Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 03 өдөр

Дугаар 2021/ШЦТ/784

 

                

 

 

 

 

   

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Хонгорзул хөтлөн,

Улсын яллагч: С.Цэрэндорж,

Шүүгдэгч У нарыг Гнарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч У-д холбогдох эрүүгийн 000000000 дугаартай хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч У нь “...2021 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн өглөө Баянгол дүүргийн 0 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 14 дүгээр байрны автомашины зогсоол дээр байсан хохирогч Г-ын Тоёота маркийн приус-30 загварын 0000 улсын дугаартай автомашинаас буухдаа хохирогчийн автомашины голын хайрцагт байсан Самсунг А-31 загварын 600.000 төгрөгийн үнэ бүхий гар утас буюу эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар авч бага хэмжээнээс дээш хохирол учруулсан...” гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар   

ТОДОРХОЙЛОХ нь:

НЭГ: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч У нь “2021 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн өглөө Баянгол дүүргийн 0 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 14 дүгээр байрны автомашины зогсоол дээр байсан хохирогч Г-ын Тоёота маркийн приус-30 загварын 0000 улсын дугаартай автомашинаас буухдаа хохирогчийн автомашины голын хайрцагт байсан Самсунг А-31 загварын 600.000 төгрөгийн үнэ бүхий гар утас буюу эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар авч бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэх үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

 

Дээрх үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч У өгсөн: “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,

 

Эрүүгийн 00000000000 дугаартай хэргээс шинжлэн судалсан:

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд  Г-ын хохирогчоор өгсөн: “...2021 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр ажлынхаа газрын хүмүүстэй архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд UB палас төвийн хашаанд ууцгаасан. Машин барих хүнгүй болчхоод цэргийн он жав У-ыг 00000000 дугаарын утсаар нь залгаад дуудахад ажлаасаа гараад очлоо гэсэн. Удалгүй Ууганбат манай байрны гадаа ирээд миний машиныг бариад манай ажлын хүмүүсийг 21 дүгээр хороолол руу хүргэж өгөөд бид 2 буцсан. Буцахдаа би унтаад нэг мэдэхэд гэрийнхээ гадаа машиндаа Ууганбаттай хамт унтаж байсан. Сэрээд У-ыг сэрээхэд би машинд чинь унтчихъя гэхээр нь за за гээд гар утас болон бүх зүйлээ үлдээгээд гэр рүүгээ орсон. Өглөө сэрээд ажилдаа явах гээд машиндаа суухад гар утас маань байхгүй байхаар нь Ууганбат руу залгаж асуухад надад мэдэхгүй гэж хэлсэн. Машин чинь онгорхой унтсан гэж хэлсэн. Дараа нь би ахин асуугаагүй бөгөөд цагдаагийн байгууллагад хандсан. Би 2020 оны 9 дүгээр сард Сайн электроникс төвөөс 899.000 төгрөгөөр худалдан авсан. Цэнхэр өнгийн Самсунг А-31 маркийн загварын гар утас байсан. Шөнө 02 цагийн үед гэрийн гадаа ирээд эхнэртэйгээ яриад салгаснаа санаж байгаа. Одоо би өөрийн гар утсаа 800.000 төгрөгөөр үнэлж байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 тал/,

 

Хөрөнгийн үнэлгээний “Т” ХХК-ийн 2021 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 0000 дугаартай 600.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний тайлан /хх-ийн 36-38 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч  “Хохирол мөнгө барагдуулсан тухай” 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн тэмдэглэл /хх-ийн 48 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд У-ын яллагдагчаар өгсөн “...Тухайн өдөр би 00 цагийн үед СУИС-ын хажуугийн урландаа байж байтал Г залгасан. Тэгээд найз нь жаахан архи уучихлаа, найзынхаа машиныг бариад гэрт хүргээд өгөөч гэсэн. Тэгээд 01 цагийн үед Баянгол дүүргийн 6 дугаар хороонд очиход Г нь ажлынхантайгаа хамт байсан. Би Г болон ажлын хүмүүсийг нь бүгдийг нь гэр гэрт нь хүргэж өгсөн бөгөөд Г-ын гэрийн гадаа ирээд гэрт нь хамт орж хонохоор залгатал Г тасарчихсан. Би сэрэхийг нь хүлээсэн боловч өөрөө унтаад өгчихсөн. Өглөө нь сэрэхэд Г машины түлхүүр, хамаг юмаа аваад орчихсон байсан. Тэгээд би машины түлхүүрийг нь хайж байтал урд талын хайрцагт Самсунг А-31 загварын цэнхэр өнгийн гар утас байхаар нь авчихсан. Учир нь тухайн үед надад маш их мөнгөний хэрэг байсан. Г-ын машиныг дотроос нь түгжээд гэрт нь ороход Г унтаж байсан ба эхнэр Хандаа нь сэрүүн байсан. Тэгэхээр нь машиныг нь дотроос нь түгжсэн гэдгээ хэлээд ажилдаа явсан. Ажил дээрээ ирээд байж байтал Г эхнэр Х-ийн утсаар над руу залгаад “миний утсыг харсан уу” гэж асуухаар нь би “хараагүй” гэж худлаа хэлсэн. Би 3 хоногийн дараа Тэди төвийн гадаа утас авна гэдэг хүмүүст тухайн гар утсыг аваачиж 150.000 төгрөгөөр зарсан. Харин худалдсан мөнгөөрөө ээжийнхээ эм тариаг авсан. Г бид 2 хамт 000 дугаартай цэргийн ангид хамт алба хааж байсан цэргийн найз нөхөд юм. Нэг их уулзаад байдаггүй, хааяа холбоотой байдаг. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Би Г-д хохирол төлбөрийг бэлнээр 600.000 төгрөг өгч барагдуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 47-50 тал/,

 

            Хохирогч Г-ын “...хохирлын мөнгө болох 600.000 төгрөгийг бэлнээр хүлээн авсан. Ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэх өргөдөл /хх-ийн 53 тал/,

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн У-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 22 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 23 тал/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 24 тал/, жолоочийн эрхийн лавлагаа /хх-ийн 25 тал/,  шүүхийн шийдвэрээр иргэн, хуулийн этгээдэд төлбөргүй болох тодорхойлолт /хх-ийн 26/, цагдаагийн асап сангийн мэдээлэл /хх-ийн 28-31 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэг улсын яллагчаас шүүгдэгч У-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бага хэмжээнээс дээш хохирол учруулж “хулгайлах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулахаар,

 

Шүүгдэгч У нь “...хийсэн үйлдэлдээ гэмшиж байна...” гэж мэдүүлж шүүхийн хэлэлцүүлэгт оролцсон болно.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

 

Шүүгдэгч У нь “2021 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн өглөө Баянгол дүүргийн 0 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 14 дүгээр байрны автомашины зогсоол дээр байсан хохирогч Г-ын Тоёота маркийн приус-30 загварын 0000 улсын дугаартай автомашинаас буухдаа хохирогчийн автомашины голын хайрцагт байсан Самсунг А-31 загварын 600.000 төгрөгийн үнэ бүхий гар утас буюу эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар авч бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэх дээрх үйл баримтууд нь  шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлэг болон бусад нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно.

 

Шүүгдэгч У нь бусдын өмч эд зүйлд шунахайн сэдэлтэйгээр халдаж хохирогчид хохирол учруулсан энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийн “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэх шинжийг бүрэн хангаж байна гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь шууд санаатай, шунахай сэдэлттэй байх ба өөрийн үйлдэл хууль бус болохыг мэдсээр байж, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

 

Иймд шүүхээс, шүүгдэгч У нь “2021 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн өглөө Баянгол дүүргийн 0 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 14 дүгээр байрны автомашины зогсоол дээр байсан хохирогч Г-ын Тоёота маркийн приус-30 загварын 0000 улсын дугаартай автомашинаас буухдаа хохирогчийн автомашины голын хайрцагт байсан Самсунг А-31 загварын 600.000 төгрөгийн үнэ бүхий гар утас буюу эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар авч бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Хохирол, хор уршгийн талаар:

Гэмт хэргийн улмаас хохирогч Г-д 600.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан бага хэмжээнээс дээш байх тул хулгайлах гэмт хэргийн хор уршгийн шинжийг хангана.

 

Хэрэгт авагдсан “Т” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар хохирогч Г-ын гар утас 600.000 төгрөгөөр үнэлэгдсэн ба шүүгдэгч У нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Г-д хохирол төлбөрийг төлж барагдуулсан  “хохирлын төлбөрийг бэлнээр 600.000 төгрөгийг авсан бөгөөд ямар нэгэн гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй” /хх-ийн 53 тал/ гэх өргөдөл байх тул  шүүгдэгчийг  бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.

 

ХОЁР: Эрүүгийн хариуцлагын талаар

Шүүгдэгч У нь “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

   Шүүхээс шүүгдэгч У-д ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.

 

Улсын яллагчаас шүүгдэгч У-г 1 жилийн хугацаагаар Зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, зорчих эрхийг хязгаарлах ялын хязгаарыг Улаанбаатар хотын бүс нутгаар тогтоох санал гаргаж оролцов.

 

Шүүх шүүгдэгчид ял оногдуулахдаа гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл,  шүүгдэгчийн ажил эрхлэлт болон ар гэрийн нөхцөл байдал, хохирогчид учруулсан хохирлын шинж байдал зэргийг харгалзан үзлээ. 

 

   Шүүхээс, шүүгдэгч У-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулж, уг ялын хязгаарыг Улаанбаатар хотын Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээр тогтоож шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч У нь шүүхээс түүнд оногдуулсан ялыг биелүүлээгүй тохиолдолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу эдлээгүй үлдсэн ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг түүнд  тайлбарлав.

 

Шүүхийн шийдвэрийн хэрэгжилтэд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэлээ.

 

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй хохирогч Г.Гд  нь хохирол төлөгдсөн, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч У-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. У-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У-г  1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

 

3. У-д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын хязгаарыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээр тогтоосугай.

 

4. Шүүхийн шийдвэрийн хэрэгжилтэд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

5. У нь шүүхээс түүнд оногдуулсан оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг  биелүүлээгүй тохиолдолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу эдлээгүй үлдсэн ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг түүнд мэдэгдсүгэй.

 

6. У нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй,  хохирол төлбөр  төлөгдсөн болохыг тус тус дурдсугай.

 

          7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1, 38.2  дахь  хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний  өмгөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол У-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг  хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ц.ЭРДЭНЭЧИМЭГ