн мөнгө, гар утас зэрэг эд хөрөнгө хулгайлан 859.000 төгрөгийн хохирол учруулж хулгайлан гэмт хэргийг тусгайлан хамгаалсан байр агуулахад нэвтэрч үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүхээс шүүгдэгч Б-д ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.

 

Шүүхээс шүүгдэгч Б-ын хувийн байдал болон гэм буруугаа хүлээн зөвшөөрч,  хулгайлсан зарим эд зүйлийг буцаан олгосон зэрэг нөхцөл байдлыг харгалзан эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, хир хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцүүлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялыг оногдуулж шийдвэрлэлээ.

 

Б нь Хөвсгөл аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 000 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж хорих ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харъя 000 дугаар нээлттэй хорих ангид эдэлж байгаад 2020 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 000 дугаартай хоригдол шилжүүлэх тухай прокурорын зөвшөөрлийн дагуу 2020 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн шилжүүлэх хуудсаар шилжүүлэн авч, 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгож түүний ялын тооцоог 6 сар 2 хоногийн үлдэгдэлтэй /1-р хх-ийн 232 тал/ гэжээ. 

 

Шүүгдэгч Б нь 2020 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн энэ хэрэгт яллагдагчаар цагдан хоригдсон байх тул түүний цагдан хоригдсон хугацааг 1 жил 3 сар 29 хоног буюу 486 хоног гэж шүүх дүгнэлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  Б-д оногдуулсан 3 / гурав/ жилийн хорих ял дээр  Хөвсгөл аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 000 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 6 сар 2 хоногийн хорих ялыг  нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх хорих ялыг 3 / гурав/ жил, 6/ зургаа/ сар, 2 / хоёр/ хоногоор тогтоов.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  шүүгдэгчийн баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг түүний эдлэх ялд оруулан тооцно гэж заасны дагуу Б-ыг цагдан хоригдсон 1 жил 3 сар 29 хоног буюу 486 хоногийг  эдлэх ялаас хасаж тооцох нь зүйтэй байх тул Б-н биечлэн эдлэх ялыг 791 хоног буюу 2 /хоёр/ жил 2 /хоёр/ сар 1 /нэг/ хоногийн хорих ялаар тогтоов.

 

Шүүгдэгчид ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй болно.

 

Б-н холбогдсон гэмт хэргийн цаг хугацаа, гэмт хэргийн зүйлчлэл, гэм бурууг хүлээсэн байдал зэргийг дүгнэхэд түүнд оногдуулсан эрүүгийн хариуцлагыг өөрчлөн хөнгөрүүлэх хууль зүйн үндэслэлтэй байх тул 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт заасныг баримтлан  шүүхээс шүүгдэгч Б-д оногдуулсан 2 /хоёр/ жил 2 /хоёр/ сар 1 /нэг/ хоногийн хорих ялыг 2 /хоёр/ жил 2 /хоёр/ сар 1 /нэг/  хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялаар солих нь зүйтэй байна.

  

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон 486 хоногтой, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, тусгаарласан хэрэггүй, эрүүгийн 0000000000 дугаартай  хэргийг 000000000000 дугаартай эрүүгийн хэрэгт нэгтгэсэн, хохирогч Ц хулгайлагдсан эд зүйлийг хүлээн авсан, шүүгдэгч нь хохирогч М-д 859.000 төгрөгийн хохирол төлбөртэй болохыг тус тус дурдаж байна.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэргийг тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь  хэсэгт зааснаар шүүгдэгч Б-ыг  3/ гурав / жилийн хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан  Хөвсгөл аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 000 дугаартай шийтгэх тогтоолын дагуу шүүгдэгчийн эдлээгүй үлдсэн 6 /зургаа/ сар 2 /хоёр/ хоногийн хорих ялыг  энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 /гурав / жилийн хорих ялтай нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 3 /гурав/ жил 6 /зургаа/  сар 2 /хоёр/ хоногоор тогтоож, шүүгдэгчийн энэ хэрэгт цагдан хоригдсон 486 хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан эдлэх ялаас хасаж тооцон шүүгдэгчийн биечлэн эдлэх ялыг 791 хоног буюу 2 /хоёр/ жил 2 /хоёр/ сар 1 /нэг/ хоногоор тогтоосугай.

 

4. 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дах хэсэгт зааснаар Б-д оногдуулсан 2 /хоёр/ жил 2 /хоёр/ сар 1 /нэг/

хоногийн хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольсугай.

 

5. Б-д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг Хөвсгөл аймгийн төв Мөрөн сум/хот/-ын хязгаараар тогтоож, шүүхийн шийдвэрийн хэрэгжилтэд хяналт тавихыг Хөвсгөл аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

6. Б-ыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа цагдан хорих 461-р ангиас даруй сулласугай.

 

7. Шүүгдэгч Б нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Шүүгдэгч Б-ыг гэмт хэргийн улмаас хохирогч Ц-д төлбөл зохих хохирол төлбөргүй, хохирогч М-д 859.000 төгрөгийн төлбөр төлөгдөөгүй байх тул шүүгдэгч Баас 859.000 төгрөгийг гаргуулан хохирогч М-д олгосугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1, 38.2  дахь  хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний  өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б-д  “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ц.ЭРДЭНЭЧИМЭГ